Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2054

 

 

Д.Р-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01500 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Р-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК, Ч.Б нарт холбогдох

 

2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, “С” ХХК болон иргэн Ч.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн үр дагаврыг арилгуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-д шилжүүлэхийг “С” ХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г,

Хариуцагч Ч.Б-ын өмгөөлөгч К.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Р миний бие “С” ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан. Улсын бүртгэлийн дугаар Ү-2202017479, гэрчилгээний дугаар 000176222, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхар 130.4 м.кв үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн дугаар Ү-2202017477, гэрчилгээний дугаар 000176223, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсэг, 190 м.кв үйлчилгээний зориулалттай худалдах-худалдан авах гэрээнд заасан худалдан авах нөхцлийн хувьд үл хөдлөх хөрөнгийн 1 /нэг/ м.кв-ыг 2 618 000 төгрөгөөр тооцож нийт 838 807 200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч нь нийт төлбөрийн 60 хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40 хувийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр гарсан тохиолдолд төлж дуусгасан байхаар тохиролцсон (Гэрээний 3.2 дахь заалт). Мөн тус гэрээний 4.1.1-т зааснаар худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийг 2012 оны 9 сарын 01-ний өдөрт багтаан худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Худалдан авагч Д.Р нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 600 000 000 төгрөгийг “С” ХХК-ийн Голомт банкин дахь 1605004164 тоот дансанд, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тусгай активын урьдчилгаа “С” ХХК-иас гэсэн утгатай 175 000 000 төгрөг болон 20 000 000 төгрөгийн 2 гүйлгээг миний бие өөрийн данснаас хийсэн бөгөөд энэхүү хийсэн төлбөрийг дээрх худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор талууд тохиролцсон. Ийнхүү нийт 795 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт төлсөн. Гэрээ байгуулагдах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд байсан бөгөөд барьцааг чөлөөлүүлсний дараа өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан. Гэтэл 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 5 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байхад худалдагч “С” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлээгүй байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөөгүй байгаа гэсэн шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргуулсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад “С” ХХК, Д.Р нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх дараах байдлаар өөрчлөгдсөн байдаг. “С” ХХК, Ч.Б нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Ч.Б-ын өмчлөлд, “С” ХХК, Ч.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу “С” ХХК-ийн өмчлөлд, “С” ХХК, Ч.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу Ч.Б-ын өмчлөлд, “С” ХХК болон бидний хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ байгуулагдсан гэдгийг иргэн Ч.Бмэдээгүй байх ямар ч үндэслэлгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд “С” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан хүн бол Ч.Б юм. Тухайн үед Ч.Б нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан бөгөөд дээрх гэрээг надтай байгуулах шаардлагатай бүхий л зөвшөөрлийг компанийн эрх бүхий этгээдүүдээс авсан байдаг. Гэтэл иргэн Ч.Бнь өөрөө захирлын үүргийг нь гүйцэтгэн ажиллаж байсан “С” ХХК болон өөрийнхөө хооронд 3 удаагийн гэрээ, хэлцлээр надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийг өөр хоорондоо шилжүүлсэн нь гэрээний талууд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ эсхүл бэлэглэлийн гэрээ байгуулахыг зориогүй, хууль зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй гэдгийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Д.Р-ын хувьд дээрх 3 хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж үзэж байна. Ийнхүү “С” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч байсан Ч.Б-ын хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор байгуулсан дүр үзүүлсэн хэлцлийн улмаас Д.Р-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иргэн Д.Р нь “С” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаартай үл хөдлөх хөрөнгийн 190 м.кв талбай бүхий хэсгийн үнийг 100% бүрэн төлсөн, уг үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оноос хойш өнөөг хүртэл өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа хууль ёсны, шударга эзэмшигчийн хувьд тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх бүрэн эрхтэй этгээд юм. “С” ХХК нь нэхэмжлэгч Д.Р-д огт мэдэгдээгүй, зөвшөөрөл авалгүйгээр Ч.Б-той гэрээ байгуулж, хууль ёсоор, шударгаар эзэмшиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан заалттай нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Д.Р миний бие дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иргэн Ч.Б болон “С” ХХК нарын хооронд 2014 оны 6. Дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, “С” ХХК, Ч.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эдгээр хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-д шилжүүлэхийг “С” ХХК-д даалгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтаар иргэн Д.Р нь нэхэмжлэлд дурдсан 3-н гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардах эрхтэй этгээд мөн болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, тухайн нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Ч.Б нь Гандарис хотхоны 2 давхарт байрлах 645,5 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн үнийг төлчихсөн байсан учраас өмчлөх эрхийг нь шилжүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан. Өмнө нь худалдах-худалдан авах гэрээ байгуулаад өмчлөх эрхийг нь шилжүүлсэн нь байгууллагын санхүү бүртгэл, татвартай холбоотой асуудал үүссэн учраас буцааж аваад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэсэн. Иймээс хамгийн сүүлд байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байх, уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Ч.Бтөлсөн учраас Д.Р-д нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэж үзэж байна. Иймд иргэн Д.Р-ын "С" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Ч.Б нь “С” ХХК-д 2012 оны 02 дугаар сараас 2012 оны 12 дугаар сар хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2012 онд Санхүүгийн зохицуулах хорооноос “С” ХХК-д хандан 2011 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд компанийн үл хөдлөх хөрөнгө нь нийт хөрөнгөд зөвшөөрөгдөх 20 хувиас хэтэрч 37,83 хувь байна гэсэн албан бичгийг ирүүлж байсан. Уг албан бичгийн дагуу “С” ХХК-ийн нэр дээрх Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсгийн 190 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг мөн Ү-2202017479 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт 130,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байдлаар бэлэн мөнгөөр байршуулахаар бид харилцан тохиролцсон. Ингэж тохиролцсны үндсэн дээр Ч.Бнь 600 000 000 төгрөгийг гарган Д.Р-д өгсний дагуу Д.Р нь “С” ХХК руу шилжүүлсэн. Д.Р нь тухайн үед хариуцагч Ч.Б-той найз нөхдийн харилцаатай байсан ба Д.Р нь яагаад шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээр гайхаж байна.

Иймд нэхэмждлэлд дурдсан Ч.Б-ын “С" ХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээг, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй байх тул Д.Р-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар иргэн Ч.Б, С ХХК нарын хооронд 2014.06.05-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, С ХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2014.12.19-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ зэрэг хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үр дагаврыг арилгаж, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгийг С ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэл хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-д 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр Д.Р-д худалдсан Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-д шилжүүлэхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Р-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 645 050 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч С ХХК, Ч.Б нараас 2 715 250 төгрөгийг гаргуулж Д.Р-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ "С" ХХК, Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн "С" ХХК, Д.Р нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхдээ гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжээр авч үзсэн атлаа субъектив талын шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна. Учир нь "С" ХХК-иас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөө Д.Р-д худалдах дотоод хүсэл зориг байсан уу, Д.Р тухайн хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байсан уу гэсэн асуултад зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг байгуулах болсон шалтгаан нь өөрөө 2012 онд Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн үл хөдлөх эд хөрөнгө нь нийт хөрөнгөд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэх албан бичиг ирүүлсний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Р-д худалдсан байдлаар бэлэн мөнгөөр байршуулахаар тохирч Ч.Бнь Д.Р-д 600 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Иймд энэ гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл ба үл хөдлөх эд хөрөнгийг Д.Р худалдан авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн мөнгийг Ч.Б төлсөн. Энэ нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Ч.Б нь 2012 оны 6 дугаар сард иргэн А.Янсанмаад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого болох 600.0 сая төгрөгийг тухайн үеийн ханшаар юанаар авч улмаар уг мөнгийг Д.Р-д өгч, Д.Р нь Голомт банкаар дамжуулан үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөр гэсэн утгаар 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “С” ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ 600 000 000 төгрөгийг Ч.Бтөлсөн гэх нөхцөл байдлыг тогтоолгохоор бид анхан шатны шүүхэд Голомт банкнаас Д.Р-ын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр юаний арилжаа хийсэн талаарх баримтын хуулбарыг Голомт банкнаас гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс ханган Голомт банкнаас юаны арилжаа хийсэн байна гэсэн албан бичиг ирсэн боловч түүний дараагаар юаны арилжаа хийгээгүй байна гэсэн зөрүүтэй албан бичгүүд ирсэн. Иймээс бид Голомт банкинд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүйн зэрэгцээ 600 000 000 төгрөгийг хэний мөнгө гэдгийг тогтоох шаардлагагүй өөрөөр хэлбэл 600 000 000 төгрөг Ч.Б-ын мөнгө гэдгийг тогтоосноор гэрээг Ч.Ббайгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж шийдвэртээ дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд үл хөдлөх хөрөнгийн мөнгийг худалдан авагч болох Д.Р төлсөн үү эсхүл Ч.Б төлсөн үү гэдэг нь энэ хэрэгт чухал ач холбогдолтой юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...175 000 000 төгрөг болон 20 000 000 төгрөгийн 2 гүйлгээг 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Тусгай активын урьдчилгаа “С” ХХК-иас гэсэн утгатай гүйлгээг өөрийн данснаас хийж, нийт 795 000 000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн төлбөрт төлсөн гэдэг боловч 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “С” ХХК болон Д.Р нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний /нийт 838 807 200-600 000 000=238 807 200/ үлдэгдэл төлбөр болох 238 807 200 төгрөгийг хэрхэн ямар байдлаар төлж барагдуулсан, “С” ХХК-ийн санхүүгийн баримт, ерөнхий журналд Д.Р-с 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 80 000 000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 158 807 200 төгрөг тус тус төлөгдсөн хөдлөшгүй баримт байдаг. Дээрх төлбөрийг буюу 238 807 200 төгрөгийг Д.Р нь Ч.Б-ын өмч хөрөнгийг барьцаалах замаар Голомт банкнаас зээл авч төлсөн /байрны үлдэгдэл төлбөртэй тохирч байгаа/, улмаар Д.Р-ын авсан энэ зээлийг Ч.Бнь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүүгийн хамт 357 939 287.50 төгрөг болгон төлж, түүний дансанд шилжүүлсэн байдаг бөгөөд Д.Р нь уг мөнгөөр 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Голомт банкнаас авсан зээлээ хаасан байдаг. Энэ талаарх баримтуудыг бидний зүгээс хүсэлт гарган хэрэгт хавсаргасан байхад анхан шатны шүүхээс яагаад уг баримт тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй яг тохирч байгаа талаар огт дүн шинжилгээ хийлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.

Д.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгө нь Хадгаламж банкны барьцаанд байсан учраас өмчлөх эрхийг дараа шилжүүлэхээр тохирсон гэдэг боловч Д.Р үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байсан гэдгийг мэдсээр байж нийт 838 807 200 төгрөгийн буюу маш өндөр үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө яагаад худалдан авах болсон, яагаад анхнаасаа ийм гэрээ хийсэн, энэ мөнгийг ч Ч.Б өгсөн зэргээс үзвэл тэрээр анхнаасаа гэрээ байгуулах хүсэл зориггүй байсан нь харагдаж байна. Дээрхээс үзэхэд Ч.Б-ын “С” ХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй байхад шүүх эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг яагаад байгуулах болсон шалтгаан, мөн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг хэн, хэрхэн төлсөн зэрэг талуудын гол хүсэл зоригийг бодитоор үнэлж, зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Д.Р нь хариуцагч “С” ХХК, Ч.Б нарт холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, “С” ХХК болон иргэн Ч.Бнарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, “С” ХХК болон иргэн Ч.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн үр дагаврыг арилгуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рад шилжүүлэхийг “С” ХХК-д даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

           

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох 190 м.кв үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахдаа хариуцагчид 600 000 000 төгрөг, “С” ХХК-ийн өмнөөс 195 000 000 төгрөг төлсөн гэсэн бол хариуцагч нар нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээ бодитой байгуулаагүй, Санхүүгийн зохицуулах хороо үл хөдлөх эд хөрөнгө зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэсэн тул үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан байдлаар бэлэн мөнгө байршуулахаар тохирч Ч.Б нь 600 000 000 төгрөг өгснийг Д.Р нь “С” ХХК-д шилжүүлсэн гэх зөрүүтэй тайлбар гаргасан байна.

 

Хариуцагч нар нь Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байна гэсэн албан бичиг ирсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Мөн хариуцагч нар нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад Д.Р-с төлсөн 600 000 000 төгрөгийг Ч.Б-ын мөнгө байсан гэх байдлыг нотлуулахаар эрүүгийн журмаар гэрчийн мэдүүлэг өгсөн А.Янсанмаагийн мэдүүлгийг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан, гэрчээр Ч.Соронзонболдыг асуулгасан байна.

 

Гэрч А.Янсанмаа, Ч.Соронзонболд нарын мэдүүлэг нь Д.Р-с үл хөдлөх эд хөрөнгийн үнэд шилжүүлсэн 600 000 000 төгрөгийг Ч.Б-нх байсан болохыг шууд нотлохгүйгээс гадна нотолгооны өөр бусад хэрэгслээр давхар нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нарын “А.Янсанмаад Гандирс цогцолборын 3 давхарын үйлчилгээний төвийг худалдан борлуулж, А.Янсанмаагаас авсан 600 000 000 төгрөгтэй тэнцэх юанийг Ч.Б нэхэмжлэгч Д.Р-д өгсөн” гэх тайлбар нь хэргийн 2 дугаар хавтасны 181-182, 193, 218 тал дахь Голомт банкны “Д.Р нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 600 000 000 төгрөгийн гүйлгээг хийхдээ юаний арилжаа хийгээгүй” гэх тодорхойлолтоор няцаагджээ.

 

Түүнчлэн, хариуцагч нар маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамжны Гандирс цогцолборын 2 дугаар давхарын 190 м.кв үйлчилгээний талбайн эзэмшлийг нэхэмжлэгч Д.Р-д шилжүүлэн өгсөн, тэрээр 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл иргэн аж ахуйн нэгжид үйлчилгээний зориулалтаар түрээслэж, түрээсийн төлбөр авч байсан үйл баримт тогтоогдсоны зэрэгцээ нэхэмжлэгч нь дээрх 190 м.кв талбайн үнэ 600 000 000 төгрөгийг “С” ХХК-д төлсөн баримтаас үзвэл хариуцагчийн Гандирс цогцолборын 2 давхарын үйлчилгээний зориулалтай талбайг нэхэмжлэгчид худалдаагүй гэх тайлбар мөн үгүйсгэгдэж байна.

 

Талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Р нь хариуцагч “С” ХХК-иас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж 5/26 Гандирс цогцолборын 3 дугаар давхарын 130.4 м.кв  талбайг, 2 дугаар давхарын урд хэсэг буюу хавсралт 2-т заасан хэсгийн 190 м.кв талбайг худалдан авахаар тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 6, 48 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, мөнгө төлсөн баримт нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг “С” ХХК 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу Ч.Б-д шилжүүлсэн, Ч.Б нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу “С” ХХК-д уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, “С” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу Ч.Б-д дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр нэхэмжлэгч Д.Р-ын эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан сонирхогч этгээд гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Р маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн боловч өмчлөх эрхийг хариуцагч нар шилжүүлээгүй учраас сонирхогч этгээдийнхээ хувьд “С” ХХК болон Ч.Б нарын хооронд хийгдсэн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Хариуцагч “С” ХХК нь хариуцагч Ч.Б-той 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Ч.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бодитойгоор төлөөгүй учир уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзнэ. Шүүх энэхүү хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан эрх зүйн үр дагаврыг үүсгэх зорилгогүйгээр дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж зөв дүгнэжээ.

 

Мөн дээрх хэлцлээр бий болох үр дагаврыг уг хэлцлийг зориуд санаатай хийгчийн хувьд хариуцагч нар нь бий болгох зорилгогүйгээр өөрөөр хэлбэл Ч.Б нь “С” ХХК-д дээрх гэрээгээр шилжиж ирсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсний дараа  2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “С” ХХК нь Ч.Б-д шилжүүлсэн нь уг хүчин төгөлдөр бус байх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хууль бус хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болсон байна.

 

Шүүх дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгахдаа хэргийн оролцогч бус этгээд болох Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөх эрх шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн буруу байгааг залруулах боломжтой. Үүнд: Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, 645,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг “С” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Ч.Б-д даалгаж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, 645,5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Р-ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “С” ХХК-д даалгахаар найруулгын хувьд өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлцлийн хүчин төгөлдөр бус байдалтай холбоотой нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн гэх гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01500 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Ч.Б, ”С” ХХК-ын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, “С” ХХК, Ч.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, “С” ХХК, Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээ зэрэг хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үр дагаврыг арилгаж, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “С” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Ч.Батцогтод даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “С” ХХК-д 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр Д.Р-д худалдсан Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Р-ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “С” ХХК-д даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 715 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ