Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2024/00105

 

А.А, Б-н иргэн С.Т

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/00063 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00429 дүгээр магадлалтай,

А.А, Б-н иргэн С.Т нарын нэхэмжлэлтэй

М.Ш-т холбогдох

2019.08.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2019.08.02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019.08.02-ны өдрийн “Ч” ХХК-ийг худалдах-худалдан авах гэрээ, “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хэлцлээр шилжсэн хөрөнгүүдийг эзэмшил өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.А.А, Б-н иргэн С.Т нар нь М.Ш-т холбогдуулан 2019.08.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2019.08.02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019.08.02-ны өдрийн “Ч” ХХК-ийг худалдах-худалдан авах гэрээ, “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хэлцлээр шилжсэн хөрөнгүүдийг эзэмшил өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/00063 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан А.А, М.Ш нарын хооронд байгуулагдсан 2019.08.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019.08.02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019.08.02-ны өдрийн “Ч” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Ү-22******** дугаарт бүртгэгдсэн, С дүүргийн **-р хороо, *** гудамж, *** тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.А-н эзэмшил болон өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч М.Ш-т даалгаж, А.А-н нэхэмжлэлээс “газар болон компанийг эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах” гэсэн хэсгийг болон нэхэмжлэгч Б-н иргэн С.Т-ийн хариуцагч М.Ш-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, хариуцагч М.Ш-с орчуулагчийн зардалд 320,000 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00429 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/00063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан А.А, М.Ш нарын хооронд байгуулагдсан 2019.08.02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, “Ч” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, дээрх хэлцлээр шилжүүлсэн Ү-22******** дугаарт бүртгэгдсэн, С дүүргийн **-р хороо, *** гудамж, *** тоот хаягт байрлалтай, 240 м.кв талбайтай, Үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.А-н эзэмшил болон өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч М.Ш-т даалгаж, нэхэмжлэгч А.А, Б-н иргэн С.Т нараас 31,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч М.Ш-т олгож, нэхэмжлэгч Б-н иргэн С.Т-ийн хариуцагч М.Ш-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 23,550 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулж, хариуцагчаас 476,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-д, хариуцагч М.Ш-с орчуулагчийн зардалд 320,000 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д тус тус олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нэхэмжлэгч тал хэд хэдэн удаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөхдөө дахин тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зааснаас үзвэл 6 шаардлага гаргасан бөгөөд үүнд 617,300 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой атал төлөөгүй. Гэсэн хэдий ч шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа болжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй боловч нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх талаар магадлалд тусгасан байгаа нь анхнаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэн байдаг.

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу А.А-н өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаарх баримтыг С дүүргийн бүртгэлийн хэлтсээс гаргуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүгч хүсэлтийг хангасан хэрнээ өөр агуулгаар тэмдэглэлд тусгаж, захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэсэн ч юм шиг, шийдвэрлээгүй ч юм шиг ойлгомжгүй байдлаар шийдвэрлэж, нотлох баримтыг дутуу цуглуулсан байна. Магадлалд “2019.08.02-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний маргааныг шийдвэрлэхэд хожим нь уг газарт хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан гэх барилгын өмчлөх эрхийн асуудал хөндөгдөх эсэхийг тодруулах нь зохигчийн хоорондын маргааныг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэсэн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хэт нэг талыг баримтлан нотлох баримтыг цуглуулах ажиллагааг зориуд нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн төдийгүй хэргийн хугацаа хэтэрсэн гэж хэт явцуу, хэлбэр төдий хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна.

... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Б-н иргэн С.Т-г оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ үйл баримт нь хариуцагч М.Ш, гэрч Ц.Н нарын тайлбар, гэрчийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг баталгаажуулж байгааг огт дүгнээгүй. ...М.Ш-ын хувьд анхнаасаа А.А-тай хамтран ажиллах хэлцэл хийхээр тохиролцоогүй, бие биенээ танихгүй этгээдүүд байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. ...Талуудын хооронд хийсэн дээрх хэлцлүүд хүсэл зоригийнхоо хувьд тухайн хэлцлийнхээ агуулгад нийцсэн бодитой хүсэл зориг байх бөгөөд талуудын хооронд хийгдсэн хуульд заасан хэлбэрийн болон бусад шаардлагыг хангасан байна. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие даргалагч шүүгчээс татгалзсан. Анхан шатны шүүх миний гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр заасан. Гэвч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хуульд заасан эрхийн дагуу мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг санаатайгаар зөрчсөн.

...Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж шүүх хурлын өмнө хэлсэн. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, үзлэг хийн баталгаажуулсан зөөврийн санах ойд байгаа тоон гарын үсэг нь маргаан бүхий “Ч” ХХК-ийн тоон гарын үсэг мөн болохыг эрх бүхий байгууллагаар тогтоолгох хүсэлт гаргасан ч шүүгч хангалттай нотлогдсон гэж хэлээд хүлээн аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар “...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчсөн. ...Газрын эрх шилжүүлэх гэрээг талууд ямар нэгэн хариу төлбөргүйгээр хийсэн. Харин газрын эрхийг бүртгүүлэхэд нэхэмжлэгч А.А-н зүгээс газрын албанд гомдол, хүсэлт гаргасны улмаас газрын эрхийг бүртгүүлж чадаагүй. Үүнийг анхан шатны шүүх буруу дүгнэн Газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус байна гэсэн нь үндэслэлгүй. Зохих журмын дагуу шийдвэрлүүлсэн эсэх талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. ...Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй. Анхан шатны шүүхийн шүүгч өөрөө нэхэмжлэгчийг хөтөлж асуусны үндсэн дээрээс нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлуулж баталгаажуулсан. Нэхэмжлэгч болон түүний хамтрагч С.Т нарын хооронд ямар ойлголцол, тохиролцоо хийснийг хариуцагч М.Ш мэдэх боломжгүй учраас А.А-н хэлцэл хийх хүсэл зориг бодитой байсан гэж үзнэ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.09-ний өдрийн 001/ШХТ2024/00536 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч А.А болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцсон Б-н иргэн С.Т нар нь хариуцагч М.Ш-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэд хэдэн удаа өөрчилсөн ба нэхэмжлэлийн шаардлагаа “2019.08.02-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компани худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, С дүүргийн **-р хороо, *** гудамж, *** тоот, 240 м.кв талбайтай үйлдвэрлэл аж ахуйн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, С дүүргийн **-р хороо, *** гудамж, *** тоот хаягт байрлалтай, 9992 м.кв талбайтай, газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох” гэж тодруулжээ. Тэрээр хариуцагч М.Ш-тай хамтран ажиллахаар тохирч, хөрөнгө оруулалтын баталгаа болгож дүр үзүүлэн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байхад үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан байсан, эд хөрөнгөө худалдах хүсэл зориг байгаагүй, хариуцагч нь амласан хөрөнгөө оруулаагүй учир үл хөдлөх хөрөнгөө буцааж авна гэсэн үндэслэлийг заасан байна.

Хариуцагч М.Ш худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, нэхэмжлэгч нь дурдсан эд хөрөнгийг худалдах санал гаргасан бөгөөд гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 30,000,000 төгрөг, хувьцааны үнэ 1,000,000 төгрөгийг төлсөн, уг газар дээр өөрийн хөрөнгөөр сендвичин барилгууд барьсан, 100,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан, эд хөрөнгийн үнийг төлсөн учир гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй гэж марган нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу А.А-н нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хүсэл зоригийг чухал ач холбогдолтой гэж үзэж, А.А нь өөрийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, компанийн хувьцааг худалдах, газар эзэмших болон компани эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зориггүй, хариуцагч М.Ш худалдан авах болон эзэмших хүсэл зориггүй, талууд маргаан бүхий газар дээр түүхий эдийн чиглэлээр барилга, байгууламж буюу склад барьж, хамтарч ажиллах зорилготой байсан нь тогтоогдсон, иймд 2019.08.02-ны өдрийн гэрээнүүдийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнээд 2019.08.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, “Ч” ХХК-ийг худалдах-худалдан авах гэрээ, “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, С дүүргийн **-р хороо, *** гудамж, *** тоот, 240 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.А-н эзэмшил болон өмчлөлд шилжүүлж өгөхийг хариуцагч М.Ш-т даалгаж, газрын эзэмших эрх, компанийн эрх өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тул нэхэмжлэлээс “газар болон компанийг эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлагыг болон нэхэмжлэгч Б-н иргэн С.Т-г уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж үзэж, түүний гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

9.Давж заалдах шатны шүүх гэрээнүүд хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.А-н эзэмшил болон өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч М.Ш-т даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нараас 31,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч М.Ш-т олгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч үндэслэлийг буруу тодорхойлсон гэж үзэж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсгэх зорилго байгаагүй, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө М.Ш-ын өмчлөлд шилжсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлсэн хэлцэл” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, дүр үзүүлж хийсэн хэлцлээс хууль зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд хэлбэрийн төдий байгуулдаг хэлцлийг ойлгоно, харин талуудын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл байгуулагдсан гэж үзнэ, учир нь зохигчийн хүсэл зориг нь хамтын үйл ажиллагаанд зориулж талуудын хэн аль нь ямар хөрөнгө оруулалт хийх, ашиг алдагдлыг хэрхэн хуваах талаар тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулах атал дээр дурдсан худалдах-худалдан авах гэрээ болон газрын эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдаж, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан нь хуулийн дээрх үндэслэлд хамаарна, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтөөс гадна нэхэмжлэгчээс гэрээний дагуу авсан зүйлийг буцааж гаргуулна гэсэн дүгнэлтийг хийжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар өөр өөр хууль хэрэглэж, дүгнэлт хийсний улмаас зөрүүтэй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хариуцагч талын гомдлын дагуу хяналтын шатны шүүхээр хянах үндэслэл болсон.

11.Нэхэмжлэгч А.А нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, газрын хууль ёсны эзэмшигч, “Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан байх ба 2019.08.02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр А.А нь С дүүргийн **-р хороо, *** гудамж, *** тоот хаягт байршилтай үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай, 240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авагч М.Ш нь 30,000,000 төгрөгийг төлөх үүрэг гэрээнд тусгагдсан байна. Үүнээс гадна мөн өдрөө газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ (үнэ төлбөргүй), компани худалдах-худалдан авах гэрээ (хувьцааны үнэ 1,000,000 төгрөг), “Ч” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан боловч газрын болон компанийн эрх шилжээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын бүртгэлд түдгэлзүүлсэн тэмдэглэгээ хийгдсэн үйл баримт маргаангүй байна.

12.Харин маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Ш-ын өмчлөлд шилжүүлсэн нь хамтран ажиллах гэрээний үүрэгт хөрөнгө оруулалтын баталгаа болгох зорилгоор шилжүүлсэн эсвэл худалдах-худалдах авах гэрээний дагуу шилжүүлсэн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

13.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй А.А болон М.Ш нарын байгуулсан 2019.08.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрх худалдах, хувьцааг шилжүүлэх гэрээг тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж анхан шатны шүүх үзсэн бол давж заалдах шатны шүүх хамтран ажиллах гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөрүүтэй дүгнэжээ.

13.1.Хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхийн тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл аль аль нь хүчин төгөлдөр бус учир хэлцэлд заасан үүргийг биелүүлэхгүй, эсвэл нөгөө тал үүргийг шаардах эрх үүсэхгүй буюу эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд эсвэл нэгэнт үр дагавар үүссэн бол эрх ашиг нь хөндөгдсөн этгээд түүнийг арилгуулахаар шаардах эрхтэй.

Дээрх хэлцлүүд аль аль нь уг хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор байгуулагддаг нийтлэг шинжтэй байдаг ба өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийнхээ нэг төрөл нь болдог байна.

Хэрэв өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол халхавчлуулж байгаа хэлцэл хүчин төгөлдөр эсэх, үүргийг биелүүлэх эсэх эрх зүйн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үр дагавар үүсэх бөгөөд халхавчлуулж байгаа хэлцлийг хамтран ажиллах гэрээ гэж үзсэн атлаа тусдаа шийдвэрлэгдэнэ гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т нийцээгүй, зөрчилтэй болжээ.

Түүнчлэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй боловч нэгэнт үр дагавар үүсгэсэн бол энэ нь уг гэрээг “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” болгохгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын хүрээнд дүр үзүүлэн хийсэн хэлцлийн талаарх шаардлагыг шийдвэрлэж, харин талууд хамтран ажилласан, хөрөнгө оруулсантай холбоотой маргаанаа тусдаа шийдвэрлүүлэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Энэ утгаар давж заалдах шатны шүүх хуулийг оновчтой хэрэглэж чадаагүйгээс гадна хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн гэх баримт эргэлзээтэй байхад нэхэмжлэгчээс 31,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосон нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

13.2.Талуудын байгуулсан 2019.08.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч М.Ш-ын өмчлөлд шилжсэн ба уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээ үндэслэлтэй болсон. Талуудын хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зориг, тохиролцоо байсан болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байв.

Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бол худалдсан эд зүйлийг худалдан авагч этгээдэд шилжүүлсэн байх нь хүсэл зоригийн илэрхийллийг дүгнэхэд ач холбогдолтой байж болох бөгөөд маргаж буй эд хөрөнгийг нэхэмжлэгч А.А хариуцагч М.Ш-ын өмчлөлд шилжүүлсэн боловч эзэмшил, ашиглалтыг шилжүүлээгүй, хариуцагч эд хөрөнгийг зөвхөн өөрийн мэдэлд авсан үйл баримт хэрэгт байгаа хэмжээнд тогтоогдоогүй байна. Компанийн гэрчилгээ, тамга тэмдэг, тоон гарын үсэгтэй флашийг хариуцагчид өгсөн үйл баримт нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх нөхцөл болохгүй. Хариуцагч М.Ш нь дурдсан гэрээнүүдийг байгуулсны дараа С дүүргийн **-р хороо, *** гудамж, *** тоот хаяг бүхий газар дээр барилгын ажил хийсэн гэсэн бол нэхэмжлэгч нар өөрсдөө барилга барьсан гэж марган, зохигч талууд тус тус шүүхэд баримтууд гаргаснаас үзэхэд маргаж буй хөрөнгө зөвхөн хариуцагчийн эзэмшилд байгаагүй байна.

М.Ш нь цагдаагийн байгууллагад “...2019 оны 07 сард Б-н иргэн С.Т нь махны үйлдвэр барьж хамтран ажиллая гэж тохироод, хамтран амьдрагч А.А-н өмчлөлийн С дүүргийн ** хороонд байрлах үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай 240 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлж, 100,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн атлаа одоо газраа буцаан шилжүүлэн авна гэж залилсан...” гэх гомдол гаргасныг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаад, залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын иргэний маргаан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай Нийслэлийн С дүүргийн П газрын 2020.03.31-ний өдрийн **** дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол хэрэгт авагджээ. (1хх-35)

Хариуцагчийн тайлбарласнаар, түүний эх Ц.Н-ийн данснаас 2019.08.07-ны өдөр Б-н иргэн С.Т-ийн Х банк дахь дансанд 20,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөг, А.А-н Х банк дахь дансанд 2019.08.16-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн (1хх 139-140, 2хх 28-30, 78-79, 3хх-17) баримт байх боловч эдгээр гүйлгээний утгад үл хөдлөх эд хөрөнгө болон хувьцааны үнэ гэж тусгагдаагүй, Ш ЦС гэж бичсэн ба гэрээний төлбөр гэж эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

Түүнээс гадна 2021.09.27-ны өдрийн шүүх хуралдаан дээр (2хх-111) нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч А.А нь энэ газрыг 2018.10.02-ны өдөр 70,000,000 төгрөгөөр худалдаж авсан, нотариатчаас гэрээг гаргуулж болох боловч хариуцагч үүнийг маргаагүй байна...” гэж худалдсан эд хөрөнгийн үнийн талаар тайлбар гаргаж байжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээг байгуулснаас хойш 2020.02.19-ний өдөр 7 сарын дараа шүүхэд хандсан байна.

Эдгээр баримтын хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгч эд хөрөнгөө худалдах хүсэл зориггүй байсан гэдгийг мэдэж байсан нь тогтоогдсон ба хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахад тухайн этгээдийн бодит хүсэл чухал байдаг бөгөөд уг илэрхийллийн утгыг давуу гэж үзэхгүй, улмаар талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

13.3.Нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбар (3хх 200-202)-таа талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байсан байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг төлбөрөө төлөөгүй, үүргээ биелүүлээгүй гэж гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах өөр үндэслэлийг заасан байна. (2022.08.03-ны өдрийн шүүх хуралдаан дээр-3хх 131)

Төлөөлүүлэгч болон түүний төлөөлөгч зөрүүтэй тайлбар гаргасан нөхцөлд Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ” гэж заасан агуулгын хүрээнд нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023.12.25-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлийг илэрхийлснээр дээрх зөрүүтэй байдал арилсан байна.

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

14.1.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “2019.08.02-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компани худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, С дүүргийн **-р хороо, *** гудамж, *** тоот хаягт байрлалтай, 9992 м.кв талбайтай, газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох” шаардлагад 453,350 төгрөгийн хураамж төлсөн ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэд хэдэн удаа өөрчилсөн боловч үүнээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь найруулгын, утгыг нь залруулсан шинжтэй байсан учир улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй нь хууль зөрчөөгүй байна.

2019.08.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дүн 30,000,000 төгрөг, компани худалдах-худалдан авах гэрээний үнийн дүн 1,000,000 төгрөг нийт 31,000.000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж бодоход 312,950 төгрөг болох ба газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад тус бүр 70,200 төгрөгөөр бодоход нийт 453,350 төгрөгийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчөөгүй байв. Давж заалдах шатны шүүх энэ талаар буруу тооцоолол хийсэн байна.

Түүнээс гадна улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөөгүй тохиолдолд иргэний хэрэг үүсгэсэн бол шүүх шийдвэр гаргахдаа залруулж болох учир ноцтой зөрчил гэж үзэхгүй юм. Иймд энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангахгүй.

14.2.Гомдолд дурдсанаар шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь маргаж буй газар дээр үл хөдлөх эд хөрөнгө баригдсан, улмаар өмчлөх эрхээ бүртгүүлсэн, “Ч” ХХК-ийн тоон гарын үсгийг хүлээн авсан тухайд маргаагүй бөгөөд хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй учир шүүх эд хөрөнгийг дундаа өмчлөх эсвэл хамтран ажиллах гэрээний үр дүн гэж дүгнэх ч боломжгүй, мөн улсын бүртгэлийн албанаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаарх баримтыг дутуу бүрдүүлсэн нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй учир ноцтой зөрчил гэж үзэхгүй болно.

14.3.Худалдах-худалдан авах гэрээ хуульд заасан хэлбэрийн болон бусад шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл болохыг шүүх дүгнэж чадаагүй гэх гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна. Гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар энэ тогтоолын хянавал хэсгийн 13-т дүгнэснээр гомдлыг хангах боломжгүй юм.

14.4.Анхан шатны шүүх шүүгчийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг хууль зөрчөөгүй талаар магадлалын “Хянавал” хэсгийн 6.4-т дүгнэснийг үндэслэлтэй гэж үзнэ.

14.5.Талуудын хооронд байгуулагдсан газрын эрх шилжүүлэх гэрээнд ямар нэгэн хариу төлбөр тусгагдаагүй боловч хүчин төгөлдөр бус худалдах-худалдан авах хэлцлээс урган гарсан, хоорондоо холбоотой, бие даасан хэлцэл биш бөгөөд нэхэмжлэгч нь газрын албанд хүсэлт гаргасны улмаас хэлцэл биелэгдээгүй байна. Тийм учраас зохих журмын дагуу газрын албанд хандаж шийдвэрлүүлээгүй эсэх нь ач холбогдолгүй, энэ талаарх хариуцагчийн гомдлын агуулга үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байна.

14.6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй, анхан шатны шүүхийн шүүгч хөтөлж асуусны үндсэн дээр дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлж баталгаажуулсан гэх гомдлыг мөн хангахгүй орхив.

Шүүх хэрэгт байгаа баримтын үндсэн дээр үйл баримтыг тогтоож, хууль хэрэглэх учир зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 2020.02.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх талуудын нотлох баримт гаргах, бүрдүүлэх, шүүх хуралдааныг 30 удаа хойшлуулж хүсэлтийг нь хангах, хэргийн материалтай танилцуулах зэргээр мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын үүднээс шүүгч маргааны үйл баримтыг бодитой тогтоохын тулд зохигчоос зарим үйл баримтыг тодруулах, эсвэл сануулах хэлбэрээр оролцож болно. Хэрэгт байгаа шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзвэл шүүгч хөтөлж асуусан, нэг талыг баримталсан гэх зөрчил байхгүй байна.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00429 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/00063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч М.Ш-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.05-ны өдөр төлсөн 478,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ   

            ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                      Д.ЦОЛМОН