Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00141

 

“А” ХХК, Д.О, Д.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00216 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00791 дүгээр магадлалтай,

“А” ХХК, Д.О, Д.Б нарын нэхэмжлэлтэй

“Х” ХХК-д холбогдох

2017.03.29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, ...дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... тоот хаягт байрлах, ... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... дүүрэг, ... хороонд байрлах, ...м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах, үнэлгээчин Д.Ш-н 2016.11.14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-н гаргасан хяналтын гомдлоор  шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “А” ХХК, Д.О, Д.Б нар нь “Х” ХХК-д холбогдуулан 2017.03.29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, ...дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... тоот хаягт байрлах, ... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... дүүрэг, ... хороонд байрлах, ...м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах, үнэлгээчин Д.Ш-н 2016.11.14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00216 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК, Д.О, Д.Б нарын хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ...гудамж, ...тоотод байрлах ... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-0000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, ... дүүрэг, ... хороонд байршилтай, ... м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Х ХХК-д даалгуулах, банкны үнэлгээчин Д.Ш-н үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Х ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,087,750 /Тавин таван сая наян долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00791 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00216 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар талуудын байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, ...дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... тоот хаягт байрлах, ...м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, нэхэмжлэгч Д.О, Д.Б нарын эзэмшилд нэгж талбарын 000 дугаартай, ... дүүрэг, ... хороонд байрлах, ...м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч “Х” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үнэлгээчин Д.Ш-н үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “58.1” гэснийг “58.4, 56 дугаар зүйлийн 56.2” гэж өөрчилж, “55,087,750 /Тавин таван сая наян долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэснийг хариуцагч “Х” ХХК-аас 55,087,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн 3,140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК, Д.О, Д.Б нарт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.О-н төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Д.Б-н төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалтад заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалт буюу анхан болон давж заалдах шатны шүүхүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаар юуны өмнө шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэдэг гэж үзвэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А” ХХК болон иргэн Д.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд талуудын байгуулсан “Эвлэрлийн гэрээ”, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тохирч байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”, “Нөхцөл тохирох гэрээ” (зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэй)-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох юм. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон эсэхэд бус талууд үнэхээр ийм гэрээ байгуулах хүсэл зориг байсан уу? энэ гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн үү? гэдэгт үндэслэлтэй дүгнэлт өгсөн. Талуудын эвлэрлийн гэрээг үндэслэж шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргадаг болохоос талууд эвлэрлийг баталсан захирамжийг үндэслэж “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Өмчлөх эрхтэй газар шилжүүлэх гэрээ”, “Нөхцөл тохирох гэрээ”-г байгуулаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр буюу хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэхийг бус зөвхөн зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчингүй болсон нь талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, шаардлагаас хальсан дүгнэлт хийж хэргийг шийдэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдсэн гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэж байгаа нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийг шийдвэрлэж байгаа үр дагаврыг үүсгэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхдээ хэрэг авагдсан нотлох баримтыг хууль зүйн талаас нь зөв үнэлж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг биелүүлэх зорилгоор гэрээ байгуулах, эдгээр гэрээ нь хэлцлийн хүчин төгөлдөр байх шаардлагад нийцэж байгаа эсэх талаас нь үнэлэлт дүгнэлт өгсөн. Нэгдүгээрт, талууд “Эвлэрлийн гэрээ”-г нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгуулсан, энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж тухайн хэргийг хянаж байсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч үзсэн учраас талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нөгөө талаас, нэхэмжлэгч нар “ХБ” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан уу гэдэгт дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай бөгөөд 5 дугаар хавтаст хэргийн 247, 248 дахь талд “А” ХХК-иас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг бүрэн хариуцах агуулгатай албан бичгийг өгч хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”, “Нөхцөл тохирох гэрээ”-г байгуулах хүсэл зоригийн тухайд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон газар эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгддэг эд хөрөнгө учраас эдгээр эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг хийхэд нотариатчаар гэрчлүүлэх хуулийн шаардлага тавигддаг. Ингэж гэрчлэхдээ хэлцлийн талууд нь эрх бүхий эсэх, хэлцэл нь агуулгын хувьд хуульд нийцэж байгаа эсэх, хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн эсэхийг шалгаж гэрчилдэг. Түүнчлэн уг хэлцэл нь хууль зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаж буй тохиолдолд бүртгэлийн байгууллага өмчлөл, эзэмшлийг шилжүүлдэг. Нэхэмжлэгч нараас байгуулсан дөрвөн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргадаг ч эдгээр гэрээнүүд нь хуулийн ямар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй, байдаггүй, шүүхээс тогтоосон үйл баримт байхгүй. “Нөхцөл тохирох гэрээ”-ний тухайд “А” ХХК нь зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах хүсэл зоригоо уг гэрээг байгуулснаас хойш 2017 оны 12 дугаар сард, 2018 оны 3 дугаар сард тус тус дахин илэрхийлж хугацааг сунгах тухай баримт 1 дүгээр хавтасны 34, 35 дахь талд авагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх бүрэн үндэстэйг давхар нотлох юм. Хоёрдугаарт, зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байгаа нь зөвхөн гомдол шийдвэрлэж байгаа шийдвэр бөгөөд энэ нь талуудын эвлэрсэн талаарх тохиролцоог шийдвэрлээгүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шийдвэр биш юм. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийн нэгэн адил үзэж гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэхдээ маргаантай харилцааг Иргэний хуульд бус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй. Түүнчлэн талууд тохиролцсон учраас эвлэрлийн гэрээг байгуулсан, байгуулсан гэрээг нь шүүх үзэж эвлэрлийг захирамжаар баталсан бөгөөд уг захирамж хүчингүй болсноос бус зохигчийн эвлэрсэн тохиролцоог хүчингүй болгоогүй. Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.06-ны өдрийн 183/ШТ2022/00025 дугаартай тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2017.03.30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагад заасан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах үндэслэл болохгүй. Учир нь уг тогтоол нь өөрөө хуульд нийцээгүй. 6 дугаар хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол хянан хэлэлцэх шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсанчлан “А” ХХК болон Д.Б нараас тус шүүхийн шүүгчийн 2017.03.30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай гаргасан гомдлыг 2021.01.14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “эвлэрлийг баталсан захирамжийг хүчингүй болгох нь зөвхөн тухай шүүгчийн эрх хэмжээний асуудал, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан илт үндэслэл муутай гэдэг нь шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгоно.” гэж нэгэнт дүгнэн 183/ШТ2021/00008 дугаартай тогтоол гаргасан мөртлөө дараа нь уг дүгнэлт, тогтоолоо үгүйсгэн, талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг 5 жилийн дараа хүчингүй болгож шүүгч хэрэг маргааныг бие даан, хараат бусаар шийдэх зарчмыг зөрчсөн, хууль бус тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл, уг тогтоол нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” 123, 124 дүгээр зүйлийг хэрэглэх маш буруу жишиг болсон. Хэрэг маргааныг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 106, 74 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэж байгаа бол энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үг. Ийнхүү эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг зөвхөн тухай шүүгч хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй бөгөөд хэрэв шийдвэртээ өөрчлөлт оруулаагүй, шийдвэрээ хүчингүй болгоогүй л бол түүнийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянах эрхгүй. Мөн уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргадаггүй. Зөвхөн хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүгч шийдвэрээ хүчингүй болгосон, шийдвэртээ өөрчлөлт оруулсан тохиолдолд л зохигчийн гомдлыг үндэслэн шүүх бүрэлдэхүүн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хянадаг бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид тухайн шүүгч өөрчлөлт оруулаагүй, хүчингүй болгоогүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ дэмжиж гаргасан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэлүүдэд бүгдэд нь дүгнэлт хийгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үндэслэл болон хэлцлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хэрэглээ талаас нь бус талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тогтоол нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад хамаарна гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа нь хууль хэрэглээний маш том алдаа юм. Хэрвээ тухайн хэрэг маргааныг хянаж буй шүүгчийн хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн, уг асуудлаар зохигчид дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн шийдвэрийг тухайн хэргийг хянаж байгаагүй шүүх бүрэлдэхүүн зөвхөн гомдлын хүрээнд хүчингүй болгоод байвал шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хууль зүйн хувьд ямар ч үр дүнгүй, шүүхээс талуудыг эвлэрүүлэх бүхий л боломжоор хангах ажиллагаа хийх шаардлагагүй цагийн гарз гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй байна.

2. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь заалт буюу давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн буюу хэлцэл нь Хууль зөрчсөн гэх шинжүүдийг шалгаагүй, дүгнээгүй, тогтоогоогүй талаар: Монгол улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар тогтоолын “ТАВ” дахь хэсгийн 5.1.-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж туйлын тодорхой тайлбарласан. Нэхэмжлэгч нараас ч нэхэмжлэлийн агуулгын эрх зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ яг л нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэлийг шалгаад хэлцлүүд нь хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдал тогтоогдоогүй, хуулиар тогтоосон агуулга болон хэлбэрийн шаардлагад нийцсэн гэж зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүхээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.06-ны өдрийн 183/ШТ2022/00025 дугаартай тогтоолыг хуулийн хориглосон хэм хэмжээтэй ижил хэмжээнд буюу шүүх хуулийн хориглосон хэм хэмжээ тогтоож байгаа мэт тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээс өөр аргагүй байна. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх уг тогтоолд дурдсан зүйлийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт” гэж үзэж үнэлсэн нь Улсын дээд шүүхийн тайлбарыг шууд үгүйсгэсэн үндэслэл мөн. Уг тогтоол бол зөвхөн тухайн гомдлын хувьд шийдвэр гаргасан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрлэсэн шийдвэр биш учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “шийдвэр” гэж ойлголтод хамаарахгүй. Хэрэв хамааралтай гэж үзвэл хэргийн 6 дахь хавтасны 101-110 дахь талд авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.14-ний өдрийн 183/Ш32022/19207 дугаартай захирамжид дурдсан “Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хариуцагчийн биелүүлсэн 11,6 тэрбум төгрөгөөр багасгасан” гэдгийг мөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэж байгаа бол 6 дахь хавтасны 101-110 дахь талд авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.14-ний өдрийн 183/Ш32022/19207 дугаартай захирамжид дурдсан “ХБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн биелүүлсэн хэмжээгээр буюу 11.6 тэрбум төгрөгөөр багасган гэдгийг ч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэх ёстой болох юм. Нөгөө талаас, 5 дугаар хавтаст хэргийн 238 дахь талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.04.06-ны өдрийн ... дугаартай тодорхойлолтоор талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний биелэгдээгүй хэсэг болох үлдэгдэл төлбөрийг гаргуулах ажиллагаа хийгдэж байсан нь тогтоогддог бөгөөд энэ тохиолдолд мөн л нэхэмжлэлд дурдсан хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар маргаан байхгүй байсан гэж үзэх үндэслэлтэй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4.2-т “Талууд эвлэрлийн гэрээний нөхцөлүүдийг өөрөөр тохирч Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ” гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тодруулбал, эвлэрлийн гэрээнд зааснаас хэрхэн өөрөөр тохирч нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрхийг хөндсөн талаар огт дүгнээгүй. Харин нөхцөл тохирох гэрээ буюу зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч “А” ХХК-д буцаан худалдах гэрээний тухайд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан зээлийн маргааны нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй тохироо байсан учраас гаргаж өгөхгүй байх бүрэн үндэстэй бөгөөд гаргаж өгөх шаардлага ч байгаагүй. Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.06-ны өдрийн 183/ШТ2022/00025 дугаартай тогтоолоор талуудын эвлэрлийг баталсан захирамжийг хүчингүй болгосноос бус уг тогтоолоор аливаа хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоогүй учраас шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй. Түүнчлэн эвлэрлийн гэрээтэй хамт байгуулсан гэрээг шүүхэд гаргаж өгөх нь зөвхөн “ХБ” ХХК-ийн үүрэг, энэ үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж байгаа мэтээр дүгнэж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь гэрээнүүдийг талууд анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлж чөлөөтэй байгуулан гэрээний талууд өөр өөрийн хувийг авсан. Хэдийгээр эдгээр гэрээнүүдийг шүүхэд гаргаж өгөх ямар ч шаардлага байгаагүй ч гэрээг хэн аль нь шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Тийм ч учраас дараа нь нэхэмжлэгч нар уг гэрээнүүдийг гомдол гаргахдаа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд, нэхэмжлэл гаргахдаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд баримтаар гаргаж өгсөн байдаг.

3. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 172 дугаар зүйлийн172.2.2 дахь заалтад заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” талаар давж заалдах шатны шүүх хуралдаан 2023.04.14-ний өдөр болсон бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас магадлалын тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагавар бүхий өөрчлөлт оруулж байгааг дурдаад гэхдээ энэхүү шийдвэр нь талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг мөн дурдаж өгнө гэсэн боловч магадлалд “энэхүү шийдвэр нь талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй” талаар огт дурдаагүй. Ийнхүү дурдаагүйгээс болж маргаан бүхий хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлснээр тэдгээр нь чөлөөтэй захиран зарцуулж уг хөрөнгийг тооцон авсан 11,6 тэрбум төгрөгийн зээлийг шаардах эрхгүй, барьцааны эрхгүй болсон үр дагавар үүсэхээр байна. Тодруулбал, “ХБ” ХХК нь одоо Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж буй зээлийн маргаанд нэхэмжлэлийн шаардлагаа 11,6 тэрбум төгрөгөөр ихэсгэх, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй байхаар магадлал бичигджээ. Ийнхүү давж заалдах шатны шүүхийн уншиж сонсгосон магадлал бичмэл байдлаар гардуулсантай зөрснөөр “ХБ” ХХК-ийн зээлийн гэрээний болон барьцааны эрх зөрчигдсөн.

4. Бусад нөхцөл байдлын талаар: Зарчмын хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүйгээр эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд шүүх ч энэ талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авдаг. Хэрэв тухай хэрэг маргааныг хянаж буй шүүгч зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзсэн бол эвлэрлийг баталдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг зөвхөн тухай шүүгч өөрчлөх болон хүчингүй болгох эрхтэй гэж хуульд туйлын тодорхой зохицуулсан бөгөөд хэрэв тухай шүүгч захирамждаа өөрчлөлт оруулаагүй, хүчингүй болгоогүй бол түүнийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянах эрх хуулиар олгогдоогүй. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталсан шүүгч нь уг захирамжаа өөрчлөөгүй, хүчингүй болгоогүй байхад хариуцагчийн гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн хүрээнд 2022.01.06-ны өдрийн 183/ШТ2022/00025 дугаартай тогтоолоор 5 жилийн дараа буюу 2017.03.30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож байгаа нь хуулийг туйлын буруу хэрэглэсэн, зохигчийг эвлэрүүлэх талаар шүүхээс боломжит бүх арга хэмжээг авах зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрхийг хохироосон, хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчийн бие даасан, хараат бус байх зарчимд халдсанд хариуцагчийн зүгээс туйлын их гомдолтой байна. Хэрэв энэхүү буруу жишгээр цаашид хэрэг маргаан шийдвэрлэгдвэл зохигч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх нь хэргийг хянаж буй шүүгчийн хувьд ч оролцогчдын хувьд ч ямар ч үр дүнгүй, үр ашиггүй юм. Давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг залруулах, нэхэмжлэлийг шаардлагын хүрээнд хянах, түүний эрх зүйн үндсийг хянаж зөвтгөхийн оронд хууль буруу хэрэглэсэн, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тогтоолыг нэгэнт шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогдсон үйл баримт гэж хууль хэрэглээний буруу жишиг тогтоож байгаа нь илт үндэслэлгүй юм. Талууд нэгэнт харилцан хүсэл зоригоо илэрхийлээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжүүлж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн тэмдэглэлийн талаар буруу ташаа гэж эсэргүүцээгүй бол уг бүртгэлийг үнэн зөв гэж тооцдог. Зохигчийн байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ” нь улсын бүртгэл үнэн зөв байх талаар маргаангүй тул хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар мэдүүлгээс харахад нэхэмжлэлийн агуулгын хууль зүйн үндэслэл нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хамаарах бус мөн хуулийн 59 дүгээр зүйл буюу нэхэмжлэгч нарын өндөр үнэлгээтэй эд хөрөнгийг бага үнээр, хууран мэхэлж зээлийн төлбөрт тооцон авсанд гомдолтой байдаг нь маргах үндэслэл болсон нь тодорхой харагддаг. Тийм ч учраас зээлийн төлбөрт тооцон авсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан бөгөөд энэ талаарх нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байдаг. Нөгөө талаас, ижил агуулгатай 4 гэрээг зэрэг байгуулсан боловч зөвхөн эвлэрлийн гэрээг шүүхэд өгсөн гэж Хийг буруутгаж байсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг бий болгосон гэж нэхэмжлэгч нар тайлбарладаг. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь хүчин төгөлдөр байх хэлцэл бус хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарч байвал энэ нь хөөн хэлэлцэх хугацаа болон бусад байдлаараа эрх зүйн өөр үр дагавартай байна. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргааны зүйл, түүний хууль зүйн үндэслэлийг нягтлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мөн буруу болжээ. Шүүхээс энэ мэтчилэн зээл, түүний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой нэгэнт эцэслэн шийдсэн хэргийг 5 жилийн дараа хууль зөрчин сэргээх нь зээлдэгчийг энэ урт хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал гэх мэт санхүүгийн их хэмжээний дарамтад оруулна. Дээрх байдлаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу, анхан шатны шүүхээс зөрүүтэй, алдаатай хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул уг шүүхийн 2023.04.14-ний өдрийн 210/МА2023/00791 дугаартай магадлалыг хүчингүй болгож Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 181/ШШ2023/00216 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.20.-ны өдрийн 001/ШХТ2023/00740  дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

8. “А” ХХК, Д.О, Д.Б нар нь хариуцагч “Х” ХХК-д  холбогдуулан 2017.03.29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... тоот ... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-0000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, ... дүүрэг, ... хороонд байршилтай ... мкв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч “Х” ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг,

“А” ХХК, Д.Б нар нь “Х” ХХК-д холбогдуулан 2017.03.29-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээчин Д.Ш-н 2016.11.14-ний өдрийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг “Х” ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...эвлэрлийн гэрээг шүүхээр батлуулахдаа өмнө нь байгуулсан “нөхцөл тохирох гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г шүүхэд мэдэгдээгүйгээс эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн, уг гэрээ нь дүр үзүүлсэн, өмнөх хэлцлүүдийг халхавчилсан хэлцэл, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлсэн, тухайн үед 35 тэрбум төгрөгийн үнэтэй одоо 42 тэрбум төгрөгийн үнэтэй баримт байна, “А” ХХК-ийн захирал Д.О зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хэлцэл хийсэн, гэрээ байгуулсан банкны ажилтан Е нь банкийг төлөөлөх эрхгүй байсан, гэвч эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул бусад гэрээ дагаад хүчин төгөлдөр бус болно...” гэжээ.

Хариуцагч “Х” нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тухайн гэрээнүүдийг хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, хуулийн хүрээнд байгуулсан бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл байхгүй, нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгөө худалдаж авахыг бид хориглоогүй, арилжааны банк үл хөдлөх хөрөнгийг дотооддоо үнэлэх нь зүйн хэрэг бөгөөд нэгэнт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан бол дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нь ойлгомжгүй, ямар эрх зөрчигдсөн нь тогтоогдоогүй гэж маргасан.

9. Хэрэгт байгаа баримтаар, 2014.11.18, 2015.11.05-ны өдөр “Х” ХХК, “А” ХХК нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, “А” ХХК нь нийт 12,8 тэрбум төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаанд ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... гудамж, ... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон нэгж талбарын 18642311118599 дугаартай 1230 м.кв газрын эзэмших эрхийг барьцаалсан, “Х” ХХК нь 2017 оны 1 сард шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргасан ба “Х” ХХК болон “А” ХХК, Д.Б нар 2017.03.29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч 13,940,000,000 төгрөгийг төлөхөөс 11,600,000,000 төгрөгийг барьцааны зүйл болох ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... тоот хаягт байрлах ... м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017.04.07-ны дотор банкинд шилжүүлэх байдлаар төлөх, үлдэх 2,340,000,000 төгрөгийг 2017.10.30-ны дотор төлөх, банк бусад барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхөөр /1хх-100х/ тохиролцсоныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх 26, 27, 137-138х/

Гэхдээ эвлэрлийн гэрээг байгуулахаас өмнө “Х” ХХК нь “А” ХХК-тай 2017.03.29-ний өдөр “Нөхцөл тохирох гэрээ”-г байгуулж, ... дүүргийн ... хороо, ... хороолол, ... тоот улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үйлчилгээний зориулалттай ... м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ...  дугаар бүхий ... м.кв эзэмшлийн газрыг зээлийн гэрээний дагуу 13,940,000,000 төгрөгийн үлдэгдэл бүхий төлбөрийг талуудын хоорондох худалдах-худалдан авах гэрээний үнийн дүнгээр буюу 11,600,000,000 төгрөгөөр тооцож төлөх, банк 2017.12.30-ны өдрийг хүртэлх хугацаанд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, энэ хугацаа өнгөрснөөс хойш худалдагч буцаан худалдан авах хүсэл зоригоос татгалзсанд тооцож банк хөрөнгийг захиран зарцуулах, энэ хугацаа хүртэл хөрөнгийн эзэмшил, ашиглалт нэхэмжлэгч нарт хадгалагдаж холбогдох зардлыг төлөхөөр  тохиролцсон /1хх 11-13/, мөн “Х” ХХК болон Д.О, Д.Б нар 2017.03.29-ний өдөр газар эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх нөхцөл бүхий  “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан үйл баримт тогтоогджээ. /1хх-30х/

Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ “Х” ХХК болон “А” ХХК нь 2017.03.29-ний өдөр “үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан, 2017.03.30-ны өдөр “Х” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон нь эрхийн ... тоот гэрчилгээгээр, газар эзэмших эрх 2017.06.29-ний өдөр шилжсэн нь ... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус нотлогдсон. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрх эвлэрлийн гэрээ бус нөхцөл тохирох гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжсэн байв.

10. Гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн үнэлгээ нь “Х” ХХК, “А” ХХК нарын хоорондох 2014.11.18-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээгээр 11,668,000,000 төгрөг, уг гэрээнд нэмэлт оруулсан 2015.11.05-ны өдрийн гэрээнд 14,682,000,000 төгрөг, мөн “Х” ХХК, “А” ХХК, Д.Б нарын хоорондох 2014.11.18-ны өдрийн барьцааны гэрээнд 1230 м.кв талбайтай газрын үнэлгээ 180,000,000 төгрөг, “ТБ” ХХК-аас хөрөнгийг 35,457,340,800 төгрөгөөр тооцон зээл олгох боломжтой тухай 2016.05.03-ны өдрийн нэхэмжлэгч нарт үнийн санал хүргүүлсэн мэдэгдэл, “МӨТ” ХХК-аас 2021.08 сарын байдлаар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 42,733,700,000 төгрөгөөр үнэлсэн баримтууд хэрэгт авагджээ. /1хх 97-98, 101-115, 4хх-52, 231-250, 5хх 1-40/

“А” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар дээрх дөрвөн гэрээг байгуулах үед тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.О байсан болох нь тогтоогдсон. /1хх-95-96х/

11. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2017.03.29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээнүүд хэлбэр, агуулгын хувьд хууль зөрчөөгүй, “нөхцөл тохирох гэрээ” нь худалдсан барилга болон газраа тодорхой хугацааны дотор буцаан худалдан авах буюу Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан “Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ”, нэг тал хүсэл зоригоо тодорхой илэрхийлснийг нөгөө тал нь хүлээн авч, хүссэн үр дагаврыг үүсгэсэн тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан Дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарахгүй, гэрээний дагуу үйлчилгээний зориулалттай 8,140 м.кв талбай бүхий барилгын өмчлөх эрх болон 1,230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай газрын эзэмших эрхийг “Х” ХХК-д шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл биш, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглох зохицуулалтад эдгээр барьцааны зүйл хамаараагүй байна, эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулсан тул барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, “А” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100% хувьцаа эзэмшигч нь Д.О байх тул их хэмжээний хэлцэл хийх эрх олгогдоогүй гэх, хариуцагчийн төлөөлөх эрхийн талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг тус шүүхийн 2022.01.08-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүчингүй болгож, зээлийн маргааныг ердийн журмаар шийдвэрлэж байх тул нэхэмжлэгч нарын “эвлэрлийн гэрээ”-тэй холбоотой шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй, “Х”-ны ажилтан Д.Шийн гаргасан үнэлгээ нь байгууллагын дотоод хэрэгцээнд зориулагдсан байх тул нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй, “тухайн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлага” нь нэхэмжлэгчийн эрхийг сэргээх агуулгагүй буюу нэхэмжлэгчээс гаргасан бусад шаардлагын хүрээнд утга агуулга, зорилгын хувьд нийцээгүй...” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

11. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гомдлоор хэргийг хянаад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар талуудын байгуулсан 2017.03.29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, болон 2017.03.30-ны өдрийн эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, ...дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... тоот хаягт байрлах, ...м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, нэхэмжлэгч Д.О, Д.Б нарын эзэмшилд нэгж талбарын ... ... дугаартай, ... дүүрэг, ... хороонд байрлах, ...м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч “Х” ХХК-д даалгаж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үнэлгээчин Д.Ш-н үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг үндэслэлтэй гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Ийнхүү шийдвэрлэхдээ “...Зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.06-ны өдрийн 183/ШТ2022/00025 дугаар тогтоолд “...талууд эвлэрлийн гэрээг байгуулснаас гадна 2017.03.29-ний өдөр нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж шүүхэд зөвхөн эвлэрлийн гэрээг өгсөн байна... Хоорондоо хамааралтай дээрх 3 гэрээг шүүхэд гаргаж өгөөгүйгээс талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг бүрэн агуулгаар нь хянах боломжгүй, шүүх зөвхөн хэлбэрийн хувьд шаардлага хангасан эсэхийг хянаж баталгаажуулснаас агуулгын хувьд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй, шүүхийн баталсан эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн эрхийг зөрчсөн, хуульд нийцсэн эвлэрэл болж чадаагүй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн...” байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг хуульд нийцээгүй болохыг шүүх тогтоосон байна, анхан шатны шүүх гэрээ тус бүрийг бие даасан харилцаа гэж дүгнэсэн нь буруу болсон, зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчингүй болсноор уг эвлэрэлтэй холбоотой байгуулсан Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно, талуудын хоорондох зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэгдээгүй гэж үзэх бөгөөд энэ нөхцөлд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, уг гэрээгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй салгаж үл болох эрх болох барьцааны эрхийг хэрэгжүүлэхээр тохирсон талуудын тохиролцоо хүчинтэй үлдэх боломжгүй., Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК, Д.Б, Д.О нар нь хариуцагч “Х” ХХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй...,харин анхан шатны шүүх үнэлгээчин Д.Шийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлсэн байна...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

12. Давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлтийг зөвтгөж, магадлалд хууль хэрэглээний хийгээд найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

12.1. Анхан шатны шүүх талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу хянаж, захирамжийг хүчингүй болгохдоо “...хоорондоо хамааралтай 3 гэрээг шүүхэд гаргаж өгөөгүйгээс талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг бүрэн агуулгаар нь хянах боломжгүй, шүүхийн баталсан эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн эрхийг зөрчсөн, хуульд нийцсэн эвлэрэл болж чадаагүй...” гэж дүгнэсэн байх боловч энэ нь агуулгын хувьд эвлэрлийн гэрээг хүчингүй болгоогүй, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон процессын ажиллагаа болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, эвлэрлийн гэрээг хүчингүй болгосон гэж дүгнэсэн нь хуульд нийцсэнгүй. Гэвч энэ дүгнэлт нь шүүхийн шийдэлд нөлөөлөөгүй тул хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, алдааг залруулах боломжтой байна.

12.2. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан. Талуудын байгуулсан 2017.03.29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зээлийн үүргийг хангуулахтай холбоотой, үүргийн зарим гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх, тодорхой хугацааны дараа үүрэг гүйцэтгэгч үл хөдлөх хөрөнгийг өөрөө худалдан авахаар тохирсон шинжтэй боловч үүргийг хангаагүй бол үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх агуулгатай болсон байх тул хуулийн дээрх зохицуулалтаар “нөхцөл тохирох гэрээ”, “эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байжээ.

Харин өмчлөх эрхийг шилжүүлэхдээ байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, дээрх хоёр хэлцлийг буюу “нөхцөл тохирох гэрээ”, “эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г халхавчлах зорилгоор байгуулагдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Улмаар 2017.03.30-ны өдрийн талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь эдгээр гэрээнүүдтэй хамааралтай, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй болсон гэж үзнэ. Энэ талаар буюу гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

12.3. Давж заалдах шатны шүүх барьцааны гэрээний талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй залруулах шаардлагатай.

Талууд эвлэрлийн гэрээг байгуулахдаа барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлсөн боловч эвлэрлийн гэрээний зорилго биелэгдээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус тул талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг өмнөх байдалд сэргээх буюу барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үр дагаврыг шүүх шийдвэрлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

13. Банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг болон зээлийн үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа явуулахдаа хуулийн хүрээнд, ялангуяа зээлийг төлүүлэх ажиллагаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх зээлдэгчийн үүргийг хангуулахад чиглэгдсэн байх нь санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих бөгөөд зээлийн үүрэгт барьцааны хөрөнгийг тооцох явдал нэн түрүүнд байх учиргүй юм. Маргааны зүйлээс үзвэл нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэ гүйцэтгэх үүргийн хэмжээнээс илүү, зөрүүтэй талаар маргаж, баримт гаргасан байх ба нэгэнт зээлийн маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00791 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56.1.1..” гэснийг “...56.1.10, 171 дүгээр зүйлийн 171.3” гэж, “...хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож...” гэснийг “хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Х” ХХК болон “А” ХХК-ийн байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 15, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн барьцааны гэрээг хэвээр үлдээж, сэргээхийг улсын бүртгэлд даалгасугай.” гэж, 2 дах заалтыг “3” гэж, 3 дах заалтыг “4” гэж, 4 дэх заалтыг “5” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 58,228,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАЯРМАА

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                             Д.ЦОЛМОН

                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД