Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 737

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байр 81 тоотод оршин суух Шарнууд овгийн Сурааны Галт-Эрдэнэ /РД: ТЖ72031616, утас: 9437-5555/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 7 дугаар байр, 72 тоотод оршин суух Боржигон овгийн Ганбатын Бат-Эрдэнэ /РД:ТБ90070919, Утас: 9978-9660/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 7 дугаар байр, 72 тоотод оршин суух Боржигин овгийн Ваанжилын Сарантуяа /РД: ТВ66121202, 9980-60779/ нарт холбогдох

 

“20,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Г.Бат-Эрдэнийн ээж болох В.Сарантуяад нэг ч төгрөгийн өргүй тиймээс В.Сарантуяагийн дансанд орсон 5,860,000 төгрөг, iphone6 plus утасны үнэ 1,000,000 төгрөг, Г.Бат-Эрдэнийн зальдаж авсан 4,200,000 төгрөг, нийт 11,060,000 төгрөг болон 2 жил гаруйн хүүгийн хамт багаар бодож 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэвэл Г.Бат-Эрдэнийг надаас 11,000,000 төгрөг авч байх үед миний бие Хас банкинд зээлтэй бүрэн төлөлтийн хугацаа болж байгаа гэж анхааруулсан байтал мөнгийг минь өгөлгүй би хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж банкны өрөө төлөөд дахин зээл авч нөгөө хүүнийхээ мөнгийг хүүтэй нь өгсөн.

 

Золоо гэж хүүхдээр дамжуулж танилцаад тэгж байгаад болрын 2 ком, чүнчигноров гэх хөөрөг барьцаалж байгаад 4,2 сая төгрөг авсан. Тэр залуу ОУХТ-ыйн автомат тоглоом дээр тоглоод байдаг байсан. Тэр нэг удаа ээжийн данснаас мөнгө аваад өгсөн. Би ээжтэй жилийн эцэст ашиг боддог, түүнээс өмнө асуудал үүсгэхгүй баймаар байна. Та надад мөнгө зээлээч гэж хэлсэн. Эхлээд 2, 3 хоног гуйгаад байсан. Гэтэл Старикс гээд машин үзүүлье гэсэн. Тэгээд надад УБ хотод байрлах Консул таур гэх байрны гэрээ харуулаад 1 сарын 6-нд хас банкнаас авсан зээлийн гэрээгээ харуулаад үүнээс өмнө мөнгөө өгнө шүү гэж хэлж байсан. Надаас I phono6 утас 1,5 сая төгрөгөөр авсан. Тэр залуу тоглоомонд орсон байсан юм. Тэгээд нэг хүн зодох гээд байна гэхээр нь яваад очтол 500,000 төгрөг хэрэгтэй гэхээр нь өгсөн. Тэгж байтал шинэ жил боллоо гээд гэр бүлээрээ зураг авахуулна, зургийн аппарат авна энэ тэр гэхээр нь бусад зүйлсийг нь өгчихсөн. Цагаан сарын өмнөхөн уулзаад манай ээжийн суусан хүний хөөрөг байгаа юм гээд байсан, тэгээд хөөргөө буцаагаад авсан. Түүнээс хойш алга болсон. Тэгээд би цагдаад өгсөн. Гэтэл тэр залууг УБ хотод баахан залуучуудтай хар тамхи татаад байгааг нь мэдсэн. Ээж нь намайг дуудаж уулзсан. Өчнөөн жил гэмгүй сайхан хөрш явсан гээд ярилцъя гэсэн. Тэгээд ээж нь “мөнгийг нь өгнө,  чи өргөдлөө авчих” гээд байсан. Хүү маань аваарын хэрэгтэй, дээр нь наад хэрэг чинь орвол хэцүү гээд байхаар нь өргөдөл бичүүлж аваад цагдаагаас өргөдлөө буцааж авсан. Би Сарантуяа гэх хүнд нэг ч төгрөгний өр байхгүй, тэгсэн мөртлөө түүний дансанд мөнгө хийсэн. Түүнд 4,2 сая төгрөг, ээжийнх нь дансанд 5 сая төгрөг өгсөн. Буцааж 1 сая төгрөг авсан. Тэр нөхөр ээждээ утас авсан нь 1 сая төгрөг, нийт 11,070,000 төгрөг авснаас 1 саяыг буцааж авсан. Найзынхаа дансанд хийж байгаад өөрийнхөө дансанд хийснийг мөрдөн байцаалтанд тогтоосон байгаа. Сарантуяаг гуйгаад байсан болохоор л 4,200,000 төгрөгийг барьцаалж байгаад бэлэн өгсөн, урдны өмгөөлөгч нь читон өгсөн гээд үг зааж өгөөд явуулсан байсан. Одоо ийм юм ярьж байгаад харамсаж байна. Мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгож болохгүй байсан учир мөрдөн байцаагч нь хүү бодогдох ёстой учир 11 сая гэдэг нь тогтоогдож байсан. Гэтэл хэрэгсэхгүй болсны дараа 11 сая гэдэг тайлбарыг өөрийнхөө гараар бичиж өгсөн. 9 сая байвал хэрэгсэхгүй болгож болохгүй гэж үзсэн учир ээж нь төлнө гэсэн учир би зөвшөөрсөн.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч 20,000,000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ ярьлаа. Г.Бат-Эрдэнэ хөөрөг, зургийн аппаррат, ком тавиад найзынхаа данс руу шилжүүлж 4,200,000 төгрөг, 500,000 төгрөг, 5,860,000 төгрөг, нийт 11 сая төгрөг авсан. Түүнээс 1 сая төгрөгийг буцааж авсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулж түүнийг буцааж төлүүлэхээр баталгаа гаргуулаад явсан байгаа. Анхнаасаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, аман хэлцлээр тохирооод шилжүүлж байсан хүү тооцсон зүйл байхгүй, үндсэн зээлж авсан мөнгөнөөс төлөлт хийгдээгүй, хүнийг дахин залилаад байгаа явдал харагдаж байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаад гуйгаад байхаар нь хохирол төлбөргүй гэсэн санал гаргасан байгаа. Идэрцогтын дансаар Галт-Эрдэнийн данснаас мөнгө шилжүүлж өгсөн болохыг мэдүүлсэн байдаг. 4,200,000 төгрөгийг барьцаалж байгаад зээлсэн. Хүн чанар гаргасан хүн хохирох гээд байна. Гуйж гувшиж байж эрүүгийн хэргээс татгалзаж байхад одоо бүр дээр нь мөнгө төлөхгүйгээр салах гээд байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байгаад харамсаж байна. 11,500,000 төгрөг авсан нь тогтоогдож байгаа, үүнээс 1 сая төгрөгийг буцаан авсан тул 10,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагч Г.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Тус шүүхэд С.Ган-Эрдэнэ, В.Сарантуяа нарт холбогдуулж зээлүүлсэн 11,000,000 төгрөг хүү 9,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Г.Бат-Эрдэнэ миний бие танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Галт-Эрдэнэ нь Г.Бат-Эрдэнэ намайг 15,000,000 төгрөг залилан мэхлэж авсан хэмээн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 07 сарын 30-нд өргөдөл гаргаж шалгуулсан. Уг асуудал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 гэсэн зүйл ангиар надад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяраас Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдэгдэж хэрэг хаагдсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад хэрэгт цугларсан хохирогч С.Галт-Эрдэнэ, сэжигтэн Г.Бат-Эрдэнэ нь хохирогч С.Галт-Эрдэнээс 15,000,000 төгрөг залилан мэхэлж авсан асуудал тогтоогдохгүй харин 6,500,000 төгрөгийн асуудал байна гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоол 2016 оны 11 сарын 14-нд прокурорын тогтоолын өмнө нь 2016 оны 11 сарын 07-нд С.Галт-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ бид 6,500,000 төгөргийг 2016 оны 10-р сарын 30-нд төлж барагдуулсныг нотариатаар гэрчлүүлж тооцоо дууссан.” гэжээ.

 

Хариуцагч В.Сарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Тус шүүхэд С.Галт-Эрдэнэ гэж хүнээс нэхэмжлэл гаргахдаа миний хүү Г.Бат-Эрдэнэ бид хоёроос 11,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэлтэй танилцаад ямар ч үндэслэлгүй ийм их мөнгө хүнээс нэхэж болдог юм байх даа гэж маш их гайхаж байна. Манай хүү 2016 онд нэг хэсэг болох болохгүй хүмүүстэй нийлж мөрийтэй тоглоом тоглосныг би анхандаа мэдээгүй. Тэр үед манай хүү миний банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан миний банкны карт дансыг маш сайн мэддэг хааяа мөнгө авч хэрэглэсэн байдаг ч байнга надад хэлдэг байсан. Харин миний данснаас 6,000,000 төгрөг аваад найз Золбаярын данс руу оруулж Галт-Эрдэнэд читоны өр 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Найз Идэрцогтын дансаар миний 5045357758 данснаас 5,680,000 төгрөгийг буцаагаад хийсэн байсныг би сүүлд цагдаад шалгагдахад нь мэдсэн.  Цагдаа хэрэг хаагдахын өмнө хүүгийнхээ өрөнд өөрөөсөө нэг удаа 1 сая төгрөг дараа нь 500,000 төгрөгийг дансаар Галт-Эрдэнэд шилжүүлсэн. Галт-Эрдэнэ бид хоёрын хооронд өр авлага байхгүй, би энэ хүнээс мөнгө зээлж авч үзээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бат-Эрдэнийн тайлбарт 15,000,000 төгрөгийн намайг залилсан гэж үзээд цагдаад шалгуулсан. Тэгээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын дүгнэлт гарсан. Надаас 6,5 сая төгрөг аваад энэ хэрэг дууссан. Хурууны улаан тамгаар авсан зүйл бол мөнгө аваагүй мөнгөөр орлуулсан житон гэсэн зүйл авдаг байсан. Сарантуяа 4,5 сая төгрөгийг найзынхаа данснаас аваад Галт-Эрдэнэд өгсөн. 5,860,000 төгрөгийг Галт-Эрдэнээс аваагүй. Одоо ямар нэгэн байдлаар өр авлага байхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл 10 сая төгрөгийг хүү тохирсон талаар нотлох баримт авагдаагүй байдаг. Хэрэв 10 хувийн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хйисэн баримтыг гаргаж өгөөгүй. Идэржавхлангийн данснаас орж ирсэн боловч Сарантуяагийн дансруу Галт-Эрдэний данснаас мөнгө орж ирээгүй. Талуудын хооронд төлбөрийн маргаан яригдсан нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгуулж дуусахдаа Галт-Эрдэнэ би хохирол төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй гэж бичиж өгсөн байдаг. Үнийн дүн болон бусад зүйл дээр дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байж одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нотлох баримтад тулгуурлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнийн хариуцагч Г.Бат-Эрдэнэ, В.Сарантуяа нараас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ нь хариуцагч Г.Бат-Эрдэнэд 2015 оны 11 дүгээр сарын 02-нд 4,200,000 төгрөг, түүний ээж хариуцагч В.Сарантуяад 5,860,000 төгрөг шилжүүлсэн, 1,000,000 төгрөгний I phone6 гар утас авсан, нийт 11,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Талуудын хооронд зээлдүүлсэн гэх мөнгөнд хүү тохирсон гэрээ бичгээр байгуулаагүй тул 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэснээр хүү 9,000,000 төгрөг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ хариуцагч Г.Бат-Эрдэнэ, түүний ээж хариуцагч В.Сарантуяа нарт шилжүүлсэн гэх мөнгөний асуудлаар ...цагдаад зальдуулсан гэж өргөдөл өгөн шалгуулсан... талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан, Дархан-уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн шалгаад түүний 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлт бусад нотлох баримтаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сэжигтэн Г.БАт-Эрдэнэ нь хохирогч С.Галт-Эрдэнээс 15,000,000 төгрөг залилан мэхэлж авсан нь тогтоогдохгүй, харин 6,500,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан нь тогтоогдсон, ...хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн... гэсэн үндэслэлээр Г.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, С.Галт-Эрдэнэ төлбөрөө бүрэн барагдуулан авсан талаар Цагдаагийн газарт 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тодорхойлолт, хүсэлт гаргаж байсан , эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих журмаар гомдол гаргаагүй, Прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Иймд иргэний журмаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед шаардсан хохирол ижил тул нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэд шаардах эрх үүсэхгүй байна.

Г.Бат-Эрдэнийн залилан мэхэлж авсан гэж тогтоогдсон 6,500,000 төгрөгийг хүлээн авч төлбөр барагдуулсан гэж хүсэлт гаргасны дараа Г.Бат-Эрдэнэд 3,500,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохирч байсан тул хариуцагч Г.Бат-Эрдэнээс 3,500,000 төгрөг гаргуулан С.Галт-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ хариуцагч В.Сарантуяад 5,860,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлээгүй тул  шаардах эрх үүсэхгүй, буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй байна.

Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ нь I phone6 гар утас 1,000,000 төгрөгт тооцож өгсөн талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй болно.

Иймд С.Галт-Эрдэнэд хариуцагч Г.Бат-Эрдэнээс 3,500,000 төгрөг гаргуулан олгож, хариуцагч В.Сарантуяад холбогдох болон үлдэх хэсэг 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэд хариуцагч Г.Бат-Эрдэнээс 3,500,000 төгрөг гаргуулан олгож, хариуцагч В.Сарантуяад холбогдох болон үлдэх хэсэг 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100 190 000 958 тоот дансанд төлсөн 257,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бат-Эрдэнээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэд олгосугай.

 

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ