Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 893

 

 

 

 

 

 2020         07             07                                            2020/ДШМ/893                                                                      №  Т  M № 546                                  МАЛАЛ

Х.И-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

шүүгдэгч Х.И-ын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/543 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.И-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1905037411165 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х-ын И, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 2002 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Уурхайчдын 0 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан.

Х.И- нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 42А байрны 52 тоот О.Булганхүүгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг бугуйн цаг авч 599,173 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны гадна зогсоолоос Ө.Доржпагмын эзэмшлийн 46-19 УНП улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х.И-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоног хорих ялаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцжээ.

Шүүгдэгч Х.И- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдож эцэг, эхийнхээ сэтгэл санааг зовоохгүй, сурч хүмүүжин сайн хүн болно. Иймд ялыг 1 жил хорих ял болгон багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хамгийн боломжит ялыг оногдуулсан гэж үзэж байна” гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ял хөнгөрүүлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хорих ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.И-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Х.И-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх үл хайхарч хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж тус тус заажээ.

Яллагдагчаар татах тогтоолд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай танилцуулж, дахин мэдүүлэг авахаар зохицуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн баталгаа болно.

Хэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.И-ыг яллагдагчаар татсан  тогтоолд прокурор нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг хэвээр үлдээж, шинээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж /хх 209-210/ прокурорын хяналтын шатанд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн байна. Гэтэл шинээр сонсгосон ялын талаар Х.И-аас тайлбар, мэдүүлэг авалгүй яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх тул оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд прокурорын хяналтын шатанд гаргасан дээрх ноцтой зөрчлийг арилгуулах, энэ төрлийн зөрчил дахин гаргахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.И-т холбогдох хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Х.И-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/543 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.И-т холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг прокурорт очтол Х.И-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                                 ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН