Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/00090

 

“ДСЦТС” ХК-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 135/ШШ2023/00117 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00036 дугаар магадлалтай,

“ДСЦТС” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“ЦБИ” ХХК-д холбогдох,

Гэм хор учруулсны хохиролд 60,200,638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч И.А, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ДСЦТС” ХК нь хариуцагч “ЦБИ” ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 60,200,638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 135/ШШ2023/00117 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ЦБИ” ХХК-аас 42,140,447 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ДСЦТС” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,060,191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЦБИ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 368,652 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ДСЦТС” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00036 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 135/ШШ2023/00117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,652 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, “ЦБИ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн дараах үндэслэлээр гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлыг “ЦБИ” ХХК болон “ӨУ” ХХК-ууд түншлэлийн хүрээнд 1,124,848,987 төгрөгөөр тус ажлыг хийж гүйцэтгэхээр Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2022.05.26-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Энэхүү ажлыг гүйцэтгэх явцдаа “ЦБИ” ХХК нийт 2 удаагийн үйлдлээр кабель шугамыг гэмтээж тасалсан үйл баримтын хувьд маргаагүй боловч үнийн дүнг зөвшөөрөөгүй мэтгэлцсэн. Хариуцагч “ЦБИ” ХХК-аас “ДСЦТС” ХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг а, б, в, г, д, е зэргээр товчлон таамаглал төдий баримтаар давж заалдах гомдлын 5-т дурдсан байдаг. Дээрх 2 хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй гэж үзэж байна.

4.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал: хэсгийн 4-т ...“...............” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төсөл дээр цахилгааны кабель шугам байхгүй байсан, кабелийг стандартын дагуу гүнд байрлуулаагүй, нэхэмжлэгч компани цахилгааны кабель шугам татсан бол гүйцэтгэлийн зургийг ДУА-ийн ГХБХБГ-ын архивд хадгалуулах үүргээ биелүүлээгүй буруутай гэх

-Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын захиалгаар “..............” ХХК зургийг хийж дээрх тендер шалгаруулалтад “ЦБИ” ХХК шалгарч гүйцэтгэгчээр ажилласан. Зургийн авторын зураг төсөлд тухайн цахилгааны шугам тусгагдаагүй байгаа нь “ДСЦТС” ХК буруутай гэж үзэх үндэслэлгүй юм /Хх-ийн 177-210 хуудас 06/22 шифр дугаартай зураг төсөл/

-Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023.01.12-ны өдрийн 25 дугаар албан бичигт: ...Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам дагуу Бурхант дэд станцаас РП-10 станц хүртэлх 6 кв-ын кабель шугам мэдээллийн санд бүртгэлтэй байна. /Хх-ийн 234-235/

-Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмийн 5.8.19-т ...кабель шугамын трасс дээр буюу ойролцоо газар шорооны ажил хийх тохиолдолд уг ажлыг гүйцэтгэгч нь шугамын ашиглалтын байгууллагаас зөвшөөрөл аваагүй, хангагч байгууллагын хяналтгүйгээр шугам сүлжээний хамгаалалтын зурваст ажил үүрэг гүйцэтгэсэн. Зам засварын ажлыг гүйцэтгэгч “ЦБИ” ХХК нь авто замын зураг төсөлд тухайн цахилгааны шугам тусгагдаагүйгээс цахилгааны шугам байгаа эсэхийг мэдэх боломжгүй, мэдээгүй гэдэг нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй /Хх-ийн ДСЦТС ХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн 2022.09.05-ны өдрийн 02/90 тоот албан тоот/

4.2.Магадлалын хянавал хэсгийн 5-т зааснаар... ЦБИ” ХХК тус ажлыг гүйцэтгэх явцдаа 2022.07.31, 2022.08.26-ны өдрүүдэд 6 кв-ын кабель шугамыг тус тус гэмтээж, тасалсан үйл баримт тогтоогдож, тасалсан талаар талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй

-Дээрх тасалж гэмтээсэн гэх кабель шугамаас нийт иргэн аж ахуй нэгж, ахуйн 2912 хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр тэжээгдэж буй тул хэрэглэгчийн цахилгаан хангамжийн аюулгүй байдал, найдвартай тасралтгүй үйл ажиллагаа доголдох, ямагт эрсдэлийн дор аваарын нөхцөлд ажилласаар байна /Х.х-ийн 26-81 хуудас/

4.3.Магадлалын хянавал хэсгийн 6-т зааснаар... Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичиг болон шугамын трассын зургийн тайлбарыг мэдээллийн санд бүртгүүлээгүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн бүрдүүлэлт хийсэн гэх

-Шүүх хариуцагч талын хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авсан ба гэрч М.А-ийн “...би автотехникээр замын өргөтгөлийг засаж байсан. “ДСЦТС” ХК-аас миний ажиллаж байгаа талд цахилгааны утас байгаа тухай хэлсэн. Нөгөө талд хэлсэн эсэхийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг/Х.х-ийн 225 хуудас/

-“.............” ХХК-ийн зураг төсөл нь төрийн захиргааны төв байгууллага болох Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга буюу эрх бүхий албан тушаалтан газрын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй байдаг. /шифр06/22 дугаартай 1 хавтас 80 хуудастай баримт/

Түүнчлэн газрын албанаас ирүүлсэн 2023.01.12-ны өдрийн албан бичигт “Бурхант дэд станцаас РП-10 ХХБ хүртэлх 6 кв-ын кабель шугам мэдээллийн санд орсон байна гэсэн тодорхойлолтыг тухайн албан тоотыг хүргүүлж буй он цаг, хугацааг нөхөн бүрдүүлэлт хийсэн хэмээн төөрөгдүүлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр бодитоор үнэлж дүгнээгүй хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. /Х.х-ийн 239-240/

4.4.Магадлалын хянавал хэсгийн 7-т зааснаар... “ЦБИ” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2022.05.26-ны өдөр байгуулсан ДУАОНӨГ/202203051 дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-ний 7.3.3-т захиалагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил, материал болон тоног төхөөрөмж гэмтсэн, устсан, 7.3.4-т захиалагчийн зураг төслийн алдааны улмаас үүссэн аливаа эрсдэлийг захиалагч хүлээнэ гэж заасныг үндэслэсэн байна.

ДУАОНӨГ/202203051 дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-ний холбогдох заалтуудыг иш татаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул дээрх гэрээний холбогдох зүйл заалт, нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйн улмаас анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал:

4.5.“.............” ХХК-ийн зураг төслийн дагуу Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас тендер зарласан байдаг. “ЦБИ” ХХК болон Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2022.05.26-ны өдөр байгуулж ДУАОНӨГ/202203051 дугаартай “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-ний ажилд түншлэлээр “ӨУ” ХХК түншилж гэрээ байгуулсан байдаг. /2-р х.х-15-25 дугаар хуудас/

Гэтэл гүйцэтгэгч компани болох “ЦБИ “ ХХК нь түншлэлд огт хамааралгүй “ГХИ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж дулааны шугамын ажлыг гүйцэтгүүлж, тус компанийн газар ухагч техникийн жолооч нар гэмтээсэн гэж тайлбарладаг. ДУАОНӨГ/202203051 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний:

-Гэрээний 3.5 дахь заалтад Гүйцэтгэгч нийт ажлын 10 хувиас дээш ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхгүй байх /“ГХИ” ХХК-аар дулааны ажил 232,257,414 төгрөг буюу 24.15 % ажлыг гүйцэтгүүлсэн/ 2022.06.29-ний өдрийн №2022/0 хамтран ажиллах гэрээ /2-р х.х-6-14 дугаар хуудас/

-3.6 дахь заалтад Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй.

-3.19 дахь заалтад ...“техникийн зохицуулалтад, стандарт, норм ба дүрмийг дагаж мөрдүүлнэ”.

-3.24 дэх заалтад... “гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх аливаа үр дагаврыг бүрэн хариуцна”.

-Тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт... ажил гүйцэтгэх хугацаанд Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч түүний эрх бүхий этгээдийн аливаа үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад эдийн болон эдийн бус хохирол /хүний амь нас, эрүүл мэнд/ учирсан бол хохирлыг Гүйцэтгэгч хариуцна.

“ЦБИ” ХХК нь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ болон дулааны шугамын ажил хийсэн гэх “ГХИ” ХХК-тай гэрээ байгуулсан ба талуудын байгуулсан гэрээний үүрэг гэм хор учруулсны хохирлын асуудалд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь нээлттэй.

“ДСЦТС” ХК-ийн эзэмшлийн кабель шугамыг “ЦБИ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгчээр ажиллах явцдаа 2 удаа тасалж гэмтээж нийт 2912 хэрэглэгчийг эрсдэлд оруулж, гэм хорын хохирол учруулсан үйл баримт нь өөрөө хөдлөшгүй үнэн.

Иймд “ЦБИ” ХХК-аас кабель шугам тасалж зөрчлийг судалсан актаар тогтоогдсон 60,200,638 төгрөгийг гаргуулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.05.04-ний өдрийн 001/ШХТ2023/00518 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “ДСЦТС” ХК нь хариуцагч “ЦБИ” ХХК-д холбогдуулан 60,200,638 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагч нь авто замын ажил гүйцэтгэж дулааны шугам холбох газар шорооны ажлыг гүйцэтгэх явцдаа 2022.07.31 болон 2022.08.26-ны өдөр 6 кв-ын кабель шугамыг тасалж гэмтээсэн. Манай компанийн технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс гэмтлийг шалгаж, актаар хохирлын үнэлгээг тогтоосон. 2022.08.26-ны өдөр гарсан зөрчлийн хувьд 6/0.4 кв ТП-23-аас 31 рүү явсан 6 кв кабель шугам нь анх 1967 оноос ашиглагдаж байсан учраас уртын хэмжээгээр биш зөвхөн муфть хийх байдлаар засварласан зардалд 646,997 төгрөгийн хохирлыг, 2022.07.31-ний өдрийн таслагдсан кабель шинэ шугам байсан учир хохирол нь 59,953,641 төгрөг болсон. Дээрх 2 зөрчлийн актаар тогтоосон нийт 60,200,638 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...тендер шалгаруулах ажиллагаанд оролцож автозамын ажлыг гүйцэтгэхээр болсон, захиалагчийн өгсөн ажлын зурагт цахилгаан, кабелийн зураг тусгагдаагүй мөн төсөвт цахилгааныг шилжүүлэх зардал байхгүй байсан. Тиймээс гүйцэтгэх автозамын доорх хэсэгт ямар нэгэн кабель байхгүй гэж ойлгож, нэхэмжлэгчээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, манай компанийн буруутай үйлдэл байхгүй. “ДСЦТС” ХК нь уг кабелийг байрлуулахдаа стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, дүрэм журамд заасан хэмжээний гүнд биш, кабель шугамын хамгаалалтын материал, анхааруулах тууз тавиагүй, дулааны шугам таг дээгүүр хөндлөн сул хаяж нимгэн шороо хөрсөөр дарж орхисон буруутай, мөн уг газарт урьд цахилгаан кабель шугам татсан байдаг бол гүйцэтгэлийн зургийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивд өгч, мэдээллийн санд бүртгүүлэх байсан. Мэдээллийн санд кабелийн зураг байсан бол хийгдэх ажлын зураг төсөвт тусгагдах ёстой. Замын ажлыг захиалагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтэс, мөн ажилд өдөр тутам хяналт тавьж ажилласан Дархан хот барилга захиалагчийн газарт нэхэмжлэгч тал хандаж хохирол хариуцлага нэхээгүй нь ойлгомжгүй байна. “ДСЦТС” ХК нь 2 удаа цахилгааны кабель гэмтэхэд муфьт сольсноос өөр ямар ч ажил хийгээгүй. 2022.08.26-ны өдөр гарсан зөрчлийн хувьд муфть сольж засварласан зардалд 646,997 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.” гэжээ.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагчаас 42,140,447 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо, “хариуцагч “ЦБИ” ХХК гэм буруутай нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын “ДСЦТС” ХК-д хүргүүлсэн 2022.09.02-ны өдрийн “...автозамын доогуурх шугам хоолойг шилжүүлэх, хүчитгэх явцад трасст орсон 6000 В-ын кабель шугамыг танай байгууллага зааж гүйцэтгэгчид анхааруулж мэргэжил арга зүйгээр зөвлөж байсан боловч дулааны шугамын таг цөмөрч дахин солих шаардлага гарсантай холбоотой гүйцэтгэгч кабель шугамыг гэмтээсэн асуудал гарсан” гэх албан бичиг, гэрч М.А-ийн “замын өргөтгөлийг засаж байхад “ДСЦТС” ХК-аас зааварчилгаа өгөөгүй гэхдээ миний ажиллаж байсан талд цахилгааны утас байгаа талаар хэлсэн, нөгөө талд хэлснийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023.01.12-ны өдрийн 25 дугаартай “...Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам дагуу Бурхант дэд станцаас РП 10 станц хүртэлх 6 кв кабель шугам мэдээллийн санд бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг болон ажлын зураг зэргээр “цахилгааны зураг төслийг архивт өгөх үүргээ нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүйгээс гүйцэтгэх ажлын зураг төсөлд автозамын доор цахилгааны утас байгаа гэдгийг мэдээгүй” гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдсэн, мөн зураг төсөлд цахилгааны шугам тусгагдаагүйгээс цахилгааны шугамыг мэдэх боломжгүй, мэдээгүй байсан гэж байгаа нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж үзэн гэм хорыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүй нь гэм хорын хохирол учрахад нөлөөлсөн байна гээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хохирлын хэмжээг 30 хувиар багасгаж, 42,140,447 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд, “...авто замын зураг төслийг хийх явцад нэхэмжлэгч байгууллага нь Бурхант дэд станцаас РП-10 ХХБ хүртэлх 6 кв-ын кабель шугамыг мэдээллийн санд бүртгүүлээгүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад архивт нөхөн бүрдүүлэлт хийсэн гэж үзэхээр байна. “ЦБИ” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2022.05.26-ны өдөр байгуулсан “Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ”-ний 7.3.3-т “захиалагчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас ажил, материал болон тоног төхөөрөмж гэмтсэн, устсан”, 7.3.4-т “захиалагчийн зураг төслийн алдааны улмаас үүссэн аливаа эрсдэл”-ийг захиалагч хүлээнэ гэж заажээ. Иймд хариуцагч нь дээрх гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэггүй” гэжээ.

9.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид гэм хор учирсанд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх, улмаар хохирол төлүүлэх үндэслэлтэй эсэхэд зөрүүтэй дүгнэлт өгч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бүрэн тодруулаагүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй байна.

11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

12.Хэргийн баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Анагаахын сургуулийн уулзвараас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн чиглэлийн авто зам, явган хүний замын өргөтгөл шинэчлэлийн болон гэрэлтүүлгийн ажлыг “ЦБИ” ХХК болон “ӨУ” ХХК-ууд түншлэлийн хүрээнд 1,124,848,987 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Дархан-Уул аймгийн Засаг даргатай 2022.05.26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тухайн ажлыг гүйцэтгэх явцдаа хариуцагч нь 2 удаагийн үйлдлээр кабель шугамыг гэмтээж тасалсан, уг гэмтлээс шалтгаалж хэрэглэгчид цахилгаангүй болсноос нэхэмжлэгч нь засварын ажил гүйцэтгэж, тухайн ажилд тодорхой хэмжээний зардал гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогджээ.

13.Зохигч гагцхүү гэмтэл үүсгэхэд хүрсэн нөхцөлд хэний гэм буруу байгаа эсэх, улмаар хариуцагчид хохирол төлөх үүрэг үүсэх эсэх, хохирлын хэмжээний талаар маргасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм бурууг тодорхойлохдоо Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан “шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор ...барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмийн 5.8.19-т “...кабель шугамын трасс дээр буюу ойролцоо газар шорооны ажил хийх тохиолдолд уг ажлыг гүйцэтгэгч нь шугамын ашиглалтын байгууллагаас зөвшөөрөл авсан байх ёстой. Газар шорооны ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацааны туршид кабелийг механик гэмтэл, унжилтаас сэргийлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зөвшөөрөл аваагүй, хангагч байгууллагын хяналтгүйгээр шугам сүлжээний хамгаалалтын зурваст ажил үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

14.Хариуцагч “ЦБИ” ХХК нь 2022.07.31-ний өдөр 110/6кВ-н Бурхант дэд станц, оролтын 6 кВ-н кабелийг, 2022.08.26-ны өдөр 6/0,4кВ ТП-23 яч 5-аас 6/0,4 кВ ТП-31 руу явсан 6 кВ кабелийг тус тус гэмтээсэн нь тогтоогдсон боловч гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх үндэслэл болсон зураг төсөлд тухайн замын байршлын дор цахилгааны кабель шугам байгаа талаар тусгагдаагүй, тусгагдаагүй шалтгаан нь нэхэмжлэгч өөрөө кабель шугам татсан ажлын гүйцэтгэлийн зургаа хуульд заасан үүргийн дагуу мэдээллийн санд оруулаагүй, ажлын зураг төслийг нэхэмжлэгч байгууллагын инженер хянаж гарын үсэг зурсан байсантай холбоотой, иймээс кабель шугам ашиглалтын байгууллагаас буюу нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах, улмаар хайхрамж болгоомжтой ажлыг гүйцэтгэх ийм үндэслэл бий болоогүй гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. Татгалзлын үндэслэлтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас кабель шугамын гүйцэтгэлийн зургийг гаргуулахыг хүссэн байна. Шүүх энэ ажиллагааг хийжээ.

15.Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас 2022.12.19-ний өдөр шүүхэд ирүүлсэн 887 тоот албан бичигт “Анагаахын уулзвараас ШУТИС хүртэлх ТП-23-аас ТП-31 кабель шугам мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэж, /1-р хх-164-р тал/ 2023.01.12-ны өдрийн 25 тоот албан бичигт “Бурхант дэд станцаас РП станц хүртэлх 6кВ шугам мэдээллийн санд бүртгэлтэй байна” /1-р хх-234-р тал/ гэсэн хариу ирүүлсэн байна.

Эдгээр албан бичигт 2 өөр кабель шугамын тус бүрийн бүртгэлтэй эсэхийг тодорхойлсон ба анхан шатны шүүх хоёр дахь албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нь кабелийн зураг төслийг архивт хадгалуулах үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдсэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх уг бичигт дурдсан Бурхант дэд станцаас РП станц хүртэлх 6 кВ шугамын мэдээллийг мэдээллийн санд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж хийсэн гэж үзсэн байна. Дээрхээс үзэхэд хоёр шатны шүүх 25 тоот албан бичигт дурдсан нэг агуулгатай мэдээллийг өөрөөр тайлбарласан байна.

16.Хариуцагчийн гүйцэтгэх ажлын зураг төсөл боловсруулагдах үед дээрх Бурхант дэд станцаас РП станц хүртэлх 6кВ шугам мэдээллийн санд бүртгэлтэй байсан эсхүл хожим бүртгэгдсэн эсэх нь маргааны зүйлийн талаар эцэслэн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой ба үүнийг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн, хариуцагчийн шүүхээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзнэ.

17.Мөн хэргийн 6-р талд авагдсан “ДСЦТС” ХК-аас гаргасан трасс шугам тодорхойлсон маягтад “РП-10, ТП-23-аас ТП-31 6 кВ шугам кабель ил гаргах, хүн байлцуулах” гэж бичигдсэн, кабель шугамын трасстай танилцсан ААН-г төлөөлж гэсэн хэсэгт н.Г гэж гарын үсэг зурагдсан байх бөгөөд нэхэмжлэгч уг баримтын талаар тайлбарлахдаа хариуцагчийн ажлыг хариуцан гүйцэтгэж байсан инженер н.Гд замын дор кабель шугам байгааг мэдэгдэж зааварчилгаа өгсөн баримт гэсэн, хариуцагч үгүйсгэхдээ тус компанид ийм ажилтан байхгүй гэж, үүнтэй холбоотой компанид ажиллаж буй даатгуулагчийн 2022 оны 07-08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт гэсэн баримтыг гаргажээ. /2-р хх-2-5-р тал/ Уг баримтад н.Г гэсэн нэр байхгүй боловч “ЦБИ” ХХК нь ажил гүйцэтгэхдээ дулааны чиглэлийн ажлыг өөрсдөө бус “ГХИ” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу гүйцэтгүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд тус компанид н.Г гэх инженер байсан эсэх тодорхой бус байна. /2-р хх-6-14-р тал/

18.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн өөрийнх нь гэм буруу хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэхдээ эрх зүйн зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг бүрэн хийгээгүй байна.

19.Дээр дурдсанаар зохигчийн хэн нь ямар буруутай гэж үзэх нөхцөл бүрэн тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 135/ШШ2023/00117 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00036 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ДСЦТС” ХК-ийн 2023.04.12-ны өдөр төлсөн 458,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД