Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/03360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр                 Дугаар 102/ШШ2021/03360                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний хохиролд 86,314,400 /наян зургаан сая гурван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Өвөр монголын “Ш” ХХК-тай 2019.07.26-ны өдөр Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулан, худалдагч нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд орших Төмөр толгойн уурхайгаас 20.000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 2 сарын хугацаанд худалдан авагч “Шүн юань шин импорт эскпорт худалдааны” ХХК-д нийлүүлэх гол үүргийг хүлээсэн. Ингэхдээ төмрийн хүдрийн баяжмалын 1 тн 19 ам доллараар тооцон нийт 380.000 ам доллараар худалдан авахаар харилцан тохиролцсон. Манайх гэрээнд заасан 20.000 тн төмрийн хүдрийн баяжмалаас Дархан 2 өртөө Дархан Таван нуурын талбайд буулгасан байсан төмрийн хүдрийн үлдэгдэл 5700 тн хүдрийг “УБТЗ” ХНН-ийн Дархан таван нуур өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл тээвэрлүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн тул арга буюу төмрийн хүдрийн тээвэрлэлт вагоноор хийж байсан “Г” ХХК-тай холбогдсоны дагуу уг компаниар үлдэгдэл төмрийн хүдрийг тээвэрлүүлэхээр болсон. Энэ тохиролцооны дагуу манай компани 2019.12.06-ны өдөр “Г” ХХК-д албан бичиг хүргүүлсэн ба “Г” ХХК-ийн 2019.11.23-ны өдрийн 15/19 тоот “Баталгаа гаргах тухай” албан бичгээр Дархан таван нуурын өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл 5700 тонн төмрийн хүдрийг вагоноор тээвэрлэлт хийж өгсөн. Бидний харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 2019.11.18-ны өдөр өөрийн Голомт банкны 1905134543 тоот данснаасаа 86.314.400 төгрөгийг төмөр замын төлбөр гүйлгээний агуулгаар УБТЗ-ын дансанд шилжүүлсэн ба энэ нь 80 вагон тавиулах үнэнд зориулагдсан. Вагоны мөнгө төлөгдсөнөөр хариуцагч нь Дархан өртөөнөөс Замын үүд өртөө хүртэл 80 вагон нийт 5700 тн төмрийн хүдрийг тээвэрлэж, 2020 оны 01 сард Замын-Үүдийн “Сауд гейд” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд буулгаж, өнөөдөрийг хүртэл гаалийн талбайд байлгаж бүрдүүлэлт хийлгэж хилээр гаргахгүй байгаа бөгөөд хийж хилээр гаргах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч ачилт хийхгүй бидний ажилд саад болж байна. Замын-үүдийн гаалийн хяналтын талбайд буулгасан 5700 тонн төмрийн хүдрийн хадгалалтын хөлс өндөр гарч улмаар манай компани алдагдал хүлээх эрсдэл үүсч байгаа, Замын-Үүд сумын гаалийн хяналтын бүсээр барааг гаргахад тээвэрлэсэн “Г” ХХК-ийн нэрээр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч бид хохирол хүлээх болоод байна. Иймд Иргэний хуулийн 380.1-д зааснаар хариуцагчаас хохиролд 86.314.400 төгрөг гаргуулан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сауд гейд ХХК-ийн гаалийн талбайд буулгасан 5700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэхийг даалгаж өгнө үү. Хариуцагчийн албан тоотоор талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоно. Иймд Иргэний хуулийн 380.1-д зааснаар шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манайх тээврийн болон төмөр зам хосолсон үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйл ажиллагаа нь Монгол Хятад улсын хооронд явагдах бөгөөд манай үндсэн оффис БНХАУ-ын Эрээн хотод байрладаг. 2019.10.15-ны өдөр гүйцэтгэх захирал Цоггэрэлийг Эрээн хотод байхад Өвөрмонголын “Х” ХХК-ийн захирал Жан Шуй Бө, Өвөрмонголын “Ш” ХХК-ийн захирал Ү Хай Яан нар ирж уулзан, “Х” ХХК нь 20 тн төмрийн хүдэр худалдаж авсан, Монголоос Эрээн рүү зөөвөрлөхөд асуудал үүсээд 3, 4 сар саатаад байх тул манайхаар тээвэрлүүлэх тухай санал хэлж, тохиролцон 2019.10.29-ны өдөр “Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээ зөвхөн Өвөрмонголын “Х” ХХК болон “Г” ХХК-иудын хооронд байгуулагдсан. Харин “Ш” ХХК нь “Х” ХХК-д 20 тн төмрийн хүдрийг Монголоос худалдаж авахад зуучлах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан ч тээвэрлэх үйл ажиллагаанд саад гарсан тул уулзсан. Ийнхүү “Х” ХХК-тай гэрээ байгуулахад тэрээр 20 тн хүдрийг Монголын “М” ХХК-иас худалдаж авсан гэх бөгөөд 2019.9.27-ны МТВ/Н8Н-19.02 тоот гэрээг үзүүлж байсан. Үүнээс харахад нэхэмжлэгч нь “Ш” ХХК-тай гэрээ байгуулж, төмрийн хүдэр байгаа мэтээр бичсэн нь ойлгомжгүй, уг гэрээний нөхцөл, зүйл заалт нь “Х” ХХК-ийн “М” ХХК-тай байгуулсан 2019.9.27-ны өдрийн гэрээтэй яг адилхан байдаг. Үүнээс харахад 20 тн төмрийн хүдрийг нэхэмжлэгч “Ш” ХХК-д худалдаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Манайх нэхэмжлэгчтэй холбогдсон шалтгаан нь “Ш” ХХК-ийн захирал нь “Х” ХХК-ийн худалдаж авсан 20 тн төмрийн хүдэр болон бусад дагалдах бичиг баримт нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа гэсэн тул захирал Нарантуяатай холбогдож байсан. Манайхыг тээвэрлэлт хийхээр болоход ямар ч асуудалгүйгээр 5760 тонн хүдрийг бидэнд шилжүүлж өгсөн. Харин төмөр замаар ачаа тээвэрлэхэд дор хаяж 7-14 хоногийн өмнө захиалга өгөх ёстой байдаг тул танайх захиалга өгч цаг алдаж байхаар манай нэр дээр Замын үүд рүү төмрийн хүдрийг шуурхай явуулж болох тухай бидэнд тавьсан саналыг манайх захиалагч тал болох “Х” ХХК болон зуучлагч “Шүнг юань шин импорт экспорт худалдааны” ХХК-д хэлэхэд зөвшөөрч, бүгд харилцан тохиролцож төмрийн хүдрийг Дарханаас Замын-Үүд рүү “Э” ХХК-ийн нэрээр ачуулахаар болсон. Харин төмөр замын тээврийн хөлсийг 20 тонноор бодож, нийт 365.200 ам.долларыг нэхэмжлэгчид 2019.08.01-ны өдөр шилжүүлсэн гэж байсан. Бид “Х” ХХК-тай байгуулсан 2019.10.29-ны өдрийн Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төмөр замын тээвэрлэлтийн хөлсийг захиалагчаас авах байсан боловч нэхэмжлэгчид аль хэдийн шилжүүлсэн тул биднийг хөлс төлөх шаардлагагүй гэж байсан. Гэтэл төмөр замын ачаа нэхэмжлэгчийн нэр дээр байгааг ашиглан манайхаас мөнгө шаардсан тул бид ачаагаа хоцроохгүйн тулд өөрсдөөсөө мөнгө гарган нэхэмжлэгчид өгөөд, дараа нь захиалагчтай тооцоо хийхээр болсон. Ингээд Дарханаас Замын-Үүд рүү 2 удаагийн ачилтаар нийт 5760 тонн төмрийн хүдэр ачигдсан, 1 удаагийн ачилтын үнэ 86.314.000 төгрөг болсон. Бидний тээвэрлэсэн ачаа Замын-Үүдэд “Сауд гейд” ХХК-ийн хашаанд хадгалагдаж байгаа, ачаагаа дараах шалтгааны улмаас “Х” ХХК-д хүргэж өгч чадахгүй байна. “М” ХХК-иас худалдаж авсан 20 тн төмрийн хүдрийн бичиг баримт, гарал үүслийн бичиг баримт, худалдаж авсан гэрээ, лабораторийн гэрээ гэх баримтуудын эх хувь нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаагаас бид гаалийн бүрдүүлэлт хийж чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Нэхэмжлэгч ямар учраас захиалагч талын дээрхи баримт бичгүүдийг гарган өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Төмрийн хүдрийг захиалагчид хүргэж чадаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан, үүнээс болж манайх 2019 оны 11 сараас хойш 2 жилийн турш Замын-үүдэд төмрийн хүдрийн хадгалалт, талбайн түрээсийн хөлсийг “Сауд Гейд” ХХК-д төлөх болоод байна. Нэхэмжлэгч тээврийн хөлсийг захиалагчаас авчихаад давхар манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн үүрэг хүлээгээгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Э” ХХК нь “Г” ХХК, БНХАУ-ын иргэн Сhаокеgегile /Цоггэрэл/-д холбогдуулан гэрээний хохиролд 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Сhаокеgегile /Цоггэрэл/-д холбогдох шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар баталлаа.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “Г” ХХК-тай төмрийн хүдрийг тээвэрлүүлэхээр тохиролцсон тул тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрийг гаргуулна, манайх “Шүн юань шин импорт эскпорт худалдааны” ХХК-д гэрээний дагуу хүлээлгэж өгөх үүрэгтэй тул 5,700 тонн төмрийн хүдрийг манайд хүлээлгэхийг даалгана гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь 2019.10.29-ний өдөр Өвөрмонголын “Х” ХХК болон “Ш” ХХК нар манайхтай “Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, төмрийн хүдрийг тээвэрлүүлэхээр тохиролцсон тул гэрээний дагуу “Х” ХХК-д манайх төмрийн хүдрийг хүлээлгэн өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч тээврийн хөлсийг захиалагч талаас авчихаад давхар манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч нь Өвөр монголын “Ш” ХХК-тай 2019.07.26-ны өдөр Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулан, худалдагч “Э” ХХК нь 20.000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 2 сарын хугацаанд худалдан авагчид нийлүүлэх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцлийг гэрээгээр тодорхойлно гэж заасан ба талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу худалдсан барааг гэрээнд тохиролцсоноор худалдагч буюу нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд орших Төмөр толгойн уурхайгаас төмрийн хүдрийг ачаад Эрээн хотод хүргэх үүргийг хүлээжээ.

Талуудын байгуулсан гэрээний 4.3-т зааснаар худалдан авсан төмрийн хүдрийг экспортод гаргахтай холбоотой гарах гаалийн бүрдүүлэлтийн зардал, татвар, хураамж, тээвэрлэлт болон бусад ачиж буулгах зардлуудыг худалдагч тал хариуцахгүй гэж тохиролцсоноос үзэхэд энэхүү зардлыг нэхэмжлэгч хариуцахаар тохиролцсон гэж үзнэ.

 

Дээрх гэрээний дагуу “Э” ХХК нь 20.000 тонн төмрийн хүдрээс 14,300 тонн хүдрийг худалдаж, “Ш” ХХК-д хүргүүлсэн, энэ талаар маргаагүй байна.

 

Г” ХХК, Өвөрмонголын “Х” ХХК, “Ш” ХХК нар нь 2019.10.29-ны өдөр “Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, төмрийн хүдрийг “Г” ХХК нь Дархан-Уул аймгийн Төмөр толгойн уурхайгаас Замын үүд сумын “Сауд гейт” ХХК-ийн гаалийн хяналтын талбай хүртэл төмөр замаар, үүнээс цаашаа Эрээн хот хүртэл авто замаар тээвэрлэхээр тохиролцжээ.

 

Дээрх 3 талт гэрээ баримтаар “Э” ХХК-тай гэрээнд оролцсон “Ш” ХХК нь үлдэх 5760 тонн төмрийн хүдрийг “Э” ХХК-иар хүргүүлэхээс татгалзаж, “Г” ХХК-иар тээвэрлүүлэхээр тохиролцсоныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 5700 тн төрийн хүдрийг арга буюу тээвэрлэлтийг вагоноор хийж байсан “Г” ХХК-тай холбогдсон гэж тайлбарласан нь няцаагдаж байна.

 

Харин “Г” ХХК нь төмөр замаар хурдан тээвэрлэлт хийхийн тулд төмөр замын ачаа нэхэмжлэгчийн нэр дээр байгаагаас шалтгаалан  эхний 40 вагон тээврийн төлбөр 86,314,400 төгрөгийг нэхэмжлэгч УБТЗ-ын дансанд байршуулснаар төмрийн хүдрийг ачуулж, хариуцагч нь 2019.11.18-ны өдөр нэхэмжлэгчид дээрх төлбөрийг шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь дахин үлдэх 40 вагон хүдрийг мөн ачуулахын тулд 86,314,400 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагчаас шаардаж байгааг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д хэн нэг этгээд өөр этгэдийн төлбөрийг сайн дураараа мэдэж төлсөн бөгөөд ийнхүү төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэжээ.

 

Тухайн тохиолдолд хариуцагч нь тээвэрлэлтээ хийхийн тулд нэхэмжлэгчийн бүртгэлийг ашигласан, нэхэмжлэгч нь өөрийн нэр дээрх бүртгэлийн дагуу төлбөрийг хийсэн, байх тул шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч тал “Ш” ХХК нь төмөр замын тээврийн хөлсийг 20 тонноор бодож, нийт 365.200 ам.долларыг нэхэмжлэгчид 2019.08.01-ны өдөр шилжүүлсэн талаархи тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь “Ш” ХХК нь нэхэмжлэгчид 14,300 тонн хүдрийн төлбөрийг шилжүүлсэн, үлдэх 5,700 тонн төмрийн хүдрийг хариуцагчаар тээвэрлүүлэхээр тохиролцсон үйл баримтаар няцаагдана.

Харин дээрх 3 талт гэрээний дагуу үлдэх 5700 тонн төмрийн хүдрийг “Г” ХХК нь Өвөрмонголын “Х” ХХК-д хүргүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нь үүнийг хүлээн зөвшөөрч хариуцагчид шилжүүлсэн, “Ш” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авагчид төрийн хүдэр нийлүүлэх үүргээс чөлөөлөгдсөн байх тул 5700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмждэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Хариуцагч нь “М” ХХК-иас худалдаж авсан 20 тонн төмрийн хүдэр гэж байгаа боловч энэ талаар баримтгүй, түүнчлэн маргаан 5,700 тн төмрийн хүдрийн тухай байх тул энэ хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 589,522 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Г” ХХК-иас бусдын зардлаар хөрөнгөжсөн 86,314,400 /наян зургаан сая гурван зуун арван дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан, “Э” ХХК-д олгож, 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсаныг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 589,522 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ