Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00111

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/01498 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2024/0022 дугаар магадлалтай

Д.С-ын нэхэмжлэлтэй,

С.Л-д холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 28,950,022 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэл: Хохирол 94,878,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.С хариуцагч С.Л-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 28,950,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохирлын 94,878,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/01498 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ,225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л-с 23,970,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,980,022 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.С-ээс 94,878,000 төгрөг гаргуулах С.Л-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 632,340 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 277,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2024/0022 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2023/01498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлийн тухай: Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь талд “анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэдгийг огт тайлбарлаж бичээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасан “...гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана” гэснийг зөрчсөн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцсэн, нотлох баримтын үндсэн дээр түүнийг зөвөөр үнэлж дүгнэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байсан гэж үзэж байна. Давж заалдах шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 51 дүгээр зүйлд заасан хуулийн заалтыг зөрчсөн гэжээ. Гэтэл анхан шатны шүүх, шүүх хуралдааны үед дэвтэрт үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 зүйлийн 48.2, 48.3-т заасныг баримтлан хөндлөнгийн гэрчээр нэр бүхий 2 хүнийг оролцуулж тэдэнд хууль тайлбарлан гарын үсгийг зуруулсан бөгөөд энэ ажиллагаа нь хуулийн заалтыг зөрчөөгүй байхад хууль зөрчсөн гэж үзэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хөндлөнгийн гэрч нарт хууль тайлбарласан баримт дээр гэрч нараар гарын үсэг зуруулсан ба гарын үсгийн тайлал бичигдээгүй, шүүгч гарын үсэг зураагүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл биш юм. Мөн энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ үйлдлээс болж хэргийн оролцогчдын ямар эрх ашиг, хэрхэн ноцтой зөрчигдөөд байгааг давж заалдах шатны шүүх тайлбарлаагүй нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгож байна. Түүнчлэн магадлалд “анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул ... шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь үндэслэлтэй” гэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-168.1.7 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилсан ба хуульд “хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх үндэслэл байхгүй байхад шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь мөн хууль хэрэглээний зөрүүг үүсгэж байна.

4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэлийн тухай: Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 11 сарын 30-ны өдрийн 02 тоот зөвлөмжид “хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх ойлголт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-168.1.7-д заасан үндэслэлээр хязгаарлагдана” гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх дээд шүүхийн тайлбараас өөрөөр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-168.1.7-д заасан үндэслэл байхгүй байхад байгаа мэтээр хэргийг шийдвэрлэж шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэж байна.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2009 оны 11 сарын 30-ны өдрийн 05 дугаартай зөвлөмжид “шүүхийн алдаа угтаа мэдээжийн хэнд ч ойлгогдохоор байдаггүй ба түүнийг илрүүлэх шаардлагатай юм. Мэдээжийн буюу үг, үсгийн, техникийн зэрэг алдааг шүүхийн алдааны зэрэглэлд авч үздэггүй болно” гэж тайлбарлажээ. Магадлалд дурдсанаар гарын үсгийн тайлал, шүүгчийн гарын үсгийг зураагүй байгаа нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй болохыг дээрх тайлбар зөвлөмж тодорхой харуулж байна. Өөрөөр хэлбэл гарын үсгийн тайлал шүүгчийн гарын үсэг зэрэг нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ алдааг алдааны зэрэглэлд үзэж байгаа нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолд “харин хэргийг анхан шатны шүүхэд буцаах тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлээгүй ч бүхэлд нь хянан үзэх үүргээ гомдлын хүрээгээр хязгаарлалгүйгээр гүйцэтгэнэ”, “.. анхан шатны шүүхийн алдааг илрүүлэх нь давж заалдах шатны шүүхийн үүрэг байна” гэж тайлбарласан байна. Энэ тайлбар болон дээрх хоёр тайлбар, зөвлөмжид заасан эрх үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.  Энэ хэрэг нь давж заалдах шатны шүүхээс 2 дахь удаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд буцсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2022.11.17-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан, одоо 2 дахь жилдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширч, нэхэмжлэгч цаг хугацааны болон санхүүгийн хувьд хохиролтой байгааг хяналтын шатны шүүх анхааран үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Шүүх хүний эрхийг хангах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж ажиллах ёстой гэж бодож байна. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй үндэслэлээр давж заалдах шатны шүүх иргэний хэргийг удаа дараа анхан шатны шүүхэд буцааж байгаад гомдолтой байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.09-ний өдрийн 001/ШХТ2024/00535 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч Д.С хариуцагч С.Л-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 28,950,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... 2021.06.24-ний өдөр хариуцагчаас хашаа байшинг “Дүүрэн” нэртэй дэлгүүрийн хамт 40,000,000 төгрөгөөр худалдан авсан. Дэлгүүрт байсан 1,000,000 орчим төгрөгийн барааг  авсан ба би 2021.09.15-ны өдрөөс  нийтдээ 24,980,022 төгрөгийг С.Л-д шилжүүлсэн. Ковид цар тахлын улмаас, мөн хувийн ажлаас шалтгаалан дэлгүүрийг ажиллуулж чадахгүй нөхцөл байдал үүсч  ...С.Л-д хэлэн дэлгүүрийг өөр хүнд зараад мөнгийг нь өгье гэхэд  зөвшөөрсөн тул 2021.10.19-ний үед Б.У-т 28,000,000 төгрөгөөр зарсан. Гэтэл С.Л, Б.У-аас дэлгүүрээ авахаар нэхэж цагдаагийн байгууллагад  хандсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Миний хувьд дэлгүүр ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирч үлдээд байна, иймд С.Л-д өгсөн 24,980,022 төгрөгийг буцаан шаардаж байна. Мөн С.Л-д 2022.04.18-ны өдрөөс өгсөн нийт 3,970,000 төгрөгийг нийт 28,950,022 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч С.Л нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Д.С-тэй ярилцаад дэлгүүрийг 50,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Д.С нь тодорхой хэмжээний төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг эхнэр бид хоёрын хамтран авсан Капитрон банкны зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлж байхаар тохиролцсон боловч төлөөгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн.

9.Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан хохирол 94,878,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг “...нэхэмжлэгч нь банкны зээлийн эргэн төлөлтийг хугацаанд төлөхгүй явсаар банк надаас мөнгөө нэхэмжилж  шүүхээр шийдвэрлэгдсэн юм. Д.С нь дэлгүүрийг худалдаж авах нэрийдлээр 2020 оны 06 дугаар сараас хойш дэлгүүрийг ажиллуулж ирсэн... манай дэлгүүр нь өдрийн цагийн хуваарийн дагуу бүтэн ажилласан 3 өдрийн орлогоор тооцож үзэхэд ...нийт 1,317,750 төгрөгийн орлого орж байсан байна. Ингээд 1 сарын орлого нь 13,177,500 төгрөг болж байгаа ба дээрх дүнгийн 20 хувиар бодож ашгаа тооцоолоход 2,635,500 төгрөг гарч байна. Д.С-ын дэлгүүрийг ашигласан 36 сардаа тооцоолж бодоход 94,878,000 төгрөгийн цэвэр ашиг олох бүрэн боломжтой. Хариуцагч 2020 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд дэлгүүрийг ашигласан байх тул олох байсан ашиг буюу  хохиролд 94,878,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

10.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.

11.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

12.Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба үндэслэлийг  “...Шүүх хуралдааны явцад хэрэгт хавсаргаж өгсөн дэвтэрт үзлэг хийхдээ ...хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна...гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, хөндлөнгийн гэрчид хууль тайлбарлан өгсөн баримтад 2 хүний гарын үсэг зурагдсан байх боловч хэнийг оролцуулж гарын үсэг зуруулсан болох нь тодорхойгүй, хууль тайлбарласан баримт нь өөр шүүгч, туслахын нэрээр үйлдэгдсэн, шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалсан ба шүүх үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргаагүй, хэргийн нотлох баримтад үзлэг хийх тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэж дүгнэсэн байна.

13.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан буюу  хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хянан хэлэлцэв.

14.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  тул хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримт нь ...бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг....үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

Хэргийн нотлох баримт нь зохигчийн өөрсдийн гаргасан болон тэдний  хүсэлтээр шүүхээс хийгдсэн ажиллагааны дүнд бүрддэг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дэлгүүрийг ажиллуулж байсан үеийн орлогын бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргасан, уг дэвтэртэй хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцах боломжтой, бичмэл нотлох баримт байна.

16.Хэргийн баримтаас үзэхэд анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан 2023.11.28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч дээрх дэвтэрт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, улмаар шүүх хуралдааны явцад хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, тэдэнд эрх үүргийг тайлбарлан өгч, тухайн дэвтэрт  байгаа аль мэдээллийг тодруулахыг хүсч байгааг зохигчоос асууж шинжлэн судалсан болох нь тогтоогджээ. 

17.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн, албаны болон байгууллагын нууц, хувь хүний  эмзэг мэдээлэлтэй холбоотой, эсхүл өөр газар байгаа учраас зохигч тэдгээрийг олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхийг, ... үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаас үзэхэд үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа нь шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлж байгаа ажиллагаа бөгөөд  эдгээр ажиллагаа нь ихэвчлэн шүүх хуралдааны бус үед явагддаг учир зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гадна уг ажиллагаа хэрхэн явагдсан үр дүнг хөндлөнгийн гэрчийг оролцуулж  баталгаажуулдаг. 

Харин анхан шатны шүүх хуралдаанд энэ хэргийн зохигч өөрсдөө оролцсоноос гадна  нотлох баримтаар авагдсан дэвтэр нь бичмэл баримт тул шүүх хөндлөнгийн гэрч оролцуулж үзлэг хийх  шаардлагагүй, уг баримтад тусгагдсан мэдээллийг шүүх хуралдаанд шууд шинжлэн судлах боломжтой байхад анхан шатны шүүх үзлэг хийсэн нь оновчтой бус хэдий ч уг зөрчил нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

18.Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2-т “ шүүх хуралдааны үед тэмдэглэл үйлдэх болон үзлэг, туршилт хийх, таньж олуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан.

Зохигч хэн аль нь тэмдэглэлийн дэвтэрт тусгагдсан мэдээлэлтэй танилцаж, дэвтэрт  байгаа шаардлагатай  мэдээллийг шинжлэн судалсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд хангалттай тусгагдсан ба уг тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болох атал давж заалдах шатны шүүх тусад нь үзлэгийн тэмдэглэл үйлдээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэл муутай болжээ.

19. Шүүхийн хөндлөнгийн гэрчид хууль тайлбарлан өгсөн баримтад тэдгээрийн гарын үсгийн тайлал байхгүй байгаа,  уг хууль тайлбарласан баримт нь өөр шүүгч, туслахын нэрээр үйлдэгдсэн  нь цаашид анхаарах зөрчил мөн боловч  давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлд хамаарахгүй болохыг дурдав.

20.Иймээс  давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуульд нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2024/0022 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2024.04.10-ны өдөр төлсөн 277,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                           

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЗОРИГ

                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                  Д.ЦОЛМОН