Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 226/МА2023/00008

 

 

 

 

 

 

   2023        06           22                                           226/МА2023/00008

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ТӨҮГазар, “М”

ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-т

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-, Б.Алтансүх, Ж.Ж-,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Н-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар нарыг оролцуулан,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 157/ШШ2023/00043 дугаар шийдвэртэй “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ТӨҮГ, түүний харьяа “УБҮ”-т холбогдох “Адагийн ил уурхайн баруун талын координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-ийн “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар Худалдах, худалдан авах” гэрээнээс татгалзсан “М” ТӨҮГ болон “УБҮ”-ийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг “Н” ХХК-аас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн  “Н ХХК-ийн М ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-тэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, М ХХК-ийн М ТӨҮГ-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах” тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч М-т ТӨҮГ болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн давж заалдсан гомдлоор 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н” ХХК-ийн захирал Б.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...”Н" ХХКомпани нь "“УБҮ”-"-ийн эзэмшлийн газар, Адагийн ил уурхайн баруун тал /координат N46 17 45,2 Е109 19 42,3/-д байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг ...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр bu-018-01-19 дугаар худалдах худалдан авах гэрээг байгуулан худалдан авсан.

...““УБҮ”-"-ээс ямар нэгэн бичиг баримт өгөлгүй, шалтгаангүйгээр адгийн уурхайд байрлах хөрс чулуулгийн овоолго дээр явуулж байсан манай компанийн үйл ажиллагаа зогсоож ...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээг цуцалсан, талбайг чөлөөлж өг гэх мэдэгдлийг ирүүлсэн. Гэтэл “М” төрийн өмчид үйлдвэрийн газар нь өөр хуулийн этгээдэд давуу байдал олгон шороог 70:30 бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулж, гэрээ байгуулсан хуулийн этгээд нь манай худалдан авсан, хууль ёсоор өмчилж байгаа овоолгыг ашиглан зөөвөрлөж худалдан борлууж байна. “УБҮ”- нь BU-018-01-19 дугаар худалдах худалдан авах гэрээний заалтуудыг зөрчиж бусдад давуу байдал олгож өгсөн нь манай компанийн хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд “УБҮ”-ийн эзэмшилийн газарт байрлах Адгийн ил уурхайн баруун талын координатад байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгын хууль ёсны өмчилөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгийг зөөвөрлөхөд саад учируулахгүй байхыг даалгаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “УБҮ”- сөрөг нэхэмжлэлдээ: "Н" ХХК нь Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 E109 19 42.3/ кординатад байрлах хаягдал хөрс, чулуулгын овоолгыг худалдан авахаар УБҮ-тэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр BU-18-01-19 дугаар "Худалдах, худалдан авах" гэрээ байгуулж ажиллахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн зөрчлийг удаа дараа гаргаж ирсэн бөгөөд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон улмаар гэрээнээс татгалзах саналыг "М" ТӨҮГ болон УБҮ-ийн зүгээс "Н" ХХК-д албан бичгээр удаа дараа хүргүүлж мэдэгдсээр байтал хүлээж авалгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж овоолгыг ашигласаар ирсэн.

..."М" ТӨҮГ болон УБҮ-ээс хүргүүлсэн дээрх удаа дараагийн шаардлага, мэдэгдэл, саналууд нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.4, 220 дугаар зүйлийн 220.1, 220.3, 220.4-т заасан "Гэрээнээс татгалзах журам"-ын шаардлага болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэж байна.

Мөн гэрээ хэрэгжих явцад "М" ХХК 100 хувь "Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар" болж Монгол Улсын засгийн газраас Эүйлдвэр болон "М" ХХК-ны үйл ажиллагаанд "Онцгой дэглэм" тогтоосонтой холбогдуулж ТӨҮГ-ын удирдлагаас эдийн засгийн хувьд ашиггүй гэрээг цуцлах талаар үүрэг чиглэл өгсөн байдлыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан "Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй байдал"-д хамааруулан үзэх үндэслэлтэй бөгөөд "М” ТӨҮГ-ын зүгээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан гэрээний талуудыг үүрэгжүүлсэн зохицуулалтын дагуу дээрх BU-18-01- 19 дугаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулж бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах саналыг "Н" ХХК-д хүргүүлсэн байдаг.

Гэвч "Н" ХХК нь дээрх саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж, Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 E109 19 42.3/ кординатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран эзэмшихээр "М" ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр MR-2020- 02-04 дугаар "Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаар "Худалдах, худалдан авах" гэрээнээс татгалзсан "М” ТӨҮГ болон УБҮ-ийн татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож, олсон ашиг 209.016.000 төгрөгийг "Н" ХХК-наас буцаан гаргуулж өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК бие даасан шаардлагадаа: "..."М" ХХК нь "М" ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр MR-2020-02-04 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, нэхэмжлэгчийн маргаж буй “УБҮ”-ийн эзэмшлийн газрын Адагийн ил уурхайн баруун талын координатын хүдрийн овоолгод байрлах балансын бус жоншны хүдрийг ангилан ялгаж, гарсан ФК-75 маркийн бүхэллэг жоншны 30 хувийг А талд, 70 хувийг Б талд, ФР-40 маркийн бүтээгдэхүүний жоншны 30 хувийг А талд, 70 хувийг Б талд ногдохоор бүтээгдэхүүн хуваах зарчмаар тохиролцсоны үндсэн дээр манай компани үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн.

Гэтэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 515 дугаар "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж гарч манай компанийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Иргэний хуульд гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй тухай зохицуулсан бөгөөд "Н" ХХК болон "М” ТӨҮГ-ын харъяа “УБҮ”-ийн хооронд байгуулсан гэрээ нь нэгэнт цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэж, хуульд зааснаар татгалзах саналаа хүргүүлснээр цуцлагдсан болно.

Иймд "Н" ХХК болон "М" төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа "“УБҮ”-ийн хооронд 2018.10.23-ны өдөр байгуулсан bu- 018-01-19 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусд, "М" ХХК-ийн "М” ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-г хүчин төгөлдөрт тооцож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “...Н ХХК нь ...Адагийн ил уурхайн баруун талд байрлах хөрс хаягдал чулуулгийн овоолгыг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр BU-18-01-19 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан... Тэгээд үйл ажиллагаа явуулж байхад “УБҮ”-ээс дотоод үйл ажиллагаанд оролцож гэрээнд заагаагүй шалтаг шалтгаан гаргаж, мөн Засгийн газрын 91 дугаартай тогтоолыг урьтал болгож гэрээг цуцалж, хэн хэндээ ашигтай байдлаар дахин гэрээ хийх саналыг тавьсан боловч бид хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж Адагийн ил уурхайн баруун талд байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан...” гэв.

Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “М" ТӨҮГ-ийн харъяа УБҮ, “Н” ХХК-ийн хооронд Адагийн уурхайн хаягдал хөрс чулуулгийн овоолгыг 30 сая төгрөгөөр худалдах, худалдан авах тухай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаартай гэрээ байгуулагдсаны дагуу дээрх компани овоолгууд дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэрээ байгуулах зөвшөөрлийг тухайн үеийн “М” ХХК-ийн ерөнхий захирал олгосон.

           “Н” ХХК нь гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан тул тухай бүрд албан бичгээр шаардлага хүргүүлж байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Э” ХХК, “М” ХХК-ны талаар авах арга хэмжээний тухай 91 дүгээр тогтоол батлагдаж, “М” ХХК-г Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээний нөхцлийг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх шаардлага үүссэн.

Үүнтэй холбогдуулж “М” ТӨҮГ-аас гэрээний нөхцлийг “Овоолгыг цаашид ашиглуулж, 50% 50% хувиар бүтээгдэхүүн хуваах” зарчмаар хамтран ажиллах нөхцлөөр өөрчлөх саналыг “Н” ХХК-д тавьсан.

“Н” ХХК-нь дээрх саналыг хүлээн авахаас эрс татгалзсан...

Иймд “Н” ХХК-ны шүүхэд гаргасан... шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч “М” ТӨҮГ-ийн харьяа “УБҮ”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А- шүүхэд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-ийн зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 19 болон 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд албан бичгээр манайд хүсэлт тавьсан байдаг. Бид нар сүүлд тавьсан 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хүсэлтийн дагуу Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Хөх дэлийн уурхайн төв үнэгтэд байрлах бага агуулгатай балансын бус хүдрийн овоолгыг 60,000,000 төгрөгөөр худалдах болон 13 дугаар хүдрийн биет дээр овоолгыг худалдан борлуулах хүсэлтийн дагуу тухайн өдрөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн өмчит үйлдвэрийн газарт тухайн хүсэлтийг уламжилсан байдаг. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “М” ХХК-ийн захирал Д.Г-н зөвшөөрлийн дагуу 13 дугаар хүдрийн биет болон Төв үнэгтэд гэрээ байгуулах зөвшөөрөл өгөгдсөн боловч Адагийн уурхайн овоолгыг давхар худалдан авахаар “УБҮ”- Төрийн өмчит үйлдвэрийн газрын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан хийгдсэн байгаа нь тухайн маргаан үүсэх үндэслэл болоод байгаа юм... “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг “Н” ХХК-наас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч “М” ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: ““УБҮ”-ийн захирал Б.М-н 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хаягдал чулуулгийн овоолгыг худалдан авах хүсэлт уламжилсан 1209 тоот албан бичиг, “Н” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 18/157 тоот албан бичгүүдийг үндэслэж “М” ХХК-ийн захирал Д.Г-н 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай 1/1302 тоот албан бичгээр 13 дугаар хүдрийн биетийн хөрсний овоолгыг болон балансын бус хүдрийг худалдах зөвшөөрөл олгосон байдаг. Маргааны зүйл болсон Адаг дээр ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Гэтэл “УБҮ”-ийн захирал Б.М нь ...Адагийн ил уурхайн баруун талд байрлах хаягдал хөрс чулуулгийн... овоолгыг худалдах худалдан авах гэрээг “Н” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байдаг... “М” ХХК-ний захирал Д.Ганболд байж байгаад Б.М захирал томилогдсон. Зөвшөөрөлгүй гэрээ байгуулагдсан талаар мэдэж захирлын зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр хурлаар “Н” ХХК, “УБҮ”-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан BU-18-01-19 дугаартай гэрээний асуудлыг хэлэлцсэн байдаг. “УБҮ”-ийн захирал Б.М нь уг хөрөнгийн өмчлөгч биш, худалдах эрхгүй байтал өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр балансын бус агуулгатай хүдрийн овоолго, хаягдал хөрс чулуулгийн овоолго болох эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдах гэрээ байгуулсан байна... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-шүүхэд гаргасан тайлбартаа: “...”УБҮ”-ийн захирал Б.М ...“М” ТӨҮГ-ын захирлын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулах, хэлцэл хийх эрх хэмжээгүй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байгаа... гуравдагч этгээдийн хувьд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ хэлцэл байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...манай компанийн хувьд маргаан бүхий талбай дээр анх гэрээ байгуулах үед “УБҮ”-, “М” ТӨҮГ-ын зүгээс өмнөх компанитай гэрээ цуцлагдсан. Ямар нэгэн маргаан байхгүй гэдэг байдлаар  тайлбар хэлсэн. Үүний дагуу бидний зүгээс гэрээнийхээ нөхцөлийг тохиролцоод “М” ТӨҮГ-ын захиралтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгчийн маргаж байгаа Адагийн ил уурхай жоншны хүдрийг ангилж ялгаж гаргах, ХК-75, ХР-40 маркийн бүтээгдэхүүний жоншны 30 хувийг А тал буюу “М” ТӨҮГ, 70 хувийг буюу гуравдагч этгээд “М” компани ангилсан жоншийг хуваах зарчмаар тохиролцож, манай компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэвч үйл ажиллагаа эхлүүлээд эхний олборлолтоо хийгээд маргаан үүсээд шүүхийн шийдвэр гарч, үйл ажиллагааг зогсоосон байгаа. Бидний шаардлага бол эхний гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өөрсдийн байгуулсан гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах байдлаар шаардлагаа гаргасан байгаа. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийг “М” ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-ийн эзэмшил Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-, хамтран хариуцагч “М” ТӨҮГ-т тус тус даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн “Н” ХХК-ийн “М ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-тэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, М ХХК-ийн М ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай нэхэмжлэлийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-ийн “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар Худалдах-худалдан авах” гэрээнээс татгалзсан “М” ТӨҮГ болон “УБҮ”-ийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг “Н” ХХК-наас буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “М” ТӨҮГ давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн 13 дахь талд “...зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасангүй...” гэж буруу дүгнэлт гаргаж үндэслэх хэсэгт тусгажээ.

 “М” ТӨҮГ нь хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус гэрээг байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэж маргаж холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Бор-Өндөр УБҮ-ийн захирал М.М нь бараа бүтээгдэхүүнийг худалдах гэрээ байгуулах болон өмч шилжүүлэхтэй холбоотой харилцаанд өмчлөгч болох  “М” ТӨҮГ-гаас зөвшөөрөл авч гэрээ байгуулах болон тухайлсан шийдвэр гаргадаг. Б.М нь худалдааны гэрээний хувьд эрх бүхий бус субъект юм... захирал Б.М-н 2018 оны 09-р сарын 27-ны өдрийн “Хаягдал хоосон чулуулаг худалдан авах” хүсэлт уламжилсан 1209 тоот албан бичиг, “Н” ХХК-ийн 2018 оны 09-р сарын 27-ны өдрийн 18/157 тоот албан бичгүүдийг үндэслэн “М” ХХК-ийн захирлын 2018 оны 10-р сарын 01-ний өдрийн “Гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” 1/1302 албан бичгээр 13 дугаар хүдрийн биетийн хөрсний овоолгыг болон балансын бус хүдрийг худалдах зөвшөөрөл олгосон байна.   Гэтэл “УБҮ”-ийн захирал Б.М нь зөвшөөрөл олгоогүй худалдах, худалдан авах гэрээг “Н” ХХК-тай 2018 оны 10-р сарын 23-ны өдөр байгуулжээ.

Иргэний хуулийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” 26.5 Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно гэж тус тус заасан.

"Бор-Өндөр" УБҮ нь бие даасан хуулийн биш бөгөөд "М” ТӨҮГ-ын захирал нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх гэрээ байгуулах эрх бүхий этгээд болно. Шүүх “М” ТӨҮГ-ын холбогдох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрээ гаргасан.

"М” ТӨҮГ-ын зүгээс шүүх хуралдаанд болон хариу тайлбартаа BU-18-01-19 гэрээг нэг ч удаа андуурсан гэж хэлсэн маргасан тохиолдол байхгүй бөгөөд зөвхөн эрх бүхий бус субъект буюу гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээг байгуулсан гэж маргасан... Өмч хөрөнгө захиран зарцуулах гэрээ байгуулахад зөвшөөрөл авдаг нь УБҮ-ийн 2018.09.27-ны өдрийн 1209 дугаар "Хаягдал хоосон чулуулаг худалдан авах хүсэлтийг уламжлах тухай" албан бичиг, "М" ХХК-ийн 2018.10.01-ний өдрийн 1/1302 дугаар "Гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай" албан бичиг, Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл No24-өөр нотлогдож байна.

Н ХХК-ийн 2018.09.27-ны 18/157 тоот албан бичиг Бор-Өндөр УБҮ-ийн 2018.09.27-ны өдрийн 1209 дугаар "Хаягдал хоосон чулуулаг худалдан авах хүсэлтийг уламжлах тухай" албан тоотуудаар нэхэмжлэгч тал нь хүсэлт гаргаж байсан талаар тогтоогдоно.

"М" ТӨҮГ нь андуурч гэрээ байгуулсан гэсэн талаар тайлбар гаргаагүй, дурдаагүй маргаагүй бөгөөд 13-р дугаар хүдрийн биетийн хөрс чулуулгийн овоолгыг худалдах зөвшөөрөл авсан байж худалдах зөвшөөрөл олгоогүй Адагийн ил уурхайн хаягдал хөрс, чулуулгийн овоолго худалдах гэрээ байгуулсан талаар маргаж тайлбарсан байтал шүүх андуурсан гэсэн мэтээр шүүхийн шийдвэрт дүгнэлт хийсэн байна.

Шүүх хуралдаан эхлэхэд даргалагч шүүх хуралдааны дэгийг тогтоож хэрхэн явагдах дарааллыг танилцуулсан боловч өөрийн тогтоосон дэгийг зөрчсөн бөгөөд "М" ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг мэтгэлцэх боломжоор бүрэн бүрдүүлэлгүй, хэргийн зохигчдоос асуулт асууж хариулт авах боломжоор хангалгүй шүүх хуралдааныг явуулж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шийдвэрээ гаргасан.

Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэгчээс асуулт асуух эрхийг хангалгүй шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 4-р сарын 10-ны өдрийн дугаар 157/ШШ2023/00043 шийдвэрийг хүчингүй болгож, "Н" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК давж заалдах гомдолдоо: "М” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” УБҮ нь хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан, дангаар оролцож, хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх боломжгүй, хуулийн этгээдийн эрхгүй болох нь тогтоогддог. Түүнчлэн ...хариуцагч “М” ТӨҮГ-ын ажил хэргээ байнга явуулдаг, удирдах байгууллага нь байгаа газар болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэхгүйгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх харьяалан шийдвэрлэсэн нь шүүхийн харьяалал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчил боллоо.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар маргааны зүйл болсон овоолгыг  УБҮ бие дааж, дангаараа захиран зарцуулах эрхгүй, “М" ТӨҮГ-ЫН зохих зөвшөөрлийн дагуу бусад этгээдэд ашиглуулах, холбогдох гэрээг байгуулах, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний төлбөрийг "М” ТӨҮГ өөрийн дансанд хүлээж авсан зэрэг нөхцөл байдал тогтоогддог.

..."М” ТӨҮГ нь төрөөс олгосон 173А, 174А дугаар тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд: “...Хэнтий аймгийн Дархан сумын Адаг болон Бор-Өндөр нэртэй газарт орших ... уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах эрхтэй байх бөгөөд маргаан бүхий овоолгыг бусдад ашиглуулах эрхийг гагцхүү "М" ТӨҮГ хэрэгжүүлэх эрхтэй байна.

Гэтэл төрийн нийтийн өмчийг өмчлөгч бус этгээд болох  УБҮ бусдад худалдаж, нэхэмжлэгч төрийн нийтийн өмчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх түүнийг нь хангаж шийдвэрлэж байгаа нь хуульд үл нийцэх юм.

Нэхэмжлэгч компани 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 18/157 тоот албан бичгээр "...Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... 13-ийн аманд байрлах ... хаягдал хөрс чулуулгын овоолгыг 30 сая төгрөгөөр ...худалдан авах саналтай байна..." гэх хүсэлтийг  УБҮ-ийн захирал Б.М-т гаргасныг  УБҮ хүлээн авч, "М” ТӨҮГ-т 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1209 тоот албан бичгээр": "...13-р биетийн хөрсний овоолгыг худалдах гэрээг УБҮ дээр байгуулах зөвшөөрөл олгох..."-ыг хүсэж уламжилжээ. "М" ТӨҮГ нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1302 тоот албан бичгээр: “...13-р хүдрийн биетийн хөрсний овоолгыг болон балансын бус хүдрийг худалдах зөвшөөрлийг УБҮ-ийн захирал Б.М..." олгожээ.

Дээрх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, түүнийг цааш уламжилсан албан бичиг, олгогдсон зөвшөөрөл зэрэгт "Худалдах, худалдан авах гэрээ"-ний зүйл болох “...Адагийн ил уурхайн..." талаар дурдаагүй, худалдах зөвшөөрөл хүсээгүй, зөвшөөрөл олгоогүй байна.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 157/ШШ2023/00043 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье...” гэжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 10 сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө бид УБҮ-т хандаж хүсэлт гаргасан байгаа юм. ...Эхлээд 13 дугаар хүдрийн биет буюу Хөх дэлийн уурхайн балансын бус хүдрийг авъя аа гэдэг саналыг гаргасан... 13 дугаар хүдрийн биетийг авах тухай зөвшөөрөл ирсэн. Бид гэрээ байгуулаад ажиллах гэсэн чинь ажиллуулаагүй. Яагаад вэ? гэхээр ажил хүлээлцээгүй байхад та бүхэн техник орууллаа гэдэг үндэслэлээр ажиллуулаагүй. ...адгийн ил уурхай буюу одоо сумаас 8км-ийн зайтай, 13 дугаар хүдрийн биет гээд яг сумын хажууд байдаг юм ...Б-н УБҮ-т бид нар хүсэлтээ өгсний дагуу... 2018 оны 10 сарын 23-нд Бор-өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн захирал М, үйлдвэрийн хэсгийн дарга Т, М, ерөнхий инженер П, ерөнхий геологич Г, төлөвлөлтийн инженер Т, “Н” компанийн талаас захирал Б.Г- нар оролцсон. Энэ хурал дээр ...Магсаржав ...2018 оны 9 дүгээр сараас эхлэн “Н” компаниас “Х” уурхай, “А” ил уурхайн ойролцоох хоосон чулуулгийн овоолгыг худалдан авах саналуудыг гаргасан байна... УБҮ-ийн ерөнхий инженер С.Ч ...энэ хөрс чулуулгын овоолго маань ийм агуулгатай юм байна, ийм хэмжээтэй юм байна, ийм бусад химийн элементүүд байдаг юм байна гэдгийг ...тодорхойлж өгсөн... 13 дугаар хүдрийн биетийн зөвшөөрөл ирсэн байгаа. ...хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Т Адгийн ил уурхайн хаягдал хөрс чулуулгаа 30 сая төгрөг худалдаж авахаар болсон, ...гэрээ байгуулах зөвшөөрлийг тухайн Мийн ерөнхий захирал олгосон гэж байдаг. ...Толгой компанийн төлөөлөгч зөвшөөрөл аваагүй юм аа гэдэг байдлыг яриад байна. ...талуудын хооронд гэрээ байгуулагдах хүсэл зорилго ...илэрхийллээ хурлын протоколоор тодорхойлж өгсөн. ...үнэн бодит нөхцөлийг шүүхэд мэдээлэхгүй, баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа... 2019 оны 8 сарын 19-ний өдрийн захирлуудын зөвлөлийн 50 дугаар хурлын тэмдэглэл, Мөн М төрийн өмчийн үйлдвэр газрын орлогч захирлын дэргэдэх техникийн зөвлөлийн протокол... 50 50 хувиар хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллая... гэх зэрэг... Адгийн ил уурхай дээр олгосон зөвшөөрлөө гаргаж өгөхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн 43 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 онд 4 сарын 10-ны өдрийн 43 дугаар шийдвэр нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн ямар нэгэн зөрчилгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. М төрийн өмчит үйлдвэрийн газраас өгсөн зөвшөөрлийн дагуу 2018 оны 10 сарын 23-ны өдөр УБҮ-ийн захирал Магсаржавт олгосон эрхийн дагуу байгуулагдсан... Энэ гэрээнд заасны дагуу мөнгөн төлбөрүүдийг төлөөгүй байна үүнийгээ төл, дансанд тушаа, тушаагаагүй тохиолдолд гэрээгээ цуцалъя гэж байсан. Ингээд Н компаниас нийт 120 сая төгрөгийг тушаасан. ...Хаягдал хөрсөө худалдаж байгаа юм. Үүнийг худалдах эрх нь УБҮ-ийн захиралд олгогдсон байгаа.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хуульд нийцсэн гэрээ хийгдсэн. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрсдөө цуглуулж өгөх үүрэгтэй. Энэ баримтууд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байна. Ер нь байх ёстой энэ төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд. Гэтэл энэ баримтаа өөрсдөө нотлоод татгалзлаа батлах үүрэгтэй байтал энэ баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байгаа. Ийм учраас хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч “М” ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-, Б.А нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...УБҮ-ийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 4.1-д заасан ажиллагааг хийх юм бол заавал төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаас зөвшөөрөл авна.

2-т: нэхэмжлэгч шүүх хуралдаан эхлэхэд нотлох баримт гаргуулъя гэж хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн завсарлаад орж ирээд нотлох баримт гаргах хүсэлтийг хангахгүй шийдэж байна, шүүгчийн захирамж гарч байна. Энэ дээр гомдол гаргах эрхгүй гээд шүүх хуралдаан үргэлжлүүлж явсан. ...шүүгчийн захирамж одоо бичгээр огт байхгүй.  

шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг тогтоогоод асуулт асуух буюу мэтгэлцэх зарчмыг огт хийгээгүй.

...өмчийн эзэн нь М төрийн өмчит үйлдвэрийн газар юм байна гэдэг утгаараа БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасан... Энэ тухайд бас гомдол гаргах эргүй гэж шийдсэн.

гэрээ байгуулагч нь өөрөө эрх зүйн чадамжтай юм уу? хууль ёсны хэлцэл мөн юм уу? биш юм уу? гэдэг асуудлыг анхан шатын шүүх дүгнээгүй. М төрийн өмчит үйлдвэрийн газар нь зөвшөөрөл өгсөн үү, үгүй юу гэдэг асуудал дээр дүгнэлт хийгээгүй орхисон. Нэхэмжлэгч компанийн өөрийнх нь гаргасан хүсэлт албан бичиг, УБҮ-ийн хавсаргасан албан бичгийг уламжилсан албан бичиг, үйлдвэрийн газрын захирлын гаргасан зөвшөөрөл өгсөн албан бичиг. Нэхэмжлэгч компани нь 13 дугаар хүдрийн биетэд гэрээ хийе гэж хүсэлт гаргасан. Тэрийг уламжилсан. ... Тухайн үед зөвшөөрлөө авчихсан байсан бол хууль ёсны гэрээ байна гэж үзнэ. Ийм учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 2019 онд яг энэ асуудал сөхөгдөхөд бүх материалыг шалгаж үзэхэд ...Адгийн уурхайн хөрс овоолго, овоолгын зөвшөөрөл баримтаар гараагүй. ...гэрээ зөвшөөрөл нь байсаар байгаад нуун дарагдуулсан гэдэг асуудал яригдаад байна. Ийм асуудал огт байхгүй. Тухайн компанийн ажиллаж эхэлснээс хойш анх хэмжилт хийгдчихсэн байснаас тухайн компанийг ажлыг нь зогсоох хүртэлх хугацааны олборлосон хүдрийг нь хэмжилтээр тооцож үзээд 209 сая гэсэн тооцоог гаргаж өгсөн байгаа...” гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 18/157 гэсэн тоот албан бичгээр “УБҮ”-ийн 13 дугаар хүдрийн биетийн хаягдал хөрс чулуулгийн овоолгыг 30 сая төгрөгөөр худалдаж авах хүсэлтэй байна аа гэж хүсэлт ирүүлсэн.  

уулын баяжуулах үйлдвэр нь энэ хүсэлтийг М ТӨҮГ-т 2018 оны 9 сарын 27-ны өдрийн 1209 тоот албан бичгээр уламжилж ...үүний дагуу М ТӨҮГазраас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1302 тоот албан бичгээр 13 дугаар хүдрийн биетийн хөрсний овоолгыг болон балансын бус хүдрийг худалдах зөвшөөрлийг уулын баяжуулах үйлдвэрийн захирал М-д олгож байна гэсэн. Адгийн ил уурхайн талаар дурдсан зүйлийг би лав олж хараагүй. М төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 5 сарын 1-ний өдрийн захирлын зөвлөлийн 24 дугаартай хурлаар энэ маргаад байгаа гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцээд компаниас зөвшөөрөл олгогдоогүй байхад гэрээ байгуулчихсан байна аа энэ гэрээг цуцал гэдэг шийдвэрийг гаргачихсан баримт хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл М төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа уулын баяжуулах үйлдвэр болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хуульд нийцэхгүй байна... Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу энэ гэрээний эрх зүйн үндэслэл бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож бие даасан шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Адагийн ил уурхайн баруун талын координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрдөг бөгөөд “М” ТӨҮГ-ын харьяа “УБҮ”- нь “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар “Худалдах, худалдан авах” гэрээнээс татгалзсан “М” ТӨҮГ болон “УБҮ”-ийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоолгож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг “Н” ХХК-аас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК нь  “Н” ХХК-ийн “М” ТӨҮГ-ын харьяа “УБҮ”-тэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, “М” ХХК-ийн “М” ТӨҮГ-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах” тухай бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...”УБҮ”-ээс “М” компаны захирал Г-д явуулсан хүсэлт уламжлах тухай албан бичгийг тухайн хүсэлтэд дурдагдсан албан бичгүүдийн хамт гаргуулах...” хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж захирамж гаргасан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан боловч уг захирамжийг хэрэгт хавсаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууцтай ...холбоотой; ...учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн үзлэг хийлгэх ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн гэх захирамж байхгүй, дурдагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал олж авах боломжтой эсэх, тухайн баримтууд нь хэрэгт ач холбогдолтой эсэх, үзлэг хийх шаардлагатай эсэхэд шүүх үндэслэл бүхий бодитой дүгнэлт өгч чадсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ шүүх хуралдаан даргалагч зохигчдыг шүүх хуралдааны бусад оролцогчдоос асуулт асуух боломж олгоогүй, энэ талаар тодруулаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих ...эрх эдэлнэ”, 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт “Гэрч, зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээс шүүх хуралдаанд оролцогч ...шүүх хуралдаан даргалагч; шүүгч, иргэдийн төлөөлөгч; нотлох баримт гаргаж буй этгээд; нотлох баримтыг эсэргүүцэж буй этгээд... гэсэн дарааллаар асуулт тавина...” гэж тусгасан ба шүүх талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлэх боломжийг хязгаарласан, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөн байх тул зөрчлийг “ноцтой” гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хариуцагч нар болон гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулж, өөрсдийн сөрөг нэхэмжлэл, шаардлагыг хангуулах тухай давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

Хариуцагч “М” ТӨҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 157/ШШ2023/00043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч “М” ТӨҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

 

                                    ШҮҮГЧИД                                            Г.БОЛОРМАА

                           

                                                                                                    Д.ГАНЗОРИГ