Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2040

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2018/00310 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ө ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т К” ХХК-д холбогдох

 

55 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 09 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Т К” ХХК-тай Зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд байрлах Токио Тауэр төслийн эксиз болон Интерьер дизайны иж бүрэн ажлын зураг төслийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 60 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэрээнд заасны дагуу ажлын хөлсөнд 50 000 000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Велфайр маркийн автомашин, бэлэн 5 000 000 төгрөг, нийт 55 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Гэтэл “Т К” ХХК өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч талаас ажлын явц, гэрээ дуусах хугацаа болж буйг удаа дараа сануулж, гэрээний хугацааг сунгах боломжгүй талаар анхааруулж байсан боловч үр дүн гараагүй тул 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч хариуцагч ямар нэг тайлбар өгөөгүй тул шүүхэд хандсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ үл дурдан удаасны эцэст, шүүх хуралдааны өмнө 200 хуудастай гэрээнд заасан ажил үүргийг 100 хувь хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч баримт авчирч өгсөн. Манай компани уг ажлыг хийж гүйцэтгэхээр “О К” ХХК-тай 135 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнийг “Т К” ХХК-ийн захирал Б.Ганболд мэдэж байсан. Мэдээгүй гэж худал ярьж байна. Хариуцагчаас болж энэ ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйгээс бид 55 000 000 төгрөгийн ашиг олох боломжоо алдсан. Тиймээс гэрээнээс татгалзаж өгсөн, авсан зүйлээ буцааж ажлын урьдчилгаа хөлс 55 000 000 төгрөгийг хариуцагчаас буцааж нэхэмжлэгчид олгон хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Ө ф” ХХК-ийн хүсэлтээр Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Бид “Ө ф” ХХК-ийн захиалгаар “TOKYO TOWER” төслийн эскиз болон интерьер дизайны иж бүрэн ажлын зураг хийсэн. Эскиз зураг гэдэгт барилгын зай хэмжээ, давхрын өндөр, гадна тохижилт, давхарын байгуулалтууд болон 3 хэмжээст харагдах байдлын зураг зэргээс бүрдэнэ. Дээрх эскиз зураг төслийн захиалагчийн гаргасан даалгавар болон зураг төслийг хийх явцад 7 хоног бүр хуралдаж ярилцсан шийдвэрийн дагуу цаг хугацаандаа бүрэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан. Интерьер дизайны ажлын зураг гэдэг нь төлөвлөж буй обьектын дотор орон зайн төлөвлөлт бөгөөд дотор заслын зураг төслийг хэлнэ. Үүнд гэрээний 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, Дотор орон зайг харуулсан 3 хэмжээст зураг, зай хэмжээтэй шал таазны байгуулалт, ханын дэлгээс тавилга тоног төхөөрөмжийн тодорхойлолт, материалын түүвэр зэрэг багтана. Манай компани урьдчилан танилцуулсан санаа концепцийн дагуу дээрх иж бүрэн ажлын зураг төслийг цаг хугацаанд нь гүйцэтгэсэн. Гэрээнд заасан эскиз, интерьер дизайн ажлын зургуудыг захиалагчийн саналыг үндэслэн бүрэн тусгаж хийсэн бөгөөд тухай бүрт нь хийж гүйцэтгэсэн зураг төслийн хувилбарууд болон хурлын протокол байдаг. Бид гэрээний дагуу зураг төслийн ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талд зураг төслийн ажлыг хүлээн авна уу хэмээн удаа дараа холбогдон сануулж байсан боловч гаднаас зочид ирсэн, завгүй байна гэсэн шалтгаанаар хойшлуулж өгөхийг хүссэн. Бид нэгэнт ажлаа дууссан болохоор захиалагчийн хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг зөвшөөрөн тодорхой хугацаа тогтоолгүй хойшлуулсан. Гэтэл 04 дүгээр сарын 11-ний өдөр захиалагч талаас гэрээ цуцлах мэдэгдэл ирсэн. Утсаар холбогдон мэдэгдлийг тодруулах гэсэн боловч утсаа авахгүй холбогдохгүй байсаар шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан. Иймээс манай компанийн зүгээс гэрээний дагуу ажил үүргээ хугацаанд нь 100 хувь хийж гүйцэтгэсэн учраас гэрээг нэг талын санаачлагаар цуцалсныг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид гэрээний дагуу үүргээ биелүүлсэн учраас ажлын хөлсний үлдэгдэл 25 000 000 төгрөгөө нэхэмжилнэ. “Ө ф” ХХК манайд ажлын захиалга өгөөд цаашаа өөр компанитай өндөр үнэтэй ажлын гэрээ байгуулж ашиг олох зорилготой байжээ. Зураг төслийн ажил хурууны үзүүрээр хийдэг ажил биш. Энэ ажил оюуны бүтээл учраас бид мэйл, цахим шуудангаар хүргүүлээгүй. Иймд ажлын үлдэгдэл хөлс 25 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хугацаандаа ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй учраас ажлын үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө ф” ХХК хариуцагч “Т К” ХХК-иас 55 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Ө ф” ХХК-иас 25 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т К” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч  “Ө ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423 950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Т К” ХХК-ийн төлсөн 282 950 төгрөгийг улсын орлого болгож, 282 950 төгрөгийг нэхэмжлэгч “Ө ф” ХХК-иас гаргуулж хариуцагч “Т К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2018/00310 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Учир нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд шүүгч хэрэгт цугласан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:

Нэхэмжлэгч “Ө ф” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “О К” ХХК-тай Зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд байрлах Токио Тауэр төслийн эксиз болон Интерьер дизайны иж бүрэн ажлын зураг, гадна тохижилтын ажлын зураг төслийг хийж гүйцэтгэх болсон бөгөөд уг ажилд хариуцагч “Т К” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар үндсэн захиалагч болох “О К” ХХК-аас зөвшөөрөл авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч “Т К” ХХК-тай харилцан тохирч “Зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрт 55 000 000 төгрөгийг бэлнээр болон бартер хэлбэрээр төлсөн байдаг.

Хариуцагчтай байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 60 хоногийн хугацаатай байсан бөгөөд ажлын явцыг зохигчид болон үндсэн захиалагч “О К” ХХК-ийн төлөөлөгчид хамтран шалгаж, гэрээнд заасан эрхийн дагуу санал, шүүмжлэлээ хэлж байсан. Гэвч хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлын явцыг шалгах үед хариуцагч “Т К” ХХК-ийн хийсэн барилгын Эксиз зураг нь үндсэн захиалагчийн шаардлагыг хангахгүй хэвээр байсан бөгөөд тухайн үед нь ажлын үр дүн гарахгүй бол гэрээг цуцлах тухай анхааруулж байсан болно. Гэтэл энэ өдрөөс хойш хариуцагч “Т К” ХХК нь ажлын явцыг дахин танилцуулахгүй байсаар гэрээний хугацаа хэтэрсэн. Улмаар нэхэмжлэгчтэй байгуулсан Зураг төсөл боловсруулах тухай гэрээг үндсэн захиалагч “О К” ХХК цуцласан тул 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн болно. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өгсөн мэдэгдэлд ямар нэг хариу мэдэгдэхгүй, хэл чимээгүй болсон тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл хариуцагч нь Хан-Уул дүүргийн шүүхэд хүрэлцэн ирж харьяалал шилжүүлэх тухай хүсэлт гарган, нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжиж ирснээс хойш ч нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбараар өгөхгүй маш их хугацаа хожсон. Ийнхүү эцэст нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдэхээс нэг хоногийн өмнө шүүхэд урьд хийж байсан Эксиз зургаа, өмнө нь огт хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгчид харуулж байгаагүй Интерьер дизайны зургийн хамт авч ирэн, гэрээнд заасан ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн мэтээр тайлбар өгч, 200 гаруй хуудас материал хэрэгт хавсарган өгсөн. Гэтэл шүүгч уг материал нь яг ямар учиртай, хугацаандаа хийсэн ажил мөн эсэх, чанарын шаардлага хангасан эсэх, ажлын гүйцэтгэл бүрэн эсэхийг ч мэдэхгүй байж гэрээнд заасан ажлыг 100 хийж гүйцэтгэсэн байна хэмээн үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь бодит байдалтай огт нийцэхгүй, хууль бус шийдвэр болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах үндэслэлээр няцаагдана. Үүнд:

1. Миний бие 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралд хүрэлцэн ирэхдээ гэрээт ажлын үндсэн захиалагч болох “О К” ХХК-ийн инженер н.Нямсүрэнг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, талуудын дунд харилцаж байсан нүүр номын мессежүүдэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгч үндэслэлгүйгээр хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг маргааныг мэдэх хэн ч гэрч байж болох бөгөөд шүүгч зохигчдын хүсэлтийг үндэслэн гэрчийг асууж, улмаар гэрчийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой эсэхийг хожим нь дүгнэх ёстой. Гэтэл хариуцагчийн хийж байсан эксиз зураг нь чанарын шаардлага хангахгүй байснаас гологдож, байнга буцаж засвар хийгдэж байсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хариуцагч нь зөвхөн эксиз зургийн явцыг л танилцуулсан, интерьер дизайны зургийг огт хийж гүйцэтгээгүй болох, тухайн үед ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа тул гэрээг цуцлахаар анхааруулж байсан зэрэг чухал үйл баримтыг нотлох гэрчийг асуухаас татгалзсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал болсон.

1. 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан дээр миний бие дахин зохигчдын хооронд харилцаж байсан групп чат буюу мессэнжерээр харилцсан харилцан яриа, мөн нэхэмжлэгчийн “Ө ф” ХХК-ийн захирал н.А-Өгийн и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгч хангаж, захирамж гаргасан. Улмаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хурлын дундуур групп чатанд үзлэг хийх болоход гэнэт л групп чатанд харилцаж байсан “О К” ХХК-ийн инженер н.Нямсүрэнгээс чатанд үзлэг хийх зөвшөөрлийг бичгээр аваагүй байна хэмээгээд групп чатанд үзлэг хийлгээгүй. Энэ нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчийг захирамж заавал биелэгдэнэ гэж заасныг зөрчсөн. Мөн “Ө ф” ХХК-ийн захирал н.А-Өгийн и-мэйл хаягт үзлэг хийлгэх үед хариуцагч байгууллагаас хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эксиз зургийн 5 дахь удаагийн зассан хувилбарыг илгээснээс өөр дахин цахим шуудан ирээгүй буюу хариуцагч интерьер дизайны зураг огт илгээж байгаагүй болох нь нотлогддог. Гэтэл уг баримтыг шүүх огт үнэлээгүй, хариуцагчийн гэрээний хугацаа хэтрүүлсэн үйл баримтад дүгнэлт хийгээгүй нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Талуудын дунд харилцсан мессэнжерт нэхэмжлэгч нь хариуцагчид хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэхийг, хийсэн ажил нь шаардлага хангахгүй байгаагаас гэрээг цуцлахад хүрч байгааг удаа дараа анхааруулж байсан нь харагддаг. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эскиз зургийн 5 дахь удаагийн зассан хувилбар нь ч гологдсон болохыг хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Иймд Иргэний хуулийн 225.2 дахь хэсэгт заасныг хэрэглэхгүйгээр, нэхэмжлэгчийг нэмэлт хугацаа тогтоогоогүй хэмээн буруутган үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийи байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглэхгүйгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчин, процессын алдаа гаргаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг маргааныг дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах буюу нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “Ө ф” ХХК нь хариуцагч “Тэппэн констракш” ХХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Зураг төсөл боловсруулах тухай гэрээнээс татгалзаж ажлын хөлс 55 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл 25 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд байрлах 16 давхар зоорийн давхартай орон сууц, зочид буудал, үйлчилгээний талбайтай “TOKYO TOWER” төслийн эскиз, интерьер дизайны иж бүрэн ажлын зургийг хариуцагчаар гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь гэрээнд заасан ажлыг, хугацаанд нь гүйцэтгээгүй тул 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хариуцагч нь хариу мэдэгдээгүй тул шүүхэд хандсан” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “гэрээнд заасны дагуу зураг төслийн ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талд зураг төслийн ажлыг хүлээн авах талаар мэдэгдсэн боловч завгүй гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт тавьсан тул тодорхой хугацаа тогтоолгүй хойшлуулсан” гэж тайлбарлажээ.  

 

Гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, 225.4.1-т “үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй.” гэж тус тус заасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талууд хоорондоо чатаар хэрхэн харьцаж байсан болохыг тодруулахаар нэхэмжлэгч “Ө ф” ХХК-ийн захирал Б.А-Өгийн фэйсбүүк, и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шүүх хуралдааны явцад үзлэг хийсэн боловч, хийж гүйцэтгэсэн зургийн ажил нь ямар хэмжээнд явагдаж байсан болон дууссан байсан эсэх, хэрэгт биет байдлаар авагдсан зургийн ажилтай агуулгын хувьд адил байгаа эсэхийг бүрэн тодруулаагүй байх тул захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн ажил гүйцэтгэх гэрээний явц, захиалагч ямар шаардлага, мэдэгдлийг хэзээ хэрхэн хүргүүлж байсан болохыг гэрчлүүлэхээр “О К” ХХК-ийн архитектор Д.Нямсүрэнг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч нь зургийг хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгчид шаардлага тавьж байсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зургийн ажлыг хүлээлгэн өгөх үүргээ хэдий хугацаагаар хэтрүүлсэн нь үүргийг ялимгүй зөрчсөн гэх үндэслэлд хамаарах эсэх буюу нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл байсан эсэх нөхцөл байдал тодорхойгүй байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээ цуцлах талаар нөгөө талд мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоох тухай дээрх хуульд заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

 Дээрх үйл баримтыг тодруулахад талуудын хооронд харилцаж байсан мессэж, чатны бичлэгүүд, уг нөхцөл байдлын талаар мэдэж байгаа этгээд гэрчээр асуугдах нь ач холбогдолтой болно.

 

Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2018/00310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                 С.ЭНХТӨР