Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 91

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч        Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

            Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

           Иргэдийн төлөөлөгч Д.Алтанцэцэг, Р.Баярсайхан,

            Улсын яллагч Д.Ширэндэв,

            Шүүгдэгч Л.Намсрай, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

            Шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн,

            Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Ренчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Лоохүүгийн Намсрай, Боржигон овогт Цагааны Сувд-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201525020210 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Шинэ бичээч” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын “Шинэ Өглөө” хотхоны 23Б байрны 50 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ТЯ61051631 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овогт Лоохүүгийн Намсрай,

 

2. Монгол Улсын иргэн, 1964 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын “Шинэ Өглөө” хотхоны 23Б байрны 50 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ТЯ64053107 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цагааны Сувд-Эрдэнэ,

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Ц.Сувд-Эрдэнэ ньСүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн нөхөр Л.Намсрайтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Хадгаламж банкны хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хадгаламж банкны 11 дүгээр хорооллын тооцооны төвд байрлах тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 /сарын 0.4/ хувийн хүү тооцохоос гадна мөн дансны чөлөөт үлдэгдэлд сарын 0.1 хувийн хүүг 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд хууль бусаар нэмж тооцуулан тухайн банкнаас Л.Намсрайн үүсгэн байгуулсан Шинэ бичээч ХХК-ний эзэмшлийн Хадгаламж банкны 10340004196 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр 63.397.709 төгрөгийг шилжүүлэн авч онц их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн,

яллагдагч Л.Намсрай нь өөрийн эхнэр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Сувд-Эрдэнэтэй урьчилан үгсэн тохиролцож бүлэглэн хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Хадгаламж банкны хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хадгаламж банкны 11 дүгээр хороолллын тооцооны төвд байрлах тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 /сарын 0.4/ хувийн хүү тооцохоос гадна мөн дансны чөлөөт үлдэгдэлд сарын 0.1 хувийн хүүг 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд хууль бусаар нэмж тооцуулан тус банкнаас өөрийн үүсгэн байгуулсан Шинэ бичээч ХХК-ний эзэмшлийн Хадгаламж банкны 10340004196 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр 63.397.709 төгрөгийг шилжүүлэн авч, онц их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Нийгмийн Даатгалын Ерөнхий газар 25 жил ажиллаж байна. Энэ хугацаандаа Нийгмийн Даатгалын газрыг хохироосон болон хохирол учруулсан зүйл надад байхгүй. Намайг энэ хэрэгт холбогдуулж байгаа дээр хэлэхэд Хадгаламж банкны захирал Анхбаяр надад “Бидний журманд заагдсан шийдвэр гаргах эрх хэмжээний хүрээнд санал болгоход манайд санхүүгийн зөвлөгөө өгөх, зуучлалын үйлчилгээ үзүүлэх компани хэрэгтэй байна” гэсэн саналыг надад тавьсан. Тэгэхээр нь би нөхөртэйгээ очиж яриад “Шинэ бичээч” ХХК-ийг Хадгаламж банкны 11 дүгээр тооцооны төвтэй гэрээ байгуулсаны үндсэн дээр энэ мөнгө орсон. Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга болон Хадгаламж банкны төв удиртлагуудтай сарын 0,4 хувь, жилийн 4,8 хувийн хүүтэй гэрээ байгуулсан. Сүхбаатар дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга, салбарын дарга нартай Хадгаламж банкны удиртлагууд бас яг ийм гэрээ байгуулсан байсан. Энэ хүрээндээ сар тутамдаа хүүгийн орлого орж байсан. 4,9 хувиар гэрээ байгуулаад 0,1 хувийг өөрөө авчихлаа гэдгийг ойлгохгүй байна. Яагаад гэвэл энэ саналыг тавьсан Хадгаламж банк өөрийн үйл ажиллагааны зардлаас шилжүүлж өгсөн. Тэгсэн байхад илүү 0,1 хувийн гэрээ хийгээд өөртөө авцан юм шиг байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701.2 хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зүйл анги дээр эх үүсвэр нь тодорхойгүй, олсон орлогоо тайлбарлаж чадахгүй байгаад энэ зүйл ангийг хэрэглэдэг гэж би ойлгож байгаа. Гэтэл би эх үүсвэрээ тодорхой хэлсэн. Холбогдогч хүмүүс нь манай байгууллагад ямар ч хохирол учраагүй, Нийгмийн Даатгалын байгууллагад бас ямар ч хохирол учраагүй Хадгаламж банкны зүгээс бид нар ашигтай ажилласан учраас зуучлагч байгууллага руу энэ мөнгийг шилжүүлсэн гэдгээ хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг дээр хэлсэн. Ийм үйл ажиллагаанд дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл хүлээлгэх гэж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүгдэгч Л.Намсрай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “Шинэ Бичээч” ХХК-ын дансандаа шилжүүлж авсан мөнгийг Хадгаламж банкны 11 дүгээр тооцооны төвтэй үйл ажиллагаа явуулахын тулд албан ёсны зуучлалын гэрээ байгуулж авсан. Ямар нэгэн хувийн зүйл байхгүй. Өгсөн байгууллага албан тушаалтан нь тодорхой, орсон мөнгө нь дансны хуулгаар тодорхой учраас хууль бус гэж үзэхгүй байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Д.Ренчиндорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаанд оролцож байсан төлөөлөгч Ундраа болон Батчимэг нарын нэгэн адил шүүгдэгч нараас 98.973.254 төгрөг буюу мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон хэмжээний хохирол, чөлөөт үлдэгдэлийн сангаас 0,1 хувийн хэмжээгээр тооцсон мөнгөн дүнг нэхэмжилж байна. Яллах дүгнэлтийг 63.000.000 гаруй төгрөгөөр үйлдэж ирүүлсэн байна. Гэхдээ мөрдөн байцаалт болон гэрчийн мэдүүлгээр 0,1 хувиар тооцохоор 98.973.254 төгрөг болж байгаа учраас энэ мөнгөн дүнгээр тооцож хохиролоо нэхэмжилж байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тогтоол /1хх-ийн 6/, хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Э.Ундраа /2хх-ийн 7-9, 5хх-ийн 87/, Д.Ренчиндорж /6хх-ийн 166-167/, гэрч Ж.Уянга /2хх-ийн 10-11/, М.Цогзолмаа /2хх-ийн 12-13, 5хх-ийн 94/, Л.Бадамцэцэг /2хх-ийн 14-15/, Х.Уянга /2хх-ийн 16-17, 5хх-ийн 88/, Д.Одонтуяа /5хх-ийн 90-91/, Н.Батчимэг /5хх-ийн 108-110/, Л.Батхуяг /6хх-ийн 165-166/, Ч.Анхбаяр /6хх-ийн 167-168/ нарын мэдүүлэг, Л.Намсрайн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 40-44, 71-73, 5хх-ийн 120/, Ц.Сувд-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 46-50, 68-70/, Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 242-246/, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хадгаламж банкны хооронд байгуулсан “Хамтран ажиллах тухай” гэрээ /1хх-ийн 9-12/, “Шинэ бичээч” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ болон Хадгаламж банкинд харилцах данс нээлгэсэн талаарх баримтууд /1хх-ийн 14-17/, Ц.Сувд-Эрдэнийн 2011, 2012, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /1хх-ийн 30-55/, Нэгжлэг хийх тогтоол, уг ажиллагааны тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх-ийн 56-71/, Бичиг баримтанд үзлэг хийж хураан авах тогтоол, уг ажиллагааны тэмдэглэл, гэрээ, холбогдох баримтууд /1хх-ийн 72-165/, Авилгатай тэмцэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/6954 дугаартай албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/127 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай тушаал”, Ажлын хэсгийн дүгнэлт /5хх-ийн 19-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар
сарын 27-ны өдрийн 007 дугаартай дүгнэлт /6хх-ийн 170-177/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн нөхөр Л.Намсрайтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Хадгаламж банкны хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хадгаламж банкны 11 дүгээр хорооллын тооцооны төвд байрлах тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4,8 /сарын 0,4/ хувийн хүү тооцохоос гадна мөн дансны чөлөөт үлдэгдэлд сарын 0,1 хувийн хүүг 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд хууль бусаар нэмж тооцуулан тухайн банкнаас Л.Намсрайн үүсгэн байгуулсан “Шинэ бичээч” ХХК-ний эзэмшлийн Хадгаламж банкны 10340004196 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр 63.397.709 төгрөгийг шилжүүлэн авч онц их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн,

шүүгдэгч Л.Намсрай нь өөрийн эхнэр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Сувд-Эрдэнэтэй урьчилан үгсэн тохиролцож бүлэглэн хууль ёсны орлогоосоо гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Хадгаламж банкны хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хадгаламж банкны 11 дүгээр хороолллын тооцооны төвд байрлах тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны чөлөөт үлдэгдэлд жилийн 4.8 /сарын 0.4/ хувийн хүү тооцохоос гадна мөн дансны чөлөөт үлдэгдэлд сарын 0.1 хувийн хүүг 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд хууль бусаар нэмж тооцуулан тус банкнаас өөрийн үүсгэн байгуулсан Шинэ бичээч ХХК-ний эзэмшлийн Хадгаламж банкны 10340004196 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр 63.397.709 төгрөгийг шилжүүлэн авч, онц их хэмжээний орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Э.Ундраагийн /2хх-ийн 7-9, 5хх-ийн 87/:  “... Нийгмийн даатгалын тухайн хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрийн талаар заасан байдаг. Тус зүйлийн 10.3 дахь хэсэгт “Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү” гэж заасан байдаг тул ... Хадгаламж банкнаас “Шинэ бичээч” ХХК-д олгосон 98.958.882.94 төгрөгийн хүүгийн орлого нь улсын орлого болох ёстой. ... Хадгаламж банкнаас “Шинэ бичээч” ХХК-д олгосон 98.973.254.94 төгрөгийн хүүгийн орлогыг улсын орлого болгох санал хүсэлттэй байна. ... Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугар бүлгийн 10 зүйлд заасныд дагуу “Шинэ бичээч” ХХК-д олгосон 98.973.254.94 төгрөг нь Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрт хамаарна. Учир нь хамтран ажиллах гэрээний дагуу 4.8 хувь нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүрэн орсон гэдэг утгаар 0.1 хувийн хүү буюу 98.973.254.94 төгрөгийг хөндлөнгийн буюу гуравдагч этгээдэд “Шинэ бичээч” ХХК-нд өгч болохгүй юм ...” гэх мэдүүлэг,

 

хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Д.Ренчиндоржийн /6хх-ийн 166-167/: “...                                      2016 оны 8 сарын 30-ны өдрийн 1/216 тоот Хөдөлмөр хамгааллын яамны сайдын албан бичгийн дагуу энэ хэрэгт би иргэний нэхэмжлэгч хохирогчоор томилогдсон..ажлын байрны чиг үүргийн дагуу оролцож байна...Хадгаламж банкинд байршиж буй Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн чөлөөт үлдэгдлээс 0.1 хувийн хүүг бодуулж "Шинэ бичээч” ХХК-ийн данс руу шилжүүлсэн нь буруу юм …” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ж.Уянгын /2хх-ийн 10-11/: “… Би 2009 оноос 2012 оны 3 дугаар сарын дунд үе хүртэл Хадгаламж банкны “11 дүгээр хороолол” тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан. “11 дүгээр хороолол” тооцооны төвийн захирал Анхбаяр 2011 онд захирлаар томилогдож ирсэн. Энэ үеэс нь ажил хэргийн харилцаа холбоотой байсан. Анхбаяр захирлын шууд удирдлаганд ажиллаж байсан. Тухайн үед миний теллерийн хувийн дугаар 1508 байсан. Тухайн банкинд ажиллаж байгаа тохиолдолд теллерийн хувийн дугаар өөрчлөгдөхгүй. “Шинэ бичээч” ХХК-ийн 10340004196 дугаартай дансны хуулгаас харахад 1508 гэсэн теллерийн хувийн дугаартай миний бие уг дугаар бүхий дансанд 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 3.334.337,59 төгрөгийн орлого, 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2.668.806,15 төгрөгийн орлого, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2.328.638,46 төгрөгийн орлого, мөн тус өдөр 635.715,74 төгрөгийн орлого, 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2.282.441,37 төгрөгийн орлого, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2.207.208,2 төгрөгийн орлого, 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 4.217.350,99 төгрөгийн орлого. 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3.455.420,56 төгрөгийн орлого, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2.924.734,69 төгрөгийн орлого, 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 5.634.774,13 төгрөгийн орлого, мөн тус өдөр 104.046,56 төгрөгийн орлого зэрэг нийт 11 удаагийн гүйлгээгээр 9 сарын хугацаанд 29.793.474,44 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний дагуу “ажлын хөлс олгов” гэсэн гүйлгээний утгаар “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу дээрх орлогын гүйлгээнүүдийг би хийж байсан. Би дээрх мөнгөн орлогуудыг тооцооны төвийн захирал Анхбаярын надад харуулсан зөвшөөрлийн дагуу шилжүүлж байсан. Шилжүүлэхдээ программ дээр үлдэгдлийг нь томъёонд оруулаад хэдэн төгрөгийн хүү тооцохыг тогтоож шилжүүлдэг байсан. Уг зөвшөөрлийг Хадгаламж банкны төвөөс байгууллагын дотоод майлаар Анхбаяр захиралд явуулдаг байсан. Уг зөвшөөрлийн бичгэн дээр ““Шинэ бичээч” ХХК-ийн ажлын хөлсийг олгохыг зөвшөөрөв” гэсэн утгатай зүйл бичигддэг байсан. Энэ гүйлгээ нь компанийн данс руу орсон учраас тус комланитай манай тооцооны төв гэрээ байгуулсан байх учиртай, Тэгээд ч дансны хуулгаас харахад “гэрээний дагуу шилжүүлэв” гэсэн гүйлгээний утга харагдаж байна. Ямар ч байсан “Шинэ бичээч” ХХК-ийг Анхбаяр захирал “зуучлалын компани байгаа юмаа, мөнгийг нь шилжүүлчих” гэж хэлдэг байсан болохоор тус компанийг зуучлалын компани юм байна гэж ойлгож байсан. 2 байгууллагын хооронд 2011, 2012 онд Хамтран ажиллах гэрээ байсан бөгөөд уг гэрээгээр тохиролцсон хүүг сар болгоны эцэст юмуу дараа сарын эхээр ахлах теллер буюу миний бие тухай бүрт 2012 оны 3 сард ажлаасаа гарах хүртлээ шилжүүлж байсан. Хүүг дутуу шилжүүлж байсан, хэл ам үүсч байсан тохиолдол байхгүй…” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Цогзолмаагийн /2хх-ийн 12-13, 5хх-ийн 94/: “… Би 2012 оны 4 дүгээр сард ахлах теллерээр шилжин очиж одоог хүртэл энэ албан тушаал дээр ажиллаж байна. Дунд нь 2013 оны 7 дугаар сард Төрийн банк гэдэг нэртэй болсон. Намайг 11 дүгээр хороолол тооцооны төвд шилжиж очиход Анхбаяр тус тооцооны төвийн захирал байсан. Миний теллерийн хувийн дугаар 3956. Банкин дотроо өөр салбар луу теллерээр шилжсэн ч гэсэн энэ дугаар хэвээрээ, өөрчлөгдөхгүй. “Шинэ бичээч” ХХК-ийн 10340004196 дугаартай дансанд 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 5.753.327,52 төгрөгийн орлого, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3.866.539,53 төгрөгийн орлого, 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 7.573.938,56 төгрөгийн орлого, 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 7.115.979,97 төгрөгийн орлого, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 6.562.221,01 төгрөгийн орлого, 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 8.131.509,56 төгрөгийн орлого, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4.455.268,48 төгрөгийн орлого, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3.633.423,5 төгрөгийн орлого, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6.807.366,66 төгрөгийн орлого, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 9.182.327,99 төгрөгийн орлого, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 6.083.505,72 төгрөгийн орлого зэрэг нийт 11 удаагийн гүйлгээгээр 11 сарын хугацаанд 69.165.408,15 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний дагуу “ажлын хөлс 0.1 хувиар олгов” гэсэн гүйлгээний утгаар “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу дээрх орлогын гүйлгээнүүдийг би хийж байсан. Гүйлгээний утгаас харахад “гэрээний дагуу ажлын хөлс олгов” гэсэн гүйлгээний утгууд байна. Ийм болохоор манай тооцооны төв “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан байна. Миний бие гэрээний дагуу гэрээгээр тохирсон хүүгийн мөнгийг шилжүүлж байсан байна. Яг ямар гэрээ байсан гэдгийг одоо би сайн санахгүй байна. Манай тооцооны төв Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй жил бүр Хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээгээр тохиролцсон хүүг сар бүр тооцож Нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжүүлдэг байсан. Энэ хүүг сар болгоны эцэст, хэрвээ амжихгүй бол дараа сарын эхээр нь шилжүүлдэг байсан. Манай банк нь их хэмжээний эх үүсвэр татахын тулд их хэмжээний мөнгөний үлдэгдэл дансанд нь байдаг, дансаар нь эргэлдэж байдаг тийм байгууллагуудын дансыг өөрийнхөө банкинд байлгах сонирхолтой байсан. Энэ үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансыг манайд байлгах зорилгоор “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ байгуулсан юм байна гэж би тухайн үед ойлгож байсан. Тэгээд би тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны сар бүрийн чөлөөт үлдэгдэлд гэрээгээр тохиролцсон хүүг томъёогоор бодож Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн данс руу шилжүүлдэг байсан. Мөн тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны сар бүрийн чөлөөт үлдэгдэлд 0.1 хувийн хүүг томъёогоор тооцож “Шинэ бичээч” ХХК-ийн дансанд шилжүүлдэг байсан. “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу сар бүр мөнгө шилжүүлж байх талаар Анхбаяр захирал надад зөвшөөрлийн бичиг харуулдаг байсан. Үүний дагуу би гүйлгээг хийж байсан. Хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон хүүг сар болгон бүрэн гүйцэд шилжүүлж байсан. Энэ гүйлгээг зөвхөн ахлах теллер буюу миний бие 2012 оны 4 сараас 2013 оны 02 сар хүртэл хийж байсан. Гэрээгээр тохирсон хүүг дутуу шилжүүлж байсан тохиолдол байхгүй. 2 байгууллага улирал, жил бүрээр гэрээгээ дүгнэдэг байсан …” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Уянгын /2хх-ийн 16-17, 5хх-ийн 88/: “… Би 2013 оны 01 дүгээр сард СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажилд орсон. Санхүүгийн баримтаас харахад 2011 онд Хадгаламж банкны 11-р хороолол тооцооны төвд манай хэлтсийн хэдэн данс байсан нь мэдэгдэхгүй байна. Харин 2012 оны Хамтран ажиллах гэрээнээс харахад манай хэлтсийн Төвлөрсөн орлогын данс, Тэтгэврийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн данс зэрэг 3 данс дээрх тооцооны төвд байсан байна. 2013 онд манай хэлтсийн Тэтгэврийн даатгалын сан, Тэтгэмжийн даатгалын сан, Ажилгүйдлийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Төвлөрсөн харилцах данс зэрэг 6 данс Хадгаламж банкны 11 дүгээр хороолол тооцооны төвд байршиж байсан. Одоо ч энэ 6 данс Төрийн банкны 11 дүгээр тооцооны төвд байршиж байгаа. Харилцах дансны өдөр тутмын чөлөөт үлдэгдэлд 2012 онд жилийн 4.8 хувь, 2013 онд жилийн 5.5 хувийн хүүг тус тус тооцож манай хэлтсийн дансанд сар бүр хүүгийн орлогыг Хадгаламж банкнаас шилжүүлж байсан. Харин 2011 оны Хадгаламж банктай хамтран ажиллах гэрээ манай салбарт байхгүй байгаа тул 2011 онд хэдэн хувийн хүү тооцож олгож байсныг мэдэхгүй байна. Хадгаламж банк болон манай Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тооцоо нийлсэн актаас харахад 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд харилцах данснуудын чөлөөт үлдэгдэлд нийт 98.531.605,39 төгрөгийн хүү тооцсон байна. 2012 онд бүтэн жилийн байдлаар харилцах данснуудын чөлөөт үлдэгдэлд Хадгаламж банк нь 306.303.725,86 төгрөгийн хүү тооцож манай хэлтэст олгосон байна. Харин 2013 оны 01 дүгээр сард Төвлөрсөн харилцах дансанд 722.326,89 төгрөгийн хүү, Тэтгэврийн даатгалын санд 19.287.561,51 төгрөгийн хүү, Үйлдвэрлэлийн осол, мэргэжпээс шалтгаалах өвчний даатгалын санд 5.509.880,2 төгрөгийн хүү, нийт 25.519.768,6 төгрөгийн хүүгийн орлого орж ирсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрт сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү орно” гэж заасан байдаг. Иймд нийгмийн даатгалын сангийн хүүгийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэгт ордог …” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Оюунтуяагийн /5хх-ийн 90-91/: “… Хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдаж байгаа учраас 3 дагч буюу хуулийн этгээдээр зуучлуулан Нийгмийн даатгалын мөнгөн дээр хүү бодож, тухайн зуучилсан хуулийн этгээдэд ажлын хөлс олгож болохгүй. Давхар хүү бодож болохгүй юм…” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Батчимэгийн /5хх-ийн 108-110/: "... би ажлын хэсгийн гишүүнээр ажилласан, Бид уг дүгнэлтийг гаргахдаа СБД-ийн НДХ-ийн архиваас 2011 оны 05 дугаар сараас 2013 оны 02 дугаар сар хүртэлх Хадгаламж банкны харилцах дансны санхүүгийн баримт, тус газраас авсан баримтыг үндэслэн СБД-ийн НДХ нь 2011 онд төвлөрсөн данс, тэтгвэрийн даатгалын сангийн харилцах данс гэсэн 3 харилцах дансаар, 2012, 2013 онд эдгээр 3 данс дээр нэмэгдэж Ажилгүйдлийн даатгалын сангийн харилцах данс шинээр нэмэгдсэн байсан. Ингээд тус хэлтэс нь 2011, 2012, 2013 онуудад “Хадгаламж” банктай хамтран ажиллах гэрээгээр хамтран ажиллаж байсан. Уг гэрээний дагуу дансны хүүг боддог журмаар өдөр бүрийн үлдэгдлийг нэг бүрчилэн тооцож, хүүгийн тооцооллыг гаргахад НД-ийн зохих данс сар бүрийн сүүлийн өдөр 0.4 хувийн хүү үнэн зөвөөр тооцогдож орсон нь тооцооллоор батлагдаж байсан. Дүгнэлтийн хамт тооцооллыг хүргүүлсэн байгаа. Бид 0.1 хувийн хүүд хэд оногдох вэ гэсэн тооцооллыг хийсэн бөгөөд хүснэгтээр сар сард хичнээн төгрөг болж байгааг харуулсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Батхуягийн /6хх-ийн 165-166/: “...Тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсийн данснуудын үлдэгдлийг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгөгдсөн. Үүний дагуу тооцооны төвийн захирал Анхбаяр, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдлагуудтай данс нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн удаа уулзсан байсан уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс санал болгосон “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ байгуулсан гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн чөлөөт үлдэгдэл дээрээс сар бүр 0.1 хувийн хүүг бодож Шинэ бичээч ХХК-ний ажлын хөлсийг олгодог байсан..,2 байгууллагын хамтран зөвшилсөний үндсэн дээр хийгдсэн ажил юмаа би хээл хахууль өгсөн асуудал байхгүй, гэрээний дагуу ажлын хөлсийг олгосон ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Анхбаярын /6хх-ийн 167-168/: “... Бид Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн санал болгосон “Шинэ бичээч” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн чөлөөт үлдэгдэл дээрээс сар бүр 0.1 хувийн хүүг бодож “Шинэ бичээч” ХХК-ийн ажлын хөлсийг холбогдох данс руу нь шилжүүлж олгодог байсан ...” гэх мэдүүлэг,

 

Л.Намсрайн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 40-44, 71-73, 5хх-ийн 120/: “… Эхнэр Сувд-Эрдэнэ маань Хадгаламж банкны 11-р тооцооны төв дээр очоод уулзаадах, банкнаас “байгууллагын мөнгийг байнга байршуулаад үлдэгдэлтэй байлгаад байвал тодорхой хүү өгье” гэсэн санал тавиад байна гэхээр нь уг тооцооны төвийн захирал Батхуяг гэх хүнтэй уулзсан. Би банкин дээр очоод “санхүүгийн тусламж зөвлөгөө өгөх гэрээ” гэсэн юман дээр гарын үсэг зурсан. Миний ойлгосноор нийгмиийн даатгалын тэтгэвэр тавьдаг мөнгө банкинд хуримтлагдаад байвал сарын эцэст түүнээс хэдэн төгрөгийн хүү хуримтлагдаад банкнаас бидэнд өгөх юм байна гэж ойлгосон. Ингээд гэрээ хийгээд сард миний “Шинэ бичээч” ХХК-ийн 1030004196 дугаарын дансанд банкнаас хүүний мөнгө гэж орж ирдэг болсон” гэх мэдүүлэг,

 

Ц.Сувд-Эрдэнийн сэжигтэн,яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 46-50, 68-70/:  “… Манай нөхөр Л.Намсрайгийн Хадгаламж банкны дансанд мөнгө ордог байсан. Би яг нийт дүнг мэдэхгүй. Анхбаяр захирал “та нар манай банкинд арай илүү хэмжээний дансны үлдэгдэл тогтвортой хэмжээнд байлгаад өгөөч гэж хүссэн ба тэр үлдэгдэл мөнгөнөөс 0.1 хувийн мөнгө бодож өгье гэсэн санал тавьсан. Ер нь бол манай дансанд байнгын мөнгөтэй байдаг. Банкнаас 0.1 хувийн хүүг авахдаа аж ахуйн нэгж, данстай байх хэрэгтэй гэхээр нь нөхөр Л.Намсрайгийн дансыг хэлсэн. Харин нийгмийн даатгалын сангийн 4.8 хувийн хүү нь зохих журмын дагуу явагдаж байсан ба харин 0.1 хувийн хүүг банк ямар үйл ажиллагаанаасаа санхүүжүүлж байсныг мэдэхгүй. Сар болгоны эхээр нөхөр Л.Намсрайгийн компанийн дансанд тодорхой хэмжээний мөнгө банкнаас ордог, түүнийг нь би аваад Наранцэцэг даргад хагасыг нь өгдөг байсан. Гэхдээ би даргаасаа баримт авч байгаагүй. Энэ мөнгө 2013 онд намайг ажлаас чөлөөлөгдөх хүртэл орж байсан. Манай нөхөр энэ мөнгөнд хамаагүй, дансанд орсон мөнгийг надад өгдөг байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Уянгын “Шинэ бичээч” ХХК-ийн 10340004196 дугаартай дансны хуулгаас харахад 1508 гэсэн теллерийн хувийн дугаартай миний бие уг дугаар бүхий дансанд нийт 11 удаагийн гүйлгээгээр 9 сарын хугацаанд 29.793.474,44 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний дагуу “ажлын хөлс олгов” гэсэн гүйлгээний утгаар “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу дээрх орлогын гүйлгээнүүдийг би хийж байсан. Би дээрх мөнгөн орлогуудыг тооцооны төвийн захирал Анхбаярын надад харуулсан зөвшөөрлийн дагуу шилжүүлж байсан. Шилжүүлэхдээ программ дээр үлдэгдлийг нь томъёонд оруулаад хэдэн төгрөгийн хүү тооцохыг тогтоож шилжүүлдэг байсан“ гэх мэдүүлэг, гэрч М.Цогзолмаагийн ““Шинэ бичээч” ХХК-ийн 10340004196 дугаартай дансанд нийт 11 удаагийн гүйлгээгээр 11 сарын хугацаанд 69.165.408,15 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний дагуу “ажлын хөлс 0.1 хувиар олгов” гэсэн гүйлгээний утгаар “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу дээрх орлогын гүйлгээнүүдийг би хийж байсан. Тэгээд би тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны сар бүрийн чөлөөт үлдэгдэлд гэрээгээр тохиролцсон хүүг томъёогоор бодож Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн данс руу шилжүүлдэг байсан. Мөн тус Нийгмийн даатгалын хэлтсийн дансны сар бүрийн чөлөөт үлдэгдэлд 0.1 хувийн хүүг томъёогоор тооцож “Шинэ бичээч” ХХК-ийн дансанд шилжүүлдэг байсан. “Шинэ бичээч” ХХК-ийн данс руу сар бүр мөнгө шилжүүлж байх талаар Анхбаяр захирал надад зөвшөөрлийн бичиг харуулдаг байсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Оюунтуяагийн “Хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдаж байгаа учраас 3 дагч буюу хуулийн этгээдээр зуучлуулан Нийгмийн даатгалын мөнгөн дээр хүү бодож, тухайн зуучилсан хуулийн этгээдэд ажлын хөлс олгож болохгүй. Давхар хүү бодож болохгүй юм” гэх мэдүүлэг, Я.Анхбаярын сэжигтнээр мэдүүлсэн “Сүхбаатар дүүргийн НДХ-ийн удирдлагуудтай уулзсан. Тэгээд тус хэлтсээс Шинэ бичээч ХХК-ийг санал болгоод ерөнхий нягтлан бодогч Сувд-Эрдэнэ надтай ирж уулзаад тус компанийн гэрчилгээ, дүрэм зэргийг авчирч өгч байсан. Би уг баримт бичгийг Батхуяг захирал руу хүргүүлсэн. Батхуягаас цахим хэлбэрээр гэрээ ирснийг хэвлэж аваад СБД-ийн НДХ-т хүргүүлсэн. Уг гэрээг хүлээн зөвшөөрч байгаа талаараа Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Сувд-Эрдэнэд хариу өгсөн. Ингээд Шинэ бичээч ХХК-тай гэрээ байгуулсан. Яг хаана гэрээ байгуулж байсныг би сайн санахгүй байна. Хадгаламж банкны төвөөс цахим хэлбэрээр мейлээр ирсэн “Шинэ бичээч” ХХК-тай хамтран ажиллах гэрээг би хэвлэж аваад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Сувд-Эрдэнэтэй утсаар ярьж “Ийм гэрээ ирлээ. Энэ гэрээг танд хүргүүлэх үү” гэж асуугаад Сувд-Эрдэнэ рүү хүргүүлж байсан” гэх мэдүүлэг, Л.Батхуягийн сэжигтнээр мэдүүлсэн “Ер нь бол банкны стратеги төлөвлөгөөнд мөнгө данс төвлөрдөг аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын дансыг татан байршуулах талаар үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс манай банкинд байршуулсан байдаг. Зарчмын хувьд төрийн байгууллагын байршуулсан мөнгөнөөс гарсан хүүг хувийн дансанд шилжүүлэх гэрээ хийх ёсгүй. Хэрэв хувийн аж ахуйн нэгж байгууллагын байршуулсан мөнгөний хүүг хуваан байршуулна гэсэн бол болно. Харин төрийн байгууллагын мөнгөний хувьд тийм зүйл байж болохгүй юм” гэх мэдүүлэг болон “Банк нь харилцах дансны өдөр тутмын үлдэгдэлд жилийн 4.8 (сарын 0.4%) хувийг хуримтлуулан тооцож, сар бүрийн эцэст хүүгийн орлогыг шилжүүлж, харилцах дансанд хүүгийн орлогыг шилжүүлсэн тайланг Нийгмийн даатгалын хэлтэст сар тутамд гаргаж хүргүүлэх тухай” Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Хадгаламж банкны арван нэгдүгээр хороолол тооцооны төвийн “Хамтран ажиллах гэрээ” /1хх-ийн 11-13)/,  ”Шинэ бичээч” ХХК-ийн 2001 оны 5 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн ¹000017147 дугаартай гэрчилгээний хуулбар, Албан тушаалтны (Ц.Сувд-Эрдэнийн) 2012, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /1хх-ийн 30-55/, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 60-61/, “Х” тайлан гаргасан “Шинэ бичээч” ХХК-ийн 2011-2013 оны тайлан, мэдээ /3хх-ийн 152-176/, банкны дансны хуулга зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар Ц.Сувд-Эрдэнэ, Л.Намсрай нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

           

Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч шүүгдэгч Л.Намсрай нь 2011-2013 онуудад өөрийн компанийн дансаар орсон 98,9 сая төгрөгийн орлогыг ямар нэртэй компани, хүмүүсийн дансыг Хадгаламж банкны тооцооны 11 дүгээр төвд байршуулахад зуучилснаас олсон орлого болохыг нотолж чадахгүй байна. Харин дээрх орлого нь нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс зохих тооцооллын дагуу бодогдож банкнаас зарлага болгосон талаар тухайн үед банкны теллерээр ажиллаж байсан Ж.Уянга, М.Цогзолмаа нарын гэрчүүд мэдүүлж байгаа ба тэдгээрийн мэдүүлэг нь хэргийн 5 дугаар хавтасны 22-34 дүгээр талд авагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдаж байна.

           

Нөгөө талаар шүүгдэгч Л.Намсрай нь дээрх орлогыг “Шинэ бичээч” ХХК-ийн тайланд мэдээлж байгаагүй, “Х” тайлан гаргаж байсан бөгөөд шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнэ нь нийтийн албан тушаалтны хувьд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлээгүй, хууль бус орлого олохын тулд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн нөхрийн компанид давуу байдал олгож, “Зуучлал”-ын гэх (бичгийн гэрээ байсан эсэх нь нотлогдоогүй) гэрээгээр халхавчлан “Шинэ бичээч” компанийн нэр, банкин дахь дансыг ашиглаж  байжээ.

           

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн тайлбарт албан тушаалтан албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжих гэж үзнэ гэсэн байна.  

             

Иймд шүүгдэгч Бичээч овогт Лоохүүгийн Намсрай, Боржигон овогт Цагааны Сувд-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэж, онц их хэмжээгээр буюу 63.397.709 (жаран гурван сая гурван зуун ерэн долоон мянга долоон зуун ес) төгрөгийн орлого олсон гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж онц их хэмжээний орлого олсныг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлс буюу 140.400 төгрөгийг хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд харгалзаж үзсэн ба шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрийн эрх чөлөөг хязгаарлаж, нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140.400 төгрөгийг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоов.

 

Мөн шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнийг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Л.Намсрайг аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жилийн хугацаагаар тус тус хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Л.Намсрайн захирлаар нь ажилладаг 5475929 регистрийн дугаартай, “Шинэ бичээч” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн тамга 1 ширхэг зэргийг эрх олгосон газарт нь шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажилтан Э.Ундраа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ренчиндорж нарыг хохирогчоор тогтоосон нь буруу байх ба Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд Нийгмийн даатгалын зөвлөлийн 2010 оны 25 дугаар тогтоолоор баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх арилжааны банктай хамтран ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.2.7-д “Хэлтсийн харилцах дансанд тооцох хүүгийн хэмжээ нь ерөнхий гэрээнд тусгаснаас багагүй байхаар” заасны дагуу жилийн 4,8 хувийн хүүгийн орлого нийгмийн даатгалын санд бүрэн орсон, дээрх асуудлаар нийгмийн даатгалын санд учирсан хохирол, үүссэн өглөг, авлага байхгүй байна гэжээ. Нөгөө талаар Эрүүгийн хуульд заасан хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн улмаас заавал бусдад хохирол учирсан байх хүндрүүлэх шинжийг заагаагүй тул хохирогч Д.Ренчиндоржийн нэхэмжилсэн 98,9 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 63.397.709 (жаран гурван сая гурван зуун ерэн долоон мянга долоон зуун ес) төгрөгийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарын өмчлөлийн орон сууц, авто зогсоол зэрэг эд хөрөнгөнөөс зохих журмын дагуу төлбөрт тооцуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгч нарын хувьд, гагцхүү тэдгээрийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулсан болно.

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бичээч овогт Лоохүүгийн Намсрай, Боржигон овогт Цагааны Сувд-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэж, онц их хэмжээгээр буюу 63.397.709 (жаран гурван сая гурван зуун ерэн долоон мянга долоон зуун ес) төгрөгийн орлого олсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цагааны Сувд-Эрдэнийг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жил 1 сарын  хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35.240.400 (гучин таван сая хоёр зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Лоохүүгийн Намсрайг аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 35.240.400 (гучин таван сая хоёр зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнэ, Л.Намсрай нар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнэ, Л.Намсрай нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 63.397.709 (жаран гурван сая гурван зуун ерэн долоон мянга долоон зуун ес) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5475929 регистрийн дугаартай, “Шинэ бичээч” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн тамга 1 ширхэг зэргийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

7. Хэрэгт шүүгдэгч Л.Намсрай, Ц.Сувд-Эрдэнэ нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын Чингисийн өргөн чөлөө гудамж, 23/2 дугаар байрны 50 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009558 дугаартай орон сууц, мөн байрны 79 тоотод байрлах Ү-2206009559 дугаартай авто зогсоол зэргийг төлбөрт тооцуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийлэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Сувд-Эрдэнэ, Л.Намсрай нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

                                     З.БОЛДБААТАР