Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01008

 

“БД” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/01172 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01167 дугаар магадлалтай,

“БД” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

75,330,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндсайхан, Б.Гэрэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “БД” ХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 75,330,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/01172 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “А” ХХК-д холбогдох, 75,330,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “БД” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01167 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/01172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-аас 75,330,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БД” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 534,601 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна. 4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 443.7-д заасныг “гуравдагч этгээдээс шаардах эрх даатгагчид шилжсэн байхаас гадна хохирол учирсан, уг хохирол нь гуравдагч этгээдийн гэм буруугийн улмаас учирсан буюу шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана” гэж тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх “Хохирлыг төлснөөр Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7-Д заасан даатгагчид даатгалын нөхөн төлбөр шаардах эрх шилжсэн гэж үзнэ” гэж тайлбарлан хэрэглэсэн. /шаардах эрх шилжсэн асуудал дээр хэргийн оролцогч нар маргаагүй, хэн төлөх, буруутай этгээд хэн болох дээр маргасан. Хуулийн заалтыг дээрх байдлаар зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч нарын маргаж байгаа асуудал, анхан шатны шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийг яагаад буруу гэдгийг үгүйсгэн тайлбарлаагүй.

Үүссэн асуудалд олон этгээдүүд оролцсон. Оролцсон этгээдүүдийн хэн нь буруутай талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан дүгнэлт, төмөр замын тээврийн актад тодорхой туссан. Тээвэр зуучийн гэрээнд хэн нь хариуцлага хүлээн талаар тодорхой туссан. Хэн нь ямар ажлаа хариуцах талаар мөн тусгаж өгсөн.

4.2.Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Улсын дээд шүүхээс Иргэний хуулийн 443 дугаар зүйл, 443.7 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл, 8.7 дугаар зүйлүүдийг тусгайлан тайлбарлаагүй боловч эдгээр зүйл заалтыг хэрэглэн шийдвэр гаргаж хэвшсэн байна. Уг хуулийн заалтуудыг хэрэглэж шийдвэр гаргасан бүх тохиолдол нь буруутай этгээдийг ямар нэг байдлаар эрх бүхий байгуулга тогтоосон байх бөгөөд эрх бүхий этгээдийн буруутай гэж тогтоосон этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Манай маргаантай холбоотой асуудалд буруутай этгээдийг тогтоосон шийдвэр нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дүгнэлт бөгөөд уг дүгнэлтээр ачааны бэхэлгээг сайн хийгээгүйгээс тээвэрлэлтийн явцад ачаа гэмтсэн гэж үзсэн. /буруутай этгээд нь илгээгч, харин даатгалын гэрээ олон улсын гэрээ бөгөөд нэхэмжлэх эрх нь нээлттэй./ Ачааны бэхэлгээг сайн хийлгэх үүрэг нь манай компанийн үүрэг биш байсан. Тээвэрлэлтийг манай компани гүйцэтгээгүй. Олон этгээд оролцсон. Харин хуульд буруутай этгээд хохирол төлөхөөр тогтоосон, гэрээ байгуулсан этгээдийн буюу манай компанийг шууд буруутай гэж үзэх нь нийтэд жишиг болж, хэрэглэж тогтсон хуулийн тайлбар ойлголтоос зөрүүтэй, шударга бус, хууль бус шинжийг бие болгосон.

Иймд гомдлыг хүлээн авч, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.09.26-ны өдрийн 001/ШХТ2022/00884 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “БД” ХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 75,330,126 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа ““Баясах атлас” ХХК-ийн Польш улсын Атлас үйлдвэрээс Литва улс хүртэл автомашинаар, Литва улсаас вагоноор тээвэрлүүлсэн ачаанд учирсан хохирлыг даатгалын гэрээний дагуу төлсөн, вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс тээвэрлэлтийн явцад ачаанд гэмтэл үүссэн болох нь тогтоогдсон тул өөрт учирсан хохирлыг тээвэр зуучаас гаргуулна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ““А” ХХК болон “БД” ХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, ачааг илгээгч нь Польш улсын Хемтранса компани бөгөөд ачааны бэхэлгээг тухайн илгээгч компани гүйцэтгэдэг, ачаа бэхэлгээ муугаас болж ханарч унаснаас хохирол учирсныг холбогдох байгууллага тогтоосон, манай компани тээвэр зуучийн гэрээний үүргээ зөрчөөгүй, иймээс даатгалын компанид төлбөр төлөх үүрэггүй” гэж маргасан байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Энэ нөхцөлд даатгуулагчийн шаардах эрх даатгагчид шилжсэн байхаас гадна хохирол учирсан, уг хохирол нь гуравдагч этгээдийн гэм буруугийн улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана, хариуцагч “А” ХХК-ийн буруутай үйлдэл буюу Литва улсаас Монгол улс руу 1124 ширхэг сав барилгын өнгөлгөөний материал ачааг төмөр замаар тээвэрлэх явцад гэмтсэн нь баримтаар тогтоогдсон бол хохирол төлөх үүрэг үүснэ, хэрэгт авагдсан Худалдаа аж үйлдвэрийн танхимын магадлал, Улаанбаатар төмөр зам ХХН-ийн 2018.07.30-ны өдрийн тээврийн актаар хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй, иймээс нэхэмжлэгч хариуцагчаас хохирол шаардах эрхгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх ““Баясах атлас“ ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 2.1.7-д хариуцагч “А” ХХК нь тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан зардал болон ачаа бараанд учирсан хохирлыг хариуцахаар заасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

8.Дээр дурдсанаар хоёр шатны шүүх даатгагч “БД” ХК-д даатгалын нөхөн төлбөрт төлсөн хохирлоо гуравдагч этгээдээс шаардах эрх үүссэн эсэх талаар Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан зохицуулалтын агуулгыг зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэсэн, энэ үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж үзэж Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.09.26-ны өдрийн 001/ШХТ2022/00884 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

9.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний асуудлаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хяналтын шатны шүүхээс маргааны зүйлийн талаар дүгнэлт хийж холбогдох хуулийг хэрэглэн хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

10.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд Монгол Улсын хуулийн этгээд “Баясах атлас” ХХК нь Польш улсын Хемтранса компаниас бараа худалдан авч, улмаар тухайн барааг Монгол улс руу тээвэрлүүлэхээр “А” ХХК-тай тээвэр зуучийн гэрээг 2018.03.29-ний өдөр байгуулсан, уг гэрээний дагуу тус компани ачааг тээвэрлүүлэн ирүүлсэн боловч, ачаа ханарч унаж, хагарч гэмтсэнээс нийт 31,801.32 ам.долларын хохирол учирсан, уг хохирлын 90 хувь буюу 75,330,126 төгрөгийг “Баясах атлас” ХХК нь даатгалын гэрээний дагуу “БД” ХХК-аас нөхөн төлбөр хэлбэрээр авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

11.Нэхэмжлэгч “БД” ХК нь нөхөн төлбөрт төлсөн мөнгөний хэмжээгээр хохирол учирсан гэж үзэн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу мөнгийг хариуцагч “А” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

12.Талуудын хооронд үүссэн маргааны зүйлээс худалдагч ба худалдан авагч, зуучлагч ба тээвэрлэгч, зуучлагч ба зуучлуулагч, даатгагч ба даатгуулагчийн гэсэн хэд хэдэн этгээдийн хооронд үүссэн худалдах-худалдан авах, тээвэрлэлтийн, зуучлалын, даатгалын гэсэн харилцаа үүссэн байх бөгөөд эдгээр харилцаанд оролцогч нарын хооронд үүсэх эрх, үүргийн талаар энэ хэргийн маргаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх тодруулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон олон улсын чанартай тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулахад баримталбал зохих олон улсын төмөр замын ачааны хэлэлцээр, төмөр замаар ачаа тээвэрлэх журам, тээвэр зуучлалын үйл ажиллагааны журамд нийцүүлэн талуудын эрх, үүргийг нарийн зааглан дүгнэлгүйгээр аль аль нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг хэрэглэж, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хангасан нь учир дутагдалтай байна. Иймд энэ талаар тодруулж дүгнэлт хийх шаардлагатай.

13.“А” ХХК нь тээвэр зуучийн үүргийг хаанаас эхэлж хийхээр зуучлуулагч “Баясах атлас” ХХК-тай  харилцан тохиролцсон гэж үзэх талаар, мөн тээвэрлэсэн ачаа гэмтсэний улмаас учирсан хохирлын талаар илгээгч байгууллагад мэдэгдэх үүргийг хэн хүлээх, энэ үүргээ хэрхэн биелүүлснийг тодорхой болгох нь маргааны зүйл, хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой болно.

14.Дээрх байдлыг бүрэн тодруулсны эцэст маргааны талаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/01172 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01167 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “А” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү/-ийн 2022.07.07-ны өдөр 534,601 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН