Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 868

 

      2020        07           02                                           2020/ДШМ/868

Б.Б, Л.Б, Г.С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун,

шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

цагаатгагдсан этгээд Г.Сын өмгөөлөгч Д.Наранцэцэг,

иргэний хариуцагч “Тиарарезорт” ХХК-ийн төлөөлөгч С.Туул,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох эрүүгийн 201701000122 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......................, 19..... оны .........угаар сарын ..............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, стратегич мэргэжилтэй.................. ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн ....... дугаар хороо, ......................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;

2. ..........................., 19.......... ........... дүгээр сарын ..............-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .......................тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... аймгийн .....................р сумын ............... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

3. .................., 19......... оны .......... дугаар сарын ..............-ны өдөр ................аймгийн ................ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, .................................... ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ дүүргийн ............ дүгээр хороо, ...........угаар хороолол, ...........байрны ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Б.Б нь 2015 оны 2 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ...” гэсэн, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Б, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С нартай бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Л.Б нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах...” гэсэн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “...Нягтлан бодох бүртгэлийг удирдах, зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Г.С нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах...” гэсэн, мөн Цэргийн нийтлэг дүрмүүдийн 30 дугаар зүйлд заасан “...Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Л.Б, Г.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Г.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж.................................. нарыг нийтийн албан тушаалтан бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял эдэлж эхлэх үеэс, шүүгдэгч Б.Бы нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Б, Л.Б нар болон иргэний хариуцагч “Тиарарезот” ХХК нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Л.Б, Г.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.Б миний бие Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарт тасралтгүй 30 гаран жил ажилласанаа товчхон дурдвал, Зүүнбаянд салаа, рот, бателион, хорооны захирагч, Батлан хамгаалах яаманд алба, хэлтэс, газар, төрийн нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон 1992 онд Ардчилсан Үндсэн хууль батлалцан, 2016 онд Батлан хамгаалахын тухай багц хуулийн ажлын хэсгийн даргаар ажиллан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж ирэхдээ Алтангадас, Цэргийн гавъяа, Байлдааны гавъяаны улаан тугын одон болон бусад медалиудаар шагнагдаж ирсэн. Энэ сайхан намтар түүхэндээ хэзээч арилашгүй хар толбо үлдээн 60 шахаж яваа энэ насандаа үр, ач нартаа бардам хэлэх намтар үгүй болсондоо харамсаж байна. Миний бие 2007 онд сүрьеэ өвчнөөр өвчилсөн. Уушиг хэвийн бус, нүдний хараа 50 хувьтай хардаг. 2019 онд зүрхний хагалгаанд орсон, зүрхний хагалгаа хийлгэснээс хойш байнгын эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж ирсэн ба одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт зүрхний хэм алдалт, даралт тогтворгүй / А/D-120-180 / гэсэн оноштой хүргэгдэн ирж эмчлүүлж байна. Миний бие өөрийн холбогдсон үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, туулж ирсэн амьдралдаа арилашгүй хар толбо үлдээж, Монгол төрийн албан хаагч, Зэвсэгт хүчний цол хэргэмийн нэр хүндийг унагасан үйлдэлдээ чин сэтгэлээсээ маш ихээр харамсан гэмшиж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гагцхүү миний биеийн байдал өвчтэй, өвчний түүх зэрэг нь тус хорих ялыг давж гарна гэдэгт итгэхгүй байгаа зэргээс шалтгаалан дээрх оноосон хорих ялыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б нь хувийн байдлын хувьд одоо 60 настай, эрүүл мэндийн хувьд маш муу, зүрхний өвчтэй /байнгын хэм алдагдалт, хурц дутагдалтай/, ходоодны шархтай /хагалгаа хийлгэсэн/, нүдний хараа 50 хувь устсан, нүдний даралт буюу клакома өвчтэй, уушигны сүрьеэ өвчнөөр өвдөж байсан голомттой өвчтэй /бүгд эмнэлгийн албан ёсны оношоор баталгаажсан/, байнгын эмчийн хяналтад эмчлэгдэж байсан, гуравхан настай бага насны хэнз хүүхэдтэй иргэн юм. Б.Б нь эрх зүйн байдлын хувьд буруутгаж буй зүйлээр гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч шүүхэд мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлээр нотлогдож, шүүхийн шийдвэрийг бүрэн хүндэтгэж байгаа болохоо энэхүү гомдол хүсэлтээр бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж, уучлал гуйж байгаа болно. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь “уг асуудал иргэд хоорондын маргаан, гэмт хэрэг бус, бид гэмт хэрэг хийгээгүй” хэмээн мэтгэлцэж оролцсон тул гэм буруу дээр маргасан гэж үзэх үндэслэлтэй, иймээс тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна” гэж дурдсан байна. Шүүхийн дээрх дүгнэлт нь Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх... эрхтэй, мөн ...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг ...хориглоно” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим, өмгөөлөгчийн зөвлөж хэлсэн ёсоор шүүх хуралдаанд мэдүүлсэн явдал нь “гэм буруугаа хүлээгээгүй” гэж дүгнэлт хийхэд хүргэсэн мэтээр тусгагджээ. Хохирлоо шууд бүрэн төлж барагдуулсан нь гэм буруугаа хүлээж байгаа гол нотолгоо гэж үзэж байгаа ба Б.Б нь өөрийн үйлдэл, холбогдлыг бүрнээ ухамсарлан ойлгож, шүүхийн тогтоолыг хүндэтгэж байгаа болно. Шүүгдэгч Б.Б нь өөрийн амьдралын 38 жилийг тасралтгүй цэрэг, Батлан хамгаалахын салбарт ажиллаж, байлдагчаас хурандаа хүртэл, Монгол Улсын зэвсэгт хүчний бүх л нэгж, салаа, батальон, дивиз командлан, Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг 1990 онд батлалцаж, Монгол Улсын зэвсэгт хүчний хөгжил цэцэглэлтэд өөрийн хүч бололцоо, чадвар зүтгэлээрээ жинтэй хувь нэмэр оруулсан арвин түүх, туулсан замнал бүхий кадр офицер хүн бөгөөд манай шилдэг тэргүүний цэргийн мэргэжилтэн, халамжлан хүмүүжүүлэгч, сайтар бэлтгэгдсэн офицер дайчин болно. Монгол Улсын төрөөс түүний хөдөлмөр гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Засгийн газрын хүндэт жуух зэрэг төрийн одон, цол, тэмдгээр шагнагдаж байсан нь үүнийг тодорхой гэрчилнэ. Гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр болох 109.415.831 төгрөгийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5-д зааснаар анх удаагаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн дүүрэн төлж барагдуулсан байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн ял шийтгэлийн хувьд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэн хөнгөрүүлэн шийдвэрлэх, мөн хуулийн заалтын дагуу хорихоос өөр төрлийн ялаар сонгон шийтгэх бүрэн боломжтой гэж үзэж энэхүү гомдлыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан.” гэв.

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ж.Энхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 5 дугаар сард Б.Б нь ангийн захирагчтай уулзаж хүсэлтээ тавьж байсан. 2017 оноос эхлэн Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг мөчөөс эхлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хугацаанд гэмт хэргийн объектив талын шинжийг харгалзан үзнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг төлсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Уг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчмыг удирдлага болгох ёстой. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил гарны хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.Б 2 сар гаруй цагдан хоригдсон байна. Энэ хугацаанд 3 удаа 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтсэн. Нийслэлийн прокурорын газрын хүсэлтээр эмнэлгийн нарийн шинжилгээнд хамрагдах албан бичгийг шүүхэд гаргаж өгч байна. 2017 оноос  хойш Б.Б нь надад хандаж “миний гаргасан алдаа байна. Энэ асуудлаа хүлээн зөвшөөрөх ёстой” гэж байсан. Гэтэл өмгөөлөгч миний зүгээс “чиний үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй. Иймд яаран өөрийгөө гэм буруутай гэж хүлээн зөвшөөрмөөргүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр ямар ч байдлаар гарч болно. Үүнийг хүлээе” гэж зөвлөж байсан. Энэ нь миний буруутай үйл ажиллагаа байсан байна. Энэ хэрэгт холбогдсон 3 хүнээс нэг нь цагаатсан, нэг нь торгуулийн ял шийтгүүлсэн, Б.Бд хорих ял оногдуулсан. Иймд Б.Бы олон жил төрд зүтгэсэн байдал, тухайн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Б болон өмгөөлөгчийн зүгээс оногдуулсан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс Л.Бын гэм буруу, гэмт хэрэгт оролцсон оролцоо, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос Л.Бт холбогдох хэсгийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Сын өмгөөлөгч Д.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд Г.Сыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Иргэний хариуцагч С.Туул тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 489 дугаартай тогтоолоор Б.Б, Г.С, Л.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоос харахад хэргийн үйл баримтад маргахгүй, эрүүгийн хариуцлагын тал дээр маргаж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, хохирол төлбөрөө төлөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа хэдий ч анхан шатны шүүх хуралдааны үеэр хэргийн үйл баримтын талаар болон гэм буруугийн талаар маргаантай байсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолоос харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна. Өмгөөлөгч нарын хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэх давж заалдах гомдолд тусгайлан гаргах саналгүй, шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Б нь 2015 оны 2 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ...” гэсэн, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Бтой бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Л.Б нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах...” гэсэн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “...Нягтлан бодох бүртгэлийг удирдах, зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Бтай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Ц.Ундрахбаярын “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр байх манай ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б дарга намайг гадуур гараад ирье гэж хэлээд, надаар автомашинаа бариулаад гарсан. Баянзүрхийн товчооны Петровисын шатахуун түгээх станц дээр очсон. 16 цаг өнгөрч байхад хар өнгийн “Lexus-570” маркийн автомашин ирээд зогссон. Тэгээд даргатай утсаар яриад дагаад яв гэсэн бололтой бид уг машиныг дагаад явсан. Ингээд Тэрэлжийн орчим хар замаас салаад хар өнгийн автомашин зогсоод дотроос нь Батсайхан гэх манай Төрийн нарийн бичгийн дарга сүүлд болсон хүн бууж ирээд даргыг дуудсан. Дарга анх явахдаа Баянзүрхийн товчоон дээр нэг даргатай уулзана гэж хэлж байсан. Тэр дарга нь заасан цагт, тогтоосон газар бэлэн бай гэж үүрэг өгсөн гээд дарга яараад байсан. ...” /3хх 84/,

гэрч Т.Сүхбаатарын “...2015 оны 8 дугаар сарын эхээр 017 дугаар ангийн ерөнхий инженер О.Сугар намайг ажлаа хийж байхад дуудсан, яваад ороход тэрээр “Ерөнхий сайдын цэргийн зөвлөх Батсайхан намайг дуудсан байна. Миний машин эвдэрсэн байгаа учраас чиний машинтай яваадхая” гэсэн. Ингээд миний хувийн машинтай Тэрэлжид байрлах “Тиара резорт” компанийн амралтын газарт очсон. Бид хоёрыг очиход тус амралтын газар 4 давхар обьект байсан. Гадаа нь ангийн захирагч Балдан-Очир, Батсайхан нар байсан. Буцаж явах үед ангийн захирагч О.Сугарт “хийгдэх ажил нилээд их байна, ажлыг яаралтай эхэл, 4 дүгээр бүлгийн засалчдыг ажилд гаргана, чи ажлыг нь хариуцаад хийлгэнэ шүү” гэсэн үүргийг өгсөн. Ажлуудыг 2015 оны 8 дугаар сараас эхлээд 12 дугаар сард дуусгасан. Дээрх ажлын зардал мөнгийг манай байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл, Батсайхан болон түүний гэр бүлээс ямар нэг барилгын материал авчирч өгсөн зүйл байхгүй. Амралтын газрын засварын ажлыг дуусгаад үргэлжлүүлээд ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу 5-6 хүнээр гэрт нь засварын ажлыг хийсэн. Засварын ажлын материалыг тэд өөрсдөө гаргасан. Бид ажиллах хүчээ гаргаад 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын дундуур хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд, Green house 1 тоотод байрлах 3 давхар барилгад засвар хийсэн. ...” /2хх 47-48/,

гэрч Б.Намхайнямбуугийн “...2015 оны 8 дугаар сарын эхээр ангийн ерөнхий инженер, дэд хурандаа О.Сугар намайг дуудаж “бүлгээ аваад Тэрэлжид байрлах “Тиара резорт” ХХК-ийн амралтын газрын засварын ажлыг хийж гүйцэтгэ” гэж мэдэгдсэн. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бүлгийн 17 хүнээ аваад тэндээ байрлаж ажиллахаар ангийн портер машинтай явцгаасан. ...Барилгын засварын үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан Батсайхан ажил эхэлснээс хойш 7 хоногт 2 удаа ирдэг, хийсэн ажлын талаар үзэж хараад явдаг байсан. ...” /2хх 56-57/,

гэрч Д.Ижилмөрөнгийн “...Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 2014, 2015 оны санхүү, аж ахуй, барилга угсралт засварын ажлын эдийн засгийн тооцоо, үр ашгийн байдалд дотоод аудит санхүүгийн хяналт шалгалтыг улсын байцаагч Б.Батзоригийн хамтаар хийсэн. ...санхүүгийн баримтуудыг үзэж шалгах явцад бараа материалын дансанд 101.172.997.4 төгрөгийг “Тэрэлж” гэж бичилт хийж зарлагадсан байсныг тодруулж үзэхэд тус анги нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 70.000.000 сая төгрөгийн үнийн дүнтэй барилгын засварын ажлын гэрээг “Тиара резорт” ХХК-тай байгуулсан. Гэрээнээс хөөж үзэхэд гэрээний дагуу нийт 109.415.531 төгрөгийн зардал гарсан байдаг. Зардал гаргачихаад ажлын гэрээгээ дүгнээгүй, гэрээний төлбөр төлөгдөөгүй, данс бүртгэлдээ зардалд бичсэн байсан. Ингээд улсын ахлах байцаагчийн хувьд Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2015 онд “Тиара резорт” ХХК-ийн барилга засварын ажилд нийт 109.415.531 төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс зарцуулж, данс бүртгэлд авлага үүсгэлгүй зардалд бичсэн нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6.4.2-т “Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.5.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккурэл сууриар хөтөлнө”, 20.2.6-д “хөрөнгийн төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. ...Зэвсэгт хүчний 017 дугаар анги, нөгөө талаас “Тиара резорт” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээ өөрөө их учир дутагдалтай. Байгуулсан гэрээ нь төлбөр төлөх нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй, төлбөр төлөх нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй гэрээнд ...ангийн захирагч шууд төсөв мөнгө гаргаж болохгүй. Энэ нь төсвийн тухай хуульд батлагдсан төсвийн хүрээнд хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна гэж байдаг. ...” /2хх 60-61, 247/,

шүүгдэгч Л.Бын яллагдагчаар өгсөн “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр “өөрийгөө Ерөнхий сайдын зөвлөх Батсайхан байна, 16 цагт Баянзүрхийн товчоо дөнгөж өнгөрөөд зогсож бай, би өөрөө хар өнгийн автомашинтай очно” гэж хэлсэн. Ингээд орой 16 цагийн орчим Баянзүрхийн товчоо өнгөрөөд очсон чинь хар өнгийн жийп маркийн автомашин байсан. Би буугаад уулзсан чинь өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан, хар өнгийн нүдний шил зүүсэн цайвар өнгийн хувцастай туранхайдуу нөхөр бууж ирээд танилцсан. Тэгээд одоо миний араас дагаад яв гэж хэлсэн. Би түүний араас дагаад явсан чинь Тэрэлжээс наана Болор зуслангийн орчим зүүн энгэр дээр дөрвөн давхар цагаан өнгийн байшин дээр очсон. Батсайхан надад “хоёулаа энд нэг байр үзье” гээд байраа үзүүлээд “манай энэ байшин ноднин хөлдсөн, хэдэн радиаторууд солих хэрэгтэй байна” гээд 6-7 өрөөний радиатор үзүүлсэн. Мөн үзүүлсэн өрөөнүүдийнх нь зарим нэг өрөөний обой хууларсан байсан. Тэгээд “ийм зүйл засуулах хэрэгтэй байна” гэхээр нь би “за болох юм байна” гэж хэлсэн. Мөн “би удахгүй танай Төрийн нарийн бичгийн даргаар очно” гэж хэлж байсан. Маргааш нь ерөнхий инженер О.Сугарыг дуудаж “ийм албан тушаалтай хүний амралтын газарт засвар хийх үүрэг” өгсөн. ...О.Сугар үүрэг авснаас хойш 1-2 хоногийн дараа 1-2 хүн аваад амралтын газар руу явсан. Ажил эхлээд явж байгаад 2-3 хоногийн дараа О.Сугар инженер надад “даргаа, тэр дарга чинь өдөр болгон ирээд ажил нэмж хий гэсэн үүрэг өгөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл та нар хурдан гэрээ хий гэж хэлсэн. О.Сугар тэд нартай гэрээ хийх гэж нилээн явсан, гэрээ хийхгүй байгаад байхаар нь би Батсайхантай нэг удаа утсаар ярьсан чинь “гэрээгээ манай эхнэртэй хийчих, мөнгө бол асуудалгүй” гэж хэлсэн. Манай инженер арай гэж 1 cap гаран явж байж эхнэртэй нь гэрээ хийсэн. Гэрээ хийх үед Батсайхан Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нь би мөнгөө нэхэж очихоор “мөнгө ямар ч асуудалгүй, чи зүгээр ажлаа хийж бай” гэж хэлдэг байсан. ...” /3хх 144-148/,

цагаатгагдсан этгээд Г.Сын яллагдагчаар өгсөн “...ангийн захирагч хурандаа Л.Б “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болох гэж байгаа хүн манайхаар ажил хийлгэх юм шиг байна” гэж хэлж байсан. ...Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын барилгын тайланг 2015 оны 10 дугаар сард хүлээн авахад “Тэрэлж Батсайхан” гэсэн тайлангаар 33.600.000 төгрөгийн материалын зардал гарсан байсан. Би ангийн захирагч хурандаа Л.Боос “энэ ямар ажил эхэлсэн юм бэ, яагаад ийшээ материал зарцуулсан юм” гэж асуусан чинь тэрээр “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бы амралтын газарт ажил хийж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та Зэвсэгт хүчний жанжин штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авсан юм уу, гэрээ байгуулсан юм уу, над дээр байгуулсан гэрээ гэж ирээгүй, мөнгийг нь хэн төлөх вэ” гэж асуусан. Тэгэхэд “Жанжин штабын даргад мэдэгдсэн, мөнгө нь асуудалгүй гэж Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хэлсэн” гэж хэлсэн. ...2015 оны 10 дугаар cap болон 11 дүгээр сарын тайлангаар нэмэлт зардлууд гараад байсан. Энэ үед ангийн захирагчид бас “мөнгө нь одоо хэтэрч байна аа, та ядаж энэ хүнтэйгээ гэрээ байгуул, байгуулахгүй бол болохгүй, цаашид энэ маягаар явбал юу болох вэ, та заавал гэрээ байгуулах ёстой” гэж хэлсэн. ...Би ангийн захирагч хурандаа Л.Бт ерөнхий инженертэй уулзлаа, одоо 66 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Дахин юм нэмж хийнэ гэнэ, нийтдээ 70 орчим сая төгрөг болох юм байна гэж хэлсэн. Үүнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын эхээр байх “Тиара резорт” болон манай анги хоорондоо байгуулсан гэрээг надад өгсөн. Энэ гэрээн дээр намайг байхгүй байхад нягтлан бодогчоор гарын үсэг зуруулсан байсан. 2015 оны 12 дугаар сарын тайлангаар зардал нь нэмэгдэж гарсан байсан. 2015 оны жилийн эцсээр нийт 109.415.831 төгрөгийн зардал гарсан байсан. Би цэргийн хүний хувьд ангийн захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан. ...” /3хх 152-153/ гэх мэдүүлгүүд,

Батлан хамгаалах яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай акт /1хх 52-53/, “Авера Аудит” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай дүгнэлт /3хх 46-79/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаартай дүгнэлт /3хх 88-111/, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн 478/023909 дугаартай лавлагаа /2хх 239/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал /2хх 217/, Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/80 дугаар тушаал /2хх 79/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Томилох, цэргийн цол олгох тухай” 1122 дугаар тушаал /3хх 120/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Томилох, шилжүүлэх тухай” 218 дугаар тушаал /3хх 121/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1550 дугаар албан бичиг /2хх 233/, Төрийн нарийн бичгийн ажлын байрны тодорхойлолт /2хх 82-85/, Ангийн захирагч болон Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /3хх 123-126/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б, Л.Б нарыг нийтийн албан тушаалтан бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Мөн Г.Ст холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Бтой бүлэглэн “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух амины орон сууцны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид их хэмжээний хохирол,

          шүүгдэгч Л.Б нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Бтай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух байрны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид их хэмжээний хохирол тус тус учруулсан байх бөгөөд Б.Б, Л.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Л.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                     Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                     Д.МЯГМАРЖАВ