Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00419

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00419

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, 4/6 байрны 34 тоотод байрлах, М- ХХК --ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах, Х- ХХК -д холбогдох,

242,202,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, М- ХХК-д холбогдох 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118,218,500 төгрөгийг гаргуулах, түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай хариуцагч Х- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

М-ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х-ХХк нь нэхэмжлэгч Мон трак групптай 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, XG951HL маркийн, тус бүр нь 52500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто авагчийг эзэмшилдээ авч, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт графикийн дагуу төөлх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөлтийг удаа дараалан тасалдуулж ирсэн. Иймд хариуцагч Х-ХХК-иас 242.202.500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М- ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зохигчдын хооронд буюу 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан санхүүгийн түрээсийн 14/42 гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Х-ХХК нь үйл ажиллагаандаа ашиглахаар 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр М- ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацааг санхүүгийн түрээсийн гэрээний 1.3-д зааж өгсөн. Техникийн үзүүлэлт нь 2.2-д байгаа. 2 ширхэг авто ачигч гэдгийг тодорхойлж 2 авто ачигчийн марк, серийн дугаар, нэг бүрийн үнийг харилцан тохиролцсон. Энэ санхүүгийн түрээсийн гэрээг байгуулахдаа 3.1.1-д түрээсийн зүйлийг түрээсийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу өөрийн өмчлөл авахаар тохиролцоно гэж заасан. Энэхүү нөхцөл нь гэрээний 7.9-д заасан хуваарийн дагуу сар бүр тогтоосон хугацаанд түрээсийн төлбөрийг төлж, үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд уг 2 авто ачигчийг Х-ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр заасан. Санхүүгийн түрээсийн тухай хуульд зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний зорилго нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хэмжээгээр шилжүүлж, түрээсийн үнийг төлсөн тохиолдолд өмчлөлд шижлүүлэхээр тохиролцон гэж энгийн түрээсийн гэрээнээс ялгаатай. Санхүүгийн түрээсийн тухай хуульд нийцүүлэн энэхүү гэрээг байгуулсан. Энэ дээр хариуцагч тал маргах үндэслэл байхгүй. Учир нь санхүүгийн түрээсийн гэрээ мөн байна гэж хүлээн зөвшөөрч бүх нөхцөлийг харилцан тохиролцож гэрээг байгуулан өөрийн эзэмшил ашиглалтад гэрээний зүйлийг шилжүүлэн авч гэрээний хугацааны 6 сар, гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сарын турш 2 авто ачигчийг өөрийн эзэмшил, ашиглалтад байдаг. Гэрээний зүйлийг эзэмшил ашиглалтаддаа 1 жил байлгасан үйл баримттай нэхэмжлэгч маргахгүй байгаа. Гэтэл хариуцагч талаас бид ашиглаж чадаагүй гэж тайлбарладаг боловч амаар гаргаад байгаа тайлбар нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Иргэний хуульд санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээнд хэрэв гэрээний үүрэг биелэгдээгүй бол гэрээний үүрэг биелэгдээгүйгээс түрээслүүлэгчид учрах хохирлыг гэрээний 9.4-д зааснаар тодорхойлсон. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээнд шилжүүлэн түрээсийн зүйлийг буцааж ашигласан сар тутамд нэг сарын 15,000,000 төгрөгөөр тооцож үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасан. Энэ нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний хохирол нөхөн төлөх агуулгатай нийцэж байна. Өөрөө хэлбэл гэрээ дуусгавар болоход хөлслөгч гэрээний зүйлийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш зохих ёсоор шаардах эрхтэй гэх зохицуулалтад нийцэж байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх боломжтой гэж дүгнэсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн шийдвэрлэсэн шийдвэр гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж буцаасан. Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар магадлалийг анхан шатны шүүх заавал биелүүлэх үүрэг байхгүй. Анхан шатны шүүх хэнээс ч хараат бусаар бие дааж шийдвэр гаргах ёстой. Зээлээр худалдах худалдан авах гэрээ өөр агуулгатай. Гэрээний зүйл, хэлбэр, агуулга, шинж нь өөрөөр тайлбарлагдана. Бүрмөсөн өмчлөлд нь шилжүүлээд үнээ тохирдог. Гэтэл санхүүгийн түрээсийн гэрээний агуулгыг зээлээр худалдах худалдан авах гэрээний агуулга руу буюу ипотекийн шинж рүү тайлбарласан нь үндэслэлгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслүүлэгч биелүүлсэн, 2 техникийг гэрээ байгуулагдсан өдөр түрээслэгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэнтэй талууд маргадаггүй. Санхүүгийн түрээсийн гэрээний 6.3-т түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх байршлаа Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Сонсголонгийн зам, М- ХХК-ийн өөрийн байр гэж заасан. 6.4-т түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх цаг хугацаа, байршлыг 2 тал харилцан тохиролцоно гэж заасан. Эзэмшил ашиглалтдаа ашиг орлого олж чадаагүй нөхцөл байдал байсан бол түрээсийн зүйлийг буцааж өгөх үүрэгтэй байсан. гэтэл мөн энэ үүргээ биелүүлээгүй. Тайлбарлахдаа бид буцааж ав гэж хэлсэн боловч аваагүй гэдэг. Гэтэл гэрээний үүргийн дагуу тухайн байршилд хүлээлгэж өгөөд акт үйлдэх ёстой. хариуцагч янз бүрээр тайлбар хэлдэг боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-т заасны дагуу түрээслүүлэгч нь үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болох 242,202,500 төгрөг. Өөрөөр хэлбэл 12 сарын хугацаанд ашигласан 2 авто ачигчийн түрээсийн төлбөр 360,000,000 төгрөг болж байгаа. 118,219,500 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 241,780,500 төгрөг, М- ХХК-аас авсан бараа материалын үнэ 422,000 төгрөг, нийт 242,202,500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Түрээслүүлэгч нь хэрвээ Х-ХХК түрээсийн үүргээ биелүүлсэн бол тодорхой хэмжээний орлого ашгийг олох байсан. Өөрөөр хэлбэр 2 авто ачигчаа бусдад түрээслүүлсний төлбөр байгаа. Авто ачигчийг түрээслүүлснээр тухайн хүн ашиглаад өөрөө орлого олж байгаа. Мөн авто ачигчийг ашигласнаар элэгдэл хорогдол бий болж байна. Хэрвээ Х-ХХК-аас өөр компанид 1 жилийн хугацаанд түрээслүүлсэн байсан бол түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж тодорхой орлого олох байсан. гэтэл хариуцагч эзэмшил ашиглалтад 1 жилийн хугацаанд байлгасан. Гэрээний хугацаа 6 сар, дууссанаас хойш 6 сарын хугацаанд эзэмшил ашигалалтадаа байлгасан. Гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй боллоо гэдгээ мэдэгдээд түрээсийн зүйлийг буцаагаад өгсөн бол бусад өөр компанид түрээслээд орлогыг олох боломжтой болсон. Гэтэл эргээд санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Санхүүгийн түрээсийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Түрээсийн гэрээнд заасан үүргийг түрээслүүлэгч нь биелүүлсэн. Харин түрээслэгч нь гэрээний үүргийг биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1, 295 дугаар зүйлийн 295.4, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, санхүүгийн түрээсийн гэрээний заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч В.Баасанбямба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Монтрак ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан хоёр ширхэг ковшийг худалдаж авсан. Монтрак ХХК-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 9 сарын 11-ний өдөр байгууллагдсан 14/42 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 242,202,500 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 5 сарын 12-ны өдөр тодруулсан байна. Ингэж тодруулахдаа анхны нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан хууль зүйн үндэслэл өөрчлөгдсөн байна. Санхүүгийн түрээсийн 9.4-т зааснаар 241,780,500 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлголоо. Гэрээний 9.4-ийг санхүүгийн түрээсийн гэрээний зохицуулалтаар нэхэмжилж байгаа эсэх эсхүл эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Учир нь санхүүгийн түрээсийн гэрээ 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан. Тухайн гэрээ нь 6 сарын хугацаатай байгуулагдсан. Уг гэрээнд хүү алдангийн ойлголт, үндсэн үнэ, тухайн гэрээний зүйлийн талаар тодорхой дурдсан. Гэрээний зүйл болох 2 авто ачигч хамтдаа байгаа тусдаа салсан зүйл байхгүй. 2 авто ачигч дээр авсан урьдчилгаа нь мөн нэг л байгаа. 39,750 ам доллар буюу 37,80 хувийг нь урьдчилгаа төлбөрт авсан нь Санхүүгийн түрээсийн гэрээний 7.5-т заасан. 7.6-д түрээсийн төлбөрийн нийт үнэ нь 62,150 ам доллар гэж байгаа. 7.7-д түрээсийн хугацаа нь 6 сар байна гэж заасан. 7.3-д нэг сарын хүү 2 хувь байна гэж тус тус заасан. Төлбөр төлөх хуваарьт 7.9-д зааж өгсөн. Энэ хуваариа нийт төлөх дүнгээрээ байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 2 авто ачигч нэг л зүйлээр байгаа нь тодорхой харагдаж байна. Гэрээний ойлголтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 авто ачигчийн нэг бүрийн үнэ 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг юм гэж тайлбарлаж байгаа боловч үгийн шууд утгыг харахаар нэг авто ачигч гэдэг ойлголт байхгүй. Гэрээнд заасан үгийг утгачилж харахад гэрээний 7 дугаар зүйлд заасантай утга нэг байгаа. Харин түрээсийн хэлбэрт шилжүүлээд байгаа нь гэрээнд заасан стандартаа өөрчилж байгаа ойлгож гэж үзэж байна. Өөрөөр хэлбэр санхүүгийн түрээсийн гэрээ эд хөрөнгө хөлслөх гэрээнд шилжих боломжтой. Гэтэл эд хөрөнгө хөлслөх гэрээнд шилжих боломжтойг түрээсийн гэрээнд шилжүүлэх ойлголтоор тайлбарлаж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 422,000 төгрөгийн бараа материалын үнэ гэж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. М- ХХК-аас гаргасан 118,000,000 төгрөг төлсөн гэх тооцоог Х-ХХК хүлээн зөвшөөрч байгаа болохоос биш бэлэн өгсөн 15,000,000 төгрөгийг хүргэж өгсөн хүргэн ах нь нас барсан. Нэгэнт бэлнээр өгсөн хүн нас барсан учир 422,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодруулахдаа Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж тайлбарлаж байгаа боловч санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-т заалт нь эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаагаа зөрчсөн. 15,000,000 төгрөгийг эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар нэхэмжилж байгаа гэж үзэж байгаа тохиолдолд түрээсийн гэрээ гэж үзэх боломжгүй. Эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэвэл өөр болно. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ гомдлыг гаргаагүй учир давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр байгаа. 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаартай магадлалыг гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөхгүй байх ёстой гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжтой. Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 961 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тухайн хурлын тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлогдох баримтад үнлэгдэж тооцогддог. Хурлын тэмдэглэлээс тухайн гэрээний харилцаа нь эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ хийгдсэн гэдэг нь харагдаж байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 230 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Мөн түрүүчийн ойлголттой ялгаагүй эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байсан байна, гэрээ цуцлагдах талаар яригдана гэх дээд шүүхийн энэхүү тогтоол хүчин төгөлдөр байгаа. Анх сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2 авто ачигчийг санхүүгийн түрээсийн төлбөр буюу үнийг бүрэн төлсөн авто ачигчаа буцааж гаргуулъя гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн 2 хэрэгсэл өөр байгууллагад шилжлүүлсэн байна. М- ХХК бусдын өмчлөлд тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн бол түүнийг бусдад шилжүүлэх худалдан борлуулах эрхгүй. М- ХХК нэхэмжлэлээ тайлбарлахдаа гэрээний зүйлийг бид нарт авч ирж өгөх байсан гэж тайлбарлаж байгаа. санхүүгийн түрээсийн гэрээний хууль зүйн зохицуулалт нь төлбөрөө төлсөн тохиолдолд өмчлөлдөө шилжүүлж авах, төлбөрөө төлөхгүй гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тохиолдолд тухайн эд хөрөнгийг түр барих буюу түр авах эрхтэй. Түүнээс түр хүргэж өгөх гэсэн хуулийн ойлголт байхгүй. Түр авч байгаа тохиолдолд 2 авто ачигчийг бусдад худалдах боломжгүй. Нэгэнт худалдагдсан авто ачигчийн өмчлөгчөөр тогтоолгохоос илүү гэрээ цуцлагдсан төлбөрөө буцааж авъя гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төлбөр төлөгдөөд харилцаа үүсээд явж байсан тохиолдолд санхүүгийн түрээсийн гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүй ёсны санагдаагүй учир би энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. 9.4 дэх заалт нь стандарт, хууль зөрчсөн заалт. Дээд шүүхийн тогтоолд санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-дэх заалтыг ярицлаж байгаад оруулж ирсэн эсэх эсхүл танай стандартаар гэрээгээ хэвлэж байгаад шууд тараадаг юм уу гэж асуухад хэвлээд тараадаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Х-ХХК-ийн захирал Б.Баасанбямба бэлэн гэрээнд гарын үсэг зурсантай 2 тал маргахгүй байгаа. 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн магадлалд дурдагдсан эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхтэй холбогдсон гэрээний харилцаа буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Түүнчлэн гэрээнээс татгалзаад 2 авто ачигчаа аваад бусдад худалдан борлуулсан. Бид нарт эргэлзээ үүссэн зүйл нь юу байсан гэхээр худалдан борлуулаагүй, түр барьж байгаад санхүүгийн түрээсийн гэрээнд заасан хохирол алдангиа нэхэмжлэх боломжтой байсан. гэтэл аль хэдийн зарсан. Тэгэхээр энэхүү гэрээ бүрэн цуцлагдсан. Хариуцагчаас хүү алдангийг төлсөн ч гэсэн 2 авто ачигчийг буцааж авах боломжгүй. Дараагийн худалдаж авсан этгээдүүд нь хууль ёсны эзэмшигч болсон. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор тухайн авто ачигчийн үнэд төлсөн 218,219,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой тайлбарлахад гэрээнд заасан хүү алданги нэхэмжлэх боломжтой байсан боловч үүнийгээ нэхэмжлэхгүй байгаа гэдгийг улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээний 7.9-дэх заалтаар түрээслэгч түрээсийн төлбөр төлөх хуваарьт төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийг төлбөр төлнө. 7.2-д нэг сарын хүү 2 хувь байна гэх заалтаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан гэв.

Хариуцагч Х- ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Мон трак ХХк нь тус шүүхэд хандан талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 242.202.500 төгрөг нэхэмжилжээ. Х-ХХК, Монтрак ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасаг нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.4-д заасан үнэн санаанаасаа бус, хөнгөмсөгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү 

гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 118,219,500 төгрөгийг Х-ХХК-иас М- ХХК-нд төлсөн. Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн хэн нь маргахгүй үнийн дүн. Хариуцагч дээд шүүхийн шүүх хуралдаан дээр оролцсон. Тухайн хуралд Х-ХХК-ийн захирал Баасанбямба тухайн 2 авто ачигчийг өмчлөлд шилжүүлэх гэж л би мөнгө төлсөн. Түрээслэх байсан бол би авахгүй байсан гэх тайлбарыг хэлсэн. 118,219,500 төгрөгийг тухайн эд хөрөнгийн үнэд төлсөн. Зээлээр худалдах худалдан авах гэрээнд урьдчилгаа тооцоод хүү алданги авах эрхтэй байдаг. Учир нь зээлийн гэрээтэй ижил зохицуулалттай. Тиймээс 118,219,500 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилж байна

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэж ойлгож байна. Түүнээс өмнө 118,219,500 төгрөг гаргуулах шаардлага байгаагүй. Хариуцагчийн хувьд дураараа. 2 техникийг ашигласан элэгдэл, хорогдол, тухайн үед өөр түрээслэгчид түрээслүүлсэн бол ашиг олох байсан. энэ чинь бизнесийн зарчим. Хэн нэгнийг хууран мэхэлж 1 жил ашиглаад эргээд ашиглаагүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж болохгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ давж заалдах шатны шүүхийн магадлалаар тайлбарлаж байна. Хяналтын шатны шүүхэд хандаагүй учир давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр гэж байна. Гэтэл энэ чинь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр бус анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буцаасан шийдвэр. Шүүхийн шийдвэр хэдийд хүчин төгөлдөр болох вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр болно. Түүнээс биш үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр биш. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжилж байгаа 118,219,500 төгрөгийг өөр үндэслэлээр нэхэмжилж байсан бол одоо давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зээлээр худалдах худалдан авах гэрээний агуулгаар тайлбарлаж байна. Надад аягүй хүндрэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохоор энэ бол энэ гэрээ чинь биш байна гэж буцаадаг. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа санхүүгийн түрээсийн гэрээ гэхэд давж заалдах шатны шүүхийн магадлалаас болоод манай гэрээ зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарлах шаардлага гараад байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор талуудын хооронд байгуулагдсан гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээний агуулга явж байна гэж үзэх юм бол Иргэний хуулийн 264 дугаар зүйлийн 264.2-т зааснаар учирсан хохирол зардлаа худалдагч нь худалдан авагчаас шаардах эрхтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гэж юу байдаг талаар хуулиа уншаад ойлгох хэрэгтэй. Хэрэв давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн бол хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар бид хяналтын шатны шүүхэд хандах боломжтой байсан. Бусдын өмчлөлд байсан эд хөрөнгийг зарж борлуулсан гэж тайлбарлаад байна. Х-ХХК-ийн өмчлөлд хэзээ шилжсэн юм бэ. Өмчлөл, эзэмшил, ашиглалт чинь өөр. Гэрээний хугацааны туршид болон түүнээс хойш уг 2 авто ачигчийн өмчлөгч нь М- ХХК. Зөвхөн Х-ХХК-ийн эзэмшил ашиглалтад байсан. Бусдын эд хөрөнгийг 1 жил эзэмшил ашиглалтадаа байлгаад өгсөн мөнгөө нэхэмжилнэ гэж байгаа нь гэрээний харилцааны зарчимд нийцэхгүй. Бид хүлээлгэж өгөхгүй гээд хөдөө зүгээр хаяж болохгүй. Гэрээнд 2 авто ачигчийг хүлээлгэн өгөх газрыг зааж өгсөн. Гэрээний хүчин төгөлдөр бус эсэх дээр мараагүй байж Баасанбямба мэдэж ойлгохгүйгээр гарын үсэг зурсан гэдэг. Мэдээгүй буюу ойлгоогүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Дээд шүүхийн хуралд тайлбар ярьсныг нотлох баримтаар үнэлүүлэхээр тайлбарлах шаардлагагүй. Гэрээ байгуулагдсан анхны сараас эхлэн гэрээний үүрэг биелэгдээгүй зөрчигдсөн учир мэдэгдэл өгч байсан бичгийн баримт авагдсан. Яагаад эд хөрөнгө хөлслөх гэрээний журам хэрэглэж тайлбарлаад байна вэ гэхээр санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-т хэрвээ гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд энгийн гэрээний санхүүгийн гэрээнд шилжинэ гэж тайлбарлана. Иргэний хуульд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл санхүүгийн түрээсийн гэрээ түрээсийн гэрээнд мөн Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.5-д зааснаар эд хөрөнгө хөлсөх гэрээ нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Тиймээс эд хөрөнгө хөлсөх гэрээний журмаар хохирлыг нэхэмжилж байна. Анхан шатны шүүхээс зээлээр худалдах худалдан авах гэрээ байна гэж үзэх бол худалдагч нь худалдан авагчаас шаардах эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Худалдан авагчийн сөрөг нэхэмжлэл нь урьдчилгаанд төлсөн төлбөрийг худалдагчаас шаардаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хариуцагч талаас гэрээнээс харахад 1 авто ачигч байгаа харагдаад байна. 1 бүрийн үнэ 52,500 долларын үнэтэй 2 ширхэг авто ачигч ашиглачихаад өнөөдөр мэдэн будилаад нэг авто ачигч харагдаад байна гэдэг үндэслэлээр тайлбарлаж болохгүй. Бодит үйл баримт дээр 2 авто ачигч байсантай талууд анхнаасаа маргаагүй. Гэрээн дээр техникийн үзүүлэлт гээд 2 авто ачигчаа тодорхойлсон. Гэрээний 7.5-д урьдчилгаа төлбөр 39,750 ам доллар, үүний үлдэгдэл төлбөр нь 66,607 ам доллар гэж байгаа. Энэ хоёр үнийн дүнг нэмэхээр 2 техникийн үнэ 105,000 ам доллар гарч ирнэ. Гэрээний 7.5, 7.9-д зааснаар нэг авто ачигчийн үнэ харагдаад байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 9.4 дэх заалтыг хүчингүй болгуулахаар маргаагүй. 1 авто ачигчийг 1 сарын 15,000,000 төгрөгөөр тооцно гэж оруулаагүй байгаа ч ашигласан сар тутамд гэдэг нь 2 авто ачигчаар тайлбарлагдана. Өөрөө хэлбэр санхүүгийн түрээсийн гэрээний 2.2, 7.3, 7.5, 7.6, 7.9 дэх заалтуудтай 9.4 дэх заалт уялдаж тайлбарлагдана. Гэрээ цуцалсан гэж тайлбарлаж байна. Гэрээний хугацаа 6 сар, тэр хугацаа нь дууссан. Гэрээ цуцална гэдэг нь гэрээний хугацаа дуусахаас өмнөх асуудал. Гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй. Одоо болохоор манай өмчлөлийн техникийг М- ХХК зарсан учир бид авах боломжгүй гэж тайлбарлаж байна. Энд өмчлөлийн маргаан яригдаагүй, Х-ХХК-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт байхгүй. Гэрээний үүргээ биелүүлээд манай өмчлөлийн хөрөнгө байсан гэж маргах эрх нь нээгдэнэ. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэгэнт гэрээний харилцаа үргэлжлээд явагдсан нөгөөтэйгүүр эзэмшил ашиглалтадаа 12 сарын хугацаанд байлгасан. Энэ хугацаанд өөр хуулийн этгээдэд түрээслэсэн бол 2 авто ачигчаа худалдан авсан үнийг аль хэдийн олоод авчихсан байх байсан. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд асар их хохирлыг учруулсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй байж манай өмчлөл байсан гэх мэтээр маргах, урьдчилгаа төлбөрт төлсөн 118,219,500 төгрөгийг буцааж авах үндэслэлтэй гэж маргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2 үндэслэлээр тайлбарлаж байна. Шүүхээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэх бол Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар худалдагч нь учирсан хохирлоо нэхэмжилж байна гэсэн агуулгаар дүгнэж өгнө үү. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 217 дугаар зүйлийн 217.1, 318 дугаар зүйлийн 318.5, 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хувьд өөрчлөгдөхгүй. Энэ хэрэг дээд шүүх болон давж заалдах шатны шүүх рүү 2-3 удаа явж буцаагдаж ирэхдээ шүүх болгон өөр өөрөөр дүгнэсэн. Цаг хугацааны хувьд удаан хугацаанд маргаан байгаа. 2 авто ачигч хариуцагчийн эзэмшил ашиглалтад 1 жилийн хугацаанд байсантай талууд маргадаггүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.  

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М- ХХК нь Х- ХХК-д холбогдуулан нийт 242,202,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Х- ХХК нь М- ХХК-д холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул 118,218,500 төгрөгийг гаргуулах, түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай хариуцагч Х- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. /1 дүгээр хавтаст хэргийн 52-54, 118-119 дүгээр тал, 3 дугаар хавтаст хэргийн 41-43, 194-197 дугаар тал/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагаа ....2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түрээсийн төлбөр 1 сард хоёр авто ачигчийн түрээсийн төлбөр 30,000,000 төгрөг, үүнийг 6 сараар үржүүлэхэд 180,000,000 төгрөгөөс хариуцагч талын урьдчилгаанд төлсөн 118,219,500 төгрөгийг хасаад түрээсийн төлбөр 61,780,500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд гэрээний 9.4-д заасан төлбөрийн хэмжээгээр 1 сард хоёр авто ачигчийн төлбөр 30,000,000 төгрөг, үүнийг 6 сараар тооцоход олох ёстой байсан орлого буюу учирсан хохирол 180,000,000 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг, нийт 242,202,500 төгрөгийг Х-ХХК-иас гаргуулах гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 118,219,500 төгрөгийг М- ХХК-иас гаргуулах гэж тус тус тодруулав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч В.Баасанбямба нь түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг дурдлаа.

1-рт. Нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлтэй 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түрээсийн төлбөр 61,780,500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого буюу учирсан хохирол 180,000,000 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг, нийт 242,202,500 төгрөгийг Х-ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь ....Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д заасан түрээсийн гэрээнд заасан хохирлыг нэхэмжлэх боломжгүй. Санхүүгийн түрээсийн гэрээнд Түрээсийн гэрээний хуулийн зохицуулалтыг хэрэглэдэггүй....Зайлшгүй олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа тохиолдолд яаж тухайн орлогыг олж байгаа вэ гэдгийг нотлох баримтаар нотлох ёстой.... гэж мэтгэлцэв.

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Х- ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан нэхэмжлэгч М- ХХК нь XG951HL маркийн нэг бүрийн үнэ нь 52,500 ам.доллар, нийт 105,000 ам.долларын үнэ бүхий, 2 ширхэг авто ачигчийг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр хариуцагчид түрээслэхээр гэрээ байгуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 5-8 дугаар тал/

Уг гэрээгээр нэхэмжлэгч М- нь XG951HL маркийн CXG00951LOL1D0335, CXG00951LOL1D1678 арлын дугаартай хоёр ширхэг авто ачигчийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Х- ХХК нь урьдчилгаа болон сар бүр гэрээний хуваариар төлбөрийг төлөх үүргийг хүлээж, төлбөрийг бүрэн төлбөл түрээсийн зүйл болох 2 ширхэг авто ачигчийн өмчлөлийг шилжүүлэн авахаар тус тус тохиролцсон байна.

Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-гээр нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Х- ХХК-ийн эзэмшил, ашиглалтад XG951HL маркийн CXG00951LOL1D0335, CXG00951LOL1D1678 арлын дугаартай, шар өнгийн, 2 ширхэг авто ачигчийг шилжүүлсэн өгсөн болох нь 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №041 дугаартай Авто машин механизм хүлээлцүүлэх актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн өдрийн автомашин механизмын техникийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар тал/

Харин нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Х- ХХК-иас уг 2 ширхэг авто ачигчийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буцаан авсан болох нь Х- ХХК-иас дугуйт ачигч хураан авсан тэмдэглэлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй. /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ........Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй....Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-д зааснаар түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түрээсийн төлбөр 1 сард хоёр авто ачигчийн түрээсийн төлбөр 30,000,000 төгрөг, үүнийг 6 сараар үржүүлэхэд 180,000,000 төгрөгөөс хариуцагч талын урьдчилгаанд төлсөн 118,219,500 төгрөгийг хасаад түрээсийн төлбөр 61,780,500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого буюу учирсан хохиролд гэрээний 9.4-д заасан төлбөрийн хэмжээгээр 1 сард хоёр авто ачигчийн төлбөр 30,000,000 төгрөг, үүнийг 6 сараар тооцоход олох ёстой байсан орлого буюу учирсан хохирол 180,000,000 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг, нийт 242,202,500 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлав.

Хариуцагч Х- ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн эд зүйл болох 2 ширхэг авто ачигчийн үнийн 37,86%-тай тэнцэх төлбөрт 39,750 ам.доллар, мөн түрээсийн төлбөрт 20,167 ам.доллар, нийт 59,917 ам.доллар буюу 118,219,500 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. /1 дүгээр хавтаст хэргийн 16, 17, 158 дугаар тал/

Хариуцагч байгууллага нь гэрээний 7.9-д заасан төлбөр төлөх хугацааг 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс буюу төлбөр төлж эхлэх эхний сараасаа зөрчсөн болох нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь энэ талаар үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Талууд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсанд маргаагүй. Харин түрээслэгч буюу хариуцагч төлбөр төлж эхлэх эхний сараасаа гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний 9.4-д зааснаар санхүүгийн түрээсийн гэрээг түрээсийн гэрээ болон шилжсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлав.

Талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-д Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн, түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэжээ

Талууд түрээслэгч буюу хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн, түрээсийн гэрээний үүрэг болон солигдох эсэх асуудлаар маргаж байх тул гэрээг тайлбарлах шаардлагатай байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утга, мөн хуулийн 198.5-д зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарахаар байна. Талуудын гэрээний заалт, үгийн шууд утгаас үзэхэд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, талуудын хоорондох гэрээний харилцаа дуусгавар болж, гэрээний гүйцэтгэл биет байдлаар буцаагдсан байна.

Гэрээний 9.4 дэх заалтаар санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг түрээсийн гэрээний үүргээр солигдсон гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар бичгээр байгуулах бөгөөд бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д заажээ.

Санхүүгийн түрээсийн гэрээ, түрээсийн гэрээ нь төсөөтэй төрлийн гэрээнүүд биш бөгөөд түрээсийн зүйл, ашиглалтын хугацаа, түрээсийн төлбөр төлөх журам зэрэг нарийвчилсан, тусгай нөхцлүүд буюу гол нөхцлийн талаар талууд бичгээр тохиролцсон тохиолдолд түрээсийн гэрээг байгуулагдсанд тооцох юм.

Гэрээний 9.4 дэх заалтыг түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар талууд өмнөх ямар хэмжээний, ямар төрлийн үүргийг, ямар үүргээр яаж солихоор тохиролцсон нь тодорхойгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй бөгөөд үүргийг солихоор тохиолцсон гэж үзэх боломжгүй байна.

Иймээс 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх түрээсийн төлбөр 61,780,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого буюу учирсан хохирол 180,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй....2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого буюу учирсан хохиролд гэрээний 9.4-д заасан төлбөрийн хэмжээгээр 1 сард хоёр авто ачигчийн төлбөр 30,000,000 төгрөг, үүнийг 6 сараар тооцоход олох ёстой байсан орлого буюу учирсан хохирол 180,000,000 төгрөгийг гаргуулах... гэж тайлбарлалаа.

Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаархи энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ. гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дуусч байх бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш талууд гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцоогүй боловч хариуцагч нь хоёр ширхэг авто ачигчийг үргэлжлүүлэн эзэмшил, ашиглалтад байлгасаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзлээ.

Иймээс Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4 дэх заалтад заасан мөнгөн дүнгээр тооцож нэхэмжлэгчид учирсан хохирол болох олох ёстой байсан орлогыг тооцох боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд олох ёстой байсан орлого буюу өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

Иймээс 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого буюу учирсан хохирол 180,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

2015 онд нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Х- ХХК-д 422,000 төгрөгийн үнэ бүхий 7 төрлийн сэлбэг хэрэгслийг өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь хэзээ, хэнд 422,000 төгрөгийн үнэ бүхий 7 төрлийн сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, 2015 он, М- ХХК, Х- ХХК гэх бичилттэй /1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал/ зарлагын баримт нь уг баримт бичигдсэн сар, өдөр тодорхойгүй, тухайн баримтыг олгосон байгууллагын болон худалдан авагч байгууллагын регистрийн дугаар бичигдээгүй, тухай сэлбэг хэрэгслүүдийг хүлээн авсан хүний гарын үсэг, нэр бичигдээгүй, хариуцагч байгууллагын тамга эсвэл санхүүгийн тэмдэг дарагдаагүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр, хүү, алданги, бусад зардлаа нэхэмжлээгүй болохыг дурдав.

Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х-ХХК-д холбогдох, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түрээсийн төлбөр 61,780,500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого буюу учирсан хохирол 180,000,000 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг, нийт 242,202,500 /хоёр зуун дөчин хоёр сая хоёр зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь ....Хоёр авто ачигч хаана байгаа талаар мэдэгдээгүй. Яг очоод авъя гэхээр хаана байгааг тодорхойлж өгдөггүй байсан. Нэг авто ачигчийг Хөшөөтөөс, нэгийг нь Ховд аймгийн Булган сумаас авсан.... гэж тайлбарлах боловч М- ХХК нь хариуцагч Х- ХХК-иас уг 2 ширхэг авто ачигчийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөшөөтийн уурхай гэх газраас /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/ буцаан авч, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тухай хоёр ширхэг авто ачигчийг Булган хөрс ХХК-ийн Цэцэг сумын Хажилга 1-р багийн кеймп байрлах газарт Булган хөрс ХХК-ийн харуул С.Батхишигт хүлээлгэн өгсөн болох нь Булган хөрс ХХК-ийн Цэцэг сумын Хажилга 1-р багийн кеймпэд техник хүлээлгэн өгсөн актын /1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар тал/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба энэ үйл баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбар үгүйсгэгдэж байгааг дурдлаа.

2-рт. 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан тул санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 118,219,500 төгрөгийг М- ХХК-иас гаргуулах тухай хариуцагч Х- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

М- ХХК нь Х- ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан М- ХХК нь XG951HL маркийн нэг бүрийн үнэ нь 52,500 ам.доллар, нийт 105,000 ам.долларын үнэ бүхий, 2 ширхэг авто ачигчийг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр Х- ХХК-д түрээслэхээр талууд тохиролцож гэрээ байгуулсан /1 дүгээр хавтаст хэргийн 5-8 дугаар тал/ бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаархи энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дуусч байх бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш талууд гэрээний хугацааг сунгах талаар харилцан тохиролцоогүй боловч хариуцагч нь хоёр ширхэг авто ачигчийг үргэлжлүүлэн эзэмшил, ашиглалтад байлгасаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэв.

Х-ХХК нь М- ХХК-иас хоёр ширхэг авто ачигчийг 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, М- ХХК нь Х- ХХК-иас уг 2 ширхэг авто ачигчийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буцаан авсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй. /1 дүгээр хавтаст хэргийн 18-20, 23-24 дүгээр тал/

Х-ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 39,750 ам.доллар буюу 73,219,500 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,707 ам.доллар буюу 5,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,887 ам.доллар буюу 15,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 4,019 ам.доллар буюу 10,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,528 ам.доллар буюу 3,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,016 ам.доллар буюу 2,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 5,010 ам.доллар буюу 10,000,000 төгрөг, нийт 59,917 ам.доллар буюу 118,218,500 төгрөгийг М- ХХК-д төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

М- ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хоёр ширхэг авто ачигчийг буцаан авснаар талуудын хоорондох санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдаж, гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Х-ХХК нь гэрээ цуцлагдснаас хойш буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр М- ХХК-д 10,000,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдаж хожим үүрэг нь дуусгавар болсноор шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид дахин шилжүүлэх хууль зүйн үүрэг байхгүй болсон тул уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Харин Х-ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлсөн буюу Санхүүгийн түрээсийн гэрээ үйлчилж байх хугацаанд төлөгдсөн мөнгөн төлбөрийг шаардах эрхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан М- ХХК-иас 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулан Х-ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108,219,500 /нэг зуун найман сая хоёр зуун арван есэн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,963 төгрөгийг, Х- ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 889,447 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, М- ХХК-иас 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулан Х-ХХК-д олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х-ХХК-д холбогдох, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түрээсийн төлбөр 61,780,500 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд олох ёстой байсан орлого буюу учирсан хохирол 180,000,000 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэг хэрэгслийн үлдэгдэл төлбөр 422,000 төгрөг, нийт 242,202,500 /хоёр зуун дөчин хоёр сая хоёр зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан М- ХХК-иас 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулан Х-ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108,219,500 /нэг зуун найман сая хоёр зуун арван есэн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,963 /нэг сая гурван зуун жаран найман мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х- ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 889,447 /найман зуун наян есэн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есэн зуун тавь/ төгрөгийг гаргуулан Х-ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ