Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/02441

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2021/02441 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

 

Даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрт 75,330,126 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., Б.Гэрэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ХК нь даатгуулагч ... ХХК-тай ... дугаар Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ-г 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан. Тус даатгалын гэрээгээр даатгуулагчийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх болон усан (хөлөг) онгоцоор Монгол Улсаас гадаад улс руу болон гадаад улсаас Монгол Улс руу тээвэрлэгдэж буй ачаа барааг даатгасан. Тээвэрлэгч ... ХХК-аар тээвэрлэгдэн ирсэн даатгуулагч ... ХХК-ийн ачааг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаалийн талбайд онгойлгож үзэхэд доторх ачаа нь ханарч нурж унасан байдалтай байсан бөгөөд барааны эвдрэлийн тоо ширхэгийг Улаанбаатар төмөр замын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Тээврийн акт ..., Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертизийн ... дүгнэлтээр тогтоосон.

Улмаар нийт 31,801.32 ам.долларын бараа гэмтэж эвдэрсэн нь тогтоогдсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01060 дугаар шийдвэрээр Гадаад ачаа тээврийн даатгалын тохиолдол үүссэн хэмээн үзэж уг хохирлын 90 хувь болох 28,621.6 ам.доллар буюу 75,330,126 төгрөгийг ... ХК-аас гаргуулж даатгуулагчид олгож шийдвэрлэсэн. ...ХК нь шүүхийн шийдвэрийн дагуу ... ХХК-ийн тээвэрлэсэн ачааны хохиролд даатгуулагчид 3 удаагийн шилжүүлгээр нийт 75,330,126 төгрөгийг шилжүүлсэн болно. Дээрх ачаа нь тээвэрлэлтийн явцад ханарч нурсан буюу тээвэрлэгчийн хариуцлагаас болж гэмтсэн болох нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн ... дүгнэлтэд дээрх гэмтлүүд нь вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс тээвэрлэлтийн явцад үүссэн гэснээр тогтоогддог.

Мөн тээвэрлэгч ... ХХК болон даатгуулагч ..." ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ-ний 2.1.7 дахь заалтад Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа нэмэлт зардал болон ачаа бараанд учирсан хохирлыг хариуцан барагдуулна хэмээн заасан байдаг. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан бөгөөд Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-д Даатгагч нөхөн төлбөр олгосноор олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгагчид шилжинэ гэж заасан байдаг.

... ХХК нь өөрийн хариуцсан тээвэрлэлтийн явцад буюу ачааны бэхэлгээг хангалтгүй хийсний улмаас даатгалын зүйлд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул ...компани даатгалын нөхөн төлбөрт олгосон төлбөрийг буруутай этгээд болох хариуцагчаас буцаан нэхэмжлэх үндэслэлтэй юм. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д тус тус заасны дагуу буруутай этгээд болох ... ХХК-иас 75,330,126 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... ХХК нь ...ХХК-тай иргэний болоод бусад хэлбэрээр эрх зүйн харилцаанд ороогүй, тус компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээж, эрх ашгийг нь зөрчиж, хохирол учруулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дугаар заалтыг тус тус үндэслэн манай компанийг хариуцагчаар татсан байх ба энэ зүйл заалтуудад манай компани хамааралгүй.

Өөрөөр хэлбэл манай компани 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ... ХХК-тай тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйл буюу үйлчлүүлэгчийн эрх үүрэгтэй холбоотой хэсгийн 3.1.3 дахь заалтаар үйлчлүүлэгч тал буюу ... ХХК нь илгээгч талдаа ачааны сав, баглаа боодол, бэхэлгээг тээвэрлэлтийн явцад задарч онгойхгүй, нурж гэмтэхгүй байхаар сайтар хийж гүйцэтгэхийг урьдчилан анхааруулах үүрэгтэй. Мөн манай компани ачаа тээврийн үйл ажиллагаанд зуучлалын үүрэг гүйцэтгэдэг ба ачааг тээвэрлээгүй, ачааг илгээгээгүй, ачааг бэхлээгүй болно. Энэ үйл ажиллагаанд тухайн ачааг зуучилсан, илгээсэн, тээвэрлэсэн, хүлээн авсан гээд олон байгууллагын хамтын ажиллагаа, мөн тус тусын хүлээх үүргийн хүрээнд явагдсан гэдгийг тодотгомоор байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн ... дугаартай дүгнэлтийг хавсаргаж өгсөн байх ба уг дүгнэлтээр вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс болж тээвэрлэлтийн явцад үрэгдсэн талаар, мөн Улаанбаатар төмөр замын 2018 оны 07 сарын 30-ны өдрийн ... дугаартай тээврийн актаар ачааг вагонд 2 давхар поддоноор хураасан байсан нь ханарч нурж ирснээс болж ачаа гэмтсэн гэсэн акт үйлдсэн байна. Мөн Улаанбаатар төмөр замын тус актаар тээвэрлэгч нь Улаанбаатар АБТЭМА буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг харин ачааг илгээгч байгууллага нь Хемтранса компани байгааг харж болно. үүнээс үзэхэд ачааг илгээгч байгууллага шаардлагатай бэхэлгээг хийсэн эсэх, ачааг тээвэрлэсэн байгууллага ачааг ханарч унахад хүргэсэн ямар нэг үйлдэл гаргасан эсэх нь тодорхойгүй, харин манай компанийн хувьд ачааг бэхлэх үүрэг хүлээхгүй ба илгээгч байгууллага ачааг бэхэлдэг, бэхэлгээг маш сайн хийлгэх үүргийг манай компанийн үйлчлүүлэгч байгууллага хүлээдэг. Тээвэрлэлтийг манай компани хийдэггүй ба ... тээвэрлэлтийг хийдэг. Тус байгууллага ачааг гэмтээх хэмжээний ямар нэг үйлдэл гаргасан эсэхийг бид мэдэхгүй ч тээвэрлэлтийн явцад ачааг бүрэн бүтэн байлгах үүргийг тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа байгууллага хүлээх үүрэгтэй. Нэхэмжлэгч нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01060 дугаартай шийдвэрийг хавсаргаж өгсөн байна. Уг шийдвэрээс үзэхэд даатгалын нөхөн төлбөрийн талаар талууд 2018 оны 10 дугаар сарын 10-ны гэрээ байгуулсан байна. Энэ нь хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн, даатгалын тохиолдлыг хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлбөрийг төлөхөөр хугацаа тохирсон гэж ойлгож болохоор байна.

Өөрөөр хэлбэл талууд холбогдох хууль, журмыг зөрчиж гэрээ байгуулан тохиролцож, уг тохиролцсон үнийн дүнгээ гуравдагч этгээд буюу манайд шууд тулгаж байна. Уг шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд манайх мэдээгүй ба оролцоогүй. Мөн шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хариуцагч тал буюу ...ХК нь дүр үзүүлсэн байдлаар оролцсон болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэлээс тодорхой харагдаж байна. Иймд тус нэхэмжлэлийн хувьд манай компани нэхэмжлэгчийн тодорхойлсон буруутай этгээд биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...ХК нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрт 75,330,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, татгалзлын үндэслэлээ даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохиролд гэм буруугүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч ... ХХК тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг байх ба ... ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ... дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр ... ХХК нь ... ХХК-ийн барилгын материалыг Литви улсаас Монгол Улс хүртэл төмөр замаар тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалтын үйлчилгээ, түүнтэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэх, ... ХХК тээвэрлэлтийн хөлсөнд 15,800 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 хавтас 10-12 тал/

 

Дээрх гэрээгээр хариуцагч ... ХХК нь төмөр замаар импортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулж, тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх, ... ХХК тээврийн хөлс төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д зааснаар зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн.

Мөн Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 6-д ...тээвэр зуучийн байгууллага нь илгээгч, хүлээн авагчийг төлөөлж төмөр замын байгууллагатай харьцсан тохиолдолд төмөр замын байгууллагын өмнө илгээгч, хүлээн авагчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан байх тул зуучлуулагчийн өмнө зуучлагч нь тээвэрлэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж үзэхээр байна. Иймээс хариуцагч ... ХХК нь зуучлуулагч ... ХХК-ийн өмнө тээвэрлэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ. Талуудын хооронд тээвэрлэлтийн болон зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Тээвэрлэлтийн гэрээний дагуу Литви улсаас Монгол улс руу 1968 сав барилгын өнгөлгөөний материал төмөр замаар тээвэрлэгдэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ... ХХК хүлээн авсан байх ба Atlas cermim szara нэр төрлийн 406 сав, Amlas cermim Biara нэр төрлийн 718 сав, нийт 1,124 ширхэг сав барилгын өнгөлгөөний материал тээвэрлэлтийн явцад гэмтэж, ашиглах боломжгүй болсон нь ...-ийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай тээврийн акт, ХААҮТ-ын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ...ХК нэхэмжлэлийн үндэслэлээ даатгуулагч ... ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлснөөр гэм хорын хохирлыг ... ХХК-аас шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан гэж тодорхойлсон бөгөөд ...ХК нь ... ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ байгуулж, Литви улсаас Монгол улс руу тээвэрлэгдэж буй 1968 сав бүхий барилгын өнгөлгөөний материалыг 150,440,510 төгрөгөөр үнэлэн гэрээний 2.14-т зааснаар гэрээний ерөнхий хасалт хэсэг /зургадугаар зүйл/-т зааснаас бусад шалтгаанаар даатгалын зүйлд хохирол учруулж болохуйц тодорхойгүй нөхцөл байдлуудыг даатгуулахаар тохиролцож, даатгуулагч даатгалын хураамж төлжээ.

 

...ХК болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасны дагуу бичгээр байгуулагдсан байх ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр ...ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 55,330,126 төгрөг гаргуулж даатгуулагч ... ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ...ХК болон ... ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний гэрээний хүчин төгөлдөр байдлыг, уг гэрээнд заасан даатгалын тохиолдолд бий болсон үйл баримтыг тус тус тогтоосон байна.

 

Мөн нэхэмжлэгч ...ХК нь даатгуулагч ... ХХК-нд даатгалын нөхөн төлбөрт 75,318,255 төгрөг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 1 хавтас 13-15 тал/, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгийг ... ХХК-аас шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд тухайн даатгалын тохиолдолд бий болоход ... ХХК гэм буруутай болохыг, мөн бодит хохирлын хэмжээг тус тус тогтоох шаардлагатай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч ...ХК-аас даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо гэмтсэн барааны үнэ тогтоосон баримт /хэргийн 2 хавтас 50 тал/, тээврийн хөлс төлсөн баримт /хэргийн 1 хавтас 168 тал/ зэргийг үндэслэн 20.92 ам.долларын нэгж үнэтэй 718 сав cermit R 300 biala барилгын өнгөлгөөний материалын үнийг 15,020.56 ам.доллараар, 19.13 ам.долларын нэгж үнэтэй 406 сав сermit R 300 szara барилгын өнгөлгөөний материалын үнийг 7,766.78 ам.доллараар, нийт тээвэрлэгдсэн 1968 сав ачааны тээврийн хөлс 15,800 ам.доллараас гэмтсэн 1124 сав ачаанд ногдох тээврийн хөлсийг харьцуулан тооцож тээврийн хөлсийг 9,014.48 ам.доллараар тус тус тогтоож, тэдгээрийн нийлбэр 31,801 ам.долларын 90 хувь болох 28,621.6 ам.долларыг Монгол банкнаас 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зарласан ам.долларын ханш 2,631.9 төгрөгөөр тооцож хохирлын хэмжээг 75,330,126 төгрөгөөр тогтоосон гэж тайлбарлаж байна.

Хариуцагч талаас даатгагч ...ХК болон даатгуулагч ... ХХК-ийн хооронд харилцан тохиролцох замаар даатгуулагчид учирсан хохирлын хэмжээг тогтоосон нь бодит хохирлын хэмжээ гэж үзэхгүй гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарласан боловч хохирлын хэмжээг тогтоох үндэслэл болсон баримтыг няцаагаагүй тул даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг бодитой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин маргаан бүхий гэмтсэн ачааг вагонд 2 давхар поддоноор хураасан байсан нь ханарч нурж ирсэнээс доод давхрын поддон дээр байсан ачааны сав бүгд хагарч ачаа гоожиж ирсэн. Дээрх гэмтлүүд нь вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс тээвэрлэлтийн явцад үүссэн болохыг Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот хяналт шалгалтын гэрчилгээ, ...-ийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай тээврийн актаар тогтоожээ.

Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 3.1.3-т зааснаар ... ХХК нь илгээгч талдаа ачааны сав, баглаа боодол, бэхэлгээг тээвэрлэлтийн явцад задарч онгойхгүй, нурж гэмтэхгүй байхаар сайтар хийж гүйцэтгэхийг урьдчилан анхааруулах үүргийг хүлээсэн байх ба Литви улсын Хемтранса ХХК нь галт тэрэгэнд тухайн ачааг ачиж бэхэлсэн буюу илгээсэн болох нь тээврийн акт, Хемтранса ХХК-ийн албан бичиг /хэргийн 1 хавтас 46 тал/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, ачааны сав баглаа боодол, бэхэлгээг тээвэрлэлтийн явцад задарч онгойхгүй, нурж гэмтэхгүй байхаар сайтар хийж гүйцэтгэх үүргийг илгээгч хүлээсэн гэж үзэхээр байх ба тээвэрлэгч буюу ... ХХК энэ талаар тусгайлан үүрэг хүлээгээгүй байна.

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.2-т ачаа, сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан, 393.4.3-т ачаа илгээгч, хүлээн авагч, эсхүл тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж ачсан буюу буулгасан бол дээрх нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар ачаа илгээгч ачаанд үзлэг хийж ачсан бөгөөд вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс ачаа гэмтсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тээвэрлэгч ... ХХК ачаа гэмтсэн хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ...ХК нь даатгуулагч ... ХХК-нд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр даатгалын нөхөн төлбөрийг төлж дуусгаснаар шаардах эрхийг шилжүүлэн авсан байх ба тухайн өдрөөс хойш 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаар тээвэрлэгчид гомдлын шаардлага гаргаж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2-т заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч ... ХХК нь ... ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас эд хөрөнгөд нь хохирол учруулсан буруутай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ...ХК-ийн гаргасан ... ХХК-нд холбогдох даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрт 75,330,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч ... ХХК-аас 75,330,126 төгрөг гаргуулах тухай ...ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ