| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 186/2020/0071/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1022 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2020/ДШМ/1022
Ө.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батбямба,
шүүгдэгч Ө.Н-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/416 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911000001197 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө.Н-, 1967 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Архангай аймагт төрсөн, эмэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа оршин суух, ял шийтгэлгүй,
Ө.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны 01 тоотод Д.Равдандоржтой “Өрөөнийхөө хаалгыг төмөр алхаар цохиж чимээ гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түлхэж газар унагаан цээжний баруун хэсэгт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт” бүхий хохирол учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ө.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Н-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 205 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-ээс 4.840.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхөд олгож, шүүгдэгч Ө.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...талийгаачийн амь нас эрсэдсэнд харамсаж байна. Анхан шатны шүүхээс уг хэрэгт гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч байна. Шинжээч Б.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...алхан дээр нуруу хэсгээр унахад 1 хавирга хугарах боломжтой, 4 хавирга хугарах боломжгүй. Талийгаачийн хавирга хугарч, элэг задарсан ч эмнэлгийн тусламж авсан бол амьд үлдэх боломжтой...” гэсэн байдаг. Гэрч Мягмарсүрэн мөрдөн байцаалтын шатанд “...18 цагийн орчим Равдандоржийн гэрт ороход тэрээр хэвтэж байсан. Юу болсныг асуухад нэг бол унасан, эсхүл зодуулсан, 4 хавирга хугарсан гэж хэлж байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан. Эмч ирж үзээд хавирга хугараагүй байна, өөр ямар зовиур байна гэж асуугаад өвчин намдаах тариа хийлээ гээд гар утсаараа бичлэг хийж байгаад та өөрөө согтуу байна гэж хэлсэн...” гэж мэдүүлэг өгсөн боловч түргэний эмч дуудлагын хуудас хаахдаа өвчтөнөөс тайлбар авахад юм цэвэрлэж байгаад унасан үүнээс болж бэртсэн гэж хэлсэн байдаг. Түргэний эмч тухайн үед талийгаачид өвчин намдаах тариа хийлгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлсэн бол талийгаач амь эрстэхээс урьдчилан сэргийлж чадах байсан гэж би бодож байна. Талийгаачийн унаж бэртсэн гэдгийг мэдсэн байж түргэний эмч согтуу хүний үгээр орж эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр өөрөөсөө хамааралгүй болгон харагдуулж утасны бичлэг хийж явсанд эргэлзэж байна. Намайг энэ хэргийг үйлдсэн гэж гэрчилж байгаа гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Тухайн үед айлган сүрдүүлж авсан байцаалтаар намайг яллаж байгаад харамсалтай байна. Миний эрх зүйн байдлыг дордуулж өмгөөлөгчгүй мэдүүлэг авсны дараа мөрдөгч өөрийн утсаар Болд гэх өмгөөлөгч рүү яриад, түүнийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулсан байсан. 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр авсан бүх мэдүүлэг өмгөөлөгчгүй, дарамт шахалтын дор авсан болно. Миний бие Болд гэх өмгөөлөгчийг гүтгэн худал хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батмөнх нь гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн. Миний бие 3 хүүхдийн эх, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд зоогийн газар угаагч хийдэг байсан. Хилс хэрэгт гүтгэгдэж байгаадаа харамсаж байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Н-ийн өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдсан гомдлыг нь дэмжиж оролцож байна. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийг ямар гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон болохоос биш шүүгдэгч Н-ийн үйлдлээс болж нас барсан болохыг заагаагүй. Шүүгдэгч Н- нь хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Өөр ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Талийгаач амьд байхдаа юмнаас унаж, бэртсэн гэж удаа дараа хэлсэн. Энэ нь түргэний эмчийн дуудлагын хуудсан дээрээс тодорхой харагддаг. Гэрч Мягмарсүрэнгийн өгсөн “Н- гэх хүнтэй маргалдаад байсан. Н-д зодуулсан байх” гэх таамаг төдий мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Н-ийг талийгаачийн амь насыг хохироосон гэж яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ хэрэг бүрэн нотлогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Элэгний задрал, хавирганы хугарлууд нь амь хохирогчийг унах үед үүсэх боломжтой гэх боловч 4 хавирга унах үед хугарах боломжгүй гэдгийг шинжээч тодорхойлсон. Элэгний задрал, хавирганы хугарлыг гадна үзлэгээр тогтоох боломжгүй. Нарийн шинжилгээгээр буюу ЭХО, дуран, рентген зургаар оношлох боломжтой гэмтэл гэдгийг шинжээч эмч хэлсэн байдаг. Түргэний эмч амь хохирогчийг нарийн үзлэгт орох шаардлагатай гэж хэлэхэд амь хохирогч үзлэгт орохгүй гэж хэлсэн байдаг. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
- амь хохирогч Д.Равдандоржийн хувийн болон аж байдлын талаар мэдүүлсэн түүний хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхийн “...миний төрсөн ах Равдандорж нь Оюунгэрэл гэдэг хүнтэй 1981 онд гэр бүл болоод хоёр охинтой болсон. 1992 онд албан ёсоор салсан. Сүүлд Энхбаяр гэдэг хүнтэй хамтран амьдарч нэг хүүхэдтэй болсон. Гэхдээ 2015 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Равдандорж согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Дамбадаржаад нэг хашаа байдаг. Гэхдээ өөр хүний нэр дээр байдаг гэсэн. ...” /1хх-ийн 20-24/,
гэрч Ш.Батбаярын “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604А тоотод 2 давхар байшинтай. Манай байшинд 4 айл түрээсээр амьдардаг. 1 дүгээр давхрын 01 тоотод Равдандорж гэдэг хүн 2019 оны 9 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа. ...” /1хх-ийн 34-38/ гэх мэдүүлгүүд,
- 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Д.Хадбаатарын “...Равдандоржийн гэрт байхад дээд талд нь амьдардаг гэх шар царайтай, нас тогтсон согтуу эмэгтэй хаалгыг нь нүдээд орж ирэх гээд байхаар нь Равдандорж “Энэ балай архины үнэрээр орж ирэх гээд байна” гээд хаалгаа хаагаад байсан. Тэр эмэгтэйн энэ үйлдэл 2-3 удаа болсон бөгөөд Равдандорж тэсэхээ болиод байрны даргыг дуудаж гэртээ оруулж ирээд “Энэ авгай ингээд байна...” гэж хэлж байх шиг байсан. Тэр эмэгтэй нэг шилтэй салат барьж орж ирээд байсан чинь байрны эзэн “Танд хандраад байгаа юм биш үү” гэтэл Равдандорж “Наадах чинь архи харчихаад тэгээд байгаа юм” гэж хэлсэн. Энэ эмэгтэй өөрийнхөө өрөөнөөс паар нүдээд орилоод чарлаад байсан. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр удалгүй гараад явсан. ...” /1хх-ийн 25-27/,
гэрч Б.Мягмарсүрэнгийн “...уг байранд нэг өрөө түрээслэн амьдардаг эмэгтэй орж ирээд ... “Би амармаар байна, битгий чимээ гаргаад бай” гэхэд Равдандорж “Зурагтаа холбох гэж байна” гээд маргалдсан. Тэгээд би гэрээс гарахад Равдандорж дээд айлынхаа эмэгтэйтэй маргалдаад үлдсэн. 18 цагийн орчим Равдандоржийн гэрт ороход тэрээр хэвтэж байсан. Юу болсон гэхэд нэг бол унасан, нэг бол хүнд зодуулсан, 4 хавирга хугарсан гэж хэлж байсан. Тэгээд би 103 дугаарт залгаж түргэн дуудсан. Эмч ирж үзээд Равдандоржид үзлэг хийж ... “Та өөрөө согтуу байна, хавирга хугараагүй байна” гэж хэлээд байж байхад гаднаас түрээсийн байрны эзэн орж ирсэн. Тэгээд “Равдандоржийн хавирга хугарсан байна” гэж хэлэхэд “Би мэдэхгүй, манай байранд ямар нэгэн маргаан болоогүй” гэж ярьж байсан. ...” /1хх-ийн 28-30/,
гэрч Ш.Батбаярын “...09-10 цагийн хооронд би ганцаараа Равдандоржийн гэрт орсон. Равдандорж өөрөө, мөн бор ноосон цамцтай залуу зурагт засаж байсан. Бас нэг саравчтай малгайтай хүн сууж байсан. Ширээн дээр 0,33 литрийн Хараа архи байсан. Би гэрээс гараад явсан. 17 цагийн үед би ганцаараа Равдандоржийн гэрт ороход өглөө байсан хар малгайтай хүн бас нэг залуу байсан. Хар саравчтай малгайтай хүн “Равдандорж хүнд зодуулчихсан байна, түргэн дуудчихлаа” гэж хэлсэн. ...” /1хх-ийн 34-38/,
гэрч Б.Хишигнямын “...07 цаг 47 минутад Равдандорж ах над руу залгаад “Дамбадаржаагийн хашаанд хүрээд ир” гэж хэлсэн. Би 08 цагийн үед очиход Равдандорж ах хашаан дотроо байсан. Равдандорж ах надад “Чи манай хашаанд ирээд буучих” гэхээр нь “Би буух боломжгүй. Харин айл олоод өгье” гэж хэлсэн. ... дэлгүүрээс Равдандорж ах өөрийнхөө мөнгөөр 0,33 литрийн Хараа архи, тамхи, ундаа авсан. Тэгээд би Равдандорж ахыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах нийтийн байранд хүргэж өгсөн. Тухайн үед Равдандорж ахын биед ямар нэгэн шарх сорви байхгүй, биеийн байдал хэвийн байсан. ...” /1хх-ийн 39-40/,
гэрч Л.Эрдэнэбаярын “...гэртээ байхад Мягмарсүрэн ганцаараа ирээд “Равдандоржийн гэрт очоод зурагт асаагаад өг” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрт нь очсон. Равдандорж газар хэвтэж байсан. Мягмарсүрэн “Юу болсон” гэж асуухад “Зүгээрээ” гээд байсан. Тэгээд Мягмарсүрэн эмч дуудсан. Удалгүй эмч ирээд үзэхэд Равдандорж “Унасан” гээд байсан. Эмч авч явах гэсэн боловч Равдандорж “Явахгүй” гээд байсан тул эмч утсаараа бичлэг хийсэн. ...” /1хх-ийн 41/,
гэрч Б.Батзулын “...би Равдандоржоос “Та юу болсон талаар ярина уу? Таныг хүнд зодуулсан гэсэн дуудлага өгсөн. Эмнэлэг явж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай” гэхэд “Би унасан явахгүй” гэж хэлсэн тул би гар утсаараа бичлэг хийж баталгаажуулсан. ...” /1хх-ийн 54-55/ гэх мэдүүлгүүд,
- тухайн өдөр амь хохирогч Д.Равдандоржтой маргалдаж, улмаар түүний биед халдах болсон шалтгаан нөхцлийн талаар мэдүүлсэн Ө.Н-ийн гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...14-15 цагийн үед Равдандорж гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алхаар цохиод янзалж байх шиг байсан. Би Равдандорж дээр очоод “Би өнөөдөр амарч байна, битгий чимээ гаргаад бай” гэж хэлэхэд намайг цээртэй үгээр доромжилсон. Миний уур хүрээд түүний цээж хэсэгт нь гараараа түлхэхэд хойшоо унасан. Энэ үед нь баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би шууд гараад гэртээ орсон. Удалгүй хүн орилоод байх шиг байсан тул гэрээсээ гараад Равдандоржийн гэрт ороход тэрээр унасан газраа дээшээ харсан хэвтэж байсан. “Чи хавирга хугалчихлаа, хавирга өвдөөд байна” гэж хэлсэн. Би гэртээ ороод өвчин намдаах эм аваад Равдандоржид өгөөд “Түргэн дуудах уу” гэж асуухад “Хэрэггүй” гэж хэлсэн. “Хэрэв болохгүй бол намайг дуудчихаарай” гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд 17 цагийн үед Равдандоржийн гэрт дахин орсон. Равдандорж хэвтэж байсан. Үүнээс хойш Равдандоржтой уулзсан зүйл байхгүй. ...” /1хх-ийн 42-43, 44, 96, 97-98, 103-105/ гэх мэдүүлгүүд,
- амь хохирогч Д.Равдандорж нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны 01 тоотод өөрийн гэртээ нас барсан байдалтай олдсон талаар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-8/ болон цогцосны гадна байдал үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12-13/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-11, 14-15/,
- амь хохирогч Д.Равдандоржийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2417 дугаартай “Талийгаачийн цогцост элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн гэмтсэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь АВ/IV/ дүгээр бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь гэмтлийн шалтгаантай элэгний баруун дэлбэнгийн хавдрын задралын улмаас цус алдаж нас баржээ.” /1хх 61-63/,
- уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Б.Даваасүрэнгийн “...талийгаач Равдандоржийн элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гэмтлийн шалтгаантай элэгний баруун дэлбэнгийн хавдрын задралын улмаас цус алдаж нас баржээ. Равдандоржийн 6, 7, 8, 9 дүгээр хавирга гадны нөлөөний улмаас хугарч элэгний баруун дэлбэнгийн хавдарт задрал үүсгэж, улмаар цус алдаж нас барсан. ... эмнэлгийн тусламж аваад амьд гарах боломж багатай.” /1хх 58-59/ гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлахад, Ө.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны 01 тоотод Д.Равдандоржтой “Өрөөнийхөө хаалгыг төмөр алхаар цохиж чимээ гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түлхэж газар унагаан цээжний баруун хэсэгт нь 1 удаа өшиглөж биед нь “элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт” бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Харин энэхүү үйл баримтаас өмнө бөгөөд нас барах хүртлээ Д.Равдандорж бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийн авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо зөрүүгүй байх бөгөөд Ө.Н-ийн мэдүүлгийг үгүйсгэсэн болон мөрдөгчөөс эрүүдэн шүүж, хилсээр хэрэг тулгаж хүлээлгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцлийг зайлшгүй шаарддаг.
“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.
Амь хохирогч Д.Равдандоржийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2417 дугаартай дүгнэлтээр “Талийгаачийн цогцост элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... талийгаач нь гэмтлийн шалтгаантай элэгний баруун дэлбэнгийн хавдрын задралын улмаас цус алдаж нас барсан.” болохыг тогтоосон ба уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч Б.Даваасүрэнгээс “...6, 7, 8, 9 дүгээр хавирга гадны нөлөөний улмаас хугарч элэгний баруун дэлбэнгийн хавдарт задрал үүсгэж, улмаар цус алдаж нас барсан... эмнэлгийн тусламж аваад амьд гарах боломж багатай...” хэмээн мэдүүлжээ.
Тухайн өдөр дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмч Б.Батзул амь хохирогчийн биед үзлэг хийсний дараа түүнд “...эмнэлэг рүү хамт явж, нарийн шинжилгээ өгөх шаардлагатай...” талаар хэлэхэд тэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас татгалзсан болох нь уг үйл явцыг бэхжүүлсэн дүрс бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.
Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд тухайн гэмтлүүд нь гэмтлийн зэргийн аль ангилалд хамаарч байгаа болохыг тусгаагүйн гадна, урьд амь хохирогч элэгний баруун дэлбэнгийн хавдартай байсан эсэх нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм.
Дээрх байдлаас дүгнэхэд, амь хохирогч Д.Равдандоржийн биед учирсан “6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал” гэмтэл нь шүүгдэгч Ө.Н-ийн өшиглөх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогчийн элэгний баруун дэлбэнгийн хавдарт задрал үүсч, улмаар цус алдаж нас баржээ.
Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Ө.Н-ийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Н-ийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүхээс түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнд 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Түүнчлэн амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд /4.840.000 төгрөгөөр/ тооцож, шүүгдэгч Ө.Н-ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Н-ийн гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/416 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН