Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/00216

 

Ц.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00261 дүгээр шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 205/МА2023/00025 дугаар магадлалтай,

Ц.А-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Б, Г.Б нарт холбогдох,

Газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч Э.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.А хариуцагч Ж.Б, Г.Б нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн З аймгийн У сумын Б-ын гол багийн Ө толгойн хэсэг * дүгээр гудамж *** тоот **** м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ц.А, Ч.Б нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00261 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар З аймгийн У сумын Б-ын гол багийн Ө толгойн хэсэг * дүгээр гудамж *** тоот **** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлөхийг хариуцагч Ж.Б, Г.Б нарт даалгаж, иргэн Ц.А болон Ч.Б нарын хооронд хийгдсэн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн Ж.Б, Г.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг тус бүр гарган нэхэмжлэгч Ц.А-т олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 205/МА2023/00025 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00261 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын эхний хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Э.Б-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд нэхэмжлэгч Ц.А-ийг маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.А нь Иргэний хууль, тогтоомж зөрчиж халхавчилж хийсэн хэлцлээр уг газрыг өөртөө шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Иймээс хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ тухайн газрыг шилжүүлсэн хэлцэл буюу Ц.А Ч.Б нарын байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан юм. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “уг бэлэглэлийн гэрээ нь Ц.А болон Ч.Б нарын хооронд хийгдсэн байх ба Ж.Б Г.Б нарын нэхэмжлэлээр тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй”, гэсэн бол давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “Ц.А, Ч.Б нар нь худалдах худалдан авах гэрээ байгуулах ёстой байснаас бэлэглэлийн гэрээ байгуулсан нь хариуцагч Ж.Б, Г.Б нарт ямар нэгэн хохирол учраагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан сонирхогч этгээд гэж үзэх үндэслэлгүй” гэж харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн.

4.1.Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн эдгээр дүгнэлтүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны 17 дугаар тогтоолд нийцээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасан. Сонирхогч этгээд гэдгийг УДШ-ийн 2010.06.22-ны 17 дугаар тогтоолын 5.8-д тайлбарлахдаа “сонирхогч этгээд гэдэгт хэлцэл хийсэн тал эсхүл гуравдагч этгээдийн аль аль нь хамаарна” гэсэн байдаг. Иймээс Ж.Б, Г.Б нар тухайн хэлцлийг хийгээгүй гэдэг шалтгаанаар тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэл гаргах боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, мөн хуулийн тус тайлбарт хохирол учирсан байх урьдчилсан нөхцөлтэй гэж тайлбарлаагүй байдаг тул хохирол учирсан нөхцөлд сонирхогч этгээд гэж үзэх тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2.Аливаа гэрээ хэлцэл бүр хуульд нийцэж байх үндсэн шаардлагатай бөгөөд Монгол улсын иргэн бүр Үндсэн хуульд заасан ёсоор хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх үндсэн үүрэгтэй билээ. Иймээс хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.А нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлээр буюу хууль бусаар газар өмчлөх эрх шилжүүлэн авсан үйл баримт нотлогдож байхад шүүх үүнийг хууль ёсны мэт дүгнэх нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.10.27-ны өдрийн 001/ШХТ2023/01288 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаав.

7.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ж.Б, Г.Б нарт холбогдуулан З аймгийн У сумын Б-ын гол багийн Ө толгойн хэсэг * дүгээр гудамж *** тоот ***** м.кв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж “ ... уг газрыг 2020.08.19-ний өдөр Ч.Б-ээс худалдан авсан, худалдан авах үед Г.Б-гийн гэр, 2 амбаар, Ж.Б-ийн гэр, 2 амбаар, гарашийн хамт байсан, удахгүй энэ айлууд нүүнэ гэсэн. Гэтэл одоо болтол хашааг чөлөөлж өгөхгүй, утсаар ярьсан боловч чөлөөлөхгүй байна.” гэсэн үндэслэлийг заажээ.

 Хариуцагч Ж.Б “...Энэ хашаа бол минийх, анх энэ газарт авга ах П-ынх байсан, манайх нүүж ирээд би өөрөө хашааг барьж олон жил амьдарсан, 2000 оноос хадам ээж Г.Б амьдарч байгаа. Гэтэл Ч.Б бидэнд мэдэгдэлгүй хашааны газрын өмчлөх эрхийг 2012 онд  өөрийн нэр дээр авч, Ц.Ат 10,000,000 төгрөгөөр зарсан юм шиг байна. Энэ тухай шүүхэд нэхэмжлэл гарсны дараа мэдлээ” гэж, хариуцагч Г.Б “...Ц.А-ийг уг газрыг хууль ёсоор шилжүүлж авсан гэж үзэхгүй байна. Эрхийн зөрчилтэй, тухайн хашаанд хүмүүс амьдарч байхад хоорондоо худалдах худалдан авах гэрээ байгуулаад 10,000,000 төгрөгөөр зарсан.” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргаж, “... Ц.А, Ч.Б нар нь бэлэглэлийн гэрээ байгуулж газрыг шилжүүлсэн боловч 10,000,000 төгрөгөөр худалдсан гэдэг. Анх энэ газарт  Ж.Б хашаа барьж олон жил амьдарсан, ах дүү олон айл бууж нүүж байсан, 2000 оноос эхлэн Г.Б-гийнх 20-д жил амьдарч байна. Ч.Б нь өөрийн нэр дээр газрыг шилжүүлж авахдаа бидний эрхийг зөрчсөн. Ц.А нь Ч.Б-ийн дүүгийн нөхөр юм. Ц.А, Ч.Б-ээс өмчлөх эрх шилжүүлж авахдаа  бэлэглэлийн гэрээ байгуулсан энэ нь худалдах-худалдан авах гэрээгээ халхавчилж хийсэн, хууль бус хэлцлийн дагуу өмчлөх эрх шилжсэн.  Энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.А сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...бэлэглэлийн гэрээ Ц.А, Ч.Б нарын хооронд хийгдсэн байх тул Ж.Б, Г.Б нар уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Ч.Б  маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр 2012.11.26-ны өдөр бүртгэгдсэн. Ч.Б нь 2020.08.18-ны өдөр уг газрыг Ц.А-т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, 2020.08.19-ны өдөр Ц.А газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн нь тогтоогдож байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар өөрийн өмчлөлийн газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй байх ба энэ эрхийнхээ хүрээнд Ч.Б нь уг газрыг Ц.А-т шилжүүлсэн. Газрыг Ч.Б, Ц.А нарт олгохоор бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу тэдний  газар өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу олгогдож бүртгэл хийгдсэн гэж үзсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, ... өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нөгөөтэйгүүр хариуцагч Ж.Б нь тухайн маргаан бүхий газарт анх хашаа барьж 1994 оноос хойш амьдарч байсан гэх боловч өөрийн гэх газрыг эзэмших, өмчлөх талаар эрх бүхий байгууллагад хүсэлт тавьж шийдүүлж байгаагүй байна. ...Бэлэглэлийн гэрээ нь Ц.А болон Ч.Б нарын хооронд хийгдсэн байх ба Ж.Б, Г.Б нарын нэхэмжлэлээр тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй юм. ...Ц.А тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж буй эсэхийг шалгах үүрэг түүнд үүсэхгүй. Бүртгэл үнэн зөв байна гэдэг зарчмаар улсын бүртгэлд хэн бүртгэгдсэн байна, харин тухайн гэрээний улмаас Ж.Б, Г.Б нарын эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж буй тохиолдолд тухайн этгээдүүд өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Ч.Б, Ц.А нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулсан, газрыг 10,000,000 сая төгрөгөөр зарсан байх боломжтой гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хангалттай нотлогдохгүй, хэрэв худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ч дээрхийн нэгэн адил гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж буй эсэхийг шалгах үүрэггүй юм.” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...Үндсэн нэхэмжлэлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Ж.Б, Г.Б нар нь нэхэмжлэгчид холбогдуулан Ц.А, Ч.Б нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт үндэслэсэн байна. Хариуцагч Ж.Б, Г.Б нар нь тус зохицуулалтад заасан сонирхогч этгээд биш байна, сонирхогч этгээд гэдэг нь хэлцэл хүчин төгөлдөр гэдэгт итгэсэн гуравдагч этгээд байх ба хэлцэл хүчин төгөлдөр гэдэгт итгэснээрээ хохирол амссан этгээд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай этгээдээс хохирлоо нөхөн төлөхийг шаардахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.А, иргэн Ч.Б нар нь худалдах худалдан авах гэрээ байгуулах ёстой байснаас бэлэглэлийн гэрээ байгуулсан нь хариуцагч Ж.Б, Г.Б нарт ямар нэгэн хохирол учруулаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.” гэж тайлбарласан байна.

9.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож адил шийдвэр гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийн талаарх хоёр шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт зөрүүтэй байгаа,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн агуулгаар хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргасан байх ба гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

10.Хэргийн баримтаас дараах үйл баримт тогтоогдсоныг дурдах шаардлагатай байна.

10.1.Хариуцагч Ж.Б нь 1994 оноос эхлэн маргаан бүхий З аймгийн У сумын Б-ын гол баг, Х-ийн хэсэг *-** тоот хаягт байрлах газарт хашаа барьж амьдарч байсан, хариуцагч Г.Б уг хашаанд 2000 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байгаа, 2012.11.26-ны өдөр дээрх **** м.кв газрын өмчлөгчөөр анх удаа Ч.Б улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэ цаг хугацаанд тус хашаанд Г.Б-гаас гадна газрын өмчлөгч болсон Ч.Б-ийн эцэг Ж.Ч-х амьдарч байсан, Ч.Б 2012 онд газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлээр баталгаажуулж олж авсан, хожим 2020.08.18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ц.А-т шилжүүлснээр тухайн газрын өмчлөгч Ц.А болсон.

10.2.Тухайн газрын хаяг  З аймгийн У сумын * баг Б-ын гол, Ө толгойн * гудамж, *** тоот болж өөрчлөгдсөн, уг хашаанд нэхэмжлэлд дурдаж буй Ж.Бийн гэр, 2 амбаар, Г.Бгийн гэр, 2 амбаараас гадна Ж.Ч-ийн байшин, амбаар, Ж.Б-ийн, Ж.Ж, Ж.Д, Т.Б-ийн амбаар тус тус байгаа болохыг зохигч маргаагүй байна.

10.3.Нэхэмжлэгч Ц.А нь Ж.Б, Г.Б нарт холбогдуулан энэ нэхэмжлэлийг 2021.05.29-ний өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд шүүгчийн 2021.09.30-ны өдрийн 140/ШҮ2021/01288 дугаар захирамжаар Ж.Б нь Ч.Б, Ц.А нарт олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Завхан аймгийн Засаг дарга, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, улмаар түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр 2022.10.07-ны өдрийн 140/ШЗ2022/01725 дугаар захирамжаар сэргээжээ.

10.4.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.10-ны өдрийн 118/ШШ2022/0003 дугаар шийдвэрээр Ж.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

10.5.Дээрх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээс үзэхэд Ч.Б-д газрын өмчлөх эрхийг олгож бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэний зэрэгцээ улсын бүртгэлийн байгууллага нь Ч.Б нь тухайн маргаан бүхий газрын өмчлөгч нь Ж.Б болохыг хүлээн зөвшөөрсөн эсхүл түүнийг уг газрын өмчлөх эрхтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. Ж.Бийг газрын өмчлөх эрхтэй талаар гарсан шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, тэрээр холбогдох этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэж дурдсан байна.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

11.1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан, хэдийгээр Захиргааны хэргийн шүүх Ч.Б, Ц.А нарын газар өмчлөх эрхийн бүртгэл хийсэн  эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг буруу гэж үзээгүй боловч хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэхэд учир дутагдалтай нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тухайлбал, маргааны зүйл болсон газрыг анх Ч.Б өмчилж авахаас өмнө тухайн газарт Газрын тухай хуульд зааснаар эзэмших эрх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу өмчлөх эрхийн аль аль нь үүсээгүй байжээ.

Дээр дурдсан хуулиуд 2002 онд батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг цаг хугацаанаас өмнө уг газарт Ж.Б 1994 оноос, Г.Б 2000 оноос хашаа, гэр барин амьдарсан, одоог хүртэл Ж.Б-ийн гэр эд хөрөнгө байгаа, түүний хадам эх Г.Б амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон.

Энэхүү газар нь хуульд заасан журмаар бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байсан тохиолдолд тэргүүн ээлжинд хэн анх өмчилж авах эрхтэй болох, өөрөөр хэлбэл, Ч.Б газрыг дангаар өмчлөх эрхтэй эсэх, тухайн хашаанд амьдарч байгаа бусад этгээдийн олон жилийн туршид эзэмшсэн эзэмшлийг хэрхэн дүгнэх, улмаар энэхүү эзэмшил нь хууль бус эсэхэд хоёр шатны шүүх бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

Нөгөө талаар, энэ хэргийн хувьд Ч.Б, Ц.А нар нь хамаарал бүхий этгээд, тухайлбал, Ц.А нь Ч.Б-ийн дүүгийн нөхөр болохыг зохигч маргаагүй ба тухайн газрын эзэмшил, өмчлөлийн талаар маргаантай байгаа, уг газар дээр хариуцагч нар олон жилийн туршид амьдарч байгааг Ц.А мэдэж байсан гэж үзэх эсэх нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Иймээс нэхэмжлэгч Ц.А-ийн хувьд Ч.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үндэслэн гэрээний дагуу газар өмчлөх эрхийг олж авч, улмаар өмчлөх эрхээ өөрийн нэр дээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр шаардах эрх үүссэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч түүний өмчлөх эрхийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т зааснаар бүртгэлийн үнэн зөвд суурилж хийгдсэн хэлцэлд үндэслэгдсэн гэж үзэж хамгаалах боломжтой эсэх талаар шүүх хэргийн нөхцөл байдалтай уялдуулж эрх зүйн дүгнэлт хийх байжээ. Учир нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гагцхүү бүртгэлийн процесс ажиллагаа, бүртгэгчийн үйлдлийн үр дагаврын талаарх дүгнэлт өгөх бүрэн эрхэд үндэслэгддэг.

11.2.Хариуцагч нар Ц.А болон Ч.Б-ийн хооронд байгуулагдсан газрын өмчлөх эрх шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ нь татвараас зайлсхийх зорилгоор худалдах худалдан авах гэрээг халхавчилж хийсэн тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл  гаргаж, уг сөрөг нэхэмжлэлээс үүсэх үр дагаврыг тухайн гэрээний дагуу хийгдсэн бүртгэл хүчингүй болгох гэсэн агуулгаар тайлбарласан байна.

Бэлэглэлийн гэрээний бэлэглэгч болох Ч.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байх бөгөөд шүүх зохигчоос түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, байр суурийг нь сонсох эсэх талаар тодруулаагүй байна.

Түүнчлэн, Ц.А нь уг газрыг 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх ба харин өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэл хийлгэхдээ  бэлэглэлийн гэрээнд үндэслэсэн  нь үгүйсгэгдээгүйгээс гадна худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа өөр этгээд байгаа гэдгийг мэдэх боломжтой байхад худалдан авсан бол түүнийг шударга эзэмшигч гэж үзэх боломжтой эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч нарыг Ц.А, Ч.Б нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээд биш гэж үзсэн нь учир дутагдалтай, учир нь хэлцлийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа тухайн хэлцлийн оролцогчоос гадна хэлцэлд оролцоогүй гуравдагч этгээд шаардлага гаргах боломжтойг анхаараагүй байна.

12.Иймд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх дээр дурдсан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00261 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 205/МА2023/00025 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын өмгөөлөгч Э.Б-ийн 2023.09.21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                       

ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

                                                                              Н.БАЯРМАА

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД