Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 400

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0267 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0446 дугаар магадлалтай, Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0267 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ц.Б-г ажилд томилохгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ц.Б-г ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх 40 сар, 12 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 19,906,313.65 төгрөгийг Ц.Б-д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгажээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0446 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн “Ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг эгүүлэн тогтоолгох, урьд эрхэлж байсан ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, ажилгүй байсан хугацааны 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Ц.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1.шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;

- шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Төрийн албаны тухай хууль,

- хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолууд,

- хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Шүүхийн шийдвэр гүцэтгэлийн тухай хууль,

- төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хууль

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн нь хууль бус болжээ. Би 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ үед шүүхийн шийдвэрүүд огт хэрэгжээгүй байсан. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг хүргүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх тогтоол гарсан хэдий ч Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдаж, чиг үүрэг нь 3 яам руу шилжсэн учир шүүхийн шийдвэрийг биелүүлэх хариуцагч нь хэн болох нь тодорхойгүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Сангийн яам, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх мэт төрийн шат шатны байгууллага хооронд бичиг шидсээр 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2 жил өнгөрсөн. Энэ талаар нотлох баримтууд хэргийн бараг нэг хавтсыг бүрдүүлж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам шүүхийн шийдвэрээс гадна дээрх эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон миний гаргасан өргөдөлд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх этгээдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэж тодорхойлсоор ирсэн боловч тус яамнаас манайх биш гэсэн тайлбарыг удаа дараа гаргасаар байсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам шүүхийн шийдвэр төдийгүй Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Сангийн яам, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгийн хорооны шийдвэрийг хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхгүй байгаа талаараа ямар нэгэн тайлбар, үндэслэл ирүүлэхгүй байсан тул энэхүү эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан. Шүүх гомдлын шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэж ирсэн. Хариуцагч шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 жил 4 сар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш 2 жил 8 сар, эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй билээ. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш түрүүчийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх оролдлого хийж, төлбөрийг хийвэл ажлаар хангахгүй, ажилд авбал төлбөр хийхгүй байх барьцаалсан тохиролцооны талаар ярих болсон. Гэтэл хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Намайг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгосон захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах нэхэмлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасныг хүлээн авч 2014 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 165 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 254 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрүүдийг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 6674 дугаар захирамжаар “...иргэн Ц.Б-ийн нэхэмжлэлийг хангаж албан тушаалд нь эргүүлэн тогтоож, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/29, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 1,181,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн албан тушаалд нь эргүүлэн тогтоож, цалингийн зөрүүг олгуулах Гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгосон асуудлын маргаан шүүх /дээд/-ээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө хариуцагч намайг мэргэжилтний ажлаас халсан. Мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьд нь албан тушаал бууруулсан асуудлаар нэгэнт шүүхийн шийдвэр гарч, хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан тул мэргэжилтний ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг хэлтсийн даргын цалингаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалаар миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг мэргэжилтний цалингаар олгуулахаар шийдвэрлэсэн ба албан тушаалын цалингийн зөрүүг жич шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл мэргэжилтний ажлаас халагдсан тушаалын үндэслэлийг хянан хэлэлцсэн тул мэргэжилтний цалингаар нөхөн олговрыг тогтоох нь зөв гэж үзээд түрүүчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг авч хэлэлцээгүй. Эдгээр шийдвэрийг үндэслэн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 7075 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн өдрийн 95 дугаар гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Энэхүү хэрэгт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Соёл, спорт, аялал жуулчлалын яамны эрх залгамжлагчаар тогтоогдож, хариуцагчаар оролцсон бөгөөд шүүхийн шийдвэрийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хэрэгжүүлсэн. Харин хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан буюу Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/29, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, албан тушаал бууруулсны цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар захирамжийн хэрэгжилт одоо болтол хэрэгжээгүй байгаа. Намайг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас мэргэжилтэн болгосон, мэргэжилтний ажлаас халсан тушаалуудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүдээр би яамны хэлтсийн дарга хэвээрээ байгаа гэж ойлгогдож байна. Нэгэнт албан тушаал бууруулсан болон ажлаас халсан шийдвэрүүд хүчингүй болсон тул хэлтсийн даргын ажилд томилсон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж намайг ажилд буцаан томилох ёстой.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу би яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалыг эрхлэх эсвэл мэргэжлийн дагуу өөр албан тушаал эрхэлж, Төрийн албаны хуулийн дагуу урьд эрхэлж байсан зэрэг дэвээ хэвээр хадгалж ТЗ-10-аар цалинжих ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх арга, журам, хугацааг зааж өгөөгүйгээс төрийн шат шатны байгууллагууд шийдвэрийг биелүүлэхийг чармайсан боловч чухам яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна хэмээн өөр хоорондоо бичиг шидэлцэн ажилд томилоогүйгээс ажилгүй, цалин орлогогүй байсаар байсан ба нэгэнт шүүхийн процесс дууссан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам манайх хариуцагч биш гэсэн байр сууриа өөрчилж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхэд төсөв орон тоо байхгүй тул албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тогтоолыг үндэслэн ирэх оны төсөвт тусган хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариуг ирүүлсэн.

Түүнээс гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Сангийн яам, Төрийн албаны зөвлөл албан тушаал бууруулсан шийдвэр хүчингүй болж, хэлтсийн даргаар томилсон шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ц.Б-г ажлаар ханга гэсэн үүрэг чиглэлийг өгсөөр байсан. Эдгээр байгууллага нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тухайд санхүү төсвийн, төрийн албаны, төрийн захиргааны, тухайлсан салбарын хувьд дээд шатны байгууллага бөгөөд яам уг үүргийг биелүүлэх үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 39.1, 39.6, 39.7-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл уг маргааныг хянан шийдвэрлэх, шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй, хэрэв эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар заасны дагуу шүүхэд гомдлын шаардлага гаргасан ба шүүх хүлээн авч жил 6 сарын турш хэлэлцсээр ирсэн юм. Дээрх төрийн байгууллагуудын удаа дараагийн шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол, гүйцэтгэх хуудасны дагуу миний орон тоо цалингийн асуудлыг 2016 оны төсөвт тусгуулсан тул 2016 оны 02 дугаар сарын 01-нд ажилдаа ор гэж дуудсан. Би 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт ахлах аудитороор ажиллахаар болж, ширээ сандал эд хогшлоо хүлээн авч ажиллаж эхэлсэн боловч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх процесст ойлгомжгүй байдал үүсч түр хүлээж бай хэмээн тушаал гаргахгүй түдгэлзсэн. Ажилд ороход Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлж, ашиг сонирхлын зөрчилгүй талаар хариу ирүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх процесст надаас үл хамаарах өөрчлөлт орж, би ажилгүй хэвээрээ үлдсэн.

Учир нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 6674 дугаар захирамжийг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болгож, захирамж болон гүйцэтгэх хуудсыг шинээр үйлдэн “...иргэн Ц.Б-ийн нэхэмжлэлийг хангаж албан тушаалд нь эргүүлэн тогтоож, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/29, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 1,181,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох” гэсэн заалтаас албан тушаалд нь эргүүлэн тогтоож гэсэн хэсгийг хассан байсан. Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолд өөрчлөлт орсныг надад мэдэгдээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий дээрх төрийн захиргааны байгууллагууд ч мэдээгүй байсан ба энэхүү үйлдэл нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас намайг шүүхийн шийдвэрээр ажилд томилох тушаал гаргахад шууд нөлөөлж намайг ноцтой хохирооход хүргэсэн. Миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн дээрх шийдвэр, өөрчлөлтийн талаар шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч аль аль нь мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцож байсан төрийн эрх бүхий байгууллагууд ч мэдээгүй, яагаад хагас жилийн дараа гэнэт өөрчлөх болсон талаараа тайлбар гаргаагүй юм. Хэдийгээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн, ажилд томилсон шийдвэр хүчинтэй хэвээр байгаа ч би ажилгүй, орлогогүй, шүүхийн шийдвэрийг хэрхэн яаж, хэн биелүүлэх нь тодорхойгүй, шүүхээс тогтоосон цалингийн зөрүүг олгохгүй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 25-нд Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар, 2016 оны 3 дугаар сарын 23-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар шүүх хурал 11 удаа хуралдаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх 3 удаа, давж заалдах шатны шүүх 3 удаа шийдвэр, магадлал гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг жил дөрвөн сар өнгөрөөд байна. Шүүхийн бүх шийдвэрт хариуцагчийн ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ТЗ-10 түүнтэй дүйцэхүйц албан тушаалд буцаан томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосоор ирсэн боловч ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг орхигдуулсаар ирсэн. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0267 дугаар шийдвэрээр нөхөн олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн боловч тооцооллыг буруу хийснээс миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдлыг гаргасан. Анх нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхийн процесс 16 сар үргэлжилснээс миний нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсээр ирсэн бөгөөд ажлаас халагдсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл буюу нийт 3 жил, 4 сар, 12 хоногийн цалин, нэмэгдлийг 2 янзаар тооцож, нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх нөхөн олговрыг маш багаар шийдвэрлэсэн нь миний нийгмийн даатгалын төлөлт буурч, хэлтсийн даргын албан тушаалтай мөртлөө мэргэжилтний цалингаас ч бага цалин орлогоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдэж, энэ нь цаашид нийгмийн халамж хүртэх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох зэрэгт ноцтой нөлөөлөхүйц байдалд хүргэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор дээрх 3 жил 6 сарын хугацаанд төдийгүй хойшид асар их хэмжээгээр хохирох нөхцөл байдал үүсч, маш их дарамт, доромжлол, ойлгомжгүй байдал, хууль бус үйлдэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан. Ажилгүй байсан 3 жил гаруй хугацаанд би нийгмийн халамж, тэтгэмж, татварын буцаан олголт зэрэг төрийн албан хаагч төдийгүй иргэний эрхээ эдэлж чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт тооцооллын алдаа гаргаснаас цаашид Хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг авах, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, нас бартлаа авах тэтгэврийн тоо хэмжээнд нөлөөлж, насаараа хохирох нөхцөл байдал үүсээд байна.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.2.шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь илт буруу бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд, нийт 21 шүүгчийн оролцоотойгоор 1 жил 4 сарын турш хянан шийдвэрлэж ирсэн маргааны үйл баримтыг уншаагүй, судлаагүй, шат шатны шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх явцад ямар ажиллагаа явуулж, ямар нотлох баримтыг үндэслэж, яаж шийдвэрлэж ирсэн шалтгаан нөхцөлийг ч анхаараагүй, нэхэмжлэгч ямар эс үйлдэхүйг тогтоолгох гомдлын шаардлага гаргасныг ойлгоогүй нь шүүх хуралдааны даргалагч шүүгч Д.Б урьд нь өөрийн 3 жил гаруйн өмнө гаргасан шийдвэр, тэр үеийн нөхцөл байдал, тухайн үеийн нотлох баримтад үндэслэн өөрийн урьдчилан таамагласан, итгэл үнэмшлээр шийдвэрлэсэнтэй холбоотой юм. Учир нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгосон асуудлыг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүгч нь саяын давж заалдах шүүх хуралдаан даргалагч Д.Б бөгөөд хуульд зааснаар өөрөө татгалзах үүрэгтэй байсан.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд 2 өөр хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан цаг хугацаа, үйл баримтыг буруу дүгнэсэн. Давж заалдах шүүхийн магадлалд ажилд томилохгүй байгаа, нөхөн олговор олгохгүй байгаа үйлдлийг хуулийн ямар үндэслэлээр хэрхэн яаж үнэлж, шийдвэрлэсэн тухай тайлбар хийгээгүй, ядаж хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан нь хууль бус болохыг тогтоож, цалингийн зөрүүг олгуулах шийдвэр гаргачихаад хэрэгжүүлэхгүй байгаа нь ямар хуульд нийцээд байгааг тайлбарлаж өгсөнгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад яагаад хэлтсийн даргын цалин авах эрхгүй болох талаар болон төрийн албанд 27 жил ажиллачихаад зэрэг дэв, ажилласан жилийн нэмэгдэл хүртэх эрхгүй болох талаар, буруугүй нь тогтоогдчихоод байхад яагаад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл тасарч, насаараа хохирох ёстой болсон талаар шийдвэртээ тайлбарласангүй. Шүүхийн шийдвэр ойлгомжгүй бодитой биш байна гэж үзэж байна. Хэрэв миний буруутай алдаатай үйлдэл, эс үйлдэл, эсвэл миний эрх ашгийн эсрэг шийдэхэд хүргэсэн хуулийн заалт байгаа бол энэ талаар магадлалд дурдаагүй болно.

Би одоо Соёл урлагийн газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа нь шүүхийн шийдвэртэй огт хамааралгүй бөгөөд түүх соёлын дурсгалт зүйлсийн тооллого үнэлгээний ажилтай холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн үүргийн дагуу түр тушаалтай ажиллаж байгаа юм. Намайг ажилд томилсон тушаал хэрэгт авагдсан бөгөөд энэ байгууллага нь өөр хуулийн этгээд бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болно. Харин хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, энэхүү агентлагийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд харьяалдаг ба төсвийн шууд захирагчийн өмнөөс ажилтныг ажилд авах талаар эрх эдэлж үүрэг хүлээдэггүй билээ. Соёл урлагийн газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бие даасан хуулийн этгээд бөгөөд мөн хариуцагчийн өмнөөс ямар нэгэн эрх эдэлж үүрэг хүлээдэггүй. Гэтэл шүүх ажилтай байгаа нь ажилд томилохыг даапгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэж ажлын байр төрийн алба хоёрыг адилтган авч үзсэн нь хууль бус юм.

Магадлалд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлээс 2013 оны үеийн үйл явдлын талаар миний ярианаас иш татаж “... заавал хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулах шаардлагагүй” гэсэн миний тайлбарт гол анхаарал хандуулж дүгнэлт болгожээ. Гэтэл энэ үед яамдын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж газрын статустай болсон бөгөөд нэгэнт миний эрхэлж байсан албан тушаал байхгүй болж газар болж өргөжсөн тул хуучин зэрэг дэвээ хадгалан газрын ахлах мэргэжилтнээр ажиллах асуудал байсан юм. Хуулиар хэлтсийн дарга ТЗ-10, газрын дарга ТЗ-12 бөгөөд ажлын байрны тодорхойлолт яг адил, харин эрх, үүрэг хариуцлага өөр билээ. Цалингийн хувьд ч эрс ялгаатай тул би нөхөн олговрыг хэлтсийн даргаар тооцож, мэргэжилтний ажлаас халсан шүүхийн шийдвэрээр мэргэжилтнээр тогтоосон цалин 16,771,517 төгрөгийг олгосон тул нөхөн олговрын нийт үнийн дүнгээс хасч, зөрүү 36,025,898 төгрөгийг нэхэмжилсэн. Үүний сүүлийн 14 сарын нөхөн олговор нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны нөхөн олговор билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд гомдол гаргахаар заасан. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн ажлаар хангах үүргийг зөвшөөрөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцагч биш гэсэн тайлбарыг гаргасаар ирсэн тул зохих журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн 14.1.2-т холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгийн хороо, Сангийн яам, Хууль зүйн яам, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.4.Давж заалдах гомдол гаргаж байгаа этгээд энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлж, баримтыг гомдолд хавсаргах бөгөөд гомдлыг хэргийн оролцогчийн тоогоор хувилан өгнө.

Би давж заалдах шатны шүүх хурлыг миний буюу нэхэмжлэгчийн гомдлоор хянан шийдвэрлэж байгаа гэж ойлгож шүүх хуралдаанд орсон бөгөөд хариуцагч гомдол гаргасан тухай мэдээгүй, хэрэгт хариуцагчийн гомдол, тэмдэгтийн хураамж төлсөн, чөлөөлсөн баримт байгаагүй, гомдлын хувийг надад гардуулаагүй, шүүх хурлын явцад хариуцагч гомдол гаргасныг мэдсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь миний хариуцагчийн давж заалдах гомдолтой танилцах, тайлбар гаргах, судлах, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэж байна.

Мөн хуулийн 119.4. “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан боловч магадлал бичгээр гарахгүй сар гаран буюу 33 хоносон. Энэ хугацаанд би магадлалыг гардан авахаар 5 удаа очсон. Хамгийн сүүлд 7 дугаар сарын 21-нд очиход шүүгчид гарын үсэг зураагүй байгаа явж зуруулаад хэлнэ гэсэн. Би хөдөө сувилалд яваад 7 хоноод ирээд авъя гэж тохиролцоод 8 дугаар сарын 01-нд ирэхэд 7 дугаар сарын 25-нд шууданд хийсэн гэж хэлсэн. Магадлал гэрт ирээгүй байсан тул 8 дугаар сарын 2-нд хүсэлт бичиж байж магадлалын хуулбарыг хүлээн аваад гэртээ ирэхэд шуудан ирсэн байсан. Магадлалд нэхэмжлэгч ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж байнга дурдсан боловч хуульд нэхэмжлэгч ийнхүү эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой талаар байхгүй байна. Би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг гаргасан бөгөөд миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин захиргааны акт гаргуулах шаардлага байгаагүй. Учир нь намайг хэлтсийн даргаар томилсон тушаал хүчин төгөлдөр хэвээрээ байсан. Албан тушаал бууруулж, мэргэжилтэн болгосон тушаал нэг шийдвэрээр хэрэгжсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон билээ. Нэгэнт шүүхийн шийдвэрээр албан тушаал бууруулсан, мэргэжилтнээр томилсон шийдвэр хүчингүй болсон болохоор хэлтсийн даргын албан тушаалд буцаан ажиллуулах ёстой. Харин шийдвэр гүйцэтгэлийн явцад яам татан буугдсан, хэлтэс нь газар болсон учир би төрийн албаны ТЗ-10 зэрэг дэвээ хадгалсан дүйцэхүйц албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйл, Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авах заалтад: ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн авах үүрэгтэй байх ба өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүх шийдвэрлэх, ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь өөрчлөгдсөн бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй байхаар зааснаас үзэхэд шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлыг шийдвэрлэхдээ ажлаас халсан захиргааны актыг хүчингүй болгох, ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байх хугацааны нөхөн олговрыг хамтатган шийдвэрлэхээр байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0446 дугаар магадлалын үндэслэлийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Үүнд, “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийн тухайд:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 165, 2015 оны 384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 254, 2015 оны 375 дугаар магадлалын аль алинд нь нэхэмжлэгч Ц.Б-г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлээгүй, ийм шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй /энэ талаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 165 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт тодорхой заасан/, харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд эдгээр шүүхийн шийдвэр биелэгдэж холбогдох төлбөрүүд төлөгдсөн /нэхэмжлэгчийн болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд хариуцагчаас шилжүүлсэн/ гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тиймээс ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны 5/1199 дүгээр “Тодруулга хүсэх тухай” албан бичгийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4260 дугаар захирамжаар “... “Ц.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, албан тушаалд нь эгүүлэн тогтоож гэж”... шийдвэрийн Тогтоох хэсэгт шийдвэрлээгүй асуудлаар бичилт хийж оруулсан нь илт алдаатай...” гэсэн  үндэслэлээр  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 165 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2014 оны 6674 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна /Хэргийн 1 дүгээр хавтас, 23-26 дахь тал/.

2. Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Ц.Б-г Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “ажлын байрны тодорхойлтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан, мөн тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалт болон ёс зүйн хэм хэмжээ, яамны Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийтгэл ногдуулсан тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалууд хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон байдаг. Хэдийгээр нэхэмжлэгчээс “эдгээр шүүхийн шийдвэрүүдээр түүнийг албан тушаал бууруулсан болон төрийн албанаас чөлөөлсөн актуудыг хүчингүй болгосон тул эрхэлж байсан ажилдаа эргэн томилогдох ёстой” гэж маргадаг ч шүүхийн шийдвэр гарснаас хойш бодит нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон байна. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдаж, чиг үүрэг нь 3 яаманд хуваагдсанаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс байхгүй болж хэлтсийн даргын орон тоо хасагдсан, энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийг яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилох, эсвэл мэргэжлийн дагуу өөр хэн нэгний ажиллаж байгаа албан тушаалд шууд томилох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс, хариуцагч нь шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхээс татгалзсан бус харин төрийн байгууллага татан буугдсаны улмаас нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажилд нь, эсхүл түүнтэй дүйцэхүйц албан тушаалд томилох боломжгүй тул “сул орон тоо одоогоор байхгүй байна” гэсэн үндэслэлээр татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Ийнхүү төрийн байгууллага татан буугдсанаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсан байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан” гэж дүгнэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрхийг хангах үүднээс шүүхийн шийдвэрийн дагуу орон тоо цалингийн асуудлыг 2016 оны төсөвт тусгуулан шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах аудитороор түр ажиллуулсан, Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/20 дугаар тушаалын дагуу Соёл урлагийн газрын даргын 2016 оны Б/02 дугаар тушаалаар одоо тус газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, статистик, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж байгаа зэрэг нь дээр дурдсан үйл баримтыг үгүйсгэн хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийн тухайд:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.4-т зааснаар “анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон; мөн 84.1.6-д зааснаар “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” тохиолдолд шүүгч татгалзан гарах үүрэгтэй. Харин энэхүү маргааны үйл баримт нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаанаас өөр, нэхэмжлэгч ч үүнийг хүлээн зөвшөөрөн бие даасан нэхэмжлэл гаргасан, үүний дагуу шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн байна. Иймээс, “... Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгосон асуудлыг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүгч Д.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаан даргалсан нь татгалзах үүргээ зөрчсөн” гэсэн агуулгатай гомдол үндэслэлгүй.

2. Хэргийн 2 дугаар хавтасны 219 дэх талд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид давж заалдах журмаар гаргасан /хариуцагчийн/ гомдлыг утсаар мэдэгдсэн талаар баримтжуулсан, мөн нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдолтой танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрөө оролцон мэтгэлцсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... Би хариуцагч гомдол гаргасан тухай мэдээгүй, хэрэгт хариуцагчийн гомдол, тэмдэгтийн хураамж төлсөн, чөлөөлсөн баримт байгаагүй, гомдлын хувийг надад гардуулаагүй, шүүх хурлын явцад хариуцагч гомдол гаргасныг мэдсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь миний хариуцагчийн давж заалдах гомдолтой танилцах, тайлбар гаргах, судлах, мэтгэлцэх эрхийг хангаагүй” гэсэн гомдлоор магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0446 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ