Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00181

 

              Б.Бийн нэхэмжлэлтэй

                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/01193 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01137 дугаар магадлалтай,

Б.Бийн нэхэмжлэлтэй

А.А, Б.У нарт холбогдох

Автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг Б.У-н эзэмшлээс гаргуулан авах, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.У-д даалгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Д-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Б.Угийн өмгөөлөгч Ц.С, хариуцагч А.А-н өмгөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Б нь А.А, Б.У нарт холбогдуулан автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг Б.У-н эзэмшлээс гаргуулан авах, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийг,

“К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.У-д даалгуулах тухай бие даасан шаардлагыг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/01193 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч А.А, Б.У нарт холбогдох “Б.Б-г ....  улсын дугаар М маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, Б.У-с гаргуулах, Б.Б-н нэр дээр автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд К дахь банкны эрх хүлээн авагчийн “....  улсын дугаартай М маркийн автомашины өмчлөгчөөр К дахь банкны эрх хүлээн авагчийг тогтоож, автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.У-д даалгах” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 682,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээ зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар К дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01137 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/01193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэж “1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А, Б.У нарт холбогдох автомашиныг Б.У-н эзэмшлээс гаргуулан авах, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг,

автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.У-д даалгуулах тухай гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 болон 4 дэх заалтыг нэгтгэж “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан гуравдагч этгээд “К” дахь банкны эрх хүлээн авагч нь бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 682,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж,

5 болон 6 дахь заалтыг нэгтгэж “3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж тус тус өөрчлөн найруулж,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар гуравдагч этгээд “К” дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Д хяналтын гомдолдоо:

...1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн зүйл болох ... улсын дугаартай “М” маркийн автомашины үнийг К-ны дотоод үйл ажиллагаанд ашигладаг данснаас төлсөн болохыг зөв дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх тус данснаас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б-д 500,000,000.00 төгрөг шилжүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь энэ дүгнэлтийг хийхгүйгээр тус хэрэг, бие даасан шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. Бие даасан шаардлагын үндэслэл нь банкны дотоодод ашигладаг данснаас банкны мөнгөн хөрөнгийг А.А нь зориулалт бусаар зарцуулсан тухай байсан. 2. Давж заалдах шатны шүүх “...А.А-н нэр дээрх автомашиныг худалдан авсан мөнгө нь хууль бус байсан эсэхээс үл хамааран Б.У-д өмчлөх эрх хуульд зааснаар үүссэн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь уг бэлэглэлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Бэлэглэгч гэрээнд заасан автомашины үнийг гэрээнд заасан журмын дагуу хугацаанд нь төлөхийг Худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж заасан нь тус гэрээний хариу төлбөргүй гэх агуулгыг үгүйсгэж байгаа ба Б.У нь үүнийг хэрхэн төлсөн талаар нотлох баримтыг гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоорондын тооцоотой байсан түүнийг хаасан гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь мэдүүлж байсан. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2023/01380 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа “уг мөнгөн хөрөнгө нь К ХХК-ийн мөнгөн хөрөнгө байсан эсэх, эсхүл А.А-н мөнгөн хөрөнгө байсан эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна” гэж дүгнэсэн хэрнээ өмнөх дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. 4. К-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.А нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүрэгтэй ба түүнд банкны мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй болно. А.А нь хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулаагүй бөгөөд зориулалтын дагуу захиран зарцуулсан бол автомашин “К” ХХК-ийн нэр дээр шилжин бүртгэгдэж, эзэмшил, өмчлөлд байх байсан. Банкны гүйцэтгэх захирал гэдгээрээ олон нийтээс харилцах, хадгаламжийн хэлбэрээр татсан мөнгөн хөрөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд банкнаас гаргаж, захиран зарцуулах, хамаарал бүхий компанид банкны мөнгөн хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийг шилжүүлэх, бэлэглэх эрх бүхий этгээд биш юм. 5. А.А, Б.У нарын хамаарал бүхий “Б” ХХК нь К-ны мөнгөн хөрөнгөөр үнийг төлүүлсэн автомашины өмчлөгч болж, Б.У-д шилжүүлж, Б.У нь үнэ төлбөргүй өмчилж үндэслэлгүй хөрөнгөжсөн байдлыг шүүх анхаарсангүй. Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Дгийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.21-ний өдрийн 001/ШХТ2023/00978 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлын зарим хэсгийг агуулгын хувьд хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

8. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А.А, Б.У нарт холбогдуулан “....  улсын дугаартай М маркийн автомашиныг гаргуулах, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “автомашины үнэ 393,025,466 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлээ тодорхойлсон боловч 2022.03.10-нд “....  улсын дугаартай М маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашин өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах, автомашиныг Б.У-с гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /1хх 1-2, 193, 236, 2-р хх 41, 71/

“К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.У-д даалгуулах тухай бие даасан шаардлагыг гаргасан байна.

9. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “... Би И ХХК-д машины төлбөр гэж 2013.12.04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2014.04.18-ны өдөр 293,025,466 төгрөгийг тус тус шилжүүлсэн, тухайн тээврийн хэрэгслийг А.А надаас худалдан авахаар тохиролцохдоо төлбөрийг нь дараа төлөхөөр, эсхүл Б.Б-н хүргэн Б.Б-н авах гэж буй зээлээс хасч тооцохоор амаар тохирсон учраас И ХХК-ийн захиалгын гэрээг А.А худалдан авагчийн нэрээр байгуулсан юм. Гэвч 2019 онд К-ны эрх хүлээн авагчаас Б.Б-д холбогдуулан гаргасан зээл төлүүлэх нэхэмжлэлээс харвал М маркийн автомашины 393,000,000 төгрөгийг Б.Б-н авсан зээлээс хасч тооцсон нь харагддаггүй. Тийм учраас автомашины төлбөрийг нэгэнт  төлсөн тул автомашины өмчлөгч болно... хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ. /1хх 122/

Хариуцагч А.А нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Б.Б нь И ХХК-аас автомашин авсан гэх үйл баримт нь тогтоогдоогүй. Уг автомашиныг худалдан авах гэрээг И ХХК-тай би өөрөө байгуулсан бөгөөд гэрээний дагуу худалдагч тал автомашины эзэмших эрхийг А.А-н хэлснээр Б ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Харин Б.Б нь автомашины төлбөрийг А.А-н нэрийн өмнөөс дамжуулан шилжүүлсэн этгээд бөгөөд автомашины үнийг Б.Б гэх хүний зээлийн төлбөрт суутгах ёстой гэж байгаа ч энэ талаар баримт гаргаж өгөөгүй, Б.Б-н зээлээс хасахаар тохирсон он, цаг дарааллын хувьд алдаатай. А.А нь 2013 онд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Б түүнээс 2 жилийн дараа буюу 2015 онд зээл авсан, энэ хэрэгт хамааралгүй юм. Иймд Б.Б нь нэхэмжлэх эрхгүй этгээд, өөрийн дансаар мөнгө орж, гарсныг далимдуулан, нэхэмжлэл гаргасан. 2013 онд автомашиныг худалдаж авахаар төлбөрийг төлсөн атлаа 2021 онд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан хугацаа дууссан. 2019 онд автомашины үнэ Б.Б-н авсан зээлээс хасагдаагүй гэдгийг мэдсэн даруйдаа нэхэмжлэл гаргасан гэж байгаа боловч нэхэмжлэлийг 2021 онд гаргасан. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

Хариуцагч Б.У нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...2017.11.22-ны өдөр М маркийн автомашиныг Б ХХК-аас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан. Бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр. Б.У болон Б.Б нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тул автомашины өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй. Б ХХК болон Б.У-тай бэлэглэлийн гэрээ байгуулан, бэлэг хүлээн авагч хүлээн зөвшөөрсний дагуу буюу гэрээний дагуу эд хөрөнгө шилжилт хөдөлгөөн хийгдсэн, тухайн автомашины өмчлөх эрхийг гуравдагч этгээдээс гэрээний журмаар шилжүүлэн авч, өмчлөгч болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ. /1 хх 38,49 ,67-73, 216/

Гуравдагч этгээд К дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...2022.10.06-ны өдрийн А-269 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2023.10.09-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч банкны актив зээл, авлагыг төлүүлсэн, хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах ажиллагааг гүйцэтгэж байна. Дээрх иргэний хэргийн материал, баримттай танилцахад ... улсын дугаартай М маркийн автомашиныг худалдан авсан 393,025,466 төгрөг нь банкнаас гарсан, “К” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан А.А нь банкны дотоод үйл ажиллагаанд ашигладаг данснаас 2014.04.18-ны өдөр 500,000,000 төгрөгийг Б.Б-д шилжүүлсэн /1хх 169-170/ баримт байна. Гэвч тус автомашин нь хариуцагч Б.У-н өмчлөлд шилжиж, түүний эзэмшил, ашиглалтад байна. Иймд “К” ХХК-ийн мөнгөн хөрөнгөөр худалдаж авсан автомашины өмчлөгч нь “К” ХХК байх ёстой...” гэж үзжээ. /2-р хх 179, 197/

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 205 дугаар зүйлийн 205.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч А.А, Б.У нарт холбогдох нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд К дахь банкны эрх хүлээн авагчийн “....  улсын дугаартай М маркийн автомашины өмчлөгчөөр К дахь банкны эрх хүлээн авагчийг тогтоож, автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.У-д даалгах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь нэхэмжлэл, шаардлагаа тус тус нотлоогүй гэж үзжээ. 

Давж заалдах шатны шүүх шүүхийн шийвэрт өөрчлөлт оруулахдаа “...Б.Б-н нэхэмжлэл болон бие даасан шаардлагад тусгасан “автомашины өмчлөгчөөр тогтоолгох”  хүсэлт нь бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болохыг анхан шатны шүүх анхаараагүй, нэхэмжлэгч нь бие дааж “И” ХХК-тай “М” маркийн автомашин худалдан авах гэрээ байгуулсан хийгээд уг автомашиныг хууль болон гэрээнд зааснаар өмчлөх эрхтэй болохоо нотлоогүй, мөн гуравдагч этгээд бие даасан шаардлагаа нотлоогүй, нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний харилцаа болон гэрээнээс татгалзсан үндэслэлээр шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 205, 243 дугаар заалтыг хэрэглэсэн нь буруу, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй, нэхэмжлэлийн шаардлага болон хууль хэрэглээг зөвтгөх нь зүйтэй...” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан.

11. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, нэхэмжлэгч Б.Б нь М маркийн автомашины төлбөрт 2013.12.04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2014.04.18-ны өдөр 293,025,466 төгрөгийг тус тус “И” ХХК-д шилжүүлсэн боловч уг тээврийн хэрэгслийг худалдан авах захиалгыг Б.Б биш хариуцагч А.А 2013.12.05-ны өдөр өгсөн, 2014.04.18-ны өдөр худалдагч талаас тухайн автомашиныг А.А-д хүлээлгэн өгсөн, А.А нь автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсны дараа 2014.04.25-нд “Б” ХХК-ийн өмчлөлд, “Б” ХХК-аас 2017.11.22-нд Бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Б.У-д шилжиж, автомашин түүний өмчлөлд байгаа /1-р хх 7, 8, 100, 122, 117-119/, маргааны үйл баримтыг шүүх үндэслэлтэй тогтоожээ.

Нэхэмжлэгч Б.Б болон гуравдагч этгээд “К” ХХК-ийн “...автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах” шаардлагын үндэслэл нь тухайн автомашины өмчлөгч гэж үзэж уг эрхэд тулгуурласан агуулгатай тул “...автомашины өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагыг бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Б нь маргаж буй автомашины өмчлөгч болохоо нотлоогүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Б нь автомашиныг үнийг төлсөн атлаа худалдагч тал болох И ХХК-д автомашиныг худалдан авах захиалга өгөөгүй, автомашиныг хүлээн авч өөрийн эзэмшилд шилжүүлэн аваагүй тул автомашины үнийг төлсөн гэдгээр өмчлөх эрх шилжсэн гэж үзэх боломжгүй, Б.Б нь 2022.06.25-нд Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт... Барилгад хийгдэх ажиллагаанд шаардлагатай мөнгөний хүсэлтийг миний зүгээс банканд бичиж өгч тухайн дүнгээр зээл хэлбэрээр мөнгө нь орж ирдэг, улмаар тухайн ажилд нь мөнгийг зарцуулдаг байсан, миний дансанд зээлээс орж ирсэн мөнгөнөөс А-н шийдвэрээр 2 машин авч байсны нэг нь К-ны нэр дээр байгаа 570, нөгөөх нь У-н нэр байгаа бенз Эс Эл 500 маркийн машин байгаа гэж гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч С.Т-с “...А захирал машиныг захиалсан... машины үнийг төлсний дараа гэрээ байгуулаад машинаа авсан ...” /1-р хх 220-225/ гэсэн мэдүүлэгт тулгуурлан эдгээр баримтаар нэхэмжлэгчийн шаардлага нотлогдоогүй, автомашины үнийг Б.Б-н Кнаас авах зээлийн төлбөрөөс хасуулахаар тохиролцсон гэх үйл баримт нь он, сар хугацааны хувьд түүний 2015 онд зээл авахаас өмнө болсон бөгөөд тохиролцооны үед Б.Б нь зээл авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч Б.Б хариуцагч А.А нарын хооронд худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй, ...” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

12. Харин хоёр шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг энэ хэрэгт хамтруулан шийдвэрлэсэнд хуульд нийцсэн дүгнэлт өгч чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.У-д даалгуулах тухай гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагыг энэ маргаанд хамтатган шийдвэрлэсэн нь зохистой болж чадаагүй, бие даасан шаардлагын үндэслэл, үүнтэй холбоотой үүссэн эрх зүйн харилцаа, талуудын үүрэг, банкны хөрөнгө мөн эсэх асуудлаар зохигч бүрэн мэтгэлцээгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Тухайлбал, гуравдагч этгээдийн шаардлагын үндэслэл банкийг татан буулгах ажиллагаа, Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрх, банкны хөрөнгийг тогтоох зэрэг тусгайлан зохицуулсан харилцаанаас үүссэн хүчин төгөлдөр бус хэлцэл, эсхүл иргэний хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсэх аль нь болох нь ойлгомжгүй байхад гуравдагч этгээдийн холбогдох шаардлагыг энэ хэрэгт хамтруулан шийдвэрлэсэн нь оновчтой болоогүй, улмаар мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжих боломжгүй байжээ.

Энэ утгаар гуравдагч этгээдийн шаардлага, түүнд гаргасан талуудын тайлбар, нотлох баримтыг үнэлэх боломжгүй бөгөөд гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь үүрэг бүхий этгээдүүдэд холбогдуулан нэхэмжлэлээ тусдаа гаргах эрх нь нээлттэй юм. Иймд гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01137 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/01193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 ба 2 дахь заалтыг нэгтгэн, “1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А, Б.У нарт холбогдох автомашиныг Б.У-н эзэмшлээс гаргуулан авах, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “автомашиныг шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.У-д даалгуулах” тухай гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардалга гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг зарим хэсгийг хангасугай.

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД