Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0048

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чимэгтэй, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, С.Ялалт, Г.Чинбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн    2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 869 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ч.Бумбаярын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа  Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт /хуучнаар/ холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 869 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Бумбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Мфикскапитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Ү-2206013807, Ү-2206014022 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарын 6 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Ч.Бумбаярыг бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд этгээд “Капитрон банк” ХХК давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 59.3-д шүүхэд дуудан ирүүлэх тухай тус тус заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 8 дуугар нүүрт “2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутад хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбатад шүүгчийн туслах 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхийн 306 тоот өрөөнд биечлэн мэдэгдсэн...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна.

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнгийн туслах нь 306 тоот өрөөнд байрладаггүй бөгөөд өөр өрөөнд ажиллагадаг юм. Гэтэл ямар үндэслэлээр 306 тоот өрөөнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж тайлбарлаж буй нь ойлгомжгүй юм. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 59.3-д шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, шаардлагатай бол бусад арга хэрэгслээр мэдэгдэж баримтжуулахыг журамласан байна. Хэрэв шүүгчийн туслах нь Капитрон банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид биечлэн мэдэгдсэн бол түүнийг баримтжуулах нь тодорхой бөгөөд хавтаст хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн тухай баримт байхгүй байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д шүүх хуралдааны товыг долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, мэдэгдэхээр хуульчилсан байна.

Гэтэл уг шүүхийн шийдвэрт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутад хянан хэлэлцэгдэх шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн хэмээн тэмдэглэсэн нь дээрх хуулийг илт зөрсөн нь тодорхой харагдаж байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хурлын товыг мэдэгднэ” гэж зохицуулсан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Капитрон банк” ХХК нь гурван итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрт шүүх хуралдааны товыг мэдэгдэх шаардлагатай. Гэтэл хэнд нь ч хуралдааны товыг мэдэгдээгүй нь ноцтой зөрчил юм.

Ийнхүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасан эрхийг ноцтой зөрчсөн, эрхээ хамгаалах боломжийг хязгаарласан үйлдэл болсон байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны             11 дүгээр сарын 03-ны өдрийн 869 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн захирал Л.Ариунаагийн “хэрэг хянан хэлэлцэх үед хуульд заасан тодорхой эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдлоор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иргэн Ч.Бумбаяр нь “Мфикскапитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууцыг болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, уг 46Б байрны 21 тоот орон сууц болон авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ч.Бумбаяр миний нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Ч.Бумбаярын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт /хуучнаар/ холбогдуулан гаргажээ.

Анх гуравдагч этгээд “Мфикскапитал” ХХК-ийн өмч болох зээлээр санхүүжүүлэн барих Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд байрлах, 50 хувийн гүйцэтгэлтэй 5 блок 120 айлын орон сууцны барилга, 29.000 м.кв газар, дэд бүтцийн хамт, 7.000 м.кв 205 автомашины граж, иргэн Б.Батхүүгийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхон, 17 тоот 3 өрөө орон сууц, гражийн хамт, нийт 1.748.380.000.00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг “Мон Лотус” ХХК-ийн захирал Г.Бямбаа нь “Капитрон банк” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/143 дугаар барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд барьцаалсан гэх нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Улмаар 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “зээлийн хүүгийн хэмжээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр тохиролцож” дээрх гэрээнд өөрчлөлт оруулахаар “№Т07/143 дугаар барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ” байгуулсан. Мөн “Мон Лотус” ХХК-ийн захирал Г.Бямбаа нь “Мфикскапитал” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009156 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх өмчлөх эрхийн 000041950 дугаар гэрчилгээтэй, 3.200.0 м.кв, аялал жуулчлалын зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/ Зайсангийн тойруу, 46Б дугаар байр болон бусад эд хөрөнгийг барьцаалахаар зөвшөөрч, “№Т07/143 дугаар гэрээний нэмэлт барьцааны гэрээ”-г “Капитрон банк” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулж байжээ.

Мөн “Мон Лотус” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд 2010 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр, 2010 оны 08 дугаар сарын 19-ны өдөр “зээлийн хүүгийн хэмжээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр тохиролцож” дээрх гэрээнд өөрчлөлт оруулахаар “№Т07/143 дугаар барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”-г тус тус байгуулсан байна. Харин “2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/143 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор” гэж тодорхойлон “Мфикскапитал” ХХК-ийн өмч болох эрхийн улсын бүртгэлийн            Ү-2206013807 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103749 дугаар гэрчилгээтэй, 90 хувийн гүйцэтгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, 46Б байрны орон сууцуудыг барьцаалсан “зээлийн барьцааны гэрээ” байгуулах тухай Т07/143 тоот гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Мфикскапитал” ХХК-ийн захирал Б.Батхүү болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Гэтэл дээрх барьцааны гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоол зэргийг нийт 129.000 ам.доллароор бариулахаар “Мфикскапитал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батхүүтэй “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ч.Бумбаяр нь байгуулжээ.

Дээрх хэрэгт авагдсан эдгээр барьцааны гэрээнээс үзэхэд маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоол зэргийг “Мон Лотус” ХХК-ийн захирал Г.Бямбаа болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №Т07/143 дугаар барьцааны гэрээгээр гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-д барьцаалж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нотлогдсон байна.

Тодруулбал, “гэрээгээр хүлээсэн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах зорилгоор, мөн барьцаа хөрөнгө болох барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн” гэх зэргээр “№Т07/143 дугаар барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ” гэх үндэслэлээр анхны 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №Т07/143 тоот зээлийн барьцааны гэрээнд нэмэлт оруулж 2008 оны 02 дугаар сарын 11, 2010 оны 04 дүгээр сарын 29, 08 дугаар сарын 19-ний өдөр тус тус гэрээ байгуулж байсан, мөн “Мфикскапитал” ХХК-ийн захирал Б.Батхүү болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээнд “2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/143 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор” гэж тодорхойлсон зэргээс үзэхэд анх “Мон Лотус” ХХК-ийн захирал Г.Бямбаа нь “Капитрон банк” ХХК-иас 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ ам.долларын зээл авч, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/143 дугаар барьцааны гэрээгээр маргаан бүхий орон сууц, граж байрлах Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны орон сууцны байр, газар зэргийг бүхэлд нь барьцаалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх гэрээнүүдээр нотлогдож байгаа.

Тиймээс нэхэмжлэгчийн “2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулснаас хойш 2010 онд “Зээлийн барьцааны гэрээ”-ээр “Капитрон банк” ХХК-д барьцаалсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Бумбаяр болон “Мфикскапитал” ХХК-ийн хооронд 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах” гэрээг байгуулахаас өмнө 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрыг бүхэлд нь “Капитрон банк” ХХК-д барьцаалан, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдсон гэж үзлээ.

Иймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг хориглосны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоол зэргийг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан иргэн Ч.Бумбаярын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зааснаас үзэхэд иргэн Ч.Бумбаяр дээрх орон сууц, гражийг өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох “Капитрон банк” ХХК-ийн зөвшөөрлийг авахаар байна.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг иргэн Ч.Бумбаяр гаргасныг хариуцагч “Мфикскапитал” ХХК хүлээн зөвшөөрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1708 дугаар захирамж гарахаас өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Бумбаяр нь “эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт гаргажээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа хэдий ч анхны эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №Т07/143 тоот барьцааны гэрээ хүчинтэй байхад хариуцагч “Мфикскапитал” ХХК-ийн зөвшөөрлийг баталсан Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн маргаан бүхий орон сууц, гражийг иргэн Ч.Бумбаярын өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах үндэслэлгүй юм.

Зүй нь, “Мон Лотус” ХХК-ийн захирал Г.Бямбаа болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №Т07/143 дугаар зээлийн барьцааны гэрээний зүйлээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоолыг чөлөөлсний дараа иргэн Ч.Бумбаяр энэхүү эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж мэдүүлэг гаргахаар байна.

Тиймээс давж заалдах шатны шүүхээс эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Мфикскапитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, уг 46Б байрны 21 тоот орон сууц болон авто зогсоолыг иргэн Ч.Бумбаярын нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Ч.Бумбаярын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай иргэн Ч.Бумбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 869 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бумбаярын “Мфикскапитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны 46Б байрны 21 тоот 129 м.кв 3 өрөө орон сууц болон зоорийн давхрын 6 тоот авто зогсоолын улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, уг 46Б байрны 21 тоот орон сууц болон авто зогсоолын улсын бүртгэлийг иргэн Ч.Бумбаярын нэр дээр бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг иргэн Ч.Бумбаярын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-иас давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                    ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

                    ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР