| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 020/2014/0507/З |
| Дугаар | 383 |
| Огноо | 2017-10-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 383
Я.Бб, Я.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ц, М.Ж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, нэхэмжлэгч Я.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээд “О к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц нарыг оролцуулан хийж, Я.Бб, Я.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0259 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0457 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0259 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Бб, Я.Б нарын Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжийн “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах; Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн 295 дугаар захирамжийн “О к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 2083 м.кв талбайтай 000303861 дүгээр гэрчилгээтэй газар нь Я.Б-гийн хувийн сууц, Я.Бб-ын өмчлөлийн газартай давхацсан хэсэгт өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах; Нийслэлийн газрын алба маргаан бүхий газрын кадастрын зургийг зөвтгүүлэх; Сонгинохайрхан дүүргийн газрын алба 2004 онд Я.Б, Б.Н нарын газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээн аваад холбогдох баримтын хамт үрэгдүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож; Я.Б-гийн 14 жил амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 8-54 тоот газрын эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах; Эд хөрөнгийг буцаан хэвийн байдалд оруулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “О к” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийн Я.Бб-д өмчлүүлсэн 337 м.кв газрын 120 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0457 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Б, Я.Бб нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, өмгөөлөгч М.Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0259 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0457 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрүүдийг гаргалаа гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Я.Б 2003 онд Батлан хамгаалах яамны шийдвэрээр Барилгын цэргийн 022 дугаар ангийн уурын зуухны акталсан хуучин барилгыг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдан авч, Батлах хамгаалах яамны шийдвэрийн дагуу Барилгын цэргийн 022 дугаар ангийн захирагч Б.Батбаяр тушаал гаргаж, комисс томилогдон тус уурын зуухны барилгын яндангийн бэхэлгээний шонгоор хилийн зааг тогтоож, 1602 м.кв талбайд хашаа татаж, дуудлага худалдаагаар авсан барилгыг хүлээлгэн өгсөн ба Я.Б гэр бүлээрээ уг барилгаа засаж чулууны үйлдвэрлэл явуулж, улмаар 2004 онд 5x10 харьцаатай хувийн орон сууцаа барьж амьдарсан.
2004 онд Я.Б нь цэргийн ангиас хашаалж өгсөн 1602 м.кв газраа гэр бүлээрээ хувааж эзэмшихээр эхнэр Р.Ө, хүү Б.Н нар хамтдаа хорооныхоо Засаг даргаар уламжлан Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд өргөдөл гаргахад түүний эхнэр Р.Ө-т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 8-54 тоотод 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба 2005 оны 4 дүгээр сарын 25-нд дахин өргөдөл гаргаж, газрын гэрчилгээгээ гаргуулж авсан.
Харин Я.Б, түүний хүү Б.Н нарын өргөдлийн хариу гараагүй. Хүү Б.Н нь 2005 оны 11 дүгээр сарын 27-нд дахин өргөдөл гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 359 дүгээр захирамжаар 337 м.кв газар эзэмшиж, уг газраа 2008 онд авга ах Я.Бб-д шилжүүлснээр Я.Бб Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээндээ өмчлөх болсон. Тухайн үед Я.Б-гийн өргөдлийн хариу гараагүй тул Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн н.С-тай уулзахад өргөдөл бичиг баримт олдохгүй байна, хүлээж бай газрын зөвшөөрөл гаргаж өгнө гэж явсаар бичиг баримт нь олдоогүй ба н.С нь нас барсан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх шатны шүүх дүгнэхдээ “нэхэмжлэгч Я.Б-гийн газрын өргөдөл гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Я.Б-г 1602 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн Я.Б-гийн эхнэр Р.Ө 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл хүсэлтээ гаргасны дагуу гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлсэн 700 м.кв газарт Я.Б-гийн дуудлага худалдаагаар худалдаж авсан уурын зуухны барилга болон хувийн сууц барьсан хэсэг орсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх, ашиглах эрх зөрчигдөөгүй байна гэсэн дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй буруу дүгнэсэн, зөвхөн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг барьж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж 2004 онд барьж өнөөдрийг хүртэл 14 жил шударгаар амьдарсан хувийн орон сууцаа нураалгахад хүрээд байна.
1. Я.Б 2004 онд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд эхнэр Р.Ө, хүү Б.Н нар хамтдаа 1602 м.кв газраа хувааж эзэмшихээр өргөдөл гаргахдаа Уурын зуухны барилга дуудлага худалдаагаар худалдаж авсан Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн дуудлага худалдааны шийдвэр, холбогдох бичиг баримтаа хамт өгсөн учраас 2004 оны 10 дугаар сарын 04-нд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 204 дүгээр захирамжаар Р.Ө 700 м.кв газрыг эзэмшсэн ба уг газарт дуудлага худалдаагаар авсан барилгын тал хэсэг нь орсон нь кадастрын зураглалаар нотлогдож байна. Р.Ө-ийн эзэмшил газрыг 2004 оны захирамжаар шийдвэрлэсэн атлаа 2005 оны 11 дүгээр сард дахин өргөдөл гаргуулж, эзэмших эрхийн гэрчилгээгээ олгосон байдаг. Я.Б нь 2004 онд өргөдөл болон дуудлага худалдаагаар авсан Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг баримтаа өргөдлийн хамт өгсөн нь энэ үйл баримтаар нотлогддог.
Сонгинохайрхан дүүргийн газрын албаны архиваас уг захиргааны хэрэгт шүүхийн журмаар иргэн Р.Ө-ийн эзэмшил газрын анхны өргөдөл, бусад холбогдох баримт болон Я.Б-гийн Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны шийдвэр, бичиг баримтыг нотлох баримтаар гаргуулахад Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн дуудлага худалдааны шийдвэр гарч ирэхгүй байгаа нь анхны өргөдөл, холбогдох баримтыг ямар нэг байдлаар Я.Б-гийн өргөдөл бусад баримтыг хамт алга хийсэн, үрэгдүүлсэн гэдэг нь тодорхой байдаг.
Р.Ө-т 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 204 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн атлаа 2005 оны 11 дүгээр сард дахин өргөдөл бичүүлж авсан цаг хугацааг харьцуулж харахад тэд нарын анхны өргөдлийг 2004 онд хүлээж авсан болох нь үүгээр нотлогдож байна. Хэрэгт авагдсан 022 дугаар цэргийн ангийн захирагчийн тушаал, “Монмент инженеринг” ХХК-ийн гаргасан агаараас авсан зураглал, гэрч н.Нарантуяа, н.Дэжидням, н.Арсланбаатар, хорооны Засаг дарга н.Ганболд, Р.Ө-ийн эзэмшил газрын гэрчилгээ, кадастрын зураглал, өргөдөл зэргээр нотлогдоно.
Шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны архивын баримтад үзлэг хийсэн Я.Б-гийн худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны холбогдох бичиг баримт өргөдөл гарч ирэхгүй байгаа нь бичиг баримтыг үрэгдүүлсний нотолгоо гэж үзэхээр байна. Р.Ө, Б.Бб нарын одоогийн эзэмшил газар нь нэхэмжлэгч Я.Б-гийн Батлан хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн ангиас дуудлага худалдаагаар худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарагдах 1602 м.кв газар дээр үүссэн нь эргэлзээгүй үнэн юм. Хэрвээ Я.Б нь Барилгын цэргийн ангиас үл хөдлөх хөрөнгө худалдаж аваагүй бол Р.Ө, Я.Бб нарт цэргийн ангийн бөгөөд тусгай хэрэгцээний газарт баригдсан барилгатай талбайд газрын зөвшөөрөл шууд зөвшөөрөгдөхгүй нь ойлгомжтой юм.
2. Я.Б 2003 онд Батлан хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн ангиас үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар, хууль ёсны дагуу дуудлага худалдаагаар худалдан авч улмаар 2004 онд хувийн орон сууцаа барьж өнөөдрийг хүртэл амьдарсан. Худалдаж авсан объект болон объектын дагалдах хэрэгсэл, барьсан хувийн орон сууцаа дагаад газрын эзэмших, өмчлөх эрх шууд хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй. Тухайлбал, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2-д “Газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэсэн хуулийн заалттай нийцэж байна. Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэснээс үзэхэд Я.Б үл хөдлөх эд хөрөнгө дуудлага худалдаагаар худалдан авч эзэмших, өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн, шууд эзэмшигч болсон байна.
Гэтэл шүүх дүгнэхдээ зөвхөн Газрын тухай хуулийн заалтыг хэрэглэж байгаа нь Я.Б-гийн 2003 онд шударгаар олж авсан үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг үгүйсгэж байна. “Ч” ХХК болон “О к” ХХК-ийн эзэмшлээс өмнө Я.Б, Б.Н, /Я.Бб/ нарт эрх үүссэнийг үгүйсгэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэсэн хуулийн зохицуулалттай нийцсэн. Мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.5 дахь хэсэг мөн хамаарч байна.
3. Я.Б Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, Иргэний хуулийн дээр дурдсан зүйлд заалтуудаар үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авч эзэмших, өмчлөх эрх үүссэн байдалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй байна. Я.Б өмч хөрөнгө худалдан аваад эрхээ баталгаажуулах асуудал дээр учраа мэдэхгүй явсан, мөн Сонгинохайрхан дүүргийн газрын албаныханд мэхлэгдэн бичиг баримтаа үрэгдүүлж хугацаа алдсан, өмч хөрөнгө дээр нь давхцал үүссэнийг мэдээгүй 10 гаруй жил эзэмших, өмчлөх эрхээ шударгаар, бодиттой хэрэгжүүлж ирсэн, бусдаас давуу байх хуульд эрхээ эдлэх эрхтэй гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ “Я.Б-гийн 2004 онд барьсан одоо хүртэл амьдарч байгаа 5x10 хэмжээтэй хувийн орон сууц барьсан хэсэг нь Р.Ө-ийн эзэмшилд байгаа 700 м.кв талбайд орсон гэж буруу дүгнэсэн байна. Р.Ө-ийн эзэмшил газарт Я.Б-гийн дуудлага худалдаагаар авсан уурын зуухны барилгын тал хэсэг орсон байгааг кадастрын зураглалаас харж болно.
4. ”Ч” ХХК нь 2006 онд Батлан хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн 022 дугаар ангиас үйлдвэрийн барилгыг гэрээгээр худалдан авч, улмаар Нийслэлийн газрын алба “Ч” ХХК-ийн хүсэлтээр кадастрын зураглал хийхдээ Я.Б нарын орон байр, эзэмшил газарт давхцуулж кадастрын зураглал хийсэн нь хүний өмчлөх, эзэмших эрхэнд халдсан нь илт хууль бус ажиллагаа байгааг анхаарч үзэхгүй байна. Тухайлбал: Хх-37, 66 дугаар талд байгаа “Ч” ХХК-ийн эзэмшил газрын хувийн хэргээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтад кадастрын зургийг гүйцэтгэсэн Нийслэлийн газрын албаны газар зохион байгуулагч Д.Б-У, хянасан С.Ц-А, Ц.С нарын хийсэн кадастрын зураглалаас харахад эргэлтийн цэгийн тоо баримт, он, сар, өдөр бичигдээгүй 17568 м.кв газрын зураглал хийсэн байх ба энэхүү зураглалыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар баталгаажуулсан байдаг.
Дараа нь “Ч” ХХК-ийн 17568 м.кв газраас 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар “О к” ХХК-д 11692 м.кв-ыг шилжүүлж эзэмшүүлсэн, дараа нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжаар “О к” ХХК-ийн 11692 м.кв газрын зориулалтыг өөрчлүүлсэн байдаг ба маргаан бүхий газар кадастрын зураглал хийхдээ бодитоор хэмжилт хийгээгүй таамгаар зураг дээр ажилласан байдаг. Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх худалдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуусан “Кадастрын зураглал хийж байгаа хүн газар дээр нь хэмжилт хийдэггүй юм уу, хэмжилт хийсэн бол зам дээр чинь хашаа, орон байр таарна, таавраар зураглал хийдэг бол амьдралаас тасарсан зураглал болно гэж асуухад Б.А асуултад танд хариулахдаа: “Техник технологи хөгжөөд агаарын зураг харж болно. 2006 онд харах боломжгүй, нууцтай холбоотой байсан учир зургаа харж байгаад кадастрын зураг хийгдсэн байгаа” гэж газар дээр нь бодитоор хэмжилт хийгээгүй гэдгээ хэлсэн байдаг.
Я.Б Барилгын цэргийн 022 дугаар ангид ахлагчаар ажиллаж тус цэргийн ангиас ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч акталсан барилгаа хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдаж БХЯ-наас шийдвэр гарч барилга тойрсон газрын хил заагийг тогтоож 1602 м.кв газрыг хашаалж өгсөн. Я.Б-гийн нэр дээр гэрчилгээ гараагүй байдлыг дөрөөлж нэг талыг барьж дүгнэлт хийж байгаа нь иргэн хүний эрх ашгийг хамгаалах биш илт хууль бус шийдвэрийг хамгаалсан тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргалаа. Я.Б барьсан хувийн орон сууц дээр нь давхцал үүссэн гэдгийг 10 гаруй жил амьдрахдаа мэдээгүй бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 10-нд “О к” ХХК хашааг буулган, хүч түрэн орж ирж хашааг нураах үед мэдэж холбогдох байгууллагад хандсан.
Шүүх нэхэмжлэгч Я.Б-гийн Үндсэн хууль, Иргэний хуульд заасан эрхийн дагуу олж авсан Үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг үгүйсгэж эрхийг хязгаарлаж хэрэглэвэл зохих Үндсэн хууль, Иргэний хуулийн зохих заалтыг хэрэглээгүй зөвхөн Газрын тухай хуулийг баримталж, нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашгийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд, шийдвэр, магадлалыг хянаж, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Я.Б, Я.Бб нар нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжийн “Ч” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн “О к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 2083 м.кв талбайтай 000303861 дүгээр гэрчилгээтэй газар нь Я.Б-гийн хувийн сууц, Я.Бб-ын өмчлөлийн газартай давхцсан хэсэгт өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн газрын алба маргаан бүхий газрын кадастрын зургийг зөвтгүүлэх, Сонгинохайрхан дүүргийн газрын алба 2004 онд Я.Б, Б.Н нарын газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээж аваад холбогдох баримтын хамт үрэгдүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгох, Я.Б-гийн 14 жил амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 8-54 тоот газрын эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Я.Б нь Барилгын цэргийн 022 дугаар ангийн уурын зуухны хуучин барилгыг худалдан авсан байх ба түүний эхнэр Р.Ө уг газарт газар эзэмшихээр 2005 онд өргөдөл гаргасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэн 79631 дүгээр гэрчилгээ олгож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар 700 м.кв газрыг өмчлүүлсэн. Мөн түүний хүү Б.Н тус газарт газар эзэмших өргөдөл гаргаснаар дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 359 дүгээр захирамжаар 336 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд түүний хүсэлтээр дүүргийн Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар захирамжаар уг газрыг Я.Бб-д шилжүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжаар 337 м.кв газрыг өмчлүүлжээ.
Гуравдагч этгээд “Ч” ХХК нь Барилгын цэргийн 022 дугаар ангийн үндсэн байрлал болон туслах үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж байсан Батлан хамгаалах яамны хөрөнгөнд бүртгэлтэй объектыг худалдан авч, улмаар газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар тус компанид 17598 м.кв газрыг эзэмшүүлсэн байх ба тус компани эзэмшил газраас 11691 м.кв газрыг “О к” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар 11691 м.кв газрыг шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч Я.Б нь “2003 онд Батлан хамгаалах яамны шийдвэрээр Барилгын цэргийн 022 дугаар ангийн Уурын зуухны акталсан хуучин барилгыг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдан авсан ба тус ангийн захирагч Б.Батбаярын тушаалаар томилогдсон комисс надад уурын зуухны барилгын яндангийн бэхэлгээний шонгоор хилийн зааг тогтоож, 1602 м.кв талбайд хашаа татаж барилгыг хүлээлгэн өгсөн ба гэр бүлээрээ уг барилгаа засаж чулууны үйлдвэрлэл явуулж, улмаар 2004 онд 5x10 харьцаатай хувийн орон сууц барьж амьдарсан. Энэ нь 2005 оны агаарын зурагт тодорхой байгаа. ...Гэтэл Нийслэлийн газрын алба “Ч” ХХК-ийн кадастрын зургийг хийхдээ Я.Б, Я.Бб нарын газартай давхцуулсан бөгөөд энэ нь миний өмчлөх эрхэд хууль бусаар халдсан явдал” гэж маргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 022 дугаар ангийн захирагчийн 2003 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаар тушаалаас харахад туслах үйлдвэрийн уурын зуухны барилгыг Я.Б худалдан авсантай холбогдуулан, уурын зуухны барилгыг хүлээлгэн өгөх комиссыг томилж, комиссын дарга, гишүүдэд уурын зуухны барилгыг газар дээр нь очиж нэг бүрчлэн хүлээлгэн өгөх, газрын хэмжээг тогтоож хашааг татаж янзлах, барилгыг хүлээлгэн өгсөн тухай нотломжийг бичиж ангийн захирагчаар батлуулах үүрэг өгсөн байх ба гэрчүүдийн мэдүүлгээр уурын зуухны барилгыг тойруулан хашаа татаж Я.Бб-д хүлээлгэн өгчээ.
Нэхэмжлэгч Я.Бб, Я.Б нарын маргаж буй газар болох худалдан авсан уурын зуух, түүний бүрдэл хэсэг /яндангийн бэхэлгээний шон г.м/ багтсан болон нэхэмжлэгчийн барьсан хувийн орон сууцны байшин байрлаж буй газар нь “Чэжү” ХХК, “О к” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай эсэх, давхцалтай бол ямар хэмжээгээр хэрхэн давхацсан, нэхэмжлэгчийн барьсан хувийн орон сууцны байшин ямар хэмжээтэй, газрын хаана байрлаж буй нь тодорхойгүй байна. Хэрэгт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/896 тоотоор ирүүлсэн газрын давхцлыг харуулсан Нийслэлийн Газрын мэдээллийн сангийн 2016 оны зурган мэдээлэл авагдсан байх боловч уг мэдээлэлд дээрх нөхцөл байдлууд тодорхой тусгагдаагүй байна.
Уг хэргийг урьд нь анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хэргийг хянаж “нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх талаар холбогдох баримтыг цуглуулж, тэдгээрийн эзэмшил газрын хэмжээ, хил хязгаар, давхцал байгаа эсэхийг тодруулах, шаардлагатай бол шинжээч томилж, дүгнэлт гаргуулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага тус бүрт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай. Түүнчлэн дараа дараагийн шийдвэрүүдийн улмаас хүчингүй болж үйлчлэл нь зогссон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461, 2008 оны 295 дугаар захирамжууд нь маргаан бүхий акт мөн эсэх, тус актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар шүүх бүрэн тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, газрын давхцалтай байдлыг тогтоож дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, тэдний маргаж буй захиргааны актуудын үндэслэл, тэдгээрийн улмаас тэдний эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж буй эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.
Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай дээр дурдсан нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0259 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0457 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б. МӨНХТУЯА