Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01113

 

 

 

 

                                               2021        04          07

                     101/ШШ2021/01113

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоот хаягт оршин суух Баглаа овогт С.Э /РД:0/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, 0 тоот хаягт оршин суух Хутаг өндөр овогт Л.Г /РД:0/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух Тайчууд овогт М.Ц /РД:0/,

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны үнэ 64,488,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, зээлийн төлбөр 37,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Т.У нь Л.Гээс 25,000,000 төгрөг зээлэхээр болж барьцаанд нь миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот, 41,52 м.кв талбайтай 2 өрөө, Ү-2201041678 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалахаар болсон. Гэтэл Л.Г нь миний нэр дээр орон сууцаа шилжүүлж өг гэж шаардсан. Т.У нь яаралтай мөнгөний хэрэгцээтэй байсан учир Л.Гийн нэр дээр орон сууцаа дүр үзүүлж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Тухайн үед заавал худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэсэн учир аргагүйн эрхэнд мөнгө зээлж авахын тулд дүр үзүүлж 25,000,000 төгрөгөө эргүүлж төлөөд өөрийнхөө орон сууцыг буцааж авна гэж амаар тохироод хуурамчаар худалдах, худалдан авах гэрээ Л.Гтэй байгуулсан. Л.Г бид 2 худалдах худалдан авах гэрээг 10,000,000 төгрөгөөр байгуулсны дараа 25,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж Т.У бид хоёр гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний дагуу Л.Г нь миний Голомт банкны 1809328767 тоот дансанд 24,960,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Би Л.Гээс авсан зээлийг Т.Ут өгсөн. Одоо Л.Г надаас Т.Уын зээлсэн 25,000,000 төгрөг гэх утгаар мөнгө нэхдэг. Би зээл авснаас хойш эргэн төлөлт хийж чадаагүй, харин Т.У нэг удаа өөрийн эгчийн дансаар Л.Г рүү 2019 оны 10 дугаар сард зээлсэн мөнгөний эргэн төлөлт хийсэн гүйлгээний утга дээр Т.У гэж бичсэн. Л.Г 99109817, 99028414 гэсэн дугаараар миний 99111129 дугаарт зээлийн хүү, үндсэн зээл нийлээд 33,550,000 төгрөг болсон, энэ байшинг би зарлаа, Миний бие худалдан борлуулах зорилгогүйгээр орон сууцыг Л.Гийн дарамт шахалтаар зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл мөн болохыг тогтоолгож, орон сууцыг миний өмчлөлд буцаан шилжүүлэхийг Л.Гд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Үүнд: 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, уг эд хөрөнгөөр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй гуравдагч этгээд М.Ций өмчлөлд шилжсэн тул орон сууцны үнэ 64,488,000 төгрөгийг Л.Гээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн С.Этай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр уг байрыг худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд уг гэрээг нотариатаар баталгаажуулсан болно. Энэ үедээ нотариатын хажууд уг гэрээний 7, 8, 9 дүгээр заалтуудын дагуу уг гэрээг тэгш эрхийн үндсэн дээр, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, бусдын дарамт шахалт, нөлөөлөл байхгүйгээр хийсэн гэдгээ нотолж С.Э болон би гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулсан болно. Иймд миний бие дээрх байр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна . 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн С.Э нь мөнгөний яаралтай хэрэг байна надад мөнгө зээлээч гэсэн. Гэтэл миний бие барьцаа шаардахад С.Э нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот 41.52 м.кв 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулъя, тухайн 2 өрөө байрыг таны нэр дээр шилжүүлье, тэгээд зээлээ төлөөд буцаан авна хэмээн хэлж, тухайн байрыг миний нэр дээр шилжүүлэн 25,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тутам хоногт 0.5 хувь алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг зээлж авсан. Гэвч С.Э нь одоог хүртэл 25,000,000 төгрөгөө хүү, алдангийн хамт төлөхгүй хирнээ харин ч эсрэгээрээ худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн хүчин төгөлдөр бусад тооцуулж орон сууцны үнэ шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.  С.Эгийн тус байрны шилжилт хөдөлгөөнийг харвал олон удаа шилжилт хийгдсэн байгаа. Надтай адил олон хүмүүст шилжүүлсэн. Анх миний нэр дээр шилжүүлж зээлийн гэрээг хийхээс өмнө дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байсан. С.Э Орчлон ХХК-д менежрээр ажиллаж байсан гэх мэдээлэл байдаг тул тэрээр зээлийн гэрээний дүр үзүүлсэн, дүр үзүүлээгүй эсэхийг сайн мэднэ. Би энэ талаар мэдлэггүй. Өөрийн нэр дээр шилжүүлэх юм бол эрсдэлгүй гэж бодсон. Одоо байрыг буцааж өгөөд, зээлүүлсэн мөнгөө алданга, хүүтэй нь авна. н.Цэнгүүн бид 2 маш их хохирч байна. н.Цэнгүүн 2020 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл байрандаа орж чадаагүй. Мөнгөн болон сэтгэл санаагаар хохирч байна. С.Э нь н.Сосорбарам гэх гэр бүлд надаас өмнө урьдчилсан байдлаар иргэн хоорондын гэрээгээр байрыг зарсан. н.Сосорбарамд би өмнө нь С.Этай гэрээ хийсэн талаар хэлэхэд С.Этай гэрээ хийчихсэн, нэхэмжлэгчээс мөнгөө авсны дараа байрыг чөлөөлнө гэсэн. Аргаа бараад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байрыг албадан чөлөөлж өгөөч гэх хүсэлт тавьхад уг маргаан шийдэгдсэний дараа болно гэх шийдвэр гаргасан. Сар бүр н.Сосорбурамаас С.Э нь түрээсийн төлбөр аваад ашиг олоод байна. Ийм тэнцвэргүй, ёс зүйгүй асуудал үүсээд байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

С.Э нь Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот 41.52 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалах байтал намайг хууль мэдэхгүйг далимдуулан зориудаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан надаас зээл 25,000,000 төгрөгийг авсан. Иймд С.Эгаас үндсэн зээл 25,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй. Зээлийг хэн аваад зарцуулсанг Л.Г өөрөө мэддэг. Энэ асуудлыг тусад нь шийдүүлэх нь зүйтэй, үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх боломжгүй. Тиймээс хамтран хариуцагчаар н.Улаанбаатарыг татуулах хүсэлтийг татгалзаад байна. Л.Г 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлээгүй, гэрээний үүргийг шаардах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлд авагдсан нотлох баримтуудад н.Улаанбаатар гарын үсэг зурсан байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  С.Э 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлээр Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 дугаар гудамж, 32 дугаар байр, 37 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Л.Гийн өмчлөлд шилжүүлсэн. Л.Г 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байрыг М.Цд 35,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. М.Ц залуу гэр бүл. М.Ц эхнэртэйгээ Солонгос улсад ажиллаж байж олсон мөнгөөрөө тус байрыг авсан. Тухайн үед ойр хавийн байрууд нь 45,000,000 орчим төгрөг байсан тул тус байрыг хотын төвөөс хол байрлалтай ч гэсэн авсан. Авснаасаа хойш орон сууцандаа одоог хүртэл амьдарч чадаагүй, өөр хүн амьдардаг. Тэр этгээдийг нь байрыг чөлөөлөөч гэхээр түрээсээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор М.Ц маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч тал уг маргаантай холбоотой баримт бүрдүүлж ирээд хэргийг түдгэлзүүлчихсэн байгаа. Бид орон сууцыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхэд татгалзахгүй, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 37,500,000 төгрөгийг Л.Гд өгчих юм бол бид мөнгөө буцаан авахад татгалзах зүйлгүй. М.Ц залуу гэр бүлийн хувьд хэрүүл маргаантай ийм орон сууцанд амьдрахыг хүсэхгүй. Түүний орон 37,500,000 төгрөгийг аваад өөр байрны урьдчилгаа болоод ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг гуравдагч этгээд дэмжиж байгаа. Нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анх нэхэмжлэлээ гаргахдаа орон сууцыг буцаан олгож гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн. Бид үүнийг нь татгалзахгүй. Хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан 2020 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн 7/711 гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус орон сууцыг н.Бат-Өршөөлд шилжүүлж, 1 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлд буцаан авсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр н.Батцэцэгт шилжүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр н.Бат-Өршөөлд шилжүүлж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буцаан авсан байдаг. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Л.Гд шилжүүлсэн. Үүнээс хойш 1 жилийн дараа 2020 оны 04 дүгээр сарын 30-ны Л.Г М.Ц рүү шилжүүлсэн. С.Э дүр үзүүлэн хууль бус хэлцэл хийсэн. Уг орон сууцны үнийг хариуцагч нэхэмжлэгчид өгөөд М.Ц байраа болсон ч гэсэн цаашид албадан чөлөөлүүлэхтэй холбоотой нэхэмжлэл дахин 3 шатны шүүхээр 2 жил орчим үргэлжилнэ. Тиймээс М.Цд хохиролтой байна. М.Ц одоо сар бүр байрны түрээсэнд 600,000 төгрөг төлөөд амьдарч байна. Маргаан бүхий байранд тэрээр амьдрах сонирхолгүй. Тиймээс гуравдагч этгээдийн эрх ашгийг хүндэтгэж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Л.Гд холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцыг өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны үнэ 64,488,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

С.Э, Л.Г нар 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Э нь Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байр, 37 тоотод байрлах, 41,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэх, Л.Г нь нийт 10,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

Хариуцагч Л.Г нь дээрх худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх-ийн 39 дүгээр тал/

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээг байгуулах болсон үндэслэлийг талуудын хэн аль нь тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр Л.Г нь 25,000,000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч С.Э болон хамтран зээлдэгч Т.У нар нь зээлийн гэрээгээр олгогдсон мөнгөн хөрөнгийг сарын 5.5 хувийн хүүтэйгээр 4 сарын хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж тус тус заасан.        

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийхийг хуулиар зөвшөөрөөгүй, энэ нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчвөл түүний гүйцэтгэвэл зохих үүрэгт үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг шууд шилжүүлэн авах боломжгүй байдагтай холбоотой. Иймээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаарахгүй, уг гэрээг үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гэж үзэх боломжгүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр  барьцааны эрх үүссэн буюу  орон сууцыг  барьцааны зүйл болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Зохигчид худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх боловч барьцаа нь үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж үнээс шаардлагаа хангуулах эрх бөгөөд уг эрх нь талуудын хооронд хуульд заасан журмаар буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулагдсан нөхцөлд хэрэгжих боломжтой.

 

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад зааснаар дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тодорхойлж буй нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог шинжтэй байдаг. Талуудын хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт “...барьцааны гэрээг байгуулахдаа худалдах, худалдан авах гэрээ хэлбэрээр дүр үзүүлж байгуулсан” гэж тайлбарласан.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр шаардсан боловч орон сууцны өмчлөх эрх гуравдагч этгээд М.Цд шилжсэн үндэслэлээр орон сууцны үнэ 64,488,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч Л.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гуравдагч этгээд М.Цтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгөөр худалдсан байна. /хх-ийн 40-41 дүгээр тал/

 

Гуравдагч этгээд М.Ц 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Л.Гийн эзэмшлийн Төрийн банк дахь данс руу 34,300,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, тэрээр орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгджээ. /хх-ийн 43, 151 дүгээр тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Эд буцаан шилжүүлэхэд татгалзахгүй талаар тайлбарлаж, тэрээр хариуцагч Л.Гтэй 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэлцлийн байрыг буцаан шилжүүлэхээр зөвшөөрсөн тухай хэлцэл байгуулсан. /хх-ийн 167 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С.Эгаас орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах хүсэл сонирхолгүй, өөр этгээдэд өмчлөх эрх шилжсэн тул орон сууцны үнэ гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан.

 

Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрх хуулиар олгогдоогүй, орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээд М.Цээс буцаан хариуцагч Л.Гд шилжүүлээгүй байгаа тохиолдолд шүүх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэлцлийн байрыг буцаан шилжүүлэхээр зөвшөөрсөн тухай хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч С.Эд орон сууцны  өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй юм. Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Э нь нь Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байр, 37 тоотод байрлах, 41,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК-иар гүйцэтгүүлж, зах зээлийн үнэлгээг 64,488,000 төгрөг болохыг тогтоосон. Уг үнэлгээг хариуцагч зөвшөөрөхгүй гэж тайлбарлах боловч тэрээр энэ талаар хүсэлт гаргаагүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон.

 

Шүүх хуралдаанд хариуцагчаас “Итгэлт эстимэйт” ХХК-иас гаргасан үнэлгээтэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад “...шүүхийн журмаар шинжээч томилуулах эрхтэй болохоо мэднэ. Гэвч шинжээч томилуулахгүй. Уг орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн байсан ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэдэг тул шүүх орон сууцны үнэлгээг шинжээч томилох замаар тогтоогоогүй болно.

 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар цуглуулж өгсөн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээг үгүйсгэсэн боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд орон сууцны үнэлгээг 64,488,000 төгрөгөөр тооцож, уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Л.Гээс гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Л.Г нь 25,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцсон боловч бодитоор 24,960,000 төгрөгийг  нэхэмжлэгч С.Эгийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 54-55 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Зээлдэгч С.Э нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 24,960,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансаар хүлээн авсан байна. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч С.Э нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ “...Т.Уын хамт зээлдэж авсан тул зээлийн гэрээтэй холбоотой маргааныг тусдаа шийдвэрлүүлнэ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Т.Уыг татан оролцуулахгүй гэж” тайлбарласан. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Т.Уыг оролцуулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар, хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр дүгнэлт өгөв.

 

Зээлдүүлэгч Л.Г нь зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөг шилжүүлэхээс зээлдэгч С.Эд 24,960,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгсөн байна. С.Э, Т.У нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид юм.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчдийн аль нэгийг сонгож гэрээний үүргийн шаардах эрх нь үүрэг гүйцэтгүүлэгчид байх ба уг эрхээ хэрэгжүүлж зээлдэгч С.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гаргуулахаар зээлдүүлэгч Л.Г шаардсан.

 

Зээлдэгч нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байх ба үүрэг гүйцэтгэх хугацааг 20 сар 12 хоногоор хэтрүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 12,480,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч С.Эгаас зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөр 24,960,000 төгрөг, алданги 12,480,000 төгрөг, нийт 37,440,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Гд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

       

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт “Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй” гэж зааснаар зээлдэгч С.Э нь 37,440,000 төгрөгийн үүргээс Т.Ут ногдох үүргийн гүйцэтгэлийг жичдээ нэхэмжлэл гаргах замаар шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн дүгнэж, хариуцагч Л.Гээс 64,488,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэгч С.Эгаас 37,440,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Гд олгож тус тус шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр С.Э, Л.Г нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Л.Гээс 64,488,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 37,440,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Гд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 60,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56,2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 655,340 /174,950+480,390/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Гээс 655,340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эд, нэхэмжлэгч С.Эгаас 345,150 төгрөг гаргуулж хариуцагч Л.Гд тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.БЯМБАЖАРГАЛ