Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01778

 

 

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01778

 

 

                                БДХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч  Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/02441 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БДХК-ийн хариуцагч АХХК-д холбогдуулан гаргасан даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрт 75 330 126 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: БДХК 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БА ХХК-тай гадаад ачаа тээврийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх болон усан (хөлөг) онгоцоор Монгол улсаас гадаад улс руу болон гадаад улсаас Монгол улс руу тээвэрлэгдэж буй ачаа барааг даатгасан. Тээвэрлэгч АХХК-аар тээвэрлэгдэн ирсэн ачааг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаалийн талбайд онгойлгож үзэхэд ачаа ханарч нурж унасан байдалтай байсан. Барааны эвдрэлийн тоо ширхэгийг Улаанбаатар төмөр замын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №0037252 тээврийн акт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертизийн №0024937 дүгнэлтээр тогтоосон. Нийт 31 801.32 ам.долларын бараа гэмтэж эвдэрсэн болох нь тогтоогдсон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01060 дугаар шийдвэрээр хохирлын 90 хувь болох 28 621.6 ам.доллар буюу 75 330 126 төгрөгийг БД ХХК-аас гаргуулж даатгуулагчид олгосон.  Ачаа нь вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс тээвэрлэлтийн явцад ханарч нурсан буюу тээвэрлэгчийн хариуцлагаас болж гэмтсэн болох нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн дүгнэлтээр тогтоогддог. Тээвэрлэгч АХХК, даатгуулагч БА ХХК-ийн хооронд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 2.1.7-д тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа нэмэлт зардал болон ачаа бараанд учирсан хохирлыг хариуцан барагдуулна” гэж заасан. АХХК-ийн хариуцсан тээвэрлэлтийн явцад ачааны бэхэлгээг хангалтгүй хийсний улмаас даатгалын зүйлд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул БДХК даатгалын нөхөн төлбөрт олгосон төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсэгт тус тус заасны дагуу АХХК-аас 75 330 126 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт:  АХХК БДХХК-тай иргэний болон бусад хэлбэрээр эрх зүйн харилцаанд ороогүй, ямар нэг үүрэг хүлээгээгүй, эрх ашгийг нь зөрчиж, хохирол учруулаагүй. Тус компани 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр БА ХХК-тай тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний 3.1.3-т зааснаар БА ХХК илгээгч талдаа ачааны сав, баглаа боодол, бэхэлгээг тээвэрлэлтийн явцад задарч онгойхгүй, нурж гэмтэхгүй байхаар сайтар хийж гүйцэтгэхийг урьдчилан анхааруулах үүрэгтэй. АХХК ачаа тээврийн үйл ажиллагаанд зуучлалын үүрэг гүйцэтгэдэг ба ачааг тээвэрлэх, илгээх, бэхлэх ажлыг гүйцэтгээгүй. Энэ үйл ажиллагаанд тухайн ачааг зуучилсан, илгээсэн, тээвэрлэсэн, хүлээн авсан олон байгууллага оролцдог, тус тусдаа үүрэг хүлээдэг. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн 0024937 дугаартай дүгнэлтээр вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс тээвэрлэлтийн явцад ачаа үрэгдсэн гэж дүгнэсэн. Улаанбаатар төмөр замын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0037252 дугаартай тээврийн актаар ачааг вагонд 2 давхар поддоноор хураасан байсан нь ханарч нурж ирснээс болж ачаа гэмтсэн гэх акт үйлдсэн. Улаанбаатар төмөр замын тус актаар тээвэрлэгч нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, харин ачааг илгээгч байгууллага нь Хемтранса компани байдаг. Ачааг илгээгч байгууллага шаардлагатай бэхэлгээг хийсэн эсэх, ачааг тээвэрлэсэн байгууллага ачааг ханарч унахад хүргэсэн ямар нэг үйлдэл гаргасан эсэх нь тодорхойгүй. АХХК-ийн хувьд ачааг бэхлэх үүрэг хүлээхгүй, илгээгч байгууллага ачааг бэхэлдэг, бэхэлгээг маш сайн хийлгэх үүргийг үйлчлүүлэгч байгууллага хүлээдэг. Тээвэрлэлтийг АХХК хийдэггүй, УБТЗХНН хийдэг. Тээвэрлэлтийн явцад ачааг бүрэн бүтэн байлгах үүргийг тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа байгууллага хүлээх үүрэгтэй. Даатгалын нөхөн төлбөрийн талаар талууд 2018 оны 10 дугаар сарын 10-ны гэрээ байгуулсан ба үүгээр хохирлын үнийн дүн, даатгалын тохиолдлыг хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлбөрийг төлөхөөр хугацаа тохирсон гэж үзэхээр байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахад АХХК мэдээгүй, оролцоогүй. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд БДХК нь дүр үзүүлсэн байдлаар оролцсон болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэлээс тодорхой харагддаг. Иймд энэхүү нэхэмжлэлийн хувьд АХХК хариуцагч этгээд биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Шүүх:  Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч АХХК-аас 75 330 126 төгрөг гаргуулах тухай БДХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534 610 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ маргааны бодит байдлыг буруу тодорхойлсон, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судалж үзээгүй, Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарласан. Шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. А ХХК-ийн БА ХХКХХК-тай байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний дагуу тээвэрлүүлэгч БА ХХК-ийн Польш улсын "Атлас" компаниас худалдаж авсан барилгын материалыг Литва улсын Каунас хотоос Монгол Улс, Улаанбаатар өртөө хүртэл тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн. АХХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагааны хөлсөнд БА ХХК15 800 ам.доллар төлсөн, үүнээс өөр байдлаар аливаа этгээдэд тээвэрлэлтийн гэрээний хөлс төлөөгүй, гэрээ байгуулаагүй бөгөөд тухайн ачааг Литва улсын Каунас хотоос Монгол Улс, Улаанбаатар өртөө хүртэл тээвэрлэх бүхий л ажиллагааг А ХХК хариуцан зохион байгуулсан. А ХХК нь Литва улсын Каунас хотоос Монгол Улс, Улаанбаатар өртөө хүртэл ачааг тээвэрлэх харилцаанд тээвэрлэгчийн үүрэг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасны дагуу тээвэрлэлтийн явцад ачаа гэмтсэн эрсдэлийг хариуцна. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсгийн зохицуулалт нь тээвэрлэгчийн хуульд зааснаар хүлээх хариуцлагыг зохицуулсан императив хэм хэмжээ. Энэ хариуцлага нь тээвэрлэлт эхлэхээс ачааг хүлээлгэн өгөх хүртэл ачаа эвдэрч гэмтсэн буюу алга болсноос үүдэлтэй хохирол эсхүл ачааг хүргэж өгөх хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирлыг тээвэрлэгч хариуцах зарчимд үндэслэн бий болсон. Тээвэрлэгч хариуцлага хүлээдэг учир нь ачааг өөрийн хамгаалалтад авсан байдагт орших бөгөөд түүний гэм буруутай үйлдлийг нотлох шаардлагагүй. Тээвэрлэлтийн гэрээ нь Иргэний хуулийн системчлэлийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөл бөгөөд хэрэв тээвэрлэгч нь тээвэрлэлтийг биечлэн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь, эсхүл нэг хэсгийг нь гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү бусдаар гүйцэтгүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дах хэсэгт заасны дагуу бусад этгээдээр ачаа тээвэрлүүлсэн А ХХК ажлын үр дүнг захиалагч буюу БА ХХК-ийн өмнө хариуцах үүрэгтэй. Иргэний уулийн 219 дүгээр зүйлийн 219.5 дах хэсэгт заасны дагуу А ХХК нь хариуцлагыг өөрөө хүлээх ба ачааг өөрийн хамгаалалтад авсан байсан гэж үзнэ. Ачаа гэмтсэн нь тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш бий болсон буюу Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2018 оны 07 сарын 30-ны өдрийн экспертийн дүгнэлтээр тогтоогддог. Илгээгч Польш улсын компани ачааг Литва улсын Каунас хот хүртэл хүргэж өгөх үүргийнхээ дагуу ачааг ямар нэг гэмтэлгүй хүргэж өгсөн талаарх нөхцөл байдал талуудын тайлбараар тогтоогдсон. Илгээгч Акомпанийн хувьд Литва улсын Каунас хотод ачааг хүлээлгэн өгснөөр эрсдэл тээвэрлэгч буюу А ХХК-д шилжих бөгөөд түүнээс хойш гарсан бүх эрсдэлийг тээвэрлэгч хариуцах ёстой. Иргэний хуулийн 388.1, 388.1.2-т зааснаас үзвэл тээвэрлэгч А ХХК болон түүний төлбөр төлж ачааг илгээж байгаа "Хемтранса" компани хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан нөхцөл байдал тодорхой байхад шүүхийн зүгээс " ... тээвэрлэгч буюу А ХХК энэ талаар тусгайлан үүрэг хүлээгээгүй байна" гэж хариуцагчийн гаргасан алдаа дутагдлыг үгүйсгэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо "... Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2-т заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна" гэсэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 3.3.1-т заасныг үндэслэн хохирлоо шаардсан. Нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй шаардах эрх нь агуулгын хувьд өөрт учирсан хохирлоо шаардаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.4-т заасны дагуу 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай шаардах эрх байсан. Гэвч шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуулийн дээрх зохицуулалт нь тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулсан ба нэхэмжлэгчийн хувьд тээвэрлэлтийн гэрээний аль нэг тал биш, харин хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрх хэрэгжүүлж буй этгээд юм. Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 394.2-т заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалт хэрэглэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн. Хэрэв шүүх тээвэрлэлтийн гэрээний дагуу шаардах эрхийг шилжүүлж авсан гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож шийдвэрлэх боломжтой байсан. Гэвч хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хариуцагч талд илт ашигтай байдлаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч БДХК хариуцагч АХХК-д холбогдуулан даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрт 75 330 126 төгрөг нэхэмжилж шаардлагын үндэслэлээ “ ... тээвэрлэгч АХХК тээвэрлэлтийн явцад ачааны бэхэлгээг хангалтгүй хийсний улмаас БА ХХК-ийн ачаа гэмтэж нийт 31 801.32 ам.долларын хохирол учирсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр БДХХК-аас 75 330 126 төгрөг гаргуулж БА ХХК-д олгож шийдвэрлэсэн. МҮХАҮТ-ын экспертизийн дүгнэлтээр тээвэрлэгчийн хариуцлагагүйн улмаас ачаа гэмтсэн болох нь тогтоогдсон тул буруутай этгээдээс нь нөхөн төлбөрийг буцаан гаргуулна” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “... илгээгч байгууллага ачааг бэхлэх, бэхэлгээг сайн хийлгэх үүрэгтэй. УБТЗ ачаа тээврийг гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн явцад ачааг бүрэн бүтэн байлгах үүргийг тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа байгууллага хүлээнэ. АХХК ачаа тээврийн үйл ажиллагаанд зуучлалын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ачааг тээвэрлэх, илгээх, бэхлэх ажлыг хийж гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш ... ” гэж маргажээ.

Шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, эрх ашигт нь нөлөөлж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар зохих ажиллагааг хийгээгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

           Зохигчид БА ХХК-ийн барилгын өнгөлгөөний материал Литва улсаас Монгол улс руу төмөр замаар тээвэрлэгдэх явцад гэмтэж ашиглах боломжгүй болсны улмаас хохирол учирсан талаар маргадаггүй боловч нэхэмжлэгчийн ачаа барааг Монгол улс руу төмөр замаар тээвэрлэхэд оролцсон Литва улсын ХХХК, Монгол улсын АХХК, “Улаанбаатаар төмөр зам” ХНН тус тус ямар үүрэг хүлээсэн, уг үүргийг хэрхэн гүйцэтгэсэн болох нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна. /1хх46/ 

             Тухайлбал, хариуцагч тал “тээвэрлэлтийг АХХК хийдэггүй, УБТЗХНН хийдэг. Тээвэрлэлтийн явцад ачааг бүрэн бүтэн байлгах үүргийг тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа байгууллага хүлээх үүрэгтэй” гэж маргаж байх тул энэ талаар УБТЗХНН-д мэдэгдэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг талуудаас тодруулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй. Хэдийгээр нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ БА ХХК, АХХК-тай байгуулсан зуучлалын гэрээг үндэслэдэг боловч УБТЗХНН, АХХК-ийн хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, ачаа бараа хаана, хэрхэн гэмтсэн, хохирлын хэмжээ зэргийг тодруулан хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлэх нь хэргийн бодит үнэнийг тогтооход шаардлагатай. 

Шүүх хэргийн 1 дүгээр хавтасны 46 дугаар талд авагдсан Литва улсын ХХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тайлбар бичиг гэх баримтад дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гадаад хэл дээрх баримт нь хуулбар хувь байна. /1хх46/

Мөн тухайн маргаанд ач холбогдолтой байж болох хэргийн 1 дүгээр хавтасны 176-177 дугаар тал дахь гаалийн дагалдах бичиг, 168 дугаар тал дахь АХХК-ийн 15 800 ам.долларын нэхэмжлэх, 179-220 дугаар тал дах Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлдэг тул хэргийн оролцогчоос шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагатай.

Дээр дурьдсан ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/02441 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534 610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ЦОГТСАЙХАН  

                                              ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД                                                                                                     

                                                                                              А.МӨНХЗУЛ