Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 994

 

 

Г.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч О.Сайнгэрэл,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/453 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Гд холбогдох эрүүгийн 1702000320059 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа хахууль өгөгч Г.Баттөр, П.Болортуяа нарын “хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эрдэнэбаяраар дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Баттөрөөс 500.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сард Г.Баттөр, П.Болортуяа нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас:

Г.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

 

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцээд, шүүгдэгч Г.Гд ял сонсгосон үндэслэл болсон нотлох баримтууд буюу гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, удирдлагын академийн сургалтын албаны 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 09/25 дугаартай албан бичиг, гэрч О.Эрдэнэбаяр, З.Дашдаваа, Б.Батдэлгэр, яллагдагч П.Болортуяа, Г.Баттөр нарын мэдүүлгүүд зэрэг нь эргэлзээтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 8, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заасан үндэслэлүүд дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Үүнд:

  1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд, О.Эрдэнэбаяр “хөгшин лүүгээ тоо явуулаач, хэд хэрэгтэй байна” гэсний хариуд Г.Г “чи өөрөө мэдчихээ хөгшөөн” гэсэн мессежийг явуулсан байх бөгөөд энэ нь шүүгдэгч Г.Ггийн гэм бурууг тогтоох шууд нотлох баримт болохгүй бөгөөд уг нотлох баримтад дурдсан зүйл тодорхой биш байна гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан:

О.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад Г.Г байцаагч “баяр ёслол болох гээд байна, тав арван цаасны боломж байна уу” гэж надаас асуухаар нь “за би эргээд яръя” гэж хэлсэн. Ингээд Г.Баттөр ахтай уулзаад “Г.Г байцаагч мөнгө нэхээд байна ш дээ” гэсэн чинь хэдийг гэхээр нь “мэдэхгүй ээ, мөнгөний тоо зааж хэлээгүй...” гэсэн мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөрийн эзэмшлийн гар утсанд Г.Ггээс мөнгө нэхсэн мессеж ирсэн, хадгалагдаж байгаа гэж шууд заасны дагуу түүний эзэмшлийн "Самсунг” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн нотлох баримтуудаас мэдүүлэгт дурдагдсан цаг хугацаа, хэмжээ тодорхойгүй мөнгө нэхсэн үйл баримт нотлогдсон байхад эдгээр нотлох баримт, нотлогдсон үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэж, эсхүл няцааж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл’’-ийг шүүх дурдаагүй, мөн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй” байх гэснийг тус тус ноцтой зөрчиж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

  1. Гэрч О.Эрдэнэбаяр нь “Г.Гд эхлээд 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн, дараа нь Болортуяа бид хоёр Ганхүү байцаагчийн өрөө рүү хамт орж 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн” гэж мэдүүлсэн. Харин П.Болортуяа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд тэр 2,000,000 төгрөгийг аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү Эрдэнэбаяр бид хоёр хамт яваад Ганхүүгийн өрөөний наана нь би үлдээд Эрдэнэбаяр цааш явж ороод өгсөн...” гэж зөрүүтэй мэдүүлдэг.

Мөн Г.Баттөрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...О.Эрдэнэбаяр гэдэг залуу Ганхүү байцаагчид 500,000 төгрөг хэрэгтэй байна гээд, надад өгөх мөнгө байхгүй байна гэсэн...” гэж мэдүүлдэг.

Дээрх Г.Баттөр, П.Болортуяа нарын мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Г.Г нь 2 удаагийн үйлдлээр бусдаас нийт 2,500,000 төгрөгийн хээл хахууль авсан тухай үйл баримтыг гэрч О.Эрдэнэбаяр мэдүүлдэг бөгөөд О.Эрдэнэбаярын энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй буюу шүүгдэгч Г.Гд хахуулийн мөнгө өгч байхыг нүдээр үзсэн, харсан өөр гэрч байхгүй, хээл хахууль өгч, авч байгааг харуулсан дуу, дүрсний бичлэг энэ хэрэгт байхгүй байна.

Шууд бус дамжмал байдлаар “Г.Гд мөнгө хэрэгтэй байна гэсэн, мөнгө өгөхөөр О.Эрдэнэбаяр орсон, өгнө гэсэн” гэх зэрэг зарим яллагдагч, гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь дангаараа шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй нотлох баримт биш гэжээ.

Г.Ггийн гэм буруутай эсэхийг тогтоолгох зорилгоор улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт ганц П.Болортуяагийн, эсхүл ганц Г.Баттөрийн, эсхүл ганц гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг дангаар нь шинжлэн судлаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан шүүгдэгч Г.Гг гэм буруутай эсэхийг тогтоолгох зорилгоор нийт 11 нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан.

Уг нотлох баримтууд дангаараа Г.Ггийн үйлдлийг гэмт хэрэг мөн гэж нотлох боломжгүй, бүгд нийлж буюу нэг баримт нь нөгөө баримтын эх сурвалж болж, эсхүл нэг нь нөгөөгөө бататгасан баримтууд юм.

Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

  1. Шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны эхний үе шатнаас эхлэн бусдаас хахууль аваагүй гэдгээ мэдүүлдэг бөгөөд Г.Ггийн шалгаж байсан эрүүгийн 201625021234 дугаартай хэргийн хохирогч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Им Жун Ү гэгчтэй нэгдмэл сонирхол бүхий хүмүүс болох О.Эрдэнэбаяр, П.Болортуяа, Г.Баттөр нар нь ямар ашиг сонирхлын үүднээс Г.Гд хахууль өгөх болсон, хахууль авсан гэж үзэж байгаа бол шүүгдэгч Г.Г нь үүний хариуд ямар үйлдэл, эс үйлдэхүй хийсэн зэргийг мөрдөн байцаалтын шатанд сайтар шалгаж тогтоогоогүй байгааг дурдах нь зүйтэй гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Г нь өөрийн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж хэрэгт цугларсан бусад баримтуудаар нотлогдоогүй.

О.Эрдэнэбаяр, П.Болортуяа, Г.Баттөр нар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Им Жун Ү-тэй нэгдмэл сонирхолтой бөгөөд тэд “хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлж, хохирлоо барагдуулж авах” ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр эрүүгийн 201625021234 дугаартай хэргийг шалгаж байсан ахлах мөрдөн байцаагч Г.Гд 2,500,000 төгрөгийг хахууль болгон өгсөн үйл явдал мөрдөн байцаалтаар тодорхойлогдсон. Г.Г дээр дурдагдсан нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорт хэргийг шилжүүлсэн үйл баримт хавтас хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдоно.

Шүүхээс шүүгдэгч Г.Ггийн үйлдлийг нотолсон нэг нь нөгөө нотлох баримтынхаа эх сурвалжийг бататган заасан, үйл явдлыг тодорхойлсон, агуулгын зөрүүгүй дээр дурдагдсан үзлэгийн тэмдэглэл, гэрч, яллагдагчийн мэдүүлгүүд зэрэг бичмэл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, няцаалт өгөлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл /Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх/-ийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан /дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал/ заалтад хамаарч байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/453 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, шүүгдэгч Г.Гд холбогдох эрүүгийн 1702000320059 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.   

 

Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах  тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас 2017 оны 8 дугаар сараас эхлэн шалгасан. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Болортуяагийн өргөдлийг шалгасан. Ингэж шалгахдаа прокурорын байгууллага болон хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтанд чиглэсэн өргөдөл гомдлыг шалгасан. Энэ утгаараа шүүхийн өмнөх шатанд прокурор илтэд давуу эрхтэй байсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэргээс гадуур өөр баримтад тулгуурлаагүй. Харин эргэлзээтэй маргаан бүхий ач холбогдолтой баримтыг зөв тодорхойлж эх сурвалжийг тогтоогоогүй. Тэдгээр нь хөдөлбөргүй нотлогдохгүй байгаа талаар дурдаж цагаатгах тогтоол гаргасан. Шүүхээс нээлттэй мэтгэлцэх зарчмын үүднээс нотлох баримтыг бүгдийг нь уншиж танилцуулсан. Эрдэнэбаяр гэх хүн 4 өөр мэдүүлэг өгдөг. 1 дүгээр хавтас хэргийн 76 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ 500.000 төгрөгийн талаар ярьдаг. Гэвч 500.000 төгрөгийн хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Ганхүү надруу утсаар ярьсан гэж мэдүүлдэг. Ингээд би Баттөр, Болортуяа хоёрыг хамт байхад нь хэлсэн хэмээн эхний мэдүүлгийг өгсөн. 1 дүгээр хавтас хэргийн 78 дугаар талд гэмт хэрэг гарсан хугацааг 5 дугаар сарын 31-ний өдөр гэж мэдүүлсэн. Өдөр болон утсаар ярьсан, уулзсан гэж зөрүүтэй мэдүүлж эхэлсэн. 1 сар орчмын дараа 2 дахь мөнгөө нэхсэн гэж мэдүүлсэн. Энэ нөхцөл байдлаа хэлэхдээ, эхний мэдүүлэгтээ Баттөрд хэлсэн гэдэг. Харин 2 дахь мэдүүлэгтээ Баттөр, Болортуяа, Ин Жу Ён нарыг Монголд байхад хэлсэн гэж мэдүүлдэг. 3 дугаар мэдүүлэг буюу 2018 оны 1 дүгээр сард өгсөн мэдүүлэг нь 1 дүгээр хавтасны 79 дүгээр талд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 5  сарын сүүл үе байсан гэж хэлдэг. Ганхүү надтай уулзъя гэсэн, ингээд Баттөр ахтай уулзаад Болортуяад хэлэх үү, байх уу гэж ярилцсан гэж мэдүүлдэг. Үйл баримтын цаг хугацаа нь илтэд зөрүүтэй. Гэрчид хууль сануулсан бол үзсэн, харсан зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Хамгийн сүүлийн мэдүүлэгт 5 сарын сүүл байсан. “Ганхүүтэй уулзсан, Болортуяад хэлэх үү байх уу, Болортуяа тэр үед Солонгост байгаагүй, дараагийн 2 сая төгрөгийг сарын дараа нэхсэн” гэж мэдүүлдэг. Гар утсанд үзлэг хийхдээ процессын алдаа гарсан. Зөвхөн гэрэл зураг хэрэгт авагдсан. Тэр гэрэл зурагт “очлоо, ойлголоо, чи өөрөө мэд” гэсэн хариу ирсэн байсан. Үүнийг шууд мөнгө шаардсан нотлох баримт гэж үзэхгүй. Гэрч Эрдэнэбаярын мэдүүлэг нь бусад нотлох баримт, эд мөрийн баримт болон бусад гэрчийн мэдүүлэг, энэ хэрэгт шалгагдсан бусад төрийн өндөр албан тушаалтны мэдүүлгээр үгүйсгэгддэг. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг нь Эрдэнэбаярын мэдүүлгээс тэс өөр мэдүүлэг байдаг учир ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн гүтгэж өгсөн мэдүүлгийг нотлох баримт болохгүй гэж үзсэн. Болортуяагийн ХААН банкнаас авсан 2.000.000 төгрөг нь Эрдэнэбаярын хэлсэн цаг хугцаанаас илтэд зөрүүтэй. Нэг гарсан гүйлгээ нь 8 дугаар сард данс хооронд гүйлгээ хийсэн байсан. Прокурор хэргийг шалгаж байхдаа хүний эрхийг зөрчиж ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрийг ялгаагүй. Тусгаарласан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй. Хэргийн материал танилцуулаагүй шийдвэрлэж байсан. Эдгээр зөрчлийг залруулаагүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Г.Гг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа хахууль өгөгч Г.Баттөр, П.Болортуяа нарын “хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эрдэнэбаяраар дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Баттөрөөс 500.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сард Г.Баттөр, П.Болортуяа нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй...” хэмээн дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Гг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн “...хахууль өгөхийг шаардсан, авсан...” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийн шаардсан гэсэн шинжийг няцаан үгүйсгэх болсон нотлох баримт, түүний агуулга болон шүүгдэгчийн мэдүүлгээс бусад яллах нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагуудад нийцсэнгүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан болно.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

                                                         

Мөн  Г.Ггийн гэмт хэрэг үйлдсэн гэх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2016 оны 8 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хууль, 2017 оны 7 дугаар сарын 1-ээс үйлчилсэн 2015 оны Эрүүгийн хуулийн чухам аль  хуулийг ямар үндэслэлээр түүний үйлдэлд хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай.

 

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон Г.Гд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/453 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Гд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                      ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ