Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/00174

 

Ч.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00596 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00946 дугаар магадлалтай,

Ч.У-ийн нэхэмжлэлтэй

Н-т холбогдох

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012.04.10-ны өдрийн 125 дугаартай шийдвэрийг зохих ёсоор биелүүлэх, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад биелүүлсэн гэж ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022.10.12-ны өдрийн 22-10/639 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, төөрөгдүүлж хохироосон тул албан ёсоор уучлал гуйхыг тус тус даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ч.У нь Н-т холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012.04.10-ны өдрийн 125 дугаартай шийдвэрийг зохих ёсоор биелүүлэх, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад биелүүлсэн гэж ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022.10.12-ны өдрийн 22-10/639 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, төөрөгдүүлж хохироосон тул албан ёсоор уучлал гуйхыг тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00596 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.У-ийн гаргасан шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг даалгах, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00946 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Уийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай шийдвэрийг зохих ёсоор биелүүлэх, өнөөдрийг хүртэл ажиллагааг хуульд нийцсэн хэмээн худал мэдээлэл өгч төөрөгдүүлсэн, хугацаа алдуулсандаа албан ёсоор бичгээр уучлал гуйхыг даалгах хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч Ч.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 гэж заасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд би энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т заасны дагуу хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн. Давж заалдах шатны шүүх “хэргийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон боловч түүнийхээ хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Магадлалд “хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн бөгөөд хуулийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан “хэргийн харьяалал зөрчсөн” гэсэн нь мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар гомдол гаргах шаардлагатай гэдгийг илтгэж байна. Иймд би энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсэж байна.

...Давж заалдах шатны шүүх хурлыг даргалагч Д.Н нь миний мэтгэлцэх боломжийг хясан боогдуулж, яриаг тасалж байснаас гадна шүүгч Ч.Ц түүнд нь түлхээс болж байгааг би хурлын үеэр хараад зогсож байсан. Хуульд зааснаар Ч.Ц миний гомдлыг хянан хэлэлцэх ёсгүй, хориглосон шүүгч байсан ч би маш олон удаа, олон жил шүүхээр явж байгаа учир энэ мэт хэргийг шударгаар шийдвэрлэхэд нөлөөлөх ёсгүй, хамааралгүй асуудлаар маргаан үүсгэхгүй байхыг чухалчилсан. Үүнийг маань шүүх, шүүгчид далимдуулж байгаа нь тохуурхлын шинж мөн. ...Миний гомдлыг давж заалдах шатны шүүхээр 2024.05.03-нд хэлэлцэж 210/МА2024/00946 дугаар магадлал гарсан бөгөөд шүүх хурлыг даргалагч Д.Н хуралд мэдэгдэхдээ анхан шатны шүүх хэргийг буруу зүйлчилсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч энэ тухайгаа магадлалд тусгаагүй байна. Магадлалын тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасныг удирдлага болгон энэ хэсгийн 1-д анхан шатны шүүхийн 2024.02.01-ний өдрийн 183/ШШ2024/00596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан  “...хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Давж заалдах шатны шүүх миний “шийдвэрийг хүчингүй болгох” тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн мэт бичсэн ч хууль зүйн үндэслэлийг заагаагүй нь ойлгомжгүй байна. ...Шүүгч Ч.Ц миний нэхэмжлэлийн талаарх шүүх хуралд 2 дахь удаагаа оролцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.6, 84.4-т заасны дагуу шүүх хурлаас татгалзан гарах үүрэгтэй байсан ч энэ үүргээ өөрөө биелүүлээгүй. Миний хувьд хэн ч байсан хэргийг шударгаар шийдэх нь шүүгчийн эрхэм үүрэг, хэргийг шударгаар шийдвэрлэхэд энэ мэт байдал нөлөөлөх ёсгүй” гэж үзсэн учраас татгалзан гарахыг хэлээгүй, шүүх хурлын үеэр тийм нөхцөл байдал үүсдэг гэдгийг би мэддэггүй байсан. Шүүгч Ч.Ц хуралд оролцсон нь миний зүгээс өөрийгөө өмгөөлөн тайлбар хийх нөхцөл байдал тухайн шүүх хурлын үеэр бүрэн хангагдаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн нь үндэслэлгүй санагдсан учраас би шүүх хурлыг хаяж гарсан. Иймд магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэсэн энэ хэсэгт хуулийн зүйл заалтыг нь тусгуулахыг хүсэж байна.

Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих ёсоор явагдаагүй гэж гомдол гаргасан бөгөөд энэ үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар тодорхойлогддог байгууллагын эрхлэн явуулах үйл ажиллагаа юм. Тиймээс анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хэргийн харьяаллыг зөв тогтоон хэлэлцсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон, хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл зэргээ үндэслэлтэй тайлбарлаагүй, хэргийг санаатайгаар буруу шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байгаа тул мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.1, 176.2, 176.2.5-д заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ч.У-ийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.17-ны өдрийн 001/ШХТ2024/00818 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч Н-т холбогдуулан Захиргааны хэргийн шүүхийн 2012.04.10-ны өдрийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг даалгах, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад биелүүлсэн гэж ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022.10.12-ны өдрийн 22-10/639 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, төөрөгдүүлж хохироосон тул албан ёсоор уучлал гуйхыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тэрээр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн үндэслэл болсон Нийслэлийн Б-н даргын 2013.11.20-ны өдрийн Б/117 тоот тушаал нь хэргийн оролцогчийн акт биш бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй" гэж зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй, хариуцагч байгууллага нь хууль бус ажиллагаа явуулж намайг төөрөгдүүлж цаг хугацаагаар яллаж, хохироосон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж, 2022.10.12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22-10/639 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр биелэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч Ч.У-ийн захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй, нэхэмжлэгч нь “хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан, ...захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхэд гаргавал зохино...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн харьяаллын талаар өөр өөр дүгнэлт хийсэн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх” гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

10.Хэрэгт байгаа баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ч.У нь Нийслэлийн *** дугаар сургуульд физикийн багшаар ажиллаж байсан ба ажлаас үндэслэлгүй халагдсан учир шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон боловч тус сургуулийн захирал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байснаас үүдэж, 2011.04.22-ны өдөр Х дүүргийн Засаг даргад хандаж “...** дугаар сургуулийн захирал Д.Т нь түүний эрхийг болон хамт олны эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдэл удаа дараа гаргаснаас гадна ялтай байхдаа албан тушаал эрхэлж байгаа учир арга хэмжээ авхуулах”-ыг хүссэн гомдол гаргасан, улмаар уг гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй Х дүүргийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012.04.10-ны өдрийн 125 дугаартай шийдвэрээр “Ч.У-ийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлээгүй Х дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.У-ийн өргөдөлд дурдсан 75 дугаар сургуулийн захирал Д.Т-г ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийг уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж” шийдвэрлэсэн, уг шийдвэрт 2013.07.15-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022.03.22-ны өдрийн 22410141 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Н алба Х дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид шаардлага хүргүүлсэн, Н-н даргын 2013.11.20-ны өдрийн Б/117 дугаартай тушаалаар Д.Т-т үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухайгаа мэдэгдсэн, Н алба 2022.10.12-ны өдрийн 222-10/639 дугаар тогтоолоор ажиллагааг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч Ч.У нь Х дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж маргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

11.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзэв.

11.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд үүнд шүүх иргэний хэрэг үүсгэн хэргийн талаар шийдвэр гаргах, шийдвэр заавал биелэгдэх эрх зүйн ажиллагаа багтана. Хэдийгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нийтийн эрх зүйн шинжтэй харилцаа боловч иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бол иргэний хэргийн шүүх шийдвэрлэх, шүүхийн харьяаллын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгайлан зохицуулжээ.

Харин захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасан журмын дагуу гүйцэтгэх, хариуцагч захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдах журмыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2,123.3-т тус тус заажээ.

11.2.Мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдвол хэтрүүлсэн хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-д заасан журмын дагуу сэргээх бөгөөд энэ тухай шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор гүйцэтгэх баримт бичиг олгуулахаар шүүхэд хандахыг заасан байна.

Хуулийн эдгээр заалтаас үзвэл захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдох шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэхдээ нийтийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх журмаар хэрэгжүүлдэг байх ба шийдвэр биелэгдсэн эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь зүйтэй байна.

11.3.Иргэний хэргийн болон захиргааны хэргийн шүүх аль аль нь шийдвэртээ шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заадаг бөгөөд ийнхүү зааснаар шийдвэрийг биелүүлэх ажиллагаа тус тусдаа өөр, үүнээс захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд нийтийн эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглэсэн эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Иймд нэхэмжлэгч Ч.У-ийн захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00946 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.У-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧИД                                                       Н.БАТЧИМЭГ

                                                                                                         Н.БАЯРМАА

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН