Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2023/00104

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04212 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00498 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Т А Л” ХХК-д холбогдох

246,833,588 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 32,170,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, П.А З, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “М” ХХК нь “Т А Л” ХХК-д холбогдуулан 246,833,588 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, 32,170,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч, нэхэмжлэгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04212 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас 32,170,693 /гучин хоёр сая нэг зуун далан мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөг гаргуулж хариуцагч “Т А Л” ХХК-нд олгож, хариуцагч “Т А Л” ХХК-аас 246,833,588 төгрөг гаргуулах “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлсөн 1,521,576 төгрөг, хариуцагч “Т А Л” ХХК-ийн төлсөн 318,803 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 318,803 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т А Л” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00498 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04212 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т А Л” ХХК-аас 117,671,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,162,188 төгрөг болон нэхэмжлэгч “М” ХХК-аас тээврийн хөлс 9,357,734 төгрөг, хадгалалтын зардал 22,812,959 төгрөг, нийт 32,170,693 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Т А Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “...нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 318,803 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т А Л” ХХК-д олгосугай” гэснийг “...хариуцагч “Т А Л” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 746,307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, П.А З нарын хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Нэг.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тухайн маргааныг хянан хэлэлцээд “шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул” гэж дүгнээд шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Гэхдээ давж заалдах шатны шүүх өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зарчмыг зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Энэхүү шүүхийн магадлал нь Монгол улсын хууль болон олон улсын тээврийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн зарчмын эсрэг болжээ. Тухайлбал: -Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. 338.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болон өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцна” мөн хуулийн 388 дугаар зүйлийн 388.7-д.”Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй” гэж заасан. Мөн Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийг 16 дугаар зүйлийн 1-д “илгээгч падаанд заасан мэдээлэл ба өгөгдлийн үнэн зөвийг хариуцна. Илгээгч падаан дахь мэдээллийг буруу ташаа, дутуу, бүрэн бус оруулсан, тухайн мэдэгдлийг андуурч буруу хүснэгтэд бичигдсэнээс гарах бүх хариуцлагыг хүлээнэ” гэж заасны эсрэг магадлал гаргасан байна. /хх 56 талд илгээгч нь Д гэж байгаа/ Дэлхийн аль ч улсын агаарын, авто тээвэр, төмөр замын тээврийн хуульд энэ зарчим үйлчилдэг болно. -Нэхэмжлэгч тал маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн бөгөөд падаан гэрээнд ачаа илгээгч нь Д гэж бичигдсэн тул Инкотермс 2010-т заасан хариуцлага нь шилжээгүй болохыг анхаарсангүй. Энэхүү маргаан өмнө нь 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.11.29-ний өдрийн 001/ХТ2021/01448 дугаар тогтоолын 5-д “...“М” ХХК-ийн өмнө зуучлагч “Т А Л” ХХК-ийн хүлээсэн эрх үүргийг тодорхой болгосноор үүргийн зөрчлийг дүгнэх”, 6-ийн 6.1-д “...ОХУ-ын Засгийн Засгийн газрын 2019.12.17-ны өдрийн 1877 тогтоолоор батлагдсан “Глонасс хиймэл дагуулын байршил тогтоох системд суурьлан ажилладаг таних тэмдэг, лац суурьлуулах, салгаж авах болон ашиглах тухай журам”-ыг бүрэн орчуулаагүйн улмаас энэ журамд заасан “төмөр замын тээвэрлэгч” хэн болохыг дүгнэх боломжгүй” байна, 6.2-т “...захиалга өгөхдөө барааны кодыг 21069004 гэсэн дугаар өгсөн, Нидерланд улсаас барааг ачуулахдаа 210690 гэсэн кодыг, харин Польш улсад ирэхэд накладан дээр 0000000000 гэсэн код байгаа нь ямар шалтгаантай болохыг тодруулах, хэргийн 56-р хуудсанд байгаа тээврийн үндсэн баримт бичиг болох баримтыг хэн үйлдсэн, хэн шүүхэд гаргаж өгсөн нь ач холбогдолтой, ...Д компани өөрийн барааг ачсанаа баталгаажуулж лацыг тавьж, тээвэрлэгчид ачааг хүлээлгэн өгснөөр Д компанийн үүрэг дууссан эсэхээс гадна “Т А Л” ХХК-ийн тээвэрлэлт хариуцах үүрэг аль үеэс үүссэн үйл баримтыг тодорхой болгож дүгнэснээр Глонасс лацыг хэн хариуцах нь тодорхой болох боломжтой, ...нэхэмжлэгчийн тодорхойлсон 21069004 код нь өтгөрүүлсэн шүүсний код мөн эсэх, анхнаасаа хориотой бараа гэдгийг тодорхойлох зөв код мөн эсэхийг тодруулах” гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, мэтгэлцээнийг бодитойгоор дүгнэн Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 16-р зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.5-ыг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 5, Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 74, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-ийг баримтлан хариуцагч “Т А Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж үндэслэл бүхий 2022.11.28-ны өдрийн №102/0000000/0000 дугаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь “...Т А Л” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болохынхоо хувьд нэхэмжлэгчийн тээвэрлүүлэхийг хүссэн бараа нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэх хориотой барааны жагсаалтад орсон, Глонасс лац суурилуулсан тохиолдолд тээвэрлэгдэх боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан, ОХУ-ын хилээр ачаа нэвтрэх үед Гаалийн байгууллага болон Холбооны тээврийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хандаж Глонасс лац суурилуулах боломжтой байсан, Тээвэрлэгч компанитай хэлцэл хийснийхээ хувьд мэргэжлийн заавраар хангах, хяналт тавих боломжтой байсан, улмаар “М” ХХК-ийн өмнө хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой байсан боловч зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.11 дэх хэсгийг баримтлан үндсэн нэхэмжлэлээс барааны үнэд төлсөн 117,671,400 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй. Хоёр.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.11.29-ний өдрийн 001/ХТ2021/01448 дугаар тогтоолд дурдсан даалгаврын хүрээнд “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ доорх байдлаар гаргаж байна. Үүнд: 2.1. “М” ХХК нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ Герман улсын Малашевиче станцаас Д компанийн өөрийн контейнерт тээвэрлэн Улаанбаатар хот, “Техник импорт” гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлүүлэхэд тээвэр зуучийн үйлчилгээ авахаар 2020.03.03-ны өдөр санал ирүүлсэн. Захиалгад “РСА, Өстерхаут /Инкотермс 2010/ Европын холбооны татвар төлөгдөөгүй. 20 тн чингэлэг, Бүтээгдэхүүн: олон жимсний концентраци охь, тоо хэмжээ 18,480 кг *77 торх 240 кг, 1 торхны хэмжээ Диаметр-58-59,5 см, өндөр 84-87,5 см, 4 градусаас доош хэмд хадгална, НS код 210690004, Хүлээн авах хугацаа 2020 оны 03 сар” гэсэн мэдээллийг өгсөн. /2-р хавтаст хэрэг 3х/. Энэхүү саналын дагуу бид Герман улсын тээвэр зуучийн “RTSB” компанид хандаж үнийн санал аваад “М” ХХК-д 2020.03.06-ны өдөр 3118 евро Экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэсэн тайлбарын хамт үнийн саналаа хүргүүлсэн /2-р хавтаст хэрэг 19х/. 2.2. “М” ХХК болон “Д” компани нь хооронд олон жимсний охь худалдан авах гэрээ байгуулахдаа олон улсын худалдааны нөхцөл болох Инкотермс 2010-ийн “FCA” нөхцөлөөр бараа нийлүүлэлтийн нөхцөлийг тохирсон байдаг. Худалдагч, худалдан авагч нар өөрсдөө Үйлдвэрлэлийн зориулалтаар түүхий эд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн барааг тээвэрлэн дамжин өнгөрөх улсын буюу ОХУ-ын холбогдох дүрэм журмын шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй гэдгийг энэхүү Инкотермс 2010 “FCA” нөхцөлд тодорхой зааж өгсөн байна. Инкотермс 2010 “FCA” нөхцөл /Тээвэрлэх хүртэл чөлөөтэй /нэрлэсэн газар/-ийн дагуу худалдагч, худалдан авагчийн үүрэг хариуцлагын заагийг тодорхойлохдоо: Худалдагчийн үүрэг хариуцлага гэсэн 1-р зүйлийн 1.2. Лиценз, зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд: Худалдагч нь ачаа барааг экспортлоход шаардагдах гаалийн бүх баримт бичгүүд буюу экспортын гаалийн бүрдүүлэлтийн баримтууд аливаа зөвшөөрөл лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг өөрийн зардал эрсдэлээр хариуцна, 1.6. Зардал хуваарилалт b.Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж төлөх үүрэгтэй, 1.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд: Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр түүний зардал эрсдэлээр импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй Худалдан авагчийн үүрэг хариуцлага гэсэн 2-р зүйлийн 2.2. Лиценз, зөвшөөрөл, аюулгүй гаалийн бүрдүүлэлт болон бусад дүрэм журмууд: Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын зардал, эрсдэлийг өөрөө хариуцна 2.10. Мэдээллийн тусламж, холбогдох зардлууд: Ачаа барааны аюулгүй байдалтай холбоотой аливаа мэдээллийг худалдагчаас авах гэж тус тус заасан. 2.3. Худалдах, худалдах авах гэрээний талууд анхнаасаа тээвэрлэлтийн захиалга өгөхдөө барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн учраас зуучийн байгууллага болон тээвэрлэгч нь ачааг тээвэрлэлтэд хүлээн авахдаа чингэлэгт ачигдсан бараа нь хориотой бараа гэдгийг мэдэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.7 дах хэсэгт “Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй”, 388.9 дэх хэсэгт “Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна” гэж заажээ. Тээвэр зуучлалын үйл ажиллагааг явуулж буй үед Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2-т “Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно” гэж заасан бөгөөд олон улсын тээвэрт Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр /ОАХХ/-ээр зохицуулагддаг билээ. ОАХХ-ийн 16 дугаар зүйлд заасны дагуу “Илгээгч бичиг баримтад заасан мэдээлэл ба өгөгдлийн үнэн зөвийг хариуцна. Илгээгч бичиг баримт дахь мэдээллийг буруу ташаа, дутуу, бүрэн бус бичсэн тохиолдолд гарах бүх хариуцлагыг хүлээнэ” гэж заасан байдаг. Монгол Улсын Иргэний хуулийн 2-ийн 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж заасны дагуу худалдагч буюу ачаа илгээгч компани дээр дурдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас зуучийн байгууллага, тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Голланд улсын “Д” компани нь өөрсдөө тээврийн баримт бичиг, гаалийн бүрдүүлэлтээ хариуцан гүйцэтгэсэн бөгөөд контейнерийг “DOHLER 0014573” гэсэн лацаар лацдаж, тээврийн бичиг баримтыг үйлдэж, дагалдах бичиг баримтыг хавсарган тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “М” ХХК нь захиалга өгөхдөө барааны кодыг НS код 210690004 гэж, Илгээгч буюу худалдагчийн Сав баглаа боодлын жагсаалтад /1-р хх 24-25х/ нь барааны нэр Асептик Витамин-7 Фруит баяжмал, Европын холбооны гаалийн тариф 210690, Агуулахын баримтад барааны код тодорхойлолт 000000000 /1-р хх 30х/, ачаа илгээгч тээврийн бичиг баримтад ГНГ0000000000 ЕТСНГ 000000 гэж зөрүүтэй бичсэнтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн 2014.08.06-ны өдрийн № 560 дугаар “Оросын Холбооны улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай” Зарлиг, ОХУ-ын Засгийн газрын 2014.08.07-ны өдрийн №778 дугаар Тогтоолоор “АНУ, Европын холбоо зэрэг хоригт орсон зарим улсуудаас гарал үүсэлтэй ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхийг хориглосон ХАА-н бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад ... барааны код 00000000 0**-с, 2106 90 980 4**-с, 2106 90 980 5**-с, 2106 90 980 9**-с код бүхий Хүнсний болон бэлэн бүтээгдэхүүн /биологийн идэвхит нэмэлт, тамирчдын хоол тэжээлд зориулсан төрөлжсөн хүнсний бүтээгдэхүүн, витамин эрдсийн иж бүрдэл, амт оруулагч нэмэлт, уургийн баяжмал/ ...зэрэг хүнсний болон нэмэлт бүтээгдэхүүнүүд багтсан байдаг. /2-р хавтаст хэрэг 108-109х/ Энэхүү хориглосон барааны жагсаалтад худалдагч, худалдан авагч талын тодорхойлж ирүүлсэн код бүхий бараа бүтээгдэхүүн багтаагүй тул тухайн чингэлэгтэй ачааг ОХУ-ын Засгийн газрын 2019.12.17-ны өдрийн 1877 дугаар Тогтоолоор батлагдсан “Глонасс хиймэл дагуулын байршил тогтоох системд суурилан ажилладаг таних тэмдэг, лац суурилуулах, салгаж авах болон ашиглах тухай журам”-ыг хангаж тээвэрлэлтэд хүлээн аваагүй тээвэрлэгч үүргээ биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Манай компанийн үйлчилгээний хөлсөнд Глонасс лацны үнэ ороогүй, олон улсын хэмжээнд төмөр замаар заавал харуул хамгаалалтад авах шаардлагатай ачаануудын тээвэрлэхэд хамгаалалтын зардал тооцогддог. Энэ журам манай улсад ч мөрдөгддөг ба энэ нь Зам, тээврийн хөгжлийн сайдын2020.08.17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын тавдугаар хавсралтаар батлагдсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх журам”-ын 19 дүгээр бүлэг /Ачаа хамгаалах/-ээр зохицуулагддаг. “М” ХХК-ийн захиалгат ачаа нь Герман улсаас Монгол улс хүртэл ОХУ-ын төмөр замаар дамжуулан тээвэрлэгдэн ирэхэд зуучийн үйлчилгээний хөлсөнд Ачааны хамгаалалтын зардал 180 евро тооцогдож байжээ гэдэг нь 2019.03.13-ны өдрийн иргэн Наранцэцэгийн цахим шуудан [email protected] гэсэн хаягаас Хэн рүү:Boloroo Dorj М ХХК гүйцэтгэх захирал гэсэн хаяг руу илгээгээд Сс: RTSB Gmbll Mongolia Service/[email protected]/ urandelger Ts Urandelger@ tilogistic.mn гэсэн хаяг руу давхар илгээсэн шууданд “Наранцэцэг М ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бд “Өнөөдөр утсаар ярьсны дагуу Өөстерхаут-Наушк-Улаанбаатар 1*20 түрээсийн чингэлэг <24 тн нийт брутто евро 2798,00 Оросын төмөр замын хамгаалалтын зардал Төмөр замаас барааны кодыг дамжуулж хамгаалалтын зардал гарах үгүйг шалгуулах болно...” /1-р хавтаст хэргийн 120х/ гэснээр нотлогдох юм. 2.4. Уг чингэлэгтэй ачаа 2020.04.06-ны  өдөр ОХУ-ын хилийн гарах өртөө буюу ОХУ-ын төмөр Замын Наушк өртөөн дээр ирсэн. Төмөр замын хилийн өртөө Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постоос хилээр гарах ачаануудад түүвэрчилсэн гэнэтийн шалгалт хийхэд ТКР11-3016854 чингэлэгт ачааг гаалийн үзлэг шалгалтад орсон байдаг. Гаалийн шалгалтаар хоригт орсон барааг илрүүлсэн тул Гаалийн байгууллагаас ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор батлагдсан жагсаалтад багтсан бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосонтой холбогдуулан тээвэрлэгч, экспедитор эдгээр барааг анх илгээсэн улс орон руу буцааж татах эсвэл устгалд оруулах шийдвэрийг гаргадаг. Хэрэв ачааг буцаан татах боломжгүй болсон тохиолдолд устгалд оруулах тул уг ачааг хэрхэх тухай шийдвэрээ яаралтай мэдэгдэнэ үү” гэсэн тоотыг тээвэрлэгчид хүргүүлснийг манай гадаад агент “RTSB” компани бидэнд мэдэгдсэн. Иргэний хуулийн 413-р зүйлийн 413.7-д “Гэрээний нэг талыгердийн боломжит буюу үүргийн шинж чанарт тохирсон хугацаанд нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу манай компани “М” ХХК-д энэ талаар нэн даруй мэдэгдэж, бүх боломжит арга хэмжээгээ авсан. /1-р хавтаст хэрэг 77-92х, 2-р хавтаст хэрэг 236-238х/ Тухайн ачаа гаалийн шалгалтад хамрагдаж саатуулагдаж байгаа тухай бүх мэдээлэл, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан тоотуудын хуулбар, тэр ч байтугай “RTSB” компаниас ирүүлсэн ачааг буцаан татах хүсэлтийн загварыг хүртэл “М” ХХК-д цаг хугацаанд нь хүргүүлж, холбогдох арга хэмжээ авах талаар удаа дараа сануулж байсан боловч тус компани нь ачааг буцаан татах талаар ямар нэгэн заавар, зөвшөөрөл өгөөгүй. НХНН “РЖД”-ийн Наушк өртөө нь тухайн ачааг Монгол Улсын хилийн орох өртөө хүртэл бүрэн бүтэн тээвэрлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байсан “RTSB” компанитай харьцаж байсан тул бид “RTSB” компаниар дамжуулан “ТТН№2151- 051029 контейнерт тээвэрлэгдэж байгаа ачаа хүлээн авагч “М”-ийн ачааг “D H” руу буцаан илгээнэ үү” гэсэн хүсэлтийг 2020.05.29-ний өдрийн 177/20 албан тоотоор НХНН “РЖД”-ийн нэр дээр хүргүүлсэн боловч ачааг буцаагаагүй устгалд оруулсан байсан. ОХУ-ын гаалийн байгууллага нь саатуулагдсан ачааг илгээгч орон руу буцаах зөвшөөрлийг зөвхөн ачаа илгээгч болон хүлээн авагчаас өгсөн нөхцөлд ачааг буцаах журамтай гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Олон улсын транзит тээврийн ачааны тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудал нь олон улсын гэрээ болох Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр /ОАХХ/-ээр зохицуулагддаг ба /ОАХХ/-ийн дагуу тээвэрлэлттэй холбоотой гомдол, санал хүсэлтийг зөвхөн ачаа илгээгч гаргах эрхтэй тул манай компанийн тавьсан хүсэлт үр дүнд хүрээгүй. Манай компанийн зүгээс ОХУ-ын хилийн орох, гарах гаалийн хяналтын цэгүүд болох Смолинскийн гаалийн Краснинскийн гаалийн хэсэг, Наушкийн төмөр замын хяналтын цэгийн Гаалийн хэсэг болон НХНН “РЖД”-ийн ерөнхий хорооны дарга - Ерөнхий захирал Белозеровын нэр дээр албан захидлууд илгээж,“Хоригт орсон барааг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулах, тээвэрлэхийг хориглосон байхад ОХУ-ын хилийн орох өртөөн дээр ачааг шалгаад “РЖД” компанийн хилийн боомт дээр саатуулах ба ачаа хүлээн авагчид буцааж явуулах, боломжтой байсан байхад яагаад ийм арга хэмжээг аваагүй,түүнчлэн ОХУ-ын нутаг дээгүүр төмөр замын өртөөдөөр дамжуулан тээвэрлэсний дараа хилийн гарах өртөөн дээр ачааг зогсоож шалгасан тайлбар ирүүлэхийг хүссэн юм. Бидэнд зөвхөн НХНН “РЖД”-ийн салбар Компаний тээврийн үйлчилгээний төвөөс /2-р хх120-122/ хариу албан бичгээр ирүүлсэн. Уг хариунд “ОУТЗАХХ-ийн №051029 тоот тээврийн дагалдах бичгийн дагуу №00000000 дугаартай вагон дээрх ТРК113016854 дугаартай чингэлэг УБТЗ /Монгол улс/ чиглэлээр “Т А Л” ХХК хаягаар “бусад газар заагаагүй хүнсний бүтээгдэхүүн болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүн “/ачааны код ЕТСНГ 000000, ГНГ код 0000000000/ кодтой ачаа явсан. ...Хилийн боомт дээр ачилтын баримт бичигт заасан ачааны нэр, кодын талаарх мэдээллийг шалгаж үзсэний үндсэн дээр Глонасс дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийн технологид суурилсан битүүмжлэл суурилуулах үндэслэл тогтоогдоогүй. ...Тийм учраас үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу ачааг илгээгч улс руу буцаах асуудлаар тээвэрлэгч болон гаалийн байгууллагаас авсан арга хэмжээг харгалзан үзэж ачаа хүлээн авагчид учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг тухайн ачааны талаарх мэдээллийг гажуудуулж өгсөн, мөн ачааг цаг тухайд нь буцаан татах арга хэмжээ аваагүй илгээгчтэй шийдвэрлэх ёстой” гэсэн хариу ирүүлсэн. “Т А Л” ХХК нь Иргэний хуулийн 413-р зүйлийн 413.7-д “Гэрээний нэг талыг ердийн боломжит буюу үүргийн шинж чанарт тохирсон хугацаанд нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлж ажилласан боловч ачаа хүлээн авагчийн эс үйлдэхүйгийн улмаас ачаа нь устгалд орсон байгааг шүүх үнэлсэнгүй. Гурав. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйл /Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага/-ийн 11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйл /Хүнсний тухай хууль зөрчих/-ийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг-ийн арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуулиар гадаад улсаас импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд тусгайлсан шаардлага тавьсан байна. Хүнсний бүтээгдэхүүн импортлогч, үйлдвэрлэгч компаниуд нийгмийн хариуцлагын үүднээс хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахтай холбоотой хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүрэгтэй. Нидерланд улсын худалдааны танхимаас гаргасан /Код x2f13q15j/ 2020.03.16-ны өдрийн №8006687498 дугаартай барааны шинжилгээний гэрчилгээгээр “М” ХХК-ийн худалдан авсан Асептик Vitamin-7-Fruit баяжмалын үйлдвэрлэсэн огноо 2019.10.08, дуусах хугацаа 2020.07.04-ний өдөр гэж, худалдагчийн № 91998431 тоот Худалдааны нэхэмжлэлд “Монгол Улсын хуульд заасны дагуу ачааны машин хилийн пост дээр ирэх үед бүх бүтээгдэхүүний хадгалах хугацаа 3/2 байна” гэж заасан байна. Барааны шинжилгээний гэрчилгээ, худалдааны нэхэмжлэлд дурдсан мэдээллүүдээс үзэхэд тухайн баяжмал нь үйлдвэрлэгдсэнээсээ хойш 9 сарын хугацаанд үйлдвэрлэлд ашиглагдахаар хадгалагдаж болох ба Монгол улсын хилээр дор хаяж 2020.02 дугаар сарын эхээр орж ирсэн байх ёстой байжээ. Гэтэл “М” ХХК нь тухайн бараа бүтээгдэхүүн хилээр орж ирсэн байх ёстой баталгаат хугацаа нэг сар шахам хугацаагаар хэтэрсэн байхад 2020.03 дугаар сард барааг тээвэрлүүлж авчрах захиалгыг манай компанид өгсөн. Ачаа илгээгч ч гэсэн өөрсдөө бараа бүтээгдэхүүний бичиг баримтад баталгаат хугацааг заасан мөртлөө хугацаа нь өнгөрсөн байхад барааг тээвэрлэлтэд хүлээлгэн өгч байгаа нь өөрсдийнх нь буруутай үйлдэл байна. Манай компани тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцаанд орохдоо барааны үйлдвэрлэсэн огноо, дуусах хугацаа, хадгалах хугацаа зэрэг мэдээллийг мэдэх боломжгүй байсан болно. Тэгээд ч тээвэрлэгч болон зуучлагч нь ачааг тээвэрлэлтэд авахдаа тээврийн бичиг баримт болон түүнд хавсаргасан дагалдах бичиг баримтын үнэн зөвийг шалгах, бараа нь бичиг баримттайгаа тохирч байгаа эсэхийг шалгах үүргийг хүлээдэггүй. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “М” ХХК нь Монгол улсад ашиглах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхдээ тавигддаг хуулийн шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг тээвэрлүүлэх захиалга өгсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй ээ. Дээр дурдсан үндэслэлээр “М” ХХК-ийн захиалгын дагуу Голландаас ТKRU-3016854 чингэлэгт ачигдаж явсан ачаа нь “ОХУ-ын хилийн гарах өртөөн дээр гаалийн үзлэг шалгалтад хамрагдаж,1-д нь Хориотой бараа гэсэн үндэслэл, 2-т нь Ачаа буцаах зөвшөөрлийг ачааны илгээгч болон хүлээн авагч өгөөгүйн улмаас устгалд орсон тул ямар нэгэн төлбөр, хохирлыг “Т А Л” ХХК төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Манай компани Захиалагч “М” ХХК-ийн ачааг Герман улсаас Монгол улсад тээвэрлэн авч ирэх хэлцэл байгуулахдаа тээвэр зуучийн үйлчилгээний төлбөрийг ачаа бүрэн бүтэн ирсэн нөхцөлд төлнө гэж тохиролцоогүй, талуудын хооронд ямар нэгэн болзол тавигдаагүй. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу манай байгууллага шаардах эрхтэй. “М” ХХК- иас 2020 оны 03-р сарын 03-ны өдөр “Т А Л” ХХК-д ирүүлсэн асуулгын дагуу бид гадаад агент болох Герман Улсын “RTSB” тээвэр зуучийн компанид хандаж үнийн санал аваад захиалагчид 2020.03.06-ны өдөр Экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэсэн тайлбарын хамт тээвэр зуучийн үйлчилгээний хөлсийг 3118 еврогоор тохиролцохоор үнийн саналаа өгсөн. Энэ үнэд барааг хүлээн авсан газраасаа хүлээлгэн өгөх газар хүртэл тээвэрлэхэд гарах экспортын гаалийн бүрдүүлэлтээс бусад зардал багтсан. Захиалагч энэ хөлсийг хүлээн зөвшөөрч гадаад агент болох “RTSB” компани нь “М” ХХК-ийн захиалгат ачааг Нидерланд улсын Өөстерхаут хотод гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэлтийн дагалдах бичиг баримт үйлдэгдсэний дараа хүлээн авч ОХУ-ын төмөр замаар транзит чингэлэгт ачаагаар “Оросын төмөр зам”-ын хилийн Наушк өртөө хүртэл тээвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. ТKRU-3016854 чингэлэгт ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөө буюу ОТЗ-ын Наушк өртөөн дээр 2020.04.08-ны өдөр бүрэн бүтэн тээвэрлэгдэн ирсэн ба Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постын түүвэрчилсэн гэнэтийн шалгалтад хамрагдаж, гаалийн шалгалтаар тухайн ачаа нь хоригт орсон бараа болох нь илэрч, улмаар устгалд орсон нь зуучийн байгууллага болон тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. ТKRU-3016854 чингэлэгт ачаа ОХУ-ын Наушк өртөөнд тухайн улсын эрх бүхий байгууллагын шалгалтын улмаас саатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал гарсанд “М” ХХК буруутай эсэхээс үл хамаарч нэгэнт манай компанид захиалга өгч ажил үүрэг зохих хэмжээнд гүйцэтгүүлсэн учраас гэрээнийхээ үүргийн дагуу гарсан зардлыг төлөх үүрэгтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон байна. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан үзэж магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ба хяналтын гомдолдоо: Гомдлын үндэслэл: Давж заалдах шатны шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн харьцуулан судлаагүй, хуулийг Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэг. Нэхэмжлэгчид учирсан хохирлын талаар нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримт, хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар: Нэхэмжлэгч тухайн хүнсний түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулснаар олох байсан орлого 118,798,538 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор “Ингүүмэл жаргалант аудит” ХХК-ийн в/01 дугаартай хараат бус аудиторын дүгнэлтээр 111,862,444 төгрөгийн ашиг олох боломжтой байсан талаарх тооцоолол хийсэн баримтыг хариуцагч талаас баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгчид компанид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй байсан. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь 118,798,538 төгрөгийн ашиг олох ёстой байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх ганцхан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.1, 172.1.3-т заасан үндэслэлд хамаарах зөрчилд хамаарч байна. 1. Анхан шатны шүүх хариуцагч “Т А Л” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол хамаарах шаардлагыг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасантай холбоотойгоор хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх өөр үндэслэлээр энэ талаар гаргасан гомдлын хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гаргасан уг шаардлагыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн олох ёстой байсан ашигт 118,798,538 төгрөгийг гаргуулах шаардлагын хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг үгүйсгэсэн ямар дүгнэлт тайлбар хийлгүйгээр “...нэхэмжлэгч нь 118,798,538 төгрөгийн ашиг олох ёстой байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх ганцхан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүх нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд магадлалдаа мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 заасан үндэслэлүүдийг тодорхой тусгах хуулийг “Шүүхийн шийдвэрийн тухай” Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 3.3-д зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 4-т зааснаар тус тогтоолын 3.3-т заасан тайлбар нь бүх шатны шүүхэд хамааралтай байхаар заасан байна. Хоёр. Хяналтын шатны шүүхэд гаргах хүсэлт: Дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гомдлыг, хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, П.А З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ба нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.04.-ний өдрийн 001/ШХТ2023/00516 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Дараах үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, харин “нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих хуулийн үндэслэлтэй” гэж үзэв.

8. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Т А Л” ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учруулсан хохирол болох ОХУ-ын гааль дээр устгагдсан түүхий эдийн үнэ 117,671,400 төгрөг, олох байсан ашиг 118,798,538 төгрөг, өмгөөлөгчийн зардал 10,363,650 төгрөг, нийт 246,833,588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тээврийн хөлс 9,357,734 төгрөг, гаалийн хадгалалтын зардал 22,812,959 төгрөг, нийт 32,170,693 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо: “...тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлсэн “Т А Л” ХХК нь “М” ХХК-ийн хүнсний барааны кодыг тээврийн баримт бичигт буруу бичсэн ачаанд дэлхийн хиймэл дагуулын Глонасс технологи дээр суурилсан таних тэмдгийн хэрэгсэл болгон ашигладаг хяналтын системийг суурилуулах шаардлагатай арга хэмжээг аваагүйгээс ОХУ-ын гаалийн үзлэгээр барааг устгалд оруулж, хохирол учруулсан...” гэжээ.

Хариуцагч “Т А Л” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “М” ХХК нь өөрөө илгээгчийг сонгосон байсан, илгээгч нь барааны кодыг буруу өгснөөс ОХУ-ын гааль дээр барааг саатуулсан, түүнчлэн, тухайн ачаа гаалийн үзлэгт орсны дараа ачааг буцаан авах боломжтой байсан бөгөөд энэ талаар “М” ХХК-нд мэдэгдсэн боловч бүтээгдэхүүний хугацаа дууссан шалтгаанаар аваагүй гэж маргасан ба тээврийн хөлс, гаалийн хадгалалтын зардал нийт 32,170,693 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Т А Л” ХХК нь “М” ХХК-ийн ачааг Монгол Улсад тээвэрлэн авч ирэх гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул тээврийн хөлсийг төлөхгүй, мөн ачаанд электрон байршилтай лац ашиглах шаардлагатай арга хэмжээг аваагүй өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас чингэлгийн сул зогсолт, хадгалалтын зардал гарсан тул хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...талуудын хооронд тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 74-д зааснаар илгээгч ачаа явуулахын өмнө хил, гааль, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн болон хууль тогтоомжийг биелүүлэхэд шаардагдах бусад баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, тээвэрлэлтийн бичиг баримтад хавсаргах үүрэгтэй, илгээгч Герман улсын “D H B.V” компани нь дагалдах бичигт ачааны кодыг бүрэн бус бичсэнээс ачаанд электрон байршилтай лац суурилуулаагүй байх тул тээвэрлэгч буюу хариуцагч хариуцлагаас чөлөөлөгдөх учир 246,833,588 төгрөг гаргуулах “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах боломжгүй, Харин хариуцагч “Т А Л” ХХК нь 2020.05.22-ны өдөр ОХУ-ын гаалийн байгууллагаас Асептик Vitamin-7-Friut баяжмалыг хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул ачааг илгээгч рүү буцаах эсэх талаар нэхэмжлэгч “М” ХХК-нд мэдэгдсэн байхад “М” ХХК нь тээвэрлүүлсэн бүтээгдэхүүний хугацаа 2020.07.04-ний өдөр дуусаж байгаа шалтгаанаар хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн, илгээгч шаардлагатай дагалдах бичиг баримтыг ирүүлээгүй буюу падаанд заасан бичиг баримтууд нь дутуу эсвэл буруугаас болж ачааны тээвэрлэлт ба олголт саатсан тохиолдолд үүнтэй гарсан нэмэлт тээврийн хөлс, зардлыг тээвэрлэгчид төлөхөөр Олон Улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 22 дугаар зүйлийн 5-д заасан. Мөн Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 74-д зааснаар гаалийн байгууллагаас улсын хилээр оруулахыг хориглосон ачаа хилээр орж ирэх шалтгаанаар хилийн болон хүрэх өртөөнд ачаатай вагон саатуулснаас гарах бүх хариуцлагыг ачаа хүлээн авагч хүлээх бөгөөд төмөр замын байгууллагад вагон ашиглалт, ачаа хадгаламжийн хөлс төлнө, “Т А Л” ХХК нь тээвэр зуучийн үүрэг гүйцэтгэхдээ RTSB компанийн 2020.04.01-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу 2,688 евро, Наушки дахь сул зогсолт, хадгалалтын зардал 6,553 евро, нийт 9,241 евро төлсөн нь баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас тээврийн хөлс, сул зогсолт, хадгалалтын зардалд 32,170,693 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэж дүгнээд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас 32,170,693 төгрөг гаргуулж хариуцагч “Т А Л” ХХК-нд олгож, хариуцагч “Т А Л” ХХК-аас 246,833,588 төгрөг гаргуулах “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

10. Давж заалдах шатны шүүх “...Т А Л” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохынхоо хувьд нэхэмжлэгчийн тээвэрлүүлэхийг хүссэн бараа нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэх хориотой барааны жагсаалтад орсон, Глонасс лац суурилуулсан тохиолдолд тээвэрлэгдэх боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан, ОХУ-ын хилээр ачаа тээвэр нэвтрэх үед Гаалийн байгууллага болон Холбооны тээврийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хандаж Глонасс лацыг суурилуулах байсан, Тээвэрлэгч компанитай хэлцэл хийснийхээ хувьд мэргэжлийн заавраар хангах, хяналт тавих, улмаар “М” ХХК-ийн өмнө хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж /2хх 187/ дүгнээд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.11 дэх хэсэгт “Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна” гэж заасны дагуу барааны үнэ 41,580 ам.доллар буюу 117,671,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2.-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бөгөөд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзэв.

12. Талууд тээвэр зуучийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу “Т А Л” ХХК Нидерланд улсаас “М” ХХК-ийн жимсний охийг Улаанбаатар хотод тээвэрлэж ирэх ажлыг зохион байгуулах, “М” ХХК хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн, 2020.04.08-ны өдөр ачаа ОХУ-ын төмөр замын Наушки шалган нэвтрүүлэх цэгийн гаалийн үзлэгт орж, уг үзлэгээр Асептик Vitamin-7-Friut баяжмал нь ОХУ-ын Засгийн газрын 2014.08.07-ны өдрийн 778 дугаар тогтоолоор баталсан хориотой барааны жагсаалтад орсон гэх үндэслэлээр 2020.07.17-ны өдрийн актаар устгасан үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд барааг устгагдсанд хэн буруутай, нэхэмжлэгч илгээгчийг сонгосон, илгээгч нь буруу код өгснөөс эсвэл ачаанд дэлхийн хиймэл дагуулын Глонасс технологи дээр суурилсан таних тэмдгийн (лац, ломбо) хэрэгсэл болгон ашигладаг хяналтын системийг суурилуулаагүйд хариуцагч “Т А Л” ХХК-ийг гэм буруутай эсэх талаар маргасан байна.

13. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч “М” ХХК нь “ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж Нидерланд улсаас Улаанбаатар хотод барааг авчрах” санал гаргасныг “Т А Л” ХХК зөвшөөрч, үнийн санал хүргүүлсэн баримтаас үзэхэд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-д зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1.-д зааснаар аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Хариуцагч  “Т А Л” ХХК нь аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд тээвэр зуучлал явуулдаг байх тул түүнийг худалдааны зуучлагч гэж үзэхээр байна.

“М” ХХК нь 2020.03.03-ны өдөр гаргасан гэрээний саналдаа “...FCA, Өөстерхаут (Инкотерм 2010), 20 контейнер, олон жимсний концентрац охь, 18,480 кг=77 торх, HS код: 210690004, хүлээн авах хугацаа 2020 оны 03 сар...” гэсэн нөхцөлийг дурдсан, уг гэрээний саналд “Т А Л” ХХК 2020.03.06-ны өдөр хариу өгөхдөө “...Өөстерхаут-Улаанбаатар 3,118 евро, тарифт ачилтын 2 цагийн зардал багтсан, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй...” гэснийг нэхэмжлэгч зөвшөөрснөөр талууд тээвэр зуучийн гэрээг байгуулжээ. /1хх 37, 38, 120/ Гэрээ хүчин төгөлдөр тул “Т А Л” ХХК нь ачаа тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж, ачааг Улаанбаатар хотод хүргэн ирэх, “М” ХХК хөлс төлөх үүргээ тус тус биелүүлэх учиртай.

Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 6-д ...тээвэр зуучийн байгууллага нь илгээгч, хүлээн авагчийг төлөөлж төмөр замын байгууллагатай харьцсан тохиолдолд төмөр замын байгууллагын өмнө илгээгч, хүлээн авагчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан тул “Т А Л” ХХК нь тээвэрлэгч этгээдийн өмнө илгээгч, мөн хүлээн авагч нь байна.

14. “Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам”-д төмөр замын тээвэр зуучлагч нь үйлчлүүлэгчийг төлөөлж тээвэрлэгчтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу тээврийн гэрээ байгуулдаг этгээд байдаг бөгөөд тээвэрлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд дараах үйлчилгээг үзүүлэх, тухайлбал үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тээврийн төрөл, чиглэл, үнийн санал боловсруулах, вагон чингэлэг захиалах, түрээслэх, тээврийн бичиг баримт /падаан, маягт, хүснэгт/ түүнд дагалдах бичиг баримтуудыг бүрдүүлэх, тээврийн хөлс бусад холбогдох хөлс хураамжийн тооцоог хийх, ачааны даатгалтай холбоотой баримт бичиг бүрдүүлэх, ачааны бүрэн бүтэн байдал алдагдсан, дутсан, эвдэрсэн тохиолдолд акт тогтоход оролцох, ...зэрэг үүрэгтэй байна.

Гэрээний дагуу хариуцагч “Т А Л” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн ачааг өөрийн агентуудаар тээвэрлүүлэх явцад ачаа 2020.04.08-ны өдөр ОХУ-ын төмөр замын Наушки шалган нэвтрүүлэх цэгийн гаалийн үзлэгт орж, уг үзлэгээр “М” ХХК-ийн ачаа болох Асептик Vitamin-7-Friut баяжмал нь ОХУ-ын Засгийн газрын 2014.08.07-ны өдрийн 778 дугаар тогтоолоор баталсан хориотой барааны жагсаалтад орсон, улмаар Алс дорнодын Гаалийн удирдлагын газрын Буриад улсын Гаалийн албаны Наушкийн Төмөр замын шалган нэвтрүүлэх цэгийн 2020.07.17-ны өдрийн актаар устгагдсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2014.08.06-ны өдрийн 560 дугаартай “Оросын холбооны улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай зарлиг”, ОХУ-ын Засгийн газрын 2014.08.07-ны өдрийн 778 дугаар тогтоолоор ...АНУ, Европын холбоо зэрэг хоригт орсон зарим улсуудаас гарал үүсэлтэй ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхийг хориглосон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталж эдийн засгийн хориг хэмжээ авсан бөгөөд энэ тогтоолын хавсралтаар баталсан хориглосон барааны жагсаалтад ...барааны 00000000 0**- с, 2106 90 980 4**-с, 2106 90 980 5**-с, 2106 90 980 9**-с код бүхий хүнсний болон бэлэн бүтээгдэхүүн /биологийн нэмэлт, ...витамин эрдсийн иж бүртэл, амт оруулагч, нэмэлт уургийн баяжмал/ багтжээ.

ОХУ-ын Засгийн газрын 2019.12.27-ны өдрийн 1877 тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэгч орон нь Оросын хуулийн этгээд болон иргэдийн хувьд эдийн засгийн хориг арга хэмжээг авах шийдвэр гаргасан, эсхүл тийм шийдвэрт нэгдсэн орны зарим нэр төрөл бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнс, эсхүл илгээгч орон нь Украйн, эсхүл Украйны нутаг дэвсгэрээр өнгөрч буй зарим нэр төрөл бүхий бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр гуравдагч улс руу дамжин өнгөрөх авто болон төмөр замын дамжин өнгөрөх олон улсын тээвэр хийх, түүнчлэн эдгээр тээврийг хийхэд Глонасс хиймэл дагуулын байршил тогтоох мэдээллийн системд суурилан ажилладаг таних тэмдэг (лац) тавих (авах) дүрэм”-ийн 7-д Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсэг нь ОХУ-ын хилээр нэвтрэн орохдоо төмөр замын эрх бүхий албан тушаалтан хиймэл дагуулын цахим лацыг тавиулах шаардлагатайг ОХУ-ын гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, Холбооны тээврийн хяналтын эрх бүхий албан тушаалтанд тус тус мэдэгдэх, журмын 10-д “Төмөр замын тээвэрлэгч нь ОХУ-ын хилээр нэвтрэхээс хоёроос доошгүй цагийн өмнө тээвэрлэж байгаа барааны мэдээллийг лац суурилуулах операторт илгээх үүрэгтэй” гэж тус тус заасан байна. /4хх 25-35/

“М” ХХК-ийн тээвэрлүүлж буй хүнсний түүхий эд бүхий ачаанд дэлхийн хиймэл дагуулын Глонасс технологи дээр суурилсан таних тэмдгийн (лац, ломбо) хэрэгсэл болгон ашигладаг хяналтын системийг суурилуулсан нөхцөлд ОХУ-ын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэх боломжтой байсан болох нь ОХУ-ын холбооны гаалийн алба Алс дорнодын гаалийн газрын Буриад улсын гаалийн газрын 2020.05.18-ны өдрийн 17-02-6А/02410 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Уг албан бичигт “...Асептик баяжмал “Vitamin-7-Fruit” ...бараа... ОХУ-ын Засгийн газрын 2014.08.07-ны өдрийн 778 тоот тогтоолоор баталсан жагсаалтад орсон бараа ...болохыг тогтоолоо ...дэлхийн хиймэл дагуулын Глонасс технологи дээр үндэслэсэн таних тэмдгийн (лац ломбо) хэрэгсэл болгон ашигладаг хяналтын системийг ашигласан тохиолдолд ...ОХУ-ын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байдаг...” гэж дурджээ. /1хх 41-42, 120/

Иймд Асептик баяжмал “Vitamin-7-Fruit” бараа нь хэдийгээр ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэхийг хориглосон барааны жагсаалтад орсон, гаалийн үзлэгээр шалгагдаж болох хэдий ч Глонасс лац суурилуулсан тохиолдолд дамжин тээвэрлэгдэх боломжтой байжээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

15. Хэрэгт байгаа баримтаар, “Т А Л” ХХК-ийн үүрэг гэрээ байгуулсан үеэс, худалдагч буюу илгээгч D H B.V компаниас ачаа болон ачааны дагалдах хуудсыг шилжүүлсэн үеэс эхэлсэн бөгөөд “Т А Л” ХХК нь тээвэрлэгч этгээдийн өмнө илгээгч, мөн хүлээн авагч нь болох тул тээврийн бичиг баримт /падаан, маягт, хүснэгт/ түүнд дагалдах бичиг баримтуудыг бүрдүүлэх нь тээвэр зуучлагчийн үүрэгт хамаарна.

Гэрээ байгуулах саналд “Т А Л” ХХК хариу өгөхдөө “...Өөстерхаут-Улаанбаатар 3,118 евро, тарифт ачилтын 2 цагийн зардал багтсан, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй...” гэсэн нөхцөлийг илэрхийлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн, хэдийгээр гэрээгээр ийнхүү тохирсон боловч хариуцагч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхэлдэг этгээдийн хувьд гэрээний энэ нөхцөлийг тайлбарлаж, үр дагаврыг сануулах ёстой байсан гэж үзнэ. “М” ХХК-ийг төлөөлж “Т А Л” ХХК тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа учир гэрээнд өөрөөр тохиролцсон хэдий ч экспортын гаалийн бүрдүүлэлтийг “Т А Л” ХХК зохион байгуулах бөгөөд “М” ХХК тээвэрлэлтэд оролцох боломжгүй учир түүнээс эсвэл илгээгчээс мэдээлэл авах, экспортын гаалийн бүрдүүлэлтийг шалгах, зохион байгуулах үүрэгтэй байсан гэж үзнэ. Иймд илгээгч нь D H B.V компани байсан, ингэхдээ барааны кодыг буруу бичсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь үүнээс хойш дамжин өнгөрөх улс бүрт ачааны гаалийн бүрдүүлэлтийг хариуцагч бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ гэрээгээр нэхэмжлэгч талд ногдуулсан бол нэхэмжлэгчээс тухай бүр тодруулж баримтыг бүрдүүлж өгөх байтал илгээгчийн бүрдүүлсэн баримтаар бүрдүүлэлт хийж байсан нь тогтоогджээ.

Түүнчлэн захиалагч болох “М” ХХК D H B.V компанитай харьцсан боловч “Т А Л” ХХК нь тээвэрлэлт зохион байгуулах этгээдийн хувьд илгээгч D H B.V компанитай харьцсан бөгөөд тээвэр зуучлагчийн үүднээс гаалийн бүрдүүлэлтийг анхаарах үүрэгтэй байна.

Илгээгч болох Нидерланд улсын D H B.V компаниас “Т А Л” ХХК-д ирүүлсэн цахим захидалд /хх-4-р хав 52 хуудас/ ...тээвэрлэлтийн нөхцөл ... бүхий л мэдээллийг экспортын баримт бичгүүдэд тусгаж, ...тээвэр зуучид өгсөн бөгөөд тээвэрлэлтийн зохицуулалтын хувьд манайх хариуцлага хүлээхгүй, ...танай Орос тээвэр зуучийн хувьд та нарт өгсөн HS Code-ыг шалгах ба та нарт болон үйлчлүүлэгчид ачааг ОХУ-аар дамжуулахтай холбоотой тавигдах нэмэлт хязгаарлалтын тухай мэдээллээр Оросын эхний боомт нэвтрэхээс өмнө хангах ёстой байсан. Тэд уг нь HS Code нь хязгаарлалттай болохыг мэдэх ёстой, миний бодлоор, та нар боломжит үйлдлүүдийг нягтлах талаар Оросын тээвэр зуучтайгаа  эсвэл шууд Трансконтейнертэй харилцах нь зүйтэй байх...” гэсэн мэдээлэл тусгагджээ.

Мөн “А Т Э Б ” компани /RTSB/-с “Т А Л” ХХК-д ирүүлсэн цахим захидалд /хх-4-р хавтас 52 дугаар хуудас/ ...Дагалдах баримт бичгүүдийг зөвхөн ачаа илгээгч өгсөн байна. Түүний дотор экспортын мэдүүлэг /хавсралтаар/ орно. Энэхүү баримт бичгүүдийн дагуу төмөр замын тээврийн баримтыг үйлдсэн болно...” гэж мэдэгдсэнээс тус тус үзэхэд “А Т Э Б ” компани /RTSB/ нь илгээгчээс өгсөн баримтад үндэслэж ОХУ дахь транзит гаалийн бүрдүүлэлтийг хийсэн байна. “А Т Э Б ” компани /RTSB/-тай харьцаж байгаа этгээд нь “Т А Л” ХХК бөгөөд гаалийн бүрдүүлэлтийг хариуцах ёстой нь мөн тогтоогддог.

16. Олон Улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 14 дүгээр зүйлийн 3, 15 дугаар зүйлийн 7-д тээврийн гэрээ нь падаанаар баталгаажихаар, падаан нь ачааны нэр ба кодын мэдээллийг агуулахаар заасан.

Хэрэгт авагдсан маргаан бүхий ачааны 2151051029 дугаартай падаанаас үзэхэд ачааны нэрийг “хүнсний бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн”, кодыг “0000000000” гэсэн, илгээгч “D H B.V” компаниас тээвэрлэгчид өгсөн ачааны дагалдах хуудаст хүнсний бүтээгдэхүүний кодыг “210690” гэсэн мэдээлэл тус тус бичигдсэн /хэргийн 1 хавтас 34 тал, 3 хавтас 18 тал, 5 хавтас 19 тал/ боловч ОХУ-ын хилээр нэвтрэхэд бүрдүүлэх мэдүүлгийг зуучлуулагч, зуучлагчийн буруугаас зөвтгөж, зохих ёсоор мэдүүлээгүй, илгээгчийн баримтыг үндэслэсэн, үүнд илгээгч “D H B.V” компани ачааны дагалдах бичигт баримтад барааны ангиллын кодыг буруу мэдүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна. “D H B.V” компани ачааг илгээсэн боловч транзит гаалийн бүрдүүлэлтийг тээвэр зууч хариуцах ёстой байхад тээвэр зуучлагч “Т А Л” ХХК нь тээвэр зуучийн гэрээнд экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй учраас хариуцахгүй гэсэн нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-хилээр нэвтрэхэд бүрдүүлэх экспортын гаалийн бүрдүүлэлт зохих ёсоор хийгдээгүй байна.

“Т А Л” ХХК гэрээгээр экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэж зааж, уг зардлыг аваагүй хэдий ч мэргэшсэн аж ахуй эрхлэгчийн хувьд гэрээ байгуулах саналд барааны нэр тодорхой бичигдсэн байхад нэхэмжлэгчийн бараа нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэх хориотой барааны жагсаалтад орсон, Глонасс лац суурилуулах, үүний тулд ОХУ-ын хилээр ачаа тээвэр нэвтрэх үед Гаалийн байгууллага болон Холбооны тээврийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хандах зэргээр мэргэжлийн заавраар хангах боломжтой байсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Тээвэр зуучийн харилцаанд зуучлагч нь тээврийн болон гаалийн бүрдүүлэлтийг хариуцдаг тогтсон заншил байхад экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй буюу экспортын бүрдүүлэлтийг хариуцахгүй гэсэн агуулгатай нөхцөлийг хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохирсон, ийм нөхцөлд зуучлал явуулдаг мэргэшсэн этгээдийн хувьд ОХУ-ын хилээр нэвтрэхээс өмнө “М” ХХК-д экспортын бүрдүүлэлтийг хэрхэн хийхийг сануулах, хязгаарлалт байгаа эсэхийг хэлж өгөх үүрэгтэй байсан гэж үзнэ.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй... гэсэн хариуцагчийн саналыг зөвшөөрч гэрээ байгуулахдаа гэрээний энэ нөхцөлийг анхаараагүй, хэрэв ийм зардал багтаагүй бол уг зардал, баримт бичгийн бүрдүүлэлтийг хэн хариуцдаг болохыг ч тодруулаагүй байна. Энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын аль алиных нь буруутай үйл ажиллагааг нотолж байгаа бөгөөд энэ үндэслэлээр хохирлыг багасгаж, хариуцагчаас устгагдсан барааны үнийн 60 хувь 70,602,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв. Харин үлдэх нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, тухайлбал барааны кодыг анхнаасаа буруу өгсөн, тээвэрлэлтийн аливаа үйлдлийг зөвхөн хариуцагч хүлээх үүргийг зааглаж гэрээндээ тодорхой тусгаагүй, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардлыг төлөхгүй байх үр дагаврыг тодруулаагүй тул олох байсан ашиг, өмгөөлөгчийн хөлсний зардлыг хангахгүй орхино.

17. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч тээврийн хөлс төлсөн, тээвэрлэлт хийгдсэн үйл баримтад дүгнэлт хийж чадаагүй, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс тээврийн хөлс 2,688 евро буюу 9,356,928 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д нийцсэн байна. Хариуцагч тээвэрлэлтийг зохион байгуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай тул гаалийн хадгалалтын хөлсний төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй байжээ.

Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00498 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Т А Л” ХХК-аас 70,602,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгч “М” ХХК-аас 9,356,928 төгрөгийг гаргуулж “Т А Л” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 176,230,748 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс 22,813,765 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 318,809 төгрөг, 746,307 төгрөг, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 751,943 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                                    Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД