Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 896

 

 

 

 

 

 

 

  2020         07            07                                            2020/ДШМ/896                                      

 

 

С.Э-, Г.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор И.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Ж.Энхчулуун,

            шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч С.Энхбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан, Б.Бямбадорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч Т.Багахүү,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/427 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр, С.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Э-, Г.Г- нарт холбогдох 1809029070840 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж овгийн С-ын Э, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1962 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин, гоо сайханы технологич мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжны 0000 дүгээр байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

2. Б овгийн Г-ийн Г, Өвөрхангай аймагт 1988 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Доржийн гудамжны 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/.

“Дэлгэр тур” ХХК-ийн захирал С.Э- нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад заасан “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүргийн дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж, ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийгээгүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эко шинэс” ХХК-ийн эмийн сангийн үүдэнд Б.Ариунтөгс нь цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон,

“Эко шинэс” ХХК-ийн захирал Г.Г- нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр” төвийн 1 давхарын өрөөг түрээслэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байхдаа Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад заасан “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүргийн дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийлгүүлэхээр “Дэлгэр тур” ХХК-д мэдэгдэж холбогдох арга хэмжээ аваагүйгээс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус эмийн сангийн үүдэнд Б.Ариунтөгс нь цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Э-, Г.Г- нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч С.Э-ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Г-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч Г.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Э-, Г.Г- нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид сэтгэл заслын эмчилгээтэй холбогдож гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ээс 25,000,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч С.Э-д олгож, шүүгдэгч С.Э- 76 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Г- нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх “Эко шинэс” ХХК-ийн захирал Г.Г- нь тухайн гэмт хэрэг болсон объектыг хууль ёсны дагуу гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулж байхдаа аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүний амь нас эрсэдсэн хэмээн дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг Г.Г- миний буруутай үйлдлээс биш “Эко шинэс” ХХК-ийн буруутай үйлдлээс болсон учир намайг компанийн өмнөөс хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдэрлэсэн. “Эко шинэс” ХХК-ийн өмнөөс надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд компани миний эзэмшилд хуулийн дагуу шилжсэн байхыг шаардана. Гэвч уг компани миний эзэмшилд байдаггүй, энэ талаарх тодруулахгүйгээр намайг захирал хэмээн дүгнэлт хийж буруутгасан.

Тусгай мэдлэг бүхий шинжээч Б.Найрамдал эмийн сангийн гаднах аюултай орчныг түрээслүүлэгч буюу “Дэлгэр тур” ХХК хариуцах ёстой талаар мэдүүлсэн байхад намайг давхар буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Түрээслүүлэгч нь ямар нэг эд зүйл түрээслэхдээ эрхийн болон чанарын доголдолгүй, шаардлага хангасан эд зүйлийг түрээслэх үүрэгтэй байдаг ба доголтой эд хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулж, эсхүл мэдэгдэхгүйгээр түрээслэх ёсгүй. Уг үл хөдлөх хөрөнгийг түрээслэхдээ надад монтаж эрсдэлтэй зориулалтыг өөрчилсөн талаар хэлээгүй. Тог цахилгаан бүх зүйл хэвийн гэж түрээслэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нөхцөл, үйлдэл холбогдолд тохирсон бус, хүндэдсэн ял шийтгэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нар хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хэн алинд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар ялыг биечлэн эдлүүлэх санал гаргаагүй, харин ч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хорих ял биечлэн эдлүүлэхгүй байх хүсэлт гаргасныг харгалзан үзэж Г.Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ. 

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын 1, 2, 5 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “Эмийн сангийн гадна талд, хаалганы дээд хэсэгт хананд суурилуулсан 22 см диаметртэй цагаан өнгийн дугуй шилэн хэлбэртэй гэрлийн бүрхүүл, суурь төмөрний хамтаар тогтоогдсон байна” гэж, гэрч Б.Батмандах “Төмөр хаалганы дээр байрласан гэрлийн бүрхүүлээс тог дамжсан байсан. Эмийн сангийн өмчлөгч нь тухайн байгууллагынхаа дотоод цахилгааныг хариуцана. Гадна талд ямар нэгэн цахилгааны асуудал гарвал түүнийг уг байгууллагын өмчлөгч өөрөө хариуцана” гэж, гэрч С.Э- “Дэлгэр тур” ХХК-ийн захирал бөгөөд “Эко шинэс” ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа талбайн өмчлөгч юм. Манай компани 2018 оны 06 сарын эхээр түрээсийн гэрээг тус компанийн захирал Мөнхтуяатай хийсэн” гэсэн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.Г- нь энэ хэрэгт ямар ч гэм буруугүй болох нь нотлогддог.

2. Түрээсийн гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын лавлагаа зэргээр Г.Г- нь “Эко шинэс” ХХК-ийн захирал биш болох нь нотлогддог. Иймд шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хохирогч бидэнд учирсан хохирол, хор уршгийг үндэслэл бүхий дүгнээгүй. Учир нь, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр миний хүү Б.Ариунтөгс нь шүүгдэгч Г.Г-, С.Э- нарын буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан бөгөөд хохиролтой холбоотой 224,890,557 төгрөгийн баримтуудыг хэрэгт хавсаргасан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоодог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Э- нь бидэнд учирсан хохирол, хор уршигаас 50,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 174,890,557 төгрөгийг арилгах арга хэмжээг шүүх үндэслэл бүхий байдлаар шийдвэрлээгүй. Бид бага насны хүүхдээ харамсалтайгаар алдсан нь бидэнд учирсан хохирол байтал шүүх үр хүүхдийн минь амь насыг 50,000,000 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалтгүй ч бид өөрсдийн боломж, нөхцлийн хүрээнд амь насны үнэлгээг хийлгэсэн. Хэрвээ энэхүү үнэлгээг хийлгээгүй байсан бол бид ямар ч мөнгөн дүн хэлэх боломжгүй болж учирсан хор уршиг буюу оршуулгын зардал, сэтгэл зүйн эмчилгээний төлбөр л гаргуулан авах байсан. Миний хүүгийн амь нас “Эко шинэс” ХХК-ийн үнэ өртөгийн хэмжээнд, С.Э-ын том барилгын нэг жижиг өрөөний хэмжээнд хүртэл бага мэтээр шийдвэрлэсэнд маш их харамсаж, гутарч байна. Монгол Улсын иргэн, бага насны хүүхэд минь Г.Г-, С.Э- нарын буруутай, олон нийтэд аюултай үйлдлийн улмаас аравхан насандаа маш харамсалтайгаар хорвоог орхисон байтал шүүх бидний үр хүүхдийг 50,000,000 төгрөгөөр үнэлээд л хохиролгүй болгосон гэж шийдвэрлэж болохгүй. Монгол Улсын шүүх хохирогч бидний зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой бөгөөд хохирлыг үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хохирогчийн үндэслэл бүхий санал, шаардлагыг харгалзан үзэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар их хэмжээний хохирлыг 50,000 нэгж буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгодог. Гэтэл миний хүүгийн амь насыг их хэмжээний хохирлын хамгийн багаар тогтоосон нь хүнийг 50,000,000 төгрөгийн үнэ цэнэтэй гэж ойлгуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 174,890,557 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Г-ийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрлэсэн. “Эко шинэс” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээ нь хэрэгт авагдсан. Улсын бүртгэлийг Г.Г- өөрөө хийлгэх үүрэгтэй байсан. Үүргээ биелүүлэлгүй ажлаа хийгээд явж байхад нь уг гэмт хэрэг гарсан. Гэрч Отгончимэг “Г.Г- аюулгүй байдлын талаар зөвлөгөө сургалт өгч байгаагүй” гэж мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Г-д холбогдох хэсэг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Ж.Мөнхсайханы давж заалдах гомдолд дурдсанаар шүүхээс хохирлыг шийдвэрлэхдээ хохирогчийн санал хүсэлтийг харгалзаж үзэх ёстой. Хохирогч нар өөрийн боломжоор хохирлын үнэлгээг хийлгэсэн бөгөөд бодит үнэлгээ болсон. 50,000,000 төгрөгийн хохирлыг гаргахдаа их хэмжээний хохиролтой харьцуулж үзсэн. Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирол нь 50,000,000 төгрөгнөөс эхэлж, дээшээ хэдэн ч төгрөг хүрэх боломжтой. Гэтэл хүний амь нас хохирсон байхад хамгийн багаар үнэлсэн нь учир дутагдалтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Г-ийн давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Г.Г-ийн эзэмшилд “Эко шинэс” ХХК байсан учир Отгончимэгийг хөлсөөр ажиллуулсан. Тэрээр шүүх хуралдаанд өдөрт 20,000-30,000 төгрөгийн орлого олж байснаа мэдүүлсэн. Г.Г- нь эзэмшилтэй холбоотой ашиг орлого олж байсан тул хариуцлага хүлээнэ. Эрчим хүчний тухай хуульд зааснаар хэрэглэгч хариуцлага хүлээнэ. Хэрэглэгч нь тухайн талбайг түрээсэлж байгаа хууль ёсны эзэмшилд нь очсон, ашиг орлого олж байгаа Г.Г- юм. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Прокуророос шүүхэд хохирлыг бүрэн үнэлж оруулсан. Шүүх хүний амь насыг таамгаар үнэлж үнэлгээ хийсэн тул гаргуулах боломжгүй гэж үзсэн. Иймд шийтгэх тогтоол хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Э-, Г.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч С.Э- нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад заасан “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр” төвийн цахилгаан шугам, сүлжээний ашиглалтын үеийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн үүдний гэрлийн цахилгааны утаснаас хамгаалалтын төмөр хаалганд цахилгаан гүйдэл дамжуулж, Б.Ариунтөгс /10 настай/ уг цахилгаан гүйдэлд цохиулан амь нас нь хохирсон гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Г- нь “Эко шинэс” ХХК-ийн хувьцааг худалдан авч эмийн сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний 2.7 дугаар зүйлд заасан аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, 2.8 дугаар зүйлд заасан түрээсийн байранд гарсан цахилгаан, ус, бохир усны гэмтлийг хариуцан завсарлах үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр эмийн сангийн үүдний гэрлийн цахилгааны утаснаас хамгаалалтын төмөр хаалганд цахилгаан гүйдэл дамжуулж, Б.Ариунтөгс /10 настай/ уг цахилгаан гүйдэлд цохиулан амь нас нь хохирсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Б.Отгончимэгийн “Би 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эмийн санд ажилд ороод 7 хонож байна. 25-ны орой 20 цагийн үед ойрхон хоол идэхээр гарсан. Гарахдаа эмийн сангийн хаалгыг түгжээд гадна төмөр хаалгыг дэлгээстэй орхисон. Эргээд ирэхэд эмийн сангийн үүдэнд хүмүүс овоорсон байсан. Тэр хавьд амьдардаг 4 настай хүүхэд эмээ, өвөөтэйгөө салхилж байгаад эмийн сангийн төмөр хаалганд тогонд цохиулаад гараа зулгалсан гэж ярьж байхыг сонссон. 2018 оны 06 дугаар сарын 23-ны бороо орсон өдөр эмийн сангаа хаагаад гарахдаа төмөр торон хаалгыг нойтон байхад нь гараараа барьтал тог цохьсон. Барихаар тог цохиод байхаар нь хөлөөрөө жийж байгаад түгжээд явсан. Ажиллах хугацаанд галын болон цахилгааны аюулгүй байдлын заавар өгч байгаагүй” /1-р хх 33-34/,

гэрч Б.Батмандахын “Хүчдэл заагч багжаар эмийн сангийн төмөр хаалгыг шалгаж үзэхэд 231 волт зааж байсан. Гадна төмөр хаалтанд хаанаас тог ирснийг шалгахаар дээд талд байрласан гэрлийн бүрхүүлийг төмөр хаалганы гадна талын төмөр хаалтнаас салгаж үзэхэд төмөр хаалт тоггүй болж байсан. Гэрлийн бүрхүүл дотор байрлах тог өгч байгаа холбоос утас 2-3 см шалбарч, гүйдэл дамжуулах утас ил гарсан, галтай тэр хэсэг нь гэрлийн бүрхүүлд тог дамжуулж, улмаар цааш төмөр хаалтанд дамжуулсан байсан. Хүү тэр тог дамжсан гадна хаалт төмөрөөс барьснаас болж нас барсан” /1-р хх 135-136/,

гэрч Р.Эрдэнэбатын “Гэрлийн төмөр хүрээ нь төмөр хаалганд хүрч, залгагдсан байсан. Гэрлийг сөхөж цахилгааны утсыг үзэхэд гадна талын бүрээс шалбарсан, цахилгааны зэс утас ил гарч гэрлийн төмөр хүрээтэй богино холболт үүсгэсэн байсан” /1-р хх 37-38/,

гэрч Ч.Номингийн “Дуудлага аваад очиход амьсгал, цус, зүрх, судас, нүдний эвэрхийн рефлекс арилсан судасны лугшилт цохилохгүй, нас барсан байсан. Нэг эмэгтэй эмийн сангийн хаалганаас бариад тог цохиж байна гэсэн. Би тэр хавийн хүүхдүүдээс асуухад төмөр хаалганд хүрээд унаад өгсөн гэж байсан” /1-р хх 43/,

гэрч Х.Наранчимэгийн “Би “Эко шинэс” ХХК-ийг эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нь хамт Ганпүрэв, Төвшин нарт 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр худалдаж, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тусад нь байгуулсан” /2-р хх 134/,

гэрч Г.Төвшингийн “Г.Г- эм зүйч мэргэжилтэй учраас эмийн санг ажиллуулах болсон. Ингээд ажиллаад явж байтал золгүй явдал боллоо” /2-р хх 135/,

насанд хүрээгүй гэрч Б.Энххүслэнгийн “Ах маань тоглож байгаад шатны хажуу талын төмрөөс бариад дээшээ хараад зогсоод байхаар нь “Яасан юм бол, тэнгэр гоё харагдаад байгаа юм болов уу” гэж бодоод хажууд нь очтол унаад өгсөн” /1-р хх 48/,

гэрч Л.Мөнхтуяагийн “Уг гэрэл намайг байрыг түрээслэхэд асдаггүй байсан. Тэрнээс хойш эмийн сангаа зараад Ганпүрэвт хүлээлгэж өгөх хүртэл нэг ч асаагүй. Би тухайн үед нь Энхжаргалд хэлэхэд “Гудамжны гэрэл байхад” гээд засч өгөөгүй юм” /2-р хх 6/,

шүүгдэгч Г.Г-ийн гэрчээр өгсөн “Би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр” төвийн 1 тоот хаягт байрладаг “Эко шинэс” нэртэй эмийн санг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Наранчимэг гэх хүнээс эрх шилжүүлэх гэрээгээр худалдаж аваад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Би өөрөө 09 цагаас 18 цаг хүртэл ажиллаад, 18 цагаас 23 цаг хүртэл Отгончимэг гэх хүнийг ажиллуулсан” /1-р хх 41/,

шинжээч Б.Найрамдлын “Гэрэлтүүлгийн цахилгаан дамжуулах утсыг хооронд нь холбож боохдоо олон залгаастай, цахилгаан дамжуулах утасны металл хэсгийг зориулалтын лентээр бусад гадаргуутай шүргэхээс хамгаалж боох ёстой. Тэгж боогоогүй. Хавтаст хэргийн 13 дугаар хуудасны ар талын хэргийн газрын үзлэгийн 2 дахь зурагт хананаас гарч ирсэн тогны утсыг шууд гэрэлтүүлгийн утастай холбож, цахилгаан дамжуулах утасны металл хэсгийг зориулалтын лентээр бусад гадаргуутай шүргэхээс хамгаалж үхлүүт боох ёстой” /2-р хх 7/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Ариунтөгс нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1436 дугаартай дүгнэлт /1-р хх 59-60/,

“Эко шинэс” эмийн сангийн гадна хаалганы дээд талд байрлах гэрэлтүүлэгч нь тухайн барилгын хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлгийн ЭТ-87/2003 шифртэй анхны зураг төслийн 1 дүгээр давхрын гэрэлтүүлгийн байгуулалт, гэрэлтүүлгийн угсралтын маягт хуудаст хананд тоноглох улайсах гэрэлтүүлэгчийг төлөвлөсөн боловч, хэргийн материалаас харахад таазанд тоноглох гэрэлтүүлэгч байгаа нь анхны зургийн дагуу суурилуулаагүй, эсвэл ашиглалтын явцад сольж өөрчилсөн тул Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрмийн 1.6 дугаар бүлгийн 1.6.6-д “Цахилгаан тоноглол, хэрэгслийн хийцийг өөрчлөх болон засварын ажлын үед цахилгааны схемийг өөрчлөх ажлуудыг техникийн батлагдсан бичиг баримтад нийцүүлж хийвэл зохино” гэсэн заалтыг зөрчсөн. Хэргийн материалд тусгагдсан зургаас харахад цахилгаан дамжуулах зэс утасны хамгаалах бүрээс шалбарсан, гэрэлтүүлэгчийн бүрхүүлээс гарсан хөнгөн цагаан утастай хооронд нь холбохдоо цахилгаан дамжуулах утасны металл хэсгийг бусад гадаргуутай шүргэхээс хамгаалж үхлүүт боогоогүй, холболтыг шаардлага хангахгүй хийж гүйцэтгэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж заасан хэрэглэгчийн үүргийг зөрчсөн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /1-р хх 68-70/,  

“Дэлгэр тур” ХХК болон “Эко шинэс” ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ /1-р хх 90, 2-р хх 4-5/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх3-20/,

“Эко шинэс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эмийн сангийн тусгай зөвшөөрөл, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус компанийн хувьцааг Г.Г-, Г.Төвшин нар худалдан авсан гэрээ /1-р хх 113-130/,

шүүгдэгч С.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх 83-84, 2-р хх 138-139/, шүүгдэгч Г.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх 113-114/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоож шүүгдэгч С.Э-ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч Г.Г- нь хуульд заасан эрчим хүчний хэрэглэгч мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй...” гэж заасны дагуу хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөвтгөн дүгнэсэн болно.

Шүүгдэгч Г.Г-ийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж заасан хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгажээ.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.13 дахь заалтын дагуу хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгох бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3 дахь хэсгийн агуулгаас үзэхэд эрчим хүчээр хангах гэрээг бичгээр байгуулахаар заасан байна.

Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Г.Г- нь эрчим хүчээр хангагч байгууллагатай бичгээр гэрээ байгуулан эрчим хүч худалдан авч байсан нь тогтоогдоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутайд тооцох боломжгүй юм. Гэвч шүүгдэгч Г.Г- нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандсан нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл болсон байх ба энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч С.Энхбат нараас “... “Эко шинэс” ХХК нь хуулийн дагуу шилжээгүй, энэ талаар шалгаагүй атал Г.Г-ийг захирал хэмээн дүгнэлт хийж буруутгасанд гомдолтой байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Батмандах,  С.Э-, шинжээч Б.Найрамдал нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Г- гэм буруугүй болох нь нотлогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү”, өмгөөлөгч Ц.Батбаяраас “Шүүгдэгч Г.Г- бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогч ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргасан зэрэг байдлыг харгалзан тэнсэж өгнө үү”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайханаас “174,890,557 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл:

Шүүгдэгч Г.Г- нь “Эко шинэс” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Х.Наранчимэг, Л.Мөнхтуяа нараас худалдан авч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр компанийн нэр дээр олгогдсон эмийн сангийн тусгай зөвшөөрөл болон “Дэлгэр тур” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр “Дэлгэр” төвийн 1 давхарт эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаанд дээрх гэмт хэрэг гарсан болох нь тогтоогджээ.  Компанийн хувьцааны эрхийг худалдаж авснаар тус компанитай холбоотой бүх эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилждэг онцлогтой тул маргаан бүхий түрээсийн гэрээний үүрэг нэгэн адил шилжсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Г.Г- нь хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, түрээсийн гэрээг шинэчлэн байгуулаагүй нь түүнийг эрхэлж байсан аж ахуйн үйл ажиллагаанаас нь учирсан гэм хор болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн эмийн сангийн худалдагчаар ажиллаж байсан Б.Отгончимэг хамгаалалтын төмөр хаалгыг цоожлох үед цахилгаан гүйдэл цохиж байсныг мэдсэнээс гадна энэ тухай ойр хавийн хүмүүс ярилцаж байхыг сонссон талаар мэдүүлсэн, шүүгдэгч Г.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “Би өөрөө 09 цагаас 18 цаг хүртэл, Отгончимэг 18 цагаас 23 цаг хүртэл ажилладаг” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хамгаалалтын төмөр хаалганд цахилгаан гүйдэл дамжиж байсныг шүүгдэгч Г.Г- мэдсэн буюу мэдэх бүрэн боломжтой байжээ.

Шүүгдэгч Г.Г- нь гэм буруугийн талаар маргаж, гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагад нийцэхгүй тул өмгөөлөгч Ц.Батбаярын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч С.Э- 50,000,000 төгрөг төлсөн нь, бичгийн нотлох баримтаар тогтоогдсон хохирлын хэмжээнээс илүү гарч байх тул хэргийн хүрээнд нотлох баримтаар хэлэлцэн шийдвэрлэх иргэний нэхэмжлэл байхгүй гэж үзлээ.

Мөн хүний амь насыг үнэлэх эрх зүйн орчин бүрдээгүй учраас “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хүний амь насны хохирлын үнэлгээний тайлангийн дагуу шүүгдэгч нараас 174,890,557 төгрөгийн хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч С.Энхбат, Ц.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Э-ын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд төлсөн 50,000,000 төгрөгийн тал хувийг шүүгдэгч Г.Г-ээс гаргуулж шүүгдэгч С.Э-д олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөхөөр заасан байхад шүүгдэгчийн төлсөн хохирлын зарим хэсгийг нөгөө шүүгдэгчээр төлүүлэхээр хариуцуулсан нь үндэслэлгүй байх тул энэ талаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/427 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Шүүгдэгч С.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг төлсөн болохыг, шүүгдэгч Г.Г- гэм хорын хохирол төлөөгүй болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч С.Энхбат, Ц.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ         

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН