Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 96

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00579/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 737 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Б-,

Хариуцагч В.С- нарт холбогдох

          “20.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч С.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Г-эс:

Би Г.Б-ийн ээж болох В.С-д нэг ч төгрөгийн өргүй В.С-гийн дансанд орсон 6.860.000 төгрөг, хүү Г.Б-ийн зальдаж авсан 4.200.000 төгрөг нийт 11.060.000 төгрөг болон 2 жил гаруйн хугацааны хүү 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Г.Б- надад мөнгө зээлээч гэж 2,3 хоног гуйсан. Надад старикс машин, Улаанбаатар хотод байрлах Консул таур гэх байрны гэрээ харуулаад 01 дүгээр сарын 06-ны өдөр Хас банкнаас авсан зээлийн гэрээгээ харуулж үүнээс өмнө өгнө гэж хэлсэн. Надаас Iphone 6 гар утас 1.500.000 төгрөгөөр авсан. Тэгээд нэг хүн зодох гээд байна гэхээр нь яваад очтол 500.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Мөн шинэ жил болох гэж байна гэр бүлээрээ зураг авхуулна, зургийн аппарат авна гэхээр бусад зүйлсийг ч гэсэн өгсөн. Дараа нь цагаан сарын өмнөхөн уулзаад манай ээжийн суусан хүний хөөрөг гээд буцааж авсан. Түүнээс хойш хариуцагч Г.Б- алга болсон учир цагдаад өгсөн. Цагдаад өгсний дараа түүний ээж нь дуудаж уулзаад мөнгийг чинь өгнө, өргөдлөө авчих гэж хэлсэн. Би түүний хэлснээр өргөдлөө буцааж авсан. Би В.С-д өр байхгүй, түүний дансанд мөнгө хийсэн. Хариуцагч Г.Б-д 4.200.000 төгрөг, ээжийнх нь дансанд 5.000.000 төгрөг өгсөн. Буцааж 1.000.000 төгрөгийг авсан. Хариуцагч Г.Б- нь найзынхаа дансанд хийж байгаад өөрийнхөө дансанд хийснийг мөрдөн байцаалтад тогтоосон. Мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгож болохгүй байсан учир хүү бодогдох 11.000.000 төгрөг тогтоогдож байсан. Гэтэл хэрэгсэхгүй болсны дараа 11.000.000 төгрөгийн тайлбарыг гараар бичиж өгсөн. 9.000.000 төгрөг байвал хэрэгсэхгүй болгож болохгүй гэж үзсэн учир ээж нь төлнө гэсэн учир би зөвшөөрсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатараас:

Хариуцагч Г.Б- хөөрөг, зургийн аппарат тавиад найзынхаа данс руу шилжүүлж нийт 11.000.000 төгрөг авсан. Түүнээс 1.000.000 төгрөгийг буцааж авсан. Анх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар хэлцлээр тохироод шилжүүлсэн, хүү тооцсон зүйл байхгүй, үндсэн мөнгөнөөс төлөлт хийгдээгүй, дахин залилсан байна. Хариуцагч Г.Б-ийн 11.500.000 төгрөг авсан нь тогтоогдож, үүнээс 1.000.000 төгрөгийг буцаан авсан тул 10.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.  

Хариуцагч Г.Б-эс:

Нэхэмжлэгч С.Г- намайг 15.000.000 төгрөг залилан мэхэлж авсан хэмээн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 07 дугаар сарын 30-нд өргөдөл гаргаж шалгуулсан. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн Прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан материалаас хохирогч С.Г-эс 15.000.000 төгрөг залилан мэхэлж авсан асуудал тогтоогдоогүй, харин 6.500.000 төгрөгийн асуудал гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоолын өмнө 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С.Г-, Г.Б- бид 6.500.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсаныг нотариатаар гэрчлүүлж тооцоо дууссан гэжээ.

Хариуцагч В.С-гаас:

Манай хүү Г.Б- 2016 онд мөрийтэй тоглоом тоглож байсныг би анхандаа мэдээгүй. Тэр үед хүү бид 2 банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан миний банкны карт дансыг маш сайн мэддэг хааяа мөнгө авч хэрэглэсэн ч байнга хэлдэг байсан. Харин миний данснаас 6.000.000 төгрөг аваад найз н.З-ын данс руу оруулж С.Г-д читоны өр 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн найз А.И-ын дансаар миний 5045357758 данснаас 5.680.000 төгрөгийг буцаагаад хийсэн байсныг би сүүлд цагдаад шалгагдахад мэдсэн. Нэхэмжлэгч С.Г- бид хоёрын хооронд өр авлага байхгүй, би энэ хүнээс мөнгө зээлж авч үзээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаагаас:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл 10.000.000 төгрөгийг хүү тохирсон талаар нотлох баримт авагдаагүй байдаг. Хэрвээ 10 хувийн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийсэн баримтыг гаргаж өгөөгүй. Н.И-гийн данснаас орж ирсэн боловч В.С-гийн данс руу С.Г-ийн данснаас мөнгө орж ирээгүй. Талуудын хооронд төлбөрийн маргаан яригдсан нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Уг асуудал цагдаагийн байгууллагад шалгуулж дуусахдаа нэхэмжлэгч С.Г- би хохирол төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй гэж бичиж өгсөн байдаг. Үнийн дүн болон бусад зүйл дээр дээд шатны прокурорт гомдол гаргахгүй байж одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нотлох баримтад тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 737 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар нэхэмжлэгч С.Г-д хариуцагч Г.Б-эс 3.500.000 төгрөг гаргуулан олгож, хариуцагч В.С-д холбогдох болон үлдэх хэсэг 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрийн банк, төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн 257.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-эс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч С.Г- хариуцагч Г.Б-, түүний эх В.С- нарт мөнгө залилуулсан талаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар өргөдөл өгч шалгуулахад Г.Б-, В.С- нар түүнээс мөнгө авсан, хуурч мэхэлснээ хүлээн зөвшөөрч Г.Б- тэр үед зам тээврийн ослын хэрэгт холбогдсон байсан тул өргөдлөө татаач гэж гуйж 1.000.000 төгрөг өгөөд ээж В.С- 6.500.000 төгрөг, хариуцагч Г.Б- 3.500.000 төгрөг тус тус  төлнө гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн гэрч А.И-ын мэдүүлгээр Г.Б- нь С.Г-эс өөрийнх нь виза картаар мөнгө шилжүүлж авч байсныг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг мөн хэрэгт авагдсан байхад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч С.Г-, хариуцагч Г.Б-, В.С- нарын гар утаснаас ирсэн мессежийг хэрэгт хавсаргаж өгсөн байхад түүнд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Г- давж заалдсан гомдолдоо:

Би 2016 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд хариуцагч Г.Б-д 11.200.000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн үед Г.Б- эхэлж авсан 4.200.000 төгрөг, дараа нь эх В.С-д надаас авч өгсөн Iphone6 plus утасны үнэ 1.000.000 төгрөг ээжийнхээ дансанд хийлгэж авсан 5.860.000 төгрөгийн баримт болох 8.000.000 төгрөгийг өгч, авсан нийт 11.060.000 төгрөгийн хүүг бодож 15.200.000 төгрөгийн баримт үйлдсэн байна. Гэвч хариуцагч Г.Б- тохиролцсон ёсоор мөнгөө төлөлгүй худал ярьж, сүүлдээ зугтаж эхэлсэн. Тэгээд эрүүгийн цагдаагийн газар өргөдөл өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн үед хариуцагч Г.Б-, түүний эх В.С- нар надтай уулзан тухайн үед Г.Б-ийн авто тээврийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна эгчдээ, дүүдээ итгээд цагдаагийн газраас өргөдлөө татаж аваач гэж гуйсаар байгаад өргөдлийг гомдолгүй гэж хэлүүлэн хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Түүний дараа хариуцагч Г.Б- өөрийн гараар 3.500.000 төгрөг, эх В.С- нь 6.500.000 төгрөг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцож баримт үйлдсэн. Түүнээс хойш мөнгөө нэхэхэд удаа дараа худал ярьсан тул шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч С.Г- хариуцагч Г.Б-, В.С- нарт холбогдуулж үндсэн зээл 11.000.000 төгрөг түүний хүү 9.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Г.Б- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хариуцагч Г.Б- нэхэмжлэгч С.Г-эс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4.200.000 төгрөг бэлнээр /хх-ийн 5 дугаар тал/, 2015 оны 12 дугаар сарын 23-нд иргэн А.И-ийн эзэмшлийн ХААН банк дахь 5055405746 тоот дансаар дамжуулж 5.860.000 төгрөг тус тус зээлж авсан болох нь өөрийнх нь бичгээр үйлдсэн баримтууд, /хх-ийн 5, 29, 40,46, 61, 62, 63/ Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар гэрч А.И-, Б.З-, В.С- нарын өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 36-40/, ХААН банкны дипозит дансны хуулга /хх-ийн 28, 85, 86/, Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 26/ , хэргийн 9, 10, 47-54, 64-81 дүгээр талд авагдсан цахим бичвэрүүд зэргээр нотлогдоно.

Нэхэмжлэгч С.Г- хариуцагч В.С-д дансаар мөнгө шилжүүлээгүй, харин хариуцагч Г.Б-ийн гуйлтаар иргэн А.И-ийн дансаар дамжуулж мөнгө зээлүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг Г.Б- хариуцах үндэслэлтэй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч С.Г- хүү шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч С.Г-ийн Цагдаагийн газар гаргасан хүсэлт нь /хх-ийн 40/ хариуцагч Г.Б-ийн хүсэлтээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх зорилготой гаргасан хүсэлт гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэргийн 37, 38, 39, 46 талд авагдсан баримтууд болон цахим бичвэрүүдийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай баримт гэж үзсэн болно.

Хариуцагч Н.Б- нь нэхэмжлэгч С.Г-д тодорхой хэмжээний мөнгө өгөх тухайгаа илэрхийлсэн 2015 оны 12 дугаар сарын 22-оос 2016 оны 05 дугаар сарын 19-ний хооронд бичсэн 32 удаагийн гар утасны цахим бичвэрүүд /хх-ийн 64-79/, В.С-гийн эзэмшлийн 99806079 дугаартай гар утаснаас бичсэн 7 удаагийн цахим бичвэрүүдээр /хх-ийн 80, 81/ хариуцагчид нь нэхэмжлэгч С.Г-д тодорхой хэмжээний мөнгө төлөхийг илэрхийлсэн баримтууд мөн байна гэж дүгнэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу хариуцагч Г.Б-ийн нэхэмжлэгч С.Г-эс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бэлнээр зээлж авсан 4.200.000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн А.И-ийн эзэмшлийн дансаар дамжуулж авсан 5.860.000 төгрөг, нийт 10.060.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 9.940.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 737 дугаар шийдвэр ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч С.Г-д хариуцагч Г.Б-эс 3.500.000 төгрөг гаргуулан олгож, хариуцагч В.С-д холбогдох болон үлдэх хэсэг 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Б-эс 10.060.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г-д олгож, хариуцагч В.С-д холбогдох болон нэхэмжлэлээс үлдэх хэсэг 9.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж

            2 дугаар заалтын

            Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100.190.000.958 тоот дансанд төлсөн 257.958 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-эс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгосугай гэснийг

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-эс нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж 175.910  төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгосугай гэж тус тус өөрчилөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108.710 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

          

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ                       

                                                                                                                      Л.АМАРСАНАА