Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00189

 

“Ө ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2018/00310 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2040 дүгээр магадлалтай,

   “Ө ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Т ” ХХК-д холбогдох

            55,000,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

            25,000,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Манай компани 2018 оны 01 сарын 04-ний өдөр “Т ” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд байрлах Токио Тауэр төслийн эксиз болон Интерьер дизайны иж бүрэн ажлын зураг төслийг 2018 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 60 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэрээнд заасны дагуу ажлын хөлсөнд 50,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Велфайр маркийн автомашин, бэлэн 5,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Гэтэл “Т ” ХХК өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч талаас ажлын явц, гэрээ дуусах хугацаа болж буйг удаа дараа сануулж, гэрээний хугацааг сунгах боломжгүй талаар анхааруулж байсан боловч үр дүн гараагүй тул 2018 оны 04 сарын 11-ний өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч хариуцагч ямар нэг тайлбар өгөөгүй тул шүүхэд хандсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ үл дурдан удаасны эцэст, шүүх хуралдааны өмнө 200 хуудастай гэрээнд заасан ажил үүргийг 100 хувь хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч баримт авчирч өгсөн. Манай компани уг ажлыг хийж гүйцэтгэхээр “Оршил Констракшн” ХХК-тай 135,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнийг “Т ” ХХК-ийн захирал Б.Ганболд мэдэж байсан. Мэдээгүй гэж худал ярьж байна. Хариуцагчаас болж энэ ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйгээс бид 55,000,000 төгрөгийн ашиг олох боломжоо алдсан. Тиймээс гэрээнээс татгалзаж өгсөн, авсан зүйлээ буцааж ажлын урьдчилгаа хөлс 55,000,000 төгрөгийг хариуцагчаас буцааж нэхэмжлэгчид олгон хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 01 сарын 04-ний өдөр “Ө ” ХХК-ийн хүсэлтээр Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Бид “Ө ” ХХК-ийн захиалгаар TOKYO TOWER төслийн эскиз болон интерьер дизайны иж бүрэн ажлын зураг хийсэн. Эскиз зураг гэдэгт барилгын зай хэмжээ, давхрын өндөр, гадна тохижилт, давхарын байгуулалтууд болон 3 хэмжээст харагдах байдлын зураг зэргээс бүрдэнэ. Дээрх эскиз зураг төслийн захиалагчийн гаргасан даалгавар болон зураг төслийг хийх явцад 7 хоног бүр хуралдаж ярилцсан шийдвэрийн дагуу цаг хугацаандаа бүрэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан. Интерьер дизайны ажлын зураг гэдэг нь төлөвлөж буй объектын дотор орон зайн төлөвлөлт бөгөөд дотор заслын зураг төслийг хэлнэ. Үүнд гэрээний 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, Дотор орон зайг харуулсан 3 хэмжээст зураг, зай хэмжээтэй шал таазны байгуулалт, ханын дэлгээс тавилга тоног төхөөрөмжийн тодорхойлолт, материалын түүвэр зэрэг багтана. Манай компани урьдчилан танилцуулсан санаа концепцын дагуу дээрх иж бүрэн ажлын зураг төслийг цаг хугацаанд нь гүйцэтгэсэн. Гэрээнд заасан эскиз, интерьер дизайн ажлын зургуудыг захиалагчийн саналыг үндэслэн бүрэн тусгаж хийсэн бөгөөд тухай бүрт нь хийж гүйцэтгэсэн зураг төслийн хувилбарууд болон хурлын протокол байдаг. Бид гэрээний дагуу зураг төслийн ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн 2018 оны 03 сарын 28-ны өдөр захиалагч талд зураг төслийн ажлыг хүлээн авна уу хэмээн удаа дараа холбогдон сануулж байсан боловч гаднаас зочид ирсэн, завгүй байна гэсэн шалтгаанаар хойшлуулж өгөхийг хүссэн. Бид нэгэнт ажлаа дууссан болохоор захиалагчийн хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг зөвшөөрөн тодорхой хугацаа тогтоолгүй хойшлуулсан. Гэтэл 4 сарын 11-ний өдөр захиалагч талаас гэрээ цуцлах мэдэгдэл ирсэн. Утсаар холбогдон мэдэгдлийг тодруулах гэсэн боловч утсаа авахгүй холбогдохгүй байсаар шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан. Иймээс манай компанийн зүгээс гэрээний дагуу ажил үүргээ хугацаанд нь 100 хувь хийж гүйцэтгэсэн учраас гэрээг нэг талын санаачлагаар цуцалсныг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлд: Бид гэрээний дагуу үүргээ биелүүлсэн учраас ажлын хөлсний үлдэгдэл 25,000,000 төгрөгөө нэхэмжилнэ. “Ө ” ХХК манайд ажлын захиалга өгөөд цаашаа өөр компанитай өндөр үнэтэй ажлын гэрээ байгуулж ашиг олох зорилготой байжээ. Зураг төслийн ажил хурууны үзүүрээр хийдэг ажил биш. Энэ ажил оюуны бүтээл учраас бид мэйл, цахим шуудангаар хүргүүлээгүй. Иймд ажлын үлдэгдэл хөлс 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хугацаандаа ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй учраас ажлын үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.                                             

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2018/00310 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө ” ХХК хариуцагч “Т ” ХХК-иас 55,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Ө ” ХХК-иас 25,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Ө ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Т ” ХХК-ийн төлсөн 282,950 төгрөгийг улсын орлого болгож, 282,950 төгрөгийг нэхэмжлэгч “Ө ” ХХК-иас гаргуулж хариуцагч “Т ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2040 дүгээр магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2018/00310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагч компанийн төлөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2040 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна. “Ө ” ХХК захиалагч, манай компани гүйцэтгэгч учраас бидний хооронд байгуулагдсан гэрээний харилцааг л шүүх шийдвэрлэх ёстой. Түүнээс биш гуравдагч этгээдэд учраад үүсээд байгаа асуудал манай компанид хамаарахгүй гэж үзэж байгаа. Захиалагч өөрт хэрэгтэй шаардлагатай ажлаа биднээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэтэл бодит байдал дээр “Ө ” ХХК бусдад хэрэгтэй ажлыг биднээр гүйцэтгүүлж дундаас нь ашиг олох гэж байсныг сая л мэдсэн. “Оршил констракшн" ХХК бид гурвын хооронд гурвалсан гэрээ байхгүй учраас тэр компани “Ө ” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж буй асуудал манай компанид огт хамаагүй. Бид энэ асуудал болсны дараа яагаад ингэх болов гэдгийг сурвалжилж сураг тавьж үзсэн. Тэгэхэд “Оршил констракшн” ХХК нь Япон захиралтай тэр захирал нь өөр компани олоод манай хийж байсан ажлыг хийлгээд бидний хийсэн ажил түүнд шаардлагагүй болмогц “Ө ” ХХК бидэнтэй байгуулсан гэрээг үл ялих шалтгаанаар цуцалж мөнгө шаардсан. Нарийн ярьвал бид эд зүйл мөнгө авсан. Гэтэл тэр зүйлээ нэхэхгүй, шууд 55,000,000 төгрөг нэхсэн нь шударга биш байна. Тэгээд ч ИХШХШТ хуульд хариуцагч маргаад маргасан зүйлээ нотолж чадвал нэхэмжлэгч шаардлагаа нотлох ёстой байх. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрч асуусангүй, мессеж чатны бичлэгүүд, уг нөхцөл байдлын талаар мэдэж байгаа этгээд гэрчээр асуугдах нь ач холбогдолтой үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь утгагүй. Нэхэмжлэгчийн асуулгах гээд байгаа гэрч нь нэхэмжлэгчийн ажилтан биш манай ч ажилтан биш “Оршил констракшн” ХХК-ийн инженер. Анхан шатны шүүх энэ гэрчийг хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Үүнийг би зөв гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн инженер ажилтан бидний хооронд байгуулагдсан гэрээний талаар, мөн бидний хооронд болон Алтангэрэл, Ганболд нарын хооронд бичсэн мессеж чатны бичлэг, нөхцөл байдлын талаар яаж мэдэх юм бэ. Мэдэж байгаа гээд гэрчлэхэд Алтангэрэлийн үгийг л шүүхэд дамжуулах байлгүй дээ. Ингэхээр энд ашиг сонирхлын зөрчил үүсдэггүй юм уу. Мессеж чат гэдэг чинь 2 хүний хооронд л илгээгдэж буй захидал. Яахаараа бид хоёрын хооронд бичсэн зүйлийг хаа хамаагүй компанийн инженер мэдэх ёстой гэж. Үл ялих зүйлээр шийдвэрийг хүчингүй болгож байгаад харамсаж байна. Нэхэмжлэгч өөрөө гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээ гэрчийн этгээдээс өөр байдлаар нотлоогүй байхад зөвхөн гэрч асуугаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохироож байгаад маш их гомдолтой байна. “Ө " ХХК-ийн захирал Алтангэрэл энэ ажлыг гүйцэтгэх мэдлэг чадваргүй учраас манай компанийг гуйж хямд хөлсөөр хийлгэсэн. Гэтэл цаанаа өөр компанийн захиалсан ажлыг биднээр хийлгэж дундаас нь хөлжих санаатай байсан нь саяхан илэрсэн. Ийм шударга биш зүйлийг шүүхийн байгууллага дэмжиж өөгшүүлж байгаад гомдолтой байна. Бид энэ ажлыг хийх гэж цаг хугацаа давчуу учраас бусад ажлаа хойш тавьж шөнө өдөргүй сууж, олон ажилчдын хөлс хүч, оюуны бүтээлийг үнэлэхгүй ялимгүй зүйлээр шалтгаалж гэрээнээс татгалзаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч гэрээний хугацааг 2018 оны 04 сарын 01-ний өдөр дууссан гээд 2018 оны 04 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл гэрээнд буюу нэхэмжлэгчийн тайлбар дотор гэрээний хугацааг ажлын 60 хоног гэж тогтоосон байгааг шүүх анхаараасай. Манай компанийн хувьд ажлаа хийгээд дууссан гэдгээ нотолж баримтаар эх хувиар нь зургаа өгсөн. Бидэнд хийсэн ажил файлаар хадгалаатай учраас шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа бид зургийг дахин хэвлээд өгөх боломжтой. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

    Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч “Ө ” ХХК нь хариуцагч “Тэппэн констракш” ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Зураг төсөл боловсруулах” тухай гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 55,000,000.00 төгрөгийг буцаан авах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл 25,000,000.00 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Зураг төсөл боловсруулах тухай” гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд байрлах 16 давхар зоорийн давхартай орон сууц, зочид буудал, үйлчилгээний талбайтай TOKYO TOWER төслийн эскиз, интерьер дизайны иж бүрэн ажлын зургийг хариуцагч гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан ажлыг, хугацаанд нь гүйцэтгээгүйгээс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн, хариу мэдэгдээгүй тул шүүхэд хандсан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа “...гэрээнд заасны дагуу зураг төслийн ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талд зураг төслийн ажлыг хүлээн авах талаар мэдэгдсэн боловч завгүй гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт тавьсан тул тодорхой хугацаа тогтоолгүй хойшлуулсан” гэжээ.

Нэхэмжлэгч “Ө ” ХХК-ийн захирал Б.Алтан-Өлзийгийн фэйсбүүк, и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шүүх хуралдааны явцад үзлэг хийсэн боловч, хийж гүйцэтгэсэн зургийн ажил нь ямар хэмжээнд явагдаж байсан болон дууссан байсан эсэх, хэрэгт биет байдлаар авагдсан зургийн ажилтай агуулгын хувьд адил байгаа эсэхийг бүрэн тодруулаагүй байх тул захирамжийн биелэлт хангагдаагүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний явц, захиалагч ямар шаардлага, мэдэгдлийг хэзээ хэрхэн хүргүүлж байсан болохыг гэрчлүүлэхээр “Оршил констракшн” ХХК-ийн архитектор Д.Нямсүрэнг гэрчээр асуулгах нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь үндэслэл муутай байна.

Хариуцагч нь зургийг хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгчид шаардлага тавьж байсан эсэх нь тодорхойгүй, тэрээр гэрээнд заасан хугацаанд зургийн ажлыг хүлээлгэн өгөх үүргээ ямар хугацаагаар хэтрүүлсэн нь үүргийг ялимгүй зөрчсөн гэх үндэслэлд хамаарах эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл байсан эсэх нөхцөл байдал тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээ цуцлах талаар нөгөө талд мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоох тухай хуульд заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтооход талуудын хооронд харилцаж байсан мессэж, чатны бичлэгүүд, уг нөхцөл байдлын талаар мэдэж байгаа этгээд гэрчээр асуугдах нь ач холбогдолтой гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчөөгүй байна.  

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2040 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950.00 /таван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН