Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00907

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/00907

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо,  М ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, Т ХХК-д холбогдох 236 423 880 төгрөг гаргуулах, М ХХК-д холбогдох 32 170 693 төгрөг гаргуулахыг хүссэн Т ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Х.Н, Л.Ц, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А хариуцагчийн өмгөөлөгч О.Б /үнэмлэх 0983/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь Бүгд Найрамдах Герман Улсын Д /D/ компанийн Нидерланд /Голланд/ улсын Өөстерхаут хотын үйлдвэрээс 10 дахь жилдээ түүхий эд материал худалдан авч байгаа компани билээ. 2020 оны эхний захиалгыг 2 дугаар сард 18 480 кг 77 ширхэг торх /бошиг/, олон жимсний охь (Аseptic vitamin-7 friut concentrate) 41 580 ам доллар бүхий бүтээгдэхүүнийг захиалж урьдын адил FСА инкотермийн нөхцөлөөр худалдан авах гэрээг хийж үнийг шилжүүлсэн. М ХХК нь ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу цахим шуудангаар харилцаж Т ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 3- нд дээрх барааны тээвэрлэлтийн үйлчилгээг авахаар тухайн барааны худалдан авсан инкотермийн нөхцөл, хэмжээ, бүтээгдэхүүний нэр, НS код 210690004 , хадгалах горим, зэрэг мэдээллүүд өгснөөр, дээрх компанид 3 118 евро төлөхөөр РОТ нөхцөлөөр Улаанбаатар хотод 4 дүгээр сарын 1-нээс 3-ны хооронд чингэлгээр ирүүлэхээр тээвэр зуучийн гэрээ байгуулсан билээ. Ингэснээр Голланд улсаас Дохлер компани урьдын адил Т ХХК-д импортын гаалийн бичиг баримт болон дагалдах бичиг баримтыг ачааны хамт өгч мөн цахим шуудангаар давхар илгээж, 2020 оны 3 сарын 16-ны өдөр Голландаас ТKRU-3016854 чингэлэгт ачуулсан байсан. Т ХХК уг ачааг ачигдсан цагаас эхлэн ачааны талаарх мэдээллийг манайд байнга мэдээлж байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 3-наас хойш ямар нэг мэдээлэлгүй байсан болно. Манай компанийн зүгээс байнга холбогдож ачаа хаана явааг тодруулах, лавлах, ачааны талаарх мэдээллийг байнга өгч удаа дараа холбогдож байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын гаалийн үзлэгт түүврээр сонгогдсон ачаанд орсон байна. Ковид19 тэй холбоотойгоор ачаа саатаж байна удахгүй гэсэн тухай мэдээлэл өгсөн. Гэтэл уг ачаа 2020 оны 4 дүгээр сарын 8 ны өдөр ОХУ-ын Дорнод сибирийн төмөр зам буюу Наушк өртөөнд тус улсын гааль дээр саатаж зогссон байсан. М ХХК ачаа гаалийн албаны үзлэгээр орсон эсэх хөдөлсөн эсэх талаар тээвэр зууч компанид байнга хандаж байсан төдийгүй уг барааны дуусах хугацаа, түргэн муудах эрсдэл байгаа, мөн үйлдвэрлэл саатаж байгаа, хохирол үүсч байгааг Т ХХК-д удаа дараа бичгээр болон амаар мэдэгдэж байсан. Тээвэр зуучийн компаниас 2020 оны 5 дугаар сарын 20 ны өдөр буюу 42 хоногийн дараа Наушкийн гаалийн албан ёсны мэдэгдлийг М ХХК-д цахим шуудангаар ирүүлсэн. Уг захианд ОХУ-ын гаалийн албанаас Т ХК-д хандаж ТKRU-3016854 контейнер нь оросын нутаг дэвсгэрээр хориотой /НS 210690004 код/-той ачаа барааг тээвэрлэсэн байна. Тус ачаа барааг оросын нутаг дэвсгэрээр саадгүй тээвэрлэхийн тулд тусгай лац ломбо ашиглаагүй тул ачаа барааг илгээгч рүү буцаах эсвэл орос улсын гааль дээр устгалд оруулах сонголтууд байна гэсэн шийдвэр гаргасан байв. Манай компанид лац ломбоны талаар ямар нэгэн мэдэгдэл ирээгүй бөгөөд одоог хүртэл ачаагаа хүлээн авч чадаагүй байгаа бөгөөд Т ХХК-ийн мэдэлд уг барааны хугацаа 2020 оны 07 дугаар сарын 04 ны өдөр дуусч байна. Т ХХК нь бүтээгдэхүүний нэр, /HS код 210690004 кодыг өгсөн байхад /ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхэд Гланос буюу тусгай лац ломбыг ашиглах ёстой гэдгийг мэдэхгүй байх боломжгүй юм. Учир нь М ХХК нь Т ХХК-иар уг барааг 3 дахь жилдээ тээвэрлүүлж байгаа бөгөөд бид бүгдийн хамтын ажиллагааны туршлагаар Т ХХК бидэнд гланос лац ломбыг ашиглах шаардлагатайг мэдэгдэж М ХХК Т ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу төлбөр барагдуулдаг байсан. Гэтэл тээвэр зууч компани нь энэ ажиллагааг хийгээгүйн улмаас манай ачаа саатсан байдал тодорхой болоод байна. Тээвэр зууч компани нь урьд өмнө манай ачааг зуучилж байсны хувьд манай ачааны талаар туршлага хуримтлуулсан хамгаалалтын лацыг яагаад тавиагүйг асуухад хариуцаж байсан боловч бидний зүгээс тухайн компани ажлын хариуцлага алдсан гэж дүгнэж байгаа юм. Энэ нь Буриадын гаалийн Т ХК-д ирүүлсэн цахим захианд дурдсанаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2014 оны 8-р сарын 6 ны өдөр баталсан ОХУ- ын аюулгүй байдлыг хангах үүднээс эдийн засгийн тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай №506 тоот тушаалын 1.1 -д зааснаар тус улсын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орон луу төмөр замын тээвэр хийх тухай ОХУ-ын засгийн газраас баталсан дүрэм журмын заалтыг даган биелүүлсэн нөхцөлд, дэлхийн хиймэл дагуулын глонас технологи дээр үндэслэсэн, хяналтын системийг ашигласан тохиолдолд /таних тэмдгийн (лац, ломбо)/ зарим төрлийн хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн түүхий эдийг тус улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Гаалийн хяналт шалгалтаар бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ энгийн таних тэмдэг (лац, ломбо) ашигласан байгаа тул ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглогдож байна гэдгээр нотлогдож байгаа юм. Т ХХК нь тээврийг зуучилж саадгүй авчрах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж хүлээн авагчид барааг хүлээлгэн өгч чадаагүй, уг хүнсний бүтээгдэхүүний хугацаа дуусч үйлдвэрлэлд ашиглах боломжгүй болсон нь М ХХК-д хохирол учирч хуульд зааснаар тус компани түүхийн эдийн үнэ, өөрт учирсан хохирлоо шаардах эрх үүсч байна гэж үзэж байна. Иймд 18 480 кг 77 ширхэг бошиг Аseptic vitamin-7 friut concentrate бүтээгдэхүүний үнэ 41 580 ам доллар буюу 117 671 400 төгрөг, уг ачаа 2020 оны 4 сарын эхний долоо хоногт тохиролцсон хугацаанд багтаж ирээгүй тул тус компанийн үйлдвэрлэлийн борлуулалтын ашгаа алдсан тул М ХХК-ийн нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд уг түүхий эдээр 420 334 905 (2017 оноос 2019 жилүүдийн борлуулалтын ашгийн дунджаар авч үзэж тооцоолов) төгрөгийн борлуулалт олох байсан бөгөөд үүнээс борлуулалтын ашиг 118,752,480 төгрөг хохирол учирсан тул бүгд 236 423 880 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 2003 оноос хойш ундаа, жүүс үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа. 2020 оны 3 дугаар сард Ти ай ложистик ХХК-тай гэрээ байгуулан 77 торх буюу 18 480 килограмм олон жимстийн охийг Нидерланд улсаас тээвэрлүүлэхээр тохиролцсон. Манай компанийн зүгээс бүтээгдэхүүний бүх мэдээллийг өгсөн. Мөн бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн эмнэлгийн бичгийг борлуулагч Нидерланд улсын Д ХХК-д гаргаж өгсөн. Бид 2020 оны 4 дүгээр сард бүтээгдэхүүнээ хүлээж авахаар төлөвлөгөөгөө боловсруулсан байсан боловч манай захиалсан бараа ирээгүй. Бид Ти ай ложистик ХХК руу утсаар болон мэйл хаягаар нь бараа хэзээ ирэх вэ гэж лавлаж асуухад тодорхой хариу өгөөгүй. Буриадын компаниас асууж бараа Оросын хил дээр саатсан, глонасс лац хэрэглээгүй байна гэж мэдсэн. Энэ лацыг барааг задлахгүйн тулд тавьдаг. Манай компани барааг тэр улсаар дамжуул гэж зааварчилгаа өгдөггүй, Нидерланд улсаас Улаанбаатар хотод авчир гэсэн. Т ХХК-ийн хувьд өөрсдөө маршрутаа гаргаж тээвэрлэсэн. М ХХК нь үүнээс болоод бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадаагүй, харилцагч компаниуддаа ундаа жүүсээ нийлүүлж чадаагүй, компанийн зах зээлд эзлэх байр суурь маш их унасан. Мульт жүүс нь манай байгууллагын гол бүтээгдэхүүн бөгөөд дээрх нөхцөл байдлаас шалтгаалж зах зээлээс бүрэн алга болсон. Түүхий эдийн үнэ 41 580 ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 117 671 400 төгрөг, борлуулагдах байсан ашиг 118 798 538 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 10 363 650 төгрөг нийт 246 833 588 төгрөгийн хохирлыг Т ХХК-иас нэхэмжилж байна. Бид маркетингийн болон бусад зардлаа нэхэмжлээгүй гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Т ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө Нидерландын Д компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.. Инкотермс-2010 гэх олон улсын худалдааны FCA нөхцөлөөр гэрээ байгуулсан. FCA нөхцөл нь эрсдэл болон хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Худалдагч тал гаалийн бичиг баримт, барааны экспортын бүрдүүлэлт хийгээд тухайн барааг нэрлэсэн газарт хүргэж өгөх үүрэгтэй байдаг. Ингэснээр тээвэр зуучлалын компанид экспортын бүрдүүлэлтийн бичиг баримтуудыг нь өгөөд худалдагч байгууллагын үүрэг дуусгавар болно. Тухайн бараатай холбоотой бүх эрсдлийг тээвэр зууч, тээвэрлэгчид шилждэг. М ХХК нь Т ХХК-тай олон жимстийн охийг Нидерланд улсаас Монгол Улсын Улаанбаатар хотод авчруулна гэх гэрээ байгуулсан. Барааг аль улсаар тээвэрлэж авчрахыг тухайн тээвэр зуучийн компани хариуцах ба барааг Оросын холбооны улсаар дамжуулж авчрахаар болсон. Олон улсын барааны шинж чанарын код гэж байдаг. Манай захиалсан НS 210690004 код бүхий барааг Оросын холбооны улсаар дамжуулж авах боломжтой гэсэн шийдвэрийг Т ХХК гаргасан. Худалдагч талаас ч гэсэн барааны дагалдах бичиг баримтууд, кодыг өгсөн. Тухайн кодтой барааг тээвэрлэхэд ямар ямар шаардлага тавьдаг вэ гэдгийг тээвэрлэгч компани мэдэх боломжтой. М ХХК нь Т ХХК-иас өмнө 3 удаа үйлчилгээ авч байсан, тогтсон заншилтай. ОХУ-ын хилээр оруулж ирэхдээ 180 еврогийн төлбөр авч байсан. Энэ нь лац ломбоны төлбөр гэж ойлгосон. Лац ломботой холбоотой асуудлыг мэддэг байсан ажилтан солигдсоноос мэдээлэл авч чадаагүй гэж тайлбарладаг. ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын нутаг дэвсгэрт Европоос бараа оруулахад тодорхой шаардлага тавьдаг. Уг журмын 7, 10 дугаар зүйлд заасныг судалж үзэхэд барааг тээвэрлэж байгаа компанид хамааралтай зохицуулалт байсан. Барааг ОХУ-аас нэвтрүүлэхэд дор хаяж 2 цагийн өмнө оросын гаальд тээвэрлэгч тал мэдэгдэх үүрэгтэй. Тээвэрлэгч ийнхүү мэдэгдсэнээр Оросын гаалийн ажилтнууд өөрсдөө лац дарж нутаг дэвсгэрээс гарахад лацаа буцааж авдаг. Энэ ажиллагааг тээвэрлэгч буюу Т ХХК нь биелүүлээгүй. Тухайн лацыг суурилуулахад 15 минут шаарддаг ажиллагаа байсан. Лац нь тухайн барааг задарч гэмтэхээс сэргийлж бүрэн бүтэн байдлыг нь хангах, тухайн барааг таних зорилготой юм. Талуудын хооронд үүссэн харилцаа нь тээвэр зуучлалын шинжтэй үйл ажиллагаа. Т ХХК нь Европын тээвэр зуучлалын компаниудын илгээмж хүргэх журамд зааснаар гэрээ байгуулсан RTSB ХХК-д мэдэгдэх үүрэгтэй, энэ компанитай хамтарч ажилладаг, тээвэрлэлтийн үйл ажиллагааг Европоос нааш зохион байгуулах ажлыг хариуцдаг. М ХХК нь Т ХХК-тай тээврийн үйл ажиллагаа зохион байгуулуулах илгээмжийн шинжтэй гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1-д Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу Мон жүүс ХХК нь гарсан бодит хохирлоо нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Асептик Vitamin-7-Fruit баяжмалыг Нидерланд улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэлтийг зохион байгуулах зуучлуулах захиалгыг манай компанитай шууд харилцаж өгч байгаагүй бөгөөд Герман улсын тээвэр зуучийн компани болох RTSB болон иргэн Наранцэцэгтэй шууд харилцдаг байсан. Харин дээр дурьдсан хоёр этгээд нь СМГС тээврийн бичиг баримт буюу төмөр замын тээврийн падаанд бараа бүтээгдэхүүнийг буулгаж хүлээлгэж өгөх хүрэх өртөө буюу станцийн хаягийг Техник импорт терминал гэсэн хаягаар ирүүлж, бид тэдний заавраар барааг олгодог байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тээвэрлэгдээд ирсэн барааг л хүлээлгэн өгөх үүргийг бид хариуцдаг байсан. Хэрэгт авагдсан цахим шуудангийн агуулгаас харахад М компани нь иргэн Наранцэцэгтэй ачилтыг тохирсны дараа Н нь Герман Улсын RTSB компани болон Т компанийн менежер Урандэлгэрт ачаа тээвэрлэлтийн талаар мэдээлсэн байдаг. Энэ үед Ж.Н нь манай компанид ажилладаггүй байсан, манай компанийн менежер Ц.У-тэй шууд харьцаж ачааг Техник импортын терминалын хаягаар хаяглаж ирүүлсэн. Манай компанийн менежер У-ийн М ХХК-д илгээсэн 2019-03-25-ны өдрийн цахим захиа, 2019 оны 04-22-ны өдрийн CRXU3182313/20 дугаар бүхий чингэлэгээр тээвэрлэгдэж ирсэн ачааны тээврийн хөлсний нэхэмжлэх, 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн чингэлэгээр тээвэрлэгдэж ирсэн ачааны тээврийн хөлсний нэхэмжлэх, RTSB компанийн 2019 оны 03-р сарын 11-ний өдрийн HS код дурьдаж 180 евро нэхэмжилсэн гэх нэхэмжлэх, CRXU318231-3 Р 2201/30480 дугаар бүхий чингэлэгний СМГС төмөр замын наклад буюу тээврийн баримт бичиг, төлбөрийн баримтууд нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэхэд хориг тавигдсан барааны тээвэрлэлтийг манай компани зуучилж гүйцэтгэсэн гэдгийг нотлохгүй. Тээврийн баримт бичгээр манайх хориг тавигдсан ийм бараа олгоогүй, ачаагүй. Илгээгч Голланд улсын Д компанийн Нидерланд улсын Өөстерхаут хотын үйлдвэрээс хүлээн авагч М компанийн нэр дээр, хүрэх станц Улаанбаатар техник импорт терминал гэсэн хаягтайгаар 2019 оны 04-р сарын 20-ны өдөр илгээсэн ачааны нэр нь Ногооны холимог жүүс ГНГ 2009909800 гэсэн кодтой байна. Нэхэмжлэгч HS код өгөөд түүний төлбөрт 180 евро төлж ирсэн гээд байдаг. Гэтэл энэ 180 евро нь глонас лацны үнэ биш ачааны хамгаалалтын зардал гэдэг нь 2019-03-13-ны өдрийн иргэн Наранцэцгийн цахим захианд Оросын төмөр замын хамгаалалтын зардал Төмөр замаас барааны кодыг дамжуулж хамгаалалтын зардал гарах үгүйг шалгуулах болно гэж бичсэн, RTSB компанийн 2019 оны 03-р сарын 11-ний өдрийн HS код дурьдаж 180 евро нэхэмжилсэн гэх нэхэмжлэлд хамгаалалтын төлбөр гэснээр нотлогдоно. М ХХК-ний менежер Алтанзулаас 2020 оны 03-р сарын 03-ны өдөр FCA, Өстерхаут /Инкотермс 2010/ Европын холбооны татвар төлөгдөөгүй, 20 тн чингэлэг, бүтээгдэхүүн олон жимсний концентраци охь, тоо хэмжээ 18,480 кг 77 торх 240 кг, 4 градусаас доош хэмд хадгална, HS код 210690004, хүлээн авах хугацаа 2020 оны 03 сар гэсэн мэдээллийг өгч үнийн санал авах хүсэлтийг цахимаар ирүүлсэн. Үүний дагуу бид Герман Улсын тээвэр зуучийн RTSB компанид хандаж үнийн санал аваад М ХХК-д 2020 оны 03-р сарын 06-ны өдөр 3118 евро, экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал багтаагүй гэсэн тайлбарын хамт үнийн саналаа хүргүүлсэн. Голланд улсын Д компани нь өөрсдөө тээврийн баримт бичиг, гаалийн бүрдүүлэлтээ хариуцан гүйцэтгэсэн бөгөөд контейнерийг өөрийн лацаар лацадсан. Энэ нь тээврийн бичиг баримтад бичигдсэн DOHLER 0014573 нэг ширхэг ломбо гэсэн тэмдэглэгээнээс харагдана. Худалдагч буюу ачаа илгээгч нар худалдааны гэрээ байгуулахдаа олон улсын хэмжээнд мөрддөг Олон улсын худалдааны танхимаас 1936 онд гаргаж, 2010 онд шинэчилсэн олон улсын худалдааны нөхцөл болох Инкотермс 2010-ийн FCA нөхцөлөөр бараа нийлүүлэлтийн нөхцөлийг тохирсон байдаг. FCA нөхцөл нь тээвэрлэх хүртэл чөлөөтэй /нэрлэсэн газар/-ийн дагуу худалдагч , худалдан авагчийн үүрэг хариуцлагын заагийг тодорхойлсон. Худалдагчийн үүрэг хариуцлагын 1-р зүйлийн 1.2-т Худалдагч нь ачаа барааг экспортлоход шаардагдах гаалийн бүх баримт бичгүүд буюу экспортын гаалийн бүрдүүлэлтийн баримтууд аливаа зөвшөөрөл лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг өөрийн зардал эрсдэлээр хариуцна, 1.6.b.Экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцаж төлөх үүрэгтэй, 1.10.Худалдагч нь худалдан авагчийн хүсэлтээр түүний зардал эрсдэлээр импортын болон транзит тээвэрлэлтэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй, Худалдан авагчийн үүрэг хариуцлага гэсэн 2-р зүйлийн 2.2. Худалдан авагч нь барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, лиценз болон бусад шаардлагатай бичиг баримтуудын зардал, эрсдэлийг өөрөө хариуцна, 2.10.Ачаа барааны аюулгүй байдалтай холбоотой аливаа мэдээллийг худалдагчаас авах гэж тус тус заасан байна. Энэхүү Инкотермс 2010-ийн нөхцөлөөс үзэхэд Монгол улсын хуулийн этгээд болох М ХХК болон Нидерланд улсын хуулийн этгээд болох Д компани нь үйлдвэрлэлийн зориулалтаар түүхий эд худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн барааг тээвэрлэн дамжин өнгөрөх улсын буюу ОХУ-ын холбогдох дүрэм журмын шаардлагыг хангаж ажиллах үүргийг хүлээх ёстой. М компани нь барааг тээвэрлүүлж Монгол улсад ирүүлэх захиалга өгөхдөө барааны кодыг HS код 210690004 гэж, Илгээгч буюу худалдагчийн Сав баглаа боодлын жагсаалтад нь барааны нэр Асептик Витамин-7 Фруит баяжмал, Европын холбооны гаалийн тариф 210690, Агуулахын баримтад барааны код тодорхойлолт 801227021 тээврийн бичиг баримтад ГНГ2106909800 ЕТСНГ 516408 гэж ачуулсан барааны кодыг зөрүүтэй, буруу ташаа өгсөн байдаг. Энэ нь хариуцагчийн буруу биш худалдах, худалдан авах гэрээний талуудтай холбоотой байна. Барааны ГНГ буюу HS кодны тухайд оросоор ГНГ код Гармонизированная Номенклатура Грузов, англиар HS code Harmonized system code хармонайзд систем код, монголоор БТКУС код Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем гэж ойлгодог. Улс орнуудын хооронд хийгдэж байгаа гадаад худалдаанд зохицуулалт хийх, барааны урсгалыг хяналтандаа авах, барааны ангиллыг тодорхой болгох, хэллэг, найруулгыг боловсронгуй болгоход чиглэгддэг. зорилгоор Дэлхийн гаалийн байгууллагаас 1983 онд Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем-ийн тухай Олон улсын конвенцийг баталсан ба Монгол Улс энэ конвенцид 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэгдэн орж, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн гаалийн байгууллагаас уялдуулсан системийн жагсаалтыг 4-6 жил тутамд шинэчилдэг ба одоогийн байдлаар манай улсад Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны12 дугаар сарын 22-ны өдрийн А/300 дугаар тушаалын хавсралтаар баталсан Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт мөрдөгдөж байгаа. Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 560 дугаар Оросын холбооны улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай зарлигаар Эдийн засгийн хориг арга хэмжээ авсан улсуудаас гарал үүсэлтэй ХАА-н бүтээгдэхүүн, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой эдийн засгийн гадаад үйл ажиллагаа явуулахыг ОХУ-ын хуулийн этгээд, хувь хүмүүст хориглосон байдаг. Энэхүү зарлигийн үйлчлэлийн хугацааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 320, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 305, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 293, 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 420, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 293, 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 730-ны өдрийн зарлигаар тус тус сунгасан. Энэ зарлигийн 2-р зүйлийн а/-д Энэхүү зарлигын 1-р хэсэгт заасан ХАА-н бүтээгдэхүүн, түүхий эд хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гарган тус зарлигийн в дэд бүлэгт заасны дагуу засах эрхийг олгож байна гэсний дагуу ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 778 дугаар Тогтоолоор АНУ, Европын холбоо зэрэг хоригт орсон зарим улсуудаас гарал үүсэлтэй ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхийг хориглосон ХАА-н бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. М ХХК нь барааг Голланд улсаас тээвэрлүүлж ирэх захиалгыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн бөгөөд энэ үед ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 778 дугаар тогтоолын хавсралт, жагсаалтын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэн найруулсан нь үйлчилж байсан. Энэ жагсаалтаас үзэхэд Д компанийн барааны бичиг баримт болон тээврийн бичиг баримтанд болон М ХХК-ийн захиалга өгөхдөө заасан барааны ГНГ кодтой бараа нь хоригт орсон бараа байна гэж харагдахгүй байна. Уг чингэлэгтэй ачаа 2020 оны 04-р сарын 06-ны өдөр ОХУ-ын хилийн гарах өртөө буюу ОТЗ-ын Наушк өртөөн дээр ирсэн. Төмөр замын хилийн өртөө Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постоос хилээр гарах ачаануудад түүвэрчилсэн гэнэтийн шалгалт хийж Евроазийн эдийн засгийн холбооны Гаалийн тухай хуулийн 92-р зүйлийн 1 дэх хэсэг, 89-р зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх дэд хэсгийг удирдлага болгон 54391248 тавцант вагонд ачигдаж яваа ачааны талаар тодорхой мэдээлэл, холбогдох материал гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг НХНН РЖД-д хүргүүлсэн байдаг. Холбогдох мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авсныхаа дараа Алс дорнодын Гаалийн удирдах газрын Буриадын гаалийн албанаас 2020 оны 05-р сарын 15-ны өдрийн 17-0214/02378 албан тоотоор TKRU-3016854 чингэлэгт ачааг гаалийн үзлэг шалгалтад оруулах тухай шийдвэрийг НХНН РЖД-ийн Наушк өртөөний даргын үүрэг гүйцэтгэгч Б.И. Шигаев, ПАО Трансконтейнер удирдлагын нэр дээр хүргүүлжээ. Ингээд гаалийн үзлэг шалгалтын хийгдсэний дараа НХНН РЖД-ийн Наушк өртөөний даргын үүрэг гүйцэтгэгч Б.И. Шигаевын нэр дээр 2020 оны 05-р сарын 20-ны өдрийн Хоригт орсон барааг илрүүлсэн тухай 17-02-14/02391, ПАО Трансконтейнер удирдлагын нэр дээр хүргүүлсэн 2020 оны 05-р сарын 18-ны өдрийн Хоригт орсон барааг илрүүлсэн тухай 17-02-14/02410 албан тоот хүргэгджээ. Эдгээр тоотуудад ... ОХУ-ын Засгийн газрын тогтоолоор батлагдсан жагсаалтад багтсан бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосонтой холбогдуулан тээвэрлэгч, экспедитор эдгээр барааг анх илгээсэн улс орон руу буцааж татах эсвэл устгалд оруулах шийдвэрийг гаргадаг. Хэрэв ачааг буцаан татах боломжгүй болсон тохиолдолд устгалд оруулах тул уг ачааг хэрхэх тухай шийдвэрээ яаралтай мэдэгдэнэ үү гэж дурьдсан байсан. Иргэний хуулийн 413-р зүйлийн 413.7-д Гэрээний нэг талыг ердийн боломжит буюу үүргийн шинж чанарт тохирсон хугацаанд нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу манай компани энэ талаар бүх боломжит арга хэмжээгээ авсан. Тухайн ачаа гаалийн шалгалтад хамрагдаж саатуулагдаж байгаа тухай бүх мэдээлэл, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан тоотуудын хуулбар, RTSB компаниас ирүүлсэн ачааг буцаан татах хүсэлтийн загварыг хүртэл М ХХК-д цаг хугацаанд нь хүргүүлж, холбогдох арга хэмжээ авах талаар удаа дараа сануулж байсан боловч тус компани нь ачааг буцаан татах талаар ямар нэгэн заавар, зөвшөөрөл өгөөгүй. НХНН РЖД-ийн Наушк өртөө нь тухайн ачааг Монгол Улсын хилийн орох өртөө хүртэл бүрэн бүтэн тээвэрлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байсан RTSB компанитай харьцаж байсан тул бид RTSB компаниар дамжуулан TTH№2151-051029 контейнерт тээвэрлэгдэж байгаа ачаа хүлээн авагч М-ийн ачааг D Holland руу буцаан илгээнэ үү гэсэн хүсэлтийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 177/20 албан тоотоор НХНН РЖД-ийн нэр дээр хүргүүлсэн юм. Гэвч олон улсын транзит тээврийн ачааны тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудал нь олон улсын гэрээ болох Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр зохицуулагддаг ба /ОАХХ/-ийн дагуу тээвэрлэлттэй холбоотой гомдол, санал хүсэлтийг зөвхөн ачаа илгээгч эсвэл ачаа хүлээн авагч гаргах эрхтэй тул манай компанийн тавьсан хүсэлт үр дүнд хүрээгүй. Мөн ОАХХ-ийн 16 дугаар зүйлд заасны дагуу Илгээгч бичиг баримтанд заасан мэдээлэл ба өгөгдлийн үнэн зөвийг хариуцна. Илгээгч бичиг баримт дахь мэдээллийг буруу ташаа, дутуу, бүрэн бус бичсэн тохиолдолд гарах бүх хариуцлагыг хүлээнэ гэж заасан байдаг. Монгол Улсын Иргэний хуулийн 2-ийн 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэж заасны дагуу худалдагч буюу ачаа илгээгч компани дээр дурьдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас хариуцлага хүлээх үндэслэлтэй. Дамжин өнгөрөх ачааг тухайн улсын хил гаалийн байгууллагаас шалгахгүй гэсэн заавар журам, ойлголт байхгүй тул буруу мэдээлсэн барааг шалгах эсэх нь дамжин өнгөрч байгаа орны хуулийн хүрээнд явагдах үйл ажиллагаа. Тийм учраас тухайн бараа ачаа нь хил гаалийн гэнэтийн шалгалтад орсон нь хариуцагчийн буруу биш. Глонасс лац нь хиймэл дагуулын байршил тогтоох таних тэмдэг болохоос ОХУ-аар хориотой бараа дамжин өнгөрөхөд шалгахгүй байх лац бус. Манай компанийн зүгээс ОХУ-ын хилийн орох, гарах гаалийн хяналтын цэгүүд болох Смолинскийн гаалийн Краснинскийн гаалийн хэсэг, Наушкийн төмөр замын хяналтын цэгийн Гаалийн хэсэг болон НХНН РЖД-ийн ерөнхий хорооны дарга Белозеровын нэр дээр албан захидлууд илгээсэн. Энэхүү захидлаар бид холбогдох байгууллагуудаас Оросын Холбооны улсын бүхий л нутаг дэвсгэр дэх маршрутын бүх өртөөнүүдийг өнгөрсөний дараа Наушки боомт дээр ачааг зогсоож шалгасан тухай, Ачааг РЖД компанийн хилийн боомт дээр саатуулах ба ачаа хүлээн авагчид буцааж явуулах, гланосын лацыг зүүх боломжтой байсан байхад яагаад ийм арга хэмжээг аваагүй талаар тайлбар ирүүлэхийг хүссэн юм. Бидэнд зөвхөн НХНН РЖД-ийн салбар Компаний тээврийн үйлчилгээний төвөөс хариу албан бичгээр ирүүлсэн. Уг хариунд ОУТЗАХХ-ийн №051029 тоот тээврийн дагалдах бичгийн дагуу №54391248 дугаартай вагон дээрх TRKU3016854 дугаартай чингэлэг УБТЗ чиглэлээр Т ХХК хаягаар бусад газар заагаагүй хүнсний бүтээгдэхүүн болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүн /ачааны код ЕТСНГ 516408, ГНГ код 2106909800/ кодтой ачаа явсан. ... Хилийн боомт дээр ачилтын баримт бичигт заасан ачааны нэр, кодын талаарх мэдээллийг шалгаж үзсэний үндсэн дээр Глонасс дэлхийн навигацийн хиймэл дагуулын системийн технологид суурилсан битүүмжлэл суурилуулах үндэслэл тогтоогдоогүй. Тийм учраас үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу ачааг илгээгч улс руу буцаах асуудлаар тээвэрлэгч болон гаалийн байгууллагаас авсан арга хэмжээг харгалзан үзэж ачаа хүлээн авагчид учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг тухайн ачааны талаарх мэдээллийг гажуудуулж өгсөн, мөн ачааг цаг тухайд нь буцаан татах арга хэмжээ аваагүй илгээгчтэй шийдвэрлэх ёстой гэсэн хариу ирүүлсэн байгаа. Нидерланд улсын худалдааны танхимаас гаргасан / Код х2f13q15j/ 2020 оны 03-р сарын 16-ны өдрийн 8006687498 дугаартай барааны шинжилгээний гэрчилгээнд бичсэнээр М ХХК ийн худалдан авсан Асептик Vitamin-7-Fruit баяжмалын үйлдвэрлэсэн огноо 2019-10-08, дуусах хугацаа 2020-07-04-ний өдөр байсан. Мөн худалдагчийн гаргасан № 91998431 тоот Худалдааны нэхэмжлэлд Монгол Улсын хуульд заасны дагуу ачааны машин хилийн пост дээр ирэх үед бүх бүтээгдэхүүний хадгалах хугацаа 3/2 байна гэж заасан байна. М ХХК нь ч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авч тээвэрлүүлэхдээ барааны хадгалах хугацаа дуусаж байгаа гэдгийг мэдсэээр байж тээвэрлүүлсэн гэж үзэж байна. Барааны шинжилгээний гэрчилгээ, худалдааны нэхэмжлэлд дурьдсан мэдээллүүдээс үзэхэд тухайн баяжмал нь үйлдвэрлэгдсэнээсээ хойш 9 сарын хугацаанд үйлдвэрлэлд ашиглагдахаар хадгалагдаж болох ба Монгол улсын хилээр дор хаяж 2020 оны 2 дугаар сарын эхээр орж ирсэн байх ёстой байсан. Гэтэл М ХХК нь тухайн бараа бүтээгдэхүүн хилээр орж ирсэн байх ёстой баталгаат хугацаа нэг сар шахам хугацаагаар хэтэрсэн байхад барааг тээвэрлүүлж авчрах захиалгыг өгсөн. Ачаа илгээгч ч гэсэн өөрсдөө бараа бүтээгдэхүүний бичиг баримтад баталгаат хугацааг заасан мөртлөө тээвэрлэлтэд хүлээлгэн өгч байгаа нь тэдний буруутай үйлдэл. Манай компани тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцаанд орохдоо барааны үйлдвэрлэсэн огноо, дуусах хугацаа, хадгалах хугацаа зэрэг мэдээллийг мэдэх боломжгүй байсан болно. Тэгээд ч тээвэрлэгч болон зуучлагч нь ачааг тээвэрлэлтэд авахдаа тээврийн бичиг баримт болон түүнд хавсаргасан дагалдах бичиг баримтын үнэн зөвийг шалгах, бараа нь бичиг баримттайгаа тохирч байгаа эсэхийг шалгах үүргийг хүлээдэггүй. М ХХК-ийн захиалгын дагуу Голландаас TKRU-3016854 чингэлэгт ачигдаж явсан ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөөн дээр гаалийн үзлэг шалгалтад хамрагдаж, улмаар худалдагч болон худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас устгагдсан тул манай компани үүнтэй холбоотой ямар нэгэн төлбөр, хохирол төлөх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг-ийн арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг. Нэхэмжлэгч нь тухайн түүхий эдээр бүтээгдэхүүн боловсруулж, борлуулсан бол 118 798 538 төгрөгийн борлуулалтын ашиг олох байсан гэсэн тооцооллын хүснэгтийг нэхэмжлэлд хавсаргасан боловч энэ нь ашиг олох ёстой гэдгийг нотолсон баримт биш. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай гэж үзэн сайн дураараа тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан өмгөөлөл, хууль зүйн туслалцааны үйлчилгээ авч байгаа тул энэ зардалд гарсан 10 363 650 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд М ХХК-ний нэхэмжилсэн 246 833 588 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М ХХК нь захиалгат ачааг зуучилж саадгүй авчрах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд түүхий эд захиалсан үнэ 117 671 400 төгрөг, борлуулалтын ашиг нийт 118 752 480 төгрөг нийт 236 423 880 төгрөг, өмгөөллийн хөлс 10 363 650 төгрөг нийт 246 833 588 төгрөгийг манай компаниас гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Нөгөө талаас, манай компанийн гадаад агент болох RTSB компани нь Герман улсын М ХХК-ийн захиалгат ачааг Нидерланд улсын Өстерхаут хотод гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэлтийн дагалдах бичиг баримт үйлдэгдсэний дараа хүлээн авч ОХУ-ын төмөр замаар транзит чингэлэгт ачаагаар Оросын төмөр зам-ын хилийн Наушка өртөө хүртэл тээвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. TKRU-3016854 чингэлэгт ачаа нь ОХУ-ын хилийн гарах өртөө Наушки өртөөнд 2020 оны 04-р сарын 08-ны өдөр ирсэн ба Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постын түүвэрчилсэн гэнэтийн шалгалтанд хамрагдсан. Гаалийн шалгалтаар тухайн ачаа нь хоригт орсон бараа болох нь илэрсэн тул Наушкийн гаалийн шалган нэвтрүүлэх постоос НХНН РЖД-ийн Наушк өртөөний даргын үүрэг гүйцэтгэгч Б.И. Шигаевт 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, ПАО Трансконтейнер удирдлагад 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тухайн чингэлэгт ачааг анх илгээсэн улс орон руу буцааж татах эсвэл устгалд оруулах талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн байдаг. RTSB компаниас энэхүү мэдэгдэлийн талаар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн ба бид мөн өдөр Монжүүс ХХК-д энэ талаар мэдэгдсэн. Манай компани нь тухайн саатсан ачааны талаар холбогдох арга хэмжээ авахыг М ХХК-д компанид удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөхгүй байсан тул гаалийн байгууллагаас уг барааг хураан авч 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр устгалд оруулсан байсан. RTSB компани тээврийн хөлс 2.688,00 ам долларын нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, TKRU-3016854 чингэлэгт ачаа Наушка өртөөн дээр сааатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал 6.553,00 ам долларын нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны цахим шуудангаар манайд ирүүлсэн. Манай компани нь гадаад агентын нэхэмжилсэн тухайн сарын төлбөрийг хэлцэлийнхээ дагуу нийт 9.241,00 еврог Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан төлсөн байгаа. Т ХХК нь М ХХК-ийн захиалгат ачааг Нидерланд улсын Өөстерхаут хотоос ОХУ-ын хилийн Наушка өртөө хүртэл тээвэрлэсэн тээврийн хөлс 2 688 евро, чингэлэгийн сул зогсолт, хадгалалтын зардал 6 553 евро нийт 9 241 евро буюу 32 170 693 төгрөгийг Монжүүс ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т  ХХК-иас тээвэрлэлтийн зардал 2 688 еврог нэхэмжилж байна. Энэ бол RTSB компани болон хариуцагч компани хоёрын хооронд үүссэн гэрээний харилцаа тул М ХХК хариуцахгүй. М ХХК нь Т ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан ба хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул төлбөр төлөх боломжгүй. М ХХК-ийн барааг Монгол Улсад авчрах гэсэн тохиролцоог хийсэн ба Т ХХК ямар маршрутаар аль улсаар дамжуулж тээвэрлэхийг өөрсдөө хариуцсан. Тээвэрлэлтээс болж гарах эрсдлийг хариуцагч компани өөрсдөө хариуцах ёстой. Т ХХК-д бараагаа авах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч хариу өгөөгүйн улмаас гаалийн ажилтнууд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тухайн барааг устгасан. М ХХК-ийн зүгээс Т ХХК-ийн ирүүлсэн мэйлд тэр дор нь хариу өгч байсан. Манай компанийн зүгээс бараагаа бүрэн бүтэн авах шаардлагыг удаа дараа тавьж байсан. Т ХХК нь барааг бүрэн бүтэн тээвэрлэж М ХХК-д хүлээлгэж өгөх гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Бид үүргээ биелүүлэхийг шаардсан болохоос барааг устгалд оруул гэж ямар нэг шийдвэр гаргаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь Т ХХК-д холбогдох тээвэрлэлтийн улмаас учирсан хохирол 236 423 880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, хариуцагч нь М ХХК-д холбогдох тээвэр зуучийн төлбөрт төлсөн 32 170 693 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

М ХХК нь Н-ын Д компаниас 2020 оны 3-р сард 41 580 ам.долларын үнэ бүхий 18 480 кг 77 торх олон жимстийн охийг худалдах, худалдан авах гэрээ хийхдээ Олон улсын худалдааны Инкотермс-2010 нөхцөлийн /бүх төрлийн тээвэрт ашиглагдах нөхцөл/-ийн FCA нөхцөлөөр тохирчээ.

 

Энэхүү нөхцөл нь нэг нь нөгөөдөө санал болгож байгаа, олон улсын гэрээ конвенцоор тодорхойлоогүй, олон улсын хэмжээнд худалдагч, худалдан авагчийн хооронд байнга хэрэглэгдэх, тээвэрлэлтийн талаар урьдчилан тогтоосон стандарт нөхцөл байна.

 

Инкотермс-2010 FCA нөхцөл нь нэрлэсэн газар тээвэрлэх хүртэл чөлөөтэй нөхцөлөөр худалдагч, үйлдвэрлэгч нь ачаа барааг худалдагчийн зөвшөөрсөн нэрлэсэн газарт, эсхүл тохиролцсон өөр нэрлэсэн газарт худалдан авагчийн нэрлэсэн тээвэрлэгч, эсхүл санал болгосон гуравдагч этгээдийн мэдэлд хүлээлгэн өгдөг байна.

 

Энэ нөхцөлд худалдагч, худалдан авагчийн үүрэг хариуцлагыг тодорхойлсон байх ба худалдагч барааны нэхэмжлэх, бусад шаардлагатай бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэх, ачаа барааны экспортын гаалийн бүх баримт, бүрдүүлэлтийг хийх, татвар хураамжийг хариуцах, эрсдлийг хариуцах үүрэгтэй, харин тээвэрлэлтийн болон даатгалын гэрээ байгуулах үүрэггүй, барааг нэрлэсэн тээвэрлэгчид, эсхүл худалдан авагчийн нэрлэсэн гуравдагч талд барааг нийлүүлэх, тээвэрлэгчид шилжүүлснээ худалдан авагчид мэдэгдэх үүрэгтэй байна.

 

Харин худалдан авагч нь барааны үнийг худалдагчид төлөх, барааг импортлоход шаардагдах зөвшөөрөл, бусад шаардлагатай бичиг баримт, импортын гаалийн бүрдүүлэлтийг өөрийн зардал, эрсдлээр хариуцах, импортын гаалийн татвар, бусад хураамж, импортын үзлэг шалгалт, импортын гаалийн бүрдүүлэлтийн бүх зардлыг төлөх, ачааг тээвэрлэхтэй холбоотой бүх үүргийг хариуцаж тээврийн гэрээ байгуулах, зардал төлөх, худалдагчид тээвэрлэгчийн нэр, нийлүүлэлтийн хугацаа, тээврийн төрөл, нэрлэсэн нийлүүлэх газраас барааны нийлүүлэлтийг хүлээх авах эцсийн цэг зэргийг мэдээлэх үүрэгтэй, эцсийн цэгээс ачааг хүлээн авах, ачаа барааны аюулгүй байдалтай холбоотой аливаа мэдээллийг худалдагчаас авах үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Энэхүү Инкотермс 2010 нөхцөлөөр Монжүүс ХХК-ний худалдан авсан HS210690004 код бүхий бүтээгдэхүүний эрүүл ахуйн, сав баглаа боодлын, хүнд металлын, шинжилгээний гэрчилгээ зэрэг бичиг баримтууд бүрдсэн, барааны үнийн нэхэмжлэлийг үндэслэн Дохлер компанид төлсөн, энэ талаар талууд /хх 1-р хавтас 8-40/ маргаагүй байна.

 

Харин М ХХК нь бараа бүтээгдэхүүнээ Герман улс Малашевиче станцаас Д компаний өөрийн контейнераас Улаанбаатар хот, Техник импорт ХК-ний терминал хүртэл тээвэрлүүлэхэд Ти Ай ложистик ХХК-иар зуучлуулахаар цахим шуудангаар, ажил хэргийн тогтсон хэмжээнд тохирсон нь 2020 оны 3-р сарын 3-ны өдөр цахим шуудангаар илгээсэн үнийн санал авах хүсэлт, 2020 оны 3-р сарын 6-ны 3 118 евро гэсэн үнийн санал, 2020 оны 3-р сарын 13-ны өдрийн ачаа барааг ачсан болон замын хөдөлгөөнийг мэдээлсэн цахим шуудан /1-р хавтас хх 37-39, 2-р хавтас 118-134/, үзлэг хийсэн тэмдэглэл, 2018-2019 онд төлбөр төлж байсан баримт /1-р хавтас 142-145/ зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

Т ХХК-ний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд эрхлэх ажлынхаа хүрээнд М ХХК-ний ачаа барааг тээвэрлүүлэхээр Герман улсын RTSB компанид зуучилж Иргэний хуулийн 413-р зүйлийн 413.1-д заасан тээвэр зуучлалийн ажиллагаа буюу худалдааны зуучлагчийн үүргийг гүйцэтгэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Т ХХК-тай тээвэрлэлтийн, илгээмжийн, даалгаварын гэрээний шинжтэй холимог гэрээ байгуулсан гэж тайлбарласан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 380-р зүйлд заасан Тээвэрлэлтийн гэрээ, 399-р зүйлд заасан Даалгаварын гэрээ, 407-р зүйлд заасан Илгээмжийн гэрээ-ний шинжийг агуулсан холимог гэрээ гэх үндэслэлгүй.

 

Илгээгч Дохлер компани нь өөрсдөө тээврийн баримт бичиг /наклад/, гаалийн бүрдүүлэлтийг хийсэн бөгөөд контейнерийг DOHLER 0014573 лацаар тэмдэглэгээ хийсэн, HS210690004 код бүхий бараа худалдан авсан талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Гагцхүү ачигдсан бараа бүтээгдэхүүн нь Монгол улсад ирээгүй, ОХУ-ын хилийн Наушки өртөөнд 2020 оны 4-р сарын 6-нд ирсэн боловч Монгол улсын хилээр нэвтрүүлээгүй, тусгай Глонасс лац тавиагүйгээс ОХУ-ын нутагт устгагдсан тул хохирсон талаар маргаж Т ХХК-иас хохирол гаргуулахаар маргажээ.

 

М ХХК-ний Герман улсаас худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийг урьд нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэгдэж байсан, энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаж байгаагүй, Нидерландаас тээвэрлэгдэх ачаа нь мөн ОХУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар тээвэрлэгдсэн, энэ талаарх тээврийн бичиг баримт буюу наклад худалдан авагчид /1-р хавтас 55, 2-р хавтас 200, 3-р хавтас 18/ иржээ.

 

Ачаа тээврийн бичиг баримтад М ХХК-ний худалдан авсан барааны код ГНГ2106909800 ЕТСНГ 516408 гэж бичигдсэн байх ба худалдан авсан гэх барааны HS210690004 кодоос өөр байсныг худалдан авагч, мэдээгүй, түүнчлэн тухайн ачаа барааг ОХУ-ын нутаг дэсгэрээр тээвэрлэгдэхгүй байсан талаар нэхэмжлэгч нь худалдагч, илгээгч Д компанид гомдол гаргаж байгаагүй, Т ХХК-тай ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлүүлэхгүй талаар тохироогүй байна.

 

Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 08-р сарын 06-ны өдрийн 560 дугаартай Оросын холбооны улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх эдийн засгийн тусгай арга хэмжээний тухай зарлиг, ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 08-р сарын 07-ны өдрийн 778 дугаар тогтоолоор ...АНУ, Европын холбоо зэрэг хоригт орсон зарим улсуудаас гарал үүсэлтэй ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхийг хориглосон ХАА-н бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталж эдийн засгийн хориг хэмжээ авсан бөгөөд энэ тогтоолын хавсралтаар баталсан хориглосон барааны жагсаалтад ...барааны код 2106 90 920 0 с, 2106 90 9804-с, 2106 90 980 5-с, 2106 90 980 9-с код бүхий хүнсний болон бэлэн бүтээгдэхүүн /биологийн нэмэлт, ...витамин эрдсийн иж бүртэл, амт оруулагч, нэмэлт уургийн баяжмал/ ... зэрэг хүнсний болон нэмэлт бүтээгдэхүүнүүд багтжээ.

 

Харин хориглосон барааны жагсаалтад М ХХК-ний худалдан авсан тээврийн бичиг баримтад тусгагдсан ГНГ2106909800 ЕТСНГ 516408 код бүхий бараа бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл, Д компаний илгээсэн барааны болон тээврийн бичиг баримтад тусгагдсан код бүхий бараа бүтээгдэхүүн багтаагүй /2-р хавтас 108-119/ байна.

 

Өөрөөр хэлбэл, нэмж Глонасс гэх лац тавих байсан, ийм лац хэрэглэгддэг талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна М ХХК нь 2018-2019 онд хамгаалалтын зардалд 180 евро төлснийг ... шалгуулах болно гэж /хх 47/ цахим шуудангаар харилцаж байснаас үзвэл энэ нь лацны төлбөр бус, хамгаалалтын зардал төлж байсан гэх үндэслэлтэй.

TKRU-3016854 чингэлэг бүхий ачаа ОХУ-ын хилийн Наушки өртөөнд 2020 оны 04-р сарын 06-ны өдөр ирсэн, ОХУ-ын төмөр замын хилийн өртөө, гаалийн шалган нэвтрүүлэх постоос ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу хилээр гарах ачаануудад шалгалт хийсэн, үзлэг шалгалтаар хоригт орсон бараа бүтээгдэхүүн илрүүлсэн, энэ талаар эрх бүхий этгээдэд Алс дорнодын Гаалийн удирдах газрын Буриадын гаалийн албанаас 2020 оны 05-р сарын 15-ны өдрийн №17-0214/02378 албан тоотоор TKRU-3016854 чингэлэгт ачааг гаалийн үзлэг шалгалтад оруулах тухай шийдвэрийг НХНН РЖД-ийн Наушки өртөөний даргын үүрэг гүйцэтгэгч Б.И. Шигаев, ПАО Трансконтейнер удирдлагын нэр дээр /2-р хавтас 26-34/ хүргүүлсэн, улмаар 2020 оны 05-р сарын 20-ны өдрийн Хоригт орсон барааг илрүүлсэн тухай №17-02-14/02391, 2020 оны 05-р сарын 18-ны өдрийн Хоригт орсон барааг илрүүлсэн тухай №17-02-14/02410 албан бичгээр мэдэгдсэн, улмаар хориглосон бараа бүтээгдэхүүнийг илгээгч рүү буцааж татах, эсхүл устгалд оруулахыг тус тус мэдэгджээ.

 

Түүнчлэн Т ХХК-ний захирал Д.Г-т ирүүлсэн РЖД ОНХК-ийн салбар Компаний тээврийн үйлчилгээний төвийн 2020 оны 11-р сарын 01-ний өдрийн 258/20 тоот мэдэгдэх хуудсанд ... TKRU-3016854 дугаартай чингэлэг, ...ачааны код ГНГ2106909800 ЕТСНГ 516408... 2020 оны 3-р сарын 27-нд Москвагийн төмөр замын Смоленск-Сортировочный хилийн боомт дээр хүлээн авсан. Хилийн боомт дээр ачилтын баримт бичигт заасан ачааны нэр, кодын талаарх мэдээллийг шалгаж үзсэний үндсэн дээр Глонасс дэлхийн новигацийн хиймэл дагуулын системийн технологит суурилсан битүүмжлэл суурилуулах үндэслэл тогтоогдоогүй, Наушки өртөөнд ...чингэлэгийг гаалийн шалгалтанд оруулахаар салгаж авсан, ....шалгалтаар ОХУ-ын нутаг дэсгэрээр дамжин өнгөрөхдөө электрон навигацийн тамга дарах шаардлагатай код:210690 бүтээгдэхүүн байгааг тодорхойлсон..., ачааг тээвэрлэгчид буцаах, ОХУ-ын нутаг дэвсгэрээс татан авах, арга хэмжээ авахыг мэдэгдсэн, хураан авах, устгах арга хэмжээ авч байсныг мэдэгдлээр мэдэгдсэн /2-р хавтас 120-122/ байна.

Улмаар ОХУ-ын Буриадын гаалийн газар, Наушкийн төмөр замын шалган нэвтрүүлэх цэгийн гаалийн пост, нэвтрүүлэх постын эрх бүхий албан тушаалтнуудын 2020 оны 07-р сарын 17-ны өдрийн 10718000 /170720/ У0004 дугаартай хилээр нэвтрүүлэн оруулах хориотой бүтээгдэхүүнийг устгалд оруулах тухай актаар дээрх барааг /2-р хавтас 53-56/ устгажээ.

Худалдааны зуучлагч Т ХХК нь М ХХК-д энэ талаарх мэдээлэл, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан тоотуудын хуулбар, RTSB компаниас ирүүлсэн ачааг буцаан татах хүсэлт, загвар зэргийг тухай бүр хүргэсэн, холбогдох арга хэмжээ авах талаар сануулсан байх ба Иргэний хуулийн 413-р зүйлийн 413.7-д заасан үүргээ гүйцэтгэсэн, RTSB компаниар дамжуулан Д компанид буцаан хүргүүлэх ОХУ-ын Төмөр замын байгууллагат 2020 оны 05-р сарын 29-ний өдрийн 177/20 албан тоотоор хүргүүлсэн байна.

Хэдийгээр Олон улсын ачааны харилцааны хэлэлцээрт зааснаар тээвэрлэлттэй холбоотой гомдол, санал хүсэлтийг зөвхөн ачаа илгээгч эсвэл ачаа хүлээн авагч гаргах эрхтэй, 16 дугаар зүйлд зааснаар тээврийн бичиг баримтад заасан мэдээлэл, өгөгдлийн үнэн зөвийг илгээгч хариуцна, мэдээллийг буруу ташаа, дутуу, бүрэн бус бичсэн тохиолдолд гарах бүх хариуцлагыг хүлээдэг боловч зуучлагч Ти Ай ложистик ХХК нь боломжит арга хэмжээг /1-р хавтас 77-92, 2-р хавтас 236-238/ авчээ.

Дээрх нөхцөл байдал, баримтуудаас дүгнэвэл, Оросын холбооны улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх эдийн засгийн тусгай арга хэмжээний хүрээнд ...АНУ, Европын холбоо зэрэг хоригт орсон зарим улсуудаас гарал үүсэлтэй ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхийг хориглосон барааг тээвэрлэх тохиолдолд Глонасс дэлхийн новигацийн хиймэл дагуулын системийн технологит суурилсан битүүмжлэл буюу тамга дарах шаардлагатай байжээ.

М ХХК-ний TKRU-3016854 бүхий чингэлэгт ачигдсан ГНГ2106909800 ЕТСНГ 516408...код бүхий ачаа нь шалгалтаар хориотой бараа буюу 210690 код бүхий бараа бүтээгдэхүүн байсан, хилийн, гаалийн үзлэг шалгалтаар хориотой бараа илэрсний улмаас 2020 оны 7-р сарын 17-нд устгагдсанд Т ХХК-ний буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Нөгөө талаас, TKRU-3016854 чингэлэгийг DOHLER 0014573 лацаар лацадсан нь чингэлгийг битүүмжилсэн баталгаа бөгөөд тухайн лац ломбо гэмтсэн, битүүмжлэл алдагдсан талаар талуудын хооронд маргаан гараагүй байна.

Нидерланд улсын худалдааны танхимаас гаргасан 2020 оны 03-р сарын 16-ны өдрийн 8006687498 тоот барааны шинжилгээний гэрчилгээнд Асептик Vitamin-7-Fruit баяжмалын үйлдвэрлэсэн огноо 2019-10-08, дуусах хугацаа 2020-07-04-ний өдөр, 91998431 тоот Худалдааны нэхэмжлэлд Монгол улсын хуульд заасны дагуу ачааны машин хилийн пост дээр ирэх үед бүх бүтээгдэхүүний хадгалах хугацаа 3/2 байна /2-р хавтас 15-91/ гэжээ.

Хэдийгээр М ХХК-ний худалдан авсан, тээвэрлэгдсэн бүтээгдэхүүний хадгалах хугацааны талаар маргаан гараагүй боловч Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйл /Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага/-ийн 11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байжээ.

Эдгээр үндэслэлээр, Т ХХК нь М ХХК-ийг Д компаниас худалдан авсан барааны үнэнд төлсөн 117 671 400 төгрөгөөр хохироогоогүй, олон улсын худалдааны Инкотермс 2010 /тээвэрлэх хүртэл чөлөөтэй/ FCA нөхцөлөөр гэрээ хийсэн бол худалдан авсан бараа бүтээгдэхүүний баримт бичгийн бүрдүүлэх, нэрлэсэн газарт хүргэх, экспорт, импортын хил гаалийн бүрдүүлэлт хийх үүрэг нь худалдагч, худалдан авагчид байдаг, эрсдлийг мөн хариуцна.

Нэхэмжлэгч нь тухайн түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж 118 798 538 төгрөгийн ашиг олох байсан гэж маргаж, 1-р хавтаст хэргийн 57-р тал, 141 дэх талд авагдсан тооцооллыг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу 2018, 2019, 2020 онд ашиг олсон талаар тайлагнасан татварын тайлан болон бусад нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, компаний тухайн жилийн борлуулалтын орлогоос ашиглалтын зардал болон төлсөн татвар хураамжийг хасаж жилийн цэвэр ашиг 118 978 538 төгрөг олох байсан нь баримтаар тогтоогдоогүй, олох байсан орлого 417 114 865 төгрөгөөс бараа бүтээгдэхүүний өртөг 298 316 328 төгрөгийг хасч 118 798 538 төгрөгийг олох байсан ашиг гэж тооцохгүй.

Нэхэмжлэгч М ХХК нь 2020 оны 12-р сарын 30-ны өдөр А ХХН-ийн хуульч Х.Н /шүүхэд төлөөлөх эрхтэй/, С.Дэ нарт /1-р хавтас 69/, 2021 оны 2-р сарын 24-ний өдөр М ХХК-ний менежер Л.А-д /2-р хавтас 1/, 2021 оны 3-р сарын 1-ний өдөр Д.Б, О. М нарт 2-р хавтас 104/, 2021 оны 3-р сарын 31-ний өдөр Л.Ц-д /3-р хавтас 26/ тус тус Ти Ай ложистик ХХК-д холбогдох хэрэгт өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжэлийг бичгээр олгожээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35-р зүйлийн 35.1-д зааснаар М ХХК нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах ба төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болно.

Төлөөлүүлэгч нь 2021 оны 3-р сарын 12-ны өдөр С.Д-д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан /2-р хавтас 206/ байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Х.Н нь шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлсөн байна.

Харин энэ хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчийн хувьд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй боловч төлөөлөгч, төлөөлүүлэгч нар харилцан тохирч ажлын хөлс 10 363 650 төгрөг төлжээ. /2-р хавтас 211, 224/

Өөрөөр хэлбэл, төлөөлүүлэгч нь төлөөлөгчид төлсөн хөлсийг өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсний зардалд тооцож Т ХХК-иас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Т ХХК нь RTSB компани нь Нидерланд улсын Өстерхаут хотоос ОХУ-ын хилийн Наушки өртөө хүртэл М ХХК-ний ачааг тээвэрлэхэд зуучилсан зардал 2 688 евро, чингэлэгийн сул зогсолт, хадгалалтын зардал 6 553 евро нийт 9 241 евро буюу 32 170 693 төгрөгийг М ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Т ХХК нь тээвэр зуучийн үүрэг гүйцэтгэхдээ RTSB компаниар ОХУ-ын Наушки өртөө хүртэл тээвэрлүүлсэн байх ба тус компаний 2020 оны 4-р сарын 1-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу 2 688 евро, Наушки дахь сул зогсолт, хадгалалтын зардал 6 553 евро төлөхийг 2020 оны 4-р сарын 1 болон 2020 оны 6-р сарын 06-ны өдрийн нэхэмжлэхээр 9 241 евро төлөхийг / 2-р хавтас 127-130/ мэдэгджээ.

Т ХХК нь дээрх төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгээр / хх 131-312/ шилжүүлсэн, үүгээр Т ХХК нь RTSB компаний өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байна.

Нөгөө талаас, TKRU-3016854 чингэлэгт ачаа ОХУ-ын Наушки өртөөнд тухайн улсын эрх бүхий байгууллагын шалгалтын улмаас саатуулагдсантай холбоотой сул зогсолт, хадгалалтын зардал гарсанд М ХХК буруугүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй.

Хэргийн 2-р хавтас 191-195 дахь талд авагдсан Бээжин, Тяньжиний компанитай харилцсан цахим шуудан, Б ХХК, SGL компатиай хийсэн /хх 203-204/ тооцооны үлдэглийн баталгаа нь энэ хэрэгтэй холбоогүй, 1-р хавтас 140-243-р талд авагдсан баримтууд нь шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн хүсэлттэй холбоотой баримтууд байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 413-р зүйлийн 413.1, 413.11 дэх хэсэг, 359-р зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ХХК-иас 246 833 588 /хоёр зуун дөчин зургаан сая найман зуун гучин гурван мянга таван зуун наян найм/ төгрөг гаргуулахыг хүссэн М ХХК-ний үндсэн нэхэмжлэл, Иргэний хуулийн 380-р зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-иас 32 170 693 /гучин хоёр сая нэг зуун далан мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөг гаргуулахыг хүссэн Т ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 527 576 /нэг сая таван зуун хорин долоон мянга таван зуун далан зургаа/ төгрөг, хариуцагч Т  ХХК-иас төлсөн 318 804 /гурван зуун арван найман мянга найман зуун дөрөв/ төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА