Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2023/00065

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         04           02                                         001/ХТ2024/00065

 

 

 

                                              Г.З-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

  

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2023/00438 дугаар шийдвэртэй,

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203/МА2024/00001 дүгээр магадлалтай,

 

Г.З-ийннэхэмжлэлтэй

“Д Д Ц С” ХХК-д холбогдох

  

“Д Д Ц С” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2023.05.09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.З/цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон /цахим/, Г.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Г.Знь хариуцагч “Д Д Ц С” ХХК-д холбогдуулан “Д Д Ц С” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2023.05.09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2023/00438 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Д Д Ц С” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2023.05.09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Г.Золзаяаг төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Золзаяад 2023.05.09-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг, мөн энэ хугацаагаар тооцон хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ажил олгогч “Д Д Ц С” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Зулсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.09-ний өдрийн 203/МА2024/00001 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.05-ны өдрийн 143/ШШ2023/00438 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын 2023.05.09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг, гэснийг “...2023.05.09-ний өдрөөс 2023.10.05-ны өдрийг хүртэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11,436,552 төгрөгийг “Даланзадгадын дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан нэхэмжлэгч Г.Золзаяад олгохыг...” гэж, ““Д Д Ц С” ХХК-д даалгасугай.” гэснийг “... “Д Д Ц С” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 432,245 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дугаар заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн гэсний дараа 7.1.1 гэж, хариуцагч ”Д Д Ц С” ХХК-дас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. гэснийг ”Д Д Ц С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 265,135 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ”Д Д Ц С” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч “Д Д Ц С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.09-ний өдрийн 203/МА2024/00001 өдрийн магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

    1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д “эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах” гэж хуульчилсан. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шүүр” ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023.03.21-ний өдрийн В/865 дугаар “ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах” чиглэлийг эрх бүхий байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн. “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу Борлуулалтын байцаагч буюу Эрчим хүчний салбарын үндсэн их, дээд сургууль, коллеж төгссөн мэргэжлийн ажилтан ажиллах ажлын байранд Соёл урлагийн их сургуулийн Соёл судлал мэргэжлээр суралцаж төгссөн Г.Зажиллаж байсан тул эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

 

    1. Өмнөговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Г.З-ийнажилгүй байсан хугацааны цалин хөлсний дунджийг тооцож тогтоох, нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.5, 63, 65.1.11 дэх заалтуудын дагуу тодруулах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалтуудыг тус тус зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ магадлалын 4 дүгээр хуудас хянавал хэсэгт “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хурмыг зөрчөөгүй боловч шүүхээс Г.З-ийнажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож тогтоогоогүй нь буруу.” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг дахин гаргасан байна.

 

4.3. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “Д Д Ц С” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.19-ний өдрийн А-41 Улирлын чанартай ажлын байр батлах тухай тушаалаар Борлуулалтын байцаагчийн ажлын байр бөгөөд 2023.05.15-ны өдрөөс 2023.10.01-ний өдрийг дуустал хугацаанд сул зогсдог, гэтэл шүүх Г.З-ийнажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо сул зогсолтын үеийн цалинг бүтнээр бодож тооцсон нь алдаатай байна. Г.Знь улирлын чанартай ажлын байр болох борлуулалтын байцаагчийн орон тоонд ажиллаж байсан тул 2023.05.09-ний өдрөөс 2023.10.05-ны өдрийг хүртэл сул зогсолтын нөхөн олговортойгоор ажиллаж нийт гарт олгох цалин хөлс 496,294.63 төгрөг болж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс цалин хөлсийг тогтоохдоо улирлын чанартай ажлын байр болох борлуулалтын байцаагчийн сул зогсолттой үеийн цалинг бодож 11,436,552 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн шударга ёсны зарчимд нийцэхээргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 001ШХТ2024/00297 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч “Д Д Ц С” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагч “Д Д Ц С” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан зарим үндэслэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

7. Нэхэмжлэгч Г.Знь хариуцагч “Д Д Ц С” ТӨХК-д холбогдуулан “Д Д Ц С” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2023.05.09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Өмнөговь аймгийн Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-ийн төлөвлөлт санхүүгийн хэлтэст 2020.10.02-ны өдрөөс борлуулалтын байцаагчаар ажилласан. ... 2023.05.09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 дэх заалт, 80.1.2 дахь үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. ... Компанийн удирдлага хууль зүйн үндэслэлгүйгээр, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааг далимдуулан холбогдох чиглэл, албан бичгийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, ажлын байрны ялгаварлан гадуурхалтад өртсөн. ...” гэж тодорхойлсон.

 

8. Хариуцагч “Д Д Ц С” ХХКнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... “Даланзадгадын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний яамнаас “Шүүр” ажиллагааны хүрээнд ирүүлсэн чиглэлийн дагуу борлуулалтын байцаагч буюу Эрчим хүчний салбарын үндсэн их, дээд сургууль, коллеж төгссөн мэргэжлийн ажилтан ажиллах ажлын байранд Соёл урлагийн их сургуулийн Соёл судлал мэргэжлээр суралцаж төгссөн Г.Зажиллаж байсан тул эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. ... ажилтны мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн байдал нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй байгаа нь тогтоогдсон, ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, ... төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй үндэслэлээр Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.05.09-ний өдөр цуцалсан. ...” гэж тайлбарлаж байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд эрх бүхий байгууллагаас Г.Зг ажлаас чөлөөлөхийг шаардсан албан бичиг хэрэгт авагдаагүй. ... Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан аль үндэслэлийг баримталсан нь тодорхойгүй.” гэж дүгнэсэн.

 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулсан ба магадлалд “...хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлоогүй. “Д Д Ц С” ХХК-дйн гүйцэтгэх захирлын 2023.05.09-ний өдрийн Б/172 тоот Г.З-тайбайгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй тул нэхэмжлэгч Г.Золзаяаг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй ... боловч Г.З-ийнажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож тогтоогоогүй нь буруу ... дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 11,436,552 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.” гэж дүгнэжээ.

11. Хоёр шатны шүүхийн хөдөлмөрийн эрхийн үндсэн маргааны талаар ийнхүү адил дүгнэсэн боловч ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын талаарх дүгнэлт нь ялгаатай байна. Түүнчлэн шүүхийн практикт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс хоёр шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн байдлыг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэх нь зүйтэй байна. Эдгээр болон гомдолд дурдсан бусад үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ. 

 

12. Нэхэмжлэгч Г.Знь Соёл урлагийн их сургуулийг 2012 онд Соёл судлаач, соёлын аялал жуулчлалын мэргэжилтний бакалавр зэрэгтэй төгссөн, “Д Д Ц С” ТӨХК-ийн 2020.10.02-ны өдрөөс 2023.05.09-ний өдрийг хүртэлх хугацаанд борлуулалтын байцаагчаар ажиллаж байсан, 2023.05.19-ний өдөр ЭХҮТөв ТӨХХК-ийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 3 долоо хоногийн хугацаатай эрчим хүчний борлуулалтын ажилтны сургалтад хамрагдсан үйл баримтыг хоёр шатны шүүхээс зөв тогтоосон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.

 

13. Харин нэхэмжлэгч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль нэг үндэслэлийг баримтлаагүй, ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн гэж маргасан бол хариуцагч, ажилтан нь түүнд тавигдах мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй атлаа тус албан тушаалд томилогдсон нь хууль бус, энэ нөхцөл байдлыг эрх бүхий этгээдээс өгсөн чиглэмжийн хүрээнд илрүүлж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасантай нийцнэ гэж мэтгэлцсэн байна.

 

Талуудын дээрх маргаан нь хууль хэрэглээний хувьд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нийтийн албыг авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах зорилгоор “Шүүр” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанид нэр бүхий 4 хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан төрийн алба, холбогдох бусад албан тушаалд томилогдох дүрэм, журмын биелэлтийг хянахаар өгсөн чиглэлийн дагуу илэрсэн зөрчлийн мөрөөр ажил олгогч арга хэмжээ авч ажилласныг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг үндэслэсэн гэж үзэх эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэг нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан аль нэг үндэслэлээр давхар дэмжигдэх шаардлагатай эсэх асуудал байна. Түүнчлэн тус хэргийн хувьд зохигч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн эсэх нь маргааны зүйл болсон гэж үзэхээр байна.

 

14. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийг 2020.10.02-ны өдрөөс тус компанид борлуулалтын байцаагчаар ажилд орох үед хүчинтэй үйлчилж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага болох “Эрчим хүчний салбарын их дээд сургууль, коллежид суралцсан хүн байх” шалгуурыг хангаагүй байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй, нэхэмжлэгч ийнхүү ажилд орсноосоо хойш 2023.04.24-ний өдрийг хүртэлх хугацаанд эрхэлж буй ажил, албан тушаалынхаа шаардлагад өөрийн мэргэжил, мэргэшлээ нийцүүлэх талаар санаачлагатай хандаагүй, арга хэмжээ аваагүй.

 

15. Улмаар 2023.03.17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Д Д Ц С” ТӨХК-д ХЭГ/595 дугаартай албан бичгийг хүргүүлж, дээр дурдсан зорилго бүхий “Шүүр” ажиллагааг эхлүүлж байгаагаа мэдэгдэн холбогдох арга хэмжээ авч ажиллахыг шаардсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2/ дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3/ дахь заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрыг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд гэж үзнэ. Өмчлөлийн хувьд төрийн боловч зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрийн хувьд компани хэлбэртэй байгууллага тул “Д Д Ц С” ТӨХК нь хувийн эрх зүйн этгээдэд тооцогдоно. Монгол Улсын Засгийн газар тус компанийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшигч болох хувьдаа өөрийн эзэмшлийн компанийн үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор чиглэмж, даалгавар өгсөн явдлыг зарчмын хувьд хуульд нийцсэн гэж үзнэ. Энэ чиглэлийн хүрээнд Монгол Улсын Эрчим хүчний яамнаас 2023.03.27-ны өдөр В/865 дугаартай албан тоотоор төрийн өмчит компаниас мэдээлэл ирүүлэхийг шаардсаны дотор “Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж, шаардлагыг зөрчин томилогдсон нь тогтоогдсон этгээдийг 2023.04.06-ны өдөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн” тухай мэдээллийг ирүүлэхийг даалгасан байна.

 

16. Хариуцагч “Д Д Ц С” ТӨХК нь хувьцаа эзэмшигчээс өгсөн чиглэлийн дагуу ажиллаж,гүйцэтгэх захирлын 2023.04.04-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулжээ. Тус хяналт шалгалтын дүнд нэхэмжлэгч Г.Знарын хэд хэдэн албан тушаалтныг мэргэжил, ур чадварт тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэн энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсон талаарх мэдэгдлийг Г.Золзаяад хүргүүлэхээр тогтсон. 

 

17. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч Засгийн газар, түүнээс эрх олгосон холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллагаас тодорхой үндэслэл зааж, хуульд нийцүүлэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэх үндэстэй.

 

18. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэг нь хөдөлмөрийн харилцааг нэг талын санаачилгаар дуусгавар болгох үндэслэл мөн боловч эрх бүхий этгээдээс ирүүлсэн шаардлагыг уг шаардлагын зорилго, үндэслэл, шаардлага тавьж буй этгээдийн эрх хэмжээний хүрээ хязгаартай уялдуулан авч үзэлгүйгээр ажил олгогч шаардлагыг шууд хэрэгжүүлэх үүрэгтэй мэтээр тайлбарлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасан шаардлагад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохуйц бие даасан үндэслэлийг заасан байх цөөн боловч тохиолдол гарч болохыг үгүйсгэхгүй ч энэхүү шаардлагыг ажил олгогч хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох бусад үндэслэлүүд, тухайн шаардлагад заасан хуулийн бусад зохицуулалтад нийцэх эсэхийг анхаарч ажлаас чөлөөлөх тушаалыг гаргавал зохино.

 

Маргаан бүхий энэ тохиолдолд нийтийн өмчийг төлөөлөн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй этгээдийн дээрх шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлтэй бүрэн нийцэхийн зэрэгцээ нийтийн албыг авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах зорилгын хүрээнд хэрэгжиж байгааг онцолсон байна. 

 

19. Нэхэмжлэгч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг заагаагүй болохыг тайлбарлаж, энэ нь тус тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл мөн гэжээ. Нэхэмжлэлийг энэ үндэслэлээр хангах боломжгүй. Учир нь нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлийг дурдаж байсан нь нэхэмжлэгчийн соёл урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил нь “Д Д Ц С” ТӨХК-ийн Төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн ажлын байрны шаардлагад тэнцэхгүй гэх агуулгыг илэрхийлсэн гэж үзнэ.

Түүнчлэн, байгууллагын ажилтнуудын томилгоо хуулийн дагуу явагдсан эсэх, тэр дундаа ажлын байранд тавигдах эн тэргүүний шаардлагыг хангаж байгаа эсэх асуудлаар сүүлийн 2 сарын хугацаанд хүний нөөцийн бүх шатанд хяналт шалгалт хийгдсэнээс ажилтнууд зохих мэдээлэлтэй байсан гэж үзнэ. Мөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 болон 80.5 дахь хэсгийг баримталсан нь ажилтанд өгсөн мэдэгдэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгтэй агуулгын хувьд холбоотой хэрэглэгдэх онцлогтой.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлийг тушаалд тухайлан дурдаагүй нь гагцхүү хэлбэрийн шинжтэй гэх үндэстэй байх тул энэхүү нөхцөл байдал дангаараа тушаалыг хууль бус гэх үндэслэл болохгүй.

 

20. Хоёр шатны шүүх дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, тооцох асуудлаар зөрүүтэй дүгнэн шийдвэрлэсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан боловч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хоёр шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

 

21. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.З-ийн”Д Д Ц С” ТӨХК-д холбогдуулан “Д Д Ц С” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2023.05.09-ний өдрийн Б/172 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2023/00438 дугаартай шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203/МА2024/00001 өдрийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.З-ийнхариуцагч “Д Д Ц С” ТӨХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Төлөвлөлт санхүүгийн хэлтсийн борлуулалтын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Д Д Ц С” ТӨХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.02.07-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

                                                           

                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                      

                                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                  

                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД