Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0238/З |
Дугаар | 353 |
Огноо | 2017-10-09 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 353
“Д с н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Ц.Ц, З.С, гуравдагч этгээд “Э н а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0320 дугаар магадлалтай, “Д с н” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д с н” НҮТББ-ын “... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У т” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 797 гэрчилгээний дагуу газар ашиглуулахыг даалгаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэргүй кадастрын солбилцолд өөрчлөлт оруулсан 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийн дагуу “Д с н” НҮТББ-д газар ашиглуулахыг даалгах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д с н” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэргүйгээр солбилцолд өөрчлөлт оруулсан 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0320 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Гуравдагч этгээд “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гуравдагч этгээд “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүхээс магадлалдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус үндэслэжээ. Хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасан.
Нэхэмжлэгчээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд: 1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У т” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 797 гэрчилгээний дагуу газар ашиглуулахыг даалгах, 2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэргүй кадастрын солбицолд өөрчлөлт оруулсан 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, 3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийн дагуу “Д с н” НҮТББ-д газар ашиглуулахыг даалгах, 4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Үүнээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэргүй кадастрын солбицолд өөрчлөлт оруулсан 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой байх боломжтой бүхий л нотлох баримтуудыг төрийн байгууллага болон бусад газруудаас цуглуулж, шаардлагатай тохиолдолд үзлэг хийх, шинжээч томилох гэх мэтээр ажиллагаануудыг хийж, “Д с н” НҮТББ-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хамааралтай байж болох бүхий л нотлох баримтууд цугларсан. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан үндэслэл байхгүй байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс магадлалдаа дараах нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн гэж дүгнэжээ.
1/ “... “Э н а” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар ашиглах эрх олгосон 4.01 га нь нэхэмжлэгчийн ашиглахыг хүссэн газартай хэрхэн давхцаж байгаа болохыг тогтоосонгүй” гэжээ.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үзлэг хийсэн. Тус үзлэгээр нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газартай давхцуулан “Э н а” ХХК-д газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон. Энэ нь үзлэгийн тэмдэглэл болон үзлэгээр хэрэгт хавсаргасан баримтуудаар тогтоогддог. Үүнийг ч нэхэмжлэгчээс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг бөгөөд үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 9634 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Нэгэнт талууд давхацсан талаар ямар нэгэн байдлаар маргаагүй байтал шүүхээс маргаагүй асуудлыг дүгнэн шаардлагатай нотлох баримт цуглуулаагүй гэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2/ “... “Э н а” ХХК-аас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргахдаа хавсаргасан баримтууд нь эдгээр шаардлагыг хэрхэн хангасан болох, энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсаргасан баримтаас илүү дээрх шаардлагад нийцсэн эсэхэд ... ямар ч дүгнэлт хийгдсэнгүй” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “Э н а” ХХК болон “Д с н” НҮТББ-ийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг бүгдийг нь хуулбарлан авч хэрэгт хавсаргасан. “Д с н” НҮТББ-ийн гаргасан хүсэлт, төсөл нь шаардлага хангахгүй талаар хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №10/6964 дүгээр албан бичгээр “... бичиг баримтын бүрдэл дутуу байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэсэн хариу өгсөн байдаг.
Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгсөн бөгөөд хүсэлтийг хүлээн авахгүй байх шалтгаан нь бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэл байсан тул цаг хугацааны хувьд ойролцоо өгсөн хүсэлт, төслийг заавал харьцуулан үзэх шаардлагатай гэсэн хуулийн зохицуулалт байхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан хавсаргасан баримтууд нь хуулийн шаардлагыг хэрхэн хангасан болох, энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсаргасан баримтаас илүү дээрх шаардлагад нийцсэн эсэхийг шүүхээс нягтлах шаардлагагүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй юм.
Нэгэнт бичиг баримтын бүрдэл дутуу байхад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төслийг өрсөлдүүлэх шаардлага байхгүй юм. Байгаль орчны сайдын 2001 оны 218 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.2-т заасны дагуу шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг хүргүүлэх эрх нь захиргааны байгууллагад байгаа тул уг эрхийнхээ хүрээнд бүрдэл дутуу шаардлага хангахгүй байна гэсэн хариу хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс уг албан бичигтэй маргаагүй болно. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчээс энэ талаар хариуцагчаас тодруулсан бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
3/ “... “У т” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/180 дугаар гэрээнд ашиглах газрын нийт талбайг 9.3 га гэсэн нь ямар учиртай болохыг тодруулаагүй ...” гэжээ.
Хэрэгт дээр дурдсан баримт авагдсан бөгөөд хэргийн материалтай талууд танилцсан байдаг ба энэ талаар талууд огт маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо энэ талаар дурдаагүй байдаг.
4/ “... цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн бодитоор хийсэн гэх хөрөнгө оруулалтад огт дүгнэлт өгөөгүй, тэдгээр нь байршлын хувьд ашиглахыг хүссэн газарт хамаарах эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна" гэжээ.
Шүүхээс хөрөнгө оруулалт хийсэн талаар ийнхүү дүгнэснийг хүлээн зөвшөөрөх огт боломжгүй юм. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т тус тус заасны дагуу зохих зөвшөөрөлгүй этгээд газар ашиглахыг хориглохоор зохицуулсан. Гэтэл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр өөрсдийн дур зоргоор бусдын газарт үйл ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй үйл ажиллагаа байтал шүүхээс хөрөнгө оруулалтад огт дүгнэлт өгөөгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна.
Шүүхээс энэ мэтчилэн бусдын газар дур зоргоороо үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийг өөхшүүлсээр байвал зохих хууль журмын дагуу газар ашиглаж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл бүрдэх юм.
Анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан.
Давж заалдах шатны шүүхээс хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэлгүйгээр тус хэргийг гомдлын хүрээнд бус гомдолд заагдсанаас өөр үндэслэлээр хянан шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, мөн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим баримт болон үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, гүйцээн дүгнэх боломжгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчийн зүгээс “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар “У т” ХХК-д газар ашиглуулахаар олгосон 797 дугаар гэрчилгээний дагуу газар ашиглуулахыг даалгаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэргүй кадастрын солбилцолд өөрчлөлт оруулсан 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар албан бичгийн дагуу “Д с н” НҮТББ-д газар ашиглуулахыг даалгах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн бие даасан 4 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Э н а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, үүний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тодруулбал, дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаан бүхий газрыг ашиглах талаарх нэхэмжлэгчийн түрүүлж өгсөн хүсэлтэд татгалзсан хариу болон нэхэмжлэгчийн дараа хүсэлтээ өгсөн гуравдагч этгээд болох “Э н а” ХХК-ийн хүсэлтийг хангаж газар ашиглах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийн үндэслэл нь бодитой бөгөөд хууль ёсны эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хариуцагч эрх хэмжээгээ зөв хэрэгжүүлсэн эсэхэд шүүхийн зүгээс хяналт тавих учиртай.
Иймд, гуравдагч этгээд “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгсөн бөгөөд хүсэлтийг хүлээн авахгүй байх шалтгаан нь бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэл байсан тул цаг хугацааны хувьд ойролцоо өгсөн хүсэлт, төслийг заавал харьцуулан үзэх шаардлагатай гэсэн хуулийн зохицуулалт байхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан хавсаргасан баримтууд нь хуулийн шаардлагыг хэрхэн хангасан болох, энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсаргасан баримтаас илүү дээрх шаардлагад нийцсэн эсэхийг шүүхээс нягтлах шаардлагагүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн бүх шаардлагад холбогдуулан шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрийн үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийсэн, хариуцагч болон бусад байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг хүргүүлсэн атлаа тэдгээрийг ирүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх тул “давж заалдах шатны шүүхээс тус хэргийг гомдлын хүрээнд бус гомдолд заагдсанаас өөр үндэслэлээр хянан шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон” гэх гомдол үндэслэлгүй.
Иймээс гуравдагч этгээд “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан үндэслэл байхгүй байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0320 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “У т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ