Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/01167

 

 

 

 

 

 

2022 06 20 210/МА2022/01167

 

 

Б ХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31ий өдрийн 102/ШШ2022/01172 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХК -ийн хариуцагч А ХХК -д холбогдуулан гаргасан 75,330,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Б ХК нь даатгуулагч Баясах Атлас ХХК-тай гадаад ачаа тээврийн даатгалын гэрээг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан. Тус даатгалын гэрээгээр даатгуулагчийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх болон усан (хөлөг) онгоцоор Монгол улсаас гадаад улс руу болон гадаад улсаас Монгол улс руу тээвэрлэгдэж буй ачаа барааг даатгасан. Тээвэрлэгч А ХХК -аар тээвэрлэгдэн ирсэн даатгуулагч Баясах Атлас ХХК-ийн ачааг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаалийн талбайд онгойлгож үзэхэд доторх ачаа нь ханарч нурж унасан байдалтай байсан бөгөөд барааны эвдрэлийн тоо ширхэгийг Улаанбаатар төмөр замын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн акт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертизийн дүгнэлтээр тогтоосон. Улмаар нийт 31,801.32 ам.долларын бараа гэмтэж эвдэрсэн нь тогтоогдсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01060 дугаар шийдвэрээр гадаад ачаа тээврийн даатгалын тохиолдол үүссэн хэмээн үзэж уг хохирлын 90 хувь болох 28,621.6 ам.доллар буюу 75,330,126 төгрөгийг Б ХК -аас гаргуулж даатгуулагчид олгож шийдвэрлэсэн. Б ХК нь шүүхийн шийдвэрийн дагуу А ХХК -ийн тээвэрлэсэн ачааны хохиролд даатгуулагчид нийт 75 330 126 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тээвэрлэгч А ХХК болон даатгуулагч Баясах Атлас ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 2.1.7 болон Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 3.3.1-д даатгуулагчийн эрх нь даатгагчид шилжих талаар заасан. А ХХК нь өөрийн хариуцсан тээвэрлэлтийн явцад буюу ачааны бэхэлгээг хангалтгүй хийсний улмаас даатгалын зүйлд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Б ХК даатгалын нөхөн төлбөрт олгосон төлбөрийг буруутай этгээд болох хариуцагч А ХХК -аас 75,330,126 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А ХХК нь Б ХК -тай иргэний болон бусад хэлбэрээр эрх зүйн харилцаанд ороогүй, тус компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээж, эрх ашгийг нь зөрчиж, хохирол учруулаагүй, манай компани хамааралгүй. Өөрөөр хэлбэл, манай компани 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баясах Атлас ХХК-тай тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1.3-т үйлчлүүлэгч тал буюу Баясах Атлас ХХК нь илгээгч талтай ачааны сав, баглаа боодол, бэхэлгээг тээвэрлэлтийн явцад задарч онгойхгүй, нурж гэмтэхгүй байхаар сайтар хийж гүйцэтгэхийг урьдчилан анхааруулах үүрэгтэй. Мөн манай компани ачааг тээвэрлээгүй, илгээгээгүй, бэхлээгүй болно. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн экспертизийн дүгнэлтээр вагоны бэхэлгээг хангалтгүй хийснээс болж тээвэрлэлтийн явцад үрэгдсэн Улаанбаатар төмөр замын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн актаар ачааг вагонд 2 давхар поддоноор хураасан байсан нь ханарч нурж ирснээс болж ачаа гэмтсэн, Улаанбаатар төмөр замын тус актаар тээвэрлэгч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, ачааг илгээгч байгууллага нь Хемтранса компани байгааг харж болно. Үүнээс үзэхэд ачааг илгээгч байгууллага шаардлагатай бэхэлгээг хийсэн эсэх, ачааг тээвэрлэсэн байгууллага ачааг ханарч унахад хүргэсэн ямар нэг үйлдэл гаргасан эсэх нь тодорхойгүй, манайх ачааг бэхлэх үүрэг хүлээгээгүй. Тээвэрлэлтийг манай компани хийдэггүй ба Улаанбаатар төмөр зам ХНН тээвэрлэлтийг хийдэг. Тус байгууллага ачааг гэмтээх хэмжээний үйлдэл гаргасан эсэхийг бид мэдэхгүй ч тээвэрлэлтийн явцад ачааг бүрэн бүтэн байлгах үүргийг тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа байгууллага хүлээх үүрэгтэй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд даатгалын нөхөн төлбөрийн талаар талууд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ нь хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн, даатгалын тохиолдлыг хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлбөрийг төлөхөөр хугацаа тохирсон гэж ойлгож болно. Б ХК нь дүр үзүүлсэн байдлаар оролцсон болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэлээс тодорхой харагдана. Манай байгууллагын гэм бурууг тогтоосон баримт байхгүй. Иймд манай компани буруугүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А ХХК -д холбогдох, 75,330,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХК -ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: А ХХК -ийн тээвэрлэлтийн үйл ажиллагааны хөлсөнд Баясах Атлас ХХК-ийн зүгээс 15,800 ам.доллар төлсөн. Польш улсаас Улаанбаатар өртөө хүртэл тээвэрлэх бүхий л ажиллагааг А ХХК хариуцан зохион байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон. А ХХК нь тээвэрлэгчийн үүрэг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасны дагуу тээвэрлэлтийн явцад ачаа гэмтсэн эрсдэлийг хариуцахаар байна. Энэ хариуцлага нь тээвэрлэлт эхлэхээс ачааг хүлээлгэн өгөх хүртэл ачаа эвдэрч гэмтсэн буюу алга болсноос үүдэлтэй хохирлыг, эсхүл ачааг хүргэн өгөх хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирлыг тээвэрлэгч хариуцах зарчимд үндэслэн бий болсон. Тээвэрлэгч хариуцлага хүлээдэг учир нь тэрээр ачааг өөрийн хамгаалалтад авсан байдагт оршино. Үүний тулд түүний гэм буруу гай үйлдлийг нотлох шаардлагагүй болно. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт заасны дагуу бусад этгээдээр ачаа тээвэрлүүлсэн А ХХК нь ажлын үр дүнг захиалагч буюу Баясах Атлас ХХК-н өмнө хариуцах үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.5 дахь хэсэгт заасны дагуу А ХХК нь хариуцлагыг өөрөө хүлээх ба ачааг өөрийн хамгаалалтад авсан байсан гэж үзнэ. Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш ачаа гэмтсэн нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн экспертийн дээрх гэмтлүүд нь тээвэрлэлтийн явцад үүсчээ гэсэн дүгнэлтээр тогтоогддог. Илгээгч Польш улсын Атлас компани нь ачааг Литва улсын Каунас хот хүртэл хүргэж өгөх бөгөөд уг үүргийн дагуу ачааг ямар нэг гэмтэлгүй хүргэж өгсөн талаарх нөхцөл байдал А ХХК -тай харьцсан Хемтранс ХХК-ийн ачаа манай терминалаас гэмтэлгүй гарсан гэх цахим шуудангаар тогтоогдсон. Илгээгч Атлас компанийн хувьд Литва улсын Каунас хотод ачааг хүлээлгэн өгснөөр эрсдэл тээвэрлэгч буюу А ХХК -д шилжих бөгөөд түүнээс хойш гарсан бүхий л эрсдэлийг тээвэрлэгч хариуцах ёстой болно. Түүнчлэн Иргэний хуулийн 388.1, 388.1.2-т зааснаас тээвэрлэгч Ашли XXК нь ачааны гадаад байдлыг шалгаж, хяналт тавих үүрэгтэй байсан. Хариуцагчийг тээвэрлэгч биш зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн ч Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 6-д заасны дагуу зуучлагч нь эргээд илгээгч, хүлээн авагчийн өмнө тээвэрлэгчийн нэгэн адил хариуцлага хүлээх юм. Дээр дурдсанаар хариуцагч нь Баясах атлас ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээврийн хөлс авсан, УБТЗ болон бусад тээвэрлэгч. зуучлагчтай харьцсан, Баясах атлас ХХК нь гагцхүү А ХХК -тай харьцсан нь хэрэгт баримтаар авагдсан байхад тэдгээрийг үнэлэхгүйгээр, тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад үүсэх эрсдэлийг хариуцах, туслан гүйцэтгэгчийн өмнөөс хариуцлага хүлээх хууль болон гэрээний зохицуулалтыг харгалзахгүйгээр хариуцагчийн гэм буруу тогтоогдохгүй шийдсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч А ХХК -д холбогдуулан 75,330,126 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь оролцоогүй, тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг, ачааг тээвэрлээгүй, илгээгүй, хохирол учруулсан гэм бурууг нотлоогүй гэж маргажээ.

3. Баясах-Атлас ХХК, А ХХК -ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр тээвэрлэгч А ХХК нь гэрээний 1.1-д захиалгат заасан ачааг түүнд заасан маршрутын дагуу, тогтоосон хугацаанд тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалтын үйлчилгээ, түүнтэй холбоотой бусад үйлчилгээ үзүүлэх, тээвэрлүүлэгч Баясах-Атлас ХХК нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус харилцан хүлээн, гэрээний 2.1.7-д хариуцагч А ХХК нь тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан зардал болон ачаа бараанд учирсан хохирлыг хариуцах үүрэг хүлээсэн байна. /1хх10-12/

4. Баясах-Атлас ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний дагуу Б ХК -иас даатгалын нөхөн төлбөрт 75,330,126 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01060 дугаартай шийдвэрээр гадаад ачаа тээврийн даатгалын тохиолдол үүссэн хэмээн үзэж уг хохирлын 90 хувь болох 28,621.6 ам.доллар буюу 75,330,126 төгрөгийг Б ХК -иас гаргуулан нэхэмжлэгч Баясах-Атлас ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрээр тогтоогдсон энэ үйл баримтыг дахин нотлохгүй. /хх18-21/

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Б ХК нь даатгуулагч Баясах-Атлас ХХК-д учирсан гэм хорын хохирлыг дээрх шийдвэрийн дагуу нөхөн төлсөн байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт тус тус зааснаар даатгагчид даатгалын нөхөн төлбөр шаардах эрх шилжсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь тээвэрлэгчийн нэрийн өмнөөс даатгуулагчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлснөөр даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан болон хариуцагчид даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг залруулж хариуцагчаас 75,330,126 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31ий өдрийн 102/ШШ2022/01172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК -аас 75,330,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бодьдаатгал ХХК-д олгосугай гэж,

2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 534,601 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН