Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00208

 

 

С.Г- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 737 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 96 дугаар магадлалтай,

С.Г- нэхэмжлэлтэй,

Г.Б, В.Сд холбогдох,

20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г-, өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Г.Б, өмгөөлөгч Ө.Өлзиймаа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.Бат-Эрдэнийн ээж болох В.Сд нэг ч төгрөгийн өргүй тул түүний дансанд орсон 5.860.000 төгрөг, iphone6 plus утасны үнэ 1.000.000 төгрөг, Г.Бат-Эрдэнийн зальдаж авсан 4.200.000 төгрөг, нийт 11.060.000 төгрөгийг 2 жил гаруйн хүүгийн хамт багаар бодож 20.000.000 төгрөг нэхэмжилж байна.

Г.Бат-Эрдэнийг 11.000.000 төгрөг авч байх үед миний Хас банкинд төлөх зээлийн эргэн төлөлтийн хугацаа болж байсан, үүнийг анхааруулсаар байтал мөнгийг минь өгөөгүй. Би хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж банкны өрөө төлөөд дахин зээл авч нөгөө хүнийхээ мөнгийг хүүтэй нь өгсөн. Надаас iphone 6 утсыг 1,5 сая төгрөгөөр авсан. Би түүнд 4,2 сая төгрөг, ээжийнх нь дансанд 5 сая төгрөг өгсөн. Тэр ээждээ утас авсан нь 1 сая төгрөг, нийт 11,070,000 төгрөг авснаас 1 саяыг буцааж өгсөн. Мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгож болохгүй байсан учир мөрдөн байцаагч нь хүү бодогдох ёстой учир 11 сая гэдэг нь тогтоогдож байсан. Гэтэл хэрэгсэхгүй болсны дараа 11 сая гэдэг тайлбарыг өөрийнхөө гараар бичиж өгсөн. 9 сая байвал хэрэгсэхгүй болгож болохгүй гэж үзсэн учир ээж нь төлнө гээд би зөвшөөрсөн гэжээ.                                                  

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: С.Г- нь намайг 15,000,000 төгрөг залилан мэхэлж авсан хэмээн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 07 сарын 30-нд өргөдөл гаргаж шалгуулсан. Уг асуудал дээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдэгдэж хэрэг хаагдсан. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон прокурорын тогтоол 2016 оны 11 сарын 14-нд гарсан, үүнээс өмнө 2016 оны 11 сарын 07-нд би С.Г-д 6,500,000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 30-нд төлж барагдуулсныг нотариатаар гэрчлүүлж тооцоо дууссан гэжээ.

Хариуцагч В.С шүүхэд гаргасан тайлбартаа: Манай хүү 2016 онд нэг хэсэг болох болохгүй хүмүүстэй нийлж мөрийтэй тоглоом тоглосныг би анхандаа мэдээгүй. Миний данснаас 6,000,000 төгрөг аваад найз Золбаярын данс руу оруулж Галт-Эрдэнэд читоны өр 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Найз Идэрцогтын дансаар миний данснаас 5,680,000 төгрөгийг буцаагаад хийсэн байсныг би сүүлд цагдаад шалгагдахад нь мэдсэн. Цагдаа хэрэг хаагдахын өмнө хүүгийнхээ өрөнд өөрөөсөө нэг удаа 1 сая төгрөг дараа нь 500,000 төгрөгийг дансаар Галт-Эрдэнэд шилжүүлсэн. Галт-Эрдэнэ бид хоёрын хооронд өр авлага байхгүй, би энэ хүнээс мөнгө зээлж авч үзээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 737 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар нэхэмжлэгч С.Г-д хариуцагч Г.Бэс 3,500,000 төгрөг гаргуулан олгож, хариуцагч В.Сд холбогдох болон үлдэх хэсэг 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 958 тоот дансанд төлсөн 257,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бэс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 96 дугаар магадлалаар: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч С.Г-д хариуцагч Г.Бэс 3.500.000 төгрөг гаргуулан олгож, хариуцагч В.Сд холбогдох болон үлдэх хэсэг 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Бэс 10.060.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г-д олгож, хариуцагч В.Сд холбогдох болон нэхэмжлэлээс үлдэх хэсэг 9.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж 2 дугаар заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100.190.000.958 тоот дансанд төлсөн 257.958 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бэс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгосугай” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бэс нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж 175.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108.710 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 96 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

С.Г-д цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлгийг ЭБШХ 254, 255-р заасан хууль сануулж авсан мэдүүлэг, 2016 оны 11 сарын 07-нд 6,500,000 төгрөгөө бүрэн барагдуулж авсан гэсэн нотраитаар гэрчилсэн нотлох баримт зэргээр би С.Г-д өгөх ёстой байсан 6,500,000 төгрөгөө бүрэн барагдуулж бидний хооронд тооцоо дууссан. Харин хавтаст хэргийн 46 талд авагдсан Баримт гэсэн нотлох баримтыг С.Г- гэртээ дуудаж 5,680,000 төгрөгөө 10,000,000 төгрөг болгож буцаан авахаар нэмж бичүүлж байсан ба манай ээж уг мөнгөний 6,500,000 төгрөгийг өгөхөөр тохирсон тухай гар бичмэлийг манай ээж Сарантуяа төлөх тухай С.Г- бичүүлсэн. Тухайн үедээ бид хоёр ээжид энэ тухай хэлээгүй. Үлдэгдэл 3.500.000 төгрөг нь 6,500,000 төгрөгийг нь өсгөхөөр амласан амлалт юм. Гэрч Б.Золбаярын хаан банкны 5045443558 дансанд орлого 6.000.000 нь манай ээж Сарантуяагийн 5045357758 данснаас зарлагадаж орсон мөнгө. Гэрч Б.Золбаярын хаан банкны 5045443558 дансанд орлого 6.000.000 нь манай ээж В.Сгийн 5045357758 данснаас зарлагадаж орсон мөнгө. Золбаярын данснаас уг 6,000,000 төгрөгийн орлого тарахдаа;Батсайхан гэж хүнд 1,000,000 төгрөг авсан өрөө буцааж өгсөн. Галт-Эрдэнийн 5007092386 дансруу нь 4,000,000 төгрөгийг 2015 оны 12 сарын 19-нд буцааж өгсөн баримт. Энэ нотлох баримт нь С.Г- 4,200,000 төгрөг авсныгаа буцааж өгснийг /дансаар 4.000.000 төгрөг:нотлох баримттай бэлнээр 200,000 нотлох баримтгүй байгаа/ хх 28 талд/нотолсон баримт юм. А.Идэрцогтын эзэмшлийн дансаар дамжуулж авсан 5,860,000 төгрөг.төлөгдөөгүй гэж: давж заалдах шатны шүүх үзсэн дээр тайлбарлахад. Цагдаагийн байгууллагаас 6,500,000 төгрөг С.Г-д төлөх ёстой гэж үзсэн мөнгө. Энэ мөнгөний 1,500,000 төгрөгийг дээр бичсэн байгаа ээж Сарантуяагийн 2 удаагийн шилжүүлгээр С.Г- дансанд орсон. Үлдсэн 5,000,000 төгрөгөөр бэлнээр өгснийг баталгаажуулж нотриатаар 2016 оны 11 өгсөн өдөр нотриатаар энэ тухай баталгаажуулж өгсөн. С.Г-тэй тооцоо дууссан. С.Г- сая энэ онд гэнэт надаас чи 3,500,000 төгрөгийн хүү өгөөч гэж байнга дарамталдаг байсан. Хожим ингэж хүү мэдэж байсан гар утасны мессеж болон 7 удаагийн цахим бичвэрүүд нотлох баримтын шаардлага хангах үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтад тооцохдоо хэдэн төгрөгийн асуудлыг нотолсон баримт гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Г- нэхэмжилсэн 20,000,000 төгрөгөөс 10,060,000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч Г.Б, В.С нараас 20.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээл 11.000.000 төгрөг, хүү 9.000.000 төгрөг гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч Г.Б “...тооцоо дууссан” гэсэн, В.С “...энэ хүнээс мөнгө зээлж аваагүй”  гэсэн тайлбарыг тус тус гарган, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 3.500.000 төгрөгийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 10.060.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг болон В.Сд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохдоо зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулагдсанд тооцно”, 211 дүгээр зүйлийн 211.1-т “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зохицуулсан.

Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ба нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлд хэргийн 5 дугаар талд авагдсан Г.Бат-Эрдэний гарын үсэг зурсан гэх 2015 оны 11 дүгээр сарын 2-ний өдрийн баримтыг дурдсанаас гадна В.Сгийн дансанд мөнгийг шилжүүлсэн гэжээ. Хариуцагч нар уг мөнгийг аваагүй гэж маргасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т зааснаар хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байх ба Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3.-т Монгол улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан. Хариуцагч Г.Б “...тухайн үед мөрийтэй тоглоод энэ хүнээс читон /хясаа/ авсныг мөнгөөр тооцож, 4.200.000 төгрөг авсан гэж гарын үсэг зуруулсан...”, хариуцагч В.С “...Золбаярын данснаас Галт-Эрдэнэд 4.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн тайлбар тус тус гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.

Хэргийн 28 дугаар талд авагдсан дансны хуулгад Б.Золбаярын ХААН банкны 5045443558 тоот данснаас 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5007092386 тоот дансанд 4.000.000 төгрөг шилжсэн зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба энэхүү данс хэний болох нь тодорхойгүй, шүүх дүгнэлт хийгээгүй байна.     

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан 5.860.000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 Дээр дурдсанаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 737 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 175.910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ