Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00070

 

  ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2019/00161 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1379 дүгээр магадлалтай,

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Тэппэн констракшн ХХК-д холбогдох,

Нэхэмжлэл: 55 000 000 төгрөгийг буцаан гаргуулах,

 Сөрөг нэхэмжлэл: 25 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Оршил констракшн ХХК-тай Токио таур төслийн скиз болон интерьер дизайн, гадна тохижилтын зарим хэсгийг хийж гүйцэтгэхээр Зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний төслийн зарим хэсгийг туслан гүйцэтгүүлэхээр******* ХХК-ийн захирал Б.Ганболдтой зөвшилцөн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний Зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний үнийг 80 000 000 төгрөгөөр тохирч урьдчилгаа 55 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгт Тоёота Велфайр маркийн цагаан өнгийн автомашиныг, 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн.******* ХХК гэрээнд зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зураг төслийг хийж гүйцэтгэж дуусгах ёстой байтал дуусгаагүй. Хариуцагчийн зүгээс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 5 дахь үе шатны скиз зургийг явуулсан. Энэ зураг хөрөнгө оруулагчид таалагдаагүй талаар хариуцагч талд мэдэгдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч талтай огт харилцаагүй бөгөөд 4 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд скиз зургаа ч, интерьер дизайны зургаа ч дуусгаж бидэнд үзүүлээгүй. Бидний хувьд 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хүлээсэн. Ингээд 4 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор гэрээ цуцлах, урьдчилгаанд өгсөн 50 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 5 000 000 төгрөгийг буцаан авах тухай албан бичиг явуулсан. Албан бичигт 7 хоногийн дотор хариу мэдэгдэх ёстой байсан ч хариу ирүүлээгүй. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд******* ХХК гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул урьдчилгаанд өгсөн 55 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ******* ХХК-тай барилгын зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан. Манай компани гэрээнд заасан хугацаанд ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Захиалагч талаас зарим нэг чухал даалгавар, кадастрын зураг, хэмжилтийн зураг зэргийг гаргаж өгөөгүй байсан учраас гэрээний ажил тодорхой хугацаагаар хойшилсон. Гэхдээ энэ талаар захиалагч талтай харилцан тохиролцсон байсан. Бид хийж гүйцэтгэх ажлаа хийж дуусгаад захиалагч компанид хүлээлгэн өгөхөөр удаа дараа утсаар холбогдсон боловч хүлээж аваагүй, энэ талаар гэрч Б.Алтансүхийн мэдүүлгээр тогтоогддог.******* ХХК нь зөвхөн ******* ХХК гэсэн үндсэн захиалагчтай гэдгийг гэрээний 1.1-д тодорхой зааж өгсөн. Захиалагч тал анх манай компанитай гэрээ хийхдээ Оршил констракшн ХХК-ийн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй мөртлөө, ажлыг хүлээж авах үед Оршил констракшн ХХК-ийн тухай бидэнд хэлж, танай компанийн хийсэн ажил манай захиалагчид таалагдахгүй байна гэсэн. Манай компанийн хийгээд дуусгасан ажлыг гэрээнд заасны дагуу хүлээж авахгүй, зориудаар хугацаа хожиж манай компанийг гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй утгатай зүйл ярьсан. Манай компанитай гэрээ хийсэн ******* ХХК нь зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлгүй мөртлөө Оршил констракшн ХХК-тай зураг төсөл хийх гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл Оршил констракшн ХХК-тай ******* ХХК нь зураг төсөл боловсруулахаар 135 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, түүнийгээ Тэппэн констракшин ХХК-иар хийлгэсэн гэсэн утгатай зүйл ярьдаг. Хариуцагчийн хувьд энэ шударга бус зүйлийг нотлохын тулд ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гаргуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгсөн зүйлгүй байна. Энэ бүхнээс дүгнэж үзвэл урьдчилгаанд өгсөн автомашиныг 5 000 000 төгрөгийн хамт эргүүлэн өгөх шаардлагагүй юм. Түүнчлэн гэрээний 4.1-д гэрээний үүргийг гүйцэтгэхэд захиалагч тал шаардлагатай баримтыг гаргаж өгнө гэж заасан. Гэтэл захиалагч тал бидэнд шаардлагатай бичиг баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Үүнээс болоод бидний хийж гүйцэтгэх ажил тодорхой хугацаагаар хойшилсон гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлийг тайлбарлаж байсан. Харин өнөөдрийн хувьд чанарын шаардлага хангаагүй гэсэн байдлаар тайлбарлаж байна. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад гүйцэтгэж байгаа ажил нь чанарын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа бол хөндлөнгийн мэргэжилтнээр дүгнэлт гаргуулах эрхтэй байсан. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зураг төсөл боловсруулах гэрээний 1.1, 2.1.1-2.1.5-д заасан бүх ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэснийг батлах баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Дээрх ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээд захиалагч талыг ажлын үр дүнг хүлээж авч, үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа хүссэн. Гэтэл ******* ХХК нь тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж, утсаа салгаж, үл ойшоож явсаар байгаад өдийг хүрсэн. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс ажлаа гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч утасны зурвас, групп чатад үзлэг хийлгэсэн. Тухайн үзлэгээр Оршил констракшн ХХК-тай ******* ХХК гэрээ байгуулсан гэдгийг уг гэрээг байгуулахаас өмнө мэдэж байсан. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш и-мэйл ирээгүй болох нь нотлогдсон. Хэрэв гэрээнд заасан ажлаа хийж дуусгасан бол цахим хэлбэрээр өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор хийгээд дуусгачихсан байх ёстой ажлыг бидэнд өгөөгүй мөртлөө нэхэмжлэгч талд танилцуулаагүй 200 гаруй хуудас баримтыг гэнэт шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний хугацааг сунгах боломж байхгүй байсан. Талууд ажлын үр дүнтэй 5 үе шаттайгаар танилцаж байхдаа гэрээний хугацааг сунгах боломжгүй тухай сануулж хэлсэн гэдгийг хэлмээр байна. Энэ тухай хариуцагч компанийн ажилтан гэрч Б.Алтансүхийн мэдүүлгээр нотлогддог. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан байна. Энэ хугацааны дагуу хариуцагч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах шаардлагагүй байсан. Нэхэмжлэгч нь туслан үүрэг гүйцэтгэгч уг ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас Оршил констракшн ХХК-д өөрийнхөө мөнгөн хөрөнгөөс 5 000 000 төгрөгийг бэлнээр, мөн хар өнгийн тоёота маркийн автомашин, мөн 13 000 000 төгрөгийг бэлнээр өгч хохиролгүй болгосон. Харин******* ХХК нь ******* ХХК-ийн өмнө хариуцлага хүлээж, захиалагчийг хохиролгүй болгох ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2019/00161 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 225 дугаар зүйлийн 225.1., 227 дугар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг, хариуцагч******* ХХК-ийн ажлын хөлс 25.000.000/хорин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423.950 /дөрвөн зуун хорин гурван мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч******* ХХК-ийн төлсөн 282.950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч******* ХХК-иас 367.950 /гурван зуун жаран долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1379 дүгээр магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2019/00161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуунаас төлсөн 222 950 төгрөг, хариуцагч******* ХХК-аас төлсөн 650 900 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ******* ХХК нь 2018.01.02-ны өдөр Оршил Констракшн ХХК-тай Зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 3-р хороо, Токиогийн гудамжинд байрлах Токио Тауэр төслийн Эскиз болон Интерьер дизайны иж бүрэн ажлын зураг, гадна тохижилтын ажлын зураг төслийг хийж гүйцэтгэх болсон бөгөөд уг ажилд хариуцагч Тэппэн Констракшн ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар болж үндсэн захиалагч болох Оршил Констракшн ХХК-аас зөвшөөрөл авсны үндсэн дээр 2018.01.04-ний өдөр хариуцагч Тэппэн Констракшн ХХК-тай харилцан тохирч Зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрт 55 000 000 төгрөгийг бэлнээр болон бартер хэлбэрээр төлсөн байдаг. Хариуцагчтай байгуулсан гэрээний хугацаа 2018.04.01-ний өдрийг хүртэл ажлын 60 хоногийн хугацаатай байсан бөгөөд ажлын явцыг зохигчид болон үндсэн захиалагч Оршил Констракшн ХХК-ийн төлөөлөгчид хамтран шалгаж, гэрээнд заасан эрхийн дагуу санал, шүүмжлэлээ илэрхийлж, гэрээний хугацааг сунгах боломжгүй тул хугацаандаа хийж гүйцэтгэх ёстой гэдгийг онцгой анхааруулж байсан. Гэвч хариуцагч нь гэрээт ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд хийсэн ажлаа нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байж гэрээт ажлыг хугацаандаа хийж дуусгасан хэмээн маргасан. Анхан шатны шүүх уг бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэсэн боловч хэрэгт цугласан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 13 000 000 төгрөгийн шаардлагыг хангаагүйд миний бие гомдолтой байсан тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Учир нь хавтаст хэргийн 190 дэх талд авагдсан үндсэн захиалагч Оршил Констракшн ХХК-ийн 2018.07.27-ны өдрийн 2018\310 тоот мэдэгдлийг миний бие и-майл хаягт үзлэг хийлгэн баталгаажуулсан бөгөөд уг мэдэгдэлд нэхэмжлэгч Өөрф Фактори ХХК нь гэрээг цуцалсантай холбоотой 37 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг 7 000 000 төгрөгийн хамт Оршил Констракшн ХХК-д төлсөн бөгөөд 50 000 000 төгрөгийн үлдэгдэл 6 000 000 төгрөгийг төлөх дутуу хэмээн бичсэн байдаг. Уг нотлох баримтыг шүүгч үнэлж 37 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг нэхэмжлэгчээс Оршил Констракшн ХХК-д өгсөн хэмээн дүгнэсэн атлаа 7 000 000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй гэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй үнэлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Нөгөө талаас хариуцагч нь анхнаасаа нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөгийн үнэтэй автомашин, 5 000 000 төгрөг бэлнээр авсан гэдэг үйл баримттай маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийг Оршил Констракшн ХХК-д 50 000 000 төгрөгийн үнэтэй автомашины үнийг төлж дуусгасан гэдэгтэй ч огт маргаж мэтгэлцээгүй юм. Харин ч ажлаа хугацаандаа хийж дуусгасан хэмээн үлдэгдэл төлбөрөө нэхэж 25 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаад байсан билээ. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь бодитоор дүгнэж үзсэн хэмээн хариуцагчийн гомдолд хамаарахгүй асуудлыг үнэлж хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь: 1. Миний бие 2019.04.12-ны өдөр Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхбилэгээс татгалзсаныг тус шүүхийн шүүгчид бүрэлдэхүүнээр шийдвэрлэхдээ бүрэлдэхүүнд Л.Энхбилэг шүүгч өөрөө орж татгалзлыг шийдвэрлэсэн болохыг миний бие тухайн үед мэдсэн. Улмаар Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн зарим шүүгчид нь амарсан тул бүрэлдэхүүн бүрдээгүй болохыг мэдэж, хамгийн гол нь хэргийг шийдвэрлэх шүүгчийг солихоос илүүтэй хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх гэсэн нэхэмжлэгчийн хүсэл сонирхлыг хүндэтгэн татгалзлыг шийдвэрлэсэн шийдвэртэй маргаагүй буюу тухайн шүүхээс татгалзаагүй болно. Энэ нь нэг талаас хэрэг маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эрхийг зөрчсөн мэт боловч уг зөрчилд миний бие тухайн үед гомдол гаргах бүрэн боломж байсан бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүй байгааг анхаарч үзсэн бол энэ нь ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байна. Харин ч өмнө нь уг маргаан Улсын дээд шүүхээр хянагдаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэн маш их хугацаа алдаж байгаа бөгөөд ийнхүү хэргийг нэг мөр шийдвэрлэхгүй ахин дахин анхан шатны шүүхэд буцааж байгаа явдал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг улам бүр дордуулж байгаад гомдолтой байна. 2. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь өөрийн компанийн архитектор Б.Алтансүхийг гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүгч хангаж хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр Б.Алтансүхийг гэрчээр асуусан. Гэрч Б.Алтансүх нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгчийн зүгээс байнга хяналт тавьж байсан бөгөөд ажлыг хугацаандаа хийж дуусгах, хойшид хугацаа сунгах боломжгүй болохыг онцгой анхааруулж байсан гэдгийг нотолсон юм. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрч асуух хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаах нь маш их сөрөг үр дагаврыг үүсгэдэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт энэ тохиолдлуудыг маш тодорхой заасан. Хуульд зааснаас үзвэл хэрэг маргааныг шийдвэрлэх онцгой ач холбогдолтой баримт байхгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гэх зөрчил нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц, уг зөрчлийг арилгаснаар хэргийн шийдвэрийн үндэслэл өөрчлөгдөхөөр ноцтой зөрчил байхыг ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл тухайн зөрчлийг арилгасан эсэхээс үл хамаарч давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг ийнхүү ахин дахин анхан шатны шүүхэд буцааж байгаад миний бие маш их гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 ******* ХХК нь******* ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Зураг төсөл боловсруулах тухай гэрээ-нээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 55 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагчаас 42 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

 Шийдвэрийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх ....даргалагч, Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгч хүсэлтийг хүлээн авсан нь хууль зөрчсөн, ...гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэсэн үндэслэл заажээ.

 Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байна.

 Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсгийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана... гэсэнтэй нийцээгүй байна.

 а\. Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргана, Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан ...бол шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг дангаараа хянан шийдвэрлэж байгаа Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргажээ. Үүний дагуу хуралдаан даргалагч нь хүсэлтийг хүлээн авч, татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр захирамж гаргасан, улмаар 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөлгөөн хуралдаж шүүгчийг татгалзан гаргах үндэслэлгүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж 104/ЗТ2019/00028 дугаартай тогтоол гаргасан /хх 67-69/ байна.

 Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэсэн, ийнхүү тогтоол гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4., 92.8.-г зөрчжээ.

 б\. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

 Хариуцагчийн төлөөлөгч 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Токио тауэр төслийн зураг төслийн талаар Б.Алтансүхийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Алтансүх гэрчээр мэдүүлэг өгсөн /хх 89-91/ байна.

 Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан гэж үзнэ.

 Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 2. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн боловч ноцтой зөрчил гаргаагүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 а\. ******* ХХК нь******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа 55 000 000 төгрөгийг шаардаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байна... иймд гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө авна... гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Зураг төсөл боловсруулах тухай №ЗТ18-001 дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр******* ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд байрлах 16 давхар зоорийн давхартай Орон сууц, Зочил буудал, Үйлчилгээний талбайтай ТОКYО ТОWER төслийн Эскиз болон дотор Интерьер дизайны иж бүрэн ажлын зураг төслийг хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, ******* ХХК нь санхүүжилтийг саадгүй олгох үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний дагуу хийгдэх зураг төслийг 80 000 000 төгрөгөөр тохирсон нь тогтоогджээ. Гэрээний дагуу төлөх төлбөрийн урьдчилгаа 55 000 000 төгрөгт 5 000 000 төгрөгийг бэлнээр, харин 50 000 000 төгрөгт Toyota Vellfire /2012 оны/ автомашиныг тооцон өгөх, үлдэх 25 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэж тус тус тохиролцсон байна.

 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 Иймд шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцсэн байна.

 б\. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч урьдчилгаа төлбөрийг төлсөн талаар зохигч маргаагүй, гэрээний хугацаа дуусахад гүйцэтгэгч үүргээ бүрэн биелүүлээгүй ба энэ үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө буцааж шаарджээ.

 Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 Захиалагч талаас гэрээт ажлын явцад ажил удаашралтай байгаа, гэрээний хугацаа дуусах болж байгаа талаар болон ажлыг хугацаанд нь дуусгах талаар сануулж байсан, гэрээний хугацаа дууссанаас хойш ажлыг хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу өгөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн зүйлээ буцаан шаардсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 205 дугаар зүйлийн 205.1.-г зөрчихгүй юм.

 в\. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ...нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах..-аар дүгнэлт хийсэн нь буруу байна.

 Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа 55 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгт автомашин тооцон шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгийг буцаан авах боломжгүй буюу хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш ашиглаж байгаа үндэслэлээр үнийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2. дахь заалтыг зөрчөөгүй тул хариуцагчаас 55 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 3.******* нь ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хариу тайлбар татгалзлаа болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

 Өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэл болж баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргийг зохигч хүлээнэ. Шүүх байгаа баримтын хэмжээнд хэргийг шийднэ.

 Хэрэгт авагдсан баримтаар сөрөг нэхэмжлэлийг хангах нөхцөл тогтоогдоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1379 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2019/00161 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1., 205.2.2.-д заасныг баримтлан******* ХХК-иас 55 000 000 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож,******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай... гэж, 2 дахь заалтын ....367 950 /гурван зуун жаран долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг.... гэснийг ....432 950 төгрөгийг.... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуунаас 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                            Х.ЭРДЭНЭСУВД