Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1650

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01691 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С А” ХХК-д холбогдох

 

Гэрээ цуцалж, 2 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Хариуцагчийн төлөөлөгч Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2015 оны 4 дүгээр сараас өөрийн ажил үүргийн шаардлагаар буюу докторын зэрэгт суралцахаар Хятад хэлний бэлтгэлд явах зорилгоор “Э в” ХХК дээр очиж уулзаж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хоёр гэрээ хийсэн. Гэрээний дагуу би “С А” ХХК-ийн захирал Н.М-гийн Хаан банкны дансанд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Анх бүртгүүлэх гэж очиход зөвлөх үйлчилгээний бүртгэлийн хураамж 500 ам.долларыг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нягтланд нь бэлнээр тушаасан. Хоёр дахь гэрээг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хийсэн. Энэ гэрээгээр зөвлөх үйлчилгээний төлбөр 3 000 000 төлбөр болно гэж бичсэн байсан. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “С А” ХХК-ийн нягтланд 6 360 юанийг бэлнээр тушаасан. Тэгээд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би сургуульдаа Н.М- захирлаар хүргүүлээгүй. Сүүлд хоцорсон 6 хүүхдийн хамт өөрөө юаны зардал болох 286 100 төгрөгийг төлж, өөрөө очсон. Хенан технологийн их сургуульд суралцаж байх хугацаанд биднийг гадаад оюутны байранд оруулаагүй. Тэр сургуулийн эрэгтэй оюутны байранд амьдруулж байсан. Уг амьдарч байсан байр шалнаас халдаг халаалттай байсан боловч миний амьдарч байсан өрөөний халаалт ирээгүй байсан. Халаалт нь ирээгүй 4-5 өрөө байсан. Тухайн үед оюутнуудын эцэг, эх Н.М- захирал руу хандаж хэлж байсан. Бид сүүлд хэлний мэдлэгтэй оюутнуудаараа дамжуулж гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнд нь хэлсэн. Хариуцсан мэргэжилтэн нь өөрөө дотуур байраар орж ирж үзэж байдалтай танилцаж байсан. Би 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хенан технологийн их сургууль руу явж, 2015 оны 12 дугаар сарын сүүлээр ирсэн учраас би Н.М- захиралтай хоолонд ороогүй. Гэрээнд тэтгэлэгт хамрагдах зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж 5 000 000 төгрөг авсан. Би хэлний бэлтгэлд сурсан болохоос Хенан технологийн их сургуулийн докторын зэрэг хамгаалах сургалтанд хамрагдаагүй, биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас сурч чадаагүй учраас би 5 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Н.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015-2016 оны хичээлийн жилд манай компаниас нийт 25 оюутан БНХАУ-ын Хенан технологийн их сургуульд суралцахаар болсон. Манайх Хенан технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр манай оюутнуудад хөнгөлөлт болон тэтгэлэг олгоно гэсэн заалтууд байгаа. Гэрээний 4.3 дахь хэсэгт 1 жилийн сургалтын төлбөр 4 500 юаниар тохирсон. Сургуулийн гадаад оюутны үндсэн сургалтын төлбөр нь 12 000 юань байдаг. Бид 7 500 юанийн хөнгөлөлтийг авч чадсан. Мөн гадаад оюутны дотуур байрны төлбөр жилийн 8 000 юанийн төлбөртэй. Бид байрны төлбөрийг 5 000 юань болгож хөнгөлүүлсэн. Бусад зардлууд болох бүртгэлийн хураамж 400 юань, эрүүл мэндийн даатгалд 600 юань, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 360 юань байгаа. Тэгэхээр нэг оюутныг хэлний бэлтгэлд сургах зардал нь 10 860 юань болж байгаа. Хенан технологийн их сургууль танай компаниас энэ жил манай сургуульд 25 оюутан суралцуулна. Эдгээр оюутнуудад бид нар дараа жил бакалавр, мастер, докторын зэрэгт суралцахад Хятадын мужийн тэтгэлгийг олгоно. Хятадын мужийн тэтгэлгийг эдгээр оюутнуудад олгосноор Хенан технологийн их сургууль нь Засгийн газраасаа санхүүжилт авах боломжтой байдаг. Тэгэхээр манай 25 оюутны дүнгээр ирэх 2016 оны хичээлийн жилдээ улсаасаа хөнгөлөлт авах боломжтой учраас манай оюутнууд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах боломжийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд бид нар оюутнуудтай хэлэлцээр хийснийхээ дараа 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээнийхээ заалтыг нэмж дахин шинээр гэрээ хийсэн. Ингэхдээ бид өмнөх гэрээний эрх үүргийг хүчингүй болгож, шинэчилсэн гэрээ хийсэн. Тэгэхээр бид өнөөдөр 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр мэтгэлцэх ёстой. Д.Э- 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн бүртгэлийн хураамж 500 ам.доллар, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн талаар маргаагүй. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 6 360 юань төлсөн нь нотлогдож байгаа. Бид гэрээний дагуу Хенан технологийн их сургуульд 25 оюутны төлбөр 271 500 юань тушаах ёстой ба 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 208 650 юанийг шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 17 000 юань, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 41 500 юань зэргийг тус тус тушаасан. Тохиролцооны дагуу бид бүх төлбөрөө Хенан технологийн их сургуульд төлсөн. Д.Э- 2015 оны 12 дугаар сарын сүүлээр эргэж ирээд тэтгэлэгт хамрагдаагүй гэж байна. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээ нь дээр Хенан технологийн их сургуульд тэтгэлэг олгосон нь баталгаажсан. Бид  нар Д.Э-гийн хэлний бэлтгэлд суралца зардлыг Хенан технологийн их сургуульд тушаасан тул төлбөрийг буцаан олгох боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С А” ХХК-иас 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Д-ын Э-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01691 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэрт Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэсэн ойлгомжгүй өгүүлбэр байгаа бөгөөд миний хувьд ямар нэгэн хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр аваагүй болно. Гэтэл огт танихгүй хүний нэр энэ шийдвэрт тусгагдсан байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э- би, мөн хариуцагч Н.М- бид хоёр талаас оролцсон бөгөөд өөр оролцогч байгаагүй. Иймд ямар учраас энэ хүний нэрийг бичсэн болохыг тодруулах шаардлагатай байна.

Миний хувьд ажил үүргийн шаардлагаар буюу докторын зэрэгт суралцахаар Хятад хэлний бэлтгэлд суралцах зорилгоор “Э в” ХХК-тай гэрээ байгуулахад зөвлөх үйлчилгээний төлбөр 5 000 000 төгрөгийг авсан. Гэрээнд зааснаар зөвлөх үйлчилгээний төлбөр гэдэг нь тэтгэлэгт хамрагдахад зөвлөх үйлчилгээ үзүүлсний хариуд авах төлбөрийг хэлнэ гэж тодорхойлсон байсан. Гэтэл би Хятад улсын Хенанийн технологийн их  сургуулийн хэлний бэлтгэлд суралцсан бөгөөд тэтгэлэгт сургалтын ямар нэгэн үйлчилгээ  аваагүй. Учир нь хэлний бэлтгэлээ хийж HSK оноо авсны дараа тэтгэлэгт сургалтанд суралцах боломжтой болох журамтай юм байна лээ. Гэтэл захирал Н.М- нь надаас дээрх төлбөрөөс гадна Хятад улс руу явахын өмнө байрны төлбөр 5 000 юань, бүртгэлийн хураамж 400 юань, эрүүл мэндийн даатгалын 600 юань, эрүүл мэндийн шинжилгээний 300 юань нийт 6 360 юанийг өөрийн сургалтын төвийн нягтлан бодогчид бэлнээр тушаалгасан. Миний хувьд тэнд очиж хэлний бэлтгэлд 3 сар суралцаад эрүүл мэндийн шалтгаанаар буцаж ирсэн. Би нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж хэлний бэлтгэлд суралцсан хугацаагаа тооцож 2 000 000 төгрөгийг хасч, 3 000 000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э- хариуцагч “С А” ХХК-д холбогдуулан суралцахад зөвлөх гэрээний улмаас учирсан хохирол 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, сургалтын төлбөрийг бүхэлд нь сургуульд шилжүүлсэн гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-гийн “С А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад иргэний үүсгэсэн байна. /хэргийн 14 дүгээр тал/

 

Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч “С А” ХХК-ийн төлөөлөгч Н.М-д 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гардуулж, мөн өдрөө түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасан нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүргийг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарласан тухай баримт хэрэгт авагджээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Э-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хурал болохоос 5 хоногийн өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тайлбарлаж өгсөн байгаа нь шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнд тооцогдоно.

 

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4,6 дугаар зүйлд заасан зарчмын дагуу талуудыг эрх тэгш байдлын үндсэн дээр мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн гэх үндэслэлгүй болно.

 

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх боломжгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/01691 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                 ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                                                               С.ЭНХТӨР