Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2023/00153

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01291 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01029 дүгээр магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй доголдолтой эд хөрөнгө нийлүүлснээс болон гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохиролд нийт 292,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй доголдолтой эд хөрөнгө нийлүүлснээс болон гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохиролд нийт 292,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01291 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-аас гэрээний улмаас учирсан хохирол 69,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 223,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,807,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 502,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01029 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01291 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “69,000,000” гэснийг “292,000,000” гэж, “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 223,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “олгосугай.” гэж, 2 дахь заалтын “56.2” гэснийг “56.1” гэж, “502,950” гэснийг “1,617,950” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Б” ХХК-аас төлсөн 1,272,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “Ц” ХХК-аас төлсөн 502,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч, товч тайлбарыг хийж гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагчийн худалдсан арматурын доголдлоос шалтгаалж барилгад хүчитгэл хийсэн эсэх, “Б” ХХК нь хүчитгэлийн зардал гэхийг “Э” ХХК-д ямар бараа материалыг хэдэн төгрөгт хэрхэн тооцож өгсөн мөн бэлэн мөнгийг өгснийг баримтаар нотлоогүй нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлэг зөрүүтэй байхад бодитой дүгнэлт хийгээгүй 69,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж хариуцагч давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэт нэг талын буюу нэхэмжлэгчээс гаргасан илт эргэлзээтэй, /нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлт 2022.02.07 гэсэн огноотой./ шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь бусдад давуу байдал олгож, хуулийг ноцтой зөрчсөн. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн нотлох баримтыг үнэлэхдээ ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хуулийг хэрэглэсэн зэрэг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-д заасан үндэслэлээр хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргасан болно.

4.2.Гомдлын үндэслэл: “Монгол Улсын дээд шүүхийн 2018.10.10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт” зөвлөмжийн 2.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчдын хүсэлтээр, эсхүл зарим тохиолдолд өөрийн санаачилгаар шүүх дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж, шүүгчийн захирамж гаргана.” гэж заасан. /ХХША-ны үед ямар ч шүүгчийн захирамж гараагүй, хуульд зааснаар нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, хууль зөрчиж нэг талын гаргаж хэрэгт хавсрагдсан шинжээчийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ болгосон./ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасан атал давж заалдах шатны шүүх нэг талын буюу нэхэмжлэгчээс гаргасан илт эргэлзээтэй, /нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлт 2022.02.07 гэсэн огноотой./ шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж бусдад давуу байдал олгосон, хуулийг ноцтой зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

4.3.Шинжээчийн дүгнэлт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шүүхээс томилогдсон мэргэжлийн байгууллага. тусгай мэдлэгийн хүрээнд тодорхой арга аргачлалын дагуу хийгдсэн, бодит үр дүнгээр хэмжигдэх цогц үйл ажиллагаа юм. Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хийсэн шинжилгээ, дүгнэлтийг шинжээчийн дүгнэлт гэж үзэх, улмаар хуульд заасан арга, журмаар олж авсанд тооцох боломжгүй. Мөн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй бол түүнийг давууд үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т нийцэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.07.06-ны өдрийн 001/ШХТ2023/00865 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан анх худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагчийн буруугаас бусдад төлсөн 230,000,000 төгрөг, олох байсан орлого 300,000,000 төгрөг, нийт 530,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад төлсөн хохиролд 69,000,000 төгрөг, олох байсан орлогод 223,000,000 төгрөг нийт 292,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг “...Талуудын хооронд 2020.04.23-ны өдөр бараа материал худалдах-худалдан авах №020/011 дугаар гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу хариуцагчаас 2020.10.05-ны өдөр 60 тонн, 2020.10.09-ний өдөр 60 тонн, нийт 120 тонн арматурыг 1 тонныг 1,640,000 төгрөгөөр тооцон авч, үнийг төлсөн. Манай компани уг арматурыг “Э” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр цааш худалдсан боловч хариуцагчаас авсан арматур шаардлага хангахгүй, тохирсон диаметрт хүрэхгүй байсан тул хариуцагч “Ц” ХХК-ийн захиралд мэдэгдсэн ба доголдолтой арматур нийлүүлснээ хүлээн зөвшөөрч 53 тонныг буцаан авч, үнэ 86,390,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 70 тонн арматур “Э” ХХК-ийн барилгад нэгэнт ашиглагдсан бөгөөд чанар муутайн улмаас хүчитгэл хийх шаардлага үүсч 69,000,000 төгрөгийн зардал гаргаснаа шаардсныг манай компани бараа материалаар тооцон төлсөн. “Б” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020.01.14-ний өдрийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020.02.13-ны өдрийн гэрээнд манайх тус компанид байнга арматур нийлүүлэх байсан, дээрх доголдлын улмаас гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэж, “Э” ХХК нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан. Гэрээ хэрэгжсэн бол “Б” ХХК нь 223,000,000 төгрөгийн орлого олох боломжтойг шинжээч дүгнэсэн. Иймд хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учирсан буюу бусдад төлсөн 69,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 223,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Нэхэмжлэгч компани нь манай компаниас 2020 оны 4 сараас эхлэн арматур худалдан авч байсан. 2020.10.05, 2020.10.09-ний өдөр нийт 120 тонн 12 мм-ийн диаметртэй арматур худалдан авсан. 2020.11.06-ны өдөр “Б” ХХК-аас холбогдоод танай компаниас авсан арматурт лабораторийн шинжилгээ хийлгэхэд шаардлага хангасангүй, ...Н-н В с барилга дээр ирж уулз гэж хэд хоногийн дараа мэдэгдсэн. ...Н манайхаас гэрээгээ цуцлах гэж байгаа учир танай компани угаасаа арматур зардаг юм чинь зараад мөнгийг нь гаргаад өгөөч гэж холбогдсон байдаг. Үүнийг нь компанийн захирал зөвшөөрөөд 2020.11.07-ны өдөр 53 тонн арматурыг В С компанийн хашаанаас “Ц” ХХК-ийн хашаанд буулгасан. Нийт 53 тонн арматурын үнэ болон 86,390,000 төгрөгийг “Б” ХХК-д шилжүүлсэн. 2020 оны 11 сараас хойш “Б” ХХК дахин нэг ч удаа утсаар холбогдоогүй, худалдан авалт хийлгүй сураггүй болсон. 2021 оны зун “Б” ХХК-ийн өмгөөлөгч н.Б гэх хүн захиралтай утсаар яриад Н-н В с-ийн барилгад хүчдэл хийгдсэн, хүчдэлийн зардал 240,000,000 төгрөг болсон. Үүнээс танайх 100,000,000 төгрөгийг өгчихвөл ямар нэгэн асуудалгүй дуусгая гэж утсаар холбогдсон. Лабораторийн шинжилгээний бичгүүд “Ц” ХХК-аас худалдан авсан арматур гэдгийг нотлох нотолгоо тухайн үед байгаагүй. Мөн хүчдэл хийсэн гэх актыг ч “Ц” ХХК-д танилцуулаагүй, өгөөгүй. Компанийн олох ёстой байсан ашиг нь санхүүгийн болон татварын тайлан тооцоогоор нотлогдсон зүйл байхгүй. Иймд эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр. Талууд эд хөрөнгө хүлээн авсан, үнэ төлөгдсөн, арматурын доголдлын талаар нэхэмжлэгч мэдсэн даруйдаа хариуцагч талд мэдэгдсэн ба...хариуцагч нь 50 тн орчим арматур буцаан авч үнийг шилжүүлсэн нь бодит үйлдлээр тухайн доголдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хариуцагч шүүхэд нотлох баримтаар арматурын чанарын гэрчилгээг гаргасан боловч ...хууль болон гэрээгээр хүлээсэн худалдсан хөрөнгийн талаарх мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлснээ нотлоогүй. Мөн гэрээний зүйл арматур чанарын доголдолтой диаметртээ хүрэхгүй байсныг шинжээч тогтоосныг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул “Э” ХХК-д нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлсөн 69,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй. Харин олох байсан орлого 223,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй, нэхэмжлэгч нь үнэлгээчин шинжээч А.Р-ийн тооцоолон гаргасан дүгнэлтийг энэ шаардлагын үндэслэл болгосон боловч түүнийг дүгнэлт гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй, энэ талаар баримт авагдаагүй, бусад баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгоно” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний төрөл, хүчин төгөлдөр байдал, хариуцагчийн нийлүүлсэн арматур доголдолтой байсан болон хохиролд 69,000,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх олох байсан орлого 223,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Үнэлгээчин А.Р нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдсон, дээрх үнэлгээ нь хууль зөрчсөн, худал буруу гарсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч тал дээрх үнэлгээчний дүгнэлтийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна. Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй тул 223,000,000 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй.” гэж дүгнэсэн байна.

9.Хоёр шатны шүүх 69,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа адил дүгнэлт хийсэн, харин гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол буюу олох байсан орлогод 223,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар зөрүүтэй дүгнэлт хийж өөр шийдлийг гаргасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

10.Зохигчийн хооронд 2020.04.23-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө...худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээх худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, 2020.10.05 болон 2020.10.09-ний өдрүүдэд хариуцагч “Ц” ХХК нь 120 тн 12 мм диаметртэй арматур нийлүүлсэн, “Б” ХХК нь уг арматурын үнийг 1 тн-г 1,640,000 төгрөгөөр тооцож төлсөн, худалдан авсан арматурыг “Э” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу цааш худалдсан, “Э” ХХК барилгын ажил гүйцэтгэх явцдаа арматур нь доголдолтой байсныг илрүүлснээр хариуцагч “Ц” ХХК 53 тн арматурыг буцаан авч, үүний үнэ 89,300,000 төгрөгийг төлсөн, үлдэх нь барилгад нэгэнт ашиглагдсан, эдгээр үйл баримт тогтоогдсоныг хоёр шатны шүүх дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

11.Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд нийлүүлсэн 120 тн арматур нь “Ц” ХХК, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон маркийн буюу 12 мм диамерийн хэмжээнд хүрэхгүй 10 мм диамертэй байсан нь мэргэжлийн лабораторийн дүгнэлтээр тогтоогдсон тул тухайн арматурыг биет байдлын доголдолтой гэж үзэх бөгөөд энэхүү доголдлын талаар худалдан авагч буюу “Б” ХХК нь гэрээний нөгөө тал худалдагч буюу “Ц” ХХК-д мэдэгдсэн нь тогтоогджээ.

12.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой худалдан авагчийн худалдагчид хандаж гаргах эрхийг журамласан, үүнд, худалдан авагч нь худалдагчаар доголдлыг арилгуулах буюу доголдолгүй адил төрлийн эд хөрөнгөөр солиулах, эсхүл өөрөө эсхүл бусдаар доголдлыг арилгуулж үүнд зарцуулсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээнээс татгалзах аль нэг шаардлагыг гаргах эрхтэй байна.

12.1.Нэхэмжлэгч 53 тн арматурыг хариуцагчид буцааж, үнэд төлсөн 89,300,000 төгрөгөө авсан үйл баримт нь зохигч энэ хэмжээнд буюу гэрээний зарим хэсгээс татгалзаж хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаасан гэж үзнэ.

12.2.Харин мэргэжлийн лабораторийн дүгнэлт гарахаас өмнө “Э” ХХК нь бусад арматурыг барьж буй барилгад ашигласан байсан, хожим доголдолтой нь тогтоогдсоны улмаас тус компани барилгад бусдаар хүчитгэл хийлгэж, үүнтэй холбоотой гаргасан 69,000,000 төгрөгийн зардлаа “Б” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу шаардан авсныг, “Б” ХХК уг зардлын хэмжээгээр хариуцагч “Ц” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцон гаргуулж шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Учир нь “Б” ХХК “Э” ХХК-д 69,000,000 төгрөг төлсөн нь “Ц” ХХК-ийн доголдолтой арматур нийлүүлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой байна.

Иймд хохиролд 69,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангахдаа шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

Энэхүү нэхэмжлэлийг хангасан шийдлийг зөвшөөрөхгүй тухай тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо дурдсан боловч шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэл заагаагүйг дурдах нь зүйтэй.

13,223,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч дүгнэлт дутагдалтай, бүрэн бус байгааг залруулах боломжтой байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

13.1.”Б” ХХК ба “Ц” ХХК-ийн хоорондох бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэрээнд нэхэмжлэгч нь хариуцагчаас хэдий хугацаанд, хэр хэмжээний, ямар маркийн арматур авах талаар тодорхой заагаагүй боловч хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талууд тодорхой хугацааны туршид нэхэмжлэгчийн захиалгаар 12 мм-н диаметртэй арматурыг 1 тн тутамыг 1,530,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохирсон, гэрээ хэрэгжих явцад үнийн өсөлтөөс шалтгаалж 1 тн-н үнийг 1,640,000 төгрөг болгосныг, мөн доголдолтой 120 тн арматураас өмнө нийлүүлэлт хийгдэж байсныг маргаагүй байна.

Дээрх нөхцөлөөс дүгнэхэд зохигчийн хооронд эд хөрөнгийг нэг хоёр удаагийн шилжүүлэх тохиролцоо бус худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл болох эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар тодорхой хугацаанд байнга давтамжтай бэлтгэн нийлүүлэх онцлог гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

13.2.223,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардахдаа “...хариуцагч доголдолтой арматур худалдсанаас шалтгаалж “Э” ХХК нь манай компанитай байгуулсан нийт 4,025,000,000 төгрөгийн арматур нийлүүлэх гэрээг цуцалсан тул уг гэрээнээс олох байсан ашгаар хохирсон” гэж, энэхүү нэхэмжлэлийн үндэслэлд өөрийн компанийн “Ц” ХХК болон “Э” ХХК-тай тус тус байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, “Э” ХХК-ийн гэрээг цуцалсан тухай 2022 оны огноотой албан бичиг гэрээ цуцалснаас нэхэмжлэгчид учирсан хохирлын тооцоо гэх хөрөнгийн үнэлгээчин А.Р-р хийлгэсэн тооцоолол зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

13.3.Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний онцлог, хариуцагч “Ц” ХХК-ийн 2 удаагийн доголдолтой арматур нийлүүлсэн буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчил, уг зөрчлийг арилгах арга хэлбэрийг зохигч хэрхэн хэрэгжүүлсэн, тухайн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлах тохиолдолд урьдчилсан ямар нөхцөл тогтоогдсон байвал зохих, гэрээ цуцалснаас үүсэх үр дагавар, хохирол шаардах эрхийн талаар тодорхой дүгнэлтийг бүрэн хийгээгүй байна.

Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийн үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ шүүх эхлээд “Б” ХХК болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан хоёр талын гэрээний хүрээнд дүгнэлт өгөх учиртай.

Улмаар гуравдагч “Э” ХХК нь “Б” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсан нь хариуцагчийн үйлдэлтэй хамааралтай эсэх, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан, зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоо, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон гэж үзэх эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргаанд ач холбогдолтой юм.

Дээрх нөхцөл бүрдсэн буюу хариуцагч хохирол арилгах үүрэг хүлээсэн тохиолдолд учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан гэм хорын хэмжээг тодорхойлох бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхийг Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлд тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал зөрчил гаргаагүй бол нөгөө талд хохирол учрахгүй байсан гэх үндэслэл нотлогдсон буюу зөрчлийн хэлбэр, агуулга нь хохирлын төрөл, хэмжээнд нөлөөлсөн бол тэдгээрийн хооронд харилцан хамааралтай, шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэл бүрдэнэ.

13.4.Өмнө дурдсанаар зохигчийн хооронд бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжих явцад энэ маргааны үндэслэлд зааж буй 2020.10.05, 2020.10.09-ний өдрүүдийн 2 удаагийн нийлүүлэлт болох 120 тн арматур доголдолтой байсан нь тогтоогдсон, уг доголдолтой холбоотой хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч хариуцагчид шаардлага гаргаж, доголдолтой зарим эд хөрөнгийг буцааж, үнийг төлүүлсэн, бусдад төлсөн хохирлоо энэ маргааны явцад шаардаж шийдвэрлүүлэхээр болсон байна. Харин бэлтгэн нийлүүлэх гэрээний хувьд “Б” ХХК нь “Ц” ХХК-д цаашид гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардсан, нэмэлт хугацаа өгсөн, гэвч дараагийн нийлүүлэх арматур бүхэлдээ доголдолтойгоос хариуцагч гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрснээс гэрээ үргэлжлэх боломжгүй бодит нөхцөл үүссэн учраас буюу хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Эдгээрээс, “Б” ХХК нь “Ц” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тухайн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийг шууд буруутай гэхэд учир дутагдалтай ба иймээс хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгч олох байсан орлогоо олоогүй хохирсон, эдгээр нь шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй.

13.5.Нөгөө талаас “Б” ХХК болон “Э” ХХК-тай байгуулсан гэрээнд 2300 тн арматурыг 1 тн-ыг 1,750,000 төгрөгөөр 2020.02 сараас 2020.04 дүгээр сар хүртэл нийлүүлэхээр тохирсон, нийлүүлэх хугацаа, эд хөрөнгийн хэмжээг тодорхой тусгагдсан байгаа ч “Б” ХХК “Ц” ХХК-аас худалдан авсан арматурыг цааш нь дамжуулж “Э” ХХК-д худалдаж ашиг олох байсан гэх нөхцөл нь субьектив шинжтэй, “Ц” ХХК нь арматурыг “Б” ХХК-д нийлүүлэхгүй бол цааш нь худалдах боломжгүй болох нөхцөл үүсэх ба энэ тохиолдолд үүнээс гарах үр дагаврыг гэрээний талууд хүлээнэ.

13.6.Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр үнэлгээ хийсэн А.Р-г дүгнэлт гаргах эрх бүхий этгээд бишээс гадна өөр бусад баримтаар нэхэмжлэгчийн энэ шаардлага нотлогдоогүй гэсэн бол давж заалдах шатны шүүх А.Р нь үнэлгээ хийх зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт байгаа гэрчилгээгээр тогтоогдсон, уг үнэлгээ хууль зөрчсөн, худал буруу гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч олох орлогоор хохирсон нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй шалтгаант холбоотой гэснээр хоёр шатны шүүх нэг нотлох баримтыг өөр өөрөөр үнэлсний зэрэгцээ уг баримт нь зөвхөн хохирлын хэмжээг тодорхойлж буй баримт болохоос хариуцагчийн гэм бурууг тогтоох учиргүй.

Тодруулахад, А.Р-ийн гаргасан тооцоолол, дүгнэлтэд, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон 1 тн арматурын үнэ 1,640,000 төгрөг, нэхэмжлэгч ба “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд 1 тн арматурын үнэ 1,750,000 төгрөг, эдгээр үнийн зөрүү тн тутмаас 110,000 төгрөгийг ашиг гэж үзээд, улмаар “Э” ХХК ба “ Б” ХХК-ийн гэрээнд заасан нийлүүлэх арматурын хэмжээ 2300 тн-оос доголдол бүхий 120 тн-г хасч, 2180 тн-оор тооцож, нийт 223,000,000 төгрөгийн ашиг олох байсан гэжээ.

Энэхүү дүгнэлт нэхэмжлэгч 223,000,000 төгрөг олох байсан, уг орлогоор хохирсон нь хариуцагчийн нийлүүлсэн доголдол бүхий 120 тн арматуртай шууд шалтгаант холбоотойг нотлохгүй.

13.7.Дээр дурдсанаар хариуцагчийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан, хохирол гэм буруугийн хооронд шалтгаант холбоо хангалттай үндэслэлээр тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийг буруутай гэж үзэн гагцхүү хохирлын хэмжээг тогтоосон гэх баримтыг үндэслэн 223,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэл муутай болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01029 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ц” ХХК-ийн 2023.06.26-ны өдөр төлсөн 1,617,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                             Д.ЦОЛМОН

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД