Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1179

 

187/2018/0258/Э

 

 

 

  2020            09            10                                         2020/ДШМ/1179    

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Амарзаяа,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/393 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.А-т холбогдох эрүүгийн 201726011049 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жилээр тогтоож, 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр  хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт  зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

 

Б.А- нь Э.Анх-Ирээдүйтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-73 тоотод байрлах иргэн Д.Очирбатын эзэмшлийн “Соёмбо” шашны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, 6400 юань буюу 1.920.000 төгрөг, бэлнээр 250.000 төгрөг, “Жи-5”, “Самсунг галакси” загварын гар утаснууд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Баярбат, Б.Гантөмөр, Б.Хишигсүрэн, П.Пүрэвсүрэн нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-6 тоотод байрлах иргэн Д.Ууганбаярын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, алтан гулдмай, macbook, 12 ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөгнүүд, бэлэн мөнгө, валют зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Мөнхтөртэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖСКМ” ХХК-ийн цонхны хаалтыг эвдэн хууль бусаар нэвтэрч, төмөр сейфийг эвдэн дотор нь байсан бугуйвч, ээмэг, “Nokia” загварын гар утас, гадаадын иргэдийн паспорт зэрэг хөрөнгийг хулгайлан авч, Н.Маржангулд 4.360.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Маколи” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг вино, 49 ширхэг шоколад зэрэг хүнсний эд зүйлс, бэлэн мөнгөний пос машин, бэлнээр 21.360 төгрөг зэргийг хулгайлан авч, Т.Лхагвасүрэнд 1.576.160 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан” хотхоны 01 тоотод байрлах иргэн А.Тогтохын өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, шүрэн толгойтой алтан, мөнгөн халбагатай хаш хөөрөг, хаш тээг, 7 ширхэг ханцуйн товч 1 хос, запник, энгэрийн тэмдэг, Монгол Улсын сүлд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 9.298.600 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Жаргалант Эко хотхоны 1б тоотод байрлах иргэн В.Баярсайханы эзэмшлийн орон сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг хөөрөг, 7 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний ээмэг, бөгжний хослолууд зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 9.836.600 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Жаргалант Эко хотхоны 25а тоотод байрлах иргэн О.Батсүхийн орон байранд хууль бусаар нэвтэрч, виски, камер зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 292.947 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Ш.Сайхансамбуугийн өвлийн байшингийн сууцны салхивчийг түлхэн хууль бусаар нэвтэрч, булган малгайн оройн тоног, мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 3.827.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, 243.821.396 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Баатарбилэгийн А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 947 /есөн зуун дөчин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ээс нийт 42.216.424 төгрөг гаргуулж, хохирогч С.Очирбатад 367.500 төгрөгийн, Д.Ууганбаярт 23.019.017 төгрөгийн, Н.Маржангулд 2.180.000 төгрөгийн, Т.Лхагвасүрэнд 21.000 төгрөгийн, А.Тогтоход 5.373.160 төгрөгийн, В.Баярсайханд 5.535.800 төгрөгийн, О.Батсүхэд 292,947 төгрөгийн, Ш.Сайхансамбууд 3,827,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.Болормаад 600.000 төгрөгийн, А.Алтангэрэлд 1.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг шийдвэрлэж ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчиж, 1 шүүгч хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/393 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Ууганбаярын хохирлын талаар маргаантай байдаг. Прокурор хохирогч Ууганбаярт холбогдох хэргийн үндсэн хохирол нь 211.895.089 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзсэн. Гэтэл 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь шинжлэн судалснаар хохирогч Ууганбаярын 90.000.000 төгрөгөөр үнэлсэн хөөрөг нь 13.000.000 төгрөг болсноор зөрүү 77.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна, 35 нэр төрлийн эд зүйл хүлээлгэн өгсөн байхад хохирол төлбөрөөс хасагдаагүй байна гэж үзсэн. Прокурор зөвхөн биет 77.000.000 төгрөгийг шүүгдэгч нарын төлөх төлбөрөөс хасаад 35 ширхэг нэр төрлийн эд зүйлсийн хохирол төлбөрийг хасаагүй. Миний үзэж буйгаар 211.895.089 төгрөгийн бодит бус хохирлоос 77.000.000 хасаад 134.895.089 төгрөг нь бодит хохирол болоод үүнээс буцааж хүлээлгэн өгсөн эд зүйлийн үнэлгээ болон 35 ширхэг эд зүйлийн үнэлгээг холбогдогч 5 хүнээс хасаж төлөх төлбөрийг гаргах болов уу гэж бодож байна. Мөн яллах дүгнэлтэд 211.895.089 төгрөг гэсэн байхад шийтгэх тогтоол дээр 214.630.089 төгрөгийн хохирол учруулсан гэх эргэлзээ бүхий дүн гарсаар байна. Энэ зүйлийг ярихад прокурор “Б.Баярбат нарт холбогдох хэрэг 3 шатны шүүхээр хянагдсан” гэдгээр хүсэлтийг няцаадаг. 2020 онд үйлдэгдсэн 4 үйлдэл дээр 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр би А.Алтансүхийн хамт баригдаж гэрчээр анхны мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Гэтэл А.Алтансүх нь 1 сарын сунгалтын хугацаа нь дуусаагүй байхад хэрэгт холбогдолгүй болж гарсан. Үүнд, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч нар нөлөөлсөн. Мөн Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч Т.Чинбат нь мөрдөн байцаалтын шатанд миний өгөх мэдүүлгийг өөрөө ажил дээрээ зохион бичиж цагдан хорих 461 дүгээр ангид ирж гарын үсэг зуруулсан. Тэгээд утгыг нь уншихад надаас хөтөлж байцаалт авсан, утга бүхий зүйл дээр “би Алтансүхийг хохирлоо төлүүлэхийн тулд албаар гүтгэж хийгээгүй хэргийг нь хийсэн болгож мэдүүлсэн” гэсэн байсан. Тухайн зүйлийг нотлох баримт нь улс нийтээр “Covid-19” цар тахал өвчин дэгдсэнээс үүдэж хөл хорио тогтоосон үе буюу 2020 оны 3 дугаар сарын сүүлч 4 дүгээр сарын эхэнд байцаалт авсан. Энэ үед цагдан хорих 461 дүгээр ангийн байцаалт авах хэсгийг хязгаарлаж байцаалтыг утсаар авч өөрсдөө гараар бичиж байсан. Тэр үед Т.Чинбатын бүх байцаалт нь бичгийн машинаар хэвлэсэн материал байгаа нь нотлох болно. Үүнийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Гэрч О.Болормаа, Д.Жаргалсайхан нар нь хулгайн эд зүйлийг мэдсээр байж худалдаж авсан. Учир нь, хохирогч В.Баярсайхан, А.Тогтох, Ш.Сайхансамбуу нарын үйлдлүүд нь өөр, өөр өдөр болсон. Тус хохирогчдын эд зүйлийг О.Болормаа, Д.Жаргалсайхан, А.Алтангэрэл нар нь үзэж, сонгож худалдан авсан юм. Хамгийн сүүлд хохирогч Ш.Сайхансамбуугийн эзэмшлээс авсан булган малгайн тоног болох шүрийг О.Болормаад үзүүлэхэд 1.000.000 төгрөгөөр авна гэхээр нь би зарахгүй гэсний улмаас О.Болормаа нь цагдаагийн байгууллагад миний өөрт нь зарж байсан мөнгөн хөөргийг бусад эд зүйлийн хамт Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байдаг. Би шүрийг О.Болормаатай үнийн дүнд тохироогүй учир Д.Жаргалсайханд 2.500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөн надад малгайн тоногны 3 лан хар мөнгө бий, бас жижиг гарын хаш хөөрөг байгаа авах уу гэхэд үзье гээд орой нь уулзаж хөөргийг 500.000 төгрөгт, хар мөнгийг 150.000 төгрөгөөр зарсан. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлсэн ч хүлээж аваагүй. Уг нь Д.Жаргалсайханаас шүр болон хөөрөг, хар мөнгийг хурааж авах ажиллагаа хийсэн бол хохирогч Ш.Сайхансамбуу, А.Тогтох нар хохиролгүй болох нөхцөл байдал үүсэх байсан. Надад холбогдох хэрэг 2015 оны сүүлээс одоо хүртэл 5 дахь жилдээ золгож байна. Энд миний буруутай үйлдэл байгаа ч хэдий ч хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын ажлын хайхрамжгүйн улмаас миний эрх зүйн байдал, мөн эрх чөлөө гэх мэт асуудлууд үнэхээр хохирч байна. Хяналтын прокурор шийдвэр гаргах эрх бүхий хүний нэг. Зөвхөн яллах талыг барих биш хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэсэн тангарагтай. Мөн би гэм буруутай учир ял шийтгэл хүлээх нь тодорхой асуудал. Гагцхүү хохирол төлбөрийн асуудлыг үнэн зөвөөр нь тооцуулаад хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би 2016 оны 1 дүгээр сард 14 хоног, 2016 оны 3 дугаар сард цагдан хоригдож 2016 оны 10 дугаар сард өлсгөлөн зарласны учир батлан даалтад гарсан. Учир нь, прокурор 6 сарын хугацаанд ямар ч ажиллагаа хийгээгүй байж хэргийн холбогдогч Э.Анх-Ирээдүйг батлан даалтад гаргаад л нөгөөх нь буцаж хэрэг хийж хоригдох гэх мэтчилэн ажлаа хийхгүй байсан учир миний бие өлсгөлөн зарлаж гарсан. Тухайн үед прокурор миний хэргийг тусгаарлаад шийдчихсэн бол мөн батлан даалтад гарахад хилийн хорио тавьчихсан бол миний эрх зүйн байдал өөрчлөгдөх боломжтой байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан. Энэ асуудлыг прокурор мэдсээр байж харгалзаж үздэггүй. Мөн намайг яллах талыг урьтал болгож хэрэгт оролцож хяналт тавьж байна. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүх хурал дээр надад холбогдох хэргийг шүүж ялын санал оруулахдаа 12 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан нь намайг хэргээ удаашруулж, хохирол төлбөр дээр маргадаг гэж хүндрүүлж байгааг эс зөвшөөрч байна. Миний хэрэг 5 дахь жилдээ шалгагдаж байна. Намайг өөрийн эрх зүйн байдлаа дордуулахгүй хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж оролцсоныг минь буруугаар ойлгож нэг талыг барьж ял шийтгэл оноосоор байна. Иймд хавтаст хэргийн хүрээнд шинжлэн судлаж зөв шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь, 8-12 жилийн хорих ял оногдуулах хэрэгт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой байтал Ерөнхий шүүгч нь дангаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-ийг нийт 8 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, 243.821.396 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.А-т холбогдох хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2020/ЕШЗ/420 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч И.Ганбат, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Х.Одбаяр, Б.Батболор нарыг томилсон шийдвэрийг албажуулсан /7хх 81/ атлаа 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ерөнхий шүүгч И.Ганбат нь дангаар хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д ”шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул “...тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр. ...” бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А-т холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Дээрх зөрчил нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн хэт хайнга, хариуцлагагүй байдалтай холбоотой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” үүргээ ухамсарлаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд нийцүүлж, хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байхыг онцгойлон анхааруулж тэмдэглэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Б.Азлбилэгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/393 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН