| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 157/2020/00138/И |
| Дугаар | 001/ХТ2024/00230 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2024/00230
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 157/ШШ2024/00016 дугаар шийдвэр,
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 226/МА2024/00011 дүгээр магадлалтай,
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“М” ТӨҮГ, “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрт тус тус холбогдох
...-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн “Н” ХХК-тай байгуулсан 2018.10.23-ны өдрийн ... дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзсан “М” ТӨҮГ болон “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг “Н” ХХК-аас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
“Н” ХХК-ийн “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан ... дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М” ХХК-ийн “М” ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр байгуулсан МR-2020-02-04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах тухай гуравдагч этгээд “М” ХХК-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т, хариуцагч “М” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Ж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч Е, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “М” ТӨҮГ, “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрт тус тус холбогдуулан ...-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн “Н” ХХК-тай байгуулсан 2018.10.23-ны өдрийн ... дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзсан “М” ТӨҮГ болон “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг “Н” ХХК-аас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК “Н” ХХК-ийн “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан ... дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М” ХХК-ийн “М” ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр байгуулсан ... дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах тухай шаардлагыг тус тус гаргажээ.
2. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 157/ШШ2024/00016 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийг “М” ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшил ...-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагч “М” ТӨҮГ болон түүний харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрт тус тус даалгаж,
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан “М” ТӨҮГ болон “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг “Н” ХХК-аас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,
Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн “Н” ХХК-ийн “М” ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан ... дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М” ХХК-ийн “М” ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,203,030 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч “М” ТӨҮГ болон түүний харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрээс тус бүр 153,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар ...д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг ашиглах, зөөвөрлөх үйл ажиллагааг зогсоохыг хариуцагчид даалгасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 226/МА2024/00011 дүгээр магадлалаар: Хэнтий аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 157/ШШ2024/00016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч “М” ТӨҮГ болон түүний харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан гаргасан “...-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
- 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-нээс татгалзсан “М” ТӨҮГ болон “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг “Н” ХХК-аас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг,
- Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гуравдагч этгээд “М” ХХК-ийн “Н” ХХК-ийн “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан ... дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, “М” ХХК-ийн “М” ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан ... дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай бие даасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
- 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,203,030 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М” ТӨҮГ-аас төлсөн 307,950 төгрөгийг буцаан олгож, “Б” Уулын баяжуулах үйлдвэрээс төлсөн 1,273,230, гуравдагч этгээд “М” ХХК-аас төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
“Б” уулын баяжуулах үйлдвэрийн захирал М-ын ажлын байрны тодорхойлолтын 4.4-т өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэн, хуулийн этгээдтэй хэлцэл хийх эрхийг олгосон байна. Өөрөөр хэлбэл, “Б” уулын баяжуулах үйлдвэрийн захирал М ажлын байрны тодорхойлолтод олгогдсон эрхийн хүрээнд маргаан бүхий гэрээг байгуулсан нь хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу төлөөлөх эрхийн үндсэн дээр гэрээ байгуулсан байхад эрх олгогдоогүй гэж шүүх дүгнэсэн үндэслэлгүй юм.
“Монголросцветмент” ТӨҮГ нь маргаан бүхий гэрээ байгуулагдсаныг 7 сарын дараа мэдсэн, мөн 2019.05.01-ний өдрийн 24 дүгээр захирлуудын хурлаар маргаан бүхий гэрээг хэлэлцэж, зөвшөөрөл олгоогүй байхад гэрээ хийсэн тайлбарыг шүүхэд гаргадаг, 24 дүгээр хурлын тэмдэглэл дээр зөвшөөрөл олгогдоогүй тухай огт яригдаагүй нь тухайн хурлын тэмдэглэлээр нотлогдож байдаг. Өөрөөр хэлбэл, “М” ТӨҮГ-ын захирал маргаан бүхий гэрээ байгуулах эрхийг олгосон болох нь нотлох баримт, хариу тайлбар зэргээр нотлогдож байна. Анхан шатны шүүх хэргийн үйл явдлыг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.10.03-ны өдрийн 001/ШХТ2024/01054 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч “Н” ХХК хариуцагч “М” ТӨҮГ, “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрт тус тус холбогдуулан ...-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“Н” ХХК “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэртэй Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, ...нэхэмжлэгчээс тухайн эд хөрөнгийн үнийг төлж нэхэмжлэгчийн өмчлөлд тухайн хаягдал чулуулгийн овоолго ирсэн байхад хариуцагч нь захиран зарцуулах эрхэд саад болж байна. Иймд өмчлөгчийн эрхийг хамгаалж, тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоож, эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч “М” ТӨҮГ: “...“Б” Уулын баяжуулах үйлдвэр нь “М” ТӨҮГ-ын зөвшөөрөлгүй Адагийн уурхайн хөрс чулуулгийн овоолгыг “Н” ХХК-д худалдах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй....” гэж,
Хариуцагч “Б” Уулын баяжуулах үйлдвэр: “...2018.10.23-ны өдрийн ВU-18-01-19 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр. “Н" ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах саналыг хүргүүлж байсан, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргасан.
8. Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэр нь нэхэмжлэгч “Н” ХХК-д холбогдуулан 2018.10.23-ны өдрийн ... дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзсан “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг “Н” ХХК-аас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т заасны дагуу ... уурхайгаас авч ашигласан шорооноос 4/1 буюу 46,448.4 тн овоолгоос гарсан эрдсийн бүтээгдэхүүн 11,612 тн, 18.0 хувийн агуулгатай бүтээгдэхүүн гаргах боломжтойг тооцон тухайн үед буюу 2018.12.20-ны өдрийн Үнийн комиссын хуралдааны шийдвэрээр 1 тн тутамд 18,000 төгрөгөөр тооцон үнэлж 209,016,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэж тайлбарласан,
Нэхэмжлэгч “Н” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Гэрээнээс татгалзахын тулд энэ талаараа нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Мэдэгдээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан. Хариуцагч гэрээнээс татгалзах талаар өмнө мэдэгдэж байгаагүй. 2018.10.23-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, биелэгдээд дууссан гэж үзэж байгаа. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж маргасан.
9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК нь “Н” ХХК-ийн “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэртэй байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М” ХХК-ийн “М” ТӨҮГ-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“М” ТӨҮГ-ын газрын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох хуулийн этгээдийн эрхтэй байгууллага биш юм. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий гэрээг зайлшгүй эрх бүхий хуулийн этгээдийн зөвшөөрөлтэйгөөр хийх хэлцэл. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. ..Мөн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хуулийн этгээдийн эрхгүй “Б” Уулын баяжуулах үйлдвэр овоолгыг бусдад худалдаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн. Иймд энэ хоёр үндэслэлээр маргаан бүхий гэрээ хүчин төгөлдөр бус юм. Харин бидний гэрээ нь эрх бүхий байгууллага болох “М” ТӨҮГ-тай байгуулсан тул хүчин төгөлдөрт тооцуулах шаардлага гаргаж байна... ” гэж тодорхойлсон,
Нэхэмжлэгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулиараа ашигт малтмал олборлох гэж газрынхаа гүн рүү эрэл хайгуулаа хийгээд олборлоод явж байгаа үйл ажиллагааг хэлээд байгаа юм. Хаягдал хөрс чулуулгийн овоолго учраас бусдад худалдан борлуулаад, үнийг нь төлсөн учраас нэхэмжлэгч тал өөрийнхөө өмчлөлд хөдлөх хөрөнгө гэдгээрээ Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар шилжүүлснээр өмчилж гэрээ дуусгавар болсон...” гэж маргасан,
Хариуцагч “М” ТӨҮГ тайлбартаа: “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байна, бид ч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа, нэхэмжлэгч компани, “Б” Уулын баяжуулах үйлдвэр хоёр хоёулаа гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн тайлбарлаж байна. Зөвшөөрөл өгсөн овоолго нь уулын баяжуулах үйлдвэрээсээ баруун хойшоо, 13 дугаар хүдрийн биет гэдэг овоолго нь 13 км-ийн зайтай өөр газар...” гэж тайлбарлажээ.
10. Анхан шатны шүүх: Үндсэн нэхэмжлэлийн тухайд: “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, ...худалдан авагч нь харилцан тохиролцсон үнийг төлсөн, худалдагч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн байна, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д ...өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу талуудын хоорондох үүргийн болон өмчийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.
...Өмчлөгч нь Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлүүдэд заасан шаардах эрхээ уг зүйлийг эзэмшилдээ авсан этгээдийн эсрэг хэрэгжүүлэх, хадлагаас хамгаалах, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж болдог тул нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан баримтаар “М” ХХК-ийн ерөнхий захирал Г нь 2018.10.01-ний өдрийн 1/1302 дугаартай гэрээ байгуулах тухай албан бичгээр 13 дугаар хүдрийн биетийн хөрсний овоолгыг болон балансын бус хүдрийг худалдах зөвшөөрлийг Б Уулын баяжуулах үйлдвэрийн захирал М-т олгосон ...байх тул хариуцагч “Б” Уулын баяжуулах үйлдвэрийг зохих зөвшөөрөлгүй хэлцэл /гэрээ/ байгуулсан гэж үзэхгүй юм.
Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ биелж, харилцан үүргээ биелүүлснээр үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангана...” гэж,
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “...“М” ХХК нь өөрийн харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрт маргаан бүхий хаягдал хөрс чулуулгийн овоолгыг гуравдагч этгээдэд /нэхэмжлэгчид/ худалдах зөвшөөрлийг олгосон. Энэ үйл ажиллагааг Иргэний хуульд заасан төлөөллийн дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзнэ. Зөвшөөрлийг үндэслэн хийгдсэн үйл ажиллагаа хэрэв төлөөлүүлэгчийн /“М” ТӨҮГ-ын/ эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй, хохирол учруулсан гэж үзвэл тухайн үр дагаврыг нэхэмжлэгч бус төлөөлөгч болох “М” ХХК нь өөрийн харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэр хариуцан арилгах үүрэгтэй гэж ойлгоно. Иймд энэхүү үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэж,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: “...Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 205.1-т Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэжээ. Хэрэгт авагдсан үйл баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаан бүхий эд хөрөнгийг 2018.10.23-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч талд актаар хүлээлгэн өгсөн бол “М” ТӨҮГ нь гуравдагч этгээд “М” ХХК-тай 2020.03.06-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж тухайн маргаан бүхий хөрс чулуулгийн овоолгыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдэж дууссан, тухайн маргаан бүхий хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг хийсэн. Мөн “М” ТӨҮГ болон түүний харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд маргаан бүхий хөрөнгө нэхэмжлэгч талын өмчлөлд шилжсэн тул гуравдагч этгээд “М” ХХК-ийн нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцуулах, өөрсдийн “М” ТӨҮГ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай бие даасан шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгоно...” гэж тус тус дүгнэсэн.
11. Давж заалдах шатны шүүх: Үндсэн нэхэмжлэлийн тухайд: “...“Б” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав нь “М” ХХК-ийн ерөнхий захирал Г-оос зөвшөөрөл олгоогүй Хэнтий аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ...-д байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг “Н” ХХК-д худалдах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д хамаарах тул 2018.10.23- ны өдрийн ... дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр бус байна. Энэ талаар гаргасан “М” ТӨҮГ-ын тайлбар үндэслэлтэй, ...иймд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч “М” ТӨҮГ болон түүний харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан гаргасан “...-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно...” гэж,
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “...“Б” Уулын баяжуулах үйлдвэр болон “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.10.23-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул тус гэрээг үндэслэн хариуцагч “Б” Уулын баяжуулах үйлдвэр нь гэрээ биелснээс олсон ашгийг нэхэмжлэгч талаас буцааж нэхэмжлэх, түүнчлэн гэрээнээс татгалзсан татгалзал үндэслэлтэй эсэхийг шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно...” гэж,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: “...“Б” Уулын баяжуулах үйлдвэр болон “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан ... дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагагүй, түүнчлэн “М” ХХК-ийн “М” ТӨҮГ-тай байгуулсан ... дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь тухайн маргааны зүйлд хамааралгүй тул дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэн, үндсэн болон сөрөг шаардлага, бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
12. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д нийцжээ.
13. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, “М” ХХК-ийн захирал Д.Ганболд нь 2018.10.01-ний өдрийн Гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай 1/1302 тоотоор “...“Н” ХХК-ийн №18/157 тоот албан бичгийг үндэслэн 13-р хүдрийн биетийн хөрсний овоолгыг болон балансын бус хүдрийг худалдах...” зөвшөөрлийг “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал М-д олгосноор “Н” ХХК, “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн хооронд 2018.10.23-ны өдөр ... дугаартай Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн Хөх дэлийн уурхай Төв үнэгт хэсэг дээр байрлах балансын бус бага агуулгатай хүдрийн овоолгыг 30,000,000 төгрөгөөр, “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн ... уурхайн баруун талын хаягдал хөрс чулуулгийн овоолгуудыг 90,000,000 төгрөгөөр тус тус худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон, гэрээний дагуу нэхэмжлэгч 120,000,000 төгрөгийг “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн дансанд төлж, овоолгыг хүлээж авсан байна.
Худалдан авагч буюу нэхэмжлэгч ... хэсэг дээр байрлах овоолгыг зөөвөрлөж дууссан ба Адгийн ил уурхайн овоолго дээр үйл ажиллагаа явуулж байхад 2020.03.04-ний өдөр компанийн үйл ажиллагааг зогсоосон тул нэгэнт худалдан авсан ... уурхайн баруун талд байрлах хаягдал хөрс, чулуун овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М” ТӨҮГ эс зөвшөөрч, зөвшөөрөл өгөөгүй байршилд байрлах овоолгыг авахаар гэрээ байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргажээ.
14. “Б” Уулын баяжуулах үйлдвэр нь “М” ТӨҮГ-ын харьяа үйлдвэр бөгөөд “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал М нь “М” ТӨҮГ-ын захиралд шууд захирагдах ба ТӨҮГ-ын удирдлагаас өгсөн эрх мэдлийн хүрээнд “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхтэй этгээд тул “М” ТӨҮГ-ын захирлын өгсөн зөвшөөрлийн хүрээнд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох нь чухал.
15. Зохигчийн хооронд байгуулагдсан 2018.10.23-ны өдрийн ... дугаартай Худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан, “М” ХХК /тухайн үеийн байдлаар/-ийн захирлын зөвшөөрсөн “... хаягт байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг...” бус “...... хаягт байрлах хөрс чулуулгийн овоолгыг” худалдсан байх тул “Б” Уулын баяжуулах үйлдвэр зөвшөөрөл олгоогүй байршилд байрлах хөрсний овоолгыг худалдсан байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч “Н” ХХК ч мөн адил өөрийн хүсэлт гаргаж, зөвшөөрөл олгосон байршилд байрлах бус өөр байршилд байрлах хөрс, чулуулгийн овоолгыг худалдан авахаар гэрээ байгуулснаа мэдэж байсан гэж үзнэ.
Ийнхүү хариуцагч “М” ТӨҮГ зөвшөөрөл олгоогүй байршилд байрлах овоолгыг нэхэмжлэгчид худалдсан үндэслэлээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байхад анхан шатны шүүх маргаантай үйл баримтыг тогтоолгүй, эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулсан гэж дүгнэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
16. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон эсхүл хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
“Б” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал М “Н” ХХК-тай гэрээ байгуулахдаа “М” ТӨҮГ-ын зөвшөөрөл өгөөгүй координатад байрлах овоолгыг худалдахаар гэрээ байгуулсан үндэслэлээр 2018.10.23-ны өдрийн ... дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Иймд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг залруулна.
17. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Зохигчийн хооронд байгуулсан ... дугаартай Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул талууд өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь хөрс, чулуулгийн овоолгын зарим хэсгийг зөөвөрлөж, тодорхой үйл ажиллагаа явуулснаас нэгэнт ашигласан овоолгыг буцааж өгөх боломжгүй тул тэрээр гэрээний үүрэгт төлсөн үнийг шаардах эрхгүй, харин үлдсэн овоолгыг хариуцагч өөрийн эзэмшилд үлдээсэн тул нэхэмжлэгчээс буцаан гаргуулах зүйлгүй байна.
18. Дээр дурдснаар 2018.10.23-ны өдрийн ... дугаартай Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон тул уг гэрээнээс татгалзах, улмаар гэрээ биелснээс олсон ашгийг буцаан гаргуулах тухай хариуцагч “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.
19. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК зохигчийн хооронд байгуулсан Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, “М” ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулахаар шаардлага гаргасан.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул дээрх асуудлаар гаргасан шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй, харин Хамтран ажиллах гэрээний улмаас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн үйл баримт тогтоогдоогүй, түүнчлэн дээрх шаардлага маргааны зүйлд хамааралгүй үндэслэлээр “М” ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Шүүхийн дээрх шийдэлд зохигч гомдол гаргаагүй байна.
20. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 226/МА2024/00011 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 157/ШШ2024/00016 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар “М” ТӨҮГ, “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох “...-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах” тухай “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг болон хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн “Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзсан татгалзал хуульд нийцсэн болохыг тогтоож, гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг “Н” ХХК-аас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан үндэслэлгүй тул “М” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч “М” ТӨҮГ, болон түүний харьяа “Б” Уулын баяжуулах үйлдвэрээс тус бүр 153,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.” гэснийг “...хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-аас 2024.07.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД