Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 183/2021/01343/И |
Дугаар | 001/ХТ2023/00114 |
Огноо | 2023-06-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2023/00114
Д.З, Ц.Цнарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00100 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/00602 дугаар магадлалтай,
Д.З, Ц.Цнарын нэхэмжлэлтэй
“ШӨТ” ХХК, А.Бнарт холбогдох
Нийслэлийн .........орон сууцыг хариуцагч А.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “ШӨТ” ХХК-тай байгуулсан 2020.05.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцлах, гэрээний дагуу алданги 28,654,192 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 10,400,000 төгрөг, нийт 39,054,192 төгрөгийг хариуцагч “ШӨТ” ХХК-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “ШӨТ” ХХК-ийн нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан 2020.05.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, урьдчилгаанд өгсөн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “ШӨТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.З, Ц.Цнар хариуцагч А.Бболон “ШӨТ” ХХК-д тус тус холбогдуулан Нийслэлийн .........орон сууцыг хариуцагч А.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “ШӨТ” ХХК-тай байгуулсан 2020.05.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцлах, гэрээний дагуу алданги 28,654,192 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 10,400,000 төгрөг, нийт 39,054,192 төгрөгийг хариуцагч “ШӨТ” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “ШӨТ” ХХК-ийн нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан 2020.05.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, урьдчилгаанд өгсөн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00100 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч А.Бгийн хууль бус эзэмшлээс Нийслэлийн ........., эрхийн улсын бүртгэлийн Ү-..........дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5-д зааснаар Ц.Цболон “ШӨТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020.05.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч “ШӨТ” ХХК-аас алданги 28,654,192 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 10,050,000 төгрөг, нийт 38,704,192 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.З, Ц.Цнарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нарт холбогдох Ц.Цболон “ШӨТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020.05.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч “ШӨТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, П.Знараас худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан 27,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “ШӨТ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,127,448 төгрөг, хариуцагч “ШӨТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939,610 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нарт, мөн хариуцагч “ШӨТ” ХХК-иас 292,950 төгрөгийн нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж, мөн “ШӨТ” ХХК-иас 998,131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, Д.Зт нарт олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/00602 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ШӨТ” ХХК-аас 10,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.З, Ц.Цнарт олгож, үлдэх 29,004,192 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар Ц.Ц, “ШӨТ” ХХК нарын хооронд 2020.05.09-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Д.З, Ц.Цнараас 27,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “ШӨТ” ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 1,127,448 төгрөг, хариуцагч “ШӨТ” ХХК-аас төлсөн 939,610 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 704,027 төгрөгийг улсын төсвөөс, мөн улсын тэмдэгтийн хураамжид 175,750 төгрөгийг хариуцагч “ШӨТ” ХХК-аас, 70,200 төгрөгийг хариуцагч А.Бгаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.З, Ц.Цнарт тус тус буцаан олгож, нэхэмжлэгч Д.З, Ц.Цнараас улсын тэмдэгтийн хураамжид 1,232,560 төгрөгийг гаргуулан хариуцагч “ШӨТ” ХХК-д буцаан олгож, хариуцагч “ШӨТ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 292,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулсугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг 5 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “ШӨТ” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ШӨТ” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.15-ны өдөр урьдчилан төлсөн 939,610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч “ШӨТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.10-ны өдрийн 183/ШШ2023/00100 дугаар шийдвэрээр Д.З, Ц.Цнарын нэхэмжлэлтэй, хариуцагч “ШӨТ” ХХК болон А.Бнарт холбогдох, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, гэрээний алданги 28,654,192 төгрөг, хохирол 10,400,000 төгрөг, нийт 39,054,192 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2020.05.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, урьдчилгаанд өгсөн 27,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд үндсэн болон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Улмаар хариуцагч “ШӨТ” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2023.03.20-ны өдрийн 210/МА2023/00602 тоот Магадлалын хянавал хэсгийн 4б-д: Хэргийн баримтаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч талд 10,050,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул уг хохирлыг хариуцагч “ШӨТ” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ гэж дүгнэсэн. Дээрх магадлалын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.25-ны өдрийн 001ШХТ2023/000588 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч “ШӨТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оы гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч “ШӨТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Д.З, Ц.Цнар нь хариуцагч А.Бболон “ШӨТ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагаа хариуцагч тус бүрт дараах байдлаар холбогдуулжээ:
7.1.Хариуцагч “ШӨТ” ХХК-д холбогдуулан тус компанитай байгуулсан 2020.05.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцалсан үндэслэлээр гэрээний дагуу алданги 28,654,192 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 10,400,000 төгрөг, нийт 39,054,192 төгрөгийг гаргуулах,
7.2. Хариуцагч А.Бд холбогдуулан Нийслэлийн .........орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон байна.
8. Хариуцагч “ШӨТ” ХХК-д холбогдох шаардлагын үндэслэлээ ““ШӨТ” ХХК нь 2020.05.09-ний өдөр Ц.Цтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 2А блок, 9 дүгээр давхрын 52 тоотод байрлах, 71,06 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон. ...нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээ байгуулснаас хойш 11 сар өнгөрсөн боловч төлбөрөө бүрэн төлөөгүй. ... энэ гэрээг цуцалж, өгсөн авснаа буцаах шаардлага гарсан. ... гэрээний дагуу хүлээн авсан 27,000,000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, ... худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлаад алданги 28,654,192 төгрөг, энэ хугацаанд бусдын орон сууцанд хөлс төлж амьдарснаас учирсан хохирол 10,400,000 төгрөг, нийт 39,054,192 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.
9. Хариуцагч А.Бд холбогдох шаардлагын үндэслэлээ “... орон сууцны өмчлөгч нь бид хэвээр байгаа, ... хариуцагч А.Бнь маргаан бүхий орон сууцанд одоо амьдарч, эзэмшиж байгаа нь тогтоогдсон, ... А.Бболон “ШӨТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнээс харахад тухайн гэрээнд дурдсан орон сууцны хаяг нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн байртай таарахгүй, өөр байршилд, өөр орон сууц худалдан авах гэрээ хийсэн атлаа нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцанд орж, чөлөөлж өгөхгүй маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ” гэж тодорхойлжээ.
10. Хариуцагч “ШӨТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... “ШӨТ” ХХК нь 2020.05.09-ний өдөр Ц.Цтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ... нийт 27,000,000 төгрөг төлсөн. Гэтэл дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас ... үлдсэн төлбөрөө төлж чадаагүй. ... гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг зөрчсөн буюу Ц.Цнь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй болохоо нотлоогүй ... өмчлөгч Д.Зын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. ... алданги, хохирол төлөх үндэслэлгүй” гэж маргасан.
11. Хариуцагч А.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... А.Бнь 2019.12.05-ны өдөр “ШӨТ” ХХК-ийн захирал н.Бат-Оюунтай гэрээ байгуулж, тухайн компанийн барьж байсан Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд вилла хотхоны В блокны 2 дугаар орц, 4-11 дүгээр давхарт 3 өрөө орон сууц худалдан авахаар тохиролцож, ... нийт 108,602,000 төгрөгийг төлсөн. ... байрандаа 2020 онд нүүн орж, өнөөдрийг хүртэл амьдарч байна ... нэхэмжлэгч нар А.Бгийн амьдарч буй орон сууцны гэрчилгээг 2021.04.05-ны өдөр гаргуулан авсан ... тухайн үед энэ байрыг хэн нэгэнд давхар зарсан талаар мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбараа ирүүлсэн байна.
12. Хариуцагч “ШӨТ” ХХК нэхэмжлэгч нарт холбогдуулан тэдгээрийн хооронд 2020.05.09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, төлбөрт урьдчилан шилжүүлсэн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг үндэслэн сөрөг шаардлага гаргасан байна. Шаардлагын үндэслэлээ “... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг хийхдээ бусад өмчлөгчдийн зөвшөөрлийг аваагүй, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулна.” гэсэн бол нэхэмжлэгч нар “... бид нэг гэр бүлийн хүмүүс буюу эхнэр, нөхөр, ... анхнаасаа хэлцлийг хамтдаа байгуулсан тул хүчин төгөлдөр, гагцхүү гэрээг цуцлах үндэслэлтэй” гэж сөрөг шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна.
13. Анхан шатны шүүх хариуцагч А.Бд холбогдох шаардлагыг бүхэлд нь, хариуцагч “ШӨТ” ХХК-д холбогдох шаардлагын зарим хэсгийг ханган, үлдэх хэсэг болох 350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй явдалд худалдан авагч тал буюу “ШӨТ” ХХК буруутай гэж үзэн, тэдгээрийн хооронд 2021.03.10-ны өдөр тооцоо нийлсэн актаар тохирсон алданги 28,654,192 төгрөг, нотлох баримтаар тогтоогдож буй түрээсийн төлбөр 10,050,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах үндэстэй гэж дүгнэсэн.
Улмаар ““ШӨТ” ХХК болон А.Бнарын хооронд 2019.12.05-ны өдөр байгуулагдсан гэрээ нь орон сууцны байршил, талбайн хэмжээ өөр байх тул А.Бг нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн. ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хууль ёсны өмчлөгч нар эд хөрөнгөө шаардан гаргуулах эрхтэй.” гэж үзжээ.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээ нэгэнт цуцлагдсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар бус харин гэрээг цуцалсантай холбоотой талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүргийн дагуу нэхэмжлэгч нар хүлээн авсан мөнгөн төлбөр буюу 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас буцаан гаргуулах үндэстэй гэж дүгнэн “ШӨТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байна.
14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хариуцагч А.Бд холбогдох хэсгийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн хэвээр үлдээжээ. Харин хариуцагч “ШӨТ” ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109.1, 110.1, 145.2, 245.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх дүгнэлт хийсэн байна. Энэ дүгнэлтийн дагуу хариуцагч “ШӨТ” ХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэлээс алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирол 10,050,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
15. Хариуцагч “ШӨТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.О нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль хэрэглээний зөрүүтэй байгааг дурдаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан ба хяналтын шатны шүүх хоёр шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээний зөрүүтэй байх хэдий ч эдгээр нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, харин хэрэглээний алдааг залруулж зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
16. Зохигч нь нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч “ШӨТ” ХХК нарын хооронд 2020.05.09-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргажээ. Анхан шатны шүүх тус гэрээг хуульд заасан журмаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн байна.
Маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Худалдах-худалдан авах гэрээ нь үүргийн хэлцэл тул түүний үндсэн дээр өмч шилжүүлэх үйлдэл хийгдэнэ. Ийнхүү үүргийн ба өмчийн хэлцлийг тусгаарлан, эдгээр хэлцэл тус бүрт хэлбэрийн ялгаатай шаардлага үйлчлэхийг хийсвэрлэн дүгнэх зарчмыг анхаараагүй давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
17. Хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах тохиролцоог талууд амаар болон бичгээр хийх хууль зүйн боломжтой бөгөөд худалдах-худалдан авах үүргийн хэлцэлд нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх тухай хэлбэрийн шаардлага тавигддаггүй. Худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид эд хөрөнгийн үнийг төлөхөөр харилцан амлах ба энэ нь өмчийн хэлцэл хийгдэх шалтгаан болно. Энэ тохиролцоог үүргийн хэлцэл гэнэ. Худалдах-худалдан авах амлалтыг агуулсан үүргийн хэлцлийг нэхэмжлэгч Ц.Ц(худалдагч), хариуцагч “ШӨТ” ХХК (худалдан авагч) нар байгуулсан байна. Худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж, гэрээний гол нөхцөл болох орон сууцны шинж байдал, үнэ төлөх нөхцөл, хугацаа зэргийг хангалттай тодорхой тохирчээ. Иймд үүргийн хэлцэлд тавигдах хэлбэрийн ба агуулгын шаардлагыг хангасан гэж үзнэ. Улмаар үүргийн хэлцлийн дагуу худалдагч тал төлбөрөө шаардах эрх, худалдан авагч тал гэрээний зүйлийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрх тус тус үүсжээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасны дагуу орон сууц худалдах-худалдан авах гэрээнд нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавигдсан гэж үзсэн нь алдаатай бөгөөд энэ зохицуулалт үүргийн хэлцлээс улбаатай өмчийн шилжүүлэг хийх үед гарч болох зардлыг талууд хэрхэн хуваарилах тухай диспозитив зохицуулалт байна.
Өмнө дурдсанчлан үүргийн хэлцэлд үндэслэн өмчлөх эрхийг нэгээс нөгөөд бодитой шилжүүлэх харилцаа гэрээний талуудын хооронд үүсэх буюу үүргийн хэлцлээр өгсөн амлалт нь гэрээний зүйлийг нэг нь нөгөөгөөсөө шаардах үндэслэл болно. Ийнхүү өмч шилжүүлэх үйлдлийг өмчийн хэлцэл гэх ба үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчийн хэлцэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр, харин хөдлөх эд хөрөнгийн хувьд мөн хуулийн 111, 112 дугаар зүйлд заасан журмын дагуу бодит эзэмшил шилжих, эсхүл үнийг бүрэн төлж дуусгаснаар байгуулагдсанд тооцох учиртай.
Тус иргэний хэрэгт худалдагч Ц.Цнь эрхийн улсын бүртгэлийн Ү-..........дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч “ШӨТ” ХХК-д шилжүүлээгүй буюу өмчийн хэлцэл хараахан байгуулагдаагүй байна. Талуудын хооронд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, үнэ төлбөрийг төлөхийг шаардах эрх үүргийн хэлцлийн дагуу оршсоор байх боловч өмчийн хэлцэл байгуулагдаагүй тул өмчлөх эрх худалдан авагчид үүсээгүй гэж үзнэ. Үүргийн ба өмчийн хэлцлийг ийнхүү тусгаарлах нь үүргийн хэлцлийг байгуулснаас харьцангуй урт хугацааны дараа өмч шилжих үйлдэл бодитой хийгддэг нь амьдралд түгээмэл тохиолддогтой холбоотой бөгөөд өмч шилжих процесс явагдах хугацаанд хууль ёсны, хууль бус зарим шалтгаанаар гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө үүргийн хэлцлийн худалдан авагчаас өөр этгээдэд шилжих явдал гарч, өмчийг шаардах эрхийн давхцал үүссэнээс бий болох үр дагаврыг зохицуулах ач холбогдолтой. Өмчийн ба үүргийн хэлцлийг хийсвэрлэх нь өмчийн хэлцлийг шударгаар байгуулсан этгээд буюу өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдийн итгэл үнэмшлийг хамгаалах зорилготой.
Тус иргэний хэрэгт орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлээгүй нь өмчийн хэлцэл байгуулагдаагүй гэж дүгнэсэн. Гэвч ийнхүү өмчийн хэлцэл байгуулагдаагүй нь үүргийн хэлцлийг хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй. Өмчийн хэлцэл ямар нэг шалтгаанаар байгуулагдаагүй бол энэ үндэслэлээр үүргийн хэлцлээс татгалзах эрх, үүрэг талуудад хэвээр хадгалагдана.
18. Хариуцагч (худалдан авагч) “ШӨТ” ХХК төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч (худалдагч) Ц.Цнь гэрээнээс татгалзсан байна. Тэдгээр нь 2020.05.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр ...... орон сууцыг 156,332,000 төгрөгөөр худалдах, үнийг 4 хувааж, 2020.06.30-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцжээ. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ мөн.
Хариуцагч “ШӨТ” ХХК уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцэхдээ гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн ......ын зөвшөөрлийг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж маргажээ. Гэвч өмчлөгч Д.З нь нэхэмжлэгч Ц.Цтай гэр бүлийн хүмүүс болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба Д.З эхнэр Ц.Цгийн байгуулсан худалдах-худалдан авах гэрээг дэмжин зөвшөөрчээ. Иймд өмчлөгчийн зөвшөөрлийг авалгүй гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
19. Худалдан авагч заасан хугацаанд төлбөрөө төлөлгүй гэрээний үүргийг ноцтой зөрчсөн үндэслэлээр худалдагч тал гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна. Хариуцагчийн гаргасан үүргийн зөрчлийн улмаас 2020.05.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нэхэмжлэгч нарын үйлдлийг гэрээ цуцалсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, үүргийн хэлцэл нь өмчийн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангах ёстой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт тус тус үндэслэлгүй.
Худалдах, худалдан авах гэрээний дүнд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх өмчийн хэлцэл, гэрээний үнэ болох мөнгийг худалдагчийн өмчлөлд шилжүүлэх өмчийн хэлцлүүд тус тус байгуулагдах байснаас 27,000,000 төгрөгийг шилжүүлж энэ хэмжээгээр мөнгөн төлбөрийн хувьд өмчийн хэлцэл байгуулагдсан.
Орон сууц худалдагч нар орон сууц худалдах үүргийн хэлцлээсээ татгалзсантай холбоотойгоор худалдан авагч тал хариу төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй. Хөдлөх эд хөрөнгө болох мөнгөний хувьд нэг бүрийн шинжээр тодорхойлогдохгүй тул тухайн мөнгө дамжин бусад этгээдэд шилжиж хөдлөх эд хөрөнгийн өмчийн хэлцэл хийгдсэн үндэслэлээр дараагийн өмчлөгчийг хамгаалах ойлголт үгүй. Иймд энэ үнийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг Ц.Ц, Д.З нараас гаргуулж “ШӨТ” ХХК-д буцаан олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үүргийн ба өмчийн хэлцлээс татгалзсаны үр дагавар юм.
20. Нэхэмжлэгч нар хариуцагч “ШӨТ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 10,400,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх 10,050,000 төгрөгийн хэмжээнд хангаж, давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн хохирол гэж дүгнэн энэ шийдлийг хэвээр үлдээсэн. Хохирлын хэмжээг Ц.Цгийн дансны хуулгад үндэслэн бусдаас байр хөлсөлж амьдарсны хөлс 10,050,000 төгрөгийг хохиролд тооцсон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т нийцжээ. Харин энэ хохирлыг буруутай этгээдээс гаргуулах эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгээр тодорхойлогдоно.
Иймд хохирлыг энэ хэмжээгээр гаргуулахаар шийдсэн хоёр шатны шүүхийн шийдэл зөв байх боловч хохирол гаргуулж шийдвэрлэсэн эрх зүйн үндэслэлийг дээрх байдлаар залруулах нь зүйтэй.
21. Нэхэмжлэгч нар хариуцагч “ШӨТ” ХХК-д холбогдуулан худалдан авагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас алданги 28,654,192 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх гэрээ нэг талын буруутай үйлдлийн улмаас цуцлагдсан гэх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлээс алданги шаардахгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх дүгнэлтийг зөвтгөх шаардлагатай. Өмнө дурдсан үндэслэлээр талууд гэрээнээс татгалзсан. Гэрээ байгуулагдаагүй байх үеийн нөхцөл байдлыг буцаан сэргээх нь гэрээнээс татгалзсаны үр дагавар тул маргаан бүхий тус тохиолдолд гэрээнээс татгалзсан нэхэмжлэгч алданги шаардах боломжгүй. Иймд алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
22. Нэхэмжлэгч нарын хариуцагч А.Бд холбогдуулан гаргасан орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Хариуцагч А.Бгийн “ШӨТ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хүлээн авах ёстой орон сууцны байршил нь нэхэмжлэгч Д.Зын өмчлөлийн орон сууцнаас өөр хаягт байршилтай байгаа талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн ба А.Бгийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх аливаа баримт хэрэгт авагдаагүй, маргаан бүхий орон сууц нэхэмжлэгч Д.Зын өмчлөлд байгаа нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдож байна. Харин хариуцагч А.Буг байрыг бодит эзэмшилдээ авснаас хойш нэхэмжлэгч Д.З өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан талаар тайлбарлан Д.Зын өмчлөлийг хууль ёсны гэж үзэхгүй байгаа талаараа маргажээ.
Хэргийн баримтаас орон сууц ......ын өмчлөлд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш бүртгэгдсэн нь тогтоогдож байх боловч энэ нь “ШӨТ” ХХК-тай өөр орон сууц худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан А.Бмаргаан бүхий энэ орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч Д.Зын хууль ёсны өмчлөх эрхдээ тулгуурлан эрхийн улсын бүртгэлийн Ү-..........дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу чөлөөлөхөөр шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Харин анхан шатны шүүх А.Бд холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг удирдлага болгосон нь буруу байх ба энэ нь хууль ёсны өмчлөгчийн эзэмшихээс бусад эрх зөрчигдсөнийг сэргээн тогтоох зорилготой заалт бөгөөд хариуцагч А.Бхууль ёсны өмчлөгчийн эзэмшихээс бусад эрхийг зөрчсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар дурдаагүй болно. Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.
23. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж хариуцагч “ШӨТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оы гомдлыг хангахгүй орхих үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/00602 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “106.1, 106.2-т” гэснийг “106.1-т” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг нэгтгэн “2” гэж дугаарлан, “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “ШӨТ” ХХК-аас 10,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.З, Ц.Цнарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,004,192 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.З, Ц.Цнараас 27,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч “ШӨТ” ХХК-д олгон, 2020.05.09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “3” гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474,771 төгрөгийг, хариуцагч “ШӨТ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939,610 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 653,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.З, Ц.Цнарт, хариуцагч “ШӨТ” ХХК-аас 175,750 төгрөгийг, хариуцагч А.Бгаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.З, Ц.Цнарт тус тус олгож, хариуцагч “ШӨТ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 292,950 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, нэхэмжлэгч Д.З, Ц.Цнараас 292,950 төгрөгийг гаргуулан хариуцагч “ШӨТ” ХХК-д тус тус олгосугай.” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “ШӨТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.21-ний өдөр төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД