| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2022/04358/И |
| Дугаар | 001/ХТ2023/00217 |
| Огноо | 2023-11-09 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2023/00217
Г-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01643 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01563 дугаар магадлалтай,
Г-гийн нэхэмжлэлтэй
“Т” ХХК-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, хариуцагчийн өмгөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г-гээс хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01643 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19,936,724 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г-д олгож, үлдэх 186,920 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257,633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01563 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах Г-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалтыг хариуцагч байгууллага биелүүлээгүй, нэхэмжлэгч Г-гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд энэ нь хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж зааснаар нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна” гэж үндэслээд буюу эдгээр заалтуудыг хэрэглээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 19,936,724 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож 186,920 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн билээ.
Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар нэхэмжлэгч Г нь эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гаргаагүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой” гэж хянаад шийдвэрийг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ.
Үүнээс харахад анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалт, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтуудыг тус тус өөр өөрөөр хэрэглэж Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхдээ зөрүү гаргаж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан хяналтын гомдол гаргах үндэслэл бий болоод байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч ... цалин хөлс авах үндсэн эрхийг эдэлнэ” гэсэн суурь зарчмыг тусгаснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ”, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомж, ... хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөх ... үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Г нь ажилдаа эгүүлэн тогтоогдсоноор түүний хөдөлмөрийн харилцаа бүхэлдээ сэргээгдсэн бөгөөд хариуцагч “Т” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус заасны дагуу Ггийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021.08.11-ний өдрөөс ажилд эгүүлэн орсон 2022.03.22-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг нөхөн олгох үүрэгтэй байсан боловч хөдөлмөрийн хуульд заасан үүргээ биелүүлэлгүй ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг зөрчсөн билээ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.11-ны өдрийн 183/ШШ2021/01725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.08-ны өдрийн 1616 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.12.24-ний өдрийн 001/ШХТ2022/00018 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй шүүхэд дахин нэхэмжлэл гаргуулж шүүхийн ачааллыг хийсвэрээр нэмэгдүүлж байна гэж үзэж байна.
Иймд Хөдөлмөрийн хуульд заасан үүргээ биелээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс Ггийн эрх зөрчигдсөн тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3-д “Иргэний эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх ... аргаар шүүх хамгаална”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д “хууль тогтоомжинд заасан бусад маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх Г-гийн нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн атал давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтуудын талаар огтоос тайлбарлахгүйгээр шууд тус хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний зөрүүг бий болгож байна.
Иймээс гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хууль хэрэглээний зөрүүг арилгаж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд Хяналтын журмаар гомдол гаргах 172.2.1 шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, 172.2.4 эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасныг тус тус баримтлан энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхээс “...хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүдсэн маргаан тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, мөн шүүхийн шууд авч шийдэх маргаан” гэж дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гаргаагүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой” гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.
Эдгээр тогтоол, магадлал түүний хуулийн үндэслэлүүд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг харуулж байна.
Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар, гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд гаргасан байна. Гэвч давж заалдах шатны шүүх үүн дээр дүгнэлт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүдсэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан богиносгосон хөөн хэлэлцэх хугацааг эсхүл Иргэний хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх үү гэдэг нь эцэслэн дүгнэгдээгүй байна.
Дээрх ойлголтыг нэг мөр болгох нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс энэ төрлийн маргааныг хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдсэн тохиолдлууд байдаг.
Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.5-д заасан хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т заасныг баримтлаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн.
Адил төрлийн агуулгатай маргаанууд дээр шүүхүүд нэхэмжлэлийг хангах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох зэргээр өөр өөр үндэслэл бүхий шийдвэрийг гаргаж байна.
Ажилтан нь ажил олгогчийн хүсэл зориг, нөлөөлөл доор түүний байранд, цалин авч хөдөлмөрлөдөг. Шүүхийн шийдвэрийг гүйцэд биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан нь анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох (талууд давж заалдаагүй, давж заалдах шатны магадлал, эсхүл хяналтын шатны шүүхийн тогтоолоор), шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилгаа явагдах, ажил олгогч ажлын байрыг бодитоор бий болгох, ажилтан ажлын байрандаа эргэн ажиллах зэрэг үе шатуудыг дамжиж буй нь зөвхөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан харилцаанаас агуулгын хувьд илүү өргөн харилцаанд өрнөж байна.
Иймд Иргэний хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг баримтлан, хөдөлмөрийн эрхийн урьдчилан шийдвэрлэх байгууллагаар дамжихгүй шүүх шууд хүлээн авч шийдэх нь энэ төрлийн маргааны онцлог гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйл 2.5-д Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж хуульчилсан.
Хариуцагч байгууллагад ажиллаж буй ажилчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэн, үйлдвэрчний эвлэл байгуулснаас үүдэлтэй энэхүү хөдөлмөрийн маргааны хохирол арилахгүй байна.
Хэдийгээр ажилтан буруугүй нь хуулийн дагуу тоггоогдсон боловч тухайн хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зохих хувь төлөгдөхгүй, эрх нь бүрэн сэргэхгүй байна.
Иймд шүүх хоорондын хууль хэрэглээний зөрүүг арилган, шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн практик тогтох энэ үед ажилтан болон ажил олгогчийн мөн хуульч, өмгөөлөгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул Улсын Дээд шүүхээс анхааран гомдлыг хэлэлцэж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, Ц нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэхИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.10.19-ний өдрийн 001/ШХТ2023/01259 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын шатны шүүхээс хэргийг хэлэлцээд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч Г хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 20,123,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...нэхэмжлэгч нь хариуцагч компанид ажиллаж байгаад 2020.04.06-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.11-ний өдрийн 1725 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан уурхайн хэлтсийн операторын албан тушаалд эгүүлэн тогтоосон, анхан шатны шүүхийн дээрх шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад шийдвэрийг хэвээр үлдээсэн.
...Ажил олгогч 2022.03.22-ны өдөр ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021.08.11-ний өдрөөс ажилд томилсон 2022.03.22-ны өдрийг хүртэлх 7 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20,123,644 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, 1-рт: нэхэмжлэгч нь 2022.03.22-ны өдөр ажилд томилогдсоноос хойш 2022.09.09-ний шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан “...энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргана” гэснийг зөрчиж, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн,
2-рт: нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар зохицуулагдах хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан зохицуулалтад хамаарахгүй бөгөөд хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 2,679,000 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 124,604 төгрөг байх тул ажилгүй байсан 6 сар 31 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй...” гэж дүгнэн хариуцагчаас 19,936,724 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 186,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол,
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад: “...нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөн талаарх гомдлоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гаргаагүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой...” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г-гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссан нөхцөл байдал, хэргийг түргэн шуурхай, хуулийн хугацаанд шийдвэрлэх зарчмыг анхаарсангүй.
11. Нэхэмжлэгч Г хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 1.5-д заасан шүүх шууд хянан шийдвэрлэх хууль тогтоомжид заасан бусад маргаанд хамааруулан хянан шийдвэрлэсэн нь буруу, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал ...урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, улмаар дээр дурдсан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус зохицуулжээ.
11.2. Нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т дээрх зохицуулалтад хамаарах тул зүйн нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах, эсхүл энэ тохиолдол хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчлан зохицуулсан байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хуулийн этгээд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн...” гэж тодорхойлсон ба шүүх хуралдаанаар зохигч мэтгэлцэж, хэргийг хэлэлцэж шийдвэрлэсний дараа давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, тус журмыг хэрэгжүүлэх боломжтой үндэслэл шүүх хуралдаанаар тогтоогдлоо...” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэнэ.
12. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлын заримыг буюу магадлалыг эс зөвшөөрсөн хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01563 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, Ц нарын гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г-гээс 2023.09.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД