Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00086

 

Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05319 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/00285 дугаар магадлалтай,

Ч-гийн нэхэмжлэлтэй

“М” ХХК, Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагч Э, хариуцагчийн өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч хариуцагч “М” ХХК, Э нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05319 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “М” ХХК болон Э нарт холбогдох 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,313,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/00285 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05319 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 313,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чд олгож, хариуцагч Эээс 117,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Чгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... үлдээсүгэй.” гэснийг, “үлдээж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,726,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,313,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч бөгөөд хариуцагч “М” ХХК-ийн  төлөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн хүчингүй болгон өөрчилж 313,650,000 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасан давж заалдах шатны шүүх хэргийг хянан шалгахдаа бүхэлд нь тал бүрээс нь бодитойгоор хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэлгүй зөвхөн зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтыг хөдөлшгүй үнэн бодит гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдагдаад байгаа зээлийн гэрээ нь нэхэмжлэгч Ч нөхөртөө үзүүлэх юм санаа зоволтгүй, хөрөнгө оруулалт санхүүжилт гэвэл нөхөр зөвшөөрөхгүй, зөвхөн түүнд үзүүлэх зорилготой гээд тухайн гэрээнд гарын үсэг зуруулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч талаас мэдэгдэж байсан юм. Энэ нь Ч, Т, О бид дөрөв крипто /биткойн/ валют арилжааны үйл ажиллагааг эрхлэх чиглэлээр хамтрах, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлыг харилцан хэлэлцээд эхний ээлжинд крипто валютын арилжааны программ хангамжийн санхүүжилтэд шаардагдах 214 сая төгрөгийг Ч санхүүжүүлэхээр болж 209,100,000 төлбөрийг 2021.10.29-ний өдөр компанийн дансанд шилжүүлэхдээ гүйлгээний утганд “зээл” гэж бичилт хийсэн байсан бөгөөд үүнийгээ нөхрөөсөө нууж байгаа мэдэгдэж болохгүй учир нэг зээлийн гэрээ хийгээд үзүүлчихмээр байна гэснээр уг зээлийн гэрээг байгуулсан. 2021.11.02-ны өдөр 214 сая төгрөгийг Хятадын компанид программ хангаж худалдан авахаар Ч бид хоёр хамтдаа банкинд очиж шилжүүлэг хийсэн юм. Тухайн программ хангамжийг компьютерт суулгаснаар “И” ХХК крипто валют арилжаа хийх боломжтой болсон юм.

Хэрвээ зээлийн гэрээний хувьд бодит зээл гэх бол дөнгөж танилцсан үл таних хүнд ийм их хэмжээний мөнгийг гуйгаад байхаар нь хүүгүй 3 сарын хугацаатайгаар зээлсэн гэдэг ямар ч хувь хүн байгууллага ийм зээлийг хэнд ч олгохгүй нь ойлгомжтой юм.

Үүнд нь давж заалдах шатны шүүх доорх нөхцөл байдалд нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэлгүйгээр шийдвэр гаргасан байгаа тул Ч нь Энэрэлт надаас болон компаниас зээлээ төлөөчээ гэсэн ямар ч шаардлага гаргаж байгаагүй. Үүнтэй холбогдолтой ямар ч нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж байгаагүй.

Ч Нийслэлийн захиргаанд төсөл санхүүжилт хариуцсан нягтлан бодогчоор олон жил ажилласан хүний хувьд бизнес зээлийн эрсдэл, баталгаат гарын үсэгний ач холбогдлын талаар маш сайн мэдлэгтэй хүн. “М” ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлэхээр 2021.11.02-ны өдөр итгэмжлэл аваад хөөцөлдөж байхдаа манай компанийг Сангийн яамнаас татан буулгах гэж байгаа юм гээд шинэ компани байгуулах санал гаргаж бид “И” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ нь дээрх зээл гэж байгаа санхүүжилтийн мөнгийг шилжүүлснээс хойш ердөө 3 хоногийн дараа болсон асуудал. Энэ талаар түүний илгээсэн мессенжер захианд тодорхой бичигдсэн байгаа. Тухайн компани нь татан буугдах жагсаалтад орсон байна гэдэг мэдээг бусад хамтрагч нарт мэдэгдэж байсан, мөн Сангийн яаманд мөнгө төлөөд “М” ХХК-ийг татан буулгая гэдэг санал гаргаж байсан хүн тэр даруйдаа “Зээл” гэж шилжүүлсэн мөнгөө буцаан авч эрсдэлээс өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах нь зүйн хэрэг байсан байтал тэгээгүй, харин ч үйл ажиллагаанд идэвхтэй оролцож үргэлжлүүлэн санхүүжилт хийж байсныг анхан шатны шүүх тогтоосон байдаг.

Чгээс “М” ХХК болон Энэрэлт миний хувийн дансанд шилжүүлсэн бүх мөнгийг “И” ХХК-ийн крипто валют арилжааны үйл ажиллагаанд зарцуулсан талаар холбогдох бүх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Компанийн үйл ажиллагаанд Ч өөрөө хяналт тавьж найз хүүхнээ компанийн нягтлангаар ажиллуулж байсан болно.

“И” ХХК-ийн дансанд хангалттай 4 тэрбум төгрөг байх үед Чгээс санхүүжилтийн мөнгөө татаж авах уу гэж байхад дараа дүрмийн сангийн өөрчлөлт хийх үед хэрэг болноо гээд охиныхоо нэр дээр нэмж 500 сая төгрөгийн крипто валют худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авч байсан.

Ижил төрлийн бизнес буюу крипто валют арилжааны компаниудын санхүүгийн эх үүсвэрийг хуулийн байгууллагууд шалгаж эхлэх үер Ч нь гадаад улс руу гараад одоо хүртэл эх орондоо ирээгүй. Гадаад руу явахаасаа өмнө анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоо Ч өөрөө гаргаагүй нь гарын үсгээр нь нотлогдож байна. Түүний анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэгтэй харьцуулж үзэхэд л ойлгомжтой. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд мэдэгдсэн боловч хянаж шалгаагүй орхигдуулсан.

Ч нь крипто валют арилжааны үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилт хийсэн бөгөөд уг мөнгөө “И” ХХК-аас нэхэмжлэх эрх нь нээлттэй талаар анхан шатны шүүх дүгнэсэн байгаа нь нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой дүгнэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч, мөн хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Э-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.04.11-ний өдрийн 001/ШХТ2024/00439 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдлах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Нэхэмжлэгч Ч нь хариуцагч “М” ХХК, Э нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Нэхэмжлэгч нь “М” ХХК-тай 2021.10.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 209,100,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон, ...2021.10.31-ний өдөр “М” ХХК-ийн захирал Э мөнгө зээлээч компанийнхаа зээлтэй хамт буцааж төлнө гэсний дагуу түүнд 2021.10.31-ний өдрөөс 2021.11.16-ны өдрийн хооронд 117,450,000 төгрөгийг зээлдүүлж, итгэлцлийн үүднээс гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тооцоогүй. Гэвч “М” ХХК, Э нар зээлийг буцаан төлөлгүй өнөөдрийг хүрсэн.

Зээлдэгч “М” ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2022.01.29-ний өдөр дууссанаас хойш 376 хоног хэтрээд байна. Гэрээний 2.3-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 209,100,000 төгрөгийн 50 хувиар алданги тооцвол нийт 313,650,000 төгрөг болсон ба мөн зээлдэгч Эээс амаар тохиролцон байгуулсан зээлийн гэрээний дагуу өгсөн 117,450,000 төгрөгийг  тус тус гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Анх 2021 оны 10 сард Т, О, Ч бид 4 ярилцаад компани байгуулахаар болсон. Улмаар миний 100 хувь хувьцааг нь эзэмшдэг “М” ХХК-аар үйл ажиллагаа явуулах, О, Ч, Т нар тус компанид хувьцаа эзэмшихээр болсон. Хөрөнгө оруулалтыг шуурхай хийж компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх шаардлагатай байсан тул “М” ХХК болон Ч нар 2021.10.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Ч нь “М” ХХК-ийн дансанд тус өдөр 214,200,000 төгрөг шилжүүлсэн.

“М” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх явцад “М” ХХК татан буугдах компанийн жагсаалтад орсон тул бид дөрөв “И” ХХК-ийг шинээр байгуулсан. Гэвч “И” ХХК-ийн дансанд мөнгө байршуулах боломжгүй байсан тул үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж буй Э миний дансанд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхээр болж, нотариат ороод зээлийн гэрээ байгуулсан.

Хэрэв крипто хөрөнгийн бирж ажиллуулаад ашиг гарсан бол Ч, О, Т нар тохирсноороо эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр ашиг хүртэх байсан. Иймд хамтарч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ашиггүй болсны алдагдлыг Э ганцаар хариуцна гэдэг шударга ёсонд нийцэхгүй байна. Бидний дунд ямарч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Харин Ч, Э нарын хооронд 2021.10.29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, ...нэхэмжлэгч Чгээс Э болон “М” ХХК-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь компанийн үйл ажиллагаанд зориулж шилжүүлсэн нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй, харин хамтын ажиллагааны дагуу шилжүүлсэн хөрөнгөө шаардахад энэ шийдвэр саад болохгүй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...“М” ХХК, Ч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна, ...зээл төлөгдөөгүй талаар зохигч маргаагүй учир Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 209,100,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээний 2.3-т алданги шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч зээлийн гүйцэтгээгүй үүрэг 209,100,000 төгрөгийн 50 хувиар тооцож 104,550,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ. Иймд хариуцагч “М” ХХК-аас үндсэн зээл 209,100,000 төгрөг, алданги 104,550,000 төгрөг, нийт 313,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чд олгох үндэслэлтэй байна, харин хариуцагч Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 117,450,000 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна...” гэж дүгнэжээ.

9. Дээр дурдснаар хоёр шатны шүүх үйл баримтыг өөр өөрөөр дүгнэж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагч, мөн хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

10.  Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 209,100,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд буцаан өгөөгүй тул үндсэн зээл 209,100,000 төгрөг, гэрээний 2.3-т заасан алдангийг 50%-аар тооцож 104,550,000, нийт 313,650,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Талууд 2021.10.29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн ба гэрээнд зааснаар зээлдүүлэгч Ч 209,100,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар зээлдэгч “М” ХХК-д хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч нь тохирсон хугацаанд зээлийн хөрөнгийг эргүүлэн төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-аар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч Ч 209,100,000 төгрөгийг 2021.10.29-ний өдөр “М” ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй боловч нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж, хариуцагч нь хамтран ажиллахаар компанид хөрөнгө оруулсан, бусдад үзүүлэхээр дүр үзүүлж хийсэн гэрээ тул  хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан байна.

Хариуцагч зээлийн гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, 2021.10.29-ний өдрийн зээлийн гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан, улмаар гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Зээлийн гэрээг хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус  нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иймд зээлдэгч буюу хариуцагч “М” ХХК гэрээний дагуу зээлдүүлэгчээс шилжүүлсэн 209,100,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т анз нь алданги, торгууль гэсэн төрөлтэй байна, 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус зохицуулжээ.

Талууд Зээлийн гэрээний 2.3-т алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй боловч давж заалдах шатны шүүх алданги шаардсан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Зээлийн хөрөнгийг шинээр байгуулсан “И” ХХК-ийг үүсгэн байгуулахад зориулсан, нэхэмжлэгч нь тус компанийг үүсгэн байгуулахаас эхлээд хариуцагчтай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь оролцож байсан байна.

“И” ХХК нь зах зээлд шинээр орж ирсэн койны буюу виртуал хөрөнгийг арилжих биржийн  үйл ажиллагаа эрхэлж байсан боловч Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдон компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, койны талаарх олон нийтэд тарсан мэдээлэл, койн худалдан авсан иргэд хөрөнгөө буцаан шаардснаас “И” ХХК болон “М” ХХК-ийн санхүүгийн байдал доройтсон, биржийн үйл ажиллагаанаас компани ашиг олоогүй бодит нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан зэргийг үндэслэн хариуцагчаас гаргуулах алдангийн хэмжээг багасгах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд үндсэн зээл 209,100,000 төгрөгийн 1 хувиар алдангийг тооцож, алданги 2,091,000 төгрөгийг /209,100,000х1%/ үндсэн зээлийн хамт, нийт 211,191,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

12. Нэхэмжлэгч нь хариуцагч Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 117,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хоёр шатны шүүх дээрх хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалт гэж дүгнэн нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй болно.

13. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/00285 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/05319 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч “М” ХХК-аас 211,191,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 102,459,000 төгрөгийг болон хариуцагч Э-эд холбогдох 117,450,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,213,905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Э-ийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Э-ээс 2024.03.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,455,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                            ШҮҮГЧИД                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД