Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00961

 

“М Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00001 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

“М Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Х С” ХХК-д холбогдох

242 202 500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 118 219 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир, Н.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч В.Баасанбямба, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М Г”ХХК нь уул уурхайн, зам барилгын, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, сэлбэг нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа олборлолт, зочид буудал, тээвэр зууч, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, барилга угсралт, гаалийн баталгаат агуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болно. Хариуцагч “Х С” ХХК нь нэхэмжлэгч “М Г”ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг эзэмшилдээ авч, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг цоо шинээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн болно. Гэтэл хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөлтийг удаа дараалан тасалдуулж ирсэн. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүн гараагүй, санхүүгийн түрээсийн төлбөр төлөөгүй тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй үндэслэлээр Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.1-т заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан болно. Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.4-т Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15 000 000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасны дагуу хариуцагч 2 ширхэг авто ачигчийг ашигласан хугацаа 12 сар /2014.09.12-ны өдрөөс 2015.09.14-ний өдрийг хүртэл/-ыг 15 000 000 төгрөгөөр тооцоход 360 000 000 төгрөг болно. Үүнээс хариуцагч “Х С” ХХК-ийн төлсөн түрээсийн төлбөр 118 219 500 төгрөгийг хасч тооцоход “Х С” ХХК-ийн дутуу төлсөн түрээсийн төлбөр 241 780 500 төгрөг болно. Үүн дээр хариуцагч “Х С” ХХК-ийн нэхэмжлэгч “М Г”ХХК-иас бараа материал, сэлбэгийг зээлээр худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 422 000 төгрөгийг нэмбэл 242 202 500 төгрөг болж, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойлогдоно. Иймд манай компаний хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Монтракт ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2 ширхэг ковшийг худалдаж авсан. Монтракт ХХК-ний нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 1111-ний өдөр байгуулагдсан 14/42 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 242202500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х С” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай “Х С” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “М Г”ХХК-тай 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж уг гэрээгээр манай компани хариуцагчийн өмчлөлийн хоёр ширхэг XG951HL маркийн авто ачигч машиныг 52500 ам доллараар үнэлж 6 сарын хугацаатай сарын хоёр хувийн хүүтэйгээр эзэмшиж, ашигласны дүнд авто ачигчийн төлбөрийг бүрэн төлөөд түүний нэгийг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон билээ. Гэрээний 9.4 дэх заалтад түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн техникийг буцаан авч ашигласан сар тутамд сарын 15000000 төгрөгөөр үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 312-317 дугаар зүйл болон Монгол улсын Санхүүгийн түрээсийн тухай хуулийн холбогдох тогтоомжийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь түрээсийн гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээ нь тус тусдаа өөр өөрийн зорилготой, гэрээний гол нөхцөл нь өөр хоорондоо ялгаатай иргэний хэлцлийн төрлүүд байтал санхүүгийн түрээсийн гэрээний гол нөхцөлийг зөрчиж түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэхээр нөхцөл заасан нь хууль бус юм. Мөн гэрээний 7.10 заалт нь түрээсийн хүү болон хугацаа хэтрүүлсний алданги нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг бүрэн дуусах хүртэл тооцогдоно гэж заасан нь мөн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэх үндэслэлтэй байна. Манай компанийн “М Г”ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаар түрээслүүлэгчээс авсан тоног төхөөрөмжийн үнийг 6 сарын хугацаанд сар бүр 2 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байтал тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хүүг тооцож төлүүлнэ гэсэн нь Иргэний хууль болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл гэх үндэслэлтэй байна. “Х С” ХХК, “М Г”ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.4-д заасан үнэн санаанаасаа бус, хөнгөмсөгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. “М Г”ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үед манай компани Ховд аймгийн Цэцэг суманд үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхай нь Хятад руу нүүрс гаргадаг байсан ба миний бие Хятадын Пин Жан Лю Ди Ван ХХК-тай гэрээ байгуулж ачилт хийж ашиг олно гэж тооцсон. Ингээд Хятадын Пин Жан Лю Ди Ван ХХК-тай гэрээ байгуулсан боловч тээврийн ханш өндөр байна гээд тээвэрлэлт хийхээс татгалзсан. Мөн гэрээ хийснээс хойш Ховд аймгийн Хөшөөтийн уурхай хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байгаад хаагдсан тул хоёр ширхэг ковшийг ашиглах боломжгүй болсон. Иймд Монгол улсын Иргэний хууль, Санхүүгийн түрээсийн тухай хуулийг ноцтой зөрчсөн ”Х С” ХХК, “М Г”ХХК-ийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Манай компани нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “М Г”ХХК-тай санхүүгийн түрээсийн 14/42 тоот гэрээ байгуулж. Уг гэрээгээр манай компани хариуцагчийн өмчлөлийн хоёр ширхэг авто ачигчийг тус бүрийг нь 52500 ам.доллараар 6 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй эзэмшиж ашиглаж эхэлсэн. Авто ачигчийн нийт төлбөр 109588.42 ам.доллар үүний 50% нь 54794.21 ам.доллар энэ нь нэг ачигч машины үнэ бөгөөд манай компани нийт төлбөл зохих 109588.42 ам.доллараас 59917 ам.долларыг төлж барагдуулсан нь төлбөл зохих үнийн 54.67 хувь болж байгаа бөгөөд нэг авто ачигчийн үнийг бүрэн төлсөн гэх үндэслэлтэй юм. Санхүүгийн түрээсийн гэрээгээр хоёр талын хүлээсэн үүрэгт энэхүү гэрээг цуцлах тохиолдолд хоёр тал уулзалт хийж гэрээг дүгнэн харилцан акт үйлдэнэ гэж тусгасан байхад “М Г”ХХК нь энэ үүргээ хэрэгжүүлэхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хоёр авто ачигч машиныг авч явсан. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйл санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болох, гэрээнээс татгалзах, мөн хуулийн 16.3-д зааснаар түрээслэгч түрээслэгчийн аль нэг нь гэрээнээс татгалзах эсвэл гэрээний зүйлийг буцаан авах үед түрээсийн гэрээний нийт үнийн дүнгийн 50% буюу түүнээс дээш хувийг төлсөн тохиолдолд түрээсийн зүйлийн өмчлөлтэй холбоотой маргаан гарвал шүүх буюу Арбитрын журмаар шийдвэрлүүлнэ. Манай компани түрээсийн зүйл болох хоёр авто ачигч машин ашигласны хөлсөнд 109588.42 ам.доллар төлөхөөс 59917 ам.доллар төлсөн. Төлбөл зохих үнийн 54.67 хувийг төлсөн тул түрээсийн зүйл болох хоёр авто ачигч машины өмчлөлийн талаар санхүүгийн түрээсийн гэрээний нэг тал болох манай компани тус шүүхэд маргаан гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч “М Г”ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч нь 2 үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахдаа Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль буюу нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Санхүүгийн түрээсийн гэрээ нь Санхүүгийн түрээсийн хууль болон Иргэний хуулийн түрээс болон эд хөрөнгө хөлслөх гэрээний зохих зүйл заалтуудыг зөрчөөгүй, гэрээний гол нөхцөлд үнийн талаар харилцан тохиролцсон учраас хууль зөрчсөн гэрээ болоогүй. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг яаж зөрчснийг ойлгохгүй байна. Энэ нь арай өөр агуулгаар тайлбарлагдана. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д зааснаар үнэн санаанаасаа бус хөнгөмсөгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл нөхцлүүд тогтоогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зохигчдын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний 3.1.1, 3.1.2-т зааснаар гэрээнд заасан үүргээ зөрчихгүй, цаг хугацаанд нь төлсөн бол гэрээнд заасан нөхцөлийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй байсан. Эхний сараасаа гэрээний үүрэг зөрчигдсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслэгч нь биелүүлээгүй учир түрээслэгчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэг нь нэгийгээ үгүйсгэсэн шаардлага байна. Хариуцагч “Х С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00001 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дугаар зүйлийн 289.1.2, 289.1.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Ховдскай ХХК-иас 61,780,500 /жаран нэгэн сая долоон зуун наян мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Г”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180,422,000 /нэг зуун наян сая дөрвөн зуун хорин хоёр мянга/ төгрөгийг, “М Г”ХХК-д холбогдох 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118 219 500 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ховдскай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ”М Г”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,963 /нэг сая гурван зуун жаран найман мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг, хариуцагч Ховдскай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 466,853 /дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Г”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “Х С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 889447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 356 300 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 060 060 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, тэдгээрт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хяналтын гомдолдоо: Шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Шийдвэрт “Нэхэмжлэгч тал гэрээний 9.4-т заасан заалтыг нэг ширхэг авто ачигчийн түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг бөгөөд 2 ширхэг авто ачигчийн сарын түрээсийн төлбөр 30 000 000 төгрөг гэж тайлбарласан боловч гэрээний 9.4-т Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд ашигласан сар тутамд 1 сарын 15 000 000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж талууд тохиролцсон байна” гэж дүгнэжээ. Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслүүлэгч тал зөрчөөгүй гэрээний дагуу 2 ширхэг авто ачигчийг 2014 оны 09 сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байлгасан талаар хариуцагч “Х С” ХХК маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан авто ачигчийг хураан авсан тухай бичгийн баримтаар нотлогдож байгаа. Гэрээний 2.2-т “2 ширхэг авто ачигчийн техникийн үзүүлэлтийг” тодорхойлсон бөгөөд 7.4-т “Техникийн үзүүлэлт нэг бүр нь 52 500 ам.доллар бүхий 2 ширхэг авто ачигч”. мөн гэрээний 7.6-т “Түрээсийн төлбөрийн нийт үнэ 62 250 ам.доллар” /энэ нь 1 техникийн түрээсийн үнэ болох/, 7.9-т “гэрээний хугацаанд 66 607,6 ам.доллар түрээсийн үнэ төлөх” /энэ нь мөн 1 техникийн үнээр тодорхойлсон/ талаарх нэхэмжлэгчийн шаардлага, тайлбартай хариуцагч “Х С” ХХК нь маргаагүй бөгөөд мөн 9.4-т заасан “гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд Санхүүгийн түрээсийн гэрээг энгийн түрээсийн гэрээнд шилжүүлж, сар тутам 15 000 000 төгрөг төлөх нь мөн 1 автоачигчийн түрээсийн үнэ болох талаар” хариуцагч нь маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх гэрээний 9.4-т “гэрээний үүргийг гүйцэтгэл нь нийт 15 000 000 төгрөг байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэсэн журмыг зөрчиж, дүгнэлт хийсэн байна. Хоёр. Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох нэг бүр нь 52 500 ам.доллар үнэ бүхий 2 автоачигчийн нийт үнэ 105 000 ам доллар бөгөөд гэрээний хугацаанд түрээслэгч үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрээний эцэст түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр талууд тохиролцсон. Гэрээний хугацаанд түрээслэгч “Х С” ХХК нь нийт 59 917 ам.доллар төлж, үлдэгдэл 45 083 ам долларын түрээсийн төлбөр төлөлгүйгээр өөрийн эзэмшил ашиглалтад түрээсийн хугацаанаас 6 сар илүү хугацаагаар байлгасан атал Санхүүгийн түрээсийн нийт үнээс бага буюу 61 780 500 төгрөгийг түрээсийн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн нь түрээслүүлэгчид хохиролтойгоор гэрээг тайлбарлаж, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “түрээсийн нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байхаар тогтоож болно” гэсэн заалтыг зөрчиж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Гурав. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний 2.2, 7.3, 7.4, 7.6, 7.9 дэх заалтуудыг мөн гэрээний 9.4 дэх заалттай болон талуудын шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан “хэрэгт хамааралтай, ач холбогдолтой” талаас нь үнэлж, гэрээг хуулийн дагуу зөв тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Санхүүгийн түрээсийн тухай хууль Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг үнэлэх журам"-ыг зөрчсөн байна. Дөрөв. Нэхэмжлэгчийн хариуцагчаас зээлээр худалдан авсан 422 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийн үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “хэрэгт гаргаж өгсөн бичгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Сэлбэгийн үнэ болох 422 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч тал маргаагүй бөгөөд тодорхой хэмжээний сэлбэг хэрэгсэл авч байсан гэдэг талаараа тайлбарласаар атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т заасан “талуудын маргаагүй асуудалд” шүүх бичгийн нотлох баримтыг шаардлага хангаагүй гэж үнэлэн шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тав. Хариуцагч “Х С” ХХК-аас нэхэмжлэгч “М Г”ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна. Зургаа. Магадлалд “Түрээслүүлэгч 2 ширхэг автоачигчийг буцаан авснаар талуудын хоорондох гэрээний харилцаа дуусгавар болж буй тохиолдолд нэхэмжлэгч гэрээ цуцлагдах хүртэлх түрээсийн төлбөрөө, хариуцагч эд хөрөнгийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг тус тус шаардах эрхтэй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна” гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ. Хариуцагч “Х С” ХХК нь “Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М Г”ХХК-аас түрээсийн төлбөрт төлсөн 118 219 500 төгрөгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад анхан шатны шүүх дүгнэлт хийж, үүргийн гүйцэтгэлээс хангагдсан хэсгийг тооцож, үлдэгдэл төлбөрт хууль зүйн үүднээс дүгнэлт хийсэн. Ингэснээр хариуцагч “Х С” ХХК-ний эд хөрөнгийн урьдчилгаанд төлсөн төлбөрөө нэхэмжлэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд энэ талаар дүгнэлт хийсэн байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч “Х С” ХХК-аас 61 780 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Г”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180, 422,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж”, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч “М Г”ХХК нь Ховдскай ХХК-нд холбогдуулан автоачигчийн түрээсийн төлбөр 241 780 500 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422 000 төгрөг нийт 242 202 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ховдскай ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 118 219 500 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх зорилго, талуудын тохиролцоог анхаараагүй, гэрээг цуцалсан тохиолдолд түрээсийн гэрээний нөхцөлөөр үүргийг хангуулах талуудын тохиролцоо хуульд нийцсэн эсэх, түрээсийн төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоосон, хариуцагч 118 219 500 төгрөгийг аль үүрэгт, хэзээ төлсөн зэрэг ач холбогдол бүхий байдлыг тодруулаагүй, зохигчийн хооронд үүссэн үүргийн төрөл, гэрээний харилцааг эрх зүйн хувьд зөв тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болжээ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эрх зүйн үндэслэлийг тодорхойлж чадаагүй байна.

Зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааны талаар анхан шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах боломжгүй байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 060 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА