Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01067

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01067

 

Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2020/00419 дүгээр шийдвэр,

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалтай,

 

Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ховд скай ХХК-д холбогдох

 

242,202,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Орхон, өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь хариуцагч Ховдскай ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 241,780,500 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг нийт 242,202,500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2020/00419 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 206 дугаар зүйлийн 206.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд скай ХХК-д холбогдох 242,202,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монтрак групп ХХК-иас 118,219,500 төгрөгийг гаргуулан Ховд скай ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ховд скай ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 889,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Монтрак групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 889,447 төгрөгийг гаргуулан Ховд скай ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2020/00419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,960,060 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Орхон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргасан байна.

4.1 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.09.08-ны өдрийн №29 дүгээр магадлалд Талуудын хооронд байгуулсан 2014.09.11-ны өдрийн №14/42 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ нь түрээслүүлэгч Монтрак групп ХХК нь гэрээний зүйл болох 2 ширхэг авто ачигч машиныг түрээслэгч Ховдскай ХХК-д түрээслэн ашиглуулахад зориулан бүрэн төгс санхүүжилт өгөх зорилготой санхүүгийн түрээсийн гэрээ гэхээс илүүтэй гэрээний зүйлийг 6 сарын дараа өмчлөлд нь шилжүүлэхийг гол хүсэл зоригоо болгосон зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл уг 2 ширхэг авто ачигч машиныг түр хугацаагаар ашиглуулах бус харин анхнаасаа гэрээ байгуулахдаа урьдчилгаа тохирч, үнийг хэсэгчлэн төлөх, үүнийхээ төлөө хүү тооцох, улмаар гэрээ дууссаны дараа өмчлөлд нь бүр мөсөн шилжүүлэх зорилготой байжээ хэмээн дурджээ. Гэвч талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 312 дугаар зүйлийн 312.3-т Түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно гэж заасны дагуу Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан юм.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2014.09.11-ний өдрийн №14/42 тоот гэрээний 1.1-д Гэрээний зорилго: Түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлд байгаа 2 ширхэг HG951HL маркийн авто ачигч машиныг 52500 ам.доллароор үнэлж, түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаагаар төлбөртэйгөөр шилжүүлэх, түрээслэгч түрээсийн зүйл ашигласны төлөө төлбөр төлөх, түүнийг худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж заасан бөгөөд мөн гэрээний 7 дугаар зүйлд түрээсийн төлбөр төлөх журмыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасны дагуу дагуу 2 ширхэг авто ачигч тээврийн хэрэгслийг түрээслэгч Ховдскай ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд түрээслэгч нь гэрээний 7.9-д заасан түрээсийн үнийг төлж барагдуулсан тохиолдолд Иргэний хуулийн 312.3-т заасны дагуу түрээсийн зүйлийг худалдахаар талууд харилцан тохиролцож, 2014.09.11-ний өдрийн №14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл болон Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.3 дахь хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд үүссэн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүссэн хэмээн дүгнэхдээ 2014.09.11-ний өдөр байгуулагдсан 14/42 тоот Санхүүгийн гэрээний бусад зохицуулалтад дүгнэлт хийгээгүй байхын зэрэгцээ зээлээр худалдах, худалдан авах талаар талууд тохиролцсон гэх хүсэл зоригийг илэрхийлэл, түүнийг нотолсон баримтгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэн. Учир нь талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тохиолдолд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой бөгөөд нэгдмэл байх, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх учиртай юм.

4.1.2 Хариуцагч Ховдскай ХХК нь 2014.09.12-ны өдөр эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй хоёр ширхэг авто ачигч тээврийн хэрэгслийг актаар хүлээн авч, өөрийн эзэмшил, ашиглалтад бодитойгоор шилжүүлэн авсан бөгөөд 2014.09.12-2015.09.14-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд гэрээний зүйлийг ашигласан. Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг нэг жилийн хугацаанд ашигласан атлаа 2014.09.11-ний өдөр байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 7.9-д заасан хуваарийн дагуу түрээсийн зүйлийн үнийг төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс 2015.09.14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан. Учир нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална гэж заасан бөгөөд 2014.09.11-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2-т заасны дагуу хариуцагчийн зүгээс 15 хоногийн хугацаанд гэрээний зөрчлийг арилгаж, техникийг буцаан аваагүй. Мөн Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 294.2.1 нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцална гэж заасан.

Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-д Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2014.09.11-ний өдрийн гэрээний 9.4-т заасны дагуу түрээсийн зүйлийг ашигласан хугацааг төлбөрийг тооцож, хариуцагчаас түрээсийн үнэд тооцон 118,219,500 төгрөгийг хасч, 242,202,500 төгрөг гаргуулахаар шаардсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т заасны дагуу 242,202,500 төгрөгийг хариуцагч Ховдскай ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй юм. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтуудыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.1.3 Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүссэн хэмээн дүгнэж, нэхэмжлэгчээс гаргасан 242,202,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд хэргийн материалд авагдсан ямар үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Учир нь анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн боловч 242,202,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэл буюу хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүй.

Мөн хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүйгээр /хууль огт хэрэглэлгүйгээр/ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болохгүй бөгөөд хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг дүгнэснээс бус нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

4.1.4 Нөгөөтээгүүр шүүх талуудын хооронд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгчээс гаргасан 242,202,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэн шийдвэрлэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн боломжтой байсан. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.4-т Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан cap тутамд нэг сарын 15,000,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл 2014.09.11-ний өдөр гэрээ байгуулагдах үед талуудын хүсэл зориг нь хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэг техникийг ашигласан нэг cap тутамд 15,000,000 төгрөгийн төлбөр төлөх байсан ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу энэхүү тохиролцоог хийсэн. /энэхүү тохиролцоо хүчин төгөлдөр болно/

Харин хариуцагч нь 2014.09.11-2015.09.14-нийг хүртэлх нэг жилийн хугацаанд хоёр ширхэг авто ачигч тээврийн хэрэгслийг ашигласан, энэхүү нэг жилийн хугацаанд хоёр ширхэг авто ачигч хариуцагч талын эзэмшил, ашиглалтад байсан талаар талууд маргаагүй. Энэ нь хэргийн материалд авагдсан техник буцаан авсан актаар тогтоогддог. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 9.4-т заасан тохиролцоог үндэслэн тухайн хоёр ширхэг авто ачигчийг хариуцагч нэг жилийн хугацаанд ашигласан төлбөрийн хэмжээг 360,000,000 төгрөг байхаар тооцож, хариуцагчаас төлсөн 118,219,500 төгрөгийг хасч, үлдэх 241,780,500 төгрөгийг гаргуулахыг хүссэн. /хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 118,219,500 төгрөгийг аль хэдий нь нэхэмжлэх төлбөрөөс хасч тооцон нэхэмжилсэн/ Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс гэрээний 9.4-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хоёр ширхэг авто ачигчийг хариуцагч ашигласан нэг жилийн хугацааны төлбөрөөс түүний төлсөн төлбөрийг хасч, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн боломжтой байсан юм. Гэвч шүүх талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийгээгүй байх ба зөвхөн нэхэмжлэлийн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Нөгөөтээгүүр шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний улмаас хариуцагч Ховдскай ХХК-ийг 241,780,500 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. /Энэ талаар сөрөг нэхэмжлэлийн гомдолд дэлгэрэнгүй дурдав/

 

4.1.5 Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд 2014.09.11-ний өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118,219,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх ба анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Монтрак групп ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлүүлэх, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах тухай гомдлыг гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг бүхэлд нь хянан шийдвэрлээгүй бөгөөд зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй байж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан гомдолд дүгнэлт хийлгүй орхигдуулсан болох нь 2020.09.08-ны өдрийн №29 дүгээр магадлалын үндэслэх нь хэсгээр тогтоогдож байна.

Давж заалдах шатны шүүх ийнхүү гомдлын зарим хэсэгт дүгнэлт хийж, үлдэх хэсэг буюу сөрөг нэхэмжлэлд холбогдох гомдолд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн байх ба тус магадлал нь хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Нэгэнт давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах байтугай нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлын хүрээнд ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаагүй тул тус магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

 

4.1.6 Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлд холбогдох гомдол болон анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэлт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдпыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдэлтэй холбогдуулан гомдлын тайлбар гаргахаас аргагүй болоод байна. Шүүх гэрээ цуцлагдсан тул Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хариуцагч Ховдскай ХХК нь гэрээнд заасан хоёр ширхэг авто ачигчийг 2014.09.11-2015.09.14-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд ашигласан бөгөөд ийнхүү ашиглах явцдаа 118,219,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас төлсөн 118,219,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрлэснээрээ хариуцагч Ховдскай ХХК-ийг сөрөг нэхэмжлэлд дурдсан 118,219,500 төгрөг болон үндсэн нэхэмжлэлийн шаардлага 241,780,500 төгрөг, нийт 360,000,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн байна. Учир нь хариуцагч Ховдскай ХХК нь 2014.09.11-2015.09.14-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд хоёр ширхэг авто ачигчийг ямар нэгэн саадгүйгээр ашиглаж ашиг орлого олсон атлаа төлсөн 118,219,500 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж, үндсэн нэхэмжлэлээр шаардаж буй 241,780,500 төгрөгөөс нэг ч төгрөг төлөхгүйгээр хөрөнгөжих болоод байна. Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс дээрх үйл баримт болон хариуцагч Ховдскай ХХК нь хэрхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, нэхэмжлэгч хэрхэн хохирч байгаа байдалд oгт дүгнэлт хийгээгүй байх ба хэт нэг талыг барьж, шударга бус шийдвэр гаргасан байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь хоёр ширхэг авто ачигчийг нэг жилийн хугацаанд хариуцагчид ашиглуулсан атлаа нэг ч төгрөг буцаан нэхэмжлэх боломжгүй болж, харин ч 118,219,500 төгрөгийн төлбөрт орж хохироод байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн 118,219,500 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас нэхвэл зохих 360,000,000 төгрөгөөс хасч тооцон, улмаар 241,718,500 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан байтал шүүх ийнхүү хариуцагчийн төлсөн 118,219,500 төгрөгийг хасч тооцсон 241,718,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, дахин 118,219,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчаас төлсөн 118,219,500 төгрөгийг шүүх хоёр дахин нэмэгдүүлэн тооцсон гэж үзэх үндэслэлтэй болоод байна.

 

4.1.7 Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.4 дэх заалт нь Иргэний хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон заалт юм. Гэвч шүүхийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.4-т заасан гэрээний зохицуулалт буюу талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийгээгүй байна. Хэрэв шүүх гэрээгээр авсан бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй гэж үзэж буй тохиолдолд гэрээний 9.4 дэх заалтыг үндэслэн хоёр ширхэг техникийг хариуцагч ашигласан хугацаа /2014.09.11-2015.09.14/-ны төлбөрийг гэрээний 9.4-т заасан үнийн дүнгээр тооцож, нэхэмжлэгч болон хариуцагчийн шаардлагыг харилцан тооцох хууль зүйн боломжтой байсан.

 

4.1.8 Шүүх худалдан авагчийг эрсдэлтэй өрийн дарамтад оруулах авто ачигчийг авахгүй илт удааж, худалдан авагчийг хохироосон гэх зэргээр хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүйгээр буруутгасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2014.09.11-ний өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулахдаа хариуцагчийг хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, дарамталж тус гэрээг байгуулаагүй бөгөөд харин ч хариуцагч нь манай компани дээр өөрийн биеэр ирж, гэрээний зүйлийг сонгон сайн дурын үндсэн дээр, гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд тус гэрээг байгуулсан. Мөн хариуцагч нь гэрээний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ хэмээн итгэж найдан 2015.09.14-ний өдрийг хүртэл хүлээсэн.

Нөгөөтээгүүр талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон иргэний эрх зүйн зарчмын хүрээнд Монтрак групп ХХК нь эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгийг шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь тухайн эд хөрөнгийн ашиглан ашиг олох, эсхүл алдагдалд орох нь нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд хариуцагч нь өрийн дарамтад орж, хохирсон гэх үйл баримт хэргийн материалд авагдаагүй байдаг. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан хоёр авто ачигчийг нэг жилийн хугацаанд нийт 5844 мото цаг ашигласан байдаг ба хариуцагчийг ашиг олоогүй гэж үзэх үндэслэл байхгүй ба олсон ашиг нь нэхэмжлэгчид хамааралгүй. Гэвч шүүхийн зүгээс хэрэгт хамааралгүй бөгөөд хариуцагч нотолж чадаагүй үйл баримтад хэт нэг талыг барьж зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ. Мөн 2014.09.11-ний өдөр байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээ, түүний зохицуулалт нь гэрээний стандарт нөхцөл биш бөгөөд талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан атал тус гэрээг стандарт нөхцөлөөр хийгдсэн гэрээ хэмээн хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн байна.

 

4.1.9 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Хариуцагч нь 2016.12.10-ны өдөр анх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, 2017.02.06-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдаг ба нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Ховдскай ХХК-ийн тамга дарагдаагүй буюу сөрөг нэхэмжлэл шаардлага бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй байтал шүүх хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан ноцтой зөрчил юм. Улмаар тус тамга дараагүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, өөрчлөх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр 2020.06.19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байх ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2014.09.11-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ цуцалсан тул 118,219,500 төгрөг гаргуулах хэмээн тодруулсан талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан байна. Гэтэл хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг өөрчилсөн байх атал анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан хэмээн тайлбарлаж, уг шаардлагыг нэхэмжлэгчид гардуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн байна. Ийнхүү сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /өөрчилсөн шаардлага/-ыг Монтрак групп ХХК, эсхүл төлөөлөгчид гардуулаагүйн улмаас мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байна. Нөгөөтээгүүр хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэл болон тодруулсан гэх шаардлагуудыг хүлээн авахаас татгалзах ёстой атал хүлээн авч хэргийг шийдвэрлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн олон зөрчил гаргасан гэж үзэж байна.

 

4.1.10 Шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулалгүйгээр, өөрийн санаачилгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү иргэний хэрэг нь анхан болон давж заалдах журмаар таван удаа, хяналтын журмаар өмнө нь хоёр удаа шийдвэрлэгдсэн. Хамгийн сүүлд буюу Улсын Дээд шүүхийн 2019.06.18-ны өдрийн 00561 тоот тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн зүгээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, тодорхой бус хэргийн нөхцөл байдалд өөрийн санаачилгаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 2019.06.18-ны өдрийн №00561 дугаар тогтоолд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй байтал хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Дээрх байдлаар шүүхийн зүгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргасан байна.

5.1 Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 29 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт ... Талуудын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ нь түрээслэгч Монтрак групп ХХК нь гэрээний зүйл болох хоёр ширхэг авто ачигч машиныг түрээслэгч Ховдскай ХХК-д түрээслэн ашиглуулахад зориулан бүрэн төгс санхүүжилт өгөх зорилготой санхүүгийн түрээсийн гэрээ гэхээс илүүтэй гэрээний зүйлийг 6 сарын дараа өмчлөлд нь шилжүүлэхийг гол хүсэл зоригоо болгосон зээлээр худалдах- худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл уг хоёр ширхэг авто ачигч машиныг түр хугацаагаар ашиглуулах бус харин анхнаасаа гэрээ байгуулахдаа урьдчилгаа тохирч, үнийг хэсэгчлэн төлөх, үүнийхээ төлөө хүү тооцох, улмаар гэрээ дууссаны дараа өмчлөлд нь бүр мөсөн шилжүүлэх зорилготой байжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчийн хоорондох гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулагдаж, төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдгээр албажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа болно.

Нэгдүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар хуудаст талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ- гээр нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь хариуцагч Ховдскай ХХК-ийн эзэмшил, ашиглалтад XG951HL маркийн СХG00951LOLID0335, CXG00951LOL1D1678 арлын дугаартай, шар өнгийн, 2 ширхэг авто ачигчийг шилжүүлсэн өгсөн болох нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №041 дугаартай Авто машин механизм хүлээлцүүлэх актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн өдрийн автомашин механизмын техникийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Нэгдүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудаст нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь хариуцагч Ховдскай ХХК-иас уг 2 ширхэг авто ачигчийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буцаан авсан болох нь Ховдскай ХХК-иас дугуйт ачигч хураан авсан тэмдэглэлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 312 дугаар зүйлийн 312.3-т Түрээслэгч нь гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно.

Мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ. Мөн хуулийн 313.2-т Гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн. Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 29 дугаартай магадлал нь 2014 оны 09 дүгээр сарын 11-нд байгуулагдсан 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний нөхцөлүүдийн талаарх нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй мөртлөө Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг үүсгэсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2020/00419 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

5.1.2 Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 29 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт... Зээлээр худалдах- худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Худалдагч Монтрак групп ХХК нь хоёр ширхэг авто ачигч машиныг бүр мөсөн буцааж авсан нь гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах, худалдан авагч нь урьдчилгаанд төлсөн төлбөрийг худалдагчаас шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 11-нд байгуулагдсан 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ" хуулийн дагуу 2014 онд хүчин төгөлдөр талууд гарын үсэг зурснаар тухайн үедээ хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч Монтрак групп ХХК 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, хоёр ширхэг авто ачигчийг эзэмшилдээ авч, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, хоёр ширхэг авто ачигчийг цоо шинээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн болно. Гэтэл хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөлтийг удаа дараалан тасалдуулж ирсэн.

Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүн гараагүй, санхүүгийн түрээсийн төлбөр төлөөгүй тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй үндэслэлээр Санхүүгийн түрээсийн гэрээний 9.1-д заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан болно. Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-т Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан cap тутамд нэг сарын 15,000,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасны дагуу хариуцагч хоёр ширхэг авто ачигчийг ашигласан хугацаа 12 cap /2014.09.12-ны өдрөөс 2015.09.14-ний өдрийг хүртэл/ 15,000,000 төгрөгөөр тооцоход 360,000,000 төгрөг болно. Үүнээс хариуцагч "Ховдскай ХХК-ийн төлсөн түрээсийн төлбөр 118,219,500 төгрөгийг хасч тооцоход Ховдскай ХХК-ийн дутуу төлсөн түрээсийн төлбөр 241,780,500 төгрөг болно. Үүн дээр хариуцагч Ховдскай ХХК-ийн нэхэмжлэгч Монтрак групп ХХК-иас бараа материал, сэлбэгийг зээлээр худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 422,000 төгрөгийг нэмбэл 242,202,500 төгрөг болж, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойлогдоно. Иймд манай компаний хохирлыг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд Монтрак групп ХХК болон Ховдскай ХХК-иудын гэрээнд түрээслэгч үүргээ зөрчсөн тохиолдолд уг гэрээг түрээсийн гэрээ гэж үзэх агуулгыг тусгажээ. Гэрээний дээрх заалт нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, гэрээний талуудын чөлөөт зарчимд нийцсэн байдаг. Ийм байхад анхан шатны болон давж заалдах шүүх нь гэрээний 9.4 дэх заалтын агуулга хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийхгүйгээр Монтрак групп ХХК-ийн Ховдскай ХХК-иас түрээсийн төлбөр шаардах эрхийг үгүйсгэсэнд гомдолтой байна.

Ховдскай ХХК нь гэрээгээр хүлээсэн гол үүрэг буюу санхүүгийн түрээс төлөх үүргээ биелүүлээгүй тул Монтрак групп ХХК нь түрээсийн зүйлийг буцаан авсан тул үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс учирсан хохирлоо шаардах эрхтэй. Ховдскай ХХК нь гэрээгээр хүлээсэн санхүүгийн түрээс төлөх үүргээ биелүүлсэн тохиолдолд Монтрак групп ХХК-ийн олох ёстой байсан түрээсийн төлбөр 180 сая төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохирлыг тооцно. Учир нь Монтрак групп ХХК болон Ховдскай ХХК-ийн хоорондох санхүүгийн түрээсийн гэрээнд түрээсийн зүйл, түрээсийн төлбөр зэргийг тодорхой тусгаж, тохиролцсон байдаг тул учирсан хохирлыг тооцох боломжтой. Харин Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзвэл Ховдскай ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монтрак групп ХХК-д шилжүүлсэн 118 сая төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Монтрак групп ХХК-иас 118,219,500 төгрөг гаргуулан Ховдскай ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг зөрчсөнд гомдолтой байна. Ийм байхад давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 206 дугаар зүйлийн 206.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховдскай ХХК-д холбогдох 242,202,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монтрак групп ХХК-иас 118,219,500 төгрөгийг гаргуулан Ховдскай ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэтэрхий нэг талыг барьж нэхэмжлэгчийн хохирлыг хангаж хянан шийдвэрлээгүйд гомдолтой байна.

5.1.3 Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 29 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт...

Монтрак групп ХХК нь Ховдскай ХХК-нд XG951HL маркийн тус бүр нь 52500 америк долларын үнэтэй хоёр ширхэг авто ачигчийг 6 сарын хугацаатай, сарын хоёр хувийн хүүтэй, 62250 ам доллароор түрээслүүлж, түрээслэгч Ховдскай ХХК-иас түрээсийн төлбөрийг төлж дуусмагц түүний өмчлөлд түрээсийн зүйл болох хоёр авто ачигчийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэхээр тохиролцон, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ. Иргэний хуулийн 132 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний үед талууд эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах энэ тэргүүний зорилт биш, харин эд хөрөнгийг бусдын санхүүжилтийн тусламжтайгаар эзэмшиж, ашиглах буюу хөлслөх боломжтой болох нь лизинг хүлээн авагчийн үндсэн зорилго байдаг гэж үндэслэх хэсэгтээ бичсэн боловч хуулийг хэрэглэхдээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 Зээлээр худалдах худалдан авах гэрээний хэлбэр гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Түрээслүүлэгч Монтрак групп ХХК нь түрээслэгч Ховдскай ХХК-нд XG951HL маркийн тус бүр нь 52500 америк долларын үнэтэй хоёр ширхэг авто ачигчийг 6 сарын хугацаатай, сарын хоёр хувийн хүүтэй, 62250 ам доллароор түрээслүүлж, түрээслэгч Ховдскай ХХК-иас түрээсийн төлбөрийг төлж дуусмагц түүний өмчлөлд түрээсийн зүйл болох хоёр авто ачигчийг холбогдох бичиг баримтын хамт шилжүүлэхээр тохиролцон, 2014 оны 09 дүгээр сарын 11- ний өдөр 14/42 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ. Талууд гэрээ байгуулсан үйл баримт болон гэрээний зүйл болох хоёр авто ачигчийн эрхийн доголдлын талаар маргаагүй байна.

Харин талуудын байгуулсан гэрээний 9.4-т түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн, түрээсийн техникийг буцаан авч, ашигласан cap тутамд нэг сарын 15,000,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ, 9.1-д Түрээслүүлэгч урьдчилан бичгээр болон амаар мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг дараах тохиолдолд түрээслэгчээс буцаан авах эрхтэй, Түрээсийн төлбөрийг нэг удаа төлөөгүй гэж тохиролцжээ. Хавтаст хэргийн 22 дугаар хуудас дахь Монтрак групп ХХК-ний мэдэгдэл зэргээс үзэхэд түрээслэгч Ховдскай ХХК нь үүргийн гүйцэтгэлийг гэрээ байгуулагдсанаас хойш эхний сараас эхлэн удаа дараа зөрчсөн болох нь тогтоогдсон. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт Ховдскай ХХК-иас 242,202,500 төгрөг гаргуулж, Монтрак групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, Монтрак групп ХХК-иас 118,219,500 төгрөгийг гаргуулах Ховдскай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтүүдийг оруулахыг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч Монтрак групп ХХК-ийн төлөөлөгч Б.Орхон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь хариуцагч Ховдскай ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээ, бараа материал, сэлбэг хэрэгслийг зээлээр худалдан авах гэрээний үүргийг тус тус зөрчсөн үндэслэлээр 241,202,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, ...хариуцагч гэрээгээр хүлээсэн гол үүрэг түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний 9.1-д заасан түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй үндэслэлээр түрээсийн зүйлийг буцаан авсан. Хариуцагч хоёр ширхэг авто ачигчийг ашигласан 12 сарын хугацааг гэрээний 9.4-т зааснаар нэг сарын 30,000,000 төгрөгөөр тооцож, нийт 360,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 118,219,500 төгрөгийг хасч, үлдэгдэл 241,780,500 төгрөгийг, ... зээлээр худалдаж авсан сэлбэг хэрэгслийн үнэ 422,000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардана гэж тайлбарласан байна.

 

8. Хариуцагч Ховдскай ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний зүйл болох хоёр ширхэг авто ачигчаа нэхэмжлэгч нэгэнт буцаан авсан, ... авто ачигчийг 6 сарын хугацаанд эзэмшилдээ байлгаснаар худалдан авах эрх үүсэхээр харилцан тохиролцсон. ... 118,219,500 төгрөг нь нэг машины үнэ, нөгөө машины урьдчилгаа байх боломжтой байсан. ...гэрээний 9.4 нь стандарт бус, хууль зөрчсөн заалт.... Бидний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Монтрак групп ХХК гэрээний зүйлээ биднээс аваад бусдад зарж борлуулсан. ... [Монтрак групп ХХК] гэрээнээс бүрмөсөн татгалзсан. гэж маргажээ.

 

9. Улмаар хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан 118,219,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ... хоёр ширхэг авто ачигчийг 6 сарын хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулан, өмчлөлдөө шилжүүлж авахаар тохиролцсон. ... өмчлөлд шилжүүлэх л гэж би мөнгө төлсөн. гэж тайлбарлаж байх бол нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч ... тухайн үед өөр түрээслэгчид ашиглуулсан бол ашиг олох байсан. Энэ бол бизнесийн зарчим. Хариуцагчийн эзэмшил, ашиглалтад нэг жил байсан. ... санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-т зааснаар төлбөрөө төлөөгүй бол түрээсийн хөлс нэхэмжлэх боломжтой. гэж маргасан байна.

 

10. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба талууд тус гэрээнээс татгалзсан, түүнчлэн сэлбэг хэрэгсэл худалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч хоёр ачигчаа буцаан шилжүүлж авсан тул 118,219,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 206 дугаар зүйлийн 206.1-д заасантай нийцнэ гэж үзжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах харилцаа гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь хариуцагч Ховдскай ХХК-тай 2014.09.11-ний өдөр 14/42 дугаар гэрээ байгуулан нэг бүр нь 52,500 ам.долларын үнэ бүхий ХG951HL маркийн хоёр ширхэг авто ачигчийг 2014.09.12-ны өдөр эзэмшилд нь бодитой шилжүүлжээ. Ийнхүү гэрээний зүйл Ховдскай ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байх 6 сарын хугацаанд гэрээний зүйлийн үндсэн үнэ 52,500 ам.долларт 2 хувийн хүү тооцож тогтоосон үнэ болох 62,250 ам.долларын төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлснөөр өмчлөлдөө шилжүүлж авахаар үндсэн тохиролцоо хийгдсэн байна. Гэвч Ховдскай ХХК төлбөрийн үүргээ тасалдуулсан үндэслэлээр Монтрак групп ХХК 2015.09.15-ны өдөр гэрээний зүйлийг эзэмшилдээ буцаан авсан ба эдгээр үйл баримтын тухайд зохигч маргаагүй.

 

12. Талуудын хооронд бий болсон дээрх харилцаа нь иргэний эрх зүйн аль гэрээний төрөлд хамаарах тухайд талууд маргасан ба нэхэмжлэгч дээрх харилцаа нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ бөгөөд үүргийн шинж байдал нэг тал гэрээний үүргээ зөрчсөнөөр түрээсийн гэрээний харилцаа болон солигдсон гэж үзсэн бол хариуцагч зохигчийн хооронд зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүссэн бөгөөд эд зүйлийг буцаан авснаар гэрээнээс татгалзаж гэрээний харилцаа дуусгавар болсон гэж мэтгэлцсэн байна. Тус иргэний хэргийн хувьд маргааны зүйл нь эрх зүйн харилцааг хэрхэн тодорхойлохоос шууд хамаарах харилцан шаардаж буй мөнгөн хөрөнгө байна.

 

13. Зохигчийн хооронд байгуулсан 14/42 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д санхүүгийн түрээсийн гэрээнд тавих үндсэн 3 шаардлагыг тодорхойлж, эдгээр шаардлагын аль нэг нь хангагдсанаар санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхээр заажээ. Үүнд: нэгт гэрээний хугацаа нь ашиглалтын хугацааны -аас багагүй байх, хоёрт зах зээлийн үнэ цэнэ 90-иас доошгүй байх, гуравт гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээний зүйл түрээслэгчийн өмчлөлд шилжих зохицуулалтууд орсон байх.

Тус маргааны зүйл болох Монтрак групп ХХК болон Ховдскай ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хувьд дээр дурдсан гурван шаардлагаас хоёр ба гуравдугаар шаардлагыг хангасан байна. Гэвч энэ хоёр шаардлага нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн шинж мөн болохыг давхар анхаарч хуулийн заалтыг хэрэглэвэл зохино. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ нь аж ахуй эрхлэгч аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол хөтлөн явуулах зорилгоор ихэнх тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг урт хугацаанд, найдвартай эзэмшил ашиглалтдаа байлгах боломжийг аж ахуй эрхлэгчид олгодог. Энэ агуулгаар санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа нь гэрээний зүйлийн ашиглалтын хугацаатай харьцангуй хамааралтай тогтох бөгөөд эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээ дуусгавар болсны эцэст олж авах эсэх нь түрээслэгчийн туйлын зорилго биш бөгөөд энэ талаар өгсөн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий гэж үзнэ.

Тодруулбал, эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, зах зээлийн үнэ цэнэтэй хамааралгүй байдлаар хөлс төлбөр нь тогтддог үйл ажиллагааны түрээсийн гэрээ, эд хөрөнгийн үнийг богино хугацаанд хуваан төлж эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авдаг зээлээр худалдах худалдан худалдан авах гэрээний аль алиныг өөрсдийн харилцаанд зохимжгүй гэж үзсэн талууд санхүүгийн түрээсийн харилцааг сонгодог.

Гэвч тус хэрэг маргааны хувьд талуудын сонгосон эрх зүйн харилцаа зорилго, мөн чанарын хувьд санхүүгийн түрээс бус зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулжээ. Тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд санхүүгийн түрээсийн гэрээний шинж болох гэрээний хугацаа нь эд хөрөнгийн ашиглалтын хугацаатай уялдаатайгаар харьцангуй урт байх, уг хугацаанд эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн дийлэнх хэсгийг хуваан төлөх, улмаар гэрээний хугацаа дуусах үед гэрээний зүйлийн үлдэх үнийг төлөх, эсхүл төлөхгүйгээр өмчлөлдөө бүрмөсөн шилжүүлж авах эрх, үүргээс сонголттой байх нөхцлүүдийн аль ч хэлбэр тусгалаа олсонгүй.

 

14. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д дээрх шаардлагын аль нэгийг хангасан бол санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр заасан боловч аль нэг нөхцөл дангаараа хангагдсанаар тус гэрээг иргэний эрх зүйн төстэй төрлийн бусад гэрээнээс ялгахад хүндрэлтэй байдал үүсэх бол дээр дурдсан бусад шаардлага хангагдсан эсэхийг анхаарах шаардлага зүй ёсоор үүснэ. Эд хөрөнгийн үнэ цэнэ ба ашиглалтын хугацааны харилцан хамаарал, ашигт байдал нь гэрээний талыг санхүүгийн түрээсийн гэрээг бусад төрлийн гэрээнээс илүүд үзэх зүй ёсны үндэслэл болдогийг дурдах нь зүйтэй.

 

15. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т санхүүгийн түрээсийн гэрээний хугацааны талаарх шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан ашиглалтын хугацааг баримтлахаар заажээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д машин механизм, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг 10 жилээр тогтоосон байна. Гэвч талууд 14/42 дугаар гэрээнд хугацааг эд хөрөнгийн ашиглалтын хугацаанд үл хамаарах байдлаар буюу 6 сараар тодорхойлж, энэ хугацаанд багтаан үнэ төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлөхөөр тохирчээ. Түрээсийн хөлс төлөх хуваарийг тохирохдоо зах зээлийн үнэ цэнийг 90 хувиас дээш буюу үнийг 100 хувиар тогтоож, улмаар сар бүрийн 2 хувийн хүү нэмж төлөхөөр заасан байдлыг дээр дурдсан хэт богино төлбөрийн хуваарьтай хамтатган дүгнэвэл санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн шинж үгүйсгэгдэж, илүүтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй гэж дүгнэх үндэслэл бүрджээ.

 

16. Дээр дурдсан үндэслэлээр хоёр шатны шүүх маргаан бүхий эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэснийг хуульд нийцнэ гэж үзнэ.

 

17. Нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь хариуцагчийн төлбөрийн үүргийн зөрчлийн улмаас 2015.09.15-ны өдөр эд зүйлээ буцаан авсан үйлдлийг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан явдал гэж тайлбарласныг буруутгах боломжгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ үүднээс гэрээний зүйл хоёр авто ачигчийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид байх бол, гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрх хариуцагчид хадгалагдана.

 

18. Гэвч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Маргаан бүхий тохиолдолд Монтрак групп ХХК эд зүйлийг буцаан эзэмшилдээ шилжүүлж авснаас гадна эд зүйлийг эзэмшилдээ байлгасан 12 сарын хугацаанд сар бүр, нэг ачигчийн 15,000,000 төгрөгөөр тооцож хоёр ачигчид нэг сард 30,000,000 төгрөг, нийт 360,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна. Улмаар уг шаардлагадаа үндэслэн хариуцагч талаас нэгэнт шилжүүлсэн 118,219,500 төгрөгийг уг төлбөрт суутган тооцож зөрүү төлбөр 241,202,500 төгрөгийг нэхэмжилснийг хоёр шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

19. Нэхэмжлэгч Монтрак групп ХХК нь үндсэн үүргийн харилцаа нь энгийн түрээсийн харилцаа болж, өмнөх үүргийг сольсны улмаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй гэж маргаж байгаа. Нэхэмжлэгчийн шаардлагаа дэмжиж буй энэ үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэгэнт талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ бус зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээг гэрээнээс татгалзаж дуусгавар болгосон, харин Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасанчлан үүргийг сольж дуусгавар болгоогүй. Тодруулбал, үндсэн харилцаагаа ямар эрх зүйн харилцаа болох тухайд нэгдмэл санаа зорилгогүй үед түүнийг сольж дуусгавар болгох тухай гэрээний тохиролцоог маргаангүй гэж дүгнэх үндэслэлгүй.

 

20. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсдэг. Түүнчлэн гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 2014.10.11-ний өдрөөс буюу төлбөр төлж эхлэх эхний сараас зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч төлбөрийн үүргээ зөрчсөн буруутай үйлдэл гаргасны улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах нөхцөл бүрдсэн байна.

 

21. Худалдан авагч Ховдскай ХХК Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 118,219,500 төгрөгийг буцаан шаардах эрхтэй хэдий ч нөгөө талаас худалдагч Монтрак групп ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг шаардах, уг хохирлыг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасны дагуу тооцож дуусгавар болгох боломжтой.

Урьдчилгаа төлбөр болон сар бүрийн төлбөрт тооцон төлж байсан 118,219,500 төгрөгийг хоёр ачигчийг эзэмшилдээ байлгаж байсан 12 сарын хугацаагаар тооцвол ачигч нэг бүрийг нь сард 4,925,812 (118,219,500:12=9,851,625:2) төгрөгөөр ашигласан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны улмаас түүнд учирсан хохирлыг тогтооход үндэслэл болох нотлох баримтыг хэрэгт бүрдүүлээгүй бөгөөд гагцхүү үүрэг солигдсон гэх үндэслэлээр ачигч тус бүрт сард 15,000,000 төгрөг төлөх тухай гэрээний тохиролцоог үндэслэл болгон 241,202,500 төгрөг шаардсан. Нэгэнт хариуцагчийн буруугаас гэрээнээс татгалзсан үйл баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 118,219,500 төгрөгийг хохиролд дүйцүүлэн тооцох эрх нэхэмжлэгчид хадгалагдана гэж үзлээ.

 

Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу нэхэмжилсэн хариуцагчийн 118,219,500 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол шаардах эрх бүхий нэхэмжлэгчийн шаардлагад тооцож дуусгавар болсон гэж дүгнэх нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасантай нийцнэ гэж үзлээ.

 

22. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн зээлээр авсан барааны үнэ гэх 422,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгсөн гэх баримтгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар шаардах эрх үүссэн болон уг эрх зүйн харилцаа бий болсон эсэх нь тогтоогдохгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

23. Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, үндсэн ба сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Орхон, өмгөөлөгч Б.Энхжаргал нарын нэхэмжлэгч нь хоёр ширхэг авто ачигчийг нэг жилийн хугацаанд хариуцагчид ашиглуулсан атлаа нэг ч төгрөг буцаан нэхэмжлэх боломжгүй болж, харин ч 118,219,500 төгрөгийн төлбөрт орж хохироод байна. агуулга бүхий гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.   Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2020/00419 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ховдскай ХХК-аас 242,202,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Монтрак групп ХХК-аас 118,219,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Орхон, өмгөөлөгч Б.Энхжаргал нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.09.30 өдөр төлсөн 2,118,009 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.