Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00228

 

 

 С.Галт-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар магадлалтай,

 С.Галт-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Г.Бат-Эрдэнэ, В.Сарантуяа нарт холбогдох

 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ, хариуцагч Г.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Содболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Бат-Эрдэнийн хүсэлтээр мөнгө зээлдүүлж байсан бөгөөд мөнгийг бэлнээр болон банкны дансаар шилжүүлэн авдаг байсан. Г.Бат-Эрдэнэ нь 11,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан тул түүнээс 2015 оны 12 дугаар сард авсан 5,860,000 төгрөг, I phone 6 plus утасны үнэ 1,000,000 төгрөг, 2015 оны 11 сард авсан 4,200,000 төгрөг, нийт 11,060,000 төгрөг, болон 2 жил гарны хүүгийн хамт багаар бодож 20,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй гэж ойлгож байгаа тул нийт 11,060,000 төгрөгийг л нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагч Г.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: ....С.Галт-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би С.Галт-Эрдэнэ ахаас мөнгө зээлээгүй харин мөрийтэй тоглоод түүнээс читон /хясаа/ авсныг мөнгөөр тооцож 4,200,000 төгрөг авсан гэж гарын үсэг зуруулсан мөн намайг 15,000,000 төгрөг залилан мэхэлж авсан хэмээн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 07 дугаар сарын 30-нд өргөдөл гаргаж шалгуулсан. Уг асуудал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 гэсэн зүйл ангиар надад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяраас Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдэгдэж хэрэг хаагдсан. С.Галт-Эрдэнээс 15,000,000 төгрөг залилан мэхэлж авсан асуудал тогтоогдохгүй харин 6,500,000 төгрөгийн асуудал байна гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоол гарсан. Би 6,500,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-нд төлж барагдуулсныг нотариатаар гэрчлүүлж тооцоо дууссан тухай баримт хэрэгт байгаа. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш энэ хүнтэй уулзаагүй. Энэ хүнээс авсан мөнгөө 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан...гэжээ.

 Хариуцагч В.Сарантуяа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Тус шүүхэд С.Галт-Эрдэнэ гэж хүнээс нэхэмжлэл гаргахдаа миний хүү Г.Бат-Эрдэнэ бид хоёроос 11,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэлтэй танилцаад ямар ч үндэслэлгүй ийм их мөнгө хүнээс нэхэж болдог юм байх даа гэж маш их гайхаж байна. Манай хүү 2016 онд нэг хэсэг болох болохгүй хүмүүстэй нийлж мөрийтэй тоглоом тоглосныг би анхандаа мэдээгүй. Тэр үед манай хүү миний банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан миний банкны карт дансыг маш сайн мэддэг хааяа мөнгө авч хэрэглэсэн байдаг ч байнга надад хэлдэг байсан. Харин миний данснаас 6,000,000 төгрөг аваад найз Золбаярын данс руу оруулж Галт-Эрдэнэд читоны өр 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Найз А.Идэрцогтын дансаар миний 5045357758 дансанд 5,680,000 төгрөгийг буцаагаад хийсэн байсныг би сүүлд цагдаад шалгагдахад нь мэдсэн. Цагдаа хэрэг хаагдахын өмнө хүүгийнхээ өрөнд өөрөөсөө нэг удаа 1 сая төгрөг дараа нь 500,000 төгрөгийг дансаар Галт- Эрдэнэд шилжүүлсэн. Галт-Эрдэнэ бид хоёрын хооронд өр авлага байхгүй, би энэ хүнээс мөнгө зээлж авч үзээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 43 дүгээр зүйлийн 43.2.1, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бат-Эрдэнээс 8.500.000 төгрөг гаргуулж, В.Сарантуяад холбогдох болон үлдэх 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Г.Бат-Эрдэнээс 5.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгийн болон хариуцагч В.Сарантуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Галт-Эрдэнээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэд олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.Бат-Эрдэнэд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ би Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иргэн С.Галт-Эрдэнэ би Г.Бат-Эрдэнийн хүсэлтээр түүнд мөнгө зээлдүүлж байсан бөгөөд мөнгийг бэлнээр болон банкны дансаар шилжүүлж авдаг байсан.Г.Бат-Эрдэнэ нь 11,060,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж авсан тул түүнээс 2015 оны 12 дугаар сард авсан 5,860,000 төгрөг, гар утасны үнэ 1,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард авсан 4,200,000 төгрөг, нийт 11,060,000 төгрөг нэхэмжилж байгаа. Анхнаасаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул түүнээс хүү, алданги нэхэмжлэхээсээ татгалзсан. Энэ маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бөгөөд сүүлд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бат-Эрдэнээс 8,500,000 гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Г.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх ...хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр авсан 4,200,000 төгрөгийн зээлийн төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн гэж үзэхээр байхад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх үндэслэлээр 4,000,000 төгрөгийг, мөн түүний ээж В.Сарантуяаг 1,500,000 төгрөг төлсөн гэж тооцож нийт 5,500,000 төгрөг хасч тооцсонд гомдолтой байна. Энэ хасагдаж байгаа 4,000,000 төгрөг бол энэ 11,060,000 төгрөгийн асуудалд хамаагүй бөгөөд өмнө нь зээлж авсан мөнгөө төлсөн тохиолдол. Итгэлцэл дээр түүнд дахин мөнгө зээлж байсан юм. Миний бие 5 удаа шүүх энэ хуралд орлоо, гэвч шүүгчид Г.Бат-Эрдэнийн надад өртэйгөө баталсан мессеж, чат, түүний ээж В.Сарантуяагийн мессежнүүдийг огт нягталж үзсэнгүй. Хэрэв надаас Г.Бат-Эрдэнэ нь мөнгө зээлж байгаагүй бол гар утаснаасаа удаа дараа мессеж бичихгүй байсан. Би шүүх, хуулийн байгууллагыг бодит баримт дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг байх гэж бодсон, гэвч 5 удаагийн шүүх хурлаар Г.Бат-Эрдэний өгсөн гэх 4,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 19-нд Б.Золбаярын данснаас шилжүүлсэн, гэтэл Г.Бат-Эрдэнэ надад 10,000,000 төгрөгийн өртэйгөө баталж өөрийн гараар бичсэн нотлох баримт, Цагдаагийн газраас өргөдлийг авахуулсан гэдгээ баталсан баримт 2016 оны 11 дүгээр сарны 09-нд буюу 11 сарын дараа бичиж өгснийг нягталж үзэхгүй байгаад маш их гайхаж байна. Би хариуцагч Г.Бат-Эрдэнэд 11,060,000 төгрөг зээлдүүлснээс гар утасны үнэ болох 1,000,000 төгрөгийг буцааж авснаас өөр мөнгө түүнээс аваагүй тул 10,060,000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байгаа. Энэ талаарх тайлбараа би шүүх хурал дээр өөрөө тайлбарлана.

Иймд хэргийг хянаж Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 37 тоот магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Г.Бат-Эрдэнээс 10,060,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал ИХШХШтХ- ын 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Нэг. Анхан шатны шүүх Хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдагдсан дахин хэлэлцүүлэх болсон үндэслэл бүхий дүгнэлтийг анхаарч үзээгүй тухай: Тус иргэний хэрэг нь өмнө нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус тус шийдэгдэж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын тогтоолоор тодорхой үндэслэлүүдийг зааж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Ийнхүү хяналтын шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарладаг. ...Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ба нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлд хэргийн 5 дугаар талд авагдсан Г.Бат-Эрдэнийн гарын үсэг зурсан гэх 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн баримтыг дурдсанаас гадна В.Сарантуяагийн дансанд мөнгийг шилжүүлсэн гэжээ. Хариуцагч нар уг мөнгийг аваагүй гэж маргасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. гэж дүгнэжээ. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэхдээ энэхүү баримтыг мөн хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өмнө нь хэлэлцсэн баримтад тулгуурлаж хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. "... Хариуцагч Г.Бат-Эрдэнэ ... тухайн үед мөрийтэй тоглоод энэ хүнээс читон /хясаа/ авсныг мөнгөөр тооцож 4,200,000 төгрөг авсан гэж гарын үсэг зуруулсан... гэсэн тайлбар тус тус гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар тодруулаагүй дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ. хэмээн дүгнэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхдээ хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдагдаж буй дээрх нөхцөл байдлыг бодитой эсэхийг тодруулаагүй, хариуцагчийн тус тайлбарт хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн буруу. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан 5,860,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. гэсэн дүгнэлтийг мөн хийж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхэд ч мөн энэ талаар баримт хэрэгт авагдаагүй боловч шүүх тус шилжүүлсэн гэх 5,860,000 төгрөгийн талаар бус 5,480,000 төгрөг гэх өөр мөнгөн дүнг нэхэмжлэгчээс хариуцагч нарт шилжүүлж байсан нь тогтоогдсон байна гэж хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, нотлох баримт, бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй талаар хяналтын шатны шүүх тогтоолынхоо хянавал хэсэгт тодорхой дурдсан боловч хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх тогтоолд дурдагдсан дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал дээрх нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжих ажиллагаа хийгээгүй явдал нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг тодорхой харуулж байна гэж дүгнэж болохоор байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх тухай ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг бүхэлд нь зөрчсөн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа: Хариуцагч Г.Бат-Эрдэнэ нэхэмжлэгч С.Галт- Эрдэнээс 1,000,000 төгрөгийн үнэ бүхий IРНОNЕ 6 рlus гар утсыг зээлээр авсан нь гэрч Б.Золбаяр, Б.Идэрцогт нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнээд тус 1,000,000 төгрөгийг хариуцагч Г.Бат-Эрдэнэ нэхэмжлэгчид төлсөн мөнгөнөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь тус 1,000,000 төгрөгийн үнэ бүхий гэх утсыг нэхэмжлэгч хариуцагчид зээлээр зарсан эсэх нь ямар нэгэн нотлох баримтаар огт нотлогдоогүй, гэрчүүд мэдүүлэхдээ утасны талаар мэдүүлэгт дурдаагүй, тус утас нь яг ямар үндэслэл, нотлох баримтаар 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж тус нотлох баримтгүйгээр хийсвэрээр яригддаг 1,000,000 төгрөгийн утасны үнийг хасаж тооцсон нь үндэслэлгүй юмаа. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбогдуулж нэхэмжлэгчийн тус нэхэмжлээд буй мөнгөн дүн нь бодит байдал дээр мөнгө байсан уу, эсвэл мөрийтэй тоглоомын читон буюу хясаа байсан уу гэдэг дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Учир нь нэхэмжлэгч нь энэ төрлийн мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, автомат тоглоомын газар ажиллуулж байсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой байдлаар тогтоогддог ба давж заалдах шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь хариуцагчийн татгалзлаа тайлбарлаж буй нэг гол үндэслэл бол нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ анхнаасаа огт мөнгө өгөөгүй. Харин мөрийтэй тоглоомын хясааг мөнгөөр үнэлж өгөөд үүнийгээ бэлэн мөнгө өгсөн мэтээр баримт үйлдэж авдаг байсан гэдэг. Энэ тайлбар нь үнэн болох нь нэхэмжлэгч хариуцагчид бэлэн мөнгө өгсөн гэх атлаа хариуцагчаас мөнгөө буцаан авахдаа дандаа дансаар авдаг байсан байх бөгөөд өгсөн гэх мөнгөө дансаар шилжүүлдэггүй байсан гол шалтгаан нь анхнаасаа мөнгө шилжүүлж зээлийн харилцаа үүсээгүй харин хууль бус мөрийтэй тоглоом буюу хясааг мөнгөн дүнгээр үнэлж, ашиг хонжоо олдог байсныг нь нотлох юмаа. Гэтэл давж заалдах шатны шүүх зээл гэх үгэнд төөрөгдөж зээлийн гэрээний үүргийн харилцаа талуудын хооронд үүссэн. Мөн гэрчүүд зээл гэж мэдүүлсэн гэх байдлаар үүний цаана нуугдаж буй хууль бус мөрийтэй тоглоомын асуудлыг бодитоор үнэлж дүгнээгүй орхигдуулсан байна.

Гурав: Давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн маргааны зүйлийг зөвөөр тодорхойлж, шаардах эрхийн үндэслэлийг ойлгож хуульд нийцүүлэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн тохиолдолд гагцхүү Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийг хэрэглэж тус хуулийн зүйл заалтыг   тайлбарлан хэрэглэж талуудын хооронд анхнаасаа зээлийн харилцаа үүссэн эсэх, тус харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хууль зүйн урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа эсэх, нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэд зээлийн эрх зүйн харилцаанаас шаардах эрх үүсэх боломжтой байгаа эсэх зэрэг асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай байсан боловч шүүх тус хуулийн заалтаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль хэрэглээний урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэх талаараа огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр, магадлал хууль бус болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч Г.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч Б.Содболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.11-ний өдрийн 37 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ, хариуцагч Г.Бат-Эрдэнэ, В.Сарантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 гаргуулах шаардлага гаргасанд хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 8,500,000 төгрөгийг Г.Бат-Эрдэнээс гаргуулж, хариуцагч В.Сарантуяад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон Г.Бат-Эрдэнээс 5,560,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулжээ.

 Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 С.Галт-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 11,000,000 төгрөг, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлсэн, 2 жилийн хүүг багаар бодоход 20,000,000 төгрөг боловч гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй болсон тул 11,060,000 төгрөг гаргуулна гэсэнд, хариуцагч зээлийн харилцаа байхгүй, харин мөрийтэй тоглоомд түүнээс читон /хясаа/ авсныг мөнгөөр тооцож нэхэмжилсэн гэж тайлбарлажээ.

 Иргэн, хуулийн этгээд нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг зээлээр шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө, мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба улмаар үүргийг буцаан шаардах эрх үүснэ.

 Хариуцагч Г.Бат-Эрдэнэ нэхэмжлэлээс татгалзаж байгаа тул С.Галт-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй мөнгө зээлдүүлсэн гэх нөхцөл байдлыг буюу хэлэлцэн тохирсноор мөнгө хүлээлгэн өгсөн болохыг нотлох үүрэгтэй юм. Ингэснээр гэрээний үүргийг буцаан шаардах эрх хуулийн дээрх зохицуулалтын дагуу үүснэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

 Хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 02 ны өдрийн 4,200,000 төгрөг, 2015 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 8,000,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний 10,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны 3,500,000 төгрөг төлөх тухай баримтууд авагдсаныг нэхэмжлэгч зээлийн төлбөр гаргуулах шаардлагыг нотолно гэж тайлбарлах боловч эдгээр баримтыг үйлдсэн шалтгааныг бэлэн мөнгө зээлээр авч байгаагүй, харин мөрийтэй тоглоом тоглоод өртэй болсон гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх баримт гаргаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх бичгийн баримт нь зохигчдын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зоригийг илэрхийлээгүй, зээлийн гэрээ байгуулагдсаныг нотлоогүй байна./хх-5, 46, 61-63/

Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагч: Би тэр үед С.Галт-Эрдэнэ ахыг тоглоомоор дагаж яваад баларсан, С.Галт-Эрдэнэ ахад читоны өр төлөхийн тулд ээжийн банкны мөнгийг хэлэлгүй аваад төлөх хугацаа нь болохоор буцаагаад С.Галт-Эрдэнээс 5,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөг болгож өгнө гэж авсан, энэ тухай сүүлд ээж мэдсэн, дараа нь нотариатын газар очиж энэ 5,000,000 төгрөгийг төлсөн, мөнгө төлсөн баримт хэргийн 86 дугаар хуудсанд байгаа гэсэн агуулгатай тайлбар гаргаж нэхэмжлэлээс татгалзсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд (хх-212) тусгагдсан байх ба мөн гэрч Б.Золбаяр, А.Идэрцог, В.Сарантуяа нарын данс, картыг Г.Бат-Эрдэнэ удаа дараа ашигласан С.Галт-Эрдэнийн данс руу мөнгөн гүйлгээ хийсэн тухай мэдүүлжээ. /хх-86/

Төлбөр төлөх тухай хариуцагчийн гарын үсэг бүхий дээрх баримтуудад заасан 4,200,000 төгрөгийн, 3,500,000 төгрөгийн, 8,000,000 төгрөгийн, 10,000,000 төгрөгийн мөнгөн дүн нь зээлийн гэрээний үүрэгт хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин С.Галт-Эрдэнийн гомдлоор Г.Бат-Эрдэнийг мөнгө залилсан гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгасан, дурдсан баримтуудад заасан өр төлбөрийн асуудал дуусгавар болсон тухай 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6,500,000 төгрөг төлөгдөж өр төлбөргүй болсон гэх агуулгатай баримт хэрэгт авагджээ. (хх 29)

Цагдаагийн байгууллагад шалгагдах явцад талуудын үйлдсэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баримтад 6,500,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-нд төлж барагдуулсан гэж заасан нь цаг хугацааны хувьд дээр дурдсан төлбөрийн баримтуудаас хойш үйлдэгдсэн ба эдгээр төлбөр тооцооны баримтыг зээлийн гэрээний үүрэгтэй хамааралтай гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин гэрээний бус үүрэгт хамаарах төлбөр тооцоо байсан нь дуусгавар болжээ гэх үндэслэл байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй байхад хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, Иргэний хуулийн 196, 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл, шаардах эрхийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас гаргасан нотлох баримтын хүрээнд маргаантай харилцаанд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4д заасан шаардлагыг хангаагүй, хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх залруулалгүй, төлбөрийн дүнг өөрчилж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй ба тус хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаар магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Бат-Эрдэнэ, В.Сарантуяа нараас 20 000 000 төгрөг гаргуулах тухай С.Галт-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 103,910 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

                                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

                                                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                                  ШҮҮГЧИД                                                     Х.СОНИНБАЯР

                                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                                        Б.УНДРАХ