Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00498

 

 

 

 

 

 

 

2023               03            10                                      210/МА2023/00498

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК-д холбогдох 246,833,588 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 32,170,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, П.А, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: ““М” ХХК нь 2020 оны 02 сард Г улсын Д компанийн Н хотын үйлдвэрээс 18,480 кг 77 торх олон жимсний охь “А"-г 41,580 ам.доллар бүхий бүтээгдэхүүнийг захиалж, худалдан авах гэрээг байгуулан бүтээгдэхүүний үнийг шилжүүлсэн. “М” ХХК нь “Т” ХХК-тай 2020 оны 03 сарын 03-ны өдөр цахим шуудангаар харилцаж дээрх барааны тээвэрлэлтийн үйлчилгээг авахаар худалдан авсан барааны инкотермсийн нөхцөл, хэмжээ, бүтээгдэхүүний нэр, НS код, хадгалах горим зэрэг мэдээллүүдийг өгснөөр тус компани Улаанбаатар хотод 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 03-ны өдрийн хооронд ирүүлэхээр тээвэр зуучийн гэрээ байгуулсан. Ингэснээр Д компани “Т” ХХК-д импортын гаалийн бичиг баримт болон дагалдах бичиг баримтыг ачааны хамт өгч, мөн цахим шуудангаар давхар илгээж, 2020 оны 03 сарын 16-ны өдөр Н улсаас ***чингэлэгт ачуулсан байсан.

Манай компанийн зүгээс холбогдож ачаа хаана явааг тодруулах, лавлах, ачааны талаарх мэдээллийг лавлахад 2020 оны 04 сарын 16-ны өдөр ОХУ-ын гаалийн үзлэгт түүврээр сонгогдсон ачаанд орсон байсан. Тээвэр зуучийн компаниас 2020 оны 05 сарын 20-ны өдөр буюу 42 хоногийн дараа Наушкийн гаалийн албан ёсны мэдэгдлийг “М” ХХК-д цахим шуудангаар ирүүлсэн. Уг цахим шууданд ОХУ-ын гаалийн албанаас “Т” ХК-д хандаж “контейнер нь оросын нутаг дэвсгэрээр хориотой ачаа барааг тээвэрлэсэн. Тус ачаа барааг оросын нутаг дэвсгэрээр саадгүй тээвэрлэхийн тулд тусгай лац ломбо ашиглаагүй тул ачаа барааг илгээгч рүү буцаах эсвэл ОХУ-ын гааль дээр устгалд оруулах сонголтууд байна” гэсэн шийдвэр гаргасан байв. Манай компанид лац, ломбоны талаар ямар нэгэн мэдэгдэл ирээгүй бөгөөд одоог хүртэл ачаагаа хүлээн авч чадаагүй байна. “Т” ХХК бидэнд глонасс лац ломбыг ашиглах шаардлагатайг мэдэгдэж, “М” ХХК, “Т” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу төлбөр барагдуулдаг байсан. Гэтэл тээвэр зуучийн компани энэ ажиллагааг хийгээгүйн улмаас манай ачаа саатсан байдал тодорхой болоод байна. Бидний зүгээс тухайн компани ажлын хариуцлага алдсан гэж дүгнэж байгаа.

“Т” ХХК нь тээврийг зуучилж, саадгүй авч ирэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж хүлээн авагчид барааг хүлээлгэн өгч чадаагүй, уг хүнсний бүтээгдэхүүний хугацаа дуусаж үйлдвэрлэлд ашиглах боломжгүй болсон нь “М” ХХК-д хохирол учруулж, хуульд зааснаар тус компани түүхийн эдийн үнэ, өөрт учирсан хохирлоо шаардах эрх үүсч байна. Иймд түүхий эдийн үнэ 117,671,400 төгрөг, олох байсан ашиг 118,798,538 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 10,363,650 төгрөг, нийт 246,833,588 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Д" компанийн Н Улсын Ө хотын үйлдвэрээс хүлээн авагч “М” ХХК-ийн нэр дээр “хүрэх станц Улаанбаатар техник импорт терминал” гэсэн хаягтайгаар 2019 оны 04 сарын 20-ны өдөр илгээсэн ачааны нэр нь ногооны холимог жүүс *** гэсэн кодтой байна. “М” ХХК-ийн менежер н.А-аас 2020 оны 03 сарын 03-ны өдөр үнийн санал авах хүсэлтийг цахимаар ирүүлсэн. Үүний дагуу бид Г Улсын тээвэр зуучийн R компанид хандаж, үнийн санал аваад “М” ХХК-д 2020 оны 03 сарын 06-ны өдөр 3,118 евро, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэсэн тайлбарын хамт үнийн саналаа хүргүүлсэн.

Н Улсын Д  компани нь тээврийн баримт бичиг, гаалийн бүрдүүлэлтээ хариуцан гүйцэтгэсэн бөгөөд контейнерийг өөрийн лацаар лацадсан. Энэ нь тээврийн бичиг баримтад бичигдсэн нэг ширхэг ломбо гэсэн тэмдэглэгээнээс харагдана. Инкотермс 2010-ын FCA нөхцөлөөр бараа нийлүүлэлтийн нөхцөлийг тохирсон. FCA нөхцөл нь тээвэрлэх хүртэл чөлөөтэй /нэрлэсэн газар/-ийн дагуу худалдагч, худалдан авагчийн үүрэг хариуцлагын заагийг тодорхойлсон. “М” ХХК нь барааг тээвэрлүүлж, Монгол Улсад ирүүлэх захиалга өгөхдөө барааны кодыг HS код *** гэж илгээгч буюу худалдагчийн сав баглаа боодлын жагсаалтад барааны нэр Асептик Витамин-7 фриут баяжмал, Европын холбооны гаалийн тариф ***, агуулахын баримтад барааны код тодорхойлолт ***, тээврийн бичиг баримтад ГНГ*** ЕТСНГ *** гэж барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн байдаг. Энэ нь хариуцагчийн буруу биш худалдах, худалдан авах гэрээний талуудтай холбоотой. “М” ХХК-д илгээсэн цахим шууданд “...ачааг буцаан татах боломжгүй болсон тохиолдолд устгалд оруулах тул уг ачааг хэрхэх тухай шийдвэрээ яаралтай мэдэгдэнэ үү...” гэж дурдсан. Энэ талаар “М” ХХК-д цаг алдалгүй мэдэгдэж байсан боловч тус компани нь ачааг буцаан татах талаар ямар нэгэн заавар, зөвшөөрөл өгөөгүй. Тухайн бараа нь хил гаалийн гэнэтийн шалгалтад орсон нь хариуцагчийн буруу биш.

Глонасс лац нь хиймэл дагуулын байршил тогтоох таних тэмдэг болохоос ОХУ-аар хориотой бараа дамжин өнгөрөхөд шалгахгүй байх лац биш. Хилийн боомт дээр ачилтын баримт бичигт заасан ачааны нэр, кодын талаарх мэдээллийг шалгаж үзсэний үндсэн дээр глонасс дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийн технологид суурилсан битүүмжлэл суурилуулах үндэслэл тогтоогдоогүй. “М” ХХК-ийн захиалгын дагуу Наас *** чингэлэгт ачигдаж явсан ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөөн дээр гаалийн үзлэг шалгалтад хамрагдаж, улмаар худалдагч болон худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас устгагдсан тул манай компани үүнтэй холбоотой ямар нэгэн төлбөр, хохирол төлөх эрх зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай гэж үзэн сайн дураараа тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан өмгөөлөл, хууль зүйн туслалцааны үйлчилгээ авч байгаа тул энэ зардалд гарсан 10,363,650 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд “М” ХХК-ийн нэхэмжилсэн 246,833,588 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ““Т” ХХК-ийн гадаад агент болох R компани нь Н Улсын Ө хотод гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэлтийн дагалдах бичиг баримт үйлдэгдсэний дараа ачааг хүлээн авч, ОХУ-ын төмөр замаар транзит чингэлэгт ачаагаар Оросын төмөр замын хилийн Наушки өртөө хүртэл тээвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. *** чингэлэгт ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөө Наушки өртөөнд 2020 оны 04 сарын 08-ны өдөр ирсэн. Гаалийн шалгалтаар тухайн ачаа нь хоригт орсон бараа болох нь илэрсэн тул 2020 оны 05 сарын 18-ны өдөр тухайн чингэлэгт ачааг анх илгээсэн улс орон руу буцааж татах, эсвэл устгалд оруулах талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Манай компани тухайн саатсан ачааны талаар холбогдох арга хэмжээ авахыг “М” ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөхгүй байсан тул гаалийн байгууллагаас уг барааг хураан авч 2020 оны 07 сарын 17-ны өдөр устгалд оруулсан. Rкомпани тээврийн хөлс 2,688 еврогийн нэхэмжлэхийг 2020 оны 04 сарын 01-ний өдөр, *** чингэлэгт ачаа Наушки өртөөнд саатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал 6,553 еврогийн нэхэмжлэхийг 2020 оны 07 сарын 16-ны цахим шуудангаар манай компанид ирүүлсэн. Манай компани гадаад агентын нэхэмжилсэн тухайн сарын төлбөрийг хэлцлийнхээ дагуу нийт 9,241 еврог Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан төлсөн. “Т” ХХК нь “М” ХХК-ийн захиалгат ачааг Н Улсын Ө хотоос ОХУ-ын хилийн Наушки өртөө хүртэл тээвэрлэсэн тээврийн хөлс 2,688 евро, чингэлгийн сул зогсолт, хадгалалтын зардал 6,553 евро, нийт 9,241 евро буюу 32,170,693 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч хариу тайлбартаа: ““Т” ХХК-аас тээвэрлэлтийн зардал 2,688 еврог нэхэмжилж байна. Энэ бол R компани болон хариуцагч компани хоёрын хооронд үүссэн гэрээний харилцаа тул “М” ХХК хариуцахгүй. “М” ХХК нь “Т” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан ба хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул төлбөр төлөх боломжгүй. “М” ХХК-ийн барааг Монгол Улсад авч ирэх гэсэн тохиролцоог хийсэн ба “Т” ХХК ямар маршрутаар, аль улсаар дамжуулж тээвэрлэхийг өөрсдөө хариуцсан. Тээвэрлэлтээс болж гарах эрсдэлийг хариуцагч компани өөрсдөө хариуцах ёстой. “М” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-ийн ирүүлсэн им-мэйлд тэр дор нь хариу өгч байсан. “Т” ХХК нь барааг бүрэн бүтэн тээвэрлэж “М” ХХК-д хүлээлгэж өгөх гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Бид үүргээ биелүүлэхийг шаардсан болохоос барааг устгалд оруул гэж ямар нэг шийдвэр гаргаагүй” гэжээ.

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас 32,170,693 төгрөг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгож, хариуцагч “Т” ХХК-аас 246,833,588 төгрөг гаргуулах “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлсөн 1,521,576 төгрөг, хариуцагч “Т” ХХК-ийн төлсөн 318,803 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 318,803 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч “Т” ХХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг хаана эхэлж, хаана дуусгавар болохыг тодорхойлох, тээвэрлэж буй барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхэд Глонасс технологи дээр үндэслэсэн лацыг суурилуулах асуудлыг ОХУ-ын эрх бүхий этгээдэд хэн мэдэгдэж, лацыг тавиулах үүрэгтэй байсныг тогтоох, тээвэрлэгдсэн барааны кодыг хэн, хэзээ мэдэгдсэн, уг код нь зөрүүтэй байсан эсэхийг тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байсан.

6.б. Нэхэмжлэгч “М” ХХК нь ХБНГУ-ын Д компаниас худалдан авсан “А” гэх бүтээгдэхүүнийг Н Улсын Ө хотоос Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулуулах захиалгыг “Т” ХХК-д өгч, “Т” ХХК нь захиалгыг хүлээн авч талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн. “Т” ХХК тээвэр зуучийн үүргээ гүйцэтгэхийн тулд Rболон бусад тээвэрлэлтийн компаниудтай гэрээ байгуулж, барааг төмөр замаар тээвэрлэх сонголт хийсэн. Энэ харилцаа нь зөвхөн хариуцагч болон тэдгээр компаниудын хоорондын харилцаанд хамаарах бөгөөд энэ үйл ажиллагаанд захиалагч оролцдоггүй. Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журмын 1.1, 2.2, 2.3.3, 2.4, 2.4.2 болон Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 6. 2-т тус тус тээвэр зуучлагчийн хүлээх үүргийг тодорхой заасан.

6.в. ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн №*** тоот тогтоолоор Европын холбооны улсад үйлдвэрлэсэн зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд Глонасс технологи дээр үндэслэсэн лацыг суурилуулах харилцааг зохицуулж, жагсаалтыг баталсан байна. Тус журмын 7, 10-т заасан болон Төмөр замын тээврийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид зааснаар Глонасс лацыг суурилуулах мэдээлэл хүсэлтийг ОХУ-ын гаальд өгөх, үүнтэй холбоотой бүхий л ажлыг “Т” ХХК болон түүний сонгосон “Т” ХХК зохион байгуулах үүрэгтэй байсан. Мөн “Т” ХХК нь нэхэмжлэгчээс барааны НS кодын мэдээллийг авч тээврийн үйл ажиллагааг зохион байгуулж, маршрут гаргасны хувьд өөрийн гадаад тээвэрлэгчид энэ талаар мэдэгдэх эсхүл гадаад тээвэрлэгч уг транзит тээвэртэй холбоотой тусгай шаардлагыг мэдэх үүрэгтэй байсан.

6.г. Хэрэгт авагдсан маргаан бүхий ачааны *** дугаартай падаанаас үзэхэд ачааны нэрийг "хүнсний бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн", кодыг "***" гэсэн, илгээгч Д  компаниас тээвэрлэгчид өгсөн ачааны дагалдах хуудаст хүнсний бүтээгдэхүүний кодыг "***" гэсэн мэдээлэл тус тус бичигдсэн болохыг шүүх зөв дүгнэсэн. Харин үндэслэх хэсгийн 11-т хийсэн дүгнэлтдээ “...*** дугаартай падаанд бичигдсэн *** код бүхий бараа нь ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 08-р сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолоор батлагдсан хориглосон барааны жагсаалтад хамаарахгүй байх бөгөөд "М” ХХК-ийн тээвэрлүүлсэн хүнсний түүхий эдийн орц, найрлага нь илгээгч Д  компанийн ачааны дагалдах бичиг баримтад мэдүүлсэн барааны ангиллын кодоос зөрүүтэй байсан гэж үзэхээр байна....” гэж дүгнэхдээ барааны кодчиллын агуулгаар бус зөвхөн цифрийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Энэ талаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан тайлбарыг ямар хууль зүйн үндэслэлээр хэрхэн үгүйсгэж байгаа талаар тайлбар дүгнэлт огт хийгээгүй. Тухайн бүтээгдэхүүний үндсэн код болох "***" гэх код дээр нэмэлтээр бичигдсэн “***" гэх тоо нь тухайн бүтээгдэхүүний нэг савлагаа дахь жингийн үзүүлэлт бөгөөд ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 778 дугаар тогтоолоор батлагдсан хориглосон барааны жагсаалтад "***"-аар эхэлсэн бүх төрлийн бараа багтдаг болох нь ОХУ-ын гаалийн байгууллагаас ирүүлсэн холбогдох баримт бичигт тодорхой заасан байгааг анхан шатны шүүх харьцуулан дүгнэлт хийгээгүй.

6.д. Нэхэмжлэгч тухайн хүнсний түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулснаар олох байсан орлого 118,798,538 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор "И" ХХК-ийн *** дугаартай хараат бус аудиторын дүгнэлтээр 111,862,444 төгрөгийн ашиг олох боломжтой байсан талаарх тооцоолол хийсэн баримтыг хариуцагч талаас баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “Т” ХХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг хэрхэн тогтоогдсон гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “М” ХХК болон бараа үйлдвэрлэгч Д  компанийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Инкотермс 2010, FСА нөхцөлтэй гэрээ байгуулагдсан гэдэгтэй маргаагүй.

7.а. М” ХХК болон бараа үйлдвэрлэгч Н Улсын Д компанийн хооронд байгуулагдсан худалдааны гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний түүхий эд нь Н Улсаас ОХУ-аар дамжин төмөр замын транзит тээврээр тээвэрлэгдэн Монгол Улсад ирэх ачаа байсан. Тухайн худалдагчийн хувьд бол энэ нь экспортын ачаа, харин худалдан авагчийн хувьд бол импортын ачаа юм. FСА нөхцөл /тээвэрлэх хүртэл чөлөөтэй/нэрлэсэн газар/-ийн дагуу бол худалдагчийн үүрэг хариуцлагын 1-р зүйл /худалдагчийн үүрэг, хариуцлага/-ийн 1.2, 1.6.1.8 1.10, 2 дугаар зүйл /худалдан авагчийн үүрэг хариуцлага/-ийн 2.2, 2.10-т заасны дагуу худалдагч Д компани, худалдан авагч “М” ХХК нь тухайн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын гэрээний FСА нөхцөлийн дагуу дамжин өнгөрөх улсын болон тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авах улсын холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ талуудын хэн нь ч биелүүлээгүй.

7.б. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар “Д компани нь тухайн ачааны зөвхөн Н Улсаас гарахад шаардлагатай гаалийн бүрдүүлэлтийг л хийж “М” ХХК-ийн нэрлэсэн этгээдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан” гэснээр Инкотермс 2010 FСА нөхцөлийн дагуу тухайн ачаа дамжин өнгөрөх улс орнуудын шаардлагыг хангасан тээврийн бичиг баримт, гаалийн бүрдүүлэлт хийх үүрэг нь худалдагч талд байсан гэдэг нь нотлогдож байна. Талуудын хооронд тээвэр зохион байгуулалтын гэрээний харилцаа үүссэн гэдэгтэй манай тал маргаагүй, харин олон улсын транзит тээвэр тул Монгол Улсын дотоодын хууль тогтоомж давуу эрх эдлэхгүй бөгөөд Олон улсын гэрээний тухай хууль, Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журамд заасны дагуу Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн дагуу зохицуулагдах харилцаа юм. “М” ХХК-ийн захиалгад барааны кодыг НS код *** гэж, худалдагчийн Сав баглаа, боодлын жагсаалтад Европын холбооны гаалийн тариф ***, Агуулахын баримтад барааны код тодорхойлолт ***, тээврийн бичиг баримтад ГНГ *** ЕТСНГ *** гэж асуулсан барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн байдаг. Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн дагуу илгээгч нь падаанд заасан мэдээлэл ба өгөгдлийн үнэн зөвийг хариуцах ба падаан дахь мэдээллийг буруу ташаа, дутуу, бүрэн бус оруулснаас гарах бүх хариуцлагыг хүлээх, мөн хэлэлцээрийн 22.2.3-т заасны дагуу илгээгчийн падаанд хавсаргасан дагалдах бичиг баримтын үнэн зөв, бүрэн гүйцэт эсэхийг тээвэрлэгч шалгах үүрэггүй, бөгөөд дагалдах бичиг баримт байхгүй, бүрэн бус эсвэл буруу байснаас гарах хариуцлагыг илгээгч тээвэрлэгчийн өмнө хариуцах зохицуулалттай. Худалдагч болон худалдан авагч талууд тухайн тээвэрлүүлж буй барааны HS кодыг үнэн зөв өгөх ёстой үүрэгтэй байсан.

7.в. Улсын Дээд шүүхээс өгөгдсөн даалгаврын дагуу манай байгууллага ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн *** тоот тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэгч орон нь Оросын хуулийн этгээд болон иргэдийн хувьд эдийн засгийн хориг арга хэмжээг авах шийдвэр гаргасан, эсхүл тийм шийдвэрт нэгдсэн орны зарим нэр төрөл бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнс, эсхүл илгээгч орон нь Украин, эсхүл Украины нутаг дэвсгэрээр өнгөрч буй зарим нэр төрөл бүхий бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр гуравдагч улс руу дамжин өнгөрөх авто болон төмөр замын дамжин өнгөрөх олон улсын тээвэр хийх, түүнчлэн эдгээр тээврийг хийхэд Глонасс хиймэл дагуулын байршил тогтоох мэдээллийн системд суурилан ажилладаг таних тэмдэг /лац/ тавих /авах/ дүрмийг орчуулж хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэхүү дүрмийн зохицуулалтаар Глонасс лац нь ачааны байршлыг тогтоох зорилготой болохоос дамжин өнгөрч байгаа болон экспорт, импортын улс орнуудын хил гаалийн байгууллага шалгах эрхгүй гэсэн лац биш юм. Нэхэмжлэгчийн захиалгаар тээвэрлэсэн “А” бүтээгдэхүүний код зөрүүтэй байсан эсэх асуудлын тухайд манай байгууллагын хувьд ОХУ-ын Буриадын гаалийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу тээврийн бичиг баримтад заасан кодтой ачаа биш хориотой ачаа байсны улмаас хураагдан, улмаар устгагдсан гэдгээс барааны кодын үнэн зөвийн талаар нотлох баримт, мэдээллийг ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн хэн нэгнээс нь аваагүй. Барааны код зөрүүтэй байсан гэдгийг ачаа хүлээн авагч тал үгүйсгээгүй. Улс орнуудын хооронд хийгдэж байгаа гадаад худалдаанд зохицуулалт хийх, барааны урсгалыг хяналтдаа авах, барааны ангиллыг тодорхой болгох, хэллэг найруулгыг боловсронгуй болгох зорилгоор 1983 онд “Барааг тодорхойлох, кодлох системийн тухай конвенц” батлагдсан. Манай улс 1991 онд энэхүү конвенцод нэгдэн орсон ба Гаалийн ерөнхий газрын тушаалаар Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтыг баталж мөрддөг.

7.г. Мөн олох ёстой байсан орлого 118,862,444 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбартаа “Д компаниас нийлүүлэгдэж буй хүнсний түүхий эдийн Монгол Улсын хилээр нэвтрэх үед барааны хадгалалтын хугацаа нь ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах захиалга өгөх үед нь дууссан байсан, хэрэв энэ ачаа нь хилээр орж ирсэн тохиолдолд Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, стандарт, хууль тогтоомжийн дагуу хураагдаж, шууд устгалд орох мөн торгуулийн хэм хэмжээтэй байгаа талаар байнга дурддаг. Түүнчлэн, аудитын дүгнэлт нь зөвхөн “М” ХХК-аас гаргаж өгсөн агуулахын анхан шатны баримтад тулгуурласан нь үндэслэлгүй, компанийн ашиг орлого нь татварын тайлан, харилцагч борлуулагчийн төлбөрийн баримт зэрэг баримтуудад тулгуурлан аудит хийгээгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад хэлсэн байгаа.

7.д. Өмгөөллийн үйлчилгээний хөлсний хувьд гэвэл энэ байгууллага сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж өөрийн эрх ашгаа хамгаалуулж байгаа тул хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан зайлшгүй зардалд хамаарахгүй. Манай байгууллага захиалагчийн захиалгын дагуу ачааг Н Улсын Д компанийн агуулахаас гаалийн бүрдүүлэлт хийсний дараа хүлээн авч ОХУ-ын Наушки өртөө хүртэл бүрэн бүтэн тээвэрлэсэн. Гаалийн байгууллагын шаардлагын дагуу хориотой бараа гэсэн шалтгаанаар ачааг устгасан нь манай буруутай үйл ажиллагаа биш. Мөн Наушки өртөөнд бараа саатаж байхад гаалийн байгууллагын ачааг буцаах заавар өгөх шаардлагыг ачаа хүлээн авагчид зохих журмын дагуу мэдэгдсэн боловч “М” ХХК нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Түүнчлэн, тухайн ачааны тээвэрлэлтийн хөлс, ачааг Наушки өртөөнд саатуулсантай холбоотойгоор үүссэн зардлыг гадаад агентдаа нэхэмжлэлийн дагуу төлсөн учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээр дурдсан тайлбар, үндэслэл, шаардлага, нөхцөл байдлыг хянан үзэж “М” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан түүхий эдийн үнэ 117,671,400 төгрөг, олох байсан ашиг 118,798,538 төгрөг, өмгөөлөгчийн зардал 10,363,650 төгрөг, нийт 246,833,588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, тээврийн хөлс 9,357,734 төгрөг, хадгалалтын зардал 22,812,959 төгрөг, нийт 32,170,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд маргажээ. /1хх 1-4, 63-65, 2хх 123-124, 136-137/

3. “М” ХХК-аас 2020 оны 03 сарын 03-ны өдөр илгээсэн үнийн санал авах хүсэлтэд “Т” ХХК 2020 оны 03 сарын 06-ны өдөр хариу илгээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзнэ. /1хх 37, 38, 120/

Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК нь Н Улсын Ө хотоос *** HS код бүхий 18,480 кг буюу 77 торх олон жимсний концентраци охийг Инкотермс 2010 нөхцөлөөр Монгол Улс руу тээвэрлүүлэх, хариуцагч “Т” ХХК нь тарифт ачилтын 2 цагийн зардал багтсан, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал орохгүйгээр 3,118 еврогоор тээвэрлэх гол нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байна. /1хх 37, 38, 120/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан тээвэр зуучлалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.  

4. Дээр дурдсан Г Улсаас Монгол Улс руу тээвэрлэгдэж байгаа *** контейнер бүхий, *** замын хуудастай, №*** дамжин өнгөрөх мэдүүлгийн хуудастай 18,480 кг А бараа нь ОХУ-ын Наушки өртөөнд 2020 оны 04 сарын 08-ны өдөр саатуулагдаж, улмаар 2020 оны 07 сарын 17-ны өдөр устгалд орсноор зохигчдын хооронд маргаан үүсчээ. /1хх 41-42, 2хх 55-56/

Маргааныг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/01448 дугаар тогтоолд дурдагдсан “М” ХХК-ийн өмнө зуучлагч “Т” ХХК-ийн хүлээсэн эрх, үүрэг юу болох, “Глонасс” лац байршуулах үүргийг хэн хүлээсэн болох, барааны код зөрүүтэй эсэх, маргаан бүхий бараа нь ОХУ-ын хилээр тээвэрлэх хориотой барааны жагсаалтад орсон эсэх талаар тус тус дүгнэлт өгөх нь ач холбогдолтой байна.

5. Өмнө дурдсанчлан нэг тал хэлцэл хийх санал гаргаж, нөгөө тал хэлцэл хийх тухай саналыг хүлээн зөвшөөрч цахим шуудан илгээснээр талуудын хооронд хэлцэл хийгдсэн, тэдгээрт эрх, үүрэг тодорхой дурдагдаагүй, талууд өөр бичгээр хийсэн хэлцэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох боломжтой.

“М” ХХК нь гэрээний саналдаа “...FCA, Ө (Инкотерм 2010), 20 контейнер, олон жимсний концентрац охь, 18,480 кг = 77 торх, HS код: ***, хүлээн авах хугацаа 2020 оны 03 сар...” гэж дурдсан, уг гэрээний саналд “Т” ХХК “...Ө – Улаанбаатар 3,118 евро, тарифт ачилтын 2 цагийн зардал багтсан, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй...” гэж дурдсан, мөн тээвэрлэгч “А” компани /R/, ОХУ-ын Төмөр зам зэрэг аж ахуйн нэгж, байгууллагаас “Т” ХХК-тай тус тус харилцаж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон. /1хх 37, 38, 120, 2хх 79-89, 90, 121-122/

Эдгээрээс дүгнэхэд “Т” ХХК нь “М” ХХК-ийн нэрийн өмнөөс бусадтай ачаа тээврийн хэлцэл хийж, түүний захиалсан барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Улаанбаатар хотод тээвэрлүүлэх, “М” ХХК нь хэлцлээр тохирсон хөлс, зарим нэмэлт зардлыг “Т” ХХК-д төлөх үүргийг тус тус талууд хүлээжээ гэж үзэхээр байна.

Иймд “...бараа нь худалдагч болон худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас устгагдсан тул үүнтэй холбоотой ямар нэгэн төлбөр, хохирол төлөх эрх зүйн үндэслэлгүй...” гэх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

6. ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн *** тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэгч орон нь Оросын хуулийн этгээд болон иргэдийн хувьд эдийн засгийн хориг арга хэмжээг авах шийдвэр гаргасан, эсхүл тийм шийдвэрт нэгдсэн орны зарим нэр төрөл бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнс, эсхүл илгээгч орон нь Украин, эсхүл Украины нутаг дэвсгэрээр өнгөрч буй зарим нэр төрөл бүхий бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр гуравдагч улс руу дамжин өнгөрөх авто болон төмөр замын дамжин өнгөрөх олон улсын тээвэр хийх, түүнчлэн эдгээр тээврийг хийхэд Глонасс хиймэл дагуулын байршил тогтоох мэдээллийн системд суурилан ажилладаг таних тэмдэг (лац) тавих (авах) дүрэм”-ийн 7-д Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсэг нь ОХУ-ын хилээр нэвтрэн орохдоо төмөр замын эрх бүхий албан тушаалтан хиймэл дагуулын цахим лацыг тавиулах шаардлагатайг ОХУ-ын гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, Холбооны тээврийн хяналтын эрх бүхий албан тушаалтанд тус тус мэдэгдэхээр журамлажээ. /4хх 25-35/

“М” ХХК нь тээвэрлэгч нартай хэлцэл хийгээгүй, зөвхөн бараагаа хүлээн авч, хөлс, зардлыг төлөх үүргийг хүлээсэн тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Харин тээвэрлэгчтэй хэлцэл хийж, барааг Монгол Улсын нутаг дэвсгэрээр оруулах ажлыг хариуцах үүргийг “Т” ХХК хүлээсэн тул ОХУ-ын эрх бүхий албан тушаалтанд Глонасс лац тавиулах талаар мэдэгдэх тухай мэдэх, мэдэх боломжтой байсан, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

7. Үйлдвэрлэгч Д  компаниийн тодорхойлсон гаалийн тарифын “***” гэсэн код нь ОХУ-ын Гаалийн байгууллагын тодорхойлсон гаалийн мэдүүлгийн хуудасны “***” гэсэн кодтой тохирч байна. /1хх 25, 41/

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчээс анх тодорхойлсон код нь бараа саатуулагдах үед гаалийн байгууллагын тодорхойлсон кодтой адил байх тул “...нэхэмжлэгч нь барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн...” гэх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

8. ОХУ-ын Засгийн газрын 2015 оны 06 сарын 25-ны өдрийн *** тоот “ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 08 сарын 07-ны өдрийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолд “***...” кодоор эхэлсэн буюу “...биологийн идэвхт нэмэлт, витамин-эрдсийн иж бүрдэл, амт оруулагч нэмэлт...)...” зэргийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхийг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтад оруулах тухай дурдсан байна. /2хх 117-118/

Дээрх нь үйлдвэрлэгч Д компани, ОХУ-ын гаалийн байгууллагын тодорхойлсон “***” гэсэн кодтой тохирч байхаас гадна "А" гэсэн бараа нь өмнө дурдсан хориглосон барааны агуулгатай мөн тохирч байна.

Иймд анхан шатны шүүхийн хийсэн “...хориглосон барааны жагсаалтад хамаарахгүй...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй, нэхэмжлэгч талын гаргасан “...шүүх барааны кодчиллын агуулгаар бус зөвхөн цифрийг үндэслэл болгосон нь буруу...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

9. ОХУ-ын Наушки өртөөний Боомтын даргын 2020 оны 05 сарын 18-ны өдрийн *** тоот албан бичигт “...А ... бараа ... ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 08 сарын 07-ны өдрийн 778 тоот тогтоолоор баталсан жагсаалтад орсон бараа ... болохыг тогтоолоо ... дэлхийн хиймэл дагуулын Глонасс технологи дээр үндэслэсэн таних тэмдгийн (лац ломбо) хэрэгсэл болгон ашигладаг хяналтын системийг ашигласан тохиолдолд ... ОХУ-ын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байдаг...” гэж дурджээ. /1хх 41-42, 120/

Иймд А бараа нь хэдийгээр ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэхийг хориглосон барааны жагсаалтад орсон хэдий ч Глонасс лац суурилуулсан тохиолдолд дамжин тээвэрлэгдэх боломжтой байжээ гэж үзнэ.

 

10. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл “Т” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болохынхоо хувьд нэхэмжлэгчийн тээвэрлүүлэхийг хүссэн бараа нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэх хориотой барааны жагсаалтад орсон, Глонасс лац суурилуулсан тохиолдолд тээвэрлэгдэх боломжтой гэдгийг мэдэх, мэдэх боломжтой байсан, ОХУ-ын хилээр ачаа тээвэр нэвтрэх үед Гаалийн байгууллага болон Холбооны тээврийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хандаж Глонасс лацыг суурилуулах боломжтой байсан, Тээвэрлэгч компанитай хэлцэл хийснийхээ хувьд мэргэжлийн заавраар хангах, хяналт тавих боломжтой байсан, улмаар “М” ХХК-ийн өмнө хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой байсан боловч зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. /2хх 187/

Иймд нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Т” ХХК-аас Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.11 дэх хэсэгт “Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна” гэж заасны дагуу барааны үнэд төлсөн 41,580 ам.доллар буюу 117,671,400 төгрөгийг шаардах эрхтэй тул хариуцагчаас гаргуулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

11. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 118,798,538 төгрөгийн ашиг олох байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн өмгөөлөгчийн зардал 10,363,650 төгрөг нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр гарсан буюу зайлшгүй зардалд хамаарахгүй тул анхан шатны шүүхээс эдгээрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор, мөн тээврийн хөлс 9,357,734 төгрөг, хадгалалтын зардал 22,812,959 төгрөг, нийт 32,170,693 төгрөг хариуцагчаас гарсан явдалд нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах зохицуулалтыг буруу тодорхойлсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04212 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас 117,671,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,162,188 төгрөг болон нэхэмжлэгч “М” ХХК-аас тээврийн хөлс 9,357,734 төгрөг, хадгалалтын зардал 22,812,959 төгрөг, нийт 32,170,693 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “... нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 318,803 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгосугай” гэснийг “...хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 746,307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 1,840,379 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

2023               03            10                                      210/МА2023/00498

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК-д холбогдох 246,833,588 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 32,170,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, П.А, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: ““М” ХХК нь 2020 оны 02 сард Г улсын Д компанийн Н хотын үйлдвэрээс 18,480 кг 77 торх олон жимсний охь “А (Аseptic vitamin-7-friut concentrate) 41,580 ам.доллар бүхий бүтээгдэхүүнийг захиалж, худалдан авах гэрээг байгуулан бүтээгдэхүүний үнийг шилжүүлсэн. “М” ХХК нь “Т” ХХК-тай 2020 оны 03 сарын 03-ны өдөр цахим шуудангаар харилцаж дээрх барааны тээвэрлэлтийн үйлчилгээг авахаар худалдан авсан барааны инкотермсийн нөхцөл, хэмжээ, бүтээгдэхүүний нэр, НS код, хадгалах горим зэрэг мэдээллүүдийг өгснөөр тус компани Улаанбаатар хотод 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 03-ны өдрийн хооронд ирүүлэхээр тээвэр зуучийн гэрээ байгуулсан. Ингэснээр Д “Т” ХХК-д импортын гаалийн бичиг баримт болон дагалдах бичиг баримтыг ачааны хамт өгч, мөн цахим шуудангаар давхар илгээж, 2020 оны 03 сарын 16-ны өдөр Наас ***чингэлэгт ачуулсан байсан.

Манай компанийн зүгээс холбогдож ачаа хаана явааг тодруулах, лавлах, ачааны талаарх мэдээллийг лавлахад 2020 оны 04 сарын 16-ны өдөр ОХУ-ын гаалийн үзлэгт түүврээр сонгогдсон ачаанд орсон байсан. Тээвэр зуучийн компаниас 2020 оны 05 сарын 20-ны өдөр буюу 42 хоногийн дараа Наушкийн гаалийн албан ёсны мэдэгдлийг “М” ХХК-д цахим шуудангаар ирүүлсэн. Уг цахим шууданд ОХУ-ын гаалийн албанаас “Т” ХК-д хандаж “контейнер нь оросын нутаг дэвсгэрээр хориотой ачаа барааг тээвэрлэсэн. Тус ачаа барааг оросын нутаг дэвсгэрээр саадгүй тээвэрлэхийн тулд тусгай лац ломбо ашиглаагүй тул ачаа барааг илгээгч рүү буцаах эсвэл ОХУ-ын гааль дээр устгалд оруулах сонголтууд байна” гэсэн шийдвэр гаргасан байв. Манай компанид лац, ломбоны талаар ямар нэгэн мэдэгдэл ирээгүй бөгөөд одоог хүртэл ачаагаа хүлээн авч чадаагүй байна. “Т” ХХК бидэнд глонасс лац ломбыг ашиглах шаардлагатайг мэдэгдэж, “М” ХХК, “Т” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу төлбөр барагдуулдаг байсан. Гэтэл тээвэр зуучийн компани энэ ажиллагааг хийгээгүйн улмаас манай ачаа саатсан байдал тодорхой болоод байна. Бидний зүгээс тухайн компани ажлын хариуцлага алдсан гэж дүгнэж байгаа.

“Т” ХХК нь тээврийг зуучилж, саадгүй авч ирэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж хүлээн авагчид барааг хүлээлгэн өгч чадаагүй, уг хүнсний бүтээгдэхүүний хугацаа дуусаж үйлдвэрлэлд ашиглах боломжгүй болсон нь “М” ХХК-д хохирол учруулж, хуульд зааснаар тус компани түүхийн эдийн үнэ, өөрт учирсан хохирлоо шаардах эрх үүсч байна. Иймд түүхий эдийн үнэ 117,671,400 төгрөг, олох байсан ашиг 118,798,538 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 10,363,650 төгрөг, нийт 246,833,588 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

  1. Хариуцагч хариу тайлбартаа: “Гы Д /Dohler Holland B.V/ компанийн Н Улсын Ө хотын үйлдвэрээс хүлээн авагч “М” ХХК-ийн нэр дээр “хүрэх станц Улаанбаатар техник импорт терминал” гэсэн хаягтайгаар 2019 оны 04 сарын 20-ны өдөр илгээсэн ачааны нэр нь ногооны холимог жүүс *** гэсэн кодтой байна. “М” ХХК-ийн менежер н.Ааас 2020 оны 03 сарын 03-ны өдөр үнийн санал авах хүсэлтийг цахимаар ирүүлсэн. Үүний дагуу бид Г Улсын тээвэр зуучийн Rкомпанид хандаж, үнийн санал аваад “М” ХХК-д 2020 оны 03 сарын 06-ны өдөр 3,118 евро, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэсэн тайлбарын хамт үнийн саналаа хүргүүлсэн.

Н Улсын Д /Dohler Holland B.V/ компани нь тээврийн баримт бичиг, гаалийн бүрдүүлэлтээ хариуцан гүйцэтгэсэн бөгөөд контейнерийг өөрийн лацаар лацадсан. Энэ нь тээврийн бичиг баримтад бичигдсэн нэг ширхэг ломбо гэсэн тэмдэглэгээнээс харагдана. Инкотермс 2010-ын FCA нөхцөлөөр бараа нийлүүлэлтийн нөхцөлийг тохирсон. FCA нөхцөл нь тээвэрлэх хүртэл чөлөөтэй /нэрлэсэн газар/-ийн дагуу худалдагч, худалдан авагчийн үүрэг хариуцлагын заагийг тодорхойлсон. “М” ХХК нь барааг тээвэрлүүлж, Монгол Улсад ирүүлэх захиалга өгөхдөө барааны кодыг HS код *** гэж илгээгч буюу худалдагчийн сав баглаа боодлын жагсаалтад барааны нэр Асептик Витамин-7 фриут баяжмал, Европын холбооны гаалийн тариф ***, агуулахын баримтад барааны код тодорхойлолт ***, тээврийн бичиг баримтад ГНГ***9800 ЕТСНГ *** гэж барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн байдаг. Энэ нь хариуцагчийн буруу биш худалдах, худалдан авах гэрээний талуудтай холбоотой. “М” ХХК-д илгээсэн цахим шууданд “...ачааг буцаан татах боломжгүй болсон тохиолдолд устгалд оруулах тул уг ачааг хэрхэх тухай шийдвэрээ яаралтай мэдэгдэнэ үү...” гэж дурдсан. Энэ талаар “М” ХХК-д цаг алдалгүй мэдэгдэж байсан боловч тус компани нь ачааг буцаан татах талаар ямар нэгэн заавар, зөвшөөрөл өгөөгүй. Тухайн бараа нь хил гаалийн гэнэтийн шалгалтад орсон нь хариуцагчийн буруу биш.

Глонасс лац нь хиймэл дагуулын байршил тогтоох таних тэмдэг болохоос ОХУ-аар хориотой бараа дамжин өнгөрөхөд шалгахгүй байх лац биш. Хилийн боомт дээр ачилтын баримт бичигт заасан ачааны нэр, кодын талаарх мэдээллийг шалгаж үзсэний үндсэн дээр глонасс дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийн технологид суурилсан битүүмжлэл суурилуулах үндэслэл тогтоогдоогүй. “М” ХХК-ийн захиалгын дагуу Наас *** чингэлэгт ачигдаж явсан ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөөн дээр гаалийн үзлэг шалгалтад хамрагдаж, улмаар худалдагч болон худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас устгагдсан тул манай компани үүнтэй холбоотой ямар нэгэн төлбөр, хохирол төлөх эрх зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай гэж үзэн сайн дураараа тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан өмгөөлөл, хууль зүйн туслалцааны үйлчилгээ авч байгаа тул энэ зардалд гарсан 10,363,650 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд “М” ХХК-ийн нэхэмжилсэн 246,833,588 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

  1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ““Т” ХХК-ийн гадаад агент болох Rкомпани нь Н Улсын Ө хотод гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэлтийн дагалдах бичиг баримт үйлдэгдсэний дараа ачааг хүлээн авч, ОХУ-ын төмөр замаар транзит чингэлэгт ачаагаар Оросын төмөр замын хилийн Наушки өртөө хүртэл тээвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. *** чингэлэгт ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөө Наушки өртөөнд 2020 оны 04 сарын 08-ны өдөр ирсэн. Гаалийн шалгалтаар тухайн ачаа нь хоригт орсон бараа болох нь илэрсэн тул 2020 оны 05 сарын 18-ны өдөр тухайн чингэлэгт ачааг анх илгээсэн улс орон руу буцааж татах, эсвэл устгалд оруулах талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Манай компани тухайн саатсан ачааны талаар холбогдох арга хэмжээ авахыг “М” ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөхгүй байсан тул гаалийн байгууллагаас уг барааг хураан авч 2020 оны 07 сарын 17-ны өдөр устгалд оруулсан. Rкомпани тээврийн хөлс 2,688 еврогийн нэхэмжлэхийг 2020 оны 04 сарын 01-ний өдөр, *** чингэлэгт ачаа Наушки өртөөнд саатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал 6,553 еврогийн нэхэмжлэхийг 2020 оны 07 сарын 16-ны цахим шуудангаар манай компанид ирүүлсэн. Манай компани гадаад агентын нэхэмжилсэн тухайн сарын төлбөрийг хэлцлийнхээ дагуу нийт 9,241 еврог Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан төлсөн. “Т” ХХК нь “М” ХХК-ийн захиалгат ачааг Н Улсын Ө хотоос ОХУ-ын хилийн Наушки өртөө хүртэл тээвэрлэсэн тээврийн хөлс 2,688 евро, чингэлгийн сул зогсолт, хадгалалтын зардал 6,553 евро, нийт 9,241 евро буюу 32,170,693 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

  1. Нэхэмжлэгч хариу тайлбартаа: ““Т” ХХК-аас тээвэрлэлтийн зардал 2,688 еврог нэхэмжилж байна. Энэ бол Rкомпани болон хариуцагч компани хоёрын хооронд үүссэн гэрээний харилцаа тул “М” ХХК хариуцахгүй. “М” ХХК нь “Т” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан ба хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул төлбөр төлөх боломжгүй. “М” ХХК-ийн барааг Монгол Улсад авч ирэх гэсэн тохиролцоог хийсэн ба “Т” ХХК ямар маршрутаар, аль улсаар дамжуулж тээвэрлэхийг өөрсдөө хариуцсан. Тээвэрлэлтээс болж гарах эрсдэлийг хариуцагч компани өөрсдөө хариуцах ёстой. “М” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-ийн ирүүлсэн им-мэйлд тэр дор нь хариу өгч байсан. “Т” ХХК нь барааг бүрэн бүтэн тээвэрлэж “М” ХХК-д хүлээлгэж өгөх гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Бид үүргээ биелүүлэхийг шаардсан болохоос барааг устгалд оруул гэж ямар нэг шийдвэр гаргаагүй” гэжээ.

 

  1. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас 32,170,693 төгрөг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгож, хариуцагч “Т” ХХК-аас 246,833,588 төгрөг гаргуулах “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлсөн 1,521,576 төгрөг, хариуцагч “Т” ХХК-ийн төлсөн 318,803 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 318,803 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

  1. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч “Т” ХХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг хаана эхэлж, хаана дуусгавар болохыг тодорхойлох, тээвэрлэж буй барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхэд Глонасс технологи дээр үндэслэсэн лацыг суурилуулах асуудлыг ОХУ-ын эрх бүхий этгээдэд хэн мэдэгдэж, лацыг тавиулах үүрэгтэй байсныг тогтоох, тээвэрлэгдсэн барааны кодыг хэн, хэзээ мэдэгдсэн, уг код нь зөрүүтэй байсан эсэхийг тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байсан.

6.б. Нэхэмжлэгч “М” ХХК нь ХБНГУ-ын Д /Dohler Holland B.V/ компаниас худалдан авсан “А” гэх бүтээгдэхүүнийг Н Улсын Ө хотоос Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулуулах захиалгыг “Т” ХХК-д өгч, “Т” ХХК нь захиалгыг хүлээн авч талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн. “Т” ХХК тээвэр зуучийн үүргээ гүйцэтгэхийн тулд Rболон бусад тээвэрлэлтийн компаниудтай гэрээ байгуулж, барааг төмөр замаар тээвэрлэх сонголт хийсэн. Энэ харилцаа нь зөвхөн хариуцагч болон тэдгээр компаниудын хоорондын харилцаанд хамаарах бөгөөд энэ үйл ажиллагаанд захиалагч оролцдоггүй. Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журмын 1.1, 2.2, 2.3.3, 2.4, 2.4.2 болон Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 6. 2-т тус тус тээвэр зуучлагчийн хүлээх үүргийг тодорхой заасан.

6.в. ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн №*** тоот тогтоолоор Европын холбооны улсад үйлдвэрлэсэн зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд Глонасс технологи дээр үндэслэсэн лацыг суурилуулах харилцааг зохицуулж, жагсаалтыг баталсан байна. Тус журмын 7, 10-т заасан болон Төмөр замын тээврийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид зааснаар Глонасс лацыг суурилуулах мэдээлэл хүсэлтийг ОХУ-ын гаальд өгөх, үүнтэй холбоотой бүхий л ажлыг “Т” ХХК болон түүний сонгосон “Т” ХХК зохион байгуулах үүрэгтэй байсан. Мөн “Т” ХХК нь нэхэмжлэгчээс барааны НS кодын мэдээллийг авч тээврийн үйл ажиллагааг зохион байгуулж, маршрут гаргасны хувьд өөрийн гадаад тээвэрлэгчид энэ талаар мэдэгдэх эсхүл гадаад тээвэрлэгч уг транзит тээвэртэй холбоотой тусгай шаардлагыг мэдэх үүрэгтэй байсан.

6.г. Хэрэгт авагдсан маргаан бүхий ачааны *** дугаартай падаанаас үзэхэд ачааны нэрийг "хүнсний бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн", кодыг "***9800" гэсэн, илгээгч Д /Dohler Holland B.V/ компаниас тээвэрлэгчид өгсөн ачааны дагалдах хуудаст хүнсний бүтээгдэхүүний кодыг "***" гэсэн мэдээлэл тус тус бичигдсэн болохыг шүүх зөв дүгнэсэн. Харин үндэслэх хэсгийн 11-т хийсэн дүгнэлтдээ “...*** дугаартай падаанд бичигдсэн ***9800 код бүхий бараа нь ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 08-р сарын 07-ны өдрийн 778 дугаар тогтоолоор батлагдсан хориглосон барааны жагсаалтад хамаарахгүй байх бөгөөд "М” ХХК-ийн тээвэрлүүлсэн хүнсний түүхий эдийн орц, найрлага нь илгээгч Д /Dohler Holland B.V/ компанийн ачааны дагалдах бичиг баримтад мэдүүлсэн барааны ангиллын кодоос зөрүүтэй байсан гэж үзэхээр байна....” гэж дүгнэхдээ барааны кодчиллын агуулгаар бус зөвхөн цифрийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Энэ талаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан тайлбарыг ямар хууль зүйн үндэслэлээр хэрхэн үгүйсгэж байгаа талаар тайлбар дүгнэлт огт хийгээгүй. Тухайн бүтээгдэхүүний үндсэн код болох "***" гэх код дээр нэмэлтээр бичигдсэн “9800" гэх тоо нь тухайн бүтээгдэхүүний нэг савлагаа дахь жингийн үзүүлэлт бөгөөд ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 778 дугаар тогтоолоор батлагдсан хориглосон барааны жагсаалтад "2106"-аар эхэлсэн бүх төрлийн бараа багтдаг болох нь ОХУ-ын гаалийн байгууллагаас ирүүлсэн холбогдох баримт бичигт тодорхой заасан байгааг анхан шатны шүүх харьцуулан дүгнэлт хийгээгүй.

6.д. Нэхэмжлэгч тухайн хүнсний түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулснаар олох байсан орлого 118,798,538 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор "И" ХХК-ийн *** дугаартай хараат бус аудиторын дүгнэлтээр 111,862,444 төгрөгийн ашиг олох боломжтой байсан талаарх тооцоолол хийсэн баримтыг хариуцагч талаас баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

  1. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “Т” ХХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг хэрхэн тогтоогдсон гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “М” ХХК болон бараа үйлдвэрлэгч Д /Dohler Holland B.V/ компанийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Инкотермс 2010, FСА нөхцөлтэй гэрээ байгуулагдсан гэдэгтэй маргаагүй.

7.а. М” ХХК болон бараа үйлдвэрлэгч Н Улсын Д /Dohler Holland B.V/ компанийн хооронд байгуулагдсан худалдааны гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний түүхий эд нь Н Улсаас ОХУ-аар дамжин төмөр замын транзит тээврээр тээвэрлэгдэн Монгол Улсад ирэх ачаа байсан. Тухайн худалдагчийн хувьд бол энэ нь экспортын ачаа, харин худалдан авагчийн хувьд бол импортын ачаа юм. FСА нөхцөл /тээвэрлэх хүртэл чөлөөтэй/нэрлэсэн газар/-ийн дагуу бол худалдагчийн үүрэг хариуцлагын 1-р зүйл /худалдагчийн үүрэг, хариуцлага/-ийн 1.2, 1.6.1.8 1.10, 2 дугаар зүйл /худалдан авагчийн үүрэг хариуцлага/-ийн 2.2, 2.10-т заасны дагуу худалдагч Д /Dohler Holland B.V/ компани, худалдан авагч “М” ХХК нь тухайн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын гэрээний FСА нөхцөлийн дагуу дамжин өнгөрөх улсын болон тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авах улсын холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ талуудын хэн нь ч биелүүлээгүй.

7.б. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсанаар “Д /Dohler Holland B.V/ компани нь тухайн ачааны зөвхөн Н Улсаас гарахад шаардлагатай гаалийн бүрдүүлэлтийг л хийж “М” ХХК-ийн нэрлэсэн этгээдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан” гэснээр Инкотермс 2010 FСА нөхцөлийн дагуу тухайн ачаа дамжин өнгөрөх улс орнуудын шаардлагыг хангасан тээврийн бичиг баримт, гаалийн бүрдүүлэлт хийх үүрэг нь худалдагч талд байсан гэдэг нь нотлогдож байна. Талуудын хооронд тээвэр зохион байгуулалтын гэрээний харилцаа үүссэн гэдэгтэй манай тал маргаагүй, харин олон улсын транзит тээвэр тул Монгол Улсын дотоодын хууль тогтоомж давуу эрх эдлэхгүй бөгөөд Олон улсын гэрээний тухай хууль, Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журамд заасны дагуу Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн дагуу зохицуулагдах харилцаа юм. “М” ХХК-ийн захиалгад барааны кодыг НS код *** гэж, худалдагчийн Сав баглаа, боодлын жагсаалтад Европын холбооны гаалийн тариф ***, Агуулахын баримтад барааны код тодорхойлолт ***, тээврийн бичиг баримтад ГНГ *** ЕТСНГ *** гэж асуулсан барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн байдаг. Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн дагуу илгээгч нь падаанд заасан мэдээлэл ба өгөгдлийн үнэн зөвийг хариуцах ба падаан дахь мэдээллийг буруу ташаа, дутуу, бүрэн бус оруулснаас гарах бүх хариуцлагыг хүлээх, мөн хэлэлцээрийн 22.2.3-т заасны дагуу илгээгчийн падаанд хавсаргасан дагалдах бичиг баримтын үнэн зөв, бүрэн гүйцэт эсэхийг тээвэрлэгч шалгах үүрэггүй, бөгөөд дагалдах бичиг баримт байхгүй, бүрэн бус эсвэл буруу байснаас гарах хариуцлагыг илгээгч тээвэрлэгчийн өмнө хариуцах зохицуулалттай. Худалдагч болон худалдан авагч талууд тухайн тээвэрлүүлж буй барааны HS кодыг үнэн зөв өгөх ёстой үүрэгтэй байсан.

7.в. Улсын Дээд шүүхээс өгөгдсөн даалгаврын дагуу манай байгууллага ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн №*** тоот тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэгч орон нь Оросын хуулийн этгээд болон иргэдийн хувьд эдийн засгийн хориг арга хэмжээг авах шийдвэр гаргасан, эсхүл тийм шийдвэрт нэгдсэн орны зарим нэр төрөл бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнс, эсхүл илгээгч орон нь Украин, эсхүл Украины нутаг дэвсгэрээр өнгөрч буй зарим нэр төрөл бүхий бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр гуравдагч улс руу дамжин өнгөрөх авто болон төмөр замын дамжин өнгөрөх олон улсын тээвэр хийх, түүнчлэн эдгээр тээврийг хийхэд Глонасс хиймэл дагуулын байршил тогтоох мэдээллийн системд суурилан ажилладаг таних тэмдэг /лац/ тавих /авах/ дүрмийг орчуулж хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэхүү дүрмийн зохицуулалтаар Глонасс лац нь ачааны байршлыг тогтоох зорилготой болохоос дамжин өнгөрч байгаа болон экспорт, импортын улс орнуудын хил гаалийн байгууллага шалгах эрхгүй гэсэн лац биш юм. Нэхэмжлэгчийн захиалгаар тээвэрлэсэн “А” бүтээгдэхүүний код зөрүүтэй байсан эсэх асуудлын тухайд манай байгууллагын хувьд ОХУ-ын Буриадын гаалийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу тээврийн бичиг баримтад заасан кодтой ачаа биш хориотой ачаа байсны улмаас хураагдан, улмаар устгагдсан гэдгээс барааны кодын үнэн зөвийн талаар нотлох баримт, мэдээллийг ачаа илгээгч, ачаа хүлээн авагчийн хэн нэгнээс нь аваагүй. Барааны код зөрүүтэй байсан гэдгийг ачаа хүлээн авагч тал үгүйсгээгүй. Улс орнуудын хооронд хийгдэж байгаа гадаад худалдаанд зохицуулалт хийх, барааны урсгалыг хяналтдаа авах, барааны ангиллыг тодорхой болгох, хэллэг найруулгыг боловсронгуй болгох зорилгоор 1983 онд “Барааг тодорхойлох, кодлох системийн тухай конвенц” батлагдсан. Манай улс 1991 онд энэхүү конвенцод нэгдэн орсон ба Гаалийн ерөнхий газрын тушаалаар Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтыг баталж мөрддөг.

7.г. Мөн олох ёстой байсан орлого 118,862,444 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбартаа “Д /Dohler Holland B.V/ компаниас нийлүүлэгдэж буй хүнсний түүхий эдийн Монгол Улсын хилээр нэвтрэх үед барааны хадгалалтын хугацаа нь ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах захиалга өгөх үед нь дууссан байсан, хэрэв энэ ачаа нь хилээр орж ирсэн тохиолдолд Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, стандарт, хууль тогтоомжийн дагуу хураагдаж, шууд устгалд орох мөн торгуулийн хэм хэмжээтэй байгаа талаар байнга дурддаг. Түүнчлэн, аудитын дүгнэлт нь зөвхөн “М” ХХК-аас гаргаж өгсөн агуулахын анхан шатны баримтад тулгуурласан нь үндэслэлгүй, компанийн ашиг орлого нь татварын тайлан, харилцагч борлуулагчийн төлбөрийн баримт зэрэг баримтуудад тулгуурлан аудит хийгээгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад хэлсэн байгаа.

7.д. Өмгөөллийн үйлчилгээний хөлсний хувьд гэвэл энэ байгууллага сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж өөрийн эрх ашгаа хамгаалуулж байгаа тул хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан зайлшгүй зардалд хамаарахгүй. Манай байгууллага захиалагчийн захиалгын дагуу ачааг Н Улсын Д /Dohler Holland B.V/ компанийн агуулахаас гаалийн бүрдүүлэлт хийсний дараа хүлээн авч ОХУ-ын Наушки өртөө хүртэл бүрэн бүтэн тээвэрлэсэн. Гаалийн байгууллагын шаардлагын дагуу хориотой бараа гэсэн шалтгаанаар ачааг устгасан нь манай буруутай үйл ажиллагаа биш. Мөн Наушки өртөөнд бараа саатаж байхад гаалийн байгууллагын ачааг буцаах заавар өгөх шаардлагыг ачаа хүлээн авагчид зохих журмын дагуу мэдэгдсэн боловч “М” ХХК нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Түүнчлэн, тухайн ачааны тээвэрлэлтийн хөлс, ачааг Наушки өртөөнд саатуулсантай холбоотойгоор үүссэн зардлыг гадаад агентдаа нэхэмжлэлийн дагуу төлсөн учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээр дурдсан тайлбар, үндэслэл, шаардлага, нөхцөл байдлыг хянан үзэж “М” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан түүхий эдийн үнэ 117,671,400 төгрөг, олох байсан ашиг 118,798,538 төгрөг, өмгөөлөгчийн зардал 10,363,650 төгрөг, нийт 246,833,588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, тээврийн хөлс 9,357,734 төгрөг, хадгалалтын зардал 22,812,959 төгрөг, нийт 32,170,693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд маргажээ. /1хх 1-4, 63-65, 2хх 123-124, 136-137/

 

  1. “М” ХХК-аас 2020 оны 03 сарын 03-ны өдөр илгээсэн үнийн санал авах хүсэлтэд “Т” ХХК 2020 оны 03 сарын 06-ны өдөр хариу илгээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзнэ. /1хх 37, 38, 120/

Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК нь Н Улсын Ө хотоос *** HS код бүхий 18,480 кг буюу 77 торх олон жимсний концентраци охийг Инкотермс 2010 нөхцөлөөр Монгол Улс руу тээвэрлүүлэх, хариуцагч “Т” ХХК нь тарифт ачилтын 2 цагийн зардал багтсан, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал орохгүйгээр 3,118 еврогоор тээвэрлэх гол нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байна. /1хх 37, 38, 120/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан тээвэр зуучлалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.  

 

4. Дээр дурдсан Г Улсаас Монгол Улс руу тээвэрлэгдэж байгаа *** контейнер бүхий, *** замын хуудастай, №*** дамжин өнгөрөх мэдүүлгийн хуудастай 18,480 кг А бараа нь ОХУ-ын Наушки өртөөнд 2020 оны 04 сарын 08-ны өдөр саатуулагдаж, улмаар 2020 оны 07 сарын 17-ны өдөр устгалд орсноор зохигчдын хооронд маргаан үүсчээ. /1хх 41-42, 2хх 55-56/

Маргааныг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/01448 дугаар тогтоолд дурдагдсан “М” ХХК-ийн өмнө зуучлагч “Т” ХХК-ийн хүлээсэн эрх, үүрэг юу болох, “Глонасс” лац байршуулах үүргийг хэн хүлээсэн болох, барааны код зөрүүтэй эсэх, маргаан бүхий бараа нь ОХУ-ын хилээр тээвэрлэх хориотой барааны жагсаалтад орсон эсэх талаар тус тус дүгнэлт өгөх нь ач холбогдолтой байна.

 

5. Өмнө дурдсанчлан нэг тал хэлцэл хийх санал гаргаж, нөгөө тал хэлцэл хийх тухай саналыг хүлээн зөвшөөрч цахим шуудан илгээснээр талуудын хооронд хэлцэл хийгдсэн, тэдгээрт эрх, үүрэг тодорхой дурдагдаагүй, талууд өөр бичгээр хийсэн хэлцэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох боломжтой.

“М” ХХК нь гэрээний саналдаа “...FCA, Ө (Инкотерм 2010), 20 контейнер, олон жимсний концентрац охь, 18,480 кг = 77 торх, HS код: ***, хүлээн авах хугацаа 2020 оны 03 сар...” гэж дурдсан, уг гэрээний саналд “Т” ХХК “...Ө – Улаанбаатар 3,118 евро, тарифт ачилтын 2 цагийн зардал багтсан, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй...” гэж дурдсан, мөн тээвэрлэгч “А” компани /RTSB/, ОХУ-ын Төмөр зам зэрэг аж ахуйн нэгж, байгууллагаас “Т” ХХК-тай тус тус харилцаж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон. /1хх 37, 38, 120, 2хх 79-89, 90, 121-122/

Эдгээрээс дүгнэхэд “Т” ХХК нь “М” ХХК-ийн нэрийн өмнөөс бусадтай ачаа тээврийн хэлцэл хийж, түүний захиалсан барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Улаанбаатар хотод тээвэрлүүлэх, “М” ХХК нь хэлцлээр тохирсон хөлс, зарим нэмэлт зардлыг “Т” ХХК-д төлөх үүргийг тус тус талууд хүлээжээ гэж үзэхээр байна.

Иймд “...бараа нь худалдагч болон худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас устгагдсан тул үүнтэй холбоотой ямар нэгэн төлбөр, хохирол төлөх эрх зүйн үндэслэлгүй...” гэх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

6. ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн *** тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэгч орон нь Оросын хуулийн этгээд болон иргэдийн хувьд эдийн засгийн хориг арга хэмжээг авах шийдвэр гаргасан, эсхүл тийм шийдвэрт нэгдсэн орны зарим нэр төрөл бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнс, эсхүл илгээгч орон нь Украин, эсхүл Украины нутаг дэвсгэрээр өнгөрч буй зарим нэр төрөл бүхий бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр гуравдагч улс руу дамжин өнгөрөх авто болон төмөр замын дамжин өнгөрөх олон улсын тээвэр хийх, түүнчлэн эдгээр тээврийг хийхэд Глонасс хиймэл дагуулын байршил тогтоох мэдээллийн системд суурилан ажилладаг таних тэмдэг (лац) тавих (авах) дүрэм”-ийн 7-д Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсэг нь ОХУ-ын хилээр нэвтрэн орохдоо төмөр замын эрх бүхий албан тушаалтан хиймэл дагуулын цахим лацыг тавиулах шаардлагатайг ОХУ-ын гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, Холбооны тээврийн хяналтын эрх бүхий албан тушаалтанд тус тус мэдэгдэхээр журамлажээ. /4хх 25-35/

“М” ХХК нь тээвэрлэгч нартай хэлцэл хийгээгүй, зөвхөн бараагаа хүлээн авч, хөлс, зардлыг төлөх үүргийг хүлээсэн тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Харин тээвэрлэгчтэй хэлцэл хийж, барааг Монгол Улсын нутаг дэвсгэрээр оруулах ажлыг хариуцах үүргийг “Т” ХХК хүлээсэн тул ОХУ-ын эрх бүхий албан тушаалтанд Глонасс лац тавиулах талаар мэдэгдэх тухай мэдэх, мэдэх боломжтой байсан, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

7. Үйлдвэрлэгч “Д Голланд” компани (Dohler Holland B.V)-ийн тодорхойлсон гаалийн тарифын “***” гэсэн код нь ОХУ-ын Гаалийн байгууллагын тодорхойлсон гаалийн мэдүүлгийн хуудасны “***” гэсэн кодтой тохирч байна. /1хх 25, 41/

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчээс анх тодорхойлсон код нь бараа саатуулагдах үед гаалийн байгууллагын тодорхойлсон кодтой адил байх тул “...нэхэмжлэгч нь барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн...” гэх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

8. ОХУ-ын Засгийн газрын 2015 оны 06 сарын 25-ны өдрийн 625 тоот “ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 08 сарын 07-ны өдрийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолд “***...” кодоор эхэлсэн буюу “...биологийн идэвхт нэмэлт, витамин-эрдсийн иж бүрдэл, амт оруулагч нэмэлт...)...” зэргийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхийг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтад оруулах тухай дурдсан байна. /2хх 117-118/

Дээрх нь үйлдвэрлэгч “Д Голланд” компани (Dohler Holland B.V), ОХУ-ын гаалийн байгууллагын тодорхойлсон “***” гэсэн кодтой тохирч байхаас гадна А” гэсэн бараа нь өмнө дурдсан хориглосон барааны агуулгатай мөн тохирч байна.

Иймд анхан шатны шүүхийн хийсэн “...хориглосон барааны жагсаалтад хамаарахгүй...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй, нэхэмжлэгч талын гаргасан “...шүүх барааны кодчиллын агуулгаар бус зөвхөн цифрийг үндэслэл болгосон нь буруу...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

9. ОХУ-ын Наушки өртөөний Боомтын даргын 2020 оны 05 сарын 18-ны өдрийн *** тоот албан бичигт “...А ... бараа ... ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 08 сарын 07-ны өдрийн 778 тоот тогтоолоор баталсан жагсаалтад орсон бараа ... болохыг тогтоолоо ... дэлхийн хиймэл дагуулын Глонасс технологи дээр үндэслэсэн таних тэмдгийн (лац ломбо) хэрэгсэл болгон ашигладаг хяналтын системийг ашигласан тохиолдолд ... ОХУ-ын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байдаг...” гэж дурджээ. /1хх 41-42, 120/

Иймд А бараа нь хэдийгээр ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэхийг хориглосон барааны жагсаалтад орсон хэдий ч Глонасс лац суурилуулсан тохиолдолд дамжин тээвэрлэгдэх боломжтой байжээ гэж үзнэ.

 

10. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл “Т” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болохынхоо хувьд нэхэмжлэгчийн тээвэрлүүлэхийг хүссэн бараа нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэх хориотой барааны жагсаалтад орсон, Глонасс лац суурилуулсан тохиолдолд тээвэрлэгдэх боломжтой гэдгийг мэдэх, мэдэх боломжтой байсан, ОХУ-ын хилээр ачаа тээвэр нэвтрэх үед Гаалийн байгууллага болон Холбооны тээврийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хандаж Глонасс лацыг суурилуулах боломжтой байсан, Тээвэрлэгч компанитай хэлцэл хийснийхээ хувьд мэргэжлийн заавраар хангах, хяналт тавих боломжтой байсан, улмаар “М” ХХК-ийн өмнө хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой байсан боловч зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. /2хх 187/

Иймд нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Т” ХХК-аас Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.11 дэх хэсэгт “Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна” гэж заасны дагуу барааны үнэд төлсөн 41,580 ам.доллар буюу 117,671,400 төгрөгийг шаардах эрхтэй тул хариуцагчаас гаргуулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

11. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 118,798,538 төгрөгийн ашиг олох байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн өмгөөлөгчийн зардал 10,363,650 төгрөг нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр гарсан буюу зайлшгүй зардалд хамаарахгүй тул анхан шатны шүүхээс эдгээрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

12. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор, мөн тээврийн хөлс 9,357,734 төгрөг, хадгалалтын зардал 22,812,959 төгрөг, нийт 32,170,693 төгрөг хариуцагчаас гарсан явдалд нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах зохицуулалтыг буруу тодорхойлсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04212 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас 117,671,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,162,188 төгрөг болон нэхэмжлэгч “М” ХХК-аас тээврийн хөлс 9,357,734 төгрөг, хадгалалтын зардал 22,812,959 төгрөг, нийт 32,170,693 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “... нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 318,803 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т” ХХК-д олгосугай” гэснийг “...хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 746,307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 1,840,379 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                          

 

                                 ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

 

                                                                                       Д.НЯМБАЗАР

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                          

 

                                 ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

 

                                                                                       Д.НЯМБАЗАР