Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01013

 

 

 

 

 

 

 

 

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00907 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний улмаас учирсан хохирол болон өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нийт 246 833 588 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, тээврийн хөлс болон сул зогсолтын төлбөрт нийт 32 170 693 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Д.Б, Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- ХХК нь 2020 оны эхний захиалгыг 2 дугаар сард Бүгд Найрамдах Герман Улсын Дохлер компанийн Нидерланд /Голланд/ Улсын Өөстерхаут хотын үйлдвэрээс 18 480 кг 77 ширхэг торх /бошиг/, олон жимсний охь (Аseptic vitamin-7 friut concentrate) 41 580 ам.доллар бүхий бүтээгдэхүүнийг захиалж, худалдан авах гэрээг байгуулан бүтээгдэхүүний үнийг шилжүүлсэн. М- ХХК Т- ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 03-нд цахим шуудангаар харилцаж, дээрх барааны тээвэрлэлтийн үйлчилгээг авахаар худалдан авсан барааны инкотермсийн нөхцөл, хэмжээ, бүтээгдэхүүний нэр, НS код, хадгалах горим, зэрэг мэдээллүүдийг өгснөөр тус компани Улаанбаатар хотод 2020 оны 4 дүгээр сарын 01-нээс 03-ны хооронд чингэлгээр ирүүлэхээр тээвэр зуучийн гэрээ байгуулсан. Ингэснээр Голланд улсаас Дохлер компани урьдын адил Т- ХХК-д импортын гаалийн бичиг баримт болон дагалдах бичиг баримтыг ачааны хамт өгч мөн цахим шуудангаар давхар илгээж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Голландаас ТKRU-3016854 чингэлэгт ачуулсан байсан. Т- ХХК уг ачааг ачигдсан цагаас эхлэн ачааны талаарх мэдээллийг манайд байнга мэдээлж байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 03-наас хойш ямар нэг мэдээлэлгүй байсан. Манай компанийн зүгээс холбогдож ачаа хаана явааг тодруулах, лавлах, ачааны талаарх мэдээллийг байнга өгч удаа дараа холбогдож байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын гаалийн үзлэгт түүврээр сонгогдсон ачаанд орсон байна. Тээвэр зуучийн компаниас 2020 оны 5 дугаар сарын 20 ны өдөр буюу 42 хоногийн дараа Наушкийн гаалийн албан ёсны мэдэгдлийг М- ХХК-д цахим шуудангаар ирүүлсэн. Уг захианд ОХУ-ын гаалийн албанаас Трансконтайнер ХК-д хандаж контейнер нь оросын нутаг дэвсгэрээр хориотой ачаа барааг тээвэрлэсэн байна. Тус ачаа барааг оросын нутаг дэвсгэрээр саадгүй тээвэрлэхийн тулд тусгай лац ломбо ашиглаагүй тул ачаа барааг илгээгч рүү буцаах эсвэл орос улсын гааль дээр устгалд оруулах сонголтууд байна гэсэн шийдвэр гаргасан байв. Манай компанид лац ломбоны талаар ямар нэгэн мэдэгдэл ирээгүй бөгөөд одоог хүртэл ачаагаа хүлээн авч чадаагүй байна. М- ХХК нь Т- ХХК-иар уг барааг 3 дахь жилдээ тээвэрлүүлж байгаа бөгөөд бид бүгдийн хамтын ажиллагааны туршлагаар Т- ХХК бидэнд глонасс лац ломбыг ашиглах шаардлагатайг мэдэгдэж, М- ХХК, Т- ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу төлбөр барагдуулдаг байсан. Гэтэл тээвэр зууч компани нь энэ ажиллагааг хийгээгүйн улмаас манай ачаа саатсан байдал тодорхой болоод байна. Тээвэр зууч компани нь урьд өмнө манай ачааг зуучилж байсны хувьд манай ачааны талаар туршлага хуримтлуулсан хамгаалалтын лацыг яагаад тавиагүйг асуухад хариуцаж байсан боловч бидний зүгээс тухайн компани ажлын хариуцлага алдсан гэж дүгнэж байгаа юм. Энэ нь Буриадын гаалийн Трансконтайнер ХК-д ирүүлсэн цахим захианд дурдсанаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр баталсан ОХУ- ын аюулгүй байдлыг хангах үүднээс эдийн засгийн тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай №506 тоот тушаалын 1.1-д зааснаар тус улсын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орон руу төмөр замын тээвэр хийх тухай ОХУ-ын Засгийн газраас баталсан дүрэм, журмын заалтыг даган биелүүлсэн нөхцөлд, дэлхийн хиймэл дагуулын глонасс технологи дээр үндэслэсэн, хяналтын системийг ашигласан тохиолдолд таних тэмдгийн (лац, ломбо)/ зарим төрлийн хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн түүхий эдийг тус улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Т- ХХК нь тээврийг зуучилж саадгүй авч ирэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж хүлээн авагчид барааг хүлээлгэн өгч чадаагүй, уг хүнсний бүтээгдэхүүний хугацаа дуусч үйлдвэрлэлд ашиглах боломжгүй болсон нь М- ХХК-д хохирол учирч хуульд зааснаар тус компани түүхийн эдийн үнэ, өөрт учирсан хохирлоо шаардах эрх үүсч байна гэж үзэж байна. Иймд түүхий эдийн үнэ 41 580 ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 117 671 400 төгрөг, борлуулагдах байсан ашиг 118 798 538 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 10 363 650 төгрөг, нийт 246 833 588 төгрөгийн хохирлыг Т- ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Германы Дохлер компанийн Нидерланд Улсын Өөстерхаут хотын үйлдвэрээс хүлээн авагч М- ХХК-ийн нэр дээр, хүрэх станц Улаанбаатар техник импорт терминал гэсэн хаягтайгаар 2019 оны 4 сарын 20-ны өдөр илгээсэн ачааны нэр нь ногооны холимог жүүс 2009909800 гэсэн кодтой байна. М- ХХК-ний менежер н.Алтанзулаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үнийн санал авах хүсэлтийг цахимаар ирүүлсэн. Үүний дагуу бид Герман Улсын тээвэр зуучийн RTSB компанид хандаж, үнийн санал аваад М- ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 3 118 евро, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэсэн тайлбарын хамт үнийн саналаа хүргүүлсэн. Голланд улсын Дохлер компани нь тээврийн баримт бичиг, гаалийн бүрдүүлэлтээ хариуцан гүйцэтгэсэн бөгөөд контейнерийг өөрийн лацаар лацадсан. Энэ нь тээврийн бичиг баримтад бичигдсэн нэг ширхэг ломбо гэсэн тэмдэглэгээнээс харагдана. Худалдагч буюу ачаа илгээгч нар худалдааны гэрээ байгуулахдаа олон улсын хэмжээнд мөрддөг олон улсын худалдааны танхимаас 1936 онд гаргаж, 2010 онд шинэчилсэн олон улсын худалдааны нөхцөл болох Инкотермс 2010-ын FCA нөхцөлөөр бараа нийлүүлэлтийн нөхцөлийг тохирсон байдаг. FCA нөхцөл нь тээвэрлэх хүртэл чөлөөтэй /нэрлэсэн газар/-ийн дагуу худалдагч, худалдан авагчийн үүрэг хариуцлагын заагийг тодорхойлсон. Инкотермс 2010 нөхцөлд зааснаар М- ХХК болон Дохлер компани нь үйлдвэрлэлийн зориулалтаар түүхий эд худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн барааг тээвэрлэн дамжин өнгөрөх улсын буюу ОХУ-ын холбогдох дүрэм, журмын шаардлагыг хангаж ажиллах үүргийг хүлээх ёстой. М- ХХК нь барааг тээвэрлүүлж, Монгол Улсад ирүүлэх захиалга өгөхдөө барааны кодыг HS код 210690004 гэж илгээгч буюу худалдагчийн сав баглаа боодлын жагсаалтад нь барааны нэр Асептик Витамин-7 фриут баяжмал, Европын холбооны гаалийн тариф 210690, агуулахын баримтад барааны код тодорхойлолт 801227021 тээврийн бичиг баримтад ГНГ2106909800 ЕТСНГ 516408 гэж ачуулсан барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн байдаг. Энэ нь хариуцагчийн буруу биш худалдах, худалдан авах гэрээний талуудтай холбоотой байна. ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор батлагдсан жагсаалтад багтсан бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосонтой холбогдуулан тээвэрлэгч, экспедитор эдгээр барааг анх илгээсэн улс орон руу буцааж татах эсвэл устгалд оруулах шийдвэрийг гаргадаг. Хэрэв ачааг буцаан татах боломжгүй болсон тохиолдолд устгалд оруулах тул уг ачааг хэрхэх тухай шийдвэрээ яаралтай мэдэгдэнэ үү гэж дурьдсан байсан. Энэ талаар М- ХХК-д цаг алдалгүй мэдэгдэж байсан боловч тус компани нь ачааг буцаан татах талаар ямар нэгэн заавар, зөвшөөрөл өгөөгүй. Тухайн бараа нь хил гаалийн гэнэтийн шалгалтад орсон нь хариуцагчийн буруу биш. Глонасс лац нь хиймэл дагуулын байршил тогтоох таних тэмдэг болохоос ОХУ-аар хориотой бараа дамжин өнгөрөхөд шалгахгүй байх лац биш. Хилийн боомт дээр ачилтын баримт бичигт заасан ачааны нэр, кодын талаарх мэдээллийг шалгаж үзсэний үндсэн дээр глонасс дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийн технологид суурилсан битүүмжлэл суурилуулах үндэслэл тогтоогдоогүй. М- ХХК-ийн захиалгын дагуу Голландаас TKRU-3016854 чингэлэгт ачигдаж явсан ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөөн дээр гаалийн үзлэг шалгалтад хамрагдаж, улмаар худалдагч болон худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас устгагдсан тул манай компани үүнтэй холбоотой ямар нэгэн төлбөр, хохирол төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай гэж үзэн сайн дураараа тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан өмгөөлөл, хууль зүйн туслалцааны үйлчилгээ авч байгаа тул энэ зардалд гарсан 10 363 650 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд М- ХХК-ийн нэхэмжилсэн 246 833 588 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Манай компанийн гадаад агент болох RTSB компани нь Нидерланд улсын Өстерхаут хотод гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэлтийн дагалдах бичиг баримт үйлдэгдсэний дараа ачааг хүлээн авч, ОХУ-ын төмөр замаар транзит чингэлэгт ачаагаар Оросын төмөр замын хилийн Наушк өртөө хүртэл тээвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. TKRU-3016854 чингэлэгт ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөө Наушки өртөөнд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн ба Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постын түүвэрчилсэн гэнэтийн шалгалтанд хамрагдсан. Гаалийн шалгалтаар тухайн ачаа нь хоригт орсон бараа болох нь илэрсэн тул Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постоос НХНН РЖД-ийн Наушк өртөөний даргын үүрэг гүйцэтгэгч Б.И.Шигаевт 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, ПАО Трансконтейнер удирдлагад 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тухайн чингэлэгт ачааг анх илгээсэн улс орон руу буцааж татах эсвэл устгалд оруулах талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн байдаг. RTSB компаниас энэхүү мэдэгдлийн талаар 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн ба бид мөн өдөр М- ХХК-д энэ талаар мэдэгдсэн. Манай компани нь тухайн саатсан ачааны талаар холбогдох арга хэмжээ авахыг М- ХХК-д компанид удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөхгүй байсан тул гаалийн байгууллагаас уг барааг хураан авч 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр устгалд оруулсан байсан. RTSB компани тээврийн хөлс 2 688.00 ам.долларын нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, TKRU-3016854 чингэлэгт ачаа Наушка өртөөн дээр сааатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал 6 553.00 ам долларын нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны цахим шуудангаар манайд ирүүлсэн. Манай компани нь гадаад агентын нэхэмжилсэн тухайн сарын төлбөрийг хэлцлийнхээ дагуу нийт 9 241.00 еврог Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан төлсөн байгаа. Т- ХХК нь М- ХХК-ийн захиалгат ачааг Нидерланд Улсын Өөстерхаут хотоос ОХУ-ын хилийн Наушка өртөө хүртэл тээвэрлэсэн тээврийн хөлс 2 688 евро, чингэлэгийн сул зогсолт, хадгалалтын зардал 6 553 евро нийт 9 241 евро буюу 32 170 693 төгрөгийг М- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т- ХХК-иас тээвэрлэлтийн зардал 2 688 еврог нэхэмжилж байна. Энэ бол RTSB компани болон хариуцагч компани хоёрын хооронд үүссэн гэрээний харилцаа тул М- ХХК хариуцахгүй. М- ХХК нь Т- ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан ба хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул төлбөр төлөх боломжгүй. М- ХХК-ийн барааг Монгол Улсад авч ирэх гэсэн тохиролцоог хийсэн ба Т- ХХК ямар маршрутаар аль улсаар дамжуулж тээвэрлэхийг өөрсдөө хариуцсан. Тээвэрлэлтээс болж гарах эрсдэлийг хариуцагч компани өөрсдөө хариуцах ёстой. Т- ХХК-д бараагаа авах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч хариу өгөөгүйн улмаас гаалийн ажилтнууд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тухайн барааг устгасан. М- ХХК-ийн зүгээс Т- ХХК-ийн ирүүлсэн мэйлд тэр дор нь хариу өгч байсан. Манай компанийн зүгээс бараагаа бүрэн бүтэн авах шаардлагыг удаа дараа тавьж байсан. Т- ХХК нь барааг бүрэн бүтэн тээвэрлэж М- ХХК-д хүлээлгэж өгөх гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Бид үүргээ биелүүлэхийг шаардсан болохоос барааг устгалд оруул гэж ямар нэг шийдвэр гаргаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т- ХХК-иас 246 833 588 төгрөг гаргуулахыг хүссэн М- ХХК-ний үндсэн нэхэмжлэл, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан М- ХХК-иас 32 170 693 төгрөг гаргуулахыг хүссэн Т- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 527 576 төгрөг, хариуцагч Т- ХХК-иас төлсөн 318 804 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагчийг зөвхөн гэрээний талуудыг зуучилж, тээвэр зуучлалын гэрээ байгуулсан гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М- ХХК, RTSB компанийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй тул тус компаниудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл байхгүй. Манай компанийн ачааг Улаанбаатар хотод авч ирэх үүргээ хариуцагч яаж, ямар этгээдээр дамжуулан гүйцэтгэхээр шийдсэн нь манай компанид хамааралгүй. Хариуцагч уг үүргээ гүйцэтгэхийн тулд RTSB болон бусад тээвэрлэлтийн компаниудгай гэрээ байгуулсан байж болох ч энэ нь зөвхөн хариуцагч болон тэдгээр компаниудын хоорондын харилцаанд хамаарах юм. Нэхэмжлэгч ба хариуцагчийн хооронд байгуулагдсан гэрээ нь тээвэр зуучлалын гэрээ бус Иргэний хуулийн 407 дугаар зүйлд заасан илгээмжийн гэрээнд суурилсан түүнээс улбаалан даалгаврын гэрээ, тээврийн гэрээний шинжийг давхар агуулсан холимог гэрээ гэж үзэж байна. М- ХХК нь барааг үйлдвэрлэгч Дохлер компанитай инкотермс 2010, FСА нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ нөхцөлийн дагуу худалдагч тал барааг худалдан авагчийн нэрлэсэн газарт, түүний нэрлэсэн этгээдэд хүлээлгэн өгөх, шаардлагатай бол экспортын гаалийн бүрдүүлэлт хийх, барааны дагалдах баримт бичгийг хүлээлгэж өгөх, барааг тээвэрлэлтийн явцад хөндөгдөх, авдагдахаас сэргийлж сав баглаа боодлыг хийх үндсэн үүргийг хүлээдэг. Хариуцагч нь ачаанд глонасс лац суурьлуулаагүй байснаас манай ачаа устсан. Глонасс лацыг хэрэглэхтэй холбоотой журмыг ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №1877 тоот тогтоолоор баталсан байдаг бөгөөд уг журмын 7, 10, 15 дугаар зүйлд зааснаар тээвэрлэгч хийх үүрэгтэй байна. Шүүх уг журмыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ тусгаагүй. Мөн шүүх хариуцагч талаас гаргасан нотлох баримттай нэхэмжлэгчийг танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч Дохлер компанид гомдол гаргаж байгаагүй гэдгийг үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй байна. Мөн манай талаас зөрүүтэй барааны код өгөөгүй. Дохлер компаниас хүлээлгэж өгсөн сав баглаа боодлын жагсаалт бүхий бичигт 210690 гэх барааны код орсон байдаг. Манай компаниас Т- ХХК-д илгээсэн үнийн санал авах хүсэлтэд 210690004 гэх барааны код байдаг. Энэ хоёр код нь хоорондоо зөрүүтэй код биш. Олон улсын барааг тодорхойлох, ангилахад ашиглагддаг НS код нь 6 оронтой байдаг бөгөөд тэр 6 оронтой кодны ангилал дотроо урд талын орнуудыг өөрчлөлгүйгээр хэд хэдэн орон тоо нэмж барааг нарийвчлан ангилж болдог. Иймд Дохлер компани болон манай компаниас 210690 гэх ерөнхий код болон 210690004 гэх нарийвчилсан барааны кодуудыг хариуцагчид өгсөн байна. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч, хариуцагч талууд НS код, глонасс лац, ачаа яагаад ОХУ-д устгалд орсон талаар өөр өөрсдийн тайлбарыг гаргасан. Гэтэл шүүгч энэ асуудлуудаар талуудын мэтгэлцээнийг шийдвэртээ харгалзаж үзээгүй. ОХУ-ын эрх бүхий байгууллагууд өөрсдийн нутэг дэвсгэрээр өнгөрч буй ачааг шалгаж, устгалд оруулсан, түүнээс үүдэлтэй хохирол нь гэрээний аль нэг талын хариуцлага гэхээс илүү ОХУ-ын бүрэн эрхийн асуудал гэсэн агуулга бүхий шийдвэрийг уншиж танилцуулсан боловч шийдвэрт ачаа тээврийн бичиг баримтад барааны код зөрүүтэй байсан, ОХУ-ын хориотой барааны жагсаалтанд М- ХХК-ийн бараа ороогүй, глонасс лац тавих ёстой байсанд Т- ХХК-ийн буруу тогтоогдоогүй гэсэн байна. Шүүгч ачаа устгалд орсон нь ОХУ-ын бүрэн эрхийн асуудлаас үүдалтэй гэх боловч бичгээр гарсан шүүхийн шийдвэрт барааны код зөруүтэй байсан, глонасс лац тавих ёстой байсан асуудалд Т- ХХК-ийн буруу тогтоогдоогүй гэх мэтээр өөрчилсөн гэж ойлгогдож байна. Инкотермс 2010 FСА нөхцөл нь худалдагч болох Дохлер ба худалдан авагч болох М- ХХК хоорондын тусдаа гэрээний харилцаанд хамаарах бөгөөд тус нөхцөлийн дагуу худалдагч болох Дохлер ХХК-ийн бүх үүрэг, түүнчлэн барааны эрсдэл нь тус барааг тээвэрлэгч этгээдэд хүлээлгэн өгсөн мөчөөс дуусгавар болж, улмаар барааны эрсдэл нь Т- ХХК ба М- ХХК хоорондын гэрээний дагуу тээврийн ажиллагааг зохион байгуулагч Т- ХХК буюу түүний гэрээт агент, тээвэрлэгч нарт шилжинэ гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох 118 798 538 төгрөгийн олох ёстой байсан ашгийг нотлогдохгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус тооцооллын дэлгэрэнгүй задаргааг М- ХХК-ийн нягтлан бодогч Б.Туяамандах гаргаж, компанийн санхүүгийн тамгаар баталгаажуулан нотлох баримтад хавсаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний зардлыг үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М- ХХК-иас өмгөөллийн Андерсон энд андерсон ХХН-д өмгөөлөл хууль зүйн үйлчилгээний төлбөр төлсөн баримтыг, итгэмжлэлийн хамт хэргийн материалд хавсаргасан. Гэтэл шүүгч нэхэмжлэгчийн бусад итгэмжлэгдсэн төлөөлөгчид ирээгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Харин 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунзаяа хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд хүрэлцэн ирээгүйг нотлох баримт хариуцагчийн талаас гаргаж өгөөгүй байхад шүүгч өмнө нэхэмжлэгч талд тавьж байсан бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчид ирсэн байх ёстой гэх шаардлагаа тавилгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүгч талуудад тэгш бус ялгавартай хандсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүулэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар дор дурьдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. М- ХХК-иас 2020 оны 3 сарын 03-ны өдөр Т- ХХК-д ирүүлсэн асуулгын дагуу бид гадаад агент болох RTSB тээвэр зуучийн компанид хандаж үнийн санал аваад захиалагч М- ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэсэн тайлбарын хамт үнийн саналаа хүргүүлэн харилцан тохиролцож гэрээний харилцаанд орсон. Манай компанийн гадаад агент болох RTSB компани нь Нидерланд Улсын Өөстерхаут хотод гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэлтийн дагалдах бичиг баримт үйлдэгдсэний дараа хүлээн авч, ОХУ-ын төмөр замаар транзит чингэлэгт ачаагаар ОХУ-ын төмөр замын хилийн Наушки өртөө хүртэл тээвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Чингэлэгт ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөө буюу Наушки өртөөн дээр 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн ба Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постын түүвэрчилсэн гэнэтийн шалгалтанд хамрагдсан. Гаалийн шалгалтаар тухайн ачаа нь хоригт орсон бараа болох нь илэрсэн тул Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постоос Наушки өртөөний даргын үүрэг гүйцэтгэгч Б.И.Шигаевт 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, Трансконтейнер удирдлагад 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тухайн чингэлэгт ачааг анх илгээсэн улс орон руу буцааж татах эсвэл устгалд оруулах талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн байдаг. RTSB компаниас энэхүү мэдэгдлийн талаар 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн ба бид мөн өдөр М- ХХК-д энэ талаар мэдэгдэж, ачааны талаар холбогдох арга хэмжээ авахыг М- ХХК-д удаа дараа шаардсан боловч хариу өгөхгүй байсаар гаалийн байгууллага уг барааг хураан авч 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр устгалд оруулсан. RTSB компани нь М- ХХК-ийн захиалгат ачааг Нидерланд Улсын Өөстерхаут хотоос ОХУ-ын хилийн Наушки өртөө хүртэл тээвэрлэсэн тээврийн хөлс 2 688.00 еврогийн нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, чингэлэгт ачаа Наушки өртөөн дээр сааатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал 6 553.00 еврогийн нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны цахим шуудангаар ирүүлсний дагуу манай компани нь тохиролцсон нөхцөлийнхөө дагуу нийт 9 241. 00 еврог төлсөн байгаа. М- ХХК нь чингэлэгт ачаа ОХУ-ын Наушки өртөөнд тухайн улсын эрх бүхий байгууллагын шалгалтын улмаас саатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал гарсанд буруутай эсэхээс үл хамаарч нэгэнт манай компанид захиалга өгч ажил үүрэг зохих хэмжээнд гүйцэтгүүлсэн учраас гэрээнийхээ үүргийн дагуу гарсан зардлыг төлөх үүрэгтэй. Чингэлэгт ачаа ОХУ-ын Наушки өртөөнд тухайн улсын эрх бүхий байгууллагын шалгалтын улмаас саатуулагдсан, ачаа дамжин өнгөрч буй улс орны төрийн байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд гэнэтийн шалгалт хийгээд хориотой бараа байхыг илрүүлэн холбогдох арга хэмжээ авсан асуудал зуучийн байгууллагын ажил үүрэгтэй холбоогүй, манай компани энэ төлбөрийг хариуцах үүрэггүй. Т- ХХК нь ХБНГУ-аас тээвэрлэгдэн ирж байгаа ачааг үйлчлүүлэгч нарт олгохдоо гадаад зууч агентийн зөвшөөрлийн дагуу олгодог ба хэрэв төлбөр тооцоогоо тогтоосон хугацаанд хийгээгүй тохиолдолд гадаад зууч маань ачааг олгохыг зөвшөөрдөггүй учраас үйлчлүүлэгч нарт чирэгдэл учруулахгүйн үүднээс бид төлбөрийн асуудал үүсгэхгүйгээр үйл ажиллагаагаа зохицуулж ирсэн. RTSB компани нь чингэлэгт ачаа ОХУ-ын Наушк өртөөнд гаалийн шалгалтын улмаас саатуулагдан хориотой бараа илэрч устгалд орсон асуудалд зуучийн байгууллага хариуцлага хүлээх үндэслэлгүй захиалга өгсөн этгээд төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Талууд хооронд тохиролцсон гэрээний харилцааны хувьд захиалга өгөгч тал нь худалдан авагч М- ХХК учраас тээвэрлэлт, ачаа хадгалалт, сул зогсолттой холбоотой төлбөрийг төлөх үүргийг хүлээх ба харин тээврийн бичиг баримтын үнэн зөв бичих үүргээ биелүүлээгүй худалдагч тал болох Голланд Улсын Дохлер компаниас энэ төлбөрөө нэхэмжлэх эрхтэй. Манай компани болон RTSB компани нь нь Голланд Улсын Дохлер компаниас ачааг тээвэрлэхэд зуучлах захиалга аваагүй, худалдагч талтай гэрээний харилцаанд ороогүй учраас тус компаниас гарсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй юм. Дээр дурьдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, Т- ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч М- ХХК-иас 32 170 693 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан гэрээний улмаас учирсан хохирол болон өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нийт 246 833 588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тээврийн хөлс болон сул зогсолтын төлбөрт нийт 32 170 693 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компани нь ачаа тээврийг саадгүй авч ирэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компани түүхий эдийн үнэ болон олох ёстой байсан орлогоороо хохирсон, үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч шүүхэд хандсан гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч компанийн бараа ОХУ-ын хил дээр устсанд манай компани буруугүй, худалдагч болон худалдан авагч нарын үл ойлголцлоос үүссэн асуудлыг манай компани хариуцахгүй тул тээврийн хөлс болон сул зогсолтын төлбөрийг гаргуулна гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь 2020 оны 2 сард ХБНГУ-ын Дохлер компанийн Нидерланд Улсын Өөстерхаут хотын үйлдвэртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 18 480 кг, 77 ширхэг Асептик Vitamin-7-Friut баяжмал-ыг 41 580 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, бүтээгдэхүүний үнийг төлсөн талаар нэхэмжлэгч нь тайлбартаа заан, худалдааны нэхэмжлэл, Хаан банк-ны гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргасан. /хх-ийн 14-15, 36-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч М- ХХК нь дээрх барааны тээвэрлэлтийн үйлчилгээг авахаар хариуцагч Т- ХХК-д хандсан байх бөгөөд тус компани нь өөрийн компанийн гадаад агент болох RTSB компаниас үнийн санал авч, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч компанид 3 118 еврогийн үнийн саналыг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-ийн 124-р тал/. Нэхэмжлэгч М- ХХК нь уг үнийн саналыг хүлээн зөвшөөрч, инкотермсийн нөхцөл, барааны нэр, тоо хэмжээ, HS код зэргийг хариуцагч Т- ХХК-д хүргүүлснээр нэхэмжлэгч компанийн ачаа 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Нидерланд Улсын Өөстерхаут хотоос ачигдсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 120-124-р тал/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн худалдан авсан барааг агуулахаас хүлээн авах, Нидерландын Өөстерхаут хотоос Монгол Улсад хүргүүлэхээр хариуцагч компанид захиалга өгснийг хариуцагч хүлээн авч талууд үнэ, хөлсний талаар тохиролцсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тус гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Хариуцагч Т- ХХК нь Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу ачааг тээвэрлэж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

Зохигчид дээрх байдлаар илгээмжийн гэрээ байгуулж, хариуцагч Т- ХХК нь нэхэмжлэгч М- ХХК-ийн ачааг өөрийн агентуудаар тээвэрлүүлэх явцад буюу ОХУ-аар дамжин өнгөрөхдөө тус улсын төмөр замын шалган нэвтрүүлэх цэгийн гаалийн үзлэгт орсон байна. Уг үзлэгээр хариуцагч Т- ХХК-ийн тээвэрлэж явсан Асептик Vitamin-7-Friut баяжмал нь ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 778 дугаар тогтоолоор баталсан хориотой барааны жагсаалтад орсон бараа болох нь тогтоогджээ. /хх-ийн 41-42-р тал/

 

ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орон руу авто болон төмөр замын тээвэр хийхдээ ОХУ-ын Засгийн газраас баталсан дүрэм, журмын дагуу дэлхийн хиймэл дагуулын Глонасс технологи дээр суурилсан таних тэмдгийн (лац, ломбо) хэрэгсэл болгон ашигладаг хяналтын ситстемийг ашигласан тохиолдолд зарим төрлийн хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байна. Гэвч ОХУ-аар дамжин өнгөрөхдөө тээвэрлэж явсан бараа бүтээгдэхүүндээ глонасс систем дээр тулгуурлаагүй энгийн таних тэмдэг (лац, ломбо)ийг ашигласны улмаас ачаа хураагдсанд зохигчдын хэн нь хариуцлага хүлээх талаар талууд маргасан байна.

 

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Наушк төмөр замын хилийн боомтын даргын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17-02-6А/02410 дугаар албан бичгээр тээвэрлэсэн барааг яаралтай илгээсэн улс руу буцаан татах, эсхүл ОХУ-ын нутаг дэвсгэрт барааг устгалд оруулах болох-ыг Трансконтейнр ХК-д мэдэгдэж, үүний үндсэн дээр хариуцагч Т- ХХК-иас нэхэмжлэгч Мон жүүс ХХК-д цахим шуудан хүргүүлжээ. /хх-ийн 41-42-р тал/. Дээрх хугацаанд шаардлагатай арга хэмжээ авагдаагүй, улмаар ОХУ-ын Буриадын гаалийн албаны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хилээр нэвтрүүлэн оруулах хориотой бүтээгдэхүүнийг устгалд оруулах тухай 10718000/170720/У0004 тоот актаар дээрх 77 ширхэг Асептик Vitamin-7-Friut баяжмал-ыг устгалд оруулах арга хэмжээг авсан байна. /2хх-ийн 55-56-р тал/

 

Хариуцагч Т- ХХК нь ачаанд глонасс лац байршуулах нь манай компанийн үүрэг биш, худалдагч Дохлер компанийн үүрэг гэж тайлбарлаж байх боловч ОХУ-ын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1877 дугаар тогтоолоор батлагдсан глонасс хиймэл дагуулын байршил тогтоох системд суурилан ажилладаг таних тэмдэг лац суурилуулах, салгаж авах болон ашиглах тухай журам-ын 7-д ОХУ-ын нутаг дэвсгэрт төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн орж ирэхэд төмөр замын тээвэрлэгчийн ажилтан электрон байршилтай лац ашиглах шаардлагатай тухайгаа ОХУ-ын хилийн нэвтрэх боомт дахь гаалийн байгууллагын албан тушаалтнууд, төмөр замын өртөөнд байрлах хяналтын цэгүүд дэх холбооны тээврийн хяналтын албаны албан тушаалтнуудад мэдэгдэх үүрэгтэй гэж, мөн журмын 10-д Төмөр замын тээвэрлэгч нь ОХУ-ын хилээр нэвтрэхээс хоёроос доошгүй цагийн өмнө тээвэрлэж байгаа барааны мэдээллийг лац суурилуулах операторт илгээх үүрэгтэй гэж тус тус заасан байна. /2хх-ийн 4-5-р тал/

 

Дээрх журамд зааснаар бараа, бүтээгдэхүүнд глонасс лац байршуулах үүргийг тээвэрлэгч хүлээсэн байхад анхан шатны шүүх ачаа устгалд орсонд хариуцагч компани буруугүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Иймд глонасс лац байршуулах үйл явц нь ОХУ-ын хилээр нэвтрэхээс хоёроос доошгүй цагийн өмнө барааны мэдээллийг лац суурилуулах операторт илгээх, ингэснээр лац суурилуулах ажиллагаа нь тус улсын хил дээр хийгддэг ажил байх тул нэхэмжлэгчийн буюу захиалагчийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэгт хамаарахгүй байна. Иймд худалдагч буюу Дохлер компани тус лацыг байршуулах боломжгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ гэж заасан. Иймд илгээгч буюу хариуцагч Т- ХХК нь ОХУ-ын хилээр хориотой бараа нэвтрүүлэхдээ глонасс лацыг байршуулаагүйн улмаас захиалагч буюу нэхэмжлэгч М- ХХК-ийн худалдсан авсан 77 ширхэг Асептик Vitamin-7-Friut баяжмал устгалд орсон байх тул нэхэмжлэгч М- ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т- ХХК-иас хохирол шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь түүхий эдийн үнэ 117 671 400 төгрөг, борлуулалтын ашиг 118 798 538 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 10 363 650 төгрөг, нийт 246 833 588 төгрөгийг хариуцагч Т- ХХК-иас гаргуулахаар шаардсан.

 

Түүхий эдийн үнэ 117 671 400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч М- ХХК нь Асептик Vitamin-7-Friut баяжмал-ын үнэ болох 41 580 ам.долларыг Дохлер компанид төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул уг төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханш 2 830 төгрөг /117 671 400 : 41 580$ = 2 830/-өөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. Иймд хариуцагч Ти ай ложисктик ХХК-иас хохиролд 117 671 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Харин борлуулалтын ашиг гэх 118 798 538 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь уг шаардлагаа нотлохоор тус компанийн нягтлан бодогчийн гарын үсэг бүхий борлуулалтын график гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч энэхүү баримт нь борлуулалтын ашгийг нотлох, үүнээс гадна бараа устгагдсантай шууд шалтгаант холбоотой үүссэн алдагдал гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Тодруулбал, хариуцагч Т- ХХК гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирол гэх борлуулалтын ашгийг дээрх нэг талын баримтад үндэслэн тогтоох боломжгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. /хх-141-р тал/ Өмгөөллийн үйлчилгээний хөлс гэх 10 363 650 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй, гэрээний үүргийн зөрчлийн маргаанд заавал өмгөөлөгч авахыг үүрэгжүүлсэн хууль байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр хөлсний хэмжээг тодорхойлж байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үндэслэн өмгөөллийн хөлсийг хариуцагчид хохирол гэж хариуцуулан үүрэг хүлээлгэх боломжгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Харин тээврийн хөлс болон сул зогсолтын төлбөрт нийт 32 170 693 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Учир нь хариуцагч Т- ХХК нь нэхэмжлэгч М- ХХК-ийн ачаа, илгээмжийг саадгүй тээвэрлэж, хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй, улмаар захиалагчийн бараа ОХУ-ын төмөр замын шалган нэвтрүүлэх цэгийн гаалийн үзлэгт орж, устсанд нэхэмжлэгч компани буруутай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд тээврийн хөлс болон сул зогсолтын төлбөрийг нэхэмжлэгч М- ХХК хариуцах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Т-" ХХК-иас 117 671 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "М-" ХХК-д олгож нэхэмжлэлээс 129 162 188 төгрөгт холбогдох хэсэг болон тээврийн хөлс, сул зогсолтын төлбөрт нийт 32 170 693 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай." гэж өөрчлөн найруулж,

2 дах заалтын ... 56.1, ... гэсний дараа 56.2, гэж нэмж, ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Т- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 746 307 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М- ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 318 804 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 1 392 118 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ