Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 62

 

Б.Г-, Б.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0198/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                     Г.Уянга

Шүүгдэгч                                      Б.Г-, Б.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч              Ө.Өлзиймаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн Г-, Б-гийн Б- нарт холбогдох, 2018002050143 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ийн Г-.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Б-.

Шүүгдэгч Б.Г-, Б.Б- нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзага гэх газарт бэлчиж байсан иргэн М.Ё-ын эзэмшлийн 3 тооны бярууг машин механизм ашиглан хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор:

-Б- овогт Б-ийн Г-, Боржигин овогт Б-гийн Б- нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1., 2.2., 2.4.т заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1., 2.2., 2.4.т зааснаар Боржигин овогт Б-гийн Б-од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1., 2.2., 2.4.т зааснаар Бүс хайрхан овогт Б-ийн Г-т 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Б-од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Б.Г-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3., 7.5 дугаар зүйлийн 1., 7.5 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус-30” маркийн 09-70 ДАА улсын дугаартай “ТБ авто финант” ХХК-ийн өмчлөлийн суудлын автомашин, “Ниссан Скайлайн” маркийн 36-44 ДАХ улсын дугаартай Мөнхжаргалын Алтанцэцэгийн өмчлөлийн суудлын автомашин, “Тоёота марино” маркийн 12-26 ДАХ улсын дугаартай Б-ийн Ганбаярын өмчлөлийн суудлын автомашинуудын нийт үнэ 13,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-, Б.Б- нараас хувь тэнцүүлэн буюу тус тус 6,750,000 /зургаан сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,

-Хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн туулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж :аалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр бүрэн төгсөх ба шүүгдэгч Г.Г-т 3 тооны бярууг хохирогчийн гэрийн ойролцоо жалганд уяснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлгүй ба тэр хэвээр орхисон бол хохирогч олох боломжтой байжээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Мал хулгайлах гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй бөгөөд мал хулгайлах үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд учрах хохирлын хэмжээ заагаагүй бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, тухайн малыг захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсөнө.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 06 сарын 26-ны өдөр 16.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзага гэх газарт бэлчиж байсан иргэн М.Ё-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны малыг Г.Г- ганцаараа хулгай хийж, гэрийнхээ ойролцоо жалган дотор модноос уясан идэвхтэй үйлдэл нь захиран зарцуулах боломжийг бүрүүлж байгаа хэлбэр мөн энэ үед гэмт хэрэг төгссөн.

Харин анхан шатны шүүхээс малыг жалганд уяснаар гэмт хэрэг төгсөөгүй, тэр хэвээр орхисон бол хохирогч олох боломжтой байсан гэх агуулгаар хууль буруу тайлбарласан.

Тэгээд ч мал анх бэлчиж байсан талбай, модтой жалга хоорондын, түүнчлэн хохирогчийн гэр, мал уясан жалга хоорондын зайнуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар албан ёсоор тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад бяруунуудыг жалганд тэр хэвээр нь үлдээсэн бол олох боломжтой байсан гэж ямар баттай баримтад үндэслэж ийнхүү тайлбарласан нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9.д хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.2 гэмт хэр хэн үйлдсэн, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго зэрэг нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй. Тухайлбал:

-Холбогдогч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байхад ямар учраас шүүгдэгч Г.Г-ийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх болсон,

- Мал оруулсан жорлон амбаар хэний эзэмшлийнх болох,

-Уг жорлонд бяруунуудыг ямар байдлаар, хэн оруулсан, ямар хэмжээтэй амбаар байсан?

-Мал нууж уясан гэх модтой жалга газар зүйн байршил, тогтоц ямар болох, хохирогч тэр хавиар малаа эрж хайж явж үзсэн эсэх?

-Хохирогчийн гэр, жалга хоёр хоорондоо хэдэн метрийн зайтай болох?

-Хулгайлсан гэх малыг юугаар, хэн алсан?

-Хохирогч Ёндонсамбуу, шүүгдэгч Г- нар хэрэг гарахын өмнө өөр хоорондоо ямар харьцаатай байсан, тэд өөр хоорондоо өс хонзон хар буруу санаж дургуй байх шалтгаан байсан эсэх? гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны үеэр дутуу шалгасан байхад Б.Б- Г.Г- нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэж шууд үзэж гэм буруутайд тооцсоныг үндэслэлгүй хэмээн давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, зарим нотлох баримт, үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Анхан шатны шүүх нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шинжлэн судлаж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Миний үйлчлүүлэгч Б.Б- захиалагч гэдэг нь хавтаст хэрэгт тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч Б.Г-, Б.Б- нар ямар харилцаа холбоотой болохыг тогтоогоогүй. Шүүгдэгч нарын үйл оролцоог нарийвчлан тогтоох шаардлагатай. Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдээгүй. Харин мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж миний үйлчлүүлэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б- тайлбартаа:

Мөрдөн байцаагч н.Нармандах, н.Гантулга нар бид хоёрыг зодож хэрэг хүлээлгэж гарын үсэг зуруулсан. Би Б.Г-той нийлж хулгай хийгээгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г-:

Хэлэх зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Энэхүү гэмт хэрэг нь гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Шүүгдэгчийн хэлж байгаа намайг зодсон гэдэг зүйлийг өнөөдөр ярьж байгаа нь учир дутагдалтай. Хэрвээ үнэхээр тийм эрүүдэн шүүсэн зүйл байгаа бол тусд нь шалгуулж тогтоох боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн   гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарт холбогдох хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан бүхэлд нь хянаж үзвэл:

Прокуророос шүүгдэгч Б.Г- Б.Б- нарыг бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзага гэх газарт бэлчиж байсан иргэн М.Ё-ын эзэмшлийн 3 тооны бярууг машин механизм ашиглан хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1., 2.2., 2.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг хянан хэлэлцэж, Б.Г-, Б.Б- нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1., 2.2., 2.4.т заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Б-од 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1., 2.2., 2.4.т зааснаар Б.Г-т 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус-30” маркийн 09-70 ДАА улсын дугаартай “ТБ авто финант” ХХК-ийн өмчлөлийн суудлын автомашин, “Ниссан Скайлайн” маркийн 36-44 ДАХ улсын дугаартай Мөнхжаргалын Алтанцэцэгийн өмчлөлийн суудлын автомашин, “Тоёота марино” маркийн 12-26 ДАХ улсын дугаартай Б-ийн Ганбаярын өмчлөлийн суудлын автомашинуудын нийт үнэ 13,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-, Б.Б- нараас хувь тэнцүүлэн буюу тус тус 6,750,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын өөрсдийнх нь үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Ё-ын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Б-оос улаан халзан зүсмийн үхрийн толгой, шир 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч М.Ё-ад тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан 79 кг үхрийн мах, 3 үхрийн толгой, 3 үхрийн шир зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Оюунчимэг, Ж.Бат-Оргил, Б.Бат-Ирээдүй, А.Ганбат, Б.Болорсувд, Н.Аззаяа нарын мэдүүлгүүд, “Капитал зууч” ХХК-ийн 2020-03-02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт зэрэг нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдон тогтоогджээ. 

            Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял тэдний гэм бурууд тохирсон байна. 

            Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч нараас хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

            Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн хэн аль нэгний өмч биш, “ТБ авто финант” ХХК-ийн өмчлөлийн “Тоёота приус-30” маркийн 09-70 ДАА улсын дугаартай суудлын автомашин, иргэн Мөнхжаргалын Алтанцэцэгийн өмчлөлийн “Ниссан Скайлайн” маркийн 36-44 ДАХ улсын дугаартай суудлын автомашин, Б-ийн Ганбаярын өмчлөлийн “Тоёота марино” маркийн 12-26 ДАХ улсын дугаартай суудлын автомашинуудыг ашигласан нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3., 7.5 дугаар зүйлийн 4.т зааснаар уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                    ШҮҮГЧИД                        Ц.ТУЯА

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ