Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/00162

 

“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00256 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00681 дүгээр магадлалтай,

“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох

Орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3,646,771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425,173 төгрөг, нийт 4,071,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Х” ХК нь “Б” ХХК-д холбогдуулан орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид үндэслэлгүйгээр төлсөн 3,646,771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425,173 төгрөг, нийт 4,071,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00256 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-аас орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид төлсөн 3,646,771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425,173 төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,101 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 73,298 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00681 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заасныг өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа ба энэ нь хуулийг нэг мөр ойлгох, хэрэглээг тогтоох хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг харуулж байна. Дээрх заалтыг зарим шүүх “хуулиар алданги ногдуулах зохицуулалт” гэж тайлбарлаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байхад зарим шүүх “гэрээ байгуулснаар алданги тооцох эрх үүснэ” гэж 2 өөрөөр тайлбарлаж хэрэглэж байна. ...Дээрх заалт нь Эрчим хүчний яам болон салбарын зохицуулах байгууллагаас эрчим хүчний салбарын мөнгөний урсгалыг зохицуулах “Нэг худалдан авагчийн систем”-ийг хэрэгжүүлж, хариуцлагажуулахтай шууд хамааралтай юм. ...Хэрэглэгчтэй байгуулж буй эрчим хүчээр хангах гэрээний агуулгыг Эрчим хүчний хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т тодорхойлон заасан буюу энэ төрлийн гэрээ нь стандарт нөхцөлтэй, нийтийн эрх зүйн гэрээ бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Эрчим хүч хэрэглэх дүрэмд төлбөр тооцоо хийх хугацаа, нөхцөл зэргийг зааж, Аж ахуйн харилцааны дүрмээр зохицуулсан байдаг. Иймд хэрэглэгч нь гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний дагуу, гэрээ байгуулаагүй тохиолдолд салбарын хэм хэмжээний акт, дүрэм журамд заасны дагуу буюу зохих ёсоор төлбөрөө төлөөгүй бол алданги ногдуулах тухай ойлголт бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д алдангийг гэрээ байгуулаагүй ч хуулиар ногдуулж болох хэлбэрийг зохицуулж өгсөн. Тийм ч учраас энэ хэргийг хяналтын журмаар шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2023.04.04-ний өдрийн 001/ХТ2023/00058 дугаартай тогтоолын хянавал хэсгийн 11 дэх хэсэгт “...давж заалдах шатны шүүх анзыг зөвхөн гэрээгээр үүснэ гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д нийцээгүй, ... анз нь хуулиар, мөн гэрээгээр үүсдэг ...” гэж дүгнэж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. ...Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” гэж заасан. Угтаа зохигчдын хооронд үүссэн маргааныг Эрчим хүчний салбарын зохицуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ёстой юм. Гэтэл мөн дээрх заалтыг шүүхүүд өөр өөрөөр буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэх ёстой, ёсгүй гэсэн байдлаар хэрэглэж байгаа нь хуулийг нэг агуулгаар, нэг мөр ойлгож хэрэглэхгүй байгааг харуулж байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “орон сууцны ашиглалтын төлбөрийн алдангид 3,646,771 төгрөгийг гаргуулж” гэснийг болон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.13-ны өдрийн 001/ШХТ2024/00748 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр төлсөн 3,646,771 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт илүү төлсөн 425,173 төгрөг, нийт 4,071,944 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...манай банк 2018.12.26-ны өдөр Х дүүргийн ** хороо ** гудамж ** тоот хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр зээлийн төлбөрт тооцон, өмчлөлдөө шилжүүлэн авсан, 2022.01.12-ны өдөр Г.У-д уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах үед 2019.11.20-2022.01.20-ны хоорондох хугацааны орон сууц ашиглалтын төлбөрт 8,155,223 төгрөгийг төлсөн боловч хариуцагч “Б” ХХК нь харуул хамгаалалтын хөлсийг илүү авсан, бичгээр гэрээ байгуулаагүй байхад алданги 3,646,771 төгрөгийг үндэслэлгүйгээр төлүүлсэн...” гэсэн байна.

Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэлийг маргаж, өмнөх өмчлөгчийн өр төлөгдөөгүй байсан, нэхэмжлэгч нь өр төлбөрийг төлүүлэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг авсан тул өрийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд гэрээ байгуулаагүй боловч алдангийг хуульд зааснаар төлөх үүрэгтэй, мөн оршин суугчдын хурал уулзалтаар харуул цалинжуулах, цалин хөлсийг нэмэх асуудлыг шийдвэрлэсэн байсан гэсэн үндэслэлийг заажээ.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-аас 3,646,771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн.

Шүүх Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж заасан тул талууд гэрээ байгуулах байсан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр байгуулахаар суурь харилцааг зохицуулсан, хариуцагч нь 8,155,233 төгрөгийг төлөх талаар мэдэгдсэн болохоос нэхэмжлэхэд алдангийг дурдаагүй, алданги 3,646,771 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлснээр хариуцагч нь уг төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн..., Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран алданги шаардах эрхийг олгоогүй, нэхэмжлэгч нь дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байх тул алдангид төлсөн 3,646,771 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, ...Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын хөлс төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх адил шийдвэр гаргасан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хариуцагч талын гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

10.Хэрэгт байгаа баримтаар, хариуцагч “Б” ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшиж, Х дүүргийн ** хороо **** байрны хэрэглэгчийн үйлчилгээг хариуцдаг, үүнд нэхэмжлэгчийн өмчлөлийн худалдан борлуулсан орон сууц хамаарсан, “Х” ХК нь төлбөрт тооцож, өмчлөлдөө авсан үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын төлбөр, алданги, харуул хамгаалалтын хөлс нийт 8,155,233 төгрөгийг хариуцагч байгууллагад төлсөн үйл баримтыг зохигч маргаагүй ба гагцхүү алданги 3,646,771 төгрөг, харуул хамгаалалтын хөлс 425,173 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан эсэх асуудал маргааны зүйл болжээ.

11.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэж заасан. Анз нь гэрээнээс гадна хуулиар үүсэж болохыг ийнхүү тодорхой зохицуулсан байхад хоёр шатны шүүх хуулиар үүсэж буй анзыг гэрээгээр тохирох байсан гэсэн дүгнэлтийг хийснээр Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

12.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заажээ. Иймд үүргээ зөрчсөн хэрэглэгч нь анзын гэрээг бичгээр байгуулсан эсэхээс үл хамаарч хуулиар тогтоосон хариуцлагыг хүлээнэ.

13.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахдаа өмнөх өмчлөгчийн ашиглалтын болон СӨХ-ны төлбөр байгаа эсэхийг шалгах үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч өөрөө үүрэг зөрчөөгүй хэдий ч өмнөх өмчлөгчийн биелүүлээгүй үүргийг бүрэн хариуцах учир зохих төлбөрийг авсан хариуцагч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хуулийн үндэслэлгүй бөгөөд зүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байжээ.

14.Хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр үүссэн үүргээс улбаатай болохыг анхаараагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

15.Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг хууль болон аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заажээ. Уг харилцааг Эрчим хүчний зохицуулах хорооны 2018.10.11-ний өдрийн 292 дугаар “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралт болох “Аж ахуйн харилцааны дүрэм”-ээр нарийвчлан зохицуулсан байх бөгөөд дүрмийн 2.1, 2.4-т хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байх, 3.1-д ийнхүү гэрээ байгуулснаар хангагч нь гэрээнд заасан тоо, хэмжээгээр цахилгаан, дулаанаар хангах үүргийг хүлээхийг, 3.8-д хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэх банканд очсоноос хойш алданги тооцож эхлэх”-ийг гэрээгээр зохицуулна гэж тус тус заасан.

16.Эдгээр хэм хэмжээгээр дулааны эрчим хүчээр хангах асуудлаар талууд гэрээ байгуулахыг журамласан байна. Харин эрчим хүчээр хангах үйл ажиллагаа нь нийтийн эрх зүйн харилцаанд хамаарах учир хэрэглэгч үүргээ зөрчсөн тохиолдолд алданги ногдуулахыг нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Эрчим хүчний хуулиар зохицуулсан тул анзын хувьд гэрээг бичгээр байгуулахыг шаардахгүй, алданги төлөх үүрэг хуулиар үүснэ.

17.Эрчим хүч хэрэглэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол алданги төлөх хариуцлагыг ийнхүү хуулиар тогтоосон тул гэрээгээр зохицуулагдахгүй бөгөөд нэхэмжлэгч алданги төлсөн нь хууль зөрчөөгүй, улмаар буцаан шаардах эрхгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шаардах эрх тогтоогдсонгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

18.Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Арбитрын хэлэлцээртэй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ”, 35.2-т “Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ”, 35.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 35.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3-т зааснаар “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, иргэний хэрэг үүсгэсэн бол хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн боловч энэ журмыг хэрэглэх боломжтой эсэхийг шүүх бүрэн эрхийн дагуу хянан үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болохгүй бөгөөд энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00681 дүгээр магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/00256 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Б” ХХК-аас 4,071,944 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Б” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.17-ны өдөр төлсөн 73,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Д.ЦОЛМОН

                                ШҮҮГЧИД                                               Н.БАТЗОРИГ                                     

                                                                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                                    Н.БАЯРМАА

                                                                                                    П.ЗОЛЗАЯА