Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монтракт групп ХХК-ний нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШШ2017/00488 дугаар шийдвэртэй,  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Сонсголонгийн зам, Montract офисст байрлах Монтракт групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар баг, Жаргалан 36 тоотод байрлах “Ховд скай” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн түүний өмгөөлөгч, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 242.202.500 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Монтрак Групп ХХК нь уул уурхайн, зам барилгын, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, сэлбэг нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа олборолт, зочид буудал, тээвэр зууч, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, барилга угсралт, гаалийн баталгаат агуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болно.

Хариуцагч Ховд Скай ХХК нь нэхэмжлэгч Монтрак Групп ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг эзэмшилдээ авч, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг цоо шинээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн болно.

Гэтэл хариуцагч нь санхүүгийн түрэээсийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөлтийг удаа дараалан тасалдуулж ирсэн.

Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүн гараагүй, санхүүгийн түрээсийн төлыөр төлөөгүй тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй үндэслэлээр Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.1-т заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан болно.

Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.4-т Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15 000 000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасны дагуу хариуцагч 2 ширхэг авто ачигчийг ашигласан хугацаа 12 сар /2014.09.12-ны өдрөөс 2015.09.14-ний өдрийг хүртэл/-ыг 15 000 000 төгрөгөөр тооцоход 360 000 000 төгрөг болно. Үүнээс хариуцагч Ховд Скай ХХК-ийн төлсөн түрээсийн төлбөр 118 219 500 төгрөгийг хасч тооцоход Ховд Скай ХХК-ийн дутуу төлсөн түрээсийн төлбөр 241 780 500 төгрөг болно.

Үүн дээр хариуцагч Ховд Скай ХХК-ийн нэхэмжлэгч Монтрак Групп ХХК-иас бараа материал, сэлбэгийг зээлээр худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 422 000 төгрөгийг нэмбэл 242 202 500 төгрөг болж, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойлогдоно. Иймд манай компаний хохирлыг гаргуулж өгнө үү “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие нь Монтракт ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2 ширхэг ковшийг худалдаж авсан. Мотракт ХХК-ний нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 1111-ний өдөр байгуулагдсан 14/42 тоот  Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 242202500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШШ2017/00488 дугаар шийдвэрээр:“ 1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Ховдскай ХХК-иас 61,780,500 /жаран нэгэн сая долоон зуун наян мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монтрак групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180,422,000 /нэг зуун наян сая дөрвөн зуун хорин хоёр мянга/ төгрөгийг, Монтрак групп ХХК-д холбогдох 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай хариуцагч Ховдскай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,963 /нэг сая гурван зуун жаран найман мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховдскай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 466,853 /дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монтрак групп ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ховдскай ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 26 дугаар бүлгийн зохицуулалтыг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, 317 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.4, 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэ байна. Лизинг буюу санхүүгийн түрээсийн гэрээний зохицуулалт нь лизинг хүлээн авагчид эд зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэх үйл явдлыг санхүүжүүлэх зорилгоор хийгддэг.

 Маргааны зүйл болох авто ачигчийг Ховд скай ХХК нь өөрийн шууд эзэмшилдээ байлган 6 сарын хугацаатайгаар, хүүтэйгээр төлбөрийг нь төлж барагдуулснаар худалдан авах эрх нь үүсэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

 Гэтэл нийт төлөх төлбөрийн талыг нь төлөх явцад нийтэд илэрхий Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа зогссоны улмаас төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Шүүхэд уьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байх ёсгүй. Гэтэл хариуцагч В.Баасанбямба нь халтирч унасны улмаас нуруундаа хүнд гэмтэл авч удаан хугацаагаар оношлуулж, эмчлэгдэж байсан бөгөөд энэ талаархи нотлох баримтыг шүүхэд удаа дараа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт болон шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, үндэслэлгүйгээр Монтракт групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Шүүх санхүүгийн түрээсийн гэрээнд яагаад шилжиж болно гэж үзсэн нь ойлгомжгүй сарын 15000000 төгрөгөөр ямар учраас төлнө гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 230 дугаар тогтоолоор хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч В.Баасанбямба миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг нь зөрчин шүүх хуралдаан явуулсанд гомдолтой байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэсэн шүүгчийн дүгнэлт бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэж байна.

Барьцааны агуулга нь хөрөнгөө дагадаг гэтэл хөрөнгөө авсан тал нь машины үнийг давхар авах нь хуульд нийцэхгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан талууд маргаагүй асуудлаар ч шүүх дүгнэлт хийсэн нь хуулийг зөрчиж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлан хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шийдвэрийн үндэслэл нь нэхэмжлэгч тал гэрээний 9.4-д заасан заалтыг нэг ширхэг авто ачигчийн сарын түрээсийн төлбөр 15.000.000 төгрөг, хоёр авто ачигчийн сарын түрээсийн төлбөр 30.000.000 төгрөг гэж тайлбарласан боловч гэрээний 9.4-т түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн, түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15.000.000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж талууд тохиролцсон байна. Иймд илүү нэхэмжилсэн 180.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэжээ. 

Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-т заасан түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлж, сар тутамд 15.000.000 төгрөгөөр тооцох нь 1 авто ачигчийн үнэ гэдэгт талууд маргадаггүй, хариуцагч хүлээн зөвшөөрдөг нь хариуцагч талын тайлбар болон бусад нотлох баримтаар нотлогдож байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т зааснаар Түрээслэгч нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Хариуцагч Ховд скай ХХК-нь өөрийн эзэмшил, ашиглалтад түрээсийн зүйлийг байлгасан хугацаанд ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалгаантай байлгасан эсэхээ өөрөө нотолж чадаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх шалтгаан, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, олон удаа шүүхийг үл хүндэтгэж, хуурамч нотлох баримтыг ирүүлж шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь Ховдскай ХХК-нд холбогдуулан түрээсийн төлбөр 241,780,500 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг нийт 242,202,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ховдскай ХХК нь Монтрак групп ХХК-д холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, түрээсийн нэг ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Ховдскай ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус” гэж, хариуцагч Ховдскай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг Монтрак групп ХХК хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Ховдскай ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэж тус тус тайлбарлажээ.

            Уг хэрэг 2018 оны 2 дугаар сарын 08-ний өдрийн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж 001/ХТ2018/00230 дугаартай тогтоол гарсан байна.

            Хяналтын шатны шүүхээс “Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэл, Ховд скай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тул талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаар дүгнэлт хийх боломжгүй байна, хариуцагчийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, 2017 оны 2 сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тайлбар зэргийг шүүх тодруулаагүй нь буруу байна” гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан байна.

            Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбарыг бичгээр авч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан боловч хариуцагч Ховдскай ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тайлбарыг тус тус тодруулаагүй, хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тайлбарын талаар тус тус тодруулахгүйгээр талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан маргааны талаар талуудын мэтгэлцэх эрх бүрэн бодитойгоор хэрэгжээгүй байна.

            Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,500 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1,057,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШШ2018/00488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 607,500 төгрөг,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1,057,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, тэдгээрт буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                  ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                                  

                                                                                М.НЯМБАЯР